Номын сан
160-р хичээл: Илчлэлт 21–22


160-р хичээл

Илчлэлт 21–22

Оршил

Иохан шинэ тэнгэр, шинэ газар, Шинэ Иерусалимыг тэнгэрээс бууж ирэхийг харсан. Тэр Бурхан Өөрийн хүмүүстэй хамт байж, тэднийг тайтгаруулж байхыг мөн Бурханы селестиел хот дэлхий дээр бий болохыг харсан. Иохан амьдралын номон дээр нэр нь бичигдсэн хүмүүс тэр хот руу орж, алдар суун дотор Бурхантай хамт амьдрахыг харсан. Иохан Их Эзэнийг дэлхий дээр буцаж ирэхийг гуйн, өөрийн үзэгдлийг дүгнэн бичжээ.

Заах зөвлөмж

Илчлэлт 21

Иохан шинэ тэнгэр, шинэ газрыг болон Бурханы селестиел хотыг харав

Суралцагчдаас амьдралдаа асар их уй гашуу эсвэл өвдөлт мэдэрсэн үеийнхээ тухай бодохыг хүс.

  • Амьдралд асар их уй гашуу эсвэл өвдөлт мэдрүүлдэг ямар ямар зүйл байдаг вэ? (Суралцагчдын хариултыг самбар дээр бич.)

Суралцагчдыг Илчлэлт 21-ийг судалж байхдаа хүнд хэцүү үед тэднийг тайвшруулах үнэнийг олж мэдэхэд урь.

Суралцагчдад Илчлэлт 21–22 нь Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн дараа болох үйл явдлуудын талаарх Иоханы үзэгдлийн үргэлжлэл гэдгийг тайлбарла.

Нэг суралцагчийг Илчлэлт 21:1–2-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Иохан юу тохиолдохыг харсан болохыг олж мэдэхийг хүс.

  • Иохан юу тохиолдохыг харсан бэ?

Хоёр суралцагчийг дараах мэдэгдлүүдийг чанга уншихад урь.

1-р мэдэгдэл

Есүс Христийг эргэн ирэхэд Мянган жил эхэлж, дэлхий Адам, Ева хоёрын уналтаас өмнөх байдалтай болж өөрчлөгдөх болно. Уналтаас өмнө дэлхий террестриел буюу диваажингийн байдалд байсан. Мянган жилийн дараа дэлхий Бурханы оршихуйд бэлтгэж, селестиел байдал руу дахин өөрчлөгдөх болно. Иохан эдгээр өөрчлөлт явагдаж байхыг хараад, “шинэ тэнгэр, шинэ газар харлаа” гэж хэлсэн байх (Илчлэлт 21:2).

2-р мэдэгдэл

Иоханы тэнгэрээс бууж ирэхийг харсан Шинэ Иерусалим нь Бурханы селестиел хот юм. Энэ хот өөрчлөгдөж, тэнгэрт зөөгдөн аваачигдсан Енох хотыг багтаасан байх магадлалтай. Энэ “ариун хот” бууж ирээд, дэлхий дээр гэгээнтнүүдийн байгуулах Шинэ Иерусалимтэй буюу Сионтой нэгдэнэ (Мосе 7:62–64-ийг үзнэ үү).

  • Иохан Есүс Христэд итгэлтэйн улмаас цөллөгдсөн байх үедээ эдгээр зүйлийг хараад юу мэдэрсэн гэж та нар бодож байна вэ?

Нэг суралцагчийг Илчлэлт 21:3–4-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Бурхан Өөрийн хүмүүсийн төлөө юу хийхийг олж мэдэхийг хүс.

  • Бурхан Өөрийн хүмүүсийн төлөө юу хийх вэ? (Суралцагчид Бурхан Өөрийн хүмүүстэй хамт байж, тэднийг тайтгаруулах болно. Тэд дахин хэзээ ч үхэл, уй гашуу, өвдөлт мэдрэхгүй байх болно гэсэн үнэнийг олж тогтоож болох юм. Энэ үнэнийг самбарт бич.)

Самбарт жагсаан бичсэн уй гашуу, өвдөлт авчирч болох зүйлсийг эргэн хар.

  • Бурхан Өөрийн хүмүүсийг тайтгаруулж, тэдний уй гашуу, өвдөлтийг зайлуулах болно гэдгийг мэдэх нь бидэнд тулгарч буй сорилт бэрхшээлээ давахад хэрхэн туслах вэ?

Та биднийг тайтгаруулах Бурханы чадварын талаар гэрчлэлээ хуваалцаж болно.

Нэг суралцагчийг Илчлэлт 21:7-г чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Их Эзэн итгэлтэйгээр ялан дийлэх хүмүүст юу амласныг олж мэдэхийг хүс.

  • Их Эзэн итгэлтэй ялах хүмүүст юу амласан бэ?

  • Одоо бидэнд тулгараад байгаа мөн Хоёр дахь ирэлтээс өмнө тохиолдох сорилт бэрхшээлийн талаар сурсан зүйлээсээ үзвэл, энэ хүмүүс ямар ямар төрлийн зүйлийг ялж гарах вэ?

Нэг суралцагчийг Илчлэлт 21:8-ыг чанга уншихад урь. Та мэргэ төлөгч гэдэг нь муу ёрын сүнсний нөлөөг урьдаг үйл ажиллагаанд оролцдог хүнийг мөн завхай хүмүүс гэдэг нь садар самуун завхай зайдан явдалтай хүнийг хэлдэг болохыг тайлбарлах хэрэгтэй байж болно.

  • 8-р шүлэгт тодорхойлсон хүмүүст юу тохиолдох вэ? (Хоёр дахь үхэл.)

Хоёр дахь үхэл гэдэг нь гэрэл, үнэний эсрэг санаатайгаар эсэргүүцсэн хүмүүсийн Эцсийн шүүлтийн дараа мэдрэх сүнслэг үхэл буюу Бурханаас тусгаарлагдах явдал гэдгийг тайлбарла (Илчлэлт 14:16–19-ийг үзнэ үү).

Иохан Бурханы селестиел хотыг тодорхойлсон гэдгийг тайлбарлан, Илчлэлт 21:9–21-ийг нэгтгэн дүгнэ. Тэрээр уг хот нь 12 тэнгэр элчээр хамгаалуулсан 12 хаалгатай, асар том хэрэмтэй болохыг харсан.

Цөөн суралцагчийг Иохан 21:22–27-г ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхныг шүлгүүдийг дагаж уншаад, Иохан энэ селестиел хотын тухай юу олж мэдсэнийг мэдэхэд урь.

  • Иохан энэ хотын тухай юу олж мэдсэн бэ?

  • 27-р шүлэгт цэдэглэснээр, хэнд тийшээ орохыг зөвшөөрөх вэ? (Зөвхөн Хурганы амийн номонд нэр нь бичигдсэн хүмүүс.)

Илчлэлт 22

Иохан өөрийн үзэгдлийг төгсгөв

Суралцагчдыг Илчлэлт 22-ыг судалж байхдаа Хурганы амийн номонд хэрхэн өөрсдийн нэрийг бичүүлж, тэр селестиел хотод орох зөвшөөрлийг авахаа мэдэхэд нь тусалж болох нэгэн үнэнийг олж мэдэхэд урь.

Зураг
зурах, сэнтий

Сэнтийний зураг үзүүлж эсвэл самбар дээр зурж болно.

Нэг суралцагчийг самбарын өмнө гарч ирээд, өөр нэг суралцагчийг Илчлэлт 22:1–2-ыг чанга унших үед Иоханыг сэнтийнээс өөр юу олж харсан тухай зурахад урь.

  • Иохан Бурханы селестиел хотод өөр юу харсан бэ?

Суралцагчаас суудалдаа буцаж суухыг хүс.

  • 2-р шүлэгт цэдэглэснээр, Иохан амийн модыг хэрхэн дүрсэлсэн бэ? (Мод нь сар бүр үр жимсээ боловсруулж, модны навчис нь үндэстнүүдийг эдгээнэ.)

Лихай, Нифай хоёр хоёулаа амьдралын модны тухай үзэгдэл харсан хэмээн Мормоны Номонд цэдэглэснийг суралцагчдад сануул. Уг мод, амьдралын усан оргилуур хоёр нь хоёулаа Бурханы хайрыг төлөөлдөг болохыг Нифай олж мэдсэн (1 Нифай 11:25-ыг үзнэ үү). Бурханы хайр гэсэн үгийг суралцагчдын зурсан мод, гол хоёрын дэргэд бич.

  • Бурханы хайрын хамгийн агуу илрэл юү вэ? (Есүс Христийн Цагаатгал [Иохан 3:16; 1 Иохан 4:9-ийг үзнэ үү]. Модны жимс Цагаатгалын адислалыг төлөөлж байж болно.)

Иохан селестиел хотыг харснаас гадна түүнд илчилсэн бүхэн үнэн болохыг хэлсэн тэнгэр элчээс гэрчлэл хүлээн авсан тухай тайлбарлан, Илчлэлт 22:3–10-ыг нэгтгэн дүгнэ.

Нэг суралцагчийг Илчлэлт 22:11–13-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Их Эзэн дахин ирэхдээ юу хийх тухай олж мэдэхийг хүс.

  • Есүс дахин ирэхдээ юу хийх вэ?

Нэг суралцагчийг Илчлэлт 22:14-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, бид селестиел хаант улсад орох зөвшөөрлийг авахын тулд юу хийх ёстойг олж мэдэхийг хүс.

  • Бид селестиел хаант улсад орохын тулд юу хийх ёстой вэ?

“Амийн мод руу очих эрхтэй болох” гэдэг нь мөнх амьдралыг оролцуулан Цагаатгалын бүх адислалыг хүлээн авахуйц зохистой байхыг хэлдэг болохыг тайлбарла.

  • Бид 14-р шүлгээс ямар зарчим олж тогтоож болох вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Хэрэв бид Их Эзэний зарлигуудыг сахивал Есүс Христийн Цагаатгалын бүх адислалыг хүлээн авч, селестиел хаант улсад орох болно гэсэнтэй төстэй зарчмыг олж тогтоох ёстой. Түүний зарлигуудыг сахих гэдэгт селестиел хаант улсад ороход шаардлагатай бүх ёслолыг хүлээн авах явдал ордог гэдгийг тайлбарла.)

Амилуулалтын бэлэг гэх мэт Цагаатгалын зарим адислал нь Бурханы бүх хүүхдэд үнэгүй өгөгдсөн хэдий ч мөнх амьдрал зэрэг бусад адислал нь зөвхөн Есүс Христэд итгэх итгэлийг хөгжүүлж, наманчлан, Түүний зарлигуудыг дагахыг хичээнгүйлэн эрэлхийлэх хүмүүст л боломжтой байдаг гэдгийг тайлбарла.

Дараах асуултуудыг самбар дээр бич. Үүнд:

Та Шинэ Гэрээг судлаад, ямар зарлиг, сургаалын талаар мэдэж авч, амьдралдаа хэрэгжүүлэх гэж хичээсэн бэ?

Таны эдгээр зарлигийг хэрэгжүүлэх хичээл зүтгэл Их Эзэний адислалыг хүлээн авахад болон Тэнгэр дэх Эцэгийн оршихуйд эргэн очихоор бэлтгэхэд танд хэрхэн тусалсан бэ?

Суралцагчдыг судрын тэмдэглэл дээрээ юу гэж бичсэнээ болон судар дээрээ юу гэж тэмдэглэснээ мөн энэ жил суралцсан төгс эзэмших судрын хэсгүүдээ эргэн хараад, энэ хоёр асуултад хэрхэн хариулж болохыг бодож үзэхэд урь. Тэднээс энэ хоёр асуултад хариулаад, хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ бичихийг хүс.

Хангалттай цаг гаргаж өгсний дараа цөөн суралцагчийг юу бичсэнээ ангийнхантайгаа хуваалцахад урь. (Хэт хувийн шинж чанартай юм уу ариун нандин туршлагыг хуваалцах шаардлагагүй гэдгийг суралцагчдад анхааруул.)

Их Эзэний зарлигуудыг сахидаггүй хүмүүс селестиел хот руу орох боломжгүй байх болно гэдгийг тайлбарлан, Илчлэлт 22:15–19-ийг нэгтгэн дүгнэ. Есүс Христ энэ илчлэлтийг Иоханд өгсөн бөгөөд Иохан амийн усанд ирсэн бүхнийг үнэгүй уухад урьсан болохыг гэрчилсэн. Иохан өөрийн бичсэн номын захиасыг өөрчлөхгүй байхыг уншигчдадаа сануулсан.

Нэг суралцагчийг Илчлэлт 22:20-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Иоханы гуйлтыг олж мэдэхийг хүс.

  • Иоханы гуйлт юу байсан бэ?

  • Илчлэлтийн номноос сурсан зүйлс дээрээ үндэслээд, Иохан яагаад Их Эзэнийг ирэхийг хүсэн хүлээж байсан гэж та нар бодож байна вэ?

Илчлэлт 21–22-оос суралцагчдын олж авсан үнэнийг гэрчлэн, хичээлээ дуусга.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Илчлэлт 21:4. “Тэр тэдний нүднээс нулимс бүрийг нь арчина”

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жозеф Б.Вөртлин Их Эзэний цагт итгэлтэй хүмүүсийн уй гашуу нь баяр баяслаар солигдох болно гэж заасан.

“Их Эзэн итгэлтэй хүмүүст алдсан юм болгоныг нь нөхөж өгдөг. Их Эзэнийг хайрладаг хүмүүсээс авагдсан юмсыг Тэрээр Өөрийнхөө арга замаар тэдэнд нэмж өгөх болно. Энэ нь бидний хүссэн цагт ирэхгүй байж болох ч өнөөдрийн гашуун нулимс бүрийг хэдэн зуу дахин илүү баяр талархлын нулимсаар эргүүлэн төлнө гэдгийг итгэлтэй хүмүүс мэдэх болно” (“Юу ч тохиолдсон талархалтай бай,” Ensign эсвэл 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 33).

Илчлэлт 22:18. “Хэрэв хэн нэгэн нь эдгээрийн дээр нэмэх аваас”

Зарим хүн Их Эзэн Өөрийн хүүхдүүдэд судруудаа илчлээд дууссан гэж итгэдэг учраас Мормоны Номыг болон бусад судрыг үгүйсгэдэг. Олон хүн Их Эзэн Библиэс гадна ямар ч нэмэлт судар хэзээ ч олгохгүй мөн өөр судар хүлээн авсан гэх ямар ч хүн Иоханы сэрэмжлүүлсэн шийтгэлүүдийг хүртэх болно гэж тунхаглан, Илчлэлт 22:18-ыг буруу ашигладаг. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд энэхүү буруу тайлбарыг засаж залруулсан юм.

“Библи судалдаг эрдэмтэд энэ шүлэг нь бүхэл бүтэн Библид биш зөвхөн Илчлэлтийн номонд хамаатай гэсэн нэг бодол санаатай байдаг. Манай үеийн эрдэмтэд Шинэ Гэрээний хэд хэдэн ном нь эргэлзээгүйгээр Патмын арал дээр хүлээн авсан Иоханы илчлэлтийн дараа бичигдсэн гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Үүнд дор хаяж Иуда, Иоханы гурван захидал, магадгүй Иоханы сайн мэдээ бүхлээрээ багтдаг. Магадгүй эдгээрээс ч илүү олон байж мэднэ.

Гэвч яагаад одоо байгаа Шинэ Гэрээний сүүлийн номонд байдаг хэсгийг бүхэл бүтэн Библид ашиглаж болохгүй вэ гэдэгт бүр ч энгийн хариулт өгдөг. Яагаад гэвэл тухайн шүлгийг бичих үед бидний мэддэгээр бүхэл бүтэн Библи нь олон номыг ганц боть болгосон хэлбэрээр байгаагүй юм. Иоханыг тэдгээр бичвэрийг гаргасны дараа олон зууны турш одоогийн Шинэ Гэрээнд ордог номууд дан дангаараа эсвэл цөөн хэдээрээ хамт байсан. Бүрэн цуглуулга гэж ер нь байгаагүй. Эрдэмтдийн мэдэх грек Шинэ Гэрээний 5366 хувь гар бичмэлийн зөвхөн 35 нь бидний одоо мэдэх Шинэ Гэрээнд агуулагддаг. Эдгээрийн 34 нь МЭ 1000 оноос хойш цуглуулагдсан ажээ” (“My Words … Never Cease,”Ensign эсвэл Liahona, 2008 оны 5-р сар, 91–92).