39-р хичээл
Марк 9:1–29
Оршил
Петр, Иаков, Иохан нарын өмнө Есүс хувиргагдав. Тэгээд Тэрээр Мессиагийн замыг бэлтгэх ёстой Елиагийн буюу Иохан Баптистын үүргийн тухай тэдэнд заав. Аврагчийг бусад шавь дээрээ ирсний дараа нэгэн хүн Түүнээс бузар сүнсийг хүүгээсээ зайлуулж өгөхийг гуйжээ. Есүс бузар сүнсийг зайлуулсны дараа залбирах, мацаг барих хэрэгцээний тухай шавь нартаа заажээ.
Заах зөвлөмж
Марк 9:1–13
Есүс Петр, Иаков, Иохан нарын өмнө хувираад, Елиагийн тухай заав
Цөөн суралцагчийг самбарын өмнө сайн дураараа гарч ирээд, бие махбодын хүч чадлыг нэмэгдүүлдэг нэгэн үйл ажиллагааг товч харуулахад урь.
-
Яагаад хүмүүс бие махбодын хүч чадлаа нэмэгдүүлэх шаардлагатай байдаг эсвэл нэмэгдүүлэхийг хүсдэг вэ?
-
Бие махбодын хүч чадлыг сүнслэг хүч чадалтай эсвэл Есүс Христэд итгэх итгэлтэй хэрхэн адилтгаж болох вэ?
-
Есүс Христэд итгэх итгэл маань соригддог мөн хүчирхэгжих онцгой хэрэгцээтэй болдог ямар ямар нөхцөл байдал байдаг вэ? (Суралцагчдын хариултыг самбар дээр бич.)
Суралцагчдыг Марк 9:1–29-ийг судалж байхдаа тэдэнд Есүс Христэд итгэх итгэлээ хүчирхэгжүүлэхэд туслах үнэнийг олж мэдэхэд урь.
Хувиралтын уулан дээр Есүсийн Петр, Иаков, Иохан нарын өмнө хувирсан түүхийг агуулдаг гэдгийг тайлбарлан, Марк 9:1–13-ыг нэгтгэн дүгнэ. Мөн энэ судрын хэсэг нь Есүс Иохан Баптистыг Елиагийн бошиглогдсон үүргийг гүйцэтгэж, Аврагчийг ирэхэд зориулан замыг бэлтгэсэн хэмээн эдгээр төлөөлөгчид заасан тухай тайлбарладаг (Иосеф Смитийн Орчуулга, Марк 9:10 [Марк 9:12, зүүлт тайлбар a]).
Марк 9:14–29
Есүс нэг хүний хүүгээс бузар сүнсийг зайлуулав
Нэг суралцагчийг Марк 9:14–15-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Аврагчийг бусад шавь дээрээ уулнаас буун ирэх үед үүссэн нөхцөл байдлыг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.
Нэг суралцагчийг Аврагчийн үгсийг, өөр нэг суралцагчийг Марк 9:16–24 дээрх хүүгийн эцгийн үгсийг уншихад урь (та эдгээр хэсгийг хичээл эхлэхээс өмнө оноож өгч болох ба эдгээр суралцагчийг оноогдсон мөрүүдийг олоход урьж болно). Өөрөө өгүүлэгчийн дүрд тоглох эсвэл гурав дахь суралцагчийг үүнд тоглоход урих талаар бодож үз. Урьдаас томилсон суралцагчдаас Марк 9:16–18 дээрх өөрсдийн хэсгийг чанга уншихыг хүс. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, хүүгийн эцэг Аврагчийн шавь нараас юу хүссэн болохыг олж мэдэхийг хүс.
-
Энэ эцэг хүүгийнхээ төлөө юу хүссэн бэ? (Та хэлгүй, дүлий болгодог мөн өөр хор хөнөөл учруулдаг бузар сүнс хүүд шүглэсэн байсан гэдгийг тайлбарлаж болно [Марк 9:17, 25-ыг үзнэ үү]. Бузар сүнс хүүг эзэмдэх үед хүү татвалзаж, амнаасаа хөөс сахруулан, шүдээ хавирч, бие нь хөшчихдөг байжээ.)
Суралцагчдаас энэ эцгийн оронд өөрсдийгөө тавьж, шавь нар хүүг эдгээж чадаагүй үед Аврагчид болон Түүний хүчинд итгэх итгэлд нь ямар өөрчлөлт гарах байсныг тунгаан бодохыг хүс.
Урьдаас томилсон суралцагчдыг Марк 9:19–22 дээрх өөрсдийн хэсгийг үргэлжлүүлэн чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, энэ эцэг Аврагчтай ярилцах үедээ юу мэдэрснийг олж мэдэхийг хүс.
-
Энэ эцэг Аврагчтай ярилцахдаа юу мэдэрч байсан гэж та нар бодож байна вэ?
Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын хэлсэн дараах үгийг чанга уншихад урь. Ангийнхнаас ахлагч Холланд энэ аавын мэдрэмж, гуйлтын талаар бидний ойлголтыг нэмэгдүүлэх юу хэлснийг олж мэдэхийг хүс.
“Өөр найдах юу ч үгүй болсон тэрхүү эцэг өөртөө байгаа итгэлээ харуулан, дэлхийн Аврагчид хандан ‘Хэрэв Та юуг ч хийж чаддаг юм бол биднийг өрөвдөж туслаач’ хэмээн гуйж байна [Марк 9:22; налуу бичилт нэмэгдсэн]. Би энэ үгсийг нулимс гаргахгүйгээр уншиж чаддаггүй юм. Биднийг гэх төлөөний үгийг зориуд хэрэглэсэн нь маш тодорхой байна. Үнэн хэрэгтээ энэ хүн ‘Гэр бүлийнхэн маань бүгдээрээ гуйж байна. Бидний зовлон ерөөсөө дуусахгүй юм аа. Бид бүр цөхрөөд байна. Хүү маань гал, усанд унаж, байнга л аюулд өртөж, бид ч үргэлжид айдастай байдаг. Бид өөр хэнд хандахаа мэдэхгүй байна. Та бидэнд тусалж чадах уу? Үр дүн нь ямар ч байсан хамаагүй, бага ч гэсэн адислал, өчүүхэн ч болов найдвар, хүүгийн эхийн өдөр бүр үүрдэг хүнд дарамтыг бага ч болов хөнгөлж л байвал бид маш их талархах болно’ хэмээн гуйж байна” (“Эзэн минь, би итгэж байна,” Ensign эсвэл 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 108).
Аврагчийн хэсгийг оноож өгсөн суралцагчийг Марк 9:23-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Аврагч энэ эцэгт юу заасныг олж мэдэхийг хүс.
-
Уг эцэг хэнд итгэх хэрэгтэй байсан бэ?
-
Аврагч энэ эцэгт ямар зарчим заасан бэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Хэрэв бид Есүс Христэд итгэвэл, бүх зүйл бидэнд боломжтой байх болно гэсэн үнэнийг олж тогтоосон эсэхийг бататга. Та суралцагчдад 23-р шүлгээс энэ зарчмыг зааж буй үгсийг тэмдэглэхийг санал болгож болно.)
“Бүх зүйл” гэдэг нь Бурханы хүсэл, зорилго, цаг хугацааны дагуу ирэх бүх зөв шударга адислалыг хэлж байгааг онцол.
-
Энэ зарчимд итгэх нь даван гарах боломжгүй мэт хэцүү бэрхшээлийг туулж байгаа хэн нэгэнд хэрхэн туслах вэ?
Эцгийн хэсгийг оноож өгсөн суралцагчийг Марк 9:24-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Аврагчийн заасан зарчимд эцэг хэрхэн хариулсныг олж мэдэхийг хүс.
-
Та нар тухайн үед уг эцгийн үзүүлсэн итгэлийг хэрхэн дүрслэх вэ?
Суралцагчдаас уг эцгийн хариултын хоёр хэсгийг анхаарахыг хүс. Нэг суралцагчийг ахлагч Жэффри Р.Холландын хэлсэн дараах үгийг чанга уншихад урь. Ангийнхнаас эцгийн хэлсэн зүйл “итгэлгүй” эсвэл эргэлзээ, айдастай үед бидний хийж болох юуг харуулж байгааг олж мэдэхийг хүс.
“Итгэл нь соригдох цагт тэр эцэг эхлээд өөрийн хүчирхэг талыг үзүүлээд, дараа нь дутагдлаа хүлээн зөвшөөрдөг. ‘Их Эзэн, би итгэж байна’ гэх түүний анхны үгс баттай бөгөөд эргэлзээгүй байна. Итгэлээ нэмэхийг хүсэж буй хэн боловч энэ хүнийг бүү мартаг! Айдаст автаж, эргэлзээнд идүүлж эсвэл хүнд хүчир цаг үетэй тулгарахдаа олж авсан итгэлээ бүү алд. Тэр итгэл тань хэчнээн хязгаарлагдмал бага байсан ч хамаагүй. Энэ мөнх бус амьдралд хөгжиж дэвшихийн тулд энэ хүүд тохиолдсон зовлон эсвэл энэ эцгийн мэдэрсэн шиг шаналлыг бид бүхэн мөн туулж, мэдрэх хэрэгтэй байдаг. Ийм зүйл тохиолдон, асуудал үүсэж, яаж шийдвэрлэгдэх нь тодорхой бус байх үед олж авсан итгэлээсээ зууран, илүү их мэдлэг иртэл тэвчээртэй байцгаа” (“Эзэн минь, би итгэж байна,” 108).
-
Бид итгэлгүй үедээ юу хийж болох талаар энэ эцгээс ямар сургамж авч болох вэ? (Суралцагчдыг хариулсны дараа Хэрэв бид итгэдэг зүйлээсээ зууран баривал … гэсэн гүйцэд бус өгүүлбэрийг самбар дээр бич.)
-
Бид 24-р шүлэг дэх уг эцгийн хэлсэн үгийн өөр нэг хэсгээс итгэлгүй байдлыг даван гарах тухай ямар сургамж авч болох вэ? (Суралцагчдыг хариулсны дараа самбар дээрх өгүүлбэр дээр мөн Их Эзэний тусламжийг эрэлхийлбэл … гэсэн үгсийг нэмж бич.)
Нэг суралцагчийг Марк 9:25–27-г чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Аврагч уг эцгийн гуйлтын хариуд юу хийж өгснийг олж мэдэхийг хүс.
-
Аврагч уг эцгийн гуйлтын хариуд юу хийж өгсөн бэ?
-
Та нар энэ түүхээс сурсан зүйл дээрээ үндэслээд, самбар дээрх өгүүлбэрийг хэрхэн гүйцээж бичих вэ? (Суралцагчдыг хариулсны дараа Хэрэв бид итгэдэг зүйлээсээ зууран баривал мөн Их Эзэний тусламжийг эрэлхийлбэл Тэрээр бидэнд итгэлээ хүчирхэгжүүлэхэд туслах болно гэсэн зарчмыг гаргахын тулд самбар дээрх өгүүлбэрийг гүйцээж бич.)
Хичээлийн эхэнд ярилцаж байсан болон самбар дээр жагсаан бичсэн нөхцөл байдлуудыг дурд.
-
Энэ зарчмыг иймэрхүү нөхцөл байдлуудад хэрхэн ашиглах вэ?
-
Хэзээ та эсвэл таны таньдаг хэн нэгэн итгэдэг зүйлээсээ зууран барьж, Их Эзэний тусламжийг эрэлхийлснээр итгэлгүй байгаа үедээ Их Эзэний тусламжийг хүлээн авч байсан бэ? (Та мөн өөрийнхөө туршлагыг хуваалцаж болно.)
Суралцагчдыг итгэлгүй байгаа үедээ энэ зарчмыг хэрэгжүүлэхэд урамшуулан дэмж.
Энэ эцэг эхлээд хүүгээ эдгээлгэхээр Есүсийн шавь нарт авчирсан гэдгийг суралцагчдад сануул. Суралцагчдыг өөрсдийгөө тэр шавь нарын оронд тавихад урь.
-
Та нар хүүгээс бузар сүнсийг гаргаж чадаагүйнхээ дараа юу бодож эсвэл мэдрэх байсан бэ?
Нэг суралцагчийг Марк 9:28-ыг чанга уншихад уриад, ангийнхнаас шавь нарын Есүст тавьсан асуултыг олж мэдэхийг хүс.
-
Шавь нар нь Есүсээс юу гэж асуусан бэ?
Суралцагчдаас Марк 9:19-ийг дахин уншаад, Аврагч тэнд байсан шавь нараа мөн хүмүүсийг хэрхэн дүрсэлж хэлснийг олж мэдэхийг хүс. (Тэд “итгэлгүй” байсан.) Энд гарч байгаа итгэлгүй гэдэг үг нь Есүс Христэд итгэх итгэлээр дутагдсан хэмээн хэлж байгааг тайлбарла. Санваарын адислалуудыг үр нөлөөтэй байлгахын тулд Есүс Христэд итгэх итгэл шаардлагатай.
Нэг суралцагчийг Марк 9:29-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Аврагчийн шавь нарынхаа асуултад өгсөн хариултыг олж мэдэхийг хүс.
-
Аврагч шавь нартаа юу гэж заасан бэ?
-
Залбирч, мацаг барих нь хүний итгэлд хэрхэн нөлөөлдөг вэ? (Суралцагчдыг хариулсны дараа Бид залбирч, мацаг барьснаар Есүс Христэд итгэх итгэлээ нэмэгдүүлж чадна гэсэн үнэнийг ойлгоход тэдэнд тусал: )
Нэг суралцагчийг Итгэлдээ үнэнч байх нь товхимол дээрх дараах өгүүлбэрийг чанга уншихад урь. Ангийнхнаас энэ үнэнийг хэрэгжүүлж болох өөр өөр нөхцөл байдлыг олж сонсохыг хүс.
“[Есүсийн нэгэн хүний хүүгээс бузар сүнсийг зайлуулж байгаа] энэхүү шастир нь залбирах, мацаг барих нь санваарын адислал өгч байгаа болон хүлээн авч байгаа хүмүүст нэмэлт хүч чадал өгдөг гэдгийг зааж байна. Энэхүү шастирыг сайн мэдээгээр амьдрах хувийн идэвх чармайлтандаа хамруулж болно. Хэрэв танд даван туулахаар тэмцэлдэж байгаа алдаа дутагдал юм уу нүгэл байвал та хүсэж байгаа уучлал эсвэл тусламжийг хүлээн авахын тулд залбирч, мацаг барих хэрэгтэй болно. Таны бэрхшээл Христийн хөөн зайлуулсан чөтгөртэй адил, зөвхөн залбирах хийгээд мацаг барих үед л арилах болно” (Итгэлдээ үнэнч байх нь: Судрын заалт [2004], 121).
-
Энэ хэсэгт дурдсанчлан, энэ үнэнийг хэрэгжүүлж болох ямар ямар нөхцөл байдал байдаг вэ?
-
Залбирч, мацаг барих нь хэзээ Христэд итгэх итгэлийг тань нэмэгдүүлж, хайж байсан зөв шударга адислалуудаа хүлээн авах боломжийг та нарт олгож байсан бэ?
Залбирч, мацаг барьснаар Есүс Христэд итгэх итгэлээ нэмэгдүүлснээр олж авч болох, өөрийнхөө эсвэл бусдын төлөө хүлээн авахыг хүсэж байгаа адислалуудаа тунгаан бодохыг суралцагчдаас хүс. Тэднийг дараагийн мацгийн ням гарагт эдгээр адислалын төлөө залбирч, мацаг барих зорилго тавин, зорилгоо бичиж авахад урь.
Төгс эзэмших судрын давтлага
Суралцагчдын мэдэхгүй байж болох зарим төгс эзэмших судрын хэсгийг түрүүлэн үзэх талаар бодож үз. Тэднийг тэдгээр хэсгийг уншиж, тэмдэглэж авахад урь. Та суралцагч бүрд шинэ төгс эзэмших судрын хэсгийг даалган өгч эсвэл хоёр суралцагчид өгөөд, тэднээс судрын хэсгүүд дээрх үнэнийг харуулах зургийг цаасан дээр зурахыг хүсэж болно. Тэднийг ангийнханд зургаа тайлбарлан өгөхөд урь. Та дараа эргэн үзэхийн тулд уг зургуудыг ил тавьж болно.
(Тэмдэглэл: Та хэдий хэр цаг байгааг анхаарч үзээд, энэ үйл ажиллагааг хичээлийн эхэнд эсвэл төгсгөлд хийж болно.)