122-р хичээл
Ефес 4
Оршил
Паул Их Эзэнийг гэгээнтнүүдийг төгөлдөржүүлж, нэгтгэхийн тулд Өөрийн Сүмийг байгуулж, удирдагчдыг дууддаг гэж заасан. Тэрээр Сүмийн гишүүдийг хуучин арга барилаа хойш тавьж, үнэн гэж мэддэг зүйлийнхээ дагуу амьдрахад урамшуулсан.
Заах зөвлөмж
Ефес 4:1–16
Паул Есүс Христийн Сүмийн ач холбогдлын талаар заадаг
Суралцагчдыг дараах хоёр хувилбарыг тунгаан бодоход урь.
-
Сургууль дээр танай багш ангийнхнаасаа маргаантай асуудлын талаар үзэл бодлоо хуваалцахыг хүсжээ. Суралцагчид өөр өөрсдийн санал бодлыг илэрхийлэхэд тэдний ихэнх нь Сүмийн сургаалтай нийцэхгүй ямар нэгэн байр суурийг дэмждэг болохыг та анзаарав.
-
Танай улсын хууль тогтоогчид Сүмийн удирдагчдын буруу хэмээн заасан тэрхүү зан байдлыг хуульчилжээ.
-
Эдгээртэй төстэй нөхцөл байдлууд яагаад Сүмийн гишүүдэд хэцүү байх магадлалтай вэ?
Суралцагчдыг Ефес 4:1–16-г судалж байхдаа өөрчлөгдөн хувирч байдаг хэм хэмжээ, итгэл үнэмшлийн дэлхийд юу нь зөв, юу нь буруу болохыг бид хэрхэн мэдэж болох талаарх үнэнийг олж мэдэхэд урь.
Паул энэхүү захидлаа Сүмийн шинэ гишүүдэд хандан бичсэн байх магадлалтайг суралцагчдад сануулж хэл. Нэг суралцагчийг Ефес 4:1–6-г чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Паул Сүм, Сүмийн сургаалын талаар юу заасныг олж мэдэхийг хүс.
-
Паул Сүм, Сүмийн сургаалын талаар юу заасан бэ?
-
Паул “нэг Эзэн, нэг итгэл, [мөн] нэг баптисм” байдаг гэж заахдаа ямар утгатай хэлсэн гэж та нар бодож байна вэ? (5-р шүлэг). (Паулын үед мөн бидний үед дэлхий дээр Есүс Христийн цорын ганц үнэн Сүм байдаг [С ба Г 1:30-ийг үзнэ үү].)
Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан бид бүгдэд Түүний ач ивээлийн бэлэг өгөгдсөн хэмээн Паулын заасныг тайлбарлан, Ефес 4:7–10-ыг нэгтгэн дүгнэ. Тэрээр мөн Христ бусад бэлгийг хүн төрөлхтөнд өгсөн гэж заасан.
Нэг суралцагчийг Ефес 4:11-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Их Эзэн Сүмд юу өгснийг олж мэдэхийг хүс. Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ тайлагнахад урь.
-
Их Эзэн Сүмд юу өгсөн бэ?
Өнөө үед Сүмд буй санваарын албадын нэршил Паулын үед хэрэглэгддэг байсан нэршлүүдтэй адилгүй бөгөөд Сүмд эхэндээ өнөөдөр Сүмд байгаа шиг бүх дуудлага байдаггүй байсан байж болохыг тайлбарла. Тухайлбал, Иосеф Смит “сайн мэдээг тунхаглагч бол патриарх” гэж заасан (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит (2007),159-ийг үзнэ үү). Мөн пастор бол хоньчин буюу сүргээ удирддаг нэгэн гэсэн нь орчин цагийн бишоп болон салбар, дүүрэг, гадасны ерөнхийлөгчийн тодорхойлолттой таарч байна.
Их Эзэн төлөөлөгч, бошиглогч, Сүмийн бусад удирдагчийг … туслуулахаар дууддаг гэсэн гүйцэд бус өгүүлбэрийг самбарт бич.
Нэг суралцагчийг Ефес 4:12–13-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Их Эзэн яагаад Сүмд төлөөлөгч, бошиглогч, бусад удирдагчийг өгсөн болохыг олж мэдэхийг хүс.
-
Их Эзэн ямар зорилгоор төлөөлөгч, бошиглогч, Сүмийн удирдагчдыг Өөрийн Сүмд өгсөн бэ? (Самбар дээрх жагсаалтад Гэгээнтнүүдийг төгөлдөржүүлэхэд гэж нэмж бич.)
-
Ямар арга замаар төлөөлөгч, бошиглогчид болон Сүмийн бусад удирдагч биднийг төгөлдөржүүлэхэд тусалдаг вэ?
Нэг суралцагчийг Ефес 4:14-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Их Эзэн яагаад Сүмд төлөөлөгчид, бошиглогч, бусад удирдагчийг өгсөн байж болох өөр нэг шалтгааныг олж мэдэхийг хүс.
-
Их Эзэн өөр ямар шалтгаанаар эдгээр удирдагчийг Сүмийн гишүүдэд өгсөн бэ? (Самбарт хуурамч сургаалаас хамгаалахаар гэж нэмж бичихэд Их Эзэн төлөөлөгч, бошиглогч, Сүмийн бусад удирдагчийг гэгээнтнүүдийг төгөлдөржүүлэхэд туслуулахаар мөн тэднийг хуурамч сургаалаас хамгаалахаар дууддаг гэсэн үнэн бий болно.)
Суралцагчдыг 14-р шүлэгт гарч буй дүрслэлийг ойлгоход нь туслахын тулд ширүүн урсгалтай усанд байгаа завины зураг үзүүл. Та ширүүн урсгалтай усанд буй завины зураг үзүүлэхийн оронд өөрөө самбарт зур эсвэл өөр нэг суралцагчаар зуруул.
-
Хүчтэй шуурганаар усанд шидэгдэн буй завинд юу тохиолдох вэ?
Хичээлийн эхэнд ярилцаж байсан хувилбарууд руу эргэн очъё.
-
Ширүүн урсгалтай усанд буй завь нь хуурамч сургаал болон олон нийтийн үзэл бодлын өөрчлөлтийн салхины “давалгаанд энд тэнд шидэгдэн” (14-р шүлэг) буй нэгэнтэй хэрхэн харьцуулагдаж болох вэ?
-
Төлөөлөгч, бошиглогч, Сүмийн бусад удирдагч Бурханы дагалдагчдыг ийм ширүүн усаар аялж, Тэнгэрлэг Эцэгт эсэн мэнд эргэн очиход нь хэрхэн тусалдаг вэ?
Дараах Сүмийн дуудлагуудыг самбарт бич. Үүнд: төлөөлөгч, бошиглогч, патриарх, бишопууд болон багш нар Суралцагчдыг эдгээр дуудлагаас хоёрыг сонгоод, тэрхүү дуудлагатай удирдагч тэднийг хуурамч сургаалаас болон хууран мэхлэлтээс хамгаалахад хэрхэн тусалсан талаар хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ бичихэд урь. Тэдэнд хангалттай цаг өгсний дараа цөөн суралцагчаас бичсэн туршлагаасаа нэгийг хуваалцахыг хүс.
Нэг суралцагчийг Ефес 4:15–16-г чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, манай Сүмийн удирдагчдын бидэнд сайн мэдээний үнэнийг заах ёстой арга замыг олж мэдэхийг хүс.
-
Манай Сүмийн удирдагчид бидэнд сайн мэдээний үнэнийг хэрхэн заах ёстой вэ?
Ефес 4:17–32
Паул гэгээнтнүүдийг хуучин хүнээ тайлж, Есүс Христээр шинэ болохыг уриалдаг.
Ангид жирийн нэг хүрэм авчир (элэгдэж хуучирсан байвал сайн). Мөн хэрэв боломжтой бол гоёлд өмсөхөд тохиромжтой хүрэм авчир. (Хүрэмний оронд энгийн болон гоёлын цамц ч авчирч болно. Хоёр цамц нь суралцагч хувцсан дээрээ давхарлан өмсөж болохоор том хэмжээтэй байх ёстой.) Нэг суралцагчийг ангийн өмнө гарч, энгийн хүрэм өмсөхийг хүс. Суралцагчаас хүрмээ ангийнхандаа үзүүлэхийг хүс. Дараа нь түүнээс энгийн хүрмээ тайлж, гоёлын хүрэм өмсөөд ангийнхандаа үзүүлэхийг хүс. Тухайн суралцагчид талархаад, түүнийг хүрмээ тайлж, суудалдаа суухад урь.
-
Энэ хоёр хүрэмний алийг нь ёслолын арга хэмжээнд өмсвөл илүү тохиромжтой байх вэ?
Суралцагчдад Паул Сүмийн шинэ хөрвөгчдөд хандан бичсэн байх магадлалтайг сануул. Суралцагчдыг Ефес 4:17–32-ыг судалж байхдаа Паул энэ шинээр хөрвөгчдөд Есүс Христийн шавь нарын хувьд тэд юу хийх ёстойг заахдаа ямар нэгэн зүйлийг тайлаад, өөр зүйлийг өмсөх тухай зүйрлэлийг хэрхэн ашигласан талаар олж мэдэхийг хүс.
Нэг суралцагчийг Ефес 4:17–20-ийг чанга уншихад урь. Ангийнхныг шүлгүүдийг дагаж уншаад, Сүмд нэгдээгүй харийнхны сүнслэг байдлыг дүрслэн харуулсан үг, хэллэгүүдийг олж мэдэхэд урь.
-
Паул бусад харийн хүний сүнслэг байдлыг хэрхэн дүрслэн хэлсэн бэ?
-
Паул бусад харийнхан ийм сүнслэг байдалд байх болсны шалтгааныг юу гэж хэлсэн бэ?
Нэг суралцагчийг Ефес 4:21–24-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж хараад, Сүмийн гишүүнийг бусад хүнээс өөр болоход нь юу тусалсныг олж мэдэхийг хүс.
-
21-р шүлэгт цэдэглэснээр, Сүмийн гишүүдийг бусад хүнээс өөр болоход юу тусалсан бэ?
Хоёр хүрэм өмссөн суралцагчийн талаар ангийнханд сануулж, түүнээс гоёлын хүрэм өмсөхөөсөө өмнө юу хийх ёстой байсныг асуу.
-
Паул Сүмийн гишүүдийг юугаа “тайл” гэж хэлсэн бэ? (22-р шүлэг). (Та суралцагчдад хэв маяг гэдгийг тухайн хүний биеэ авч явах байдал гэж орчуулдгийг сануулж болно.)
-
“Шинэ хүнийг өмс” гэдэг нь юу гэсэн утгатай вэ? (24-р шүлэг). (Сүнслэг байдлын хувьд дахин төрөх [Moзая 27:25-ыг үзнэ үү] ба Есүс Христийн сайн мэдээний дагуу өдөр бүр хичээнгүйлэн амьдрахыг хэлнэ.)
-
Их Эзэний дагалдагч байх талаар бид эдгээр шүлгээс ямар үнэнийг мэдэж авч болох вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Есүс Христийн шавь нар хуучин хүнээ тайлж, нүгэлт байдлаа хойш тавин, шинэ, зөвт байдлыг өмсдөг гэсэн зарчмыг олж тогтоосон эсэхийг бататга.)
Суралцагчдыг дараах хүснэгтийг хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ хуулж зурахад урь.
Хуучин хүн |
Шинэ хүн |
---|---|
Суралцагчдыг хос болгон хуваарил. Нэг суралцагчийг Ефес 4:25–32-ыг чанга уншихад урь. Тэднийг үүнийг уншиж байх үедээ хүснэгтээ бөглөн, “Хуучин хүн” хэсэгт Есүс Христийн шавь нарын “хойш тавих” (22-р шүлэг) буюу “зайлах” ёстой зүйлсийг (31-р шүлэг) болон Есүс Христийн шавь нарын “өмсөх” ёстой зүйлсийг “Шинэ хүн” (24-р шүлэг) хэсэгт жагсаан бичихийг хүс. Зүүлт тайлбар a-д байгаа Ефес 4:26-ийн Иосеф Смитийн Орчуулгыг цохон тэмдэглэ.
Хангалттай цаг өгсний дараа хос бүрийг Паулын дүрсэлсний дагуу өөрийн нүгэлт байдлыг хойш тавиагүй байж болох хэн нэгний зан байдлыг харуулсан үзэгдлийг бодож олоход урь. Мөн хос бүрийг тухайн хүн Христэд ирж, шинэ хүн болсноороо хэрхэн үйлдэж болохыг харуулсан үзэгдлийг бодож олоход урь. Суралцагчдад бэлтгэх хангалттай цаг өгсний дараа нэг хосыг ангийн өмнө гарч жүжигчлэн тоглоход урь. Хэдэн хосыг хуваалцсаны дараа доорх асуултуудыг тавь.
-
Үнэнийг мэддэг Сүмийн гишүүн хэрнээ түүнийхээ дагуу амьдардаггүй хүн сайхан арга хэмжээнд уригдсан ч тохиромжтой хувцаслаагүй хүнтэй хэрхэн адил төстэй байж болох вэ?
-
Хуучин, нүгэлт байдлаа хойш тавьж, Христийн шавь болон шинэ хүн болохыг хичээхэд бидэнд ямар ямар асуудал тулгарч болох вэ?
-
Хуучин байдлаа хойш тавьж, Есүс Христийг бүрэн дүүрэн дагах нь үргэлжилсэн үйл явц бөгөөд нэг удаагийн үйл явдал биш гэдгийг санах нь Сүмийн гишүүдийн хувьд яагаад чухал вэ?
Олон хүний хувьд зөв шударгын шинэ байдлыг өмсөх нь арай илүү сайхан сэтгэлтэй эсвэл тэвчээртэй байх, арай илүү сайнаар зарлигуудыг сахих эсвэл амьдралаасаа муу зуршлаа хасах гээд бага бага өөрчлөлт хийхтэй адил энгийн зүйл байдаг.
Хуучин, нүгэлт байдлаа хойш тавьж, зөв шударгын шинэ байдлыг өмсөхийн ач холбогдлын талаар гэрчил. Суралцагчдыг хуучин байдлаа хойш тавьж, Есүс Христийг бүрэн дүүрэн дагахын тулд өнөөдөр хийж болох нэг зүйлээ бичихэд урь. Бичсэн зүйлийнхээ дагуу үйлдэхэд тэднийг урамшуулан дэмж.
Төгс эзэмших судар—Ефес 4:11–14
Суралцагчдыг Ефес 4:11–14-т заасан сургаалыг тайлбарлахад туслахын тулд хамтрагчдаа Ефес 4:11–14-т байгаа Паулын заасан зүйлсийг ашиглан, Их Эзэний Өөрийн Сүмийг байгуулж, үйлчлэх удирдагчдыг дуудсан шалтгааны талаар тайлбарлахад урь. Тэгээд суралцагчдыг зохион байгуулагдсан Сүм хэрэггүй хэмээн итгэдэг найздаа туслахын тулд Ефес 4:11–14-т байгаа сургаалыг хэрхэн ашиглаж болохыг тайлбарлахад урь.