69-р хичээл
Иохан 9
Оршил
Есүс төрөлхийн сохор хүнийг эдгээсэн. Фарисайчууд тэр хүнийг байцаасан бөгөөд Есүсийг амралтын өдөр хүн эдгээсэнд нүгэлтэн хэмээн буруутгахаас татгалзсаных нь төлөө түүнийг синагогоос хөөн гаргажээ. Аврагч тэр хүнийг хайж олсон бөгөөд тэр хүн Есүсийг Бурханы Хүү мөн хэмээн шүтэн бишрэв.
Заах зөвлөмж
Иохан 9:1–7
Есүс төрөлхийн сохор хүнийг эдгээв
Ангид саад, бэрхшээлтэй тулгарсан хүний тухай хэвлэлд гарсан мэдээ, нийтлэл авчирна уу. Суралцагчдад хэвлэлд нийтэлсэн тухайн материалын агуулгыг товч ярьж өг эсвэл гарчгийг самбар дээр бич.
-
Та саад, бэрхшээлтэй тулгарсан хүмүүсийн тухай өөр ямар жишээ мэдэх вэ?
Бурхан яагаад тэдний амьдралыг орвонгоор нь эргүүлэх хүнд сорилт, бэрхшээл өгдөг талаар зарим хүн гайхдгийг онцлон хэл.
Суралцагчдыг Иохан 9:1–5-ыг судалж байхдаа Бурхан яагаад бидний амьдралд сорилт, бэрхшээл тулгарахыг зөвшөөрдөг тухай илүү сайн ойлгоход туслах үнэнийг олж мэдэхэд урь.
Нэг суралцагчийг Иохан 9:1–2-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, тэр хүн ямар сорилт, бэрхшээлтэй тулгарсан байсныг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.
-
2-р шүлэгт цэдэглэснээр, тэр хүний сорилт, бэрхшээлийн шалтгааны талаар шавь нар юу гэж асуусан бэ?
Манай үеийн зарим хүнтэй адил Аврагчийн өдрүүдэд ч бас олон хүн сорилт, бэрхшээл бол өөрсдийнх нь буюу эцэг эхчүүдийнх нь үйлдсэн гэм нүгэлт үйлийн үр хэмээн үздэг байсан гэдгийг тайлбарла. (Шавь нарынх нь асуулт мөнх бус байдлын өмнөх оршихуйн бодит байдлыг тусгасан байсан гэдгийг онцлон хэл.)
-
Та нар ингэж итгэх нь зөв байсан гэж бодож байна уу? Яагаад тийм эсвэл яагаад үгүй гэж?
Нэг суралцагчийг Иохан 9:3–5-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, энэ хүний сохор байдлын талаар Аврагч юу гэж заасныг олж мэдэхийг хүс.
-
“Бурханы ажлуудыг түүгээр харуулахын тулд юм” хэмээн хэлснийг та нар ямар утгатай гэж бодож байна вэ? (3-р шүлэг).
-
Эдгээр шүлэгт буй Аврагчийн сургаалаас авч үзвэл, бидэнд тулгарсан сорилт бэрхшээлийн талаар ямар үнэнийг олж мэдэж болох вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Бурхан Өөрийн ажил, хүч чадлыг харуулахаар бидэнд тулгарсан сорилт, бэрхшээлийг ашиглаж болно гэсэнтэй адил үнэнийг олж тогтоосон эсэхийг бататга.)
Бидний амьдралд тулгарч буй сорилт, бэрхшээл нь янз бүрийн шалтгаантай байж болох ч Бурхан бидэнд тулгарсан сорилтыг Өөрийнхөө зөв шударга зорилгыг гүйцэлдүүлэхэд туслуулахаар ашиглаж болно.
Суралцагчдыг урьд өмнө учирч байсан эсвэл одоо учраад байгаа сорилт, бэрхшээлийнхээ тухай бодоход урь. Суралцагчдаас Иохан 9-өөс үргэлжлүүлэн судалж байхдаа өөрсдөд нь учирсан сорилт, бэрхшээлээр дамжуулан Бурхан Өөрийнхөө ажил, хүч чадлыг харуулдаг арга замуудыг тунгаан бодохыг хүс.
Нэг суралцагчийг Иохан 9:6–7-г чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Бурхан сохор хүний туршлагаар дамжуулан ямар арга замаар Өөрийнхөө ажил болон хүч чадлыг харуулсан тухай олж мэдэхийг хүс.
-
Энэ хүний хувьд анх удаа хараа ороход ямар байсан гэж та нар төсөөлөн бодож байна вэ?
-
Энэ хүний зовлон бэрхшээл хэрхэн Бурханы хүч чадлыг гэрчлэн харах боломжийг бусдад олгосон бэ?
-
Энэ түүхэнд тэр хүн хараа орохын тулд Силоамын цөөрөмд угаах хэрэгтэй байсан юм. Бурхан Өөрийнхөө ажил, хүч чадлыг амьдралд тань үзүүлж болохын тулд та нар юу хийх хэрэгтэй байж болох вэ?
Иохан 9:8–41
Фарисайчуудыг тэр хүнийг хөөж гаргасны дараа Аврагч эдгээсэн хүнээ хайж олсон.
Сохор хүнийг эдгэрсний дараа зарим хүн түүнийг төрөлхийн сохор төрсөн тэр хүн мөн үү үгүй юү хэмээн маргалдсан гэдгийг тайлбарлан, Иохан 9:8–15-ыг нэгтгэн дүгнэ. Зарим нь тэр хүнийг яаж эдгэрсэн юм бол гэж гайхаж байсан бөгөөд түүнийг фарисайчууд дээр авч ирэхэд тэд түүнийг байцааж эхэлсэн.
Суралцагчдыг Иохан 9:14-өөс Аврагч ямар өдөр тухайн сохор хүнийг эдгээсэн болохыг хайж, олж мэдэхэд урь. Нэг суралцагчийг олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.
-
Есүс тэр хүнийг Хүндэтгэлийн өдөр эдгээсэнд фарисайчууд хэрхэн хандсан гэж та нар бодож байна вэ?
Хэд хэдэн суралцагчийг Иохан 9:16–38-ыг ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, тэрхүү эдгэрсэн хүн өөр ямар бэрхшээлтэй тулгарсныг олж мэдэхийг хүс.
Сохор байсан хүний эцэг эхийг фарисайчуудын өмнө авчирч байцаасан гэдгийг сануулан, энэ түүхээс холбогдох зарчмыг олж тогтоохоор бэлтгэхэд нь суралцагчдад тусал.
-
22-р шүлэгт цэдэглэснээр, яагаад сохор байсан хүний эцэг эх, хүү нь хэрхэн хараа орсныг өөрөөс нь асуу хэмээн хариуцлагыг хүүдээ тохсон бэ?
“Синагогууд Иудейн нийгэмд шашны болон нийгмийн төв нь байж, үйлчилдэг байсан. Синагогууд сүнслэг зааварчилгаа, шүтлэг бишрэлийн хүртээмж, боловсролын болон нийгмийн боломжуудаар хангадаг байжээ. Синагог нь Иудейн нийгмийн салшгүй нэг хэсэг байсан учраас синагогаас хөөгдөх нь … шашны нийгэмлэгээсээ хөөгдөж, хасагдахаас илүү утга учиртай байв. Энэ нь мөн соёлын болон нийгмийн үйл явдлуудад оролцож чадахгүй болно гэсэн үг. Төрөлхийн сохор хүний эцэг эхийн хувьд [хүү нь хэрхэн эдгэрсэн тухай] энэ байцаалтад холбогдох нь үнэхээр ноцтой аюул байсан юм” (Шинэ Гэрээний суралцагчийн гарын авлага [Cүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2014 он], 230).
-
24-р шүлэгт цэдэглэснээр, хараа орж эдгэрсэн хүн ямар дарамт шахалт мэдэрч байсан гэж та нар бодож байна вэ?
Суралцагчдыг 30–33-р шүлгийг болон 32-р шүлэг, зүүлт тайлбар a дахь Иохан 9:32, Иосеф Смитийн Орчуулгын хэсгийг дотроо уншиж, тэр хүн фарисайчуудад юу гэж хариулсныг олж мэдэхийг хүс.
-
Тэр хүн Есүсийг ямар шалтгаанаар өмөөрсөн бэ? (Та 33-р шүлэгт буй түүний үгсийг тэмдэглэхийг суралцагчдад санал болгож болно.)
-
Энэ хүн Есүс Христийн талаар юу мэдэж байсан бэ?
Тэр хүн өөрийг нь эдгээсэн хүнийг зоригтой өмөөрч, хамгаалсныхаа төлөө синагогаас хөөгдсөн (34-р шүлэг) гэдгийг онцлон хэл.
-
Энэ хүн синагогаас хөөгдөнө гэдгээ мэдэж байсан ч яагаад Есүс Христийн тухай мэдсэн зүйлдээ үнэнч байхад бэлэн байсан гэж та нар бодож байна вэ?
Тэр хүнийг синагогаас хөөн гаргасны дараа Аврагч түүнийг олж, түүнийг “Хүний Хүүд итгэж бай[сан] уу” (35-р шүлэг) хэмээн асуусан гэдгийг суралцагчдад сануул. Нэг суралцагчийг Иохан 9:36–38-ыг чанга уншихад урьж, ангийнхнаас тэр хүний хариултыг олж мэдэхийг хүс.
-
Энэ хүний Есүс Христийн талаарх гэрчлэл юу болсон бэ? (Тэр Есүс Христ бол Бурханы Хүү гэдгийг мэдэх болсон.)
-
Бид энэ хүнээс мэддэг зүйлдээ үнэнч байх талаар ямар зарчимд суралцаж болох вэ? (Суралцагчид хэд хэдэн өөр зарчмыг олж тогтоож болох ч Бид эсэргүүцэлтэй тулгарсан ч мэддэг зүйлдээ үнэнч үлдвэл бидний гэрчлэл улам бүр хүчирхэгжинэ гэсэн зарчмыг ойлгож байгаа эсэхийг бататга. Энэ зарчмыг самбар дээр бич.)
Суралцагчдад энэ зарчмыг илүү сайн ойлгоход туслахын тулд нэг суралцагчийг Ифер 12:6-г чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, бидний итгэлийг эсэргүүцэх үед бид Их Эзэнд үнэнч үлдсэний дараа юу тохиодгийг олж мэдэхийг хүс.
-
Итгэлийг сорих юм уу эсэргүүцэх явдалтай тулгарсан үед тэдгээрийг даван туулсны дараа гэрчлэл маань яагаад хүчирхэгждэг гэж та нар бодож байна вэ?
-
Эсэргүүцэлтэй тулгарсны улмаас та нарын гэрчлэл хэрхэн хүчирхэгжиж байсан бэ?
Суралцагчдад энэ түүхээс бас нэгэн өөр зарчим тодорхойлоход туслахын тулд хэдэн суралцагч хараа засах линз (нүдний шил эсвэл контакт линз) зүүдэг болохыг асуу.
-
Эдгээр линз та нарын хараанд яаж нөлөөлдөг вэ?
-
Есүс түүнийг эдгээсний дараа тэр хүний нүдний хараа ямар болсон бэ?
-
Энэ хүний сүнслэг хараа буюу Аврагчийн талаарх ойлголт хэрхэн засарч, сайжирсан бэ?
Суралцагчдыг Иохан 9:11, 17, 33-ыг дотроо уншиж, тэр хүний харааны эсвэл Есүсийн тухай ойлголтыг илэрхийлсэн үг хэллэгийг олж мэдэхэд урь. Тэднээс олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс. (Тэдний хариулт “Есүс гэдэг хүн,” “эш үзүүлэгч,” “Бурханаас” ирсэн хүн зэрэг үг хэллэгийг багтаах ёстой. Энэ үгсийг самбарт бичээд, суралцагчдыг судар дээрээ тэмдэглэхэд урамшуулан дэмж.)
-
Эдгээр шүлэгт цэдэглэснээр тэр хүний сүнслэг хараанд юу тохиолдсон бэ? (Засарч сайжирсан. Энэхүү үгс нь тэр хүн сүнслэгээр болон Есүсийн жинхэнэ мөн чанарыг ойлгох талаар өсөж төлөвшсөн гэдгийг харуулж байна.)
-
Яагаад түүний Аврагчийн талаарх үзэл бодол, ойлголт илүү тодорхой болсон гэж та нар бодож байна вэ? (Тэр өөрийнхөө мэддэг зүйлд үнэнч үлдсэнээр итгэлээ хөгжүүлсэн юм.)
Суралцагчдыг Иохан 9:36–38-ыг дотроо гүйлгэн уншиж, энэ хүн эцэст нь Аврагчийг хэрхэн олж харсан тухай мэдэхийг хүс.
-
Энэ хүн эцэст нь Аврагчийг хэн болохыг харсан бэ? (Есүс Христ бол Бурханы Хүү гэдгийг тэр мэддэг болсон.)
-
Энэ хүний хараа хэр зэрэг сайжирсан бэ?
Нэг суралцагчийг ерөнхийлөгч Ховард В.Хантэрын дараах мэдэгдлийг чанга уншихад урь. Ангийнхнаас ерөнхийлөгч Хантэр энэ хүнд юу тохиолдсон гэж хэлснийг олж сонсохыг хүс.
“Түүнд хоёр удаа хараа оруулсан. Эхлээд төрөлхийн согогийг [төрөхдөө олсон бодит согог] нь, дараа нь мөнхийн сэнтийдээ залрахын тулд дээш одохынх нь өмнө Хаадын Хааныг харах харааг оруулсан байна. Есүс зуурдын болон сүнслэг харааг хоёуланг оруулсан” (“The God That Doest Wonders,” Ensign, 1989 оны 5-р сар, 16–17).
-
Тэр хүний төрөлхийн сохор байсныг эдгээсэн нь сүнслэгээр сохор байхад хараа оруулсан явдлыг хэрхэн төлөөлж болох вэ?
-
Бид Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэх аваас бидэнд юу тохиолдож болох талаар энэ түүхээс ямар зарчимд суралцаж болох вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Бид Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэх үед бидний сүнслэг хараа болон ойлголт илүү тод болох болно гэсэнтэй төстэй зарчмыг олж тогтоох ёстой. Энэ зарчмыг самбар дээр бич.)
-
Сүнслэг үнэнийг илүү тод харж, ойлгохын тулд итгэлээ хөгжүүлэх нь яагаад чухал гэж та нар бодож байна вэ?
Зарим фарисай хүн тэр хүнд хараа ороход мөн Есүсийг Бурханы Хүү гэдэгт итгэж, шүтэн бишрэхэд дэргэд нь байсан гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг Иохан 9:39–41-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Аврагч сохор байдлын талаар юу заасныг олж мэдэхийг хүс.
-
Та нар Аврагчийн фарисайчуудад заасан зүйлийг хэрхэн нэгтгэн дүгнэх вэ?
Фарисайчуудын “Бид бас сохор юм биш биз?” гэсэн асуултад хариулахдаа (40-р шүлэг) “Аврагч Өөрийг нь хэн болохыг мэддэггүй хүмүүс ‘сохор’ байсан тул ‘нүгэлгүй байхсан’ хэмээн зүйрлэж заасан гэдгийг тайлбарла (Иохан 9:41). Нөгөөтэйгүүр, Аврагч болон Түүний тэнгэрлэг үйлчлэлийн талаар хангалттай гэрчлэл хүлээн авч, хэн болохыг нь мэдэж авсан бөгөөд ‘бид харж байна’ гэх хүмүүс нь өөрсдийнхөө үйлдлийн төлөө хариуцлага хүлээнэ. Фарисайчууд ‘бид харж байна’ гэгч хүмүүсийн нэг байсан бөгөөд тэдний ‘нүгэл нь байсаар л байжээ.’ Сүнслэг байдлын тухайд хэлбэл, тэд маш олон гэрчлэл хүлээн авсан байж, Есүсийг Бурханы Хүү болохыг хүлээн зөвшөөрөөгүй учраас сохор үлдэхийг сонгосон юм” (Шинэ Гэрээний суралцагчийн гарын авлага, 231).
Хичээлийг дүгнэн дуусгахын тулд суралцагчдыг самбар дээр байгаа хоёр зарчмыг харж, алийг нь амьдралдаа хэрэгжүүлэх ёстойг тунгаан бодоход урь (тэд магадгүй хоёр зарчмыг хоёуланг нь хэрэгжүүлэх хэрэгтэй гэж үзэж болно). Суралцагчдыг эдгээр зарчмыг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх талаар хичээлийн дэвтэртээ эсвэл судрын тэмдэглэл дээрээ бичих цаг гаргаж өг. Тэднийг үүнийг хэрхэн хийх талаар удирдамж хүсэн залбирахад урамшуулан дэмж.