Номын сан
73-р хичээл: Иохан 13


73-р хичээл

Иохан 13

Оршил

Есүс Дээгүүр өнгөрөх баярын зоогоос хүртсэнийхээ дараа төлөөлөгчдийнхөө хөлийг угааж мөн Иудасын урвагч болохыг хэлэв. Өөрийн мөнх бус амьдрал дахь тохинууллын сүүлийн долоо хоногийн түгшүүрт байдлаас үл шалтгаалан, Есүс Өөрийнх нь амьдралын шинж чанар болж мөн Түүний бүх цаг үеийн шавь нарынх нь шинж тэмдэг болох дуулгавартай байдал, үйлчлэл, хайр дээр сургаалаа төвлөрүүлсэн.

Заах зөвлөмж

Иохан 13:1–17

Есүс төлөөлөгчдийнхөө хөлийг угаав

Хичээл эхлэхийн өмнө дараах бүдүүвч зургийг самбар дээр дуурайлган зур.

Зураг
аз жаргалын зураас

Дараах асуултуудыг чанга уншаад, суралцагчдыг хэрхэн хариулах талаар тунгаан бодоход урь (тэдэнд чанга хариулах шаардлагагүй гэдгийг тайлбарла).

  • Та нар өөрсдийгөө энэхүү зураасын хаана нь байрлуулах вэ?

  • Та нар одоо байгаагаасаа илүү их аз жаргалтай болохыг хүсэж байна уу?

  • Та нар илүү их аз жаргалтай болоход туслахыг хүсэж байгаа хэн нэгний талаар бодож чадах уу?

Суралцагчдыг Иохан 13-аас судалж байхдаа илүү их аз жаргалтай болохын тулд тэднийг юу хийж чадахаа мэдэхэд туслах нэг зарчмыг олж мэдэхэд урь.

Суралцагчдад Иохан 13-ын агуулгыг ойлгоход нь туслахын тулд Есүс төлөөлөгчдийнхөө хамт Дээгүүр өнгөрөх баярыг тэмдэглэсэн гэдгийг тэдэнд сануул. Есүс цовдлогдохынхоо өмнө төлөөлөгчдийнхөө хамт сүүлийн зоогийг хуваалцаж байхдаа удахгүй алуулж, Тэнгэрлэг Эцэгтээ буцна гэдгээ мэдэж байсан гэдгийг тайлбарлан, Иохан 13:1–3-ыг нэгтгэн дүгнэ.

Нэг суралцагчийг Иохан 13:4–5-ыг чанга уншихад урьж, ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Есүс төлөөлөгчдийнхөө хамт Дээгүүр өнгөрөх баярын зоогоос хүртсэнийхээ дараа юу хийснийг олж мэдэхийг хүс. 4-р шүлэгт буй “гадуур хувцсаа тайлаад” гэдэг үгс нь орчин үед хүмүүс хүрэм гэх мэт гадуур хувцсаа тайлдагтай адил Есүс гадуур хувцсаа тайлсан гэсэн утгатай гэдгийг тайлбарла.

  • Аврагч шавь нарынхаа төлөө ямар үйлчлэл хийсэн бэ?

“Шинэ Гэрээний үед хүмүүс задгай шаахай өмсдөг байсан бөгөөд ихэвчлэн шороон замаар алхаж, амьтдын ялгадас гэх зэрэг бохир зүйлс хөлд нь наалддаг байсан мөн тэр болгон усанд орох боломжгүй байжээ. Хүмүүсийн хөл нь маш бохир болж, хэн нэгэн хүний хөлийг угаах нь нэлээд дургүйцэм ажил байдаг байсан болов уу. … Зочломтгой найрсаг байдлыг үзүүлэх энэ уламжлалыг хамгийн доод зэрэглэлийн зарц нараар хийлгэдэг байсан” гэдгийг тайлбарла (Шинэ Гэрээний суралцагчийн гарын авлага [Cүмийн Боловсролын Системийн гаран авлага, 2014 он], 242). Энэхүү сүүлчийн зоогийн үеэр “Христ чимээгүй босож, боол эсвэл үйлчлэгч шиг алчуур авч бүслээд, төлөөлөгчдийн хөлийг угаахаар сөгдсөн юм” (Жэффри Р.Холланд, “He Loved Them unto the End,” Ensign, 1989 оны 11-р сар, 25).

Зураг
Есүс төлөөлөгчдийнхөө хөлийг угаав

Есүс төлөөлөгчдийнхөө хөлийг угаасан нь зургийг үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга [2009 он], д. 55; бас LDS.org-ийг үзнэ үү).

  • Хэрэв та нар Есүсийг төлөөлөгчдийнхөө хөлийг угааж байхад дэргэд нь байж мөн Есүс та нарын хөлийг угааж эхэлсэн бол хэрхэн хандах байсан бэ?

  • Төлөөлөгчдийнхөө хөлийг угаасан үйлдэл нь Есүсийн зан чанарын талаар юуг харуулж байна вэ?

Нэг суралцагчийг Иосеф Смитийн Орчуулга, Иохан 13:8 (Гурамсан судрын хавсралт)-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Аврагч хөлийг нь угааж эхлэхэд Петр юу гэж хэлснийг олж мэдэхийг хүс.

Нэг суралцагчийг Иосеф Смитийн Орчуулга, Иохан 13:9–10 (Гурамсан судрын хавсралт)-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Их Эзэний өөрт нь хэлсэн зүйлд Петр юу гэж хариулсныг олж мэдэхийг хүс.

  • 9-р шүлэгт цэдэглэгдсэнээр, бид Их Эзэний хэлсэн зүйлд хариулсан Петрийн хариултаас түүний тухай юу мэдэж авч болох вэ? (Петр Их Эзэнийг хүндэтгэдэг байсан бөгөөд Түүнийг бүрэн дүүрэн дагахыг хүсэж байсан.)

Аврагч төлөөлөгчдийнхөө хөлийг угааснаар зөвхөн сайн үйлчлэл хийгээд зогсохгүй, Мосегийн хуулийг хэрэгжүүлж, шинэ ёслолыг тогтоосон гэдгийг тайлбарла (Брүс Р.Макконки, Doctrinal New Testament Commentary, 3 боть [1965–1973], 1:708–709-ийг үзнэ үү). Энэ ёслол нь бидний эрин үед бошиглогч Иосеф Смитээр дамжуулан сэргээгдсэн (С ба Г 88:74–75, 137–141-ийг үзнэ үү).

Нэг суралцагчийг Иохан 13:11-ийг чанга уншихад урьж, ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Есүс яагаад төлөөлөгчдийг “та нар бүгдээрээ цэвэр биш шүү” хэмээн айлдсаныг олж мэдэхийг хүс.

  • “Та нар бүгдээрээ цэвэр биш шүү” гэж хэлэхдээ Аврагч хэний тухай ярьж байсан бэ? (Тун удалгүй Түүнээс урвах гэж байсан Искариотын Иудасын тухай ярьж байсан.)

Хэд хэдэн суралцагчийг Иохан 13:12–17-г ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Аврагч төлөөлөгчдийн хөлийг угаасны дараа тэдэнд юу гэж заасныг олж мэдэхийг хүс.

  • 13–16-р шүлэгт цэдэглэснээр, Аврагч шавь нартаа ямар жишээ үзүүлж, төлөөлөгчдөөсөө дагаасай хэмээн хүссэн бэ? (Хэдийгээр Аврагч “Багш, Эзэн” [13-р шүлэг] бөгөөд бүхнээс агуу байсан хэдий ч бусдад үйлчилсэн.)

  • Бид 17-р шүлэгт цэдэглэгдсэн, Аврагчийн төлөөлөгчдөдөө өгсөн амлалт дээр үндэслэвэл, Түүний жишээг дагаж, бусдад үйлчилснээр ямар адислал хүлээн авах вэ? (Суралцагчид Бид бусдад үйлчилснээр Аврагчийн жишээг дагах үед илүү аз жаргалтай байх болно гэсэнтэй төстэй зарчмыг өөрсдийнхөө үгээр тодорхойлох ёстой.)

  • Хэрэв бид Аврагчийн адил бусдад үйлчлэх юм бол яагаад илүү их аз жаргалтай байх болно гэж та нар бодож байна вэ?

Тэд Аврагчийн жишээг дагаж бусдад үйлчилснээр илүү их аз жаргалтай байсан цаг үеийнхээ тухай бодохыг суралцагчдаас хүс. Хэд хэдэн суралцагчийг ангийнхантайгаа туршлагаасаа хуваалцахад урь. Та бас өөрийнхөө туршлагаас хуваалцахыг хүсэж болно.

Энэхүү зарчмыг хэрэгжүүлэх нэг арга замыг мэдэхэд нь суралцагчдад туслахын тулд нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч М.Рассэлл Баллардын хэлсэн дараах үгсийг чанга уншихад урь.

Зураг
Ахлагч М.Рассэлл Баллард

“Өглөө бүр залбирахдаа, Тэнгэрлэг Эцэгээс Түүний хайртай хүүхдүүдийн нэгэнд үйлчлэх боломжийг таньж мэдэхэд удирдахыг залбиран гуй. Тэгээд өдрийн турш хайр, итгэлээр дүүрэн зүрх сэтгэлтэйгээр тусламж хэрэгтэй хэн нэгнийг олохоор яв. Хэрэв та нар үүнийг хийх юм бол сүнслэг мэдрэмжүүд тань тэлэн нэмэгдэж, урьд нь хэзээ ч боломжгүй мэт байсан үйлчлэх боломжуудыг олж нээх болно” (“Санаа сэтгэлээ бүрэн зориулсан байх нь,” Ensign эсвэл Ерөнхий чуулган, 2012 оны 10-р сар, 37).

  • Ахлагч Баллардын хэлснээр, бид бусдад үйлчлэх боломжийг хэрхэн олж болох вэ?

Суралцагчдыг бусдад үйлчилснээр Аврагчийн жишээг дагахад урамшуулан дэмж. Суралцагчдыг дараагийн хэдэн хичээлд бусдад үйлчилсэн тухай туршлагаасаа хуваалцах бэлтгэлтэй ирэхэд урих талаар бодож үз.

Иохан 13:18–30

Есүс Өөрөөс нь урвагчийг илрүүлэв

Есүс төлөөлөгчдөд, хэрвээ тэд бусдад үйлчлэх юм бол аз жаргалтай байх болно хэмээн заасныхаа дараа, тэдний нэг нь өөрөөс нь урвах болно гэж хэлсэн гэдгийг тайлбарлан, Иохан 13:18–30-ийг нэгтгэн дүгнэ. Иоханыг Есүсээс хэн түүнээс урвахыг асуухад Есүс төлөөлөгчдийнх нь нэг (Иудас) Өөрөөс нь урвана гэдгийг хэлсэн.

Иохан 13:31–38

Есүс шавь нартаа бие биенээ хайрлахыг заав

Тэд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд учраас Христэд итгэгч эсвэл Есүс Христийн жинхэнэ дагалдагч биш гэж хэн нэгэн буруутгаж байсан эсэхийг суралцагчдаас асуу. Хэрвээ суралцагчид гараа өргөж байгаа бол тэднийг Христэд итгэгч биш гэсэн зэмлэлд хэрхэн хариулсан тухайгаа ярьж өгөхийг хүс. Хэрэв суралцагчдын дунд ийм туршлагатай хүн байхгүй бол дараах асуултыг тавь.

  • Хэрэв хэн нэгэн та нарыг Христэд итгэгч биш гэвэл та нар юу гэж хариулах байсан бэ?

Нэг суралцагчийг Иохан 13:34–35-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, төлөөлөгчдийг Есүс Христийн шавь нар мөн гэдгийг мэдэхэд хүмүүст юу тусална гэж Аврагч хэлснийг олж мэдэхийг хүс.

  • 34-р шүлэгт цэдэглэснээр, Есүс төлөөлөгчдөдөө ямар зарлиг өгсөн бэ?

  • 35-р шүлэгт цэдэглэснээр, хэрвээ төлөөлөгчид бие биенээ Есүс өөрсдийг нь хэрхэн хайрласантай адил хайрлах юм бол бусад хүн юу мэдэж авах вэ?

  • Бид Аврагчийн төлөөлөгчдөдөө заасан сургаалаас ямар зарчмыг мэдэж авч чадах вэ? (Суралцагчид Хэрэв бид бие биенээ Есүс биднийг хэрхэн хайрладагтай адил хайрлах юм бол бусад хүн биднийг Түүний шавь нар гэдгийг мэдэх болно гэсэнтэй төстэй зарчмыг олж тогтоосон эсэхийг бататга.)

  • Та нар энэ жилийн туршид Есүс Христийн тухай суралцсан зүйл дээрээ үндэслэвэл, Тэрээр хүмүүст хайртай гэдгээ ямар ямар арга замаар илэрхийлдэг вэ?

Суралцагчдад тэдний дөнгөж тодорхойлсон зарчмын үнэн ба чухал ач холбогдлыг мэдрэхэд туслахын тулд нэг суралцагчийг Далын ахлагч Пол И.Коеликерийн хэлсэн дараах түүхийг чанга уншихад урь.

Зураг
Ахлагч Пол И.Коеликер

“Хоёр залуу номлогч захиасыг нь сонсох хэн нэгнийг олно хэмээн найдаж, нэгэн айлын хаалгыг тогшжээ. Хаалга онгойж, нэлээд том биетэй эр тийм ч нөхөрсөг бус өнгөөр, ‘Би та нарт хаалгыг маань ахиж битгий тогш гэж хэлсэн байх аа. Хэрвээ та нар эргэж ирвэл сайхан угтахгүй гэдгийг би анхааруулсан биз дээ. Одоо намайг тайван орхи’ гээд хаалгаа чанга хаажээ.

Ахлагчдыг тэндээс холдон явах зуур, ахлах буюу илүү туршлагатай номлогч нь хамтрагчаа тайвшруулан, зоригжуулахын тулд мөрөн дээр нь гараа тавьжээ. Өнөөх ууртай эр тэдэнд мэдэгдэлгүй, цонхоороо тэдний хойноос сэм харж байлаа. Өөрийг нь муухай аашилсан болохоор тэд араас нь дооглон тохуурхах байх гэж тэр бодсон байна. Гэтэл номлогчдын эелдэг харилцааг хараад, зүрх сэтгэл нь тэр даруй зөөлөрчээ. Тэрээр хаалгаа дахин нээн, эргэн ирж, захиасаа хуваалцахыг номлогчдоос хүссэн юм.

… Бие биенээ хайрлан, хэрхэн бодож, ярьж мөн үйлдэж байгаагаа Христ дээр төвлөрүүлэх чадвараа хөгжүүлэх зарчим нь Христийн шавь нар болохын гол үндэс юм” (“Тэр үнэхээр биднийг хайрладаг,” Ensign эсвэл 2012 оны 4 сарын Ерөнхий чуулган, 17).

  • Энэ түүхэнд дурдагдсан номлогчид бие биенээ хайрла гэсэн Их Эзэний зөвлөгөөг хэрхэн дагасан бэ?

Суралцагчдыг “Love One Another” (Hymns, д. 308) дууг дуулахад урьж мөн бусдыг хайрладгаа харуулдаг учраас Есүс Христийн шавь гэж амархан танигддаг хэн нэгний талаар бодохыг хүс. Дууг дуулсны дараа суралцагчдыг бодсон хүмүүсийнхээ нэрсийг хэлж, тэр хүмүүс бусдыг хайрлах хайраа ямар онцгой байдлаар харуулдаг гэдгийг тайлбарлахад урь. Ангийнхандаа бас өөрийнхөө бодсон хүний тухай ярьж өгөх талаар бодож үз.

Суралцагчдыг Аврагч тэднийг хайрласны адил бусдыг илүү их хайрлахын тулд юу хийнэ гэдгээ хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ бичихэд урь.

Петрийг Есүс Христийн төлөө амиа зориулна гэж тунхаглахад Есүс түүнийг тахиа донгодохоос өмнө Өөрийг нь гурван удаа үгүйсгэх болно хэмээн түүнд хэлсэн гэдгийг тайлбарлан, Иохан 13:36–38-ыг нэгтгэн дүгнэ.

Зураг
төгс эзэмших судрын шигтгээ зураг
Төгс эзэмших судрын давтлага

Суралцагчдыг судар дээрээс хэсгүүдийг хурдан олох дадлага хийхэд туслахын тулд тайлах түлхүүрийг ашиглан судрын хайлт хийхэд удирдан дагуул. Төгс эзэмших судрын картуудаас түлхүүр үгс, хам сэдвийн тайлбар, сургаал, зарчмууд мөн хэрэгжүүлэх санааг тайлах түлхүүр болгон ашиглаж болно. Мөн та өөрөө тайлах түлхүүр зохиож болно. Хэсгүүдийг уралдан олох судар хайх үйл ажиллагаанууд нь суралцагчдад төгс эзэмших судрын хэсгүүдийг идэвхтэй судлахад тусалж чадна. Төгс эзэмших судрыг судлахад туслах судар хайх үйл ажиллагааг хийхдээ бусдыг эсвэл Сүнсийг гомдоохгүй байх арга замаар хийгээрэй. Суралцагчдад судартаа хүндэтгэлгүй хандахаас эсвэл хэт улайрч өрсөлдөхөөс зайлсхийхэд тусал. Суралцагчдыг хоорондоо өрсөлдөхгүйгээр, оронд нь тодорхой шалгуурыг давахын төлөө уралдахад урих талаар бодож үз. Жишээлбэл, суралцагчид багшийн эсрэг уралдах эсвэл ангийн хэдэн хувь нь тогтоосон хугацаанд тодорхой төгс эзэмших судрыг олж чадах зэргийг мэдэхийн төлөө тэднийг уралдуулж болно.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Иохан 13:1–17. Аврагч шавь нарынхаа хөлийг угаав

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд, Аврагч шавь нарынхаа хөлийг угаасан нь шавь нараа хувиршгүй байдлаар хайрладгийг харуулсан болохыг тайлбарлан:

“Сүүлчийн зоогийн үеэр Христ чимээгүй босож, боол эсвэл үйлчлэгч шиг алчуураа бүслээд, төлөөлөгчдийн хөлийг угаахаар сөгдсөн юм” гэж хэлжээ (Жэффри Р.Холланд, “He Loved Them unto the End,” Ensign, 1989 оны 11-р сар, 25). (Иохан 13:3–17-г үзнэ үү.) Дөнгөж байгуулагдсан энэ хаант улсын итгэгчдийн энэ жижиг хүрээнийхэн хамгийн хүнд сорилттойгоо тулгарах гэж байсан тул Тэр улам бүр нэмэгдэж буй шаналлаа орхин, тэдэндээ дахиад нэг үйлчилж, хүчирхэгжүүлэхийг хүссэн. Түүний хөлийг хэн ч угаагаагүй нь хамаагүй байсан. Ер бусын даруу байдалд Тэр үргэлжлүүлэн тэднийг сургаж, ариусгасаар байлаа. Тэр эцсийн цаг мөч хүртэл мөн түүнээс ч цааш тэднийг дэмжин үйлчлэгч байсан юм” (“He Loved Them unto the End,” Ensign, 1989 оны 11-р сар, 25).

Иохан 13:4–12. Хөл угаах нь сайн мэдээний ёслол юм

Иосеф Смитийн Орчуулга шавь нарынхаа хөлийг угаах талаар дараах нэмэлт ойлголтыг өгсөн байдаг. Тухайлбал: ‘Эдүгээ энэ нь иудейчүүдийн хуулин доорх тэдний заншил байв; ийм болохоор уг хууль гүйцэлдэж болохын тулд Есүс үүнийг хийв’ (Иосеф Смитийн Орчуулга, Иохан 13:10 [Гурамсан судрын хавсралт]).

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконки:

“Үүний бүрэн бүтэн ач холбогдол нь хайнга уншигчдад тодорхой биш байдаг бөгөөд тийм байх ч шаардлагагүй юм, яагаад гэвэл хөл угаах ёслол ариун газарт хийвэл зохих, өөрсдийгөө зохистой болгосон хүмүүст зориулсан ариун ёслол юм. Мөн иудейчүүдэд өөрсдийнх нь ариун сүмд хийгддэг байсан ариун ёслолууд байсан гэдэг нь илэрхий, гэвч бидэнд дамжин ирсэн зохиол бичиглэлүүдэд тэдгээрийн талаарх мэдлэг хадгалагдаж үлдээгүй, үлдэх ч боломжгүй байсан” хэмээн заажээ (The Mortal Messiah, 4 боть [1979–1981], 4:38–39).

Анхааруулга: Ариун сүмд “өөрсдийгөө зохистой болгосон” хүмүүсийн үйлддэг хөл угаах ариун ёслолын талаарх ахлагч Макконкигийн мэдэгдлийн тухай илүү нарийн тодорхой ярих хэрэггүй. Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбаллын хэлсэн дараах анхааруулгыг санагтун:

“Заримдаа хүмүүс өөрсдийнх нь мэдлэг, үүрэг хариуцлагаас хэтэрсэн ёслолуудын талаар асууж, ярихыг оролддог. Хэрэв багш суралцагчдын амьдралын эсвэл туршлагын нэгэн хэсэг болоогүй зүйлүүдийн талаар—тухайлбал, сударт хөндөгдсөн зарим тодорхой адислал болон зөвхөн тодорхой нөхцөл байдалд тусгай эрх мэдэл бүхий хүмүүст өгөгдөж, хязгаарлагдсан байдаг боломжуудын талаар сонирхлыг нь төрүүлж, хэлэлцүүлэг өрнүүлбэл энэ нь суралцагчдад үйлчлэл биш, харин хор үзүүлж буй хэрэг юм. … Манай багш нарын хувьд эдгээр сэдвийг ярихгүй орхих нь гарцаагүй ухаалаг хэрэг болох бөгөөд тэд төдийгүй суралцагчид бас энэ талаар санаа зовохгүй байвал зохино” (“The Ordinances of the Gospel” [семинар болон шашны факультетийн институтэд хандаж хэлсэн үг, 1962 оны 6-р сарын 18], 2–3).

Иохан 13:17. “Хэрэв та нар эдгээрийг мэдэж, үйлдвэл ерөөлтэй”

Ерөнхийлөгч Томас С.Монсон бусдад үйлчилснээр аз жаргал ирдэг тухай:

“Жинхэнэ аз жаргалыг олохын тулд, бид үүнийг өөрсдөөсөө гадуур хайж олох ёстой. Өөрийнхөө аминч үзлийг хаяж, бусдад үйлчлэхэд өөрийгөө зориулаагүй хүн хэзээ ч амьдралын утга учрыг олоогүй байдаг. Бусдад үйлчлэх нь үүрэг хариуцлагатай бараг ижил бөгөөд үүнийг хэрэгжүүлэх нь баяр баясгаланг авчирдаг” гэж хэлсэн (“Guideposts for Life’s Journey” [Бригам Янгийн Их сургуулийн онцгой цугларалт дээр хэлсэн үг, 2007 оны 11-р сарын 13], 4, speeches.byu.edu).

Иохан 13:23. “Түүний шавь нарын нэг болох … хүн Есүсийн цээжийг налаад сууж байлаа”

“Шинэ Гэрээний үед албан ёсны зоогт ирсэн зочид ширээг тойруулж тавьсан намхан буйданг налан сууж, зүүн гар дээрээ түшиж, толгойгоо ширээ рүү, хөлөө ширээний эсрэг тал руу харуулдаг байсан. Тиймээс, гэрийн эзний баруун гар талд суусан зочин гэрийн эзнийг налаад суудаг байсан. Төлөөлөгч Иохан зоог дээр ‘Есүсийн цээжийг налаад’ сууж байсан эсвэл Есүсийг түшиж байсан бололтой (Лук 16:22-той харьцуул). Ингэж суусан нь ‘Есүсийн хайрласан хүн’ Иоханы хувьд Аврагчтай хамт зоогт ирсэн хүмүүст сонсогдохгүйгээр, тухайлбал Иудасын урвалтын талаар ярилцах боломжийг олгож байсан (Иохан 13:23–28-ыг үзнэ үү)” (Шинэ Гэрээний суралцагчийн гарын авлага [Сүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2014], 242).

Иохан 13:34–35. “Бие биеэ хайрлагтун”

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жозеф Б.Вөртлин хайрын болон шавь байхын ач холбогдлын тухай:

“Хайр бол шавь байх замналын эхэн, дунд, төгсгөлийн үе юм. … Эцэст нь хайр мөнх амьдралын алдар суу болон сүр жавхланд хүргэдэг. …

Есүс шавь нартаа ‘би та нарыг яаж хайрласны адил та нар мөн бие биеэ хайрлагтун’ [Иохан 13:34] гэсэн шинэ зарлиг өгөхдөө тэдэнд энэ амьдралдаа аз жаргалтай байх, дараагийн амьдралдаа алдар сууд хүрэх агуу түлхүүрийг өгсөн юм.

Хайр бол бүх зарлиг тушаалаас хамгийн агуу нь бөгөөд бусад нь үүн дээр тогтдог. Энэ нь амьд Христийн шавь нарын хувьд бидний анхаарлаа төвлөрүүлж байвал зохих зүйл юм” гэж заажээ (“The Great Commandment,” Ensign эсвэл Liahona, 2007 оны 11-р сар, 28–29, 30–31).

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч М.Рассэлл Баллард Иохан 13:34–35-аас эш татсаныхаа дараа

“Аврагчийн дурдсан хайр бол идэвхтэй хайр юм. Энэ нь том, баатарлаг үйлсээр илэрдэггүй, харин сайхан сэтгэл, үйлчлэлийн энгийн үйлдлээр илэрдэг юм” гэж заасан (“Хайрын үйлчлэлээр баяр баясгаланг олох нь,” Ensign эсвэл 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 48).

Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф:

“Хайр бол Христийн шавийн үндсэн гол шинж чанар юм” гэж хэлжээ (“Бурханы хайр,” Ensign эсвэл 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 23).