Номын сан
111-р хичээл: 1 Коринт 15:1–29


111-р хичээл

1 Коринт 15:1–29

Оршил

Коринтын зарим хүн үхэгсдийн амилуулалт гэж байхгүй хэмээн зааж байсныг Паул олж мэдсэн. Тэрээр Коринтын Сүмийн гишүүдэд Есүс Христ үхэгсдээс босож ирснийг гэрчлэв. Паул цааш нь амилуулалтын сургаал болон энэ нь Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхдэд хэрхэн хэрэгжих талаар нарийвчлан тайлбарласан. Паул нас барагсдын төлөөх баптисмын ёслол нь амилуулалтгүйгээр утгагүй зүйл гэдгийг дурджээ.

Заах зөвлөмж

1 Коринт 15:1–10

Паул Есүс Христийн Амилалтыг нотлов

Нэг суралцагчийг ерөнхийлөгч Томас С.Монсоны хэлсэн дараах үгийг чанга уншихад урь.

Зураг
Ерөнхийлөгч Томас С.Монсон

“Ах эгч нар аа, бид инээж, уйлж, ажиллаж, тоглож мөн хайрлаж амьдардаг. Хэзээ нэгэн цагт хүн бүхэн үхэх болно. Үхэл хүн бүрд тохиолдоно. Үхлийн үүдтэй хүн бүр тулгарна. Үхэл өндөр настай, сул дорой, өвчин эмгэгтэй хүмүүсийг аван оддог. Ирээдүйгээ найдан хүлээсэн залуусыг ч үхэл авч оддог. Бяцхан хүүхдүүд ч үхлийн аюулаас ангид биш юм” (“Би Гэтэлгэгч амьдыг мэднэ!” Ensign эсвэл Liahona, 2007 оны 5-р сар, 24).

Суралцагчдыг таньдаг байсан хэн нэг нь нас барахад мэдэрч байсан мэдрэмжээ дурсан бодоход урь. Хэрэв суралцагчид хүсэж байвал цөөн суралцагчаас туршлагаа хуваалцахыг хүсэж болно.

Суралцагчдыг 1 Коринт 15:1–29-өөс судалж байхдаа танил хэн нэгэн нь нас барахад тэдэнд туслах зарчмуудыг олоход урь.

Паул Коринтын гэгээнтнүүдэд бичсэн захидлынхаа төгсгөлд Сүмийн зарим гишүүний зааж буй хуурамч итгэлийн талаар дурдсаныг тайлбарла. Нэг суралцагчийг 1 Коринт 15:12-ыг чанга уншихад уриад, тэр үед заагдаж байсан хуурамч итгэлийг олж мэдэхийг ангийнхнаас хүс.

  • Коринтын зарим гэгээнтэн юу зааж байсан бэ? (Үхэгсдийн амилуулалт гэж байхгүй.)

Нэг суралцагчийг 1 Коринт 15:3–8-ыг чанга уншихад урь. Ангийнхныг шүлгүүдийг дагаж хараад, төлөөлөгч Паул Сүмийн гишүүдэд Аврагчийн Амилалтын бодит байдлыг ойлгоход туслахын тулд юу бичсэнийг олж мэдэхийг хүс.

  • Паул Сүмийн гишүүдэд Аврагчийн номлол болон Амилалтын бодитойг ойлгуулахын тулд юуны талаар гэрчилсэн бэ?

  • Эдгээр шүлгээс бид төлөөлөгчийн үүргийн тухай ямар үнэнийг мэдэж болох вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Төлөөлөгчид Есүс Христ бидний нүглийн төлөө амиа өгч, үхэгсдээс амилсан хэмээн гэрчилдэг гэсэнтэй адил үнэнийг олж тогтоох хэрэгтэй.)

  • Есүс Христийн Амилалтын талаарх төлөөлөгчдийн гэрчлэл амилуулалтад итгэдэггүй хүмүүст хэрхэн тусалж болох вэ?

Суралцагчдад энэхүү үнэний үнэн ба ач холбогдлыг мэдрэхэд нь туслахын тулд нэг суралцагчийг ерөнхийлөгч Томас С.Монсоны дараах гэрчлэлийг чанга уншихад урь. (Та мөн Есүс Христийн Амилалтын талаар сүүлийн Ерөнхий чуулган дээр өгсөн өөр бусад төлөөлөгчийн гэрчлэлээс хуваалцаж болно.)

Зураг
Ерөнхийлөгч Томас С.Монсон

“Би өөрийн бие болон бүх зүрх сэтгэл, дуу хоолойгоор Бурхан амьд гэдгийг онцгойлон гэрчилж байна. Есүс бол Түүний Хүү, махан биеэр төрсөн Эцэгийн Ганц Хүү мөн. Тэр бол бидний Гэтэлгэгч; Тэнгэрлэг Эцэгийн өмнө бидний Зууч билээ. Тэрбээр бидний гэм нүглийг цагаатгахын төлөө загалмай дээр амьсгалаа хураасан юм. Тэрбээр Амилалтын анхны үр жимс болсон билээ. Тэр амиа өргөсөн учраас бүх хүн дахин амьдрах болно. ‘Би Гэтэлгэгч амьдыг мэднэ’ гэсэн энэ өгүүлбэр надад хэчнээн агуу баяр баяслыг бэлэглэдэг гээч! Бүх дэлхий үүнийг мэдэж, энэхүү мэдлэгээр амьдрах болтугай хэмээн би даруухнаар залбирч байна” (“Би Гэтэлгэгч амьдыг мэднэ!” 25).

Есүс Христийн Амилалтын талаарх төлөөлөгчдийн гэрчлэл амилуулалтад итгэх өөрсдийнх нь итгэлийг хэрхэн бэхжүүлсэн талаар бодоход суралцагчдыг урь. Та цөөн суралцагчийг бодлоо хуваалцахад урьж болно.

1 Коринт 15:11–29

Паул амилуулалтын сургаалыг нарийвчлан тайлбарлав

Паул Коринтын гэгээнтнүүд амилуулалтын бодитойд яагаад эргэлзэж эхэлснийг асуусан тухай тайлбарлан, 1 Коринт 15:11–15-ыг нэгтгэн дүгнэ. Тэрээр хэрэв Есүс Христ үхэгсдээс босож ирээгүй байсан бол Түүний Амилалтын бүх гэрч худал мөн сайн мэдээг тунхаглах ямар ч шаардлагагүй байх байсан гэдгийг учирлав.

Самбар дээр дараах дутуу мэдэгдлийг бич.

Хэрэв Есүс үхээд амилаагүй бол … (1 Коринт 15:16–19-ийг үзнэ үү).

Есүс үхээд амилсан учраас … (1 Коринт 15:20–22-ыг үзнэ үү).

Ангийн хагасыг 1 Коринт 15:16–19-ийг уншаад, хэрэв Есүс амилаагүй байсан бол юу болох байсан талаар олж мэдэхийг хүс. Ангийн үлдсэн хагасаас 1 Коринт 15:20–22-ыг чимээгүй уншаад, Есүс Христийн Амилалтын үр дүнд ирсэн адислалыг олж мэдэхийг хүс.

Хангалттай хугацаа өгсний дараа 1 Коринт 15:20–22-ыг уншсан суралцагчдаас самбар дээрх мэдэгдлийг хэрхэн гүйцээхээ хуваалцахыг хүс. Эдгээр суралцагчийн хариултыг самбар дээр бичихийг нэг суралцагчаас хүс.

20-р шүлгэн дээрх анхны үр жимс гэдэг нь тариачин тариагаа хураахдаа авсан анхны ургац гэдгийг тайлбарла. Эдгээр хураасан жимс нь хураах ургацын анхных нь байсантай адил Есүс Христ амилуулагдах биесийн анхных нь байсан.

  • 22-р шүлэгт цэдэглэснээр, Есүс Христ амилсан учраас Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхдэд юу тохиолдох вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Есүс Христ амилсан учраас хүн бүр амилуулагдах болно гэсэн сургаалыг олж тогтоосон эсэхийг бататга.)

1 Коринт 15:16–19-ийг уншсан суралцагчдаас самбар дээрх бусад мэдэгдлийг тэд хэрхэн гүйцээж бичихээ хуваалцахыг хүс. Нэг суралцагчийг тэдний хариултыг самбар дээр бичихэд урь.

14–19-р шүлэгт Паул гэгээнтнүүдээс “хэрэв Христ амилаагүй байсан бол” үр дагавар нь ямар байхыг бодож үзэхийг асуусан гэдгийг тайлбарла. Тийм бол Есүс Христ үхлийг ялан дийлэх хүчийг үзүүлэхгүй байсан ба тэгснээр бидний нүглийг цагаатгаж чадахгүй байх байсан учраас бүх номлол дэмий хоосон зүйл байх байсан гэдгийг Паул тайлбарлав. Гэвч Есүс Христ амилсан учраас бид Түүнийг Бурханы хүү бөгөөд Түүнд хүч оршдог гэдгийг мэддэг.

“Хэрэв бид зөвхөн энэ амьдралдаа Христ дотор найдсан бол бид бүх хүмүүсээс хамгийн өрөвдөлтэй нь болно” гэсэн 19-р шүлэг дэх Паулын мэдэгдлийг унш.

  • Хэрэв бид зөвхөн энэ амьдралдаа Есүс Христэд найдсан эсвэл бидний найдвар үхлээр төгсөх байсан бол яагаад өрөвдөлтэй нь байх вэ? (Хэрэв үхэгсдийн амилуулалт байхгүй байсан бол Есүс Христэд найдах бидний найдвар зөвхөн энэ амьдралд л хэрэгжих ба авралын төлөвлөгөөний зорилгууд гүйцэлдэж чадахгүй.)

20–22-р шүлэгт цэдэглэснээр, Есүс Христийн Амилалт ямар агуу найдвар төрүүлдэг вэ? (Бид бүгд үхсэнийхээ дараа амьдарна гэсэн найдварыг төрүүлдэг. Суралцагчдыг хариулсны дараа Есүс Христ амилсан учраас бидэнд найдах шалтгаан бий гэсэн үнэнийг самбар дээр бич.)

  • Бидний таних хэн нэгэн нас барахад эсвэл бид эцэстээ нас барна гэхээс айсан үед Есүс Христийн амилалт бидэнд хэрхэн найдвар төрүүлж чадах вэ?

Суралцагчдыг Есүс Христийн Амилалтын ач холбогдлыг илүү сайн ойлгоход туслахын тулд тэднээс бошиглогч Иосеф Смитийн дараах мэдэгдлийг чанга уншихыг хүс. (Боломжтой бол уг мэдэгдлийг хувилж, суралцагчдад тарааж өг.)

Зураг
Бошиглогч Иосеф Смит

“Манай шашны тулгуур зарчмууд бол Есүс Христ егүүтгэгдэж наснаас хальж оршуулагдаад, гурав дахь өдрөө амилж, тэнгэрт дээшлэн одсон тухай бошиглогч, төлөөлөгчдийн гэрчлэл юм. Иймд манай шашинд хамаатай бусад бүх зүйл нь зөвхөн уг гэрчлэлийн хавсралт төдий юм” (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалууд: Иосеф Смит [2007], 59).

  • Иосеф Смит манай шашны тулгуур зарчмууд гэж юуг хэлсэн бэ?

  • Та нарын энэ хичээлээс сурсан зүйлээс үндэслэвэл, Есүс Христийн амилалт сайн мэдээний бусад үнэнд хэрхэн тулгуур болдог вэ?

Та Амилуулалтын бодит байдал болон Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөөн дэх үүний ач холбогдлын талаар гэрчлэлээ хуваалцаж болно.

1 Коринт 15:23–24-т цэдэглэснээр, Амилуулалтад дараалал байх болно мөн Есүс Христ “бүх удирдлага, эрх мэдэл, хүчийг хүчингүй болгон, Бурхан ба Эцэгт хаанчлалыг тушаах” болно хэмээн Паул заасныг тайлбарла.

Нэг суралцагчийг 1 Коринт 15:25–26-г чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Паулын зааснаар Есүс Христийн дайснуудад эцэст нь юу тохиохыг олж мэдэхийг хүс.

  • Есүс Христийн дайснуудад эцэст нь юу тохионо гэж Паул хэлсэн бэ? (Тэд “Түүний хөл дор” орно [25-р шүлэг] эсвэл устгагдана.)

  • Хэн эсвэл юу Есүс Христийн дайсан гэгдэх вэ? (Жишээ нь нүгэл, завхрал, ёс бус байдал болон дайсагнал байж болно.)

  • Есүс Христийн устгах сүүлийн дайсан юу вэ?

  • Үхэл яагаад Есүс Христ болон Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний дайсан болдог вэ?

Коринтын зарим Сүмийн гишүүн үхэгсэд амилуулагдахгүй гэдэгт итгэдэг байсан ба Паул зарим гишүүн үхэгсдийн амилуулалтад итгэдгээ харуулсан зүйлсийг хийж байсныг онцлон хэлсэн гэдгийг суралцагчдад сануул.

Нэг суралцагчийг 1 Коринт 15:29-ийг чанга уншихад урь. Ангийнхныг шүлгийг дагаж уншаад, Коринтын гэгээнтнүүдийн үйлдэж байсан ёслолыг олж мэдэхийг хүс. Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь.

  • Гэгээнтнүүдэд нас барагсдын төлөөх баптисмд оролцох тэдний оролцооны талаар Паулын тавьсан асуултыг та нар хэрхэн тоймлох вэ? (“Хэрэв та амилуулалтад итгэдэггүй юм бол яагаад үхэгсдийн төлөө баптисм хүртдэг вэ?”)

Үхэгсдийн төлөөх баптисмын ёслол нь амилуулалтад итгэх бидний итгэлийн баталгаа гэдгийг онцол. Баптисм хүртэлгүй нас барсан хүмүүс шаардлагатай ёслолуудыг хүлээн авах боломжтой гэсэн үнэнийг самбар дээр бич.

Ариун сүмийн зураг үзүүл. Нэг суралцагчийг ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн хэлсэн дараах үгийг чанга уншихад урь.

Зураг
Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли

“Жижиг том, шинэ хуучин аль нь ч бай, ариун сүм бүр булшнаас цаадах амьдрал бол бодит бөгөөд мөнх бус энэ амьдрал шиг баттай байдаг гэсэн бидний гэрчлэлийн илэрхийлэл юм” (“This Peaceful House of God,” Ensign, 1993 оны 5-р сар, 74)

Суралцагчдаас нас барагсдын төлөө баптисм хүртэж байсан эсвэл ариун сүмд авч очих нэр бэлтгэсэн тухай бодохыг хүс. Цөөн суралцагчийг дараах асуултуудад хариулахад урь.

  • Та ариун сүмд аваачих нэр бэлтгэж байхдаа эсвэл ариун сүмд тэдний ёслолуудыг гүйцэтгэж байхдаа ямар сэтгэгдэлтэй байсан бэ?

  • Гэр бүлийн түүх болон ариун сүмийн ажилтай холбоотой таны туршлага Есүс Христийн Амилалт болон бүх хүний амилуулалтад итгэх итгэлийг тань хэрхэн хүчирхэгжүүлсэн бэ?

Нас барсан хүмүүсийн төлөө гэр бүлийн түүх болон ариун сүмийн ажлуудыг гүйцэтгэхийн ач холбогдлын талаар гэрчлэх талаар бодож үз. Суралцагчдыг Есүс Христийн Амилалт болон бүх хүнд ирэх амилуулалтад итгэх итгэлээ харуулж, гэр бүлийн түүх болон ариун сүмийн ажилд тогтмол оролцоход урамшуул.

Зураг
төгс эзэмших судрын шигтгээ зураг
Төгс эзэмших судар—1 Коринт 15:20–22

Суралцагчдад 1 Коринт 15:20–22 дахь сургаалыг мэддэг байх нь тэднийг бусдад туслахад хэрхэн бэлтгэхийг ойлгоход туслахын тулд хайртай хүнээ алдсан хэн нэгний талаар бодоход урь. Суралцагчдаас хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ энэ сургаалын ойлголтоо ашиглан уг хүнд заах мөн түүнийг тайвшруулах богино захидал бичихийг хүс. Цөөн суралцагчийг бичсэн зүйлээ ангийнхантай хуваалцахад урь.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

1 Коринт 15:20. “Чухамдаа Христ үхэгсдээс амилуулагдсан юм”

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон Есүс Христ амилсан гэдэгт итгэж байвал бид амилуулагдана гэдгийг заасан.

“Хэрэв Есүс үнэхээр амилсан л юм бол Тэр бурханлаг биетэй гэдгийг энэ нь зайлшгүй нотолно. Ямар ч мөнх бус бие үхсэний дараа өөрийгөө амилуулах хүчгүй. Есүс амилсан учраас ердийн нэг мужаан, багш, рабби эсвэл бошиглогч биш болж таарлаа. Тэр амилсан учраас л Бурхан, бүр Эцэгийн Төрсөн Ганц Хүү байх учиртай.

Тиймээс Түүний заасан зүйлс үнэн; Бурхан худлаа ярьдаггүй.

Тиймээс Өөрийнх нь хэлсэнчлэн Тэр бол дэлхийн Бүтээгч.

Тиймээс Түүний заасанчлан диваажин болон там нь үнэн бодитой юм.

Тиймээс сүнснүүдийн ертөнц гэж байдаг. Тэр нас барсныхаа дараа тэнд зочилсон.

Тиймээс тэнгэр элчүүдийн хэлснээр Тэр дахин ирж, ‘дэлхий дээр өөрийн биеэр хаанчлах болно.’

Тиймээс бүх хүний хувьд амилуулалт болоод эцсийн шүүлт байх болно” (“Есүс Христийн Амилалт,” Ensign, 113 эсвэл 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 132).

1 Коринт 15:22. “Христ дотор бүгд амьдруулагдах болно”

Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит бүх хүн амилуулагдах болно гэдгийг гэрчлэв.

“Энэ дэлхий дээр амьдраад нас барсан хэн ч амилуулалтаас үгүйсгэгдэхгүй. Шалтгаан нь үүнийг заадаг бөгөөд энэ нь шударга ёсны энгийн тал юм. Адам ганцаараа үхлийг авчирсны хариуцлагыг хүлээдэг, Их Эзэн өөр хэнд ч энэ хариуцлагыг тохоодоггүй. Шударга ёс нь үхлийг авчирсны хариуцлагыг хүлээгээгүй хүнд хариуцлага хүлээлгэхгүй, тиймээс Паулын тунхагласнаар ‘Адам дотор бүгд үхдэгчлэн, Христ дотор бүгд амьдруулагдах болно’” (Doctrines of Salvation, Брүс Р.Макконки, 3 боть [1954–1956], 2:274).