Номын сан
152-р хичээл: Илчлэлт 2–3


152-р хичээл

Илчлэлт 2–3

Оршил

Иохан Бага Ази дахь Сүмийн цуглаануудын долоон тэнгэр элч буюу үйлчлэгчдэд хандан бичиж, Их Эзэний гэгээнтнүүдэд өгсөн сайшаал, залруулга, анхааруулгыг дамжуулсан. Үүндээ Иохан бас ялан дийлэх хүмүүст өгөгдөх өргөмжлөлийн амлалтыг багтаасан.

Заах зөвлөмж

Илчлэлт 2–3

Иохан Есүс Христийн үгсийг долоон сүмийн удирдагчдад бичив

Нэг суралцагчийг Хүүхдийн хэсгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн асан Сиднэй С.Рэйнолдс эгчийн дараах тэмдэглэлийг уншихад урь. Ангийнхнаас энэ тэмдэглэлээс Их Эзэний талаар юу суралцаж болохыг олж сонсохыг хүс.

Зураг
Сиднэй С.Рэйнолдс

“Хүүхдийн хэсгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн Гэйли Клэгг эгч нөхөртэйгөө хамт Бразилд нэлээд хэдэн жил амьдарчээ. Саяхан тэрээр Япон руу Хүүхдийн хэсгийн томилолтоор явсан. Тэр ням гарагт ариун ёслолын танхимд орж ирэх үедээ япон гэгээнтнүүдийн дунд нэгэн бразил гэр бүл байхыг анзаарчээ. … Түүнд тэдэнтэй мэндлэх ганцхан минут байсан юм. Тэр ээж болон хүүхдүүд нь маш урам зоригтой, харин аав нь чимээгүйхэн байхыг анзаарсан байна. ‘Би цуглааны дараа тэдэнтэй уулзах боломжтой’ гэж бодоод, индэр рүү хурдхан даган явав. Түүний англи хэл дээр хэлсэн үгсийг япон хэл рүү орчуулж байсан хэдий ч дараа нь гэрчлэлээ португаль хэл дээр хуваалцах мэдрэмж төрсөн байна. Португаль хэлний ямар ч орчуулагч байхгүй мөн хүмүүсийн 98 хувь нь түүний юу хэлснийг ойлгохгүй болохоор тэр эргэлзэж байжээ.

“Цуглааны дараа бразил аав түүн дээр ирээд, ‘Эгч ээ, эндхийн ёс заншил их өөр. Би маш их ганцаардаж байсан. Сүмд ирээд юу ч ойлгохгүй байх хэцүү байдаг. Заримдаа би гэртээ судраа уншаад байж байсан нь дээр байх гэж боддог. Би эхнэртээ “Би дахиад нэг боломж өгье” гэж хэлээд, хамгийн сүүлийн удаа гэж бодон өнөөдөр ирсэн юм. Таныг португалиар гэрчлэлээ хуваалцах үед Сүнс миний зүрх сэтгэлд хүрч, энэ бол миний харьяалагддаг газар мөн гэдгийг би мэдсэн. Бурхан намайг энд байгааг мэддэг мөн Тэр надад туслах болно’ гэж хэлжээ” (“He Knows Us; He Loves Us,”Ensign эсвэл Liahona, 2003 оны 11-р сар, 76).

  • Бид энэ явдлаас Их Эзэний тухай юу мэдэж авч болох вэ?

Их Эзэн биднийг нэг бүрчлэн мэддэг учраас … гэсэн гүйцэд бус өгүүлбэрийг самбар дээр бич. Суралцагчдыг Илчлэлт 2–3-ыг судалж байхдаа Их Эзэн тэднийг мэддэг учраас тэдний төлөө юу хийж чадахыг ойлгоход нь туслах үнэнийг олж мэдэхэд урь.

Илчлэлт 2–3 нь төлөөлөгч Иоханы Бага Ази дахь (орчин үеийн Турк) долоон сүмийн цуглаанд өгсөн Есүс Христийн үгсийн цэдгийг агуулдаг гэдгийг тайлбарла.

Нэг суралцагчийг Илчлэлт 2:1–3; 6-г чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Их Эзэн Ефесийн гэгээнтнүүдийн талаар юу мэдэж байсныг олж мэдэхийг хүс.

  • Их Эзэн Ефесийн гэгээнтнүүдийн талаар юу мэдэж байсан бэ? (Николайчууд [6-р шүлэг] гэдэг нэр томьёо нь Бурханы нигүүлсэл тэднийг аврах учраас бэлгийн харьцааны гэм нүглийг шийтгэхгүй үйлдэж болно гэж тунхагладаг гишүүд бүхий бүлгийг нэрлэсэн байж болно гэдгийг тайлбарла [Bible Dictionary, “Nicolaitans”-ийг үзнэ үү].)

Эдгээр шүлэг Их Эзэн гэгээнтнүүдийг сайн үйлсийнх нь төлөө сайшааж, магтсаныг цэдэглэсэн байгааг онцлон хэл. Самбар дээрх өгүүлбэрийг гүйцээж бичин, Их Эзэн биднийг нэг бүрчлэн мэддэг учраас биднийг хувь хүний хувьд магтан сайшаадаг … гэсэнтэй адил болго.

Нэг суралцагчийг Илчлэлт 2:4–5-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Их Эзэн Ефесийн гэгээнтнүүдийн талаар өөр юу мэдэж байсныг олж мэдэхийг хүс.

  • Их Эзэн Ефесийн гэгээнтнүүдийн талаар өөр юу мэдэж байсан бэ?

Их Эзэн гэгээнтнүүдийн нүглийн улмаас тэдэнд засаж залруулах боломж өгч байсныг онцлон хэл. Самбар дээрх өгүүлбэрийг Их Эзэн биднийг нэг бүрчлэн мэддэг учраас хувь хүний маань хувьд магтан сайшааж, засаж залруулдаг гэсэн зарчмыг тусгасан байж болохоор гүйцээж бич.

  • Их Эзэнээс хувийн сайшаал, залруулга хүлээн авч болох өөр ямар ямар арга зам байдаг вэ?

  • Их Эзэн биднийг хувь хүний хувьд магтан сайшааж, засаж залруулдаг гэдгийг мэдэх нь бидний хувиараа судраас судлах болон залбирах хандлагад хэрхэн нөлөөлж болох вэ? Энэ нь Сүмийн удирдагчид, эцэг эхийнхээ зөвлөгөөнд хандах бидний хандлагад хэрхэн нөлөөлж болох вэ?

  • Бид яагаад Их Эзэнээс хувийн сайшаал, залруулгыг хүлээн авахыг эрэлхийлэхээр хүчин чармайлт гаргах ёстой вэ?

  • Та хэзээ Их Эзэн танд хувийн сайшаал, залруулга өгч байгааг мэдэрсэн бэ? Энэ туршлага Их Эзэн таныг биечлэн мэддэг гэдгийг мэдэхэд хэрхэн тусалсан бэ? (Суралцагчдад хэт хувийн чанартай эсвэл ариун нандин туршлагаасаа хуваалцахгүй байхыг анхааруул.)

Суралцагчдыг Их Эзэн тэдний ямар үйлдлийг сайшааж болохыг мөн түүнчлэн ямар бодол эсвэл зан авирыг засаж залруулж болохыг тунгаан бодоход урь. Их Эзэн тэднийг залруулах үед наманчлах зорилго тавихад суралцагчдыг урамшуулан дэмж.

Нэг суралцагчийг Илчлэлт 2:7-г чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Их Эзэн эцсийг хүртэл итгэлтэй байж, ялан дийлсэн эсвэл тэвчсэн хүмүүст юу амласныг олж мэдэхийг хүс.

  • Их Эзэн ялан дийлдэг эсвэл зөв шударга байдалд эцсээ хүртэл тэвчдэг хүмүүст юу амласан бэ?

  • “Амийн модноос идэх” гэдэг нь юу гэсэн утгатай гэж та нар бодож байна вэ? (7-р шүлэг).

  • Ефесийн гэгээнтнүүдэд хувийн залруулга хүлээн авсныхаа дараа энэ амлагдсан адислалыг сонсох нь хэр тустай байсан бэ?

Их Эзэн Ефесийн Сүмийн цуглааныханд хандаж үг хэлснээс гадна Бага Ази дахь Сүмийн бусад цуглаанд хандаж үг хэлсэн гэдгийг суралцагчдад сануул.

Ангийг таван бүлэг болгон хуваагаад, бүлэг бүрд дараах судрын хэсгийг өг.

  1. Илчлэлт 2:8–11

  2. Илчлэлт 2:12–17

  3. Илчлэлт 2:18–29; Иосеф Смитийн Орчуулга, Илчлэлт 2:26–27 (Мормоны Номын хавсралт)

  4. Илчлэлт 3:1–6; Иосеф Смитийн Орчуулга, Илчлэлт 3:1 (Илчлэлт 3:1, зүүлт тайлбар а); Иосеф Смитийн Орчуулга, Илчлэлт 3:2 (Илчлэлт 3:2, зүүлт тайлбар а)

  5. Илчлэлт 3:7–13

Суралцагчдыг бүлгээрээ оноогдсон шүлгүүдээ уншаад, Их Эзэн гэгээнтнүүдэд юу хий хэмээн зөвлөснийг мөн тийнхүү үйлдвээс тэднийг хүлээн авна хэмээн амласан адислалуудыг нь олж мэдэхэд урь.

Хангалттай цаг гаргаж өгсний дараа бүлэг бүрээс нэг гишүүнийг гарч ирэн, олж мэдсэн зүйлээ тайлагнахыг хүс. Нэг суралцагчийг бүлэг тус бүрийн олж тогтоосон амлагдсан адислалыг (Илчлэлт 2:7-оос доош амлагдсан адислал) самбар дээр бичихэд урь (Илчлэлт 2:11, 17, 26; 3:5, 12-ыг үзнэ үү). Жагсаалтыг бичиж дууссаны дараа эдгээр амлалт бүр нь бидний эцсийг хүртэл итгэлтэй тэвчих байдал дээр тулгуурладаг өргөмжлөлийн адислалыг хүлээн авахыг хэлж байгааг онцлон хэл.

  • Бид өргөмжлөлийн адислал хүлээн авахын тулд юу хийх ёстой талаар эдгээр шүлгээс ямар зарчмыг олж тогтоож болох вэ? (Суралцагчдад Хэрэв бид ялан дийлж чадах юм бол өргөмжлөлийн адислал хүлээн авч чадна гэсэнтэй төстэй зарчмыг олж тогтооход тусал.)

  • Бид өргөмжлөлийн адислал хүлээн авахын тулд юуг даван туулах хэрэгтэй гэж та нар бодож байна вэ?

Нэг суралцагчийг Илчлэлт 3:14–17-г чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Лаодикийн Сүмийн гишүүдийн өргөмжлөл хүлээн авахын тулд даван туулах шаардлагатай байсан нөхцөл байдлыг олж мэдэхийг хүс.

  • Лаодикийн Сүмийн гишүүд ямар нөхцөл байдлыг даван туулах шаардлагатай байсан бэ?

  • Энэ Сүмийн гишүүд Есүс Христийн бүлээвтэр шавь нар байсан гэдэг нь юу гэсэн утгатай гэж та нар бодож байна вэ? (15-р шүлэг). (Халуун гэдэг үгийг сайн мэдээнд бүрэн дүүрэн итгэлтэй, шийдвэр төгс нэгнийг, харин хүйтэн гэдгийг сайн мэдээний сургаал, гэрээнүүдийг бүхэлд нь үл тоомсорлодог нэгнийг тодорхойлоход ашигласан байж болох юм. Бүлээвтэр шавь нь сайн мэдээг үнэн гэдэгт итгэдэг боловч үүний дагуу амьдрахаар бүрэн шийдээгүй нэгэн байж болно.)

  • Таны бодлоор бол Есүс Христийн бүлээвтэр шавь нарын хийж болох мөн хийхгүй байж болох ямар ямар зүйл байна вэ?

Суралцагчдыг сүүлийн хэдэн өдөр Есүс Христийг дагахын тулд юу хийсэн тухай мөн Есүс Христийн халуун, хүйтэн эсвэл бүлээвтэр шавийн аль нь вэ гэдгээ бодоход урь.

Нэг суралцагчийг Илчлэлт 3:19-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Их Эзэн ямар шалтгаанаар Лаодикийн гэгээнтнүүдийг засаж залруулж байна гэж хэлснийг олж мэдэхийг хүс.

  • Их Эзэний Лаодикийн гэгээнтнүүдэд хэлснээс харахад, Тэр яагаад биднийг засаж залруулдаг вэ? (Суралцагчдад Их Эзэн бидэнд хайртай учраас биднийг засаж залруулдаг ба тэгснээр бид наманчилдаг гэсэнтэй төстэй үнэнийг олж тогтооход тусал.)

Зураг
Есүс үүдэн дээр

Есүс үүдэн дээр зургийг үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга [2009 он], д. 65; мөн LDS.org-оос үзнэ үү).

  • Энэ зурган дээр Аврагч юу хийж байна вэ?

Дараах асуултуудыг чанга уншаад, суралцагчдыг хариултаа чимээгүйхэн тунгаан бодоход урь.

  • Та гэрийн чинь хаалгыг тогшихыг сонсоод, Аврагч тогшсоныг мэдсэн бол ямар мэдрэмж төрөх вэ?

  • Та хаалгаа нээх үү?

Энэ зураг Лаодикийн Сүмд хандан хэлсэн Их Эзэний үгсийг харуулдаг гэдгийг онцол. Нэг суралцагчийг Илчлэлт 3:20-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Их Эзэн Лаодикийн гэгээнтнүүдэд санал болгосон адислал болон тэд үүнийг олж авахын төлөө юу хийх ёстой байсныг олж мэдэхийг хүс.

  • Их Эзэн Лаодикийн гэгээнтнүүдэд ямар ямар адислал санал болгосон бэ?

  • Тэд энэ адислалыг хүлээн авахын тул юу хийх хэрэгтэй байсан бэ?

  • Бид 20-р шүлгээс ямар зарчим мэдэж авч болох вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Бид Аврагчид хаалгаа нээвэл Тэр орж ирээд, бидэнтэй хамт хооллох болно гэсэн зарчмыг олж тодорхойлсон эсэхийг бататга.)

Суралцагчдад Аврагчтай хамт хооллох гэдэг нь юу гэсэн утгатайг ойлгоход туслахын тулд Ойрхи Дорнодын эртний заншлаар бол хэн нэгэнтэй хамт хоол иднэ гэдэг нь нөхөрлөлийн тэмдэг байсан гэдгийг тайлбарла. Энэ нь найрамдал, энх тайвны холбоо байгааг эсвэл наад зах нь байлгахаар санал болгосныг илэрхийлсэн.

  • Та нар 20-р шүлэгт дурдсан хаалгаа нээх гэдэг нь юуг төлөөлж байна гэж бодож байна вэ?

Аврагчид хаалгаа нээж, хамт хооллодог хүмүүс нь нүглүүдээ наманчилж, Түүнтэй болон бидний Тэнгэрлэг Эцэгтэй нөхөрлөсөн хүмүүс байдгийг тайлбарла.

Суралцагчдад хаалгаа нээх гэдэг нь юуг төлөөлж болохыг ойлгоход туслахын тулд нэг суралцагчаас ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбаллын хэлсэн дараах үгийг чанга уншихыг хүс.

Зураг
Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл

“Нэг өдөр [Холман Хант гэдэг зураач] ‘Христ хаалга тогшиж байгаа нь’ зургаа нэгэн найздаа үзүүлж байтал найз нь гэнэт уулга алдаад, ‘Чиний зурган дээр нэг зүйл буруу байна’ гэв.

‘Юу тэр вэ?’ гэж зураачийг асуухад

‘Есүсийн тогшиж байгаа хаалга нь бариулгүй юм байна’ гэж найз нь хариулав.

‘Аан’ гэж ноён Хант хариулаад ‘тэр бол алдаа биш. Энэ бол хүний зүрх сэтгэл рүү орох хаалга гэдгийг ойлгож байна уу. Энэ нь зөвхөн дотроосоо л онгойдог’ гэж хариулсан байна.

“Мөн энэ нь тийн болой. Есүс үүдэнд зогсоод тогшиж болно, харин онгойлгох эсэхээ бид дор бүрнээ шийддэг” (The Miracle of Forgiveness [1969 он], 212).

  • Бид Аврагчид хэрхэн зүрх сэтгэлээ нээж болно гэж та нар бодож байна вэ?

Суралцагчдыг Илчлэлт 3:21–22-ыг дотроо уншаад, Лаодикийн гэгээнтнүүдэд өгсөн Их Эзэний амлалт, зөвлөгөөг олж мэдэхэд урь.

  • 22-р шүлэгт цэдэглэснээр, Их Эзэн ямар зөвлөгөө өгсөн бэ?

Суралцагчдыг өнөөдөр суралцсан зүйлс дээрээ үндэслэн, “Сүнс юу айлддагийг” (22-р шүлэг) сонсоход урь. Тэднийг хүлээн авсан сэтгэгдлийнхээ дагуу үйлдэхэд урамшуулан дэмж.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Илчлэлт 2:1–3:22. Их Эзэний долоон сүмд өгсөн заавар

Их Эзэний долоон сүмийн цуглаанд өгсөн зааврын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Шинэ Гэрээний суралцагчийн гарын авлага-аас үзнэ үү (Сүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2014 он), 531–532.

Илчлэлт 2:11. “Хоёр дахь үхэл”

Илчлэлт 2:11-д итгэлтэй нь ‘хоёр дахь үхлээр хохирохгүй’ гэж заадаг. Гэсэн хэдий ч хорон муу ‘тэдэнд оногдох хувь нь хоёр дахь үхэл буюу хүхэр, галаар шатаж буй нуурт байна’ (Илчлэлт 21:8). Ахлагч Өөрл С.Тингий Далын ерөнхийлөгчийн зөвлөлд үйлчилж байхдаа ‘хоёр дахь үхэл нь сүнсний үхэл юм. Энэ нь Бурханы оршихуйгаас тусгаарлагдахыг хэлдэг’ гэж тайлбарласан” (‘The Great Plan of Happiness,’ Ensign эсвэл Liahona, 2006 оны 5-р сар, 73).

“Нэг утгаараа бол бид Бурханы оршихуйг орхиж, дэлхийд ирэхдээ бүгдээрээ сүнсний үхлийг амссан. Гэсэн хэдий ч энэ анхны тусгаарлалт нь Илчлэлт 2:11 дээр дурдсан ‘хоёр дахь үхэл’ биш юм. Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан Бурханы бүх хүүхэд энэхүү анхны сүнслэг үхлийг даван туулаад, шүүгдэхээр Бурханы оршихуйд буцаан авчрагдах болно (Хиламан 14:16–17). Дараа нь ихэнх хүн алдар суугийн хаант улсыг өвлөн авна. Хоёр дахь сүнслэг үхэл нь нүглүүдээ наманчлахаас татгалзсан мөн Сатан шиг сайн мэдээний гэрэл, үнэний эсрэг санаатай эсэргүүцсэн хүмүүст шүүлтийн өдөр оноогдох болно [С ба Г 29:44–45; Судруудын удирдамж ‘Сүнсний үхэл,’ scriptures.lds.org-ийг үзнэ үү]. Тэд мөнхөд Бурханаас тусгаарлагдаж, мөхлийн хөвгүүд болох болно (С ба Г 76:30–37, 44-ийг үзнэ үү)” (Шинэ Гэрээний суралцагчийн гарын авлага [Сүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2014 он], 534).

Илчлэлт 2:14. “Балаамын сургаал”

“Балаам нь Хуучин Гэрээний бошиглогч бөгөөд түүний үйл хэргийг Тоолол 22–24; 31:16 дээр цэдэглэсэн байдаг. Тэрээр эхэндээ Израилийг хараах гэсэн Балакийн хүсэлтээс удаа дараа татгалзаж, Их Эзэнд болон Түүний хүмүүст үнэнч болж харагдсан. Гэсэн хэдий ч Балаам эцэстээ Балакийн эд баялагт татагдаж, Израилийн армийг бэлгийн харьцааны нүгэл, хиймэл шүтээнээр дамжуулан хэрхэн сулруулахыг Балакт заасан (Тоолол 25:1–5; 31:13–16-г үзнэ үү). Уг төлөвлөгөөнд моаб эмэгтэйчүүд Израилийн эрчүүдийн толгойг эргүүлэх, тэднийг буруу номын бурхдад тахил өргөхөд ятгах, тийнхүү тэднийг сүнслэгээр устгах зэрэг нь багтаж байсан (Шинэ Гэрээний суралцагчийн гарын авлага [Сүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2014 он], 534).

Илчлэлт 2:17. “Нууцалсан манна” болон “цагаан чулуу”

“Их Эзэн Израилийн хүүхдүүдийг аглаг буйдад 40 жил амьдрах үед нь амьдралыг тэтгэгч маннагаар хангасан (Египетээс гарсан нь 16:15, 35-ыг үзнэ үү). Манна бие махбодын амийг тэтгэдэг шиг Есүс Христ сүнсний амьдралыг тэтгэдэг ‘амийн талх’ (Иохан 6:35, 48) юм. Илчлэлт 2:17-д дурдсан ‘нууцалсан манна’ гэж Есүс Христийг хэлдэг. Есүс нь ёс бусчуудаас ‘нууцлагдсан.’ Гэхдээ Иохан 6-д зааснаар, Түүний махан биеийг бэлгэдлээр хүртэгчид мөнх амьдралыг хүлээн авах болно (Иохан 6:47–58-ыг үзнэ үү). …

Цагаан чулууны илчлэгдсэн утгыг мэдэхийн тулд Сургаал ба Гэрээ 130:8–11-ийг үзнэ үү,” (Шинэ Гэрээний суралцагчийн гарын авлага [Сүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2014 он], 535).

Илчлэлт 2:28. “Би түүнд үүрийн цолмонг өгнө”

‘Үүрийн цолмон’ нь Есүс Христийн бэлгэ тэмдэг юм (Илчлэлт 2:28; 22:16). Амлагдсан ‘үүрийн цолмон’ нь ‘ялагч ба миний үйл хэргийг эцэс хүртэл хамгаалах хүнд өгөгдөнө’ (Илчлэлт 2:26)” (Шинэ Гэрээний суралцагчийн гарын авлага [Сүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2014], 535).

Илчлэлт 3:14. “Амен”

‘Амен’ гэдэг үг нь еврей ба грек хэл дээр үнэхээр, үнэнээр, итгэлтэй гэсэн утгатай. Илчлэлт 3:14 дээр агуу ‘Амен’ болох Христийн итгэлтэй, зөв шударга байдлыг лаодикчуудын бүлээвтэр шинж чанаруудтай сөргүүлэн жишсэн байдаг (Илчлэлт 3:15–16-г үзнэ үү). Залбирал эсвэл ярианы төгсгөлд ‘амен’ гэх нь хэлсэн эсвэл илэрхийлсэн зүйлтэй санал нэг байгааг бататгах нэг арга юм. Ахлагч Брүс Р.Макконки Аврагчийн ‘Амен’ гэдэг нэр нь ‘түүнд болон түүгээр дамжуулан Эцэгийн бүх амлалт дээр тэнгэрлэг нотолгооны тамга дарагддаг болохыг’ бас харуулдаг гэж заасан (Mormon Doctrine, 2nd ed. [1966], 32)” (Шинэ Гэрээний суралцагчийн гарын авлага [Сүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2014 он], 536).