12-р хичээл
Матай 7
Оршил
Есүс Христ шавь нартаа зөв шударга шүүхийг зааснаар Уулан дээрх номлолоо үргэлжлүүлэв. Тэр бас хувийн илчлэлт хүлээн авах ба Тэнгэрлэг Эцэгийн хүслийн дагуу үйлдэх талаар заасан юм.
Заах зөвлөмж
Матай 7:1–5
Есүс Христ Уулан дээрх номлолынхоо үеэр хавчлага дарамт үзэх үедээ хэрхэн хандах талаар шавь нартаа зөвлөсөн гэдгийг суралцагчдад хэл.
Хичээл эхлэхээс өмнө Бид бусдыг шүүх ёстой юу эсвэл шүүх ёсгүй юу? гэсэн асуултыг самбар дээр бич. Хичээл эхлэхэд суралцагчдыг асуултад хариулахад урь.
Уулан дээрх номлол зургийг үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга [2009], д. 39; түүнчлэн LDS.org-оос үзнэ үү). Есүс Уулан дээрх номлолоо үргэлжлүүлэхдээ шавь нартаа бусдыг шүүх талаар заасан гэдгийг тайлбарла.
Нэг суралцагчийг Матай 7:1-ийг чанга уншихад урь. Ангийнхныг дагаж уншаад, Аврагч бусдыг шүүх талаар юу гэж заасныг олж мэдэхийг хүс. 1-р шүлгийг бид хэзээ ч шүүх ёсгүй гэж буруугаар ойлгох нь олонтоо байдаг гэдгийг онцлон хэл. Нэг суралцагчийг Maтай 7:1, зүүлт тайлбар a-г уншихыг хүс.
-
Аврагч бусдыг шүүх талаар юу гэж заасан бэ?
-
Зөв шударга шүүх гэдэг нь ямар утгатай гэж та нар бодож байна вэ?
Нэг суралцагчийг Матай 7:2-ыг чанга уншихад урь. Ангийнхныг дагаж уншаад, бидний бусдыг шүүдэг арга зам дээр үндэслэн бидэнд юу тохиолдохыг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.
-
Хэрэв бид бусдыг зөв шударга шүүх юм бол юу тохиолдох вэ? (Суралцагчдыг хариулсны дараа тэдэнд Хэрэв бид бусдыг зөв шударга шүүх юм бол Бурхан бидэнд үүний адил нигүүлсэл, шударга ёсыг үзүүлэх болно гэсэн зарчмыг тодорхойлоход тусал.
Хэрэв боломжтой бол суралцагч бүрд Итгэлдээ үнэнч байх нь товхимлоос дараах өгүүлбэрийг хуулбарлан тарааж өг. Нэг суралцагчийг үүнийг чанга уншихад урь. Ангийн нэг хагасаас дагаж уншаад, бидний хийх ёстой, ёсгүй шүүлтийн хэв маягуудыг олж мэдэхийг хүс. Ангийн нөгөө хагасаас бид хэрхэн зөв шударга шүүж болохыг олж мэдэхийг хүс.
Шинэ Гэрээний семинарын багшийн гарын авлага—12-р хичээл
“Бусдыг ямар нэг байдлаар шүүх нь буруу гэж зарим хүн үздэг. Бусдыг шударга бусаар шүүх буюу зэмлэх нь буруу байдаг ч танд амьдралынхаа турш бодол санаа, нөхцөл байдал, хүмүүсийн талаар шүүн үзэж байх нь хэрэгтэй байдаг. …
Шүүлт нь сонголтын чухал хэрэглээ бөгөөд ялангуяа таныг бусад хүний тухай шүүлт хийхэд маш их анхаарал шаарддаг. Таны бүхий л шүүлт шударга жишгээр удирдагдах ёстой. Хүн бүрийн зүрх сэтгэлийг мэддэг зөвхөн Бурхан л хувь хүмүүсийн хамгийн эцсийн шүүлтийг хийж чадна гэдгийг сана” (Илчлэлт 20:12; 3 Нифай 27:14; C ба Г 137:9-ийг үзнэ үү). …
“… Чадах чинээгээрээ хүмүүсийг шүүхээс илүүтэйгээр хүмүүсийн нөхцөл байдлыг шүү. Боломжтой бол, хангалттай баримт нотолгоотой болохоос нааш шүүлт бүү гарга. Шийдвэрүүдийг тань удирдаж чадах Ариун Сүнсэнд үргэлж мэдрэмжтэй бай” (Итгэлдээ үнэнч байх нь: Судрын заалтууд [2004], 62–63).
© 2015 by Intellectual Reserve, Inc. Бүх эрх хамгаалагдсан.
-
Бид ямар төрлийн шүүлтүүд хийж байх ёстой вэ?
-
Бид хэрхэн зөв шударга шүүж чадах вэ?
Модны жижиг нарийхан зомгол ба урт, өргөн мод үзүүл. Аврагч шавь нартаа бусдыг шүүх талаар заахдаа жижиг нарийхан зомголыг үртэс мөн урт, өргөн модыг дүнз гэж нэрлэсэн болохыг тайлбарла. Нэг суралцагчийг Матай 7:3-ыг чанга уншихад уриад, ангийнхнаас Аврагч бусдыг шүүх талаар юу заасныг олж мэдэхийг хүс.
-
Аврагчийн зүйрлэлд үртэс, дүнз хоёр юуг төлөөлж байж болох вэ?
-
Та нар 3-р шүлэгт хэлсэн Их Эзэний сургамжийг өөрийн үгээр юу гэж хэлэх вэ?
Хоёр суралцагчийг самбарын өмнө гарч ирэхэд урь. Нэг суралцагчийг нүднийхээ харалдаа дүнз барихыг хүс. Нөгөө суралцагчаас ийн асуу:
-
Чи нүдэндээ дүнзтэй ангийнхаа хүүхдээр нүдэндээ байгаа үртсийг авахуулмаар байна уу? Яагаад үгүй гэж?
Дүнзтэй суралцагчаас ийн асуу:
-
Чи ангийнхаа хүүхдийн нүдэнд байгаа үртсийг авч чадахуйц тод сайн харж чадахын тулд юу хийх хэрэгтэй вэ?
Дүнзтэй суралцагчийг Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын дараах мэдэгдлийг чанга уншихад урь:
ЗурагЕрөнхийлөгч Дийтр Ф.Угдорф“Энэхүү дүнз ба үртэсний үлгэр нь биднийг өөрсдийгөө сайн харж чаддаггүйг илэрхийлдэг. Бид бусдын болохгүй байгаа зүйлсийг онцгой сайн олж харж, тэдэнд зөвлөгөө өгч чаддаг мөртлөө яагаад өөрсдийнхөө асуудлыг харж чаддаггүйг би сайн ойлгодоггүй юм” (Би биш биз дээ, Эзэн минь Ensign эсвэл 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 67–70).
Хоёр суралцагчийг суухыг урь. Нэг суралцагчаас Матай 7:4–5-ыг чанга уншихыг хүсээд, ангийнхныг Аврагч хэний буруутайд илүү санаа зовох ёстой гэж бидэнд хэлснийг олж мэдэхэд урь.
-
Бид санаа зовниж, залруулахдаа бусдын буруу дээр төвлөрөх ёстой юу эсвэл өөрсдийнх дээрээ төвлөрөх ёстой юу? Яагаад?
-
Бид бусдыг шударга бус шүүхээс зайлсхийхэд туслах ямар зарчмыг эдгээр шүлгээс мэдэж авч чадах вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Хэрэв бид өөрсдийн нүгэл, сул талуудаас салахад төвлөрөх юм бол бусдыг шударга бусаар шүүх тохиолдол маань багасах болно гэсэн зарчмыг олж тогтоосон эсэхийг бататга.)
-
Биднийг бусдын дутагдлыг харах үед энэ зарчим хэрхэн тусалж чадах вэ?
Та энэ зарчмыг сануулахын тулд суралцагчдад жижигхэн мод өгч болно. Суралцагчдыг амьдралаасаа холдуулж болох нүгэл, сул талуудын талаар тунгаан бодоход урь. Бусдыг шударга бус шүүлгүй, өөрсдийн дутагдлаас салахад Их Эзэнээс тусламж гуйхад тэднийг урамшуулан дэмж.
Maтай 7:6–14
Аврагч хувийн илчлэлт эрэлхийлэх талаар заав
Матай 7:6-г дүгнэн, энэ шүлгийн Иосеф Смитийн Орчуулга нь Есүс Христ Өөрийн шавь нарыг дэлхий даяар номлохоор явахад дуудсан гэдгийг ойлгоход бидэнд тусалдаг гэдгийг тайлбарлаж өг. Тэд наманчлалыг зааж, гэхдээ хаант улсын нууцуудыг өөрсдөдөө хадгалах ёстой байв. Өөрөөр хэлбэл, тэд ариун сэдвийн талаар хүлээн авахад бэлэн биш хүмүүстэй үүнийг хуваалцах ёсгүй байв. (Иосеф Смитийн Орчуулга, Матай 7:9–11-ийг үзнэ үү [the Bible appendix].)
Иосеф Смитийн Орчуулгад өгүүлснээр, Maтай 7:7 (Иосеф Смитийн Орчуулга, Maтай 7:12-ыг [the Bible appendix] үзнэ үү) нь “Тэдэнд хэл, Бурханаас гуй” гэдэг үгсээр эхэлдэг гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг 7-р шүлгийг энэ үгсээр эхлүүлэн, чанга уншихад урь. Ангийнхныг дагаж уншаад, Аврагч шавь нартаа юуг заа гэж хэлснийг олж мэдэхийг хүс.
-
Бурханаас мэдлэг авахыг хүссэн хүмүүст шавь нар нь юу гэж хэлэх ёстой байсан бэ?
-
Бид 7-р шүлгээс Бурханаас ирэх ариун мэдлэгийг хэрхэн ойлгох талаар ямар зарчим мэдэж авч чадах вэ? (Суралцагчдыг хариулсны дараа Бид үнэнийг мэдэхээр гуйж, хайж, тогших үед Тэнгэрлэг Эцэг бидэнд хувийн илчлэлтийг хариулт болгон өгч мөн адислах болно гэсэн зарчмыг тодорхойлоход тэдэнд тусал.)
-
Гуйх, хайх мөн тогших гэдэг үгс нь бид хувийн илчлэлт хүлээн авахын тулд юу хийх ёстойг харуулж байна вэ?
Цөөн суралцагчийг гуйж, хайж, тогшсоноор хувийн илчлэлт авсан үеийнхээ талаар хуваалцахад урь.
Матай 7:9–11-ийг дүгнэн, хүүгээ талх эсвэл загас гуйхад хайртай эцэг нь чулуу юм уу могой өгдөггүй шиг Тэнгэрлэг Эцэг хувийн илчлэлт гуйж байгаа хүүхдүүддээ энэ бэлгийг өгөхгүй байдаггүй хэмээн Аврагч заасан гэдгийг тайлбарлан хэлж өг.
Хувийн илчлэлт авч, сайн мэдээг ойлгохын тулд асуух, хайх, тогших зэргээр итгэлээ хэрэгжүүлэхэд нь суралцагчдыг урамшуулан дэмж. Тэднийг ийнхүү итгэлтэй мөн тэвчээртэй үйлдэх үед Тэнгэрлэг Эцэг хариулах болно хэмээн гэрчил.
Нэг суралцагчийг Матай 7:12–14-ийг чанга уншихад урь. Суралцагчдыг дагаж уншаад, Аврагч шавь нартаа өөр ямар нэмэлт үнэнүүдийг заа гэж хэлснийг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.
Матай 7:15–27
Эцэгийн хүслийг үйлддэг хүмүүст Аврагч аврал амласан
Дэлхийд нийтлэг хүлээн зөвшөөрдөг боловч Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний эсрэг байдаг зарим санааг самбар дээр жагсаан бичихэд суралцагчдыг урь.
-
Ямар нэгэн хүн эсвэл бүлэг Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний эсрэг саналыг сурталчилж байгааг ялган таньж чаддаг байх нь яагаад чухал вэ?
Нэг суралцагчийг Матай 7:15-ыг чанга уншихад урь. Тэгээд асуу:
-
Их Эзэн шавь нартаа юуны талаар сэрэмжлүүлсэн бэ? Тэр эдгээр хуурамч бошиглогч дүрээ хэрхэн хувиргасан байж болно гэж хэлсэн бэ?
ЗурагАхлагч М.Рассэлл БаллардАрванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч М.Рассэлл Баллард манай үеийн хуурамч бошиглогчид ба хуурамч багш нарын дотор “Сүмийн сургаалыг тунхаглагч хэмээн өөрсдийгөө томилох эрэгтэй, эмэгтэйчүүд” мөн “Бурханы үнэн бошиглогчдыг эсэргүүцсэн үг хэлж, хэвлэлд нийтлүүлэн, төөрөгдүүлж урхидсан хүмүүсийнхээ мөнхийн сайн сайхан байдлыг үл хайхран, тэднийг өөрсдийн итгэл бишрэл, нөлөөнд оруулахыг идэвхтэй эрэлхийлдэг хүмүүс” багтдаг хэмээн сэрэмжлүүлсэн болохыг тайлбарла (“Beware of False Prophets and False Teachers,” Ensign, 1999 оны 11-р сар, 63).
Нэг суралцагчийг Матай 7:16–20-ийг чанга уншихад урь. Суралцагчдыг дагаж уншаад, хэн нэгэн хүн хуурамч бошиглогч юм уу хуурамч багш болохыг бид ялган таньж чадах нэг арга замыг олж мэдэхийг хүс.
-
Бид хэн нэгэн хүнийг хуурамч бошиглогч юм уу хуурамч багш болохыг ялган таньж чадах нэг арга зам юу вэ? (Суралцагчдыг хариулсны дараа дараах үнэнийг самбар дээр бич: Бид хуурамч бошиглогчдыг тэдний үр жимсээр нь ялган таньж чадна.)
Суралцагчдад хоёр төрлийн жимс үзүүл. Суралцагчдаас ямар ургамал эдгээр жимсийг ургуулдгийг асуу. Бид жимсийг нь хараад, ямар ургамлаас ургадгийг нь тодорхойлдогтой адил, хуурамч бошиглогч, багш нарыг тэдний заавар, үйлдэл, санаануудаар тодорхойлж чадна гэдгийг тайлбарла.
-
Энэ үнэнээс харахад бид болгоомжлох хэрэгтэй хүмүүс ба бүлгүүдийг хэрхэн таньж мэдэх вэ?
-
Самбар дээрх санаанууд нь энэ үнэнтэй ямар холбоотой вэ?
Матай 7:21–23-ыг дүгнэн, Есүс Христэд итгэдэг гэж зарладаг хүн болгон Түүний хаант улсад орж чадахгүй, харин Тэнгэрлэг Эцэгийн хүслийг үйлдэж, Түүнийг мэддэг хүмүүс тэнгэр дэх хаант улсад орох болно гэдгийг тайлбарлаж өг.
Нэг чулуу ба савтай элс үзүүл. Суралцагчдаас гэр орноо чулуун дээр барихыг хүсэх үү эсвэл элсэн дээр барихыг хүсэх үү гэдгийг асуу. Суралцагчдыг шалтгаанаа тайлбарлахад урь.
Нэг суралцагчаас Матай 7:24–27-г чанга уншихыг хүс.
-
24-р шүлэгт цэдэглэснээр, ямар ямар үйлдэл хүнийг чулуун дээр барьсан мэргэн хүнтэй адил болгодог гэж Аврагч хэлсэн бэ?
-
26-р шүлэгт цэдэглэснээр, ямар ямар үйлдэл хүнийг элсэн дээр барьсан мунхаг хүнтэй адил болгодог гэж Аврагч хэлсэн бэ?
-
Эдгээр зүйрлэл дэх бороо, үер, салхи нь юуг төлөөлдөг гэж та нар бодож байна вэ (27-р шүлэг; түүнчлэн Хиламан 5:12-ыг үзнэ үү)?
-
Бид эдгээр зүйрлэлээс Их Эзэний сургамжийн дагуу үйлдэх талаар ямар зарчим мэдэж авч болох вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч дараах зарчмуудыг олж тогтоосон эсэхийг бататга: Хэрэв бид Их Эзэний сургаалуудыг сонсож мөн үйлдэх аваас Тэр биднийг бэрхшээлээ тэвчин гарахад хүчирхэгжүүлэх болно. Хэрвээ бид Их Эзэний сургаалуудыг сонсчхоод дагахгүй байвал бэрхшээл тулгарахад бидэнд хэрэгтэй тусламж дэмжлэг бас байхгүй байх болно.
Их Эзэн Уулан дээрх номлолдоо юу гэж заасныг бодоход суралцагчдыг урь (Maтай 5–7-г үзнэ үү). Аврагчийн заасан зарчмуудын дагуу үйлдэхээр шийдэж, мэргэн хүнтэй адил байхад тэднийг урь. Та суралцагчдад энэ хичээлээс эсвэл өмнөх гурван хичээлээс сурсан зарчмуудын нэгийг эсвэл нэгээс илүүг тэд хэрхэн хэрэгжүүлэх талаар бичих цагийг гаргаж өгч болох юм.
Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл
Maтай 7:1–2 Зөв шударгаар шүүх
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүкс эцсийн шүүлтийг биш, харин зөв шударга шүүлтийг хийхэд бидэнд туслах зарчмуудын талаар заахдаа:
“Хоёр төрлийн шүүлт буюу хийх нь хориотой эцсийн шүүлт ба зөв шударга зарчмууд дээр үндэслэн хийхийг бидэнд зааварласан завсрын шүүлт гэж байдаг. …
“… Аврагч яагаад биднийг эцсийн шүүлтээр шүүхгүй байхыг тушаасан бэ? Энэ зарлиг нь бид аливаа хүнийг тодорхой нэг үйл юм уу тодорхой цаг үеийнх нь төлөө там руу (эсвэл тэнгэр рүү) явна хэмээн тунхаглах бүрдээ эцсийн шүүлт хийх хандлагатай байдаг учраас өгөгдсөн гэдэгт би итгэдэг. …
“Бид бүгд найз нөхдөө сонгох, цаг, мөнгөө хэрхэн зарцуулахаа шийдэх мөн мэдээж мөнхийн ханиа сонгох зэрэгт шүүлт хийдэг. Иймэрхүү түр зуурын шүүлтүүдийн зарим нь Аврагчийн ‘хуулийн чухал нөхцөлүүдэд’ багтдаг шүүлт гэж заахдаа эш татсан тэдгээрийн дунд багтдаг нь гарцаагүй (Maт. 23:23). …
“Бид түр зуурын шүүлтүүдийг хийхдээ зөв шударга шүүж байгаа эсэхдээ болгоомжтой хандах ёстой. Бид шийдвэр гаргахдаа Сүнсний удирдамжийг эрэлхийлэх ёстой. Бид өөрсдийн шүүлтийг хариуцсан хариуцлагаараа хязгаарлах хэрэгтэй. Боломжтой бол бид мэдээ баримтын тухайд хангалттай мэдлэгтэй болтлоо хүмүүсийг шүүхээс зайлсхийх хэрэгтэй. Бид аль болох хүмүүсийг биш, нөхцөл байдлыг шүүх хэрэгтэй. Бид шүүлт хийх бүрдээ зөв шударга жишгийг хэрэгжүүлэх ёстой. Мөн энэ бүхэндээ бидэнд уучлахыг зарлиг болгосныг бид санаж байх ёстой” гэж хэлжээ “‘Judge Not’ and Judging,” Ensign, 1999 оны 8-р сар, 7, 9, 13).
Матай 7:15–20. “Хонины арьс нөмрөн та нарт ирэх хуурамч бошиглогчдоос сэрэмжил“
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч M.Рассэлл Баллард:
“Бид хуурамч бошиглогчид, хуурамч багш нарын талаар бодох үедээ илэрхий худал сургаалыг заах юм уу Христийн үнэн сайн мэдээг өөрсдийн хөрвүүлснээр заах эрх дархтай мэт дүр үзүүлдэг хүмүүсийг боддог. Бид тиймэрхүү хүмүүсийг нийгмийн захад ямар нэг жижигхэн хэт үзэлтнүүдийн бүлэгт хамаардаг гэж ихэнхдээ боддог. Гэхдээ би дахин онцгойлон хэлье. Сүмд гишүүнчлэлтэй байгаа эсвэл гишүүнчлэлтэй гэж зүтгэдэг хуурамч бошиглогчид мөн хуурамч багш нар байдаг шүү. Эрх мэдэлгүй ч өөрсдийн бараа бүтээгдэхүүн мөн үйл хэргийг Сүмээс зөвшөөрсөн гэж зүтгэдэг хүмүүс байдаг. Тийм хүмүүсээс болгоомжил. …
“… Бурханы үнэн бошиглогчдыг эсэргүүцсэн үг хэлж, хэвлэн нийтлүүлж, төөрөгдүүлж урхидсан хүмүүсийнхээ мөнхийн сайн сайхан байдлыг үл хайхран, тэднийг өөрсдийн итгэл бишрэл, нөлөөнд оруулахыг идэвхтэй эрэлхийлдэг хүмүүсээс болгоомжлогтун” (“Beware of False Prophets and False Teachers,” Ensign, 1999 оны 11-р сар, 62–63).