52-р хичээл
Лук 13–14
Оршил
Есүс наманчлал болон Бурханы хаант улсын талаар заан, Хүндэтгэлийн өдөр нэгэн хүнийг эдгээв. Тэрээр даруу байдал ба шавь байхын үнэ төлөөсийн талаар заахдаа сургаалт зүйрлэлүүд ашиглав.
Заах зөвлөмж
Лук 13:1–14:14
Есүс Хүндэтгэлийн өдөр нэгэн хүнийг эдгээж, даруу байдлын талаар болон ядуу зүдүү хүмүүсийг халамжлах тухай заав
Дараах жишээг чанга унш. Та хэдэн найзтайгаа хамт өдрийн хоолоо идэхээр сууж байсан бөгөөд тэд муухан хувцастай нэгэн сурагчийг ганцаараа сууж байхыг харжээ. Танай найзуудын нэг нь тэр суралцагчийн гадаад төрхийг бүдүүлгээр шүүмжилж, бусад найз тань шоолон инээлдэв.
Ийм нөхцөл байдалд ямар санагдах байсныг тунгаан бодоход суралцагчдыг урь.
-
Ийм нөхцөл байдалд та ямар арга замаар хандаж болох вэ?
Аврагч биднийг бодвол илүү золгүй хүмүүстэй харилцах талаар юу заасныг олж мэдэхийн тулд Лук 13–14-ийг уншихад суралцагчдыг урь.
Аврагч үр жимс өгөхгүй бол тасдан хаягдах инжрийн модны сургаалт зүйрлэлийг хэлсэн ба энэ нь хэрэв бид наманчлахгүй бол устгагдах болно хэмээн зааж байгаа гэдгийг тайлбарлан, Лук 13:1–14:6-г нэгтгэн дүгнэ. Тэрээр Хүндэтгэлийн өдөр нэгэн эмэгтэйг эдгээж, Бурханы хаант улсын тухай болон үүнд орохоор зөвшөөрөгдөх хүмүүсийн тухай заажээ. Мөн тэрээр ойртон ирж буй Иерусалимын устгалд гашуудав. Бид Лук 14:1–6-аас Аврагч Хүндэтгэлийн өдөр фарисайчуудын нэгэн удирдагчийн гэрт хоолонд уригдсан байсан гэдгийг уншдаг. Аврагч зоогноос өмнө усан хавангаас болж зовж буй нэгэн хүнийг эдгээжээ. Энэ өвчин нь хүний биеийг шингэнээр дүүргэж, хөөлгөдөг өвчин юм.
Суралцагчдыг хос болгон хуваарил. Хос бүрийн нэг суралцагчийг Лук 13:15–16-г, нөгөө суралцагчийг Лук 14:5–6-г дотроо уншихад урь. Энэ хүмүүсийг эдгээснээр Хүндэтгэлийн өдрийг зөрчсөн гэж Аврагчид дургүйцсэн фарисайчуудад өгсөн Түүний хариултыг олж мэдэхийг суралцагчдаас хүс. Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ хамтрагчтайгаа хуваалцахад урь.
Хангалттай хугацаа өгсний дараа ангийнханд дараах асуултыг тавь. Үүнд:
-
Ямар үг фарисайчуудын Хүндэтгэлийн өдөр мал амьтныхаа төлөө хийх зүйлсийг дүрслэн харуулж байна вэ? (Тэднийг хүлээснээс ангижруулж, худагнаас татан гаргах.)
-
Бид Хүндэтгэлийн өдрийг хүндэтгэн, ариунаар сахих тухай Аврагчийн үлгэр жишээнээс ямар сургамж авч болох вэ? (Хүндэтгэлийн өдөр тусламж хэрэгтэй хүмүүст үйлчлэх нь тохиромжтой. Хүмүүст биш амьтдад туслахыг зөвтгөсөн зарим фарисай хүний хандлагаас Аврагчийн зөв шударга үлгэр жишээ тэс өөр байсан.)
Аврагч усан хавангаас болж зовж буй хүнийг эдгээснийхээ дараа, гэрийн эзний ойролцоох хамгийн хүндтэй суудалд суун өөрсдийгөө өргөмжлөхийг хичээсэн зочдыг зэмлэсэн гэдгийг тайлбарлан, Лук 14:7–11-ийг нэгтгэн дүгнэ.
Нэг суралцагчийг Лук 14:12–14-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагуулж уншаад, Аврагчийг хоол зооглоход урьсан фарисай хүнд Тэр юу заасныг олж мэдэхийг хүс.
-
Аврагч энэ фарисай хүнд ямар зөвлөгөө өгсөн бэ?
-
Хүмүүс найз нөхөд, баян хөршүүдээ оройн зоогонд урьж болох ямар ямар шалтгаан байж болох вэ?
Аврагчийн үед тахир дутуу, хазгар доголон, сохор хүмүүс өөрсдийгөө тэжээх чадваргүй байсан учраас ядуу байсан гэдгийг тайлбарла. Зарим фарисай хүн эдгээр хүнийг дорд үздэг байсан (Лук 16:14–31-ийг үзнэ үү).
-
Өнөө үед хүмүүс бусдыг дорд үзэж болох ямар ямар шалтгаан байдаг вэ?
-
Бид өөрсдөөсөө боломжоор тааруу хүмүүст туслахыг хичээх талаар Лук 14:14-өөс ямар зарчим мэдэж авч болох вэ? (Хэрэв бид өөрсдөөсөө боломжоор тааруу хүмүүст туслахыг хичээх юм бол Их Эзэн амилуулалтын үеэр биднийг шагнах болно гэсэн зарчмыг суралцагчид тодорхойлж болно.)
Их Эзэн амилуулалтын үеэр биднийг шагнахаас гадна биднийг өөрсдөөсөө боломжоор тааруу хүмүүст туслахыг хичээх юм бол энэ амьдралд ч мөн адислах болно гэдгийг онцлон хэл.
-
Бид ямар ямар арга замаар боломжоор тааруу хүмүүст илүү тусалж болох вэ?
-
Та нар эсвэл та нарын таньдаг хэн нэгэн хэзээ өөрсдөөсөө илүү золгүй хүмүүст туслахыг хичээснээр адислагдаж байсан бэ?
Суралцагчдыг өөрсдөөсөө илүү золгүй хүмүүст тусалж болох арга замуудыг тунгаан бодоход урь. Тэднийг судрын тэмдэглэл эсвэл хичээлийн дэвтэр дээрээ өөрсдөөс нь илүү золгүй хүмүүст туслах зорилгоо бичихэд урамшуул.
Лук 14:15–35
Есүс их зоогийн тухай сургаалт зүйрлэл хэлж, шавь байхын үнэ төлөөсийн талаар заав
Суралцагчдыг Есүс Христийн шавь нарын хувьд золиослох мөн орхихыг өөрсдөөс нь хүсэж болох зарим зүйлийг самбар дээр бичихэд урь.
-
Хэн нэгний эдгээр золиослолоос зайлсхийхийн тулд ашиглаж болох ямар ямар шалтаг байж болох вэ?
Ангийнхныг Лук 14-ийг үргэлжлүүлэн судалж байхдаа Есүс Христийн шавь нараасаа шаарддаг зүйлсийн тухай заасан зарчмуудыг олж мэдэхэд урь.
Аврагч зоогонд ядуу зүдүү хүмүүсийг урихыг фарисай хүнд зөвлөсний дараа, өрөөнд байсан нэг хүн Түүнд “Бурханы хаанчлалд талх идэх хүн бүр ерөөлтэй еэ” (Лук 14:15) гэж хэлжээ. Аврагч хариуд нь их зоогийн тухай сургаалт зүйрлэл хэлэв.
Суралцагчдыг хичээлийн эхэнд хос болсон хамтрагчтайгаа Лук 14:16–24-ийг чанга уншихад урь. Хос бүрийн нэг суралцагчаас сургаалт зүйрлэл дэх хүмүүсийн хүлээн авсан урилгыг олж мэдэхийг хүс. Нөгөө суралцагчаас урилгыг эсэргүүцсэн хүмүүсийн хэлсэн шалтгуудыг олж мэдэхэд урь. Хангалттай хугацаа өгсний дараа ангийнханд дараах асуултыг тавь. Үүнд:
-
Есүс Христийн сайн мэдээ хэрхэн их зоогтой адил байдаг вэ? (Сайн мэдээ нь бидэнд зориулан бэлтгэгдсэн бэлэг юм; энэ нь биднийг дүүргэж, бидний хэрэгцээг хангадаг; биднийг үүнээс хүртэхэд урьсан; бид үүнээс хүртэх урилгыг хүлээн авч эсвэл эсэргүүцэж болно гэх мэт хариултууд ирж болно.)
-
Их зоогонд ирэх урилгыг эсэргүүцсэн хүмүүс ямар ямар шалтаг хэлсэн бэ?
-
Эдгээр шалтаг нь тэр хүмүүсийн эн тэргүүнд тавьдаг зүйлсийн талаар юуг харуулж байна вэ?
24-р шүлэгт өгүүлснээр бусад зүйлийг Их Эзэнээс болон Түүний сайн мэдээнээс дээгүүр тавьснаар ямар үр дагавар ирэх вэ? (Хэрэв бид бусад зүйлийг Их Эзэн, Түүний сайн мэдээнээс дээгүүр тавих юм бол хүлээн авч болох байсан адислалуудаа алдах болно гэсэнтэй адил зарчмыг суралцагчид тодорхойлж болно.)
Суралцагчдыг Есүс Христийн шавь нарын хувьд өөрсдөөс нь шаардаж болох золиослолуудыг самбар дээрээс харахад урь.
-
Хэрэв бид эдгээр золиослолыг гаргахыг хүсэхгүй бол ямар ямар адислал алдаж болох вэ?
Аврагч энэ сургаалт зүйрлэлийг заасныхаа дараа шавь нараасаа шаарддаг зүйлсийнхээ талаар хурсан олонд ярьсан гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг Лук 14:25–27-г чанга уншихад урь. Түүнд Иосеф Смитийн Орчуулгын 26-р шүлгийг (Лук 14:26, зүүлт тайлбар б) мөн 27-р шүлгийг (Лук 14:27, зүүлт тайлбар б) уншихыг зааварла. Ангийнхнаас шүлгийг дагуулж уншаад, Аврагч шавь нартаа юуг хийхэд бэлэн байх ёстой хэмээн заасныг олж мэдэхийг хүс.
-
Аврагч шавь нартаа юуг хийхэд бэлэн байх ёстой хэмээн хэлсэн бэ?
Үзэн ядах хэмээн орчуулсан грек үгийн өөр нэг тодорхойлолт нь “өчүүхэн хайрлах” (James Strong, The Exhaustive Concordance of the Bible [1890], “misĕō,” 48) гэдгийг тайлбарла. Аврагч гэр бүлээ эсвэл бүр өөрийгөө Түүнээс илүү хайрлах ёсгүй хэмээн шавь нартаа тайлбарласан юм (мөн Матай 10:37-г үзнэ үү). Загалмайгаа үүрэх гэдэг нь цовдлохыг хэлж байгаа бөгөөд Өөрийнхөө амийг бидний төлөө өргөсөн Христийн төлөө амьдралаа зориулахад шаардлагатай хүсэл эрмэлзлийг мөн хэлдэг (мөн Иосеф Смитийн Орчуулга, Матай 16:26 [Матай 16:24, зүүлт тайлбар д]-г үзнэ үү).
-
Бид Есүс Христийн шавь байх тухай ямар үнэнийг эдгээр шүлгээс мэдэж авч болох вэ? (Суралцагчид өөр өөр үнэнийг тодорхойлж болох ч Есүс Христийн шавь нар Түүнийг дагахын тулд бүх зүйлийг золиослоход бэлэн байх ёстой гэсэнтэй төстэй үнэнийг олж тогтоосон эсэхийг бататга. Та суралцагчдыг энэ үнэнийг судрын захын зайн дээрээ Лук 14:25–27-ийн хажууд бичихэд урьж болно.)
-
Есүс Христийн шавь нар яагаад Түүнийг бүх зүйлээс дээгүүр, бүр гэр бүлийн гишүүдээс мөн өөрсдийнхөө амьдралаас дээгүүр тавихад бэлэн байх хэрэгтэй гэж та нар бодож байна вэ?
Самбар дээр санаагаа төвшитгө (27-р шүлэг, зүүлт тайлбар б) гэх үгсийг бич.
-
“Санаагаа төвшитгө” гэдэг нь юу гэсэн үг гэж та нар бодож байна вэ? (Төвшитгөх гэдэг нь ямар нэгэн зүйлийг нэг мөр шийдвэрлэх эсвэл шийд гаргах гэсэн үг гэдгийг тайлбарла.)
-
Аврагч биднийг сэтгэл санаандаа юуг төвшитгөөсэй хэмээн хүсдэг вэ?
-
Бид Иосеф Смитийн Орчуулга Лук 14:27-оос ямар зарчим мэдэж авч болох вэ? (Бид Есүс Христийн бидэнд заасан мөн зарлигласан зүйлсийг хийхээр зүрх сэтгэлдээ шийдэх үедээ Түүний шавь нар болдог гэсэнтэй төстэй зарчмыг суралцагчид тодорхойлох хэрэгтэй.)
Суралцагчдад Далын ахлагч Ларри В.Гиббонсын хэлсэн дараах үгийг хувилж өг. Нэг суралцагчийг энэ үгийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагуулж уншаад, бид энэ зарчмаар амьдрахын тулд юу хийж болохыг олж мэдэхийг хүс.
“Та нар амьдралдаа аливаа зүйлсийг эн тэргүүнд тавьж эхлэхдээ энэ амьдрал дахь цорын ганц жинхэнэ аюулгүй байдал бол зарлигуудын дагуу амьдрах гэдгийг санаарай. …
Нэг л удаа шийдвэр гаргаад амьдралынхаа эрт залуу үед шударга, үнэнч байдал, ариун явдал, мэргэн ухааны үг, ариун сүмийн гэрлэлт зэрэгтэй холбоотой юуг хийх мөн юуг хийхгүй байхаа шийднэ гэдэг ямар гайхамшигтай зүйл гээч.
“Ах, эгч нар аа, давчуу бөгөөд шулуун зам дээрээ явагтун. Үгүй ээ, давчуу бөгөөд шулуун замын гол хэсгээр явагтун. Зорилгогүй, хүсэл тэмүүлэлгүй, хэнэггүй байж болохгүй. Анхааралтай сэргэг бай.
… Зарлигуудын дагуу амьдрах нь олон хүний бусад газраас эрж хайдаг аз жаргалыг танд авчрах болно” (“Wherefore, Settle This in Your Hearts,” Ensign эсвэл Liahona, 2006 оны 11-р сар, 103, 104).
-
Та нарын дагахаар баттай шийдсэн ямар зарлиг байдаг вэ? Та нар уг зарлигийг дуулгавартай дагах шийдвэрийг гаргаснаар хэрхэн адислагдаж байсан бэ?
Суралцагчдыг “шударга байдал, даруу хувцаслалт, ариун явдал, мэргэн ухааны үг, ариун сүмийн гэрлэлт зэрэгтэй холбоотой юуг хийх мөн юуг хийхгүй байхаа” зүрх сэтгэлдээ шийдэхэд урамшуулан дэмж. Та суралцагчдыг шийдвэрээ хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ бичихэд урьж болно.
Аврагч шавь байх тухай эдгээр зарчмыг заасныхаа дараа хоёр адилтгал хэлсэн гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг Лук 14:28–30-ийг, өөр нэг суралцагчийг Лук 14:31–33-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагуулж уншаад, эдгээр хоёр адилтгал юуг харуулж байгааг бодож үзэхийг хүс.
-
Эдгээр хоёр адилтгал юуг харуулж байна гэж та нар бодож байна вэ?
Энэ хоёр адилтгал нь дуусгаж чадах эсэхээ шийдэхийн тулд хийж эхлэхээсээ өмнө тооцоолох, шийдэхийн ач холбогдлыг мөн үйлдлийн үнэ цэнийг харуулж байгаа гэдгийг тайлбарла. Аврагч дагалдагчдаасаа эцсээ хүртэл Түүний шавь байхын тулд шаардлагатай аливаа золиослолыг хийхэд бэлэн эсэхээ анхааралтай бодож үзэхийг хүссэн юм. (Мөн Иосеф Смитийн Орчуулга, Лук 14:31 [Лук 14:30, зүүлт тайлбар a]-г үзнэ үү.)
Суралцагчдаас самбар дээрх золиослолуудын жагсаалтыг дахин нэг бодож үзэхийг хүс. Цөөн суралцагчийг Есүс Христийн шавь нарын хувьд яагаад эдгээр золиослолыг хийхэд бэлэн байгаа эсэхээ тайлбарлахад урь.
Суралцагчдыг энэ бүлэг дэх Аврагчийн сургаалын энгийн товч хураангуйллыг агуулдаг 33-р шүлгийг тэмдэглэж авахад урих талаар бодож үз. Ярилцсан үнэнийнхээ талаар гэрчил.