36-р хичээл
Марк 4–5
Оршил
Есүс Галил тэнгисийн эрэгт шавь нартаа сургаалт зүйрлэл ашиглан заав. Аврагч тэнгисээр явж байхдаа шуурга намдаажээ. Есүс нэг хүнээс чөтгөрийг хөөн зайлуулснаараа чөтгөрөөс илүү хүчтэй гэдгээ нотлон харуулсан. Тэрээр Капернаумд тохинуулж байхдаа цус алдах өвчтэй нэгэн эмэгтэйг эдгээж, Иайрын охиныг үхлээс босгожээ.
Заах зөвлөмж
Марк 4
Есүс Бурханы хаант улсын талаар заахдаа сургаалт зүйрлэлүүдийг ашиглан мөн шуургыг намдаажээ.
Суралцагчдыг тааралдаж байсан хамгийн хүчтэй шуурганыхаа талаар бодоход урь. Цөөн суралцагчаас туршлагаа товч дүрслэн ярихыг хүс.
-
Амьдралын сорилт бэрхшээл шуургатай хэрхэн адилхан байдаг вэ?
Бие махбодын, сүнсний, оюун санааны, нийгмийн гэсэн үгсийг самбар дээр бич (үг бүрийн доор зай үлдээ). Самбар дээрх үг бүртэй холбоотой дараах асуултыг тавь. Үүнд:
-
Өсвөр үеийнхэнд тохиолддог бие махбодын (сүнсний болон оюун санаа, нийгмийн) ямар ямар хүчтэй шуурга байдаг вэ? (Суралцагчдын хариултуудыг самбар дээрх тохирох үгсийн доор жагсааж бич.)
Суралцагчдыг Марк 4–5-ыг судлахдаа амьдралын шуургатай тааралдах үед нь туслах зарчмуудыг олж мэдэхэд урь.
Аврагч Галил тэнгисийн эрэг дээр байхдаа цугласан олонд хэд хэдэн сургаалт зүйрлэл заасан гэдгийг тайлбарлан, Марк 4:1–34-ийг нэгтгэн дүгнэ.
Цөөн суралцагчийг Марк 4:35–38-ыг ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, шавь нарын Галил тэнгисийг гатлахдаа туулсан сорилт бэрхшээлийг олж мэдэхийг хүс.
-
Аврагч, Түүний шавь нарыг Галил тэнгисийг гаталж байх үед ямар бэрхшээл тохиолдсон бэ?
Галил тэнгис нь далайн түвшнээс 213 метрийн доор мөн гурван талдаа уулсаар хүрээлэгдсэн байдаг. Зарим үед хүйтэн, хуурай салхи уулнаас доош буун ирж, Галил тэнгисийн дээрх дулаан, чийглэг агаартай харшилснаар гэнэтийн, хүчтэй салхийг дэгдээдэг. Заримдаа бүр хэдхэн минутын дотор багахан усан дээр маш том давалгаа үүсдэг.
-
Шуурга завинд ямар нөлөө үзүүлсэн бэ?
-
Хэрэв та нар тухайн үед завин дээр байсан бол та нарт ямар бодол, мэдрэмж төрөх байсан бэ?
-
Шавь нар энэхүү аймшигтай үед хэнээс тусламж хүссэн бэ? Тэд Аврагчаас юу хүссэн бэ?
-
Бид амьдралын шуургатай тулгарах үедээ ямар байдлаар Есүсийн шавь нартай адил зүйл хийхэд уруу татагддаг вэ?
Нэг суралцагчийг Марк 4:39-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Аврагчийн шавь нарынхаа гуйлтад хэрхэн хариулсныг олж мэдэхийг хүс. Тэднээс олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс. Та суралцагчдад “Чимээгүй. Намд” мөн “бүр нам гүм” (39-р шүлэг) гэсэн үгсийг тэмдэглэж авахыг санал болгож болно.
-
Хэрэв бид асуудалтай эсвэл айдастай үедээ Их Эзэнээс тусламж хүсэх юм бол Тэрээр бидний төлөө юу хийж чадах вэ? (Суралцагчдыг хариулсны дараа Хэрэв бид асуудалтай эсвэл айдастай үедээ Их Эзэний тусламжийг эрэлхийлэх юм бол Тэрээр бидэнд амар амгаланг өгч чадна гэсэн зарчмыг самбар дээр бич.)
-
Бид асуудалтай эсвэл айдастай үедээ Их Эзэнээс ямар ямар арга замаар тусламж хүсэж болох вэ? (Бид Тэнгэрлэг Эцэгт хандан Есүс Христийн нэрээр залбирч болно. Залбирлууд маань бидний хүссэн арга замаар хариулагдахгүй байж болно. Гэхдээ бид Их Эзэний тусламжийг эрэлхийлснээрээ амар амгалангаар адислагдах болно.)
Нэг суралцагчийг Марк 4:40–41-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, шавь нар нь Есүсийн тухай юу гэж асуусныг олж мэдэхийг хүс.
-
Хэрэв та нар эдгээр шавьтай хамт байсан бол 41-р шүлэг дэх тэдний асуултад хэрхэн хариулах байсан бэ?
-
Есүсийн “ер нь хэн” (41-р шүлэг) болохыг ойлгох нь хэрхэн бидний итгэлийг хүчирхэгжүүлж, асуудалтай эсвэл айдастай үедээ Түүнээс тусламж эрэхэд хүргэх вэ?
Хэрэв боломжтой бол суралцагчдыг “Master, the Tempest Is Raging” (Hymns, д. 105) дууллын шүлгийг уншихад урь. Есүс Христ жинхэнэ шуургыг намдаах төдийгүй бидний зүрх сэтгэл доторх хувийн шуургыг намдаах хүчтэй гэдгийг онцол.
Цөөн суралцагчийг амьдралын шуурганы үеэр Их Эзэний амар амгаланг эрэлхийлсэн, Түүний тэдний айдсыг арилгаж, тайтгаруулсан үеийн тухай хуваалцахад урь.
Суралцагчдыг сорилт бэрхшээлтэй үедээ Их Эзэний тусламжийг эрэлхийлэхийн тулд юу хийж болохоо хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ бичихэд урих талаар бодож үз.
Марк 5:1–20
Есүс нэгэн хүнээс чөтгөрийг зайлуулснаар түүнийг эдгээв
Есүс “бузар” эсвэл хилэнцэт сүнснүүдээр дүүрсэн хүнийг эдгээсэн гэдгийг тайлбарлан, Марк 5:1–18-ыг нэгтгэн дүгнэ. Бузар сүнснүүд уг хүнээс гарсныхаа дараа гахайн сүрэгт шүглэж, гахайнууд эгц өндөр эргээс нуур руу үсэрч, живжээ. Тэгэхэд уг эрэгтэй Есүсийн сууж байсан завинд суухыг хүсэв.
Нэг суралцагчийг Марк 5:19–20-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Аврагчийн энэ эрэгтэйд юу хий гэж зааварласныг олж мэдэхэд урь.
-
Аврагч энэ эрэгтэйд юу хий гэж зааварласан бэ?
-
Энэ эрэгтэй юу гэж хариулсан бэ?
-
Бид Аврагчийн хүчийг амьдралдаа мэдрэх үедээ юу хийж болох тухай энэ түүхээс ямар зарчим мэдэж авч болох вэ? (Суралцагчдад Бид Аврагчийн хүчийг амьдралдаа мэдрэх үедээ Түүний адислал, нигүүлслийн тухай бусдад гэрчилж болно гэсэн зарчмыг олж тогтооход тусал.)
Суралцагчдыг Аврагчийн адислал, нигүүлслийн тухай гэрчлэн, бусдад тусалж болох арга замуудыг бодож үзэхэд урь.
Марк 5:21–43
Есүс цус алдах өвчтэй нэгэн эмэгтэйг эдгээж, Иайрын охиныг үхлээс босгов
Нэг суралцагчаас Далын ахлагч Шэйн М.Бөүэний ярьсан дараах түүхийг чанга уншихыг хүс:
ЗурагАхлагч Шэйн М.Бөүэн“1990 оны хоёрдугаар сарын 4-нд манай гурав дахь хүү буюу зургаа дахь хүүхэд мэндэлж, бид түүнд Тайсон гэдэг нэр өгсөн юм. …
Тайсон найман сартай байхдаа хивсэн дээрээс шохойны хэлтэрхий олоод залгичихсан юм. Шохой Тайсоны хоолойд тээглээд, тэр амьсгалж чадахгүй байв. Ах нь Тайсонг дээд давхарт аваачаад, “дүү амьсгалахгүй байна, дүү амьсгалахгүй байна” гэж бачимдан хашхирч байлаа. Бид хиймэл амьсгал хийж, тэр даруй түргэн тусламж дуудав.
Түргэн тусламж ирэн, Тайсонг эмнэлэг рүү яаралтай авч явав. Хүлээлгийн өрөөнд сууж байхдаа бид тасралтгүй хичээнгүйлэн залбирч, Бурханаас бидэнд гайхамшгаа үзүүлэхийг гуйж байлаа. Амьдрал зогсчих шиг санагдсан тэр мөчид эмч өрөөнд орж ирээд, ‘Намайг уучлаарай. Бид чадах бүхнээ хийсэн. Та нар одоо түүний байгаа өрөө рүү орж болно’ гэж хэлээд гараад явав” (“Яагаад гэвэл би амьд байна. Та нар ч амьд байна,” Ensign, эсвэл 2012 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 18).
-
Хэрэв Тайсон та нарын дүү байсан бол та нар тэр үед юу бодож эсвэл хийх байсан бэ?
-
Үүнтэй адил туршлага хэн нэгний итгэлийг хэрхэн сорьж болох вэ?
Нэг суралцагчийг Марк 5:21–24-ийг чанга уншихад урь. Суралцагчдыг шүлгийг дагаж уншаад, Иайр нэртэй ахлагч итгэлийг нь сорьсон, үүнтэй төстэй ямар сорилттой тулгарсан болохыг олж мэдэхэд урь.
-
Иайр яагаад Аврагчийн тусламжийг эрэлхийлсэн бэ?
Нэг суралцагчийг Марк 5:25–26-г чанга уншихад уриад, ангийнхнаас өөр хэнд Аврагчийн тусламж хэрэгтэй байсныг олж мэдэхийг хүс.
Шинэ Гэрээний түүхүүд “цус алдах өвчний” (25-р шүлэг) шинж тэмдгийг дурдаагүй ч бид энэ өвчин нь үнэхээр түүнд хэцүү ярвигтай байсан гэдгийг мэддэг. Мөн Мосегийн хуулиар цус алдах өвчтэй хүнийг цэвэр бус гэж үздэг байсан (Левит 15:19–33-ыг үзнэ үү). Энэ нь уг цус алдах өвчтэй эмэгтэй 12 жилийн турш бусдаас тусгаарлагдаж, ад үзэгдэж байсан гэсэн үг байж болох магадлалтай юм. Тэрээр өөрийнхөө нөхцөл байдалд бүр цөхрөөд байсан нь олон эмчээс эмчилгээ хайн, “өөртөө байсан бүгдийг зарцуулснаас” (Марк 5:26) харагддаг.
Цөөн суралцагчийг Марк 5:27–34-ийг ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, уг эмэгтэй Аврагчийн тусламжийг хүлээн авахын тулд юу хийснийг олж мэдэхийг хүс.
-
Уг эмэгтэй Есүс Христэд итгэх итгэлээ харуулах юуг хийсэн бэ? (Та “Түүний ард очиж” [27-р шүлэг] хэмээх үгс нь энэ эмэгтэйн Аврагчийг тойрсон хүмүүсийн дундуур гарах гэж ихэд чармайсныг илэрхийлдэг гэдгийг тайлбарлаж болно.)
-
Хэрэв бид эдгэрэхийг хүсэж байвал юу хийх ёстой талаар энэ түүхээс ямар зүйл мэдэж авч болох вэ? (Суралцагчдад Хэрэв бид Есүс Христэд ирэхийн тулд гаргаж буй хичээл зүтгэлээрээ дамжуулан Түүнд итгэх итгэлээ харуулбал Тэрээр биднийг эдгээж чадна гэсэн зарчмыг олж тогтооход тусал.)
Есүс Христэд итгэх итгэлээр дамжуулан эдгэрэх нь Түүн рүү ирэхийн тулд гаргаж буй бидний хичээл зүтгэлээс гадна Бурханы цаг хугацаа, хүсэл тааллаас хамаардаг гэдгийг онцол.
Суралцагчдыг Марк 5:35-ыг дотроо уншаад, Аврагчийг уг эмэгтэйд туслах үед Иайрт ирсэн нэгэн мэдээг олж мэдэхэд урь.
-
Иайр ямар мэдээ хүлээн авсан бэ?
-
Хэрэв та нар Иайрын оронд байсан бол тэр үед ямар бодол, мэдрэмж төрөх байсан бэ?
Нэг суралцагчаас Марк 5:36-г чанга уншихыг хүсээд, ангийнхныг Аврагч Иайрт юу гэж хэлснийг олж мэдэхэд урь.
-
Аврагч Иайрын итгэлийг хүчирхэгжүүлсэн ямар зүйлийг хэлсэн бэ?
Уг түүхээс итгэлийн талаар мэдэж авсан зүйлээ онцлохын тулд Есүс Христэд итгэх итгэлийг хөгжүүлэх нь биднээс тодорхой бус үед ч гэсэн Түүнд тууштай итгэхийг шаарддаг гэсэн үнэнийг самбар дээр бич.
-
Бид ямар ямар арга замаар энэ зарчмыг амьдралдаа хэрэгжүүлж болох вэ?
Цөөн суралцагчийг Марк 5:37–43-ыг ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Иайрын охинд юу тохиолдсоныг олж мэдэхийг хүс.
-
Аврагч ямар гайхамшиг үйлдсэн бэ?
Та Аврагчийн биднийг адислах, эдгээх хүчийн талаар гэрчлэлээ хуваалцаж болно. Заримдаа Аврагч хэцүү бэрхшээлийг эсвэл бидний айдсыг арилгаснаар амьдралд маань байгаа шуургыг намдаадаг гэдгийг онцол. Бусад үед, ахлагч Бөүэний хүү нас барсан тухай түүхэнд гарсантай адил, Тэрээр бидний зовлон бэрхшээлийг арилгахгүй байж ч магадгүй юм. Гэсэн хэдий ч, биднийг Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэх үед Тэрээр зовлон бэрхшээлтэй үед бидэнд амар амгаланг өгөх болно.
Хувийн амьдрал дахь шуурганы үр дагавар ямар байхаас үл шалтгаалан итгэлээ хэрхэн хадгалж болохыг ойлгоход суралцагчдад туслахын тулд ахлагч Бөүэний дараах гэрчлэлийг унш. Суралцагчдыг хүү нь нас барчихаад байхад ч гэсэн тэр итгэлээ хэрхэн хадгалж, хүчирхэгжүүлэх боломжтой байсныг олж мэдэхэд урь.
ЗурагАхлагч Шэйн М.Бөүэн“Би өөрийгөө буруутгаж, уурлаж, өмөөрөх тусам энэ нь намайг дотроос минь хэмлэж байсан тул зүрх сэтгэлийн өөрчлөлтийг хүсэмжлэн залбирдаг байлаа. Их Эзэн маш нандин бөгөөд хувийн тохиолдлуудаар надад зүрхийг минь шинэчлэн өгч, хэдийгээр хаа нэг ганцаардан шаналдаг ч миний бүхий л үзэл бодол өөрчлөгдсөн юм. Би хэн нэгэнд дээрэмдүүлж байгаа бус, харин хэрэв би итгэлтэйгээ батлах юм бол агуу адислалууд хүлээж байгааг мэдсэн билээ. …
Бид ‘Есүс Христийн Цагаатгалд найдвал өөрсдийн зовлон зүдгүүр, өвчин эмгэгийг тэвчихэд Тэрээр бидэнд тусалж чадна … гэдгийг би гэрчилж байна. Бид баяр хөөр, амар амгалан, тайтгарлаар дүүрэн байж болно. Авралын талаарх шударга бус юм бүхэн Есүс Христийн Цагаатгалаар дамжин зөв болгогдож болно’ [Миний сайн мэдээг номло: Номлогчийн үйлчлэлд зориулсан удирдамж (2004), 57]” (“Яагаад гэвэл би амьд байна, Та нар ч амьд байна” 18).
-
Та нар эсвэл та нарын таньдаг хэн нэгэн хэзээ Иайртай адил тодорхой бус үед Есүс Христэд итгэх итгэлээ хадгалан хүчирхэгжүүлсэн бэ? Үр дүнд нь ямар адислал ирсэн бэ?
Суралцагчдыг энэ хичээлд заасан үнэний талаар гэрчлэлээ хуваалцахад урих талаар бодож үз.
Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл
Марк 4:35–41. Есүс шуургыг намдаав
Ерөнхийлөгч Ховард В.Хантэр Аврагчийн Галил тэнгисийн шуургыг намдааж буй тухай бичсэн Маркийн түүхэн дэх чухал үнэнийн талаар:
“Бид бүгдээрээ өөрсдийн амьдралд гэнэтийн шуургатай дайралдаж байсан байх. Эдгээрийн зарим нь Галил тэнгис дэх шуургатай адил түр зуурын мөртлөө аймшигтай, устгах хүчтэй байж болно. Хувь хүний хувьд мөн гэр бүл, нийгэм, улс үндэстэн, бүр сүмийн хувьд бидэнд ямар нэгэн замаар ‘Багш аа бидний үхэх нь Танд хамаагүй гэж үү?’ хэмээн асуухад хүргэх гэнэтийн шуурга тохиолдож байсан. Ямар нэгэн арга замаар бид бүхэн шуурганы дараах нам гүмд ‘Та нар юунд ингэтлээ айна вэ? Та нарт яагаад итгэл байхгүй байдаг билээ?’ хэмээх үгсийг сонсдог.
Бидний хэн нь ч өөрсдийгөө итгэлгүй гэж бодохыг хүсдэггүй боловч Их Эзэн уг намуухан зэмлэлийг үнэхээр хэлэх эрхтэй гэдэгт би итгэдэг. Бидний итгэдэг гэж ярьдаг мөн нэрийг нь өөрсөд дээрээ авсан энэ агуу Иехова нь ‘Усан дотор огторгуй бий болж, усыг уснаас салгаг’ гэж хэлсэн нь билээ. (Эхлэл 1:6.) Мөн тэрээр ‘Тэнгэрийн доорх ус нэг дор хуримтлагдаж, хуурай газар ил гараг’ хэмээн хэлсэн тэр нь билээ. (Эхлэл 1:9.) Мөн тэрээр Улаан Тэнгисийг хувааж, израильчуудыг хуурай газар дээгүүр явуулсан тэр нь билээ. (Ег. 14:21–22.) Тиймээс Тэрээр Галил тэнгис дэх цөөн хэдхэн элементэд зарлигласанд гайхах зүйл үгүй. Тэрээр бидний амьдралын хэцүү шуургыг намдааж чадна гэдгийг итгэл маань бидэнд сануулж байх хэрэгтэй” (“Master, the Tempest Is Raging,” Ensign, 1984 оны 11-р сар, 33).
Марк 5:30. “Өөрөөс нь хүч гарсныг мэдээд”
Марк 5:30-ийн зарим орчуулган дээр, эмэгтэйг эдгэрэх үед Есүс Христээс “хүч” гарсан гэж хэлдэг. Шинэ Гэрээний грек эх хувилбар дээрх хүчтэй холбоотой үг бол dynamis буюу “хүч” эсвэл “чадал” гэсэн утгатай үг байдаг.
Марк 5:36. “Бүү ай, зөвхөн итгэ”
Итгэл, айдас хоёр нэг дор байж чаддаггүй хэмээх үнэнийг Марк 4–5 дээр заадаг. Марк 4:40, Марк 5:36 дээр Аврагч айдсаа Өөрт нь итгэх итгэлээр солихыг зааж буй хүмүүстээ зэмлэн хэлсэн байдаг. Эдгээр түүх нь Есүс Христэд итгэх итгэлтэй байж мөн айдсаасаа зөвлөгөө эрэхгүй байх хүчирхэг зөвлөгөөг бидэнд үлдээдэг.
Сүмийн боловсролын системийн шашны багш, удирдагчдад хэлсэн үгэндээ Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд багш, суралцагчдаас “бүү ай, зөвхөн итгэ” хэмээн хүссэн байдаг. Тэрээр биднийг Бурханд бүрэн найдаж мөн Есүс Христийн сайн мэдээ нь “энэ дэлхий дээр болон тэнгэрт хамгийн тодорхой, найдвартай, итгэж болохуйц, гайхамшигтай үнэн одоо мөн үүрд байх болно” гэдгийг итгэл, үнэмшилтэй хэлэхэд урамшуулэн дэмжсэн юм. Биднийг авралын төлөвлөгөө, Есүс Христийн Цагаатгал, Анхны үзэгдэл, санваарын сэргээлт, Мормоны Ном зэрэг “бүрэн дүүрэн сайн мэдээний захиасын сүр жавхлангийн төвд байдаг гайхамшигтай, мөнхийн, хамгийн чухал үнэнүүдэд” анхаарлаа төвлөрүүлж мөн “энэхүү бүрэн дүүрэн сайн мэдээний тийм ч чухал биш үнэнд анхаарлаа хандуулан,” уг бүрэн дүүрэн үнэнийг хойш тавьж, зайлуулахгүй байснаар айдас, эргэлзээ, санаа зовнил маань арилах болно хэмээн тэрээр гэрчилжээ. (“Be Not Afraid, Only Believe” [Ахлагч Жэффри Р.Холландтай хамт нэгэн үдэш, 2015 оны 2-р сарын 6], lds.org/broadcasts.)
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн Их Эзэнд итгэх итгэлээр дамжуулан айдсаа давах талаар заахдаа:
“Хүндрэл, бэрхшээл, эргэлзээ тээнэгэлзэл бол бидний мөнх бус амьдралд зайлшгүй тохиолдох зүйлс. Гэвч бид ганцаараа биш. Бид Их Эзэн Есүс Христийн шавь нар учир бидэнд гэрэл, үнэнээс ирдэг сүнсний шавхагдашгүй арвин баялаг нөөц бий. Айдас, итгэл хоёр бидний зүрх сэтгэлд нэгэн зэрэг оршиж чаддаггүй. Бид өнөөгийн ороо бусгаа цагт итгэлийн замыг сонгодог. ‘Бүү ай. Зөвхөн итгэ’ [Maрк 5:36] хэмээн Есүс хэлсэн шүү дээ” (“Та нар хангалттай мэднэ,” Ensign эсвэл 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган,, 16).