Номын сан
95-р хичээл: Үйлс 18–19


95-р хичээл

Үйлс 18–19

Оршил

Паул Коринтод байхдаа иудейчүүдийн олонход эсэргүүцэгдсэн ч харийнхны дунд амжилт олов. Зөв шударга гэрлэсэн хос болох Акул, Прискила хоёр Бурханы арга замуудыг ойлгоход нь Аполд тусалжээ. Паул Ариун Сүнсний тухай номлож, гайхамшгуудыг үйлдэн, Ефесийн жүжгийн хүрээлэнд цугласан самуурсан олноос зайлсхийв.

Заах зөвлөмж

Үйлс 18:1–17

Паул Коринтод номлосон нь

Дараах асуултуудыг чанга уншаад, суралцагчдыг хариултаа хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ бичихэд урь.

  • Та нарын Их Эзэний ажилд оролцсон ямар зарим арга зам байна вэ?

  • Та нар Их Эзэний ажилд оролцохыг хичээснээр ямар сорилттой тулгарч байсан бэ?

Хариултуудаа хуваалцахыг цөөн суралцагчаас хүс. Суралцагчдыг Үйлс 18-ыг судалж байхдаа Их Эзэний ажлыг хийхийг хичээхэд нь тэдэнд туслах зарчмыг олж мэдэхэд урь.

Паул Афинаас гараад Коринт руу аялсан бөгөөд тэнд синагогт Есүс Христийн тухай заасан болохыг тайлбарлан, Үйлс 18:1–4-ийг нэгтгэн дүгнэ. (Та суралцагчдыг Библийн газрын зураг, д.13-ыг гаргаад, “Төлөөлөгч Паулын номлолын аяллууд” дээрээс Афин болон Коринтыг олоход урьж болно.)

Нэг суралцагчаас Үйлс 18:5–6-г чанга уншихыг хүс. Ангийнхныг шүлгийг дагаж уншаад, Паулыг Коринт дахь иудейчүүдэд Есүс Христийн талаар зааж байхад тохиолдсон сорилтуудыг олж мэдэхэд урь.

  • Паулд ямар ямар сорилт тулгарсан бэ?

  • Синагог дахь иудейчүүд захиасыг нь эсэргүүцсэний улмаас Паул юу хийхээр төлөвлөсөн бэ?

Нэг суралцагчийг Үйлс 18:7–10-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Паулд урам зориг өгсөн байж болох юу тохиолдсоныг олж мэдэхийг хүс.

  • Паулд урам зориг өгсөн байж болох ямар зүйл тохиолдсон бэ?

  • 10-р шүлэгт цэдэглэснээр, Их Эзэн Паулд хэрэв сайн мэдээг номлох юм бол юу хийнэ гэж амласан бэ?

  • Бид эдгээр шүлгээс Их Эзэн Өөрийнх нь ажлыг зүй зохистой хийсэн хүмүүсийн төлөө юу хийх талаар ямар зарчим мэдэж авч болох вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Хэрэв бид зохистой амьдарвал Их Эзэн Өөрийнх нь ажлыг хийж байх үед бидэнтэй хамт байх болно гэсэн зарчмыг олж тогтоосон эсэхийг бататга.)

  • Их Эзэн Өөрийнх нь ажлыг хийж байхад та нартай хамт байна гэдгийг мэдэх нь яагаад чухал вэ?

Нэг суралцагчаас ерөнхийлөгч Томас С.Монсоны хэлсэн дараах мэдэгдлийг чанга уншихыг хүс.

Зураг
Ерөнхийлөгч Томас С.Монсон

“Одоо, та нарын зарим нь угийн ичимхий болоод ч юм уу эсвэл өөрсдийгөө дуудлага хүлээж авахад таарах чадваргүй гэж бодож болно. Энэ ажил … нь Их Эзэний ажил гэдгийг санацгаа. Бид Их Эзэний ажлыг гүйцэтгэхдээ Их Эзэний туслалцааг авах эрхтэй юм. Их Эзэн Өөрийнхөө үүрүүлсэн ачааг дийлэх хүчийг танд өгөх болно” (“Сурах, хийх, байх,” Ensign эсвэл 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 74–75).

  • Та нарыг Их Эзэний ажлыг хийж байхад Тэрээр хэзээ та нартай хамт байсан бэ? Та нар Түүнийг өөрсөдтэй чинь хамт байхыг хэрхэн мэдсэн бэ?

Паул Коринтод жил хагасын турш үргэлжлүүлэн номлосон (Тесалоникт бичсэн захидлаа энэ үед бичсэн байж болзошгүй) гэдгийг тайлбарлан, Үйлс 18:11–17-г нэгтгэн дүгнэ. Түүнийг Коринтод байхад хэдэн иудей хүн зааж байгаа зүйлийнх нь төлөө Паулыг шүүхийн өмнө аваачихыг оролдсон ч хуулийн захирагч энэ хэргийг хүчингүй болгожээ.

Үйлс 18:18–28

Акул, Прискила нар Бурханы арга замуудыг ойлгоход нь Аполд туслав

Эхнэр нөхөр Акул, Прискила хоёр Ефес рүү Паултай хамт явсныг тайлбарлан, Үйлс 18:18–23-ыг нэгтгэн дүгнэ. Хосыг Ефест үлдээгээд, Паул Иерусалимын бүс нутаг руу, дараа нь Антиох тийш аялжээ. Антиохт тэрээр гурван жил үргэлжилсэн, 3000 орчим бээр (ойролцоогоор 4828 километр) замыг туулсан хоёр дахь номлолынхоо аяллыг дуусгав. Хэсэг хугацаа өгсний дараа тэр Антиохоос гараад өмнө зохион байгуулсан салбарууд руугаа аялж, гишүүдийг хүчирхэгжүүлэхээр гурав дахь номлолын аянаа эхлүүлжээ.

Нэг суралцагчийг Үйлс 18:24–25-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Паулыг явсны дараа Ефест юу тохиолдсоныг олж мэдэхийг хүс.

  • Паулыг явсны дараа Ефест юу тохиолдсон бэ?

  • Апол “Есүсийн тухай” юуг аль хэдийн ойлгосон байсан бэ? (25-р шүлэг).

  • Аполд ямар мэдлэг дутагдаж байсан бэ? (“Гагцхүү Иоханы баптисмыг л мэддэг” [25-р шүлэг] байснаас үзэхэд Апол Аврагчийн сайн мэдээний бүрэн дүүрэн байдлын ойлголтоор дутаж байжээ.)

Нэг суралцагчийг Үйлс 18:26-г чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Аполын заахыг сонсоод Акул, Прискила хоёр юу хийснийг олж мэдэхийг хүс.

  • Аполын заахыг сонсоод Акул, Прискила хоёр юу хийсэн бэ?

  • “Бурханы замыг улам ч зөв тайлбарлаж өгөв” гэдэг нь юу гэсэн утгатай вэ? (26-р шүлэг). (Акул, Прискила хоёр Аполд Есүс Христ болон Түүний сайн мэдээний тухай илүү ихийг заасан ба энэ нь Аполын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлсэн.)

Нэг суралцагчийг Үйлс 18:27–28-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Акул, Прискила хоёр Аполд Бурханы замыг илүү зөв тайлбарлаж өгснийг нотлох баталгааг олж мэдэхийг хүс.

  • Эдгээр шүлгийн ямар ямар үг Акул, Прискила хоёр Аполд Бурханы замыг илүү зөв тайлбарлаж өгснийг үзүүлж байна вэ?

Үйлс 19:1–20

Паул Ариун Сүнсний бэлэг өгч, гайхамшгуудыг үйлдэв

Паул олон янзын газраар аялсныхаа дараа Ефест эргэж ирсэн гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг Үйлс 19:2–6-г чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Паул Ефес дэх хүмүүст Бурханы замыг илүү зөв ойлгоход хэрхэн тусалсныг олж мэдэхийг хүс.

  • Паул Ефес дэх шавь нарт ямар сургаалыг илүү зөв ойлгоход тусалсан бэ?

Нэг суралцагчийг бошиглогч Иосеф Смитийн удирдлаган дор хэвлэгдсэн дараах мэдэгдлийг уншихад уриад, ангийнхнаас тэр хүмүүс яагаад дахин баптисм хүртэх хэрэгтэй байсныг сонсохыг хүс.

“Аль нэг урсгалын нэгэн иудей хүн Иохан [Баптист] шиг баптисм хүртээж … байсан ч Есүс Христ гэгч нэгэн ирж мөн гал болон Ариун Сүнсээр батлах болно гэдгийг мэдээлэхээ мартсан байжээ. Энэ нь тухайн хөрвөгчдөд тэдний анхны баптисм дүрэм журмаас гадуур байсныг үзүүлсэн ба тэд үүнийг сонсоод баяртайгаар баптисм хүртэж, дараа нь гар тавиулж, амлагдсан ёсоор бэлгийг хүлээн авчээ” (“Baptism,” Times and Seasons-т хянан засагдаж хэвлэгдсэн, 1842 оны 9-р сарын 1, 904; үсэглэлийг орчин үеийнхэд тохируулсан. Энэ хэвлэлийн эрхлэгч Иосеф Смит байжээ).

  • Ефесийн зарим хүн яагаад дахин баптисм хүртэх хэрэгтэй болсон бэ?

  • Бид Үйлс 19:2–6-аас баптисмын талаар ямар ямар үнэнийг мэдэж болох вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч дараах үнэнүүдийг тодорхойлоход тусал. Тухайлбал: Баптисм нь Бурханы эрх мэдэл бүхий үйлчлэгчээр хийгдэх ёстой. Баптисмыг бүрэн гүйцэд болгохын тулд дараа нь Ариун Сүнсний хүлээн авалт дагалдах ёстой.)

Нэг суралцагчийг бошиглогч Иосеф Смитийн хэлсэн дараах үгсийг чанга уншихад урь.

Зураг
Бошиглогч Иосеф Смит

“Хэрэв хэн нэгэн хүн нүглээс ангижрах, Ариун Сүнсийг хүлээн авахын төлөөх үзэл бодлоор баптисмыг үйлдээгүй аваас та шуудайтай элсэнд баптисм хүртээсэнтэй адил байх болно. Усаар гүйцэтгэдэг баптисм нь хагас баптисм бөгөөд нөгөө хагас нь болох Ариун Сүнсний баптисмгүйгээр хий, хоосон зүйл болох юм” (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 110).

Паул Ефест хоёр жил гаруйн турш үргэлжлүүлэн номлосон гэдгийг тайлбарлан, Үйлс 19:7–10-ыг нэгтгэн дүгнэ.

Нэг суралцагчийг Үйлс 19:11–12-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Паулыг Ефест байхад тэнд ямар гайхамшгууд тохиолдож байсныг олж мэдэхийг хүс.

  • Бурхан Паулаар дамжуулан ямар ямар гайхамшгийг гүйцэтгэсэн бэ?

  • Бид Бурхан эрх мэдэл олгосон үйлчлэгчдээрээ дамжуулан юу хийдэг тухай энэ түүхээс ямар үнэнийг мэдэж болох вэ? (Суралцагчид өөрсдийн үгээр Бурханы Өөрийн хүчийг үзүүлдэг нэг арга бол эрх мэдэлтэй үйлчлэгчдээрээ дамжуулах явдал юм гэсэнтэй адил үнэнийг тодорхойлох ёстой.)

Нэг суралцагчийг Үйлс 19:13–16-г чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, зарим иудей хүн Паул шиг чөтгөрийг хөөхийг хичээхэд юу тохиолдсоныг олж мэдэхийг хүс.

  • Ахлах тахилчийн долоон хөвгүүн муу сүнсийг гаргахыг оролдоход юу тохиолдсон бэ?

  • Муу ёрын сүнс хэнийг таньсан бэ? Муу ёрын сүнс хэнийг таниагүй вэ?

  • Яагаад муу сүнс Скюгийн хөвгүүдийг таниагүй вэ? (Учир нь тэд Есүс Христийн нэрээр үйлчлэх эрх мэдэлгүй байсан.)

Нэг суралцагчийг Үйлс 19:17–20-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, энэ үйл явдлын талаар мэдсэн олон хүн юу хийснийг олж мэдэхийг хүс. “Ид шидийг үйлддэг” (19-р шүлэг) гэдэг нь илбэ, бусад хилэнцэт үйлийг хэлж буйг тайлбарла.

  • Энэ үйл явдлын дараа олон хүн Есүс Христэд итгэх итгэлээ харуулахын тулд юу хийсэн бэ? (Тэд хилэнцэт үйлтэй нь холбоотой номнуудыг шатааснаар эдгээр үйл хэргээ илчилж мөн орхижээ.)

  • Бид Есүс Христэд итгэдгээ үзүүлэх талаар ямар зарчмыг эдгээр шүлгээс мэдэж болох вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Бид хилэнцэт дадлаа илчилж мөн орхисноор Есүс Христэд итгэх итгэлээ харуулдаг гэсэн зарчмыг олж тогтоосон эсэхийг бататга.)

  • Бид илчлэн хүлээсэн нүглээ орхихын тулд ямар ямар золиослол хийх хэрэгтэй байж болох вэ?

Есүс Христэд итгэх итгэлээ зөвхөн нүглүүдээ илчилснээр төдийгүй уг нүглүүд рүү эргүүлэн хөтлөх аливаа бүхнийг орхисноор үзүүлэхийн ач холбогдлын тухай гэрчил.

Их Эзэний орхиосой хэмээн суралцагчдаас хүсэж байгаа ямар нэгэн зүйл амьдралд нь байгаа эсэхийг эргэцүүлэн бодоход тэднийг урь. Тэднийг хичээлийн турш мэдэрсэн аливаа сүнслэг өдөөлтийн дагуу үйлдэхэд урамшуулан дэмж.

Үйлс 19:21–41

Хуурамч их охин тэнгэр Дианаг бишрэн шүтэгчид Паулын эсрэг ярьж, хот даяар үймээн самуун дэгдээв

Ефесийн эдийн засгийн нэг хэсэг Ромын хуурамч бурхдын нэг Дианаг шүтэн бишрэхээс түлхэц дэм авдаг байсан гэдгийг тайлбарлан, Үйлс 19:21–41-ийг нэгтгэн дүгнэ. Паулыг хуурамч бурхдыг шүтэхийн эсрэг номлосноос болж Дианагийн онгод, баримлыг хийдэг дархчууд хүмүүсийг Паулын эсрэг эргүүлжээ. Эргэлзэж самуурсан хүмүүс жүжгийн хүрээлэнд (24000 хүн багтах багтаамжтай) цуглав. Паул цугласан олонд хандан үг хэлэхийг хүсэж байсан ч зарим төлөөлөгч болон засгийн газрын удирдагчид түүнийг хүрээлэн рүү орохгүй байхыг ятгав. Хотын захирагч цугласан олныг эцэст нь тайвшруулахад тэд тарав. Паулын хамгаалалт нь ёс бус эсэргүүцлийн үед ч Бурханы ажилд юу ч саад болохгүйн нэг жишээ юм гэдгийг онцол. (Ефест байх үедээ [ойролцоогоор МЭ 57 он] Паул 1 Коринтыг бичжээ.)

Өнөөдрийн хичээл дээр заагдсан үнэний талаар гэрчлэн, хичээлээ дуусга.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Үйлс 18:11–12. Дан ганц хамрын алчуураар хэн нэгэн эдгээгдэх үү?

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконки:

“Эдгээлт нь итгэлийн хүчээр ирдэг. Аль нэг хувцас юм уу эд юмсыг Паул, Есүс эсвэл өөр хэн ч эзэмшиж байлаа гэсэн эдгээр эд зүйлд эдгээх хүч байдаггүй. Гэвч зан үйл болон эд юмсыг итгэлийг нэмэгдүүлэхэд ашиглаж болно” гэж заажээ (Doctrinal New Testament Commentary, 3 боть. [1965–1973], 2:169).

Үйлс 18:18. “Тангаргаа сахиж үсээ авахуулжээ”

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконки энэ шүлгийн тухай тайлбарлахдаа:

“Хувийн илүү зөв шударга байдлын урамшуулал болгон Их Эзэнтэй байнгын тангараг тавьж байх нь гэгээнтнүүдийн хувьд тустай, зүй зохистой зүйл юм. Тэдгээр нь зарим үүргийг гүйцэтгэж, гэм нүглийг тэвчиж, зарлигуудыг сахиж эсвэл хаант улсын илүү агуу үйлчлэлийг хийн, урагш явах чанд амлалтууд билээ. Иаков Иеховаг Бурханаа гэж хүлээж аваад, аравныхаа нэгийг үнэнчээр төлнө гэж ийн тангарагласан бол (Эхлэл 28:20–22) Ханна өөрийн үйлчлэл болгон Самуелыг Их Эзэнд өгнө гэж тангарагласан. (1 Самуел 1:9–18.)

‘Гэгээнтнүүд Их Эзэний өдөр мөн бүхий л өдрүүдэд өргөлүүдээ өргөх ёстой (C ба Г 59:8–12) мөн өргөснөөс хойш тангаргаа сахих ёстой. (C ба Г 108:3; Тооллого 30:2; Номлогчийн үгс 5:4–5.) …’ (Mormon Doctrine, 2 дахь хэвлэл, х. 825.)

Паулын тангараг юу байсан нь тодорхойгүй байна. Түүний толгойныхоо үсийг хуссанаас үзэхэд Назарын хүмүүсийн бодлоор Иудейн уламжлалыг дагаж байсан гэж үздэг. (Тооллого 6.) Хэрэв үнэхээр тийм бол тэр Сүмийн иудей хэсэг юм уу ирээдүйн иудей хөрвөгчид эсвэл хоёуланг шоглох зорилгоор шаардлагагүй, зохимжгүй зан үйлийг гүйцэтгэж байсан хэрэг болно. Үйлс 21:17–26-тай харьцуул” гэжээ (Doctrinal New Testament Commentary, 3 боть [1965–1973], 2:165-ыг үзнэ үү.)

Үйлс 19:13. “Шившлэг хийдэг тэнүүлчин иудейчүүд”

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконки хуурамч санваартнуудын тухай:

“Хүмүүст шүглэсэн чөтгөрийг хөөн зайлуулах жинхэнэ горимыг дуурайлган хуурамч үйлчлэгчид (санваарын жинхэнэ хүчгүй) шившлэгээр үүнийг гаргахыг оролддог. Энэ бурханлаг бус дадал эрт дээр үед өнөө үеэс илүү түгээмэл байсны учир нь өнөөдөр гайхамшигт эсвэл чөтгөрүүдийг хөөн зайлуулахад маш цөөн хүн итгэдгээс байж болох юм. Хэдий тийм ч он жилийн явцад хүнээс муу сүнсийг хөөж гаргах юм уу тэднийг нэг байрлалаас нөгөө рүү аваачих гэсэн санваартнуудын оролдлого байсаар байна” хэмээн хэлжээ (Mormon Doctrine, 2 дахь хэвлэл. [1966], 259).