Номын сан
112-р хичээл: 1 Коринт 15:30–16:24


112-р хичээл

1 Коринт 15:30–16:24

Оршил

Паул Коринтын гэгээнтнүүдэд амилуулалтын талаар үргэлжлүүлэн заав. Тэрээр Есүс Христ үхлийг ялан дийлсэнд баясав. Паул түүнчлэн Коринтын Сүмийн гишүүдийг Иерусалим дахь ядуу гэгээнтнүүдэд хандив өгөхөд урамшуулав.

Заах зөвлөмж

1 Коринт 15:30–52

Паул амилуулалтын талаар заав

Хичээл эхлэхээс өмнө Хэрэв хүмүүс үхлийн дараа амьдрал байдаг гэдэгт итгэдэггүй бол энэ амьдралаа хэрхэн өнгөрүүлэхээр сонгож болох вэ? гэсэн асуултыг самбарт бич.

Хичээлийн эхэнд суралцагчдыг самбар дээрх асуултад хариулахад урь.

Паул Коринтын гэгээнтнүүдээс (зарим нь амилуулалт байхгүй хэмээх ташаа зүйлд итгэдэг байв), хэрэв үхэгсдийн амилуулалт гэж байхгүй байсан бол яагаад Есүс Христэд итгэдэг хүмүүс хавчлага зовлонг тэвчиж, амиа эрсдэлд оруулдаг талаар бодохыг хүссэн гэдгийг тайлбарлан, 1 Коринт 15:30–34-ийг нэгтгэн дүгнэ.

Нэг суралцагчийг 1 Коринт 15:32-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Паул хэрэв үхэгсдийн амилуулалт байхгүй байсан бол зарим хүний хандлага ямар байж магад гэж хэлсэн талаар олж мэдэхийг хүс.

  • 32-р шүлэгт цэдэглэснээр, Паул хэрэв зарим хүн амилуулалтад итгэдэггүй бол тэдний хандлага ямар байж магад гэж хэлсэн бэ?

  • Нэгэнт амилуулалт бодитой зүйл учраас энэ хандлагыг дагах нь яагаад аюултай байж болох вэ?

Суралцагчдыг 1 Коринт 15-ын үлдсэн хэсгийг судалж байхдаа амилуулалтын талаар мэдлэгтэй байх нь мөнх бус амьдрал дахь тэдний сонголтод хэрхэн нөлөөлөхийг ойлгоход туслах үнэнийг олж мэдэхэд урь. (Тэмдэглэл: Үнэнийг тодорхойлж байхдаа самбарт бич.)

Нэг суралцагчийг 1 Коринт 15:35-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, амилуулалтын талаар хүмүүсийн тавьж болох асуултуудыг олж мэдэхийг хүс. Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь.

Паул мөнх бус бие үхэж, газарт оршуулагдсаны дараа амилуулалтаар урагш гарч ирнэ хэмээн үртэй зүйрлэж, эдгээр асуултад хариулахад тусалсныг тайлбарлан, 1 Коринт 15:36–38-ыг нэгтгэн дүгнэ.

Нар, сар, оддын зураг харуул (эсвэл самбарт зур).

Зураг
зураг, нар, сар, одод
  • Дэлхийгээс бид харвал нарны гэрлийг сарны гэрэлтэй харьцуулахад ямар байдаг вэ?

  • Сарны гэрлийг оддын гэрэлтэй харьцуулахад ямар байдаг вэ?

Нэг суралцагчийг 1 Коринт 15:39–42-ыг чанга уншихад урь. Түүнчлэн а зүүлт тайлбар дахь 1 Коринт 15:40-ийн Иосеф Смитийн Орчуулгыг уншуул. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Паул амилуулагдсан биесийн ялгааг тайлбарлахын тулд нар, сар, оддын гэрлийг хэрхэн ашигласныг олж мэдэхийг хүс. Энэ хам сэдэв дэх алдар суу гэдэг үг нь гэрэл, гялалзсан байдал, сүр жавхааг илэрхийлдэг гэдгийг тайлбарла.

  • Паул нар, сар, оддын алдар сууг юутай зүйрлэсэн бэ? (амилуулагдсан биесийн алдар суутай.)

  • Эдгээр гэрэл эсвэл алдар суугийн ялгаа нь бидэнд амилуулагдсан биесийн талаар юу зааж байна вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Амилуулагдсан биесийн алдар суугийн зэрэглэл нь хоорондоо ялгаатай гэсэн сургаалыг олж тогтоосон эсэхийг бататга.)

Нэг суралцагчийг ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смитийн хэлсэн дараах үгсийг уншихад урь. Ангийнхнаас амилуулагдсан биесийн алдар суу нь нэг нэгнээсээ хэрхэн ялгаатай байхыг олж сонсохыг хүс. Суралцагчийг уншихаас өмнө ерөнхийлөгч Смитийн хэлсэн “селестиел биес” гэдэг нь селестиел хаант улсын хамгийн дээд зэрэглэлийг хүртсэн хүмүүсийг (С ба Г 131:1–4-ийг үзнэ үү) хэлж байгааг тайлбарла.

Зураг
Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит

“Амилуулалтаар хүмүүсийн бие өөр өөр байх бөгөөд хоорондоо адилгүй байх болно. Хүмүүсийн хүлээн авах бие нь үүнээс хойш түүний орших газрыг тодорхойлно. Тэнд селестиел биес, террестриел биес мөн телестиел биес гэж байх болно. …

… Зарим хүн өргөмжлөлийн хүч мөн үүрд өсөж хөгжих селестиел биетэй болно. Эдгээр бие нь Аврагчийн биетэй адилаар нар шиг гэрэлтэх болно. … Террестриел хаант улсад орох хүмүүс террестриел биетэй байх бөгөөд тэд нар лугаа адил гэрэлтэхгүй хэдий ч телестиел алдар сууг хүлээн авах хүмүүсийн биеэс илүү алдар суутай байх болно” (Doctrines of Salvation, Брүс Р.Макконки, 3 боть. [1954–1956], 2:286, 287).

  • Амилуулагдсан биесийн алдар суу нэг нэгнээсээ хэрхэн ялгарах вэ?

Самбарт зурсан нарны зургийг Селестиел, сарны зургийг Террестриел, оддын зургийг Телестиел гэж гарчигла. Самбар дахь зургуудын доор селестиел биеийг террестриел биеэс илүү алдар суутайгаар, террестриел биеийг телестиел биеэс илүү алдар суутайгаар энгийнээр дүрслэн зур.

Зураг
зураг, нар, сар, одод, хүний дүрс
  • Ерөнхийлөгч Смитийн хэлснээр, тухайн хүний амилуулагдахад хүлээн авсан бие эсвэл алдар суу нь юуг тодорхойлох вэ?

  • Ерөнхийлөгч Смитийн хэлснээр, селестиел хаант улсын хамгийн дээд зэрэглэлд селестиел бие хүлээн авсан хүмүүс алдар суугийнхаа нэг хэсэг болгож, селестиел бус биесийн хүлээн авч чадахгүй юуг хүлээн авах вэ? (Самбар дээрх селестиел биеийн зургийн доор өргөмжлөлийн хүч болон үүрдийн өсөлт хөгжил гэж бич.)

“Өргөмжлөлийн хүч” гэдэг нь Бурхантай адил амьдрах чадвар, “үүрдийн өсөлт хөгжил” гэдэг нь үүрд мөнхөд хүүхдүүд төрүүлэх чадвар гэдгийг тайлбарла. Эдгээр адислал зөвхөн селестиел хаант улсын хамгийн дээд зэрэглэлд өргөмжлөгдсөн хүмүүст л боломжтой юм (С ба Г 131:1–4; 132:19–20-ийг үзнэ үү).

Бид амилуулалтаар селестиел бие хүлээн авахын тулд юу хийх ёстойг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 88:21–22-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, селестиел бие хүлээн авахын тулд бид юу хийх ёстойг олж мэдэхийг хүс.

  • Бид селестиел бие хүлээн авахын тулд юу хийх ёстой вэ? ([22-р шүлэг] дэх “селестиел хаант улсын хуулийг мөрдөх” гэдэг нь селестиел хаант улсад орохын тулд шаардлагатай бүх ёслолыг хүлээн авч, гэрээнүүд хийж мөн сахихыг хэлж байгаа гэдгийг тайлбарла.)

  • Селестиел хаант улсын хамгийн дээд зэрэглэлд амилуулагдсан биест л зөвхөн боломжтой алдар суу болон адислалын тухай мэдэж авах нь мөнх бус амьдралд тухайн хүний гаргах сонголтод хэрхэн нөлөөлөх вэ?

Паул амилуулагдсан биес ямар байхыг цааш нь тодруулсан тухай тайлбарлан, 1 Коринт 15:42–52-ыг нэгтгэн дүгнэ. Тэрээр мөнх бус биеийг “төрөлх бие” (44, 46-р шүлгүүд) мөн мууддаг гэсэн бол амилуулагдсан биеийг “сүнслэг” (44, 46 дахь шүлгүүд) мөн “үл муудах” бие буюу үхэшгүй эсвэл үхэлд харьяалагдахгүй гэжээ.

1 Коринт 15:53–58

Паул Есүс Христ үхлийг ялан дийлсэнд баясав

Нэг суралцагчийг 1 Коринт 15:53-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, биднийг амилуулагдах үед биесийн маань нөхцөл байдал ямар байх талаар Паулын заасан сургаалыг олж мэдэхийг хүс.

  • 53-р шүлэгт цэдэглэснээр, амилуулалтын дараа бидний биеийн нөхцөл байдал ямар байх вэ? (Суралцагчид Бид үл муудах хийгээд үхэшгүй байдалд амилуулагдах болно гэсэн сургаалыг тодорхойлох ёстой.)

  • Амилуулагдсан бие юугаараа үл муудах байдалд байх вэ? (Амилуулагдсан бие цаашид өгөрч муудахгүй мөн үхэхгүй.)

  • Бид хүн нэг бүр амилуулагдсан биеийг болон таарах алдар суугийн зэрэглэлийг үүрд хүлээн авах болно гэдгийг мэдэх нь мөнх бус амьдралд бидний хийдэг сонголтод хэрхэн нөлөөлж болох вэ?

Суралцагчдыг Паулын коринтчуудад бичсэн эхний захидлын үлдсэн хэсгийг судлахад бэлтгэхийн тулд тэднээс өмнө нь ямар нэг шавжинд хатгуулж байсан бол гараа өргөхийг хүс.

  • Та нар хатгуулах мэдрэмжийг хэрхэн дүрслэх вэ?

Суралцагчдыг 1 Коринт 15:54–55-ыг дотроо уншаад, Паул юуг цаашид хатгуургүй болсон гэж хэлснийг олохыг хүс.

  • Паул юуг цаашид хатгуургүй болсон гэж хэлсэн бэ? (Бие махбодын үхэл.)

  • “Бие махбодын үхэл нь ямар арга замуудаар “хатгуур” (55-р шүлэг) эсвэл биднийг ялан дийлж байгаа мэт санагдаж болох вэ?

  • Биеийн үхэл хэрхэн Христээр дамжин “ялалтад залгигдсан” бэ (54-р шүлэг)?

  • Биеийн үхэл хэрхэн цаашид хатгуургүй буюу биднийг ялан дийлэхгүй байх талаарх Паулын заасан зүйлсээс бид ямар үнэнийг мэдэж болох вэ? (Суралцагчид Есүс Христ амилсан учраас биеийн үхэл биднийг ялан дийлэх хүчгүй гэсэнтэй төстэй үнэнийг тодорхойлсон эсэхийг бататга.)

Хэдийгээр Есүс Христийн амилалт биеийн үхлийн гашуун хатгуурыг үгүй хийдэг ч үхлийн өөр нэг хатгуур үлдэх боломжтой гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг 1 Коринт 15:56-г чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, биднийг нас барахад үлдэх хатгуур нь юу байж болохыг олж мэдэхийг хүс.

  • Биднийг нас барахад ямар хатгуур үлдэж болох вэ?

Нэг суралцагчийг 1 Коринт 15:57–58-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, нүглээс ирдэг үхлийн хатгуурыг юу зайлуулж болох талаар Паулын заасан зүйлийг олж мэдэхийг хүс.

  • Нүглээс ирдэг үхлийн хатгуурыг юу зайлуулж чадна гэж Паул заасан бэ?

  • 58-р шүлэгт цэдэглэснээр, Паул Есүс Христ үхлийг ялан дийлсэн учраас уншигчдыг юу хийхэд урьсан бэ?

  • Бид нүглээс ирдэг үхлийн хатгуураас зайлсхийхийн тулд юу хийж болох талаар 56–58-р шүлгээс ямар зарчмыг тодорхойлж болох вэ? (Хэрэв бид сайн мэдээгээр амьдрахдаа тууштай, гуйвшгүй байвал Есүс Христийн Цагаатгалаар дамжин нүглээс ирдэг үхлийн хатгуур зайлуулагдаж чадна гэсэнтэй төстэй зарчмыг тодорхойлоход суралцагчдад тусал.)

  • Сайн мэдээгээр амьдрахдаа тууштай, гуйвшгүй байх гэдэг нь юу гэсэн үг вэ?

  • Тууштай, гуйвшгүй байхад наманчлал ямар үүрэгтэй вэ?

Суралцагчдад сурсан үнэнүүдийнхээ чухлыг мэдрэхэд туслахын тулд самбарт жагсаасан үнэнүүдийг дурдаж, тэднийг хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ Та нар зөв шударга амьдрахыг хүсэхэд чинь туслах амилуулалтын талаар ямар үнэнийг сурч авсан бэ? гэсэн асуултад хариулж бичихэд урь. Хангалттай хугацаа өгсний дараа цөөн суралцагчийг бичсэн зүйлээ ангийнхантай хуваалцахад урь.

Суралцагчдыг сайн мэдээгээр амьдрахдаа илүү тууштай, гуйвшгүй байхын тулд өнөөдөр хийж болох зорилго тавихад урь.

1 Коринт 16

Паул Иерусалим дахь ядууст зориулж хуримтлал зохион байгуулав

Паул Коринтын гэгээнтнүүдийг Иерусалим дахь ядуусыг халамжлахад тусалж, “итгэл дотроо бат зогсон,” (13-р шүлэг) бүх зүйлийг “хайр дотор” (14-р шүлэг) хийхийг зааварласан тухай тайлбарлан, 1 Коринт 16:1–24-ийг нэгтгэн дүгнэ.

Энэ хичээлээр суралцагчдын олж тогтоосон үнэний талаар гэрчил.

Зураг
төгс эзэмших судрын шигтгээ зураг
Төгс эзэмших судар—1 Коринт 15:40–42

Хоёр суралцагчийг судартайгаа ангийн өмнө гарч ирэхэд урь. Та сонирхогчийн дүрд жүжиглэн, тэднээс номлолын хамтрагчид болж, авралын төлөвлөгөөг зааж өгөхийг хүс. Тэднээс 1 Коринт 15 дахь хоёр төгс эзэмших судрын хэсгийг болон өөр тустай судруудыг ашиглан үхэл болон амилуулалтын талаар мэддэг зүйлээ тайлбарлахыг хүс. Ангийнхнаас үхэл, амилуулалтын талаар сонирхогчид тайлбарлаж болох өөр зүйлс хуваалцахыг хүс.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

1 Коринт 15:44–46. “Энэ нь … сүнслэг биеэр амилуулагдана”

Ерөнхийлөгч Ховард В.Хантэр амилуулагдсан биесийн талаар дараах зүйлийг заасан.

“Үхлийн дараа бие болон сүнс салах болно. Амилуулалт нь сүнс, бие хоёрыг дахин нэгтгэж, бие нь цусаар бус сүнсээр амьдруулагдан, мах хийгээд яснаас бүрдсэн сүнслэг бие болох болно. Тийнхүү амилуулалтын дараа бидний бие сүнсээр амьдруулагдаж, хэзээ ч үхэхгүй. Энэ нь ‘төрөлх бие байдаг бол сүнслэг бие ч мөн байгаа’ мөн ‘махан бие ба цус Бурханы хаанчлалыг өвлөж чадахгүй’ гэсэн Паулын мэдэгдлийн утга агуулга юм. Цусаар бус сүнсээр амьдруулагдсан, мах болоод цуснаас бүрдсэн төрөлх бие хаант улсад орж чадах ба орох ч болно” (Conference Report, 1969 оны 4-р сар, 138).

1 Коринт 15:45, 49–53. “Анхны хүн Адам” болон “сүүлчийн Адам”

“‘Анхны хүн Адам’ нь (1 Коринт 15:45; C ба Г 84:16) бие махбод хүлээн авсан анхны хүн байв. ‘Сүүлчийн Адам’ буюу ‘хоёр дахь хүн’ болох Есүс Христ (1 Коринт 15:45, 47) амьдруулагдсан (амилсан) мөн алдаршуулагдсан бие хүлээн авсан (Иохан 5:21; С ба Г 88:17-г үзнэ үү) анхны хүн байв. Адам (Уналтыг авчирсан) болон Есүс Христийн (Цагаатгал болон Амилалтыг авчирсан) үйлс нь хоёулаа авралын төлөвлөгөөнд шаардлагатай байв (Ром 5:12–21-ийн тайлбар)” (Шинэ Гэрээний суралцагчийн гарын авлага [Сүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2014], 388).

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон дараах зүйлийг заасан.

“Хязгааргүй Цагаатгал нь Адам, Ева болон тэдний бүх үр удмыг гэтэлгэхэд шаардлагатай байсан. Уг Цагаатгал нь бидний биеийг амилуулагдах мөн цусгүй, өвчин тусахгүй, гэмтэж сульдахгүй, үхэхгүй болгон өөрчлөгдөх [1 Коринт 15:51–53; 3 Нифай 28:8-ыг үзнэ үү] боломжтой болгох ёстой (“Constancy amid Change,” Ensign, 1993 оны 11-р сар, 34).

1 Коринт 15:51–52. “Нүд ирмэхийн зуур”

1 Коринт 15:51-д Паул Коринтын гэгээнтнүүдэд амилуулалттай холбоотой нууцыг үзүүлнэ гэж хэлснийг бид уншдаг. Хэдэн жилийн өмнө Паул Тесалоникийн гэгээнтнүүдэд хандан бичиж байхдаа Есүс Христийн Хоёр дахь ирэлтээр нас барагсдын амилуулалт тохиох үед дэлхий дээр амьдарч байх итгэлтэй хүмүүс “агаар мандалд Эзэнтэй уулзахаар … өргөгдөх” (1 Тесалоник 4:17) болно гэж заасан. Паул 1 Коринт 15:52-т цэдэглэсэн, Христийн Хоёр дахь ирэлттэй холбоотой үйл явдлуудын өөр нэг дэлгэрэнгүй тайлбарыг өгсөн. Есүс Христийг ирэх үед амьд байх хүмүүс үргэлжлүүлэн мөнх бус амьдралаар амьдрах ч Мянган жилийн үеэр нас барахдаа булшинд “нойрсохгүй” (1 Коринт 15:51) гэж Паул заажээ. Оронд нь тэд тэр даруй, “нүд ирмэхийн зуур” (1 Коринт 15:52) амилуулагдах болно. (Мөн C ба Г 63:50–51-ийг үзнэ үү.)

1 Коринт 15:55. “Үхэл ээ, чиний хатгуур хаана байна вэ?”

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл А.Максвэлл Есүс Христийн амилалт нь биеийн үхэл болон өвчин зовлонгийн хатгуурыг зайлуулж чадна гэж заахдаа:

“Амилуулалтын бодит байдлаар дамжуулан бүх хүн төрөлхтөнд өгөгддөг үхэшгүй байдлын бэлэг нь туйлын хүчтэй амлалт бөгөөд бидний эдгээр агуу бэлэгт баясан хөөрөх нь ямар ч уй гашууг намдааж, зовлон шаналлыг тайвшруулан, бардамналыг дийлж, гуниг цөхрөлийг арилгаж, гай гамшгийг зогсоож чадах юм” гэжээ (“All Hell Is Moved” [Бригам Янгийн Их Сургуулийн онцгой цугларалт, 1977 оны 11-р сарын 8], 7, speeches.byu.edu).

Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон амилуулалтын бодит байдлыг болон бид үүнд бэлтгэх шаардлагатайг:

“Дэлхий дээр амьдарч мөн нас барсан бодгаль бүрийн бодит амилуулалт гарцаагүй учраас бид энэхүү үйл явдалд анхааралтай бэлтгэх ёстой. Амилуулалт тохиох нь бодитой учраас алдар суут амилуулалт эрэгтэй, эмэгтэй хүн бүрийн зорилго байх ёстой” гэж гэрчилсэн юм (“The Meaning of Easter,” Ensign, 1992 оны 4-р сар, 2).