25-р хичээл
Матай 22:15–46
Оршил
Есүсийг ариун сүмд үргэлжлүүлэн зааж байхад фарисайчууд болон садукайчууд Түүнд ярвигтай асуултууд тавьснаар Түүнийг урхидахыг хичээж байсан. Тэр тэдний асуултуудад амжилттай хариулсан ба тэдэнд нутгийн хуулиудыг дагахыг мөн хоёр агуу зарлигийг сахихыг заасан.
Заах зөвлөмж
Maтай 22:15–22
Фарисайчууд Аврагчаас албан татвар төлөх нь хуулийн дагуу эсэхийг асууснаар Түүнийг урхидахыг хичээсэн
-
Манай нийгэмд засгийн газраас гаргасан ямар зарим чухал хууль байна вэ? Тэдгээрийг яагаад чухал гэж та нар боддог вэ?
Суралцагчдаас тэдний дагадаггүй мөн дагаж байх хэрэгтэй ямар нэгэн хууль байдаг талаар дотроо бодохыг хүс. Суралцагчдыг Матай 22:15–22-ыг судлах явцдаа, Есүс Христ улсын хуулиудыг дагах талаар юу гэж заасныг олж мэдэхэд тэднийг урь.
Аврагч амьдралынхаа сүүлийн долоо хоногийн туршид өдөр бүр Иерусалимд ариун сүмд заасан гэдгийг суралцагчдад сануул (Лук 19:47; 22:53-ыг үзнэ үү). Нэг суралцагчаас Матай 22:15-ыг чанга уншихыг уриад, ангийнхныг дагаж уншин, фарисайчууд Аврагчийг ямар зорилгоор оролдсоныг олж мэдэхийг хүс.
-
“Хэлсэн үгэнд нь унагаах” гэдэг нь юу гэсэн утгатай вэ?
Нэг суралцагчийг Матай 22:16–17-г чанга уншихад уриад, ангийнхныг фарисайчуудын Аврагчийг хэрхэн урхидахыг хичээснийг олж мэдэхийг хүс. 17-р шүлгэн дэх албан татвар гэдэг нь татварыг хэлж байгаа бөгөөд Цезарь тэр үед Израилийг захирч байсан Ромын хаант улсын хаан байсан гэдгийг тайлбарла.
-
Тэдний Есүс Христэд тавьсан асуулт нь хэрхэн урхи болж болох байсан бэ? (Хэрэв Аврагч Ромын хаант улсад татвар төлөх нь зөв гэж хэлсэн бол иудейчүүд Түүнийг Ромыг дэмжигч мөн Өөрийн хүмүүст үнэнч бус гэж үзэх байсан. Хэрэв Аврагч татвар төлөх нь хуулийг зөрчиж байгаа гэж хэлсэн бол фарисайчууд Есүсийг урвасан гэж буруутган, Түүнийг Ромын эрх мэдэлтнүүдэд мэдэгдэж болох байсан.)
Нэг суралцагчийг Матай 22:18–21-ийг чанга уншихад уриад, ангийнхнаас Аврагч фарисайчуудын асуултад хэрхэн хариулсныг олж мэдэхийг хүс. 21-р шүлгэн дэх “Цезарийн юмыг Цезарьт өг” гэдэг нь иргэний болон татвар төлөх хуулийг дагах нь бидний үүрэг хэмээн хэлж байгааг тайлбарла. Нэг зоос бариад асуу:
-
Фарисайчуудын асуултад өгсөн Аврагчийн хариулт яагаад төгс хариу байсан бэ?
-
Бид “Цезарийн юмыг Цезарьт өг” хэмээн Аврагчийн зааснаас ямар үнэнийг мэдэж авч чадах вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Их Эзэн биднийг сайн иргэд байж мөн улсын хуулийг дагахыг хүсдэг гэсэн үнэнийг олж тогтоосон эсэхийг бататга [түүнчлэн Итгэлийн тунхаг 1:12-ыг үзнэ үү].)
-
Бид Есүс Христийн шавь нарын хувьд сайн иргэд байж, улсын хуулиудыг дагах нь яагаад чухал гэж та нар бодож байна вэ? (С ба Г 58:21-ийг үзнэ үү.)
Суралцагчдыг Maтай 22:22-ыг дотроо уншиж, фарисайчуудыг Аврагчийн хариултад хэрхэн хандсаныг олж мэдэхэд урь. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.
Матай 22:23–34
Аврагч садукайчуудад гэрлэлт ба Амилалтын талаар заасан
Фарисайчуудаас гадна садукайчууд Аврагчийг ариун сүмд зааж байхад Түүнийг үгэнд нь урхидахыг хичээсэн гэдгийг тайлбарла. Садукайчуудын итгэлийг ойлгоход суралцагчдад туслахын тулд тэднийг Bible Dictionary дээрээс “Sadducees” хэсгийг дотроо уншихад урь. Садукайчууд юунд итгэдэг мөн юунд итгэдэггүй байсныг олж мэдэхийг суралцагчдаас хүс.
-
Садукайчууд ямар итгэлийг эсэргүүцсэн бэ?
Нэг суралцагчийг Матай 22:23–28-ыг чанга уншихад уриад, ангийнхнаас садукайчууд Аврагчийг хэрхэн урхидахыг хичээснийг олж мэдэхийг хүс.
-
Та нар садукайчуудын Аврагчид тавьсан асуултыг хэрхэн дүгнэх вэ?
Садукайчууд бэлэвсэн хүмүүст зориулагдсан Хуучин Гэрээний заншлыг санаатайгаар өөрчлөн хэрэглэсэн гэдгийг тайлбарла (Дэд хууль 25:5–6; Bible Dictionary, “Levirate marriage”-ийг үзнэ үү). Тэд Амилуулалтын сургаалыг хүчингүй болгохын тулд энэ заншлыг хэтрүүлэхийг оролдсон.
Нэг суралцагчийг Maтай 22:29–30-ийг чанга уншихад уриад, ангийнхнаас садукайчуудын асуултад өгсөн Аврагчийн хариултыг олж мэдэхийг хүс.
-
Аврагч энэ асуултад хэрхэн хариулсан бэ?
Суралцагчдад Аврагчийн хариултыг ойлгоход нь туслахын тулд нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконкигийн хэлсэн дараах үгийг уншихад урь:
“[Есүс Христ] тэнгэр дэх гэрлэлт ба хадамд гарах байдлыг үгүйсгээгүй, гэхдээ хязгаарласан. Тэр ‘тэдний’ (садукайчуудын) хувьд мөн ‘тэдний’ (‘энэ дэлхийнхний хүүхдүүдийн’) хувьд, гэр бүлийн нэгж нь амилуулалтаар үргэлжлэхгүй гэж хэлж байгаа юм. …
“‘Тиймийн тул, тэд [мөнхийн гэрлэлтийн хуулийн дагуу амьдрахыг хүсдэггүй, амьдардаггүй, амьдарч чадахгүй хүмүүс] дэлхийгээс гадна гэрлэх нь ч мөн хадамд гарах нь ч үгүй’ [C ба Г 132:16].
Есүсийн ярьж байсан хүмүүсийн хувьд тэнгэрт гэрлэх болон хадамд гарна гэж байхгүй; өөр бусад аврах үнэн байтугай, амилуулалтад итгэдэггүй тэдний хувьд ч бас ийм байх болно” (Doctrinal New Testament Commentary, 3 боть [1965–73], 1:606).
Maтай 22:29–30 дахь Аврагчийн захиасыг илүү сайн ойлгоход нь суралцагчдад туслахын тулд, Их Эзэн мөнхийн гэрлэлтийн талаар бошиглогч Иосеф Смитэд олон чухал үнэнийг илчилсэн гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 132:15–17-г чанга уншихад урь. Ангийнхныг дагаж уншаад, Их Эзэн Иосеф Смитэд гэрлэлтийн талаар юу илчилснийг олж мэдэхийг хүс.
-
Их Эзэн Амилуулалтаар хэнийг “гэрлэхгүй бас [хадамд гарахгүй]” (16-р шүлэг) гэж хэлсэн бэ?
-
Аврагч гэрлэлт ба зуурдын амьдралын талаар Maтай 22:30 болон Сургаал ба Гэрээ 132:15–17 дээр ямар үнэнийг заасан бэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Мөнх бус амьдралд санваарын эрх мэдлээр ханьтайгаа лацдагдаагүй эсвэл ариун сүмд төлөөлөх ёслолоор лацдагдаагүй хүмүүс ирэх дэлхийд гэрлээгүй байх болно гэсэн үнэнийг олж тогтоосон эсэхийг бататга.)
Нэг суралцагчийг Матай 22:31–33-ыг чанга уншихад уриад, ангийнхнаас Аврагч Амилуулалтын талаар өөр ямар ямар үнэнийг садукайчуудад заасныг олж мэдэхийг хүс.
-
32-р шүлэгт Аврагч Амилуулалт жинхэнэ болохыг харуулсан юуг хэлсэн бэ?
-
Аврагчийн эдгээр сургаалыг заахыг сонсоод, хүмүүс хэрхэн хандсан бэ?
Матай 22:34–40
Аврагч хоёр агуу зарлигийн тухай заасан нь
Суралцагчдыг нэг минутын дотор хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ аль болох олон зарлиг бичихэд урь. Суралцагчдаас тэд хэдэн зарлиг бичих боломжтой байснаа хуваалцахыг хүс.
Иудейн шашин нь Мосегийн хууль 613 зарлигийг багтаадаг гэж заадаг гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг Матай 22:35–36-г чанга уншихад урь. Ангийнхныг дагаж уншаад, фарисайчуудын эдгээр зарлигийн талаар Аврагчаас асуусан асуултыг олж мэдэхийг хүс.
-
Фарисай хүн Аврагчаас юу гэж асуусан бэ?
Суралцагчдыг Аврагчийн хариултыг харахаас өмнө тэднийг өөрсдийн хийсэн жагсаалт дээрээс өөрсдийн “агуу” буюу хамгийн чухал гэж бодож байгаа зарлигийг дугуйлж зурахад урь. Цөөн суралцагчаас аль зарлигийг дугуйлснаа хуваалцаж, яагаад үүнийг сонгосноо тайлбарлахыг хүс.
Нэг суралцагчийг Матай 22:37–40-ийг чанга уншихад урь. Ангийнхныг дагаж уншаад, Аврагч фарисай хүний асуултад хэрхэн хариулсныг олж мэдэхийг хүс.
-
Хамгийн агуу зарлиг юу вэ? Хоёр дахь агуу зарлиг юу вэ? (Эдгээр хоёр хууль нь Мосегийн хуульд байдаг гэдгийг тайлбарла [Дэд хууль 6:5; Левит 19:18-ыг үзнэ үү]. Их Эзэний “хөршөө хайрла” гэсэн удирдамж нь бидний бусдад хэрхэн хандах ёстойг хэлж байгааг тайлбарла.
-
Эдгээр зарлигийг яагаад хамгийн агуу зарлиг хэмээн үздэг гэж та нар бодож байна вэ?
-
40-р шүлэгт “энэ хоёр тушаал дээр бүх хууль болоод бошиглогчид тулгуурладаг юм” гэсэн нь ямар утгатай вэ? (Хуучин Гэрээний бошиглогчдоор дамжуулан Мосегийн хуульд илчилсэн Бурханы бүх зарлиг Бурханд болон хөршүүддээ хайраа үзүүлэхэд хүмүүст туслах зорилготой байсан гэдгийг ойлгоход нь суралцагчдад тусал.)
-
Хэрвээ бүх зарлиг агуу хоёр зарлигийг сахихад бидэнд туслахаар өгөгдсөн юм бол бид 40-р шүлгээс Бурханы бүх зарлигийг сахих нь чухал талаар ямар зарчмыг мэдэж авч чадах вэ? (Суралцагчдыг хариулсны дараа Хэрвээ бид Бурханыг болон хөршөө өөрсдийн адил үнэхээр хайрладаг бол Бурханы бүх зарлигийг дагахаар хичээх болно гэсэн зарчмыг самбар дээр бич.)
Энэ зарчмыг харуулахын тулд суралцагчдыг хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ бичсэн зарлигуудын жагсаалтыг эргэн харахад урь. Тэднээс Бурханд хайраа үзүүлэх зарлигуудын хажууд од зурахыг, хөршдөө хайраа үзүүлэх зарлигуудын хажууд дөрвөлжин зурахыг хүс. (Зарим зарлигийн хажууд од, дөрвөлжин хоёрыг хоёуланг нь зурах болж ч магад.) Суралцагчдаас өөрсдийн жагсаалт дээрээс нэг зарлигийг сонгоод, уг зарлигийг дагах нь Бурханд, хөршдөө эсвэл хоёуланд нь хайраа үзүүлэх боломжийг бидэнд хэрхэн олгодог талаар тайлбарлахыг хүс.
-
Та нар Бурханд эсвэл хэн нэгэн хүнд хайраа үзүүлэхээр, тодорхой нэг тушаалыг дагахаар сонгосон үедээ юу мэдэрсэн бэ?
Хэрвээ бид Бурханыг болон хөршөө өөрсдийн адил үнэхээр хайрладаг бол Бурханы бүх зарлигийг дагах болно гэсэн зарчмын талаар гэрчлэлээ хуваалц. Суралцагчдыг Тэнгэрлэг Эцэгт болон өөр хүнд хайраа үзүүлэхийн тулд илүү үнэнчээр сахиж болох нэг зарлигийн талаар бодоод, үүний дагуу үйлдэх зорилго тавихад урамшуулан дэмж. Тэднийг энэ зорилгоо хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ бичихэд урь.
Матай 22:41–46
Аврагч фарисайчуудаас Христийн талаар юу гэж боддогийг нь асуусан
Аврагч фарисайчууд, садукайчуудын асуултад амжилттай хариулсныхаа дараа фарисайчуудаас зарим зүйлийг асуусан.
Нэг суралцагчийг Матай 22:41–42-ыг чанга уншихад уриад, ангийнхнаас Аврагч фарисайчуудаас юу гэж асуусныг олж мэдэхийг хүс.
-
Есүс Христ фарисайчуудаас юу асуусан бэ?
-
Фарисайчууд юу гэж хариулсан бэ?
Христ буюу Мессиа нь Давид хааны удам байх болно гэдгийг иудейчүүдийн ихэнх нь мэдэж байсан гэдгийг тайлбарла. Фарисайчууд Мессиаг Израилийн титэмлэгдсэн хаан болж, Давид хааны өмнө нь хийсний адилаар гадаадын дайснуудаа (Ром гэх мэт) дийлэн, эрх чөлөөгөө олж авахад тусална гэж итгэдэг байсан. Maтай 22:43–46-г дүгнэн, Есүс фарисайчуудад тэдний өөрсдийнх нь судруудын дагуу Христ бол зөвхөн Давидын хаан төдийгүй Бурханы Хүү байсан гэж хэлдэг хэмээн заасан гэдгийг тайлбарлан ярьж өг. Эсвээс, хожим нь Хайрт Иоханд, Христ бол “Давидын удам ба үндэс” (Илчлэлт 22:16) хэмээн илчилсэн; Тэр Давидын Их Эзэн, мөн түүний удам юм.
Суралцагчдыг “Та нар Христийн тухай юу гэж боддог вэ? гэсэн асуултад хэрхэн хариулахаа бодоход урь. Аврагчийн тухай гэрчлэлээ хуваалцсанаар, хичээлээ төгсгө.
Төгс эзэмших судар—Матай 22:36–39
Суралцагчдад Матай 22:36–39 дэх үгсийг тэмдэглэлийн карт эсвэл жижиг цаасан дээр бичих цаг гаргаж өг. Суралцагчдыг картуудаа биедээ авч яван, нэг болон хоёр дахь агуу зарлигийг санахад нь туслуулахаар өдрийн туршид тэдгээрийг үе үе харж байхад урь.