8-р хичээл
Матай 4
Оршил
Есүс баптисмынхаа дараа аглаг буйдад мацаг барин, Тэнгэрлэг Эцэгтэй ярьж, 40 хоногийг өнгөрөөжээ. Энэ үйл явдлын дараа чөтгөр Есүсийг уруу татав. Есүс судар ашиглан, уруу таталт бүрийг эсэргүүцсэн. Аврагч Галил руу явж, тэнд Тэрээр Петрийг болон бусдыг Өөрийг нь дагахад дуудаж мөн олны дунд зааж, номлон, эдгээн явжээ.
Заах зөвлөмж
Maтай 4:1–11
Есүс чөтгөрийн уруу таталтуудыг эсэргүүцсэн нь
Самбарын өмнө нэг суралцагчийг гарч ирэхийг хүс. Уг суралцагчийг өөр тийш харалгүй, ангид байгаа нэг зүйл рүү 30 секунд ширтэхийг хүс. Уг суралцагчийг ширтэж эхлэхэд нь түүний харцыг уг зүйлээс салгахын тулд сатааруулахыг хичээ. Жишээлбэл, та тод өнгөтэй зүйлийг ил тавьж, чанга чимээ гарган эсвэл уг суралцагчид идэх юм өгч болох юм. 30 секундын дараа, уг суралцагчаас асуу:
-
Чи үүнийг хэр зэрэг хийсэн бэ? Чи яагаад анхаарлаа төвлөрүүлж чадсан/чадаагүй вэ?
-
Чи энэ 30 секундын турш юуны талаар бодсон бэ?
Ангийнхнаас асуу:
-
Энэ туршилт нь Тэнгэрлэг Эцэгийн зарлигуудыг дагахдаа анхаарлаа төвлөрүүлэх бидний хичээл зүтгэлтэй хэрхэн адил байж болох вэ? Суралцагчийг сатааруулах гэсэн оролдлогууд нь юуг төлөөлж болох вэ? (Биднийг нүгэл үйлдэхэд уруу татах хүчин чармайлт.)
-
Яагаад Сатан биднийг нүгэл хийхэд уруу татдаг вэ? (2 Нифай 2:17–18, 27-г үзнэ үү.)
Сатаны тэднийг нүгэлд уруу татдаг арга замуудын талаар бодохыг суралцагчдаас хүс. Тэднийг Матай 4-ийг судалж, уруу таталтыг эсэргүүцэхэд нь тэдэнд туслах, хэрэгжүүлэх зарчмыг олж мэдэхэд урь.
Аврагч баптисмынхаа дараа дэлхий дээрх тохинуулалд Өөрийг нь бэлтгэхэд тусалсан туршлагыг туулсан гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг Иосеф Смитийн Орчуулгын засварласан хоёр шүлгийн зүүлт тайлбарыг ашиглан Матай 4:1–2-ыг чанга уншихад урь. Ангийнхныг дагаж уншаад, Есүс цөлд юу туулсныг олж мэдэхийг хүс. (Уг нөхцөл байдалд харилцах гэдэг үг нь “хамт байх” эсвэл ойр, сүнслэг харилцаатай байх гэсэн утгатай гэдгийг тайлбарлаж болно.)
-
Мацаг барьж, Тэнгэрлэг Эцэгтэй харилцах нь Есүст Өөрийн дэлхий дээрх тохинуулалд бэлтгэхэд хэрхэн тусалсан байж болох вэ?
-
Есүсийг энэ хугацааг мацаг барьж, Эцэгтэйгээ ярьж өнгөрөөсний дараа Сатан юу хийхийг хичээсэн бэ?
Суралцагчдыг хос болгон хуваарил. Хос бүрд дараах хүснэгтийн хуулбарыг өг эсвэл тэднийг хичээлийн дэвтэртээ эсвэл судрын тэмдэглэл дээрээ үүнийг хуулж авахыг хүс:
Шинэ Гэрээний семинарын багшийн гарын авлага—8-р хичээл
Сатан Есүсийг юу хийхэд уруу татсан бэ? |
Уруу таталтад Есүс хэрхэн хариулсан бэ? | |
---|---|---|
© 2015 by Intellectual Reserve, Inc. Бүх эрх хамгаалагдсан.
Суралцагчдыг өөрсдийн хос болгонд оногдсон шүлгүүдийг уншиж, хүснэгтийг бөглөхийг хүс. Тэд энэ үйл ажиллагааг эхлэхээс өмнө Иосеф Смитийн Орчуулга нь Матай 4:5, 8 дахь хэсгийг өөрчилж, эдгээр шүлэгт дүрслэгдсэн өөр өөр газар руу Аврагчийг чөтгөр биш, харин Сүнс аваачсан гэдгийг харуулан зассан гэдгийг тайлбарла (мөн Иосеф Смитийн Орчуулга, Лук 4:5 [Лук 4:5, зүүлт тайлбар a-г үзнэ үү]; Лук 4:9 [Лук 4:9, зүүлт тайлбар a]).
Суралцагчдыг хүснэгтийг бөглөсний дараа хэд хэдэн хосыг хүснэгт бүрд юу гэж бөглөж бичсэнээ ярихад урь. Та дараах асуултуудыг тавьж болно. Үүнд:
-
Сатан мацаг барьж байсан Есүсийг чулууг талх болгож өөрчлүүлэхээр уруу татахдаа ямар хүслийг нь өдөөсөн бэ? (Тэр бие махбодын хүслээ хангах хүслийг нь өдөөхийг хичээсэн.)
-
Есүст дэлхийн хаант улсуудыг өгөх Сатаны саналын тухайд юу нь худал байсан бэ? (Сатан өөрийнх нь биш байсан зүйлсийг мөн өөрийн өгч чадахгүй зүйлсийг шагнал болгож өгөхөөр амласан.)
-
Энэ түүх нь биднийг нүгэл үйлдэхэд уруу татдаг чөтгөрийн арга замуудын талаар өөр юу харуулж байна вэ? (Сатан бидний хамгийн сул дорой, хүч муутай хэсгүүд рүү дайрдаг бөгөөд биднийг ахин дахин уруу татдаг.)
Есүс эцэст нь Өөрийн өлсгөлөн байдлыг дарж, тэр байтугай дэлхийн зүйлсийг хоол болгож өөрчилдөг гэдгийг онцлон хэл (Иохан 2:1–11-ийг үзнэ үү). Тэр бас Өөрийн тохинууллын талаар (Maтай 17:1–5; Лук 22:41–44-ийг үзнэ үү) мөн Тэр нэгэн өдөр дэлхийг захирах болно гэсэн бурханлаг баталгаа, тусламж хүлээж авдаг (Зехариа 14:9; Илчлэлт 11:15). Гэсэн хэдий ч, Есүс Сатаны уруу татсан арга замаар зохих цаг болон зөв замыг хүлээлгүйгээр эдгээр хүссэн зорилгоо олж авсан бол энэ нь Аврагчийн хүч чадлыг буруугаар, амин хувиа бодон ашигласан явдал болох байсан. Есүс Бурханы Хүүгийн хувьд Өөрийн бурханлаг шинж чанарыг бий болгодог ба энэ нь Сатаны саналтай биш, харин Тэнгэрлэг Эцэгийн хүсэлтэй нийцдэг. (Жэффри Р.Холланд, “The Inconvenient Messiah,” Ensign, 1984 оны 2-р сар, 68–73.)
-
Уруу таталт бүрд Аврагчийн хариулсан нь юугаараа адил төстэй байсан бэ? (Есүс Сатаны уруу таталт болгонд судруудаас эш татаж хариулсан.)
Чөтгөрийн уруу таталтыг сөрөн зогсох талаарх Аврагчийн жишээнээс суралцаж чадах зарчмыг бичиж авахаар хосоороо ажиллахад суралцагчдыг урь. Хэд хэдэн суралцагчаас өөрсдийн тодорхойлсон зарчмуудыг самбар дээр бичихийг хүс. Суралцагчид өөрсдийн тодорхойлсон зарчмуудыг хуваалцах үед Бид судруудад заагддаг үнэнүүдийг санаж, хэрэгжүүлэх үедээ чөтгөрийн уруу таталтуудыг сөрөн зогсож чадна гэсэн зарчмыг онцлон тодорхойл. Суралцагчдын гаргасан зарчмуудад энэхүү үнэн тодорхой хэлэгдээгүй бол үүнийг самбар дээр байгаа зарчмууд дээр нэмж бич.
Аврагч уруу татагдах болгонд хариуд нь ямар зөв үйлдэл хийхийг тайлбарласан судруудыг эш татаад зогсохгүй, бас тэдгээр сударт заагдсан үнэнүүдийг хэрэгжүүлсэн гэдгийг онцлон хэл.
-
Судруудад заагддаг үнэнүүдийг санаж, хэрэгжүүлэх хүч чадлын талаар бидний тодорхойлсон зарчмыг бодож үзвэл, судруудаас тогтмол суралцаж байх нь яагаад чухал вэ?
Суралцагчдын хос бүрд нэг нэг хуудас цаас тарааж өгөөд, үүн дээр гурван багана гаргахыг хүс. Эхний багананд тэдний насны өсвөр үеийнхний үйлдэхэд уруу татагдаж болох гурван нүглийг бичихийг зааварла. Хоёр дахь багананд, нэгдүгээр багананд бичсэн нүгэл бүрийг үйлдэхэд хүнийг өдөөдөг Сатаны арга замыг бичихийг хүс. Суралцагчдыг өөр хостой цаасаа солилцоход урь. Тэгээд тэдний авсан цаасан дээр жагсаасан нүгэл бүрийг үйлдэхээр уруу татагдах үед хүний санаж мөн хэрэгжүүлж болох үнэнийг заадаг судрын тодорхой эшлэлийг олохыг тэдэнд зааварла. (Та суралцагчдыг Эхлэл 39:9; Иохан 14:15; эсвэл Сургаал ба Гэрээ 10:5 гэх зэрэг төгс эзэмших судрын эшлэлүүдийг давтан үзэхэд урьж болно.) Суралцагчдаас судрын эшлэлийг гурав дахь багананд бичихийг хүс.
Цөөн минутын дараа хос бүрээс нэг суралцагчийг цаасан дээрх уруу таталтуудын нэгийн хариуд олсон судрын эшлэлээ хуваалцахад урь. Бид тэрхүү уруу таталтыг даван туулах үед тэр судар бидэнд яаж тусалж чадах талаар тайлбарлахыг тэднээс хүс.
-
Судруудад заагддаг үнэнүүдийг санаж, хэрэгжүүлсэн учраас хүчирхэгжин, уруу таталтыг эсэргүүцэж чадсан удаа та нарт бий юү? (Хэт хувийн шинжтэй буюу нууц зүйлээ хуваалцах хэрэггүйг суралцагчдад сануул.)
Суралцагчдыг дараагийн удаа нүгэл үйлдэхэд уруу татагдахдаа санаж, хэрэгжүүлж болох судрын нэг эшлэлийг хичээлийн дэвтэртээ эсвэл судрын тэмдэглэл дээрээ бичихэд урь. Тэднийг сонгосон судраа чээжлэхэд урамшуул.
Матай 4:12–17
Есүс Галилд амьдарсан нь
Матай 4:12–15-ыг дүгнэн, Аврагч аглаг цөл дэх туршлагынхаа дараа Галил руу явж, Капернаум хотод амьдарч байсныг тайлбарлан ярьж өг. Аврагчийн Галил дахь тохинуулал нь Исаиагаар өгөгдсөн бошиглолыг гүйцэлдүүлсэн хэмээн Матай тэмдэглэжээ (Исаиа 9:1–2-ыг үзнэ үү). Суралцагчдыг Mатай 4:16-г дотроо уншихад урь. Та тэдэнд Исаиагийн тохионо гэж бошиглосон зүйлсийг тэмдэглэхийг санал болгож болно. Бид энэ бошиглолоос Есүс Христ харанхуйд байгаа хүмүүсийн амьдралд гэрэл гэгээ авчирдаг гэдэгт суралцдаг гэдгийг онцлон хэл. Аврагч Өөрийн тохинууллын туршид үүнийг хэрхэн хийснийг олж мэдэхэд суралцагчдыг урамшуулан дэмж.
Матай 4:17-г дүгнэн, Аврагч хүмүүсийн дунд байгуулагдаж эхэлж байгаа тэнгэрийн хаант улсын бэлтгэл болгож наманчлалыг номлож эхэлсэн гэдгийг тайлбарлан хэлж өг.
Maтай 4:18–22
Есүс Өөрийг нь дагахад Петрийг болон бусдыг дуудав
Загасчдыг дуудсан нь зургийг үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга [2009], д. 37; түүнчлэн LDS.org руу орж үзнэ үү). Завины өмнө байгаа хоёр хүн бол Петр ба түүний дүү Андрей хоёр болохыг онцлон хэл.
-
Тэд загасны тороор юу хийж байна вэ?
Бусад хүн Петр, Андрей хоёрыг жирийн загасчид гэж үзэх байсан хэдий ч Есүс тэдний агуу чадавхыг харж мөн тэдний хэн болж чадахыг мэдэж байсан гэдгийг тайлбарла.
-
Бид ямар талаараа Петр, Андрей хоёртой адилхан бэ?
Суралцагчдыг Матай 4-өөс үргэлжлүүлэн суралцах явцдаа, Их Эзэний биднээс хүсэж байгаа тэр бүх чадварыг эзэмшсэн хүн болохын тулд бид юу хийх ёстойг олж мэдэхэд тэднийг урь.
Хэд хэдэн суралцагчийг Матай 4:18–22-ыг ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхныг дагаж уншаад, Аврагч ба хэдэн загасчдын хоорондох яриаг олж мэдэхийг хүс.
-
Петр, Андрей, Иаков, Иохан нарыг Аврагч юу хийлгэхээр дуудсан бэ? “Хүмүүсийн [загасчид]” гэж хэн бэ? (19-р шүлэг).
-
Энэ эрчүүд Аврагчийг дагаж мөн Түүний ажилд туслахын тулд юугаа золиослох байсан бэ? Энэ нь тэдний хувьд яагаад хэцүү байж болох вэ?
Суралцагчдыг хэрэв тэд энэ эрчүүдийн нэг байсан бол юу гэж хариулах байсан тухай тунгаан бодоход урь.
-
Та нар энэ эрчүүдийн хариултаас юу ажигласан бэ? Аврагчийн урилгад даруй хариулсан нь тэдний зан чанарын талаар юу харуулж байна вэ?
-
Энэ эрчүүд загасчид буюу ”хүмүүсийн загасчдын” хувьд амьдралдаа илүү сайныг үйлдэх үү? Яагаад?
-
Энэ түүхэнд үзүүлснээр, бид Аврагчийн Өөрийг нь дагах урилгад тэр даруй хариулах юм бол юу тохиолдож болох вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Хэрвээ бид Аврагчийн Өөрийг нь дагах урилгад даруй хариулах юм бол Тэр бидний өөрсдөө бие даан хийж чадахаас ч илүүгээр бидний амьдралыг үр бүтээлтэй болгож чадна гэсэн зарчмыг олж тогтоосон эсэхийг бататга.)
Нэг суралцагчаас ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны хэлсэн дараах үгсийг чанга уншихад урь. Хэрэв бид Түүнийг дагах юм бол Их Эзэн бидний амьдралыг хэрхэн илүү үр бүтээлтэй болгож чадах талаар сонсохыг ангийнхнаас хүс.
ЗурагЕрөнхийлөгч Эзра Тафт Бэнсон“Амьдралаа Бурханд зориулдаг эрэгтэй, эмэгтэйчүүд Тэр тэдний амьдралыг өөрсдөө бие дааж хийхээс хамаагүй илүү үр бүтээлтэй болгож чаддаг гэдгийг олж мэддэг. Тэр тэдний баяр хөөрийг гүнзгийрүүлж, харааг өргөтгөн, оюуныг хурцалж, булчинг чангаруулан, сүнсийг өргөж мөн адислалуудыг нь олшруулж, боломжуудыг нэмэгдүүлэн, бодгалиудыг тайвшруулж, найзуудыг өсгөж мөн амар амгаланг цутгадаг. Бурханы үйлчлэлд амьдралаа өгөх хэн боловч мөнх амьдралыг олох болно” (“Jesus Christ—Gifts and Expectations,” Ensign, 1988 оны 12-р сар, 4).
-
Та нар болон та нарын таньдаг хэн нэгэн Аврагчийг дагахаар дэлхийн зовнилуудаа ардаа орхисноор үүнтэй адил адислалуудыг хэзээ мэдэрсэн бэ?
-
Та нар Аврагчийг дагаснаар бидний хүлээн авах адислалуудыг бодож үзвэл, Аврагчийн Өөрийг нь дагах урилгад даруй хариулах нь яагаад чухал гэж бодож байна вэ?
Суралцагчдыг хичээлийн дэвтэртээ эсвэл судрын тэмдэглэлдээ дараах асуултын хариултыг бичихэд урь.
-
Чи Аврагчийн Өөрийг нь дага гэсэн урилгад хэрхэн илүү сайнаар хариулж болох вэ?
Суралцагчдыг бичсэн зүйлээ хэрэгжүүлэхэд урамшуулан дэмж.
Матай 4:23–25
Есүс Галил даяар зааж, номлон, эдгээж явав
Суралцагчдыг Maтай 4:23–25-ыг дотроо уншиж, Аврагчийн үйлдлүүдийн талаар олж мэдэхийг хүс. Та суралцагчдад олж мэдсэн зүйлээ тэмдэглэхийг зөвлөж болно. Сайн мэдээнүүдийн туршид, Аврагчийн заасан зүйлс, номлол болон эдгээлтийн тодорхой жишээнүүдээс суралцах болно гэдгийг тайлбарла.
Суралцагчдын олж тогтоосон үнэнүүдийн талаар гэрчилснээр хичээлээ дуусга.
Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл
Maтай 4:2–10 Чөтгөрийн уруу таталтууд
Зарим хүн Иудейн цөл дэх энэ явдал нь Сатаны Есүсийг уруу татсан мөн Аврагчийн ялан дийлж гарч ирсэн цорын ганц тохиолдол гэж боддог. Гэхдээ бид Лук 4:13-аас Сатан эдгээр уруу таталтын дараа Есүсээс ”түр хугацаагаар” холдсон гэдгийг сурдаг. Сатан Аврагчийг эсэргүүцэн, үргэлжлүүлэн уруу татсаар байдаг бөгөөд заримдаа Есүсийг ялласан тэр хүмүүсийн адил ёсон бус хүмүүсийг ашигладаг байсан (жишээлбэл, Maтай 27:41–43-ыг үзнэ үү).
Аврагчийн цөлд туулсан уруу таталтын талаар ерөнхийлөгч Дэвид О.Маккэй хэлэхдээ:
“Уруу таталтуудыг ангилж үз, тэгвэл та нарыг болон намайг толботуулах доорх гурван уруу таталтын аль нэг нь эсвэл бараг бүгдээрээ бүр багахан хэмжээгээр ч гэсэн бидэнд тохиолддогийг та нар мэдэх болно. Үүнд: (1) дур хүслийн улмаас уруу татагдах; (2) Бурханы зүйлсээс хол хөндий байдаг хүмүүсийн бардамнал, маяг, хоосон санаархлыг дагах; (3) хүслээ хангах болон дэлхийн эд баялагт шунах эсвэл хүмүүсийн дунд эрх мэдэл, хүчтэй байх хүсэл” гэжээ (Conference Report, 1911 оны 10-р сар, 59).
Maтай 4:4, 7, 10. Уруу татагдах мөчид судруудыг санаж, тэдний заадаг үнэнүүдийг хэрэгжүүлэх нь
Судруудаас суралцах нь уруу татагдах үед судруудыг санаж чадахад чухал ач холбогдолтой. Бид судруудаас суралцахдаа эдгээр шүлэг, зааврыг чээжлэхээр хичээн чармайж болно. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скотт судруудыг чээжлэх нь бидэнд хэрхэн тусалж чадах талаар заахдаа:
“Судруудыг чээжлэх нь агуу хүчийг авчирдаг. Судрыг чээжилнэ гэдэг нь шинэ нөхөрлөл үүсгэж байгаатай адил билээ. Энэ нь хэрэгцээтэй үед маань тусалж, тайвшрал болон сүнсний нөлөөг, өөрчлөлт хэрэгтэй үед маань урам дэм өгдөг шинэ танилтай болсонтой адил юм” (“Судрын хүч,” Ensign эсвэл 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 5) гэжээ.
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скотт судрын шүлгүүдийг чээжлэх талаар дараах зөвлөгөө өгчээ.
“Технологийг амьдралынхаа хэсэг болгоход ухаалаг хандаарай. Электрон хэрэгсэл дээрээ чухал судруудыг тэмдэглэж, үе үе эргэн харж бай. Хэрэв залуу хүмүүс та нар олон удаа мессеж илгээдэг шигээ судрын аль нэг шүлгийг олон удаа дүгнэж харах юм бол та нар удахгүй судрын хэдэн зуун хэсгийг чээжилж чадна. Судрын эдгээр хэсгүүд нь хэрэгтэй цаг үед сүнслэг нөлөө болон Ариун Сүнсний удирдамжийн нэн хүчтэй эх сурвалж болж чадна (“Гэр орон дахь амар амгалангийн төлөө,” Ensign эсвэл 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 33).
Maтай 4:4, 7, 10. Уруу таталтуудыг бүү зугаацуул
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл А.Максвэлл Аврагчийн уруу таталтыг эсэргүүцсэн жишээний талаар ийн хэлжээ:
“Уруу таталтыг тэвчиж, гэхдээ ‘тэдгээрийг үл анхаарсан’ (1 Коринт 10:13) Эзэнийг дуурайн, хүмүүсийн дунд түгээмэл уруу таталтаар дүүрсэн дэлхийд бид амьдарч чадна. Есүс Өөрт нь ирсэн хүчит уруу таталтуудыг даруй анзаарсан ч Тэр тэдгээрийг ахин дахин нягталж, тэдгээрийн талаар бодоогүй. Харин тэр тэдгээрийг даруйхан эсэргүүцсэн. Хэрвээ бид уруу таталтуудыг зугаацуулах юм бол тэдгээр нь удахгүй биднийг зугаацуулж эхлэх болно!” (“Overcome … Even As I Also Overcame,” Ensign, 1987 оны 5-р сар, 71).