Номын сан
Гэрээр судлах хичээл: Иаков 2–1 Петр 5 (29-р бүлэг)


Гэрээр судлах хичээл

Иаков 21 Петр 5 (29-р бүлэг)

Гэрээр заах багшид зориулсан бэлтгэх материал

Өдөр бүр гэрээр судлах хичээлийн тойм

Суралцагчдын Иаков 21 Петр 5-ыг (29-р бүлэг) судалж байхдаа мэдэж авсан үйл явдал, сургаал, зарчмын дараах тоймыг энэ хичээлийн нэг хэсэг болж заахад зориулаагүй болно. Таны заах хичээл эдгээр сургаал, зарчмын цөөн хэд дээр төвлөрнө. Та суралцагчдынхаа хэрэгцээг бодож үзэхдээ Ариун Сүнсний өдөөлтийг дага.

Эхний өдөр (Иаков 2–3)

Эдгээр бүлэг дэх Иаковын сургаалаас суралцагчид Есүс Христийн итгэлтэй шавь нар бүх хүнийг нөхцөл байдлаас үл хамааран хайрладаг ба хэрэв бид нэг л нүгэл үйлдвэл Бурханы өмнө гэм буруутай болно гэдгийг мэдсэн. Тэд мөн Есүс Христэд итгэх үнэн итгэл нь бидний зөв шударга үйлсээр илэрдэг гэдгийг ойлгож авсан. Үг хэлээ захирах талаар Иаковын сургаалыг судалж байхдаа суралцагчид хэлэх үгээ захирч сурах нь бидний амьдралд маш их нөлөөлдөг бөгөөд Бурханы дагалдагчид үг яриагаараа дамжуулан хилэнцийг түгээх бус, харин зөв шударга зорилгыг биелүүлэхийг хичээдэг гэдгийг олж мэдсэн.

2 дахь өдөр (Иаков 4–5)

Суралцагчид Иаков номын эдгээр бүлгийг судалж байхдаа дараах үнэнийг мэдэж авсан. Үүнд: Бид Бурханд ойртвол Тэр бидэнд ойртоно. Бид сайн үйл хийх ёстойгоо мэдсээр байж, хийхгүй бол нүгэл үйлдэж буй хэрэг. Итгэлийн залбирал, санваарын хүчээр өвдсөнийг эдгээж болно.

3 дахь өдөр (1 Петр 1–2)

Суралцагчид Петрийн сургаалыг судлах явцдаа дараах үнэнийг мэдэж авсан. Тухайлбал: Хэдийгээр бид сорилт бэрхшээлтэй тулгардаг ч Есүс Христийн Цагаатгалд болон Бурханы бидэнд амласан ирээдүйн адислалын төлөө баясаж болно. Бид бэрхшээл сорилтыг итгэлтэй даван туулснаар Есүс Христэд итгэх итгэлээ харуулж, хүчирхэгжүүлдэг. Бид Есүс Христийн цэвэр ариун цусаар гэтэлгэгддэг. Есүс Христ нүгэлгүй амьдралаар амьдарсан тул Өөрийгөө бидний төлөө төгс золиослол болгон өргөх боломжтой болсон. Есүс Христ бидний Гэтэлгэгч байхаар урьдчилан томилогдсон. Гэгээнтнүүдийн үлгэр жишээг хараад, Өөрийг нь алдаршуулж болохын тулд Бурхан тэднийг дэлхийгээс ангид, өөр байхад уриалан дуудсан юм. Бид Аврагчийн жишээг даган, бэрхшээл сорилтыг тэвчээртэй даван туулж чадна.

4 дэх өдөр (1 Петр 3–5)

Суралцагчид тухайн цаг үед гэгээнтнүүдэд өгсөн Петрийн зөвлөгөөнөөс бид Есүс Христийн дагалдагчийн хувьд итгэлээ даруу бөгөөд хүндэтгэлтэй байдлаар үргэлж хуваалцаж, хамгаалахад бэлэн байх хэрэгтэй гэдгийг мэдэж авсан. Түүнчлэн суралцагчид сайн мэдээ үхэгсдэд номлогддог ба ингэснээр тэд сайн мэдээг мөнх бус амьдралдаа сонссон хүмүүстэй адил боломжийг эдэлж чадна гэдгийг мэдсэн. Петр Сүмийн удирдагчид Бурханы сүргийг хайр, үлгэр жишээгээр харж хандах үүрэгтэй хэмээн заасан.

Оршил

Төлөөлөгч Иаков үнэн итгэл гэж юу болох талаар гэгээнтнүүдийн буруу ойлголтыг залруулсан. Тэрээр мөн итгэл, үйлс хоёрын уялдаа холбоог заасан.

Заах зөвлөмж

Иаков 2:14–26

Иаков бидний авралд итгэл, үйлс хоёр ямар үүрэгтэйг заасан.

Суралцагчдаас нэгэн залуу эрэгтэй нүгэл үйлдсэнээ ухаарсан гэж төсөөлөн бодохыг хүс. Тэр Есүс Христийн Цагаатгалд болон Аврагч түүнийг аварч чадна гэдэгт итгэдэг. Тэрээр өөр юу ч хийхгүйгээр зөвхөн Их Эзэнд итгэснээр өршөөгдөх болно гэж хэлж байна.

Энэ залуу эрэгтэйн итгэл нүглээсээ өршөөгдөхөд дангаараа хангалттай эсэхийг бодож үзэхийг суралцагчдаас хүс.

Нэг суралцагчийг Иаков 2:14-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Иаков гэгээнтнүүдээс итгэлийн талаар юу асуусныг олж мэдэхийг хүс.

  • Иаков гэгээнтнүүдээс итгэлийн талаар юу асуусан бэ?

  • Та нар Иаковыг ямар үйлсийн тухай ярьж байсан гэж бодож байна вэ?

Суралцагчид Иаков 2-ын хичээлийг үзэж байхдаа төлөөлөгч Иаков итгэлийн тухай буруу санааг зүгшрүүлсэн талаар сурсан гэдгийг тэдэнд сануул. Зарим хүн итгэлийг зүгээр л амаараа тунхаглах зүйл гэж буруу ойлгодог. Иаков 2:14 дээр Иаков үйлс гэдэг үгийг төлөөлөгч Паулаас арай өөр утга агуулгаар ашигласан. Паул үйлс хэмээх үгээр Мосегийн хуулийн ёслолуудыг илэрхийлсэн. Харин Иаков үйлс гэдэг үгийг итгэл бишрэлийн үйлдэл эсвэл зөв шударга үйлс гэсэн утгаар ашигласан.

Иаков 14-р шүлэг дээрх асуултандаа хариулахдаа нэгэн зүйрлэл ашигласан гэдгийг тайлбарла.

Хоёр суралцагчийг самбарын өмнө гарч ирэхэд урь. Нэг суралцагчаас амь зогоох хоол, хувцас, оромж гуйж байгаа гуйлгачны дүрд тоглохыг хүс. Өөр нэг суралцагчаас гуйлгачинд тусалж чадах нэгэн болохыг хүс. Гурав дахь суралцагчийг Иаков 2:15–16-г чанга уншихад харин нөгөө хоёр суралцагчийг судар дээр гарч буй үйл явдлыг жүжигчлэн тоглоход урь.

  • Гуйлга гуйж буй суралцагчид өгсөн хариултад ямар асуудал байна вэ?

  • Нөгөө суралцагчийн хариулт нь гуйлгачинд хангалттай тус болж чадах уу?

Суралцагчдыг Иаков 2:17–18-ыг хамтдаа чанга эсвэл чээжээр уншаад, Иаков итгэлийн талаар юу заасныг олж мэдэхэд урь. Иаков 2:17–18 бол төгс эзэмших судар гэдгийг тэдэнд сануул.

  • “Итгэл нь хэрэв үйлсгүй бол өөрөө үхмэл юм” (17-р шүлэг) гэдэг нь юу гэсэн үг гэж та нар бодож байна вэ?

  • Иаковын гуйлгачны тухай зүйрлэл нь энэ эшлэлийг ойлгоход бидэнд хэрхэн тусалж байна вэ?

  • 17-р шүлэгт цэдэглэснээр, Есүс Христэд итгэх жинхэнэ итгэлийн талаар Иаков ямар үнэнийг заасан бэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Есүс Христэд итгэх жинхэнэ итгэл нь бидний зөв шударга үйлсээр илэрдэг гэсэн үнэнийг олж тогтоосон эсэхийг бататга. Энэ үнэнийг самбар дээр бич.)

Нэг суралцагчаас Иаков 2:19–20-ийг чанга уншихыг хүс. Иаков 2:19-ийн Иосеф Смитийн Орчуулгыг уг суралцагчаар чанга уншуул (Иаков 2:19, зүүлт тайлбар а-д бий). Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Бурханд итгэхэд заавал Бурханд итгэлтэй байх шаардлагагүйг харуулсан ямар жишээг Иаков эш татсаныг олж мэдэхийг хүс.

  • Бурханд итгэхэд заавал Бурханд итгэлтэй байх шаардлагагүйг харуулсан ямар жишээг Иаков эш татсан бэ?

Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднарийн хэлсэн дараах үгийг чанга уншихад урь.

Зураг
Ахлагч Дэвид А.Бэднар

“Жинхэнэ итгэл Есүс Христэд төвлөрч, үргэлж зөв шударга үйлс рүү хөтөлдөг. … Үйлс нь дан ганцаараа Аврагчид итгэх итгэл болохгүй, харин зөв зарчмуудын дагуу үйлдэх нь итгэлийн гол бүрэлдэхүүн хэсэг юм. Тиймээс ‘үйлсгүй итгэл нь ашиггүй’ (Иаков 2:20)” (“Ask in Faith,” Ensign эсвэл Liahona, 2008 оны 5-р сар, 95).

  • Ахлагч Бэднарийн хэлснээр “итгэлийн гол бүрэлдэхүүн хэсэг” юу вэ?

  • Есүс Христэд итгэх итгэл нь Түүнд итгэх мөн зөв зарчмуудын дагуу үйлдэх хоёроос тогтдог гэдгийг ойлгох нь яагаад чухал вэ?

Суралцагчдад энэ хичээлийн эхэн дэх залуу эрэгтэйн түүхийг сануул.

  • Итгэлд итгэх, үйлдэх хоёр нь хоёулаа ордгийг ойлгох нь нүглийнхээ өршөөлийг эрж буй хүнд хэрхэн туслах вэ?

Иаков Есүс Христэд итгэх итгэлээ үйлсээрээ үзүүлсэн Абрахам, Рахаб хоёрын жишээг эш татсан гэдгийг тайлбарлан, Иаков 2:21–26-г нэгтгэн дүгнэ. (Зоригт эмэгтэй Рахабын түүх Иошуа 2:1–22 дээр байдаг.)

Суралцагчдыг Есүс Христэд итгэх итгэлээ үйлсээрээ харуулсан үеийнхээ талаар болон ингэснээр хэрхэн адислагдаж байснаа дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ бичихэд урь. Суралцагчдыг мөн Аврагчийн талаарх гэрчлэлээ болон энэ итгэлээ үйлсээрээ хэрхэн харуулахаа бичихэд урамшуулан дэмж. Цөөн суралцагчаас бичсэн зүйлээ ангийнхантай хуваалцахыг хүс.

Есүс Христэд дуулгавартай байснаар Түүнд итгэх итгэлээ хэрхэн хөгжүүлэхийг залбирч бодохыг хүс. Тэднийг хүлээн авсан өдөөлт бүрийнхээ дагуу үйлдэхэд урамшуулан дэмж.

Дараагийн бүлэг (2 ПетрИуда)

Хүмүүс буруу гэдгийг нь мэдсээр байж, яагаад нүгэл үйлдэхийг сонгодгийг суралцагчдаас асуу. Тэднийг ирэх долоо хоногт 2 Петр-ээс Иуда хүртэл судалж байхдаа дараах асуултуудад хариулахад нь туслах үнэнийг олж мэдэхийг хүс. Үүнд: Бид хэрхэн хуурамч сургаалд хууртахаас зайлсхийж чадах вэ? Иохан айдсыг юу арилгадаг гэж хэлсэн бэ? Бид Бурханыг хайрладгаа хэрхэн харуулж чадах вэ? Бид мөнх амьдралыг өвлөн авахын тулд ямар бурханлаг чанаруудыг хөгжүүлэх хэрэгтэй вэ? Бидний нөхөрлөхөөр сонгодог хүмүүсийн талаар ямар анхааруулга өгсөн бэ?