Номын сан
83-р хичээл: Үйлс 2


83-р хичээл

Үйлс 2

Оршил

Пентекостын өдөр шавь нар нь Ариун Сүнсээр дүүрч, сайн мэдээг номлохдоо хэлний бэлгээр адислагдав. Петр Есүс бол “Эзэн бас Христ” (Үйлс 2:36) гэдгийг тунхаглаж мөн хүмүүсийг наманчилж, баптисм хүртэн, Ариун Сүнсний бэлгийг хүлээн авахад урьсан. Тэр өдөр гурван мянга орчим хүн хөрвөгдөж, баптисм хүртсэн бөгөөд дараа нь Сүмд итгэлтэй хэвээр үлджээ.

Заах зөвлөмж

Үйлс 2:1–13

Пентекостын өдөр Есүс Христийн шавь нар Ариун Сүнсээр дүүрэв

Суралцагчдаас сүм дээр үг хэлж, хичээл заан, хэн нэгэнтэй сайн мэдээг хуваалцсан хамгийн сүүлд тохиолдсон боломжийнхоо тухай бодохыг хүс.

  • Есүс Христийн сайн мэдээний тухай үг хэлэх, заах, бусдад гэрчлэхэд юу нь бэрхшээлтэй байж болох вэ?

Үйлс 2:1–13-ыг судалж байхдаа сэргээгдсэн сайн мэдээний тухай бусдад зааж, гэрчлэхдээ сэтгэл түгшиж, айсан үед туслах үнэнийг олж мэдэхэд суралцагчдыг урь.

Аврагчийг тэнгэрт өргөгдсөнөөс ойролцоогоор нэг долоо хоногийн дараа олон үндэстнээс иудейчүүд Пентекостын баярт оролцон, ариун сүмд бишрэн шүтэж, Их Эзэнд талархахаар цугласан гэдгийг тайлбарла. Энэ баяр Дээгүүр өнгөрөх баяраас тавин өдрийн дараа болдог бөгөөд улирлын анхны ургацыг тэмдэглэдэг байжээ (Судруудын удирдамж, “Пентекост,” scriptures.lds.org-ийг үзнэ үү).

Нэг суралцагчийг Үйлс 2:1–3-ыг чанга уншихад урь. Ангийнхныг шүлгийг дагаж уншаад, Есүс Христийн шавь нарт Пентекостын өдөр юу тохиолдсоныг олж мэдэхийг хүс.

  • Пентекостын өдөр шавь нарт юу тохиолдсон бэ? (Ариун Сүнсээр дүүрсэн.)

  • Ариун Сүнсээр дүүрснийг хэрхэн дүрсэлсэн бэ?

“Хаялах мэт хэлүүд” (3-р шүлэг) гэдэг нь хаялсан буюу салаалсан эсвэл галын дөл мэт харагдах хэлүүдийг хэлж байгааг тайлбарла. Эрт үед гал нь тэнгэрлэг оршихуй юм уу нөлөөлөхүйн бэлгэдэл байжээ. Энэ нь шавь нар Аврагчийн амласан Ариун Сүнсний бэлгийг хүлээн авсны тэмдэг байв.

Нэг суралцагчийг Үйлс 2:4–8-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, шавь нар Ариун Сүнсээр дүүргэгдэх үед юу тохиолдсоныг олж мэдэхийг хүс.

  • 4-р шүлэгт цэдэглэснээр, шавь нарыг Ариун Сүнсээр дүүргэгдэхэд юу тохиолдсон бэ? (Сүнсээр “дамжуулан өгөгдсөнийг” ярьж мөн тэднийг харийн өөр өөр хэлээр яриулав.)

  • Өөр өөр үндэстнээс ирсэн иудейчүүд сонссон зүйлдээ яагаад гайхсан бэ?

Суралцагчдыг Үйлс 2:9–11-ийг гүйлгэн уншихад уриад, шавь нарыг Ариун Сүнсний хүчээр ам хэлээрээ ярихыг сонссон өөр өөр бүлэг хүн юмуу үндэстнүүдийн тоог гаргахад урь. Тэднээс олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс. Тэрхүү иудейчүүдийн хаанаас ирснийг төсөөлөхөд суралцагчдад туслахын тулд дагалдах газрын зургийг үзүүлэхийг бодож үз.

Зураг
газрын зураг, Газар дундын тэнгис

11-р шүлэгт цэдэглэснээр, эдгээр бүлэг тус бүр “Бурханы агуу үйлсийн тухай” өөрсдийнх нь хэлээр шавь нарын заахыг сонссон гэдгийг онцол. Та шинэ сүсэгтнүүд гэдэг нь иудейчүүдийн итгэлд нэгдсэн харь үндэстнүүд гэдгийг тайлбарлаж болно.

  • Пентекостын өдөр шавь нарт тохиолдсон үйл явдалд дүрсэлснээр, бусдад зааж мөн гэрчлэхэд юу бидэнд туслах вэ? (Суралцагчдыг хариулсны дараа Биднийг Ариун Сүнсээр дүүргэгдэхэд тэр бидэнд бусдад зааж, гэрчлэхэд тусална гэсэн зарчмыг самбар дээр бич.)

Суралцагчдад энэ зарчмыг ойлгоход туслахын тулд ангидаа хоёр хоосон аяга, савтай ус, тавиур авчир. Асгарсан усыг гоожуулахгүйн тулд аягануудаа тавиур дээр тавь. Тэгээд нэг аягыг ус орохгүй байхаар хуудас цаас юм уу тагаар таглаад, нөгөө аяганд (чулуу зэрэг) ямар нэгэн зүйлийг бараг дүүртэл хий. Нэг суралцагчийг хоёр аяганд хоёуланд нь савтай уснаас хийн дүүргэхийг хичээхэд урь.

  • Хэрэв аяганууд биднийг, ус нь Ариун Сүнсийг төлөөлж байгаа бол хуудас цаас (юм уу таг) болон чулуу юуг төлөөлж болох вэ? Ямар зан чанар, хандлага Ариун Сүнсээр дүүрэхэд маань бидэнд саад болж чадах вэ?

  • Ариун Сүнс бидэнд бусдад зааж, гэрчлэхэд тусалж болохын тулд бид түүгээр дүүргэгдсэн байхын төлөө юу хийж чадах вэ?

  • Ариун Сүнс та нарт сайн мэдээг заах эсвэл бусадтай гэрчлэлээ хуваалцахад ямар арга замаар тусалж байсан бэ?

Самбар дээр бичсэн зарчмын талаар гэрчлээд мөн суралцагчдыг зааж, бусдад гэрчилж чадахын тулд Ариун Сүнстэй нөхөрлөхийг эрэлхийлснээр энэ зарчмыг амьдралд хэрэгжүүлэхэд урь.

Зарим иудей хүн сонссон зүйлдээ гайхширч байхад зарим нь шавь нарыг хэт их дарс ууж согтсон хэмээн буруутган шоолж байсан гэдгийг тайлбарлан, Үйлс 2:12–13-ыг нэгтгэн дүгнэ.

Үйлс 2:14–47

Петр Есүс Христийн тухай гэрчилж, хэрхэн аврал олж авахыг заасан

Нэг суралцагчийг Үйлс 2:14-ийг чанга уншихад уриад, ангийнхнаас хэн цугларсан олонд зааж эхэлснийг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.

Өөрсдийгөө цугларсан олны өмнө зогссон Петрийн нөхцөл байдалд байгаагаар төсөөлөхийг суралцагчдаас хүс.

  • Хэрэв та нар Петрийн оронд байсан бол сайн мэдээний ямар үнэнийг зааж мөн гэрчлэх байсан бэ? Яагаад?

Хэлний бэлэг хийгээд шавь нарын дундах Сүнсний бусад нотлох үйл явдал Иоелын бошиглолын биелэл болон утга учир байсан гэж Петр тунхагласныг тайлбарлан, Үйлс 2:12–13-ыг нэгтгэн дүгнэ (Иоел 2:28–32-ыг үзнэ үү). Петр дараа нь Давид хааны зарим үг, сургаалт үгсийг ашиглан хүмүүст зааж мөн гэрчилсэн.

Дараах судрын эшлэл, асуултуудыг самбар дээр бич.

Үйлс 2:22–24, 29–33, 36

Петрийн заасан мөн гэрчилсэн чухал үнэн юү вэ?

Петрийн иудейчүүдэд гэрчилсэн зүйлсийн юу нь та нарын анхаарлыг татсан бэ?

Суралцагчдыг хос болгон хуваарил. Хос бүрийг самбар дээрх судрын эшлэлүүдийг судлаад, дагалдах асуултуудын хариултыг ярилцахад урь. Хангалттай хугацаа өгсний дараа цөөн суралцагчийг хариултаа ангийнхантай хуваалцахад урь.

Петрийн Аврагчийг үгүйсгэж байгааг үзүүлсэн зургийг үзүүл (жишээлбэл, Карл Хэнрик Блокийн Петрийн няцаалт. Үүнийг LDS.org-оос үзэх боломжтой). Нэг суралцагчийг Аврагчийг баривчилдаг шөнө Есүстэй ямар харилцаатай талаар нь асуухад Петрийн юу гэж хэлснийг дүгнэн хэлж өгөхөд урь (Лук 22:54–62-ыг үзнэ үү).

Зураг
Петрийн няцаалт

Петрийн няцаалт, Карл Хэнрик Блок Данийн Хиллерод дахь Фредериксбург шилтгээний Үндэсний түүхийн музейгээс зөвшөөрөл авч ашиглав. Хуулбарлахыг хориглоно.

  • Пентекостын өдөр Петрийн хэлсэн үгс, хийсэн үйлдэл Аврагчийг баривчилдаг шөнө түүний гаргасан ааш зангаас хэр өөр байсан бэ?

  • Петрт гарсан энэ өөрчлөлтөд юу нөлөөлсөн гэж та нар бодож байна вэ?

Нэг суралцагчийг Үйлс 2:37-г чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Петрийн үгс олон түмэнд хэрхэн нөлөөлснийг олж мэдэхийг хүс.

  • Петрийн үгс олон түмэнд хэрхэн нөлөөлсөн бэ?

Та суралцагчдыг “тэдний зүрхийг хөндсөн” гэдэг үгсийг тэмдэглэхэд урьж болно. Хүмүүсийг Петрийн гэрчлэлийг сонсож байхад Ариун Сүнс тэдний зүрхийг хөндсөн гэдгийг тайлбарла. Хөндсөн гэдэг үг энд “нэвт хатгах” гэсэн утгатай бөгөөд иудейчүүд үндэстэн, олноороо өөрсдийн Их Эзэн, Есүс Христийг цовдолсон учир хүмүүс гэмшиж байсан гэдгийг харуулж байна. Петр Пентекостын өдөр өөрийнх нь зааж байсан олон янзын үндэстнээс ирсэн иудейчүүдийн бүлгүүдийг Есүс Христийн цовдлолтод хариуцлага хүлээх хүмүүс гэж хэлээгүй юм.

  • 37-р шүлэгт цэдэглэснээр, хүмүүс ямар асуулт тавьсан бэ?

  • Энэ асуулт хүмүүсийн зүрх сэтгэлд юу өөрчлөгдөж байгааг харуулж байна вэ? (Хүмүүс зүрх сэтгэлийн өөрчлөлтийг мэдэрч эхэлсэн.)

Нэг суралцагчийг Үйлс 2:38–41-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Петр хүмүүст юу хийхийг зааварласныг олж мэдэхийг хүс. Завхруулагч гэдэг нь тэрслүү, зөрүүд, шударга бус гэсэн утгатайг тайлбарла.

  • Петр хүмүүст юу хийхийг зааварласан бэ?

  • 41-р шүлэгт цэдэглэснээр, хүмүүс Петрийн сургамжинд болон наманчилж, баптисм хүртэх урилгад хэрхэн хандсан бэ?

Бид Бурханы үгийг Ариун Сүнсний хүчээр хүлээн авах үед … гэсэн гүйцэд биш өгүүлбэрийг самбар дээр бич.

Цөөн суралцагчийг Үйлс 2:42–47-г ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Сүмд ирсэн шинэ хөрвөгчид Ариун Сүнсний хүчээр үнэнийг хүлээн авч, баптисм хүртсэнийхээ дараа юу хийснийг олж мэдэхэд урь. “Талх хувааж” (42-р шүлэг) гэдэг нь ариун ёслолын үйл ажиллагаанд оролцохыг хэлж байгаа бөгөөд “бүхнээ нийтээрээ хэрэглэж” (44-р шүлэг) гэдэг үгс нь гэгээнтнүүд нэгдэж, бүхнээ зориулах хуулиар амьдрахыг хэлж байгааг тайлбарла.

  • Эдгээр шүлэгт цэдэглэснээр, баптисм хүртсэн уг хүмүүс үнэхээр хөрвөгдсөн (мөн 3 Нифай 26:17–21-ийг үзнэ үү) гэдгийг ямар үйлдэл нь харуулж байна вэ? (Нэг суралцагчийг ангийнхны хариултыг самбар дээр жагсаан бичихэд урь.)

Иудейчүүд Петрийн үгийг сонсож мөн тэдгээрийн дагуу үйлдэхээсээ өмнө Есүсийг өөрсдийн Аврагч хэмээн хүлээн зөвшөөрөөгүй, мөн Түүний сургаалыг дагадаггүй байсныг суралцагчдад сануул. Тэднийг уг хүмүүс хэрхэн өөрчлөгдсөн тухай бодоход урь.

  • Бид Бурханы үгийг Ариун Сүнсний хүчээр хүлээн авахад юу тохиолдох тухай ямар зарчмыг Үйлс 2:37–47-оос мэдэж авч чадах вэ? (Суралцагчдын хэлсэн үгсийг ашиглан самбар дээрх өгүүлбэрийг Бид Бурханы үгийг Ариун Сүнсний хүчээр хүлээн авах үед бидний зүрх сэтгэл өөрчлөгдөж, Есүс Христэд хөрвөгддөг гэсэн үнэнийг харуулж байхаар гүйцээж бич.)

  • Бид Бурханы үгийг Ариун Сүнсний хүчээр хүлээн авахын тулд юу хийх ёстой вэ?

Суралцагчдыг баптисм хүртэж, хөрвөгдсөн уг хүмүүсийн жагсаан бичсэн үйлдлүүдийг самбар дээрээс давтан харахад урь.

  • Та нарыг сайн мэдээний үнэнд суралцаж мөн амьдрахаар хичээж байхад Ариун Сүнс та нарт өөрчлөгдөж, Есүс Христэд хөрвөгдөхөд хэрхэн тусалсан бэ? (Та мөн өөрийнхөө амьдралын туршлагаас хуваалцаж болно.)

Бурханы үгсийг болон сургаалыг Ариун Сүнсний хүчээр илүү сайн хүлээн авч чадахын тулд юу хийж чадах тухайгаа эргэцүүлэн бодоход суралцагчдыг урь. Тэднийг хүлээн авсан аливаа сүнслэг өдөөлтийн дагуу үйлдэхэд урамшуулан дэмж.

Зураг
төгс эзэмших судрын шигтгээ зураг
Төгс эзэмших судар—Үйлс 2:36–38

Суралцагчдыг Үйлс 2:36–38-ыг итгэлийн 4-р тунхагтай харьцуулахад урь. Үйлс 2:36–38-аас сайн мэдээний анхны зарчим, ёслолуудыг үзүүлж эсвэл заасан үгсийг олж тогтоохыг суралцагчдаас хүс. Тэгээд суралцагчдыг хос болгон хуваарилаад, хос бүрээс эдгээр зарчим, ёслол бүр Аврагчийн Цагаатгалын адислалыг бүрэн дүүрэн хүлээн авахад хэрхэн тусалдгийг ярилцахыг хүс. Хангалттай хугацаа өгсний дараа дараах асуултыг тавь.

  • Хүмүүс наманчилж, баптисм хүртсэнээр ямар адислал хүлээн авах болно гэж Петр хэлсэн бэ?

  • Үйлс 2:38-аас олж авсан ойлголт дээрээ үндэслэн, Ариун Сүнсний бэлгийг хүлээн авахад бэлтгэхийн тулд бид юу хийх ёстой вэ? (Суралцагчид өөрсдийнхөө хэлсэн үгсийг ашиглан Бид Есүс Христэд итгэж, наманчилж, баптисм хүртсэнээр Ариун Сүнсний бэлэг хүлээн авахад бэлддэг гэсэнтэй адил үнэнийг тодорхойлох ёстой. Энэ үнэнийг самбарт бич.)

  • Итгэл, наманчлал, баптисм хэн нэгнийг Ариун Сүнсний бэлэг хүлээн авахад хэрхэн бэлддэг вэ?

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Үйлc 2:1–4. “Гэнэт тэнгэрээс хүчит хуй салхи мэт дуу чимээ гаран”

“Ариун Сүнс их хэмжээгээр цугласан хүмүүсийн дээр бууж ирсэн Пентекостын энэ агуу үйл явдалтай адил үйл явдал хожмын үеийн гэгээнтнүүдийн түүхэнд байдаг. Көртландын ариун сүмийг онцгойлон адислах ёслолын үеэр бошиглогч Иосеф Смит дээрээс Сүнсээр хүчтэй, онцгойлон цутгуулахын төлөө залбирсан. Тухайлбал: ‘Энэ нь Пентекостын өдөр тэдэн дээр байхын адилаар тэдэн дээр гүйцэлдэг.’ ‘Таны хүмүүс дээр бүр галынх мэт салаалсан хэлний, мөн үүний хөрвүүлгийн адил хэлний бэлэг юүлэгдэг. Мөн таны өргөө хуйлрах хүчит салхи лугаа адил таны алдар суугаар дүүргэгдэг’ хэмээн тэрээр гэгээнтнүүдийн өмнөөс гуйсан (C ба Г 109:36–37). Энэ гуйлт зөвхөн ганц удаа бус, харин онцгойлон адислах үйлчлэлийн дараах хэдэн өдрийн туршид хэд хэдэн удаа биелэгджээ. Иосеф Смит үүнийг нэгэн тохиолдолд ‘[Көртландын] ариун сүмийн дотор хүчтэй салхилах мэт чимээгээр дүүрэхийг сонсоод … цугларагсад бүгд үл үзэгдэх хүчээр түлхүүлэн нэгэн зэрэг босож; ихэнх нь олон хэлээр ярьж, бошиглож эхэлсэн бөгөөд бусад нь гайхамшигт үзэгдэл үзэж; би ариун сүмийг тэнгэр элчүүдээр дүүрсэн байхыг харж, үүнийг цугларагсдад хэлсэн’ хэмээн тэмдэглэжээ (History of the Church, 2:428)” (Шинэ суралцагчийн гарын авлага [Cүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2014 он], 278).

Үйлс 2:3. Хаялах мэт хэлүүд

“Хаялах мэт хэлүүд” нь Сүнсний цутгалт тэр өдөр тэнд байсан хүмүүсийн дунд хуваагдан бууж байсныг үзүүлж болно, учир нь хүн бүр үүнийг мэдэрчээ. Үйлс 2:3-т цэдэглэсэн тогтох гэдэг үг Иосеф Смитийн Орчуулган дээр буух гэж өөрчлөгджээ.

Үйлc 2:4–6. Хэлээр ярих бэлэг

Бошиглогч Иосеф Смит хэлээр ярих бэлэгний зорилгын тухай заасан билээ.

“Ариун Сүнсний хүчээр Сүмд ирдэг олон янзын хэлээр ярих бэлэг нь үл итгэгчдэд номлоход Бурханы үйлчлэгчдэд Пентекостын өдөр ирсэн шиг ашиг тустайг ажиглалаа” (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007 он], 434).

Үйлс 2:16–21. Иоелын бошиглолын биелэл

Бидний үед эдгээр шүлгийг Моронай бошиглогч Иосеф Смитэд эш татаж, тэдгээр нь хараахан гүйцэлдээгүй байгааг мөн удахгүй гүйцэлдэхийг хэлсэн (Иосеф Смит—Түүх 1:41-ийг үзнэ үү). Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүкс Иоел 2:28–32 бол олон утга болон гүйцэтгэлтэй судрын жишээ юм гэдгийг заасан.

“Судар дээрх бошиглол, сургаалын хэсгийн олонх нь олон утгатай. …

Иоелын номон дээрх бошиглолын талаарх олон утгын [нэг] нь Их Эзэн эцсийн өдөр Өөрийн сүнсийг бүх хүн төрөлхтөн дээр цутгаж, бидний охид, хөвгүүд эш үзүүлэх болно гэсэн нь юм (Иоел 2:16-г үзнэ үү). Пентекостын өдөр төлөөлөгч Петр тэдний гэрчилсэн үйл явдлыг ‘эш үзүүлэгч Иоелээр дамжуулан’ хэлсэн хэмээн тунхаглажээ (Үйлс 2:16). Мянга найман зуун жилийн дараа тэнгэр элч Моронай үүнтэй адил бошиглолыг ‘энэ нь хараахан гүйцэлдээгүй ч гэсэн, удахгүй тохиох болно’ хэмээн хэлснээс эш татжээ (ИС—Түүх 1:41)” (“Scripture Reading and Revelation,” Ensign, 1995 оны 1-р сар, 8).

Тиймээс Петр, Моронай хоёр хоёулаа бошиглогч Иоелоор эш үзүүлэгдсэн гүйцэтгэл, утга, хэрэгжилтийг Пентекостын өдөр болсон шиг хожмын өдрүүдэд үнэн зөвөөр өгүүлсэн.

Үйлс 2:27. “Та сэтгэлийг минь үхэгсдийн оронд орхихгүй”

Давид хааны үүрдийн өвийн талаар Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконки, Давидын “бодгаль тамд үлдэхгүй, мөн тэр мөхлийн хүү биш байх бөгөөд чөтгөр болон түүний тэнгэр элчүүдтэй мөнхөд хөөгдөхгүй гэсэн амлалтыг хүлээн авсан. Харин чухамдаа үхэл болоод үхэгсдийн орон өөрсдийн доторх үхэгсдийг чөлөөлж байхад тэр булшнаасаа гарч ирэн, өөрт нь өгсөн өвийг хүлээн авна хэмээн заажээ. Илчлэлт 20:11–15-ыг үзнэ үү” (Брүс Р.Макконки, Doctrinal New Testament Commentary, 3 боть, [1965–1973 он], 3:428-ыг үзнэ үү).

Үйлс 2:37. “Тэдний зүрхийг хөндсөн”

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч M.Рассэлл Баллард:

“Жинхэнэ хөрвөлт Сүнсний хүчээр дамжин ирдэг. Сүнс зүрх сэтгэлийг хөндөхөд зүрх сэтгэл өөрчлөгддөг. Хувь хүмүүс … өөрсөдтэй нь ажиллаж буй Сүнсийг мэдрэхэд эсвэл амьдралдаа Их Эзэний хайр, нигүүлслийн нотолгоог хараад, сүнслэгээр сэнхрэн, хүчирхэгжиж, тэдний Түүнд итгэх итгэл өсдөг. Хүн үгсэд тулгуурлан турших хүсэлтэй байвал сүнслэг туршлага аяндаа дагалдан ирдэг. Үүгээр бид сайн мэдээний үнэнийг мэдэрдэг (“Now Is the Time,” Ensign, 2000 оны 11-р сар, 75).