Номын сан
Паулын коринтчуудад бичсэн эхний захидлын оршил


Паулын коринтчуудад бичсэн эхний захидлын оршил

Энэ номыг яагаад судлах хэрэгтэй вэ?

Тухайн үед Коринтод амьдарч байсан эртний Сүмийн гишүүдэд нэгдмэл бус байдал, хуурамч сургаал, ёс суртахуунгүй байдал зэрэг өнөөгийн дэлхийд байдаг шиг олон асуудал байсан. 1 Коринт дээрээс бид Паул эдгээр гэгээнтэнд Сүм дэх нэгдмэл байдлыг хэрхэн бэхжүүлэх, Бурханы зүйлсийн талаар хэрхэн суралцах, Ариун Сүнсний ариун сүм болох бие махбодын үүрэг, сүнслэг бэлгүүдийн мөн чанар, ариун ёслолоос зохистой хүртэх болон амилуулалтын бодит байдал зэргийн талаар мэдэж авдаг. 1 Коринт дахь Паулын заасан зүйлсийг судалснаар суралцагчид өөрсдийг нь хүрээлэх ёс бус байдлаас үл хамааран зөв шударга амьдрахад туслах сургаал, зарчмуудад суралцах боломжтой.

Энэ номыг хэн бичсэн бэ?

Коринтчуудад бичсэн эхний захидлын эхний шүлэгт уг захидлыг төлөөлөгч Паул болон түүний бичээчээр үйлчилж байсан байж болох Состен гэгч шавь нар илгээсэн болох нь тогтоогддог (1 Коринт 1:1-ийг үзнэ үү). Состены үүргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй ч Паул уг захидлын агуулгыг бичсэн хүн гэдэг нь тодорхой байдаг (1 Коринт 16:21–24-ийг үзнэ үү).

Үүнийг хэзээ, хаана бичсэн бэ?

1 Коринт гэх уг захидлыг Паул Ефест байсан (гурав дахь номлолдоо байхдаа) гурван жилийн буюу МЭ 55, 56 оны үед дууссан байх магадлалтай айлчлалынхаа төгсгөлд бичжээ (Үйлс 19:10; 20:31; Судруудын удирдамж, “Паулын захидлууд”).

Энэ номыг хэнд, ямар учраас бичсэн бэ?

Энэхүү захидлыг Коринт хотын Сүмийн гишүүдэд хандан бичсэн. Паул сайн мэдээг бараг хоёр жилийн турш (Үйлс 18:1–18-ыг үзнэ үү) Коринтод номлож, тэнд Сүмийн салбарыг байгуулсан байна (Судруудын удирдамж, “Паулын захидлууд”-ыг үзнэ үү). Хожим нь Паул гурав дахь номлолынхоо үеэр Ефест номлож байхдаа Коринтын Сүмийн гишүүдээс мэдээ хүлээн авчээ. Тэрээр уг салбарт хариу бичсэн ч (1 Коринт 5:9-ийг үзнэ үү) уг захидал алга болсон учраас бидний мэдэх сударт байдаггүй билээ. Хожим нь Паул Коринтын Сүмийн асуудлын талаар Сүмийн гишүүдээс өөр мэдээ хүлээн авсан (1 Коринт 1:11) ба үүнд хариулж өөр нэгэн захидал бичсэн нь бидний мэдэх 1 Коринт болжээ. Тиймээс 1 Коринт нь үнэндээ Коринтын гишүүдэд бичсэн Паулын хоёр дахь захидал юм.

Паулын үед Коринт нь Македоноос өмнө зүгт орших эртний Грекийн ихэнх хэсгийг хамарсан Ромын Акаяа аймгийн нийслэл байжээ. Баян чинээлэг наймаачдын төв болсон Коринт хот Ромын эзэнт гүрэн даяар хүмүүсийн анхаарлыг татдаг байснаас уг бүсийн хамгийн олон янзын хүмүүс бүхий хотуудын нэг байв. Хиймэл шүтээн шүтэх нь коринтчуудын түгээмэл шашны уламжлал байсан ба хотоор дүүрэн сүм, хийд байсан байна. Паулын тохинууллын үед коринтчууд ёс суртахуунгүй, зүй бус гэдгээрээ алдартай байв. Жишээ нь, олон хүний хэлснээр Афродитагийн ариун сүмд биеэ үнэлэх уламжлалт явдал байжээ.

Паулын коринтчуудад бичсэн эхний захидал нь Сүмийн гишүүд нэгдмэл бус байсныг мөн хиймэл бурхан шүтэх итгэл, зан үйл нь сайн мэдээний ёслол, зарчмуудыг дагахад нөлөөлж эхэлсэн болохыг тодорхой харуулдаг (1 Коринт 1:11; 6:1–8; 10:20–22; 11:18–22-ыг үзнэ үү). Паул Коринтын Сүмийн гишүүдийн асуулт болон асуудлыг шийдэхэд тусалж, урьд нь итгэдэг байсан зүйл, зан үйлээ орхиж чадахгүй байгаа хөрвөгчдийг хүчирхэгжүүлэхийн тулд захидлаа бичсэн.

Энэ ном ямар ямар онцлог талтай вэ?

Шинэ Гэрээ нь Сүмийн бусад салбараас илүү Коринтын гишүүдэд хандсан Паулын зөвлөмж болон заасан зүйлсийг багтаадаг. Үнэн хэрэгтээ Паулын коринтчуудад бичсэн хоёр захидал бичсэн бүх зүйлийнх нь дөрөвний нэг хэсэг болдог.

1 Коринтод Есүс Христ Мосегийн хуулийг гүйцэлдүүлснийг Паул тайлбарладаг талаар бид мэдэж авдаг. Паул сайн мэдээгээр дамжуулан авралын адислалыг хүртэхийн тулд “Христийн хууль дор” (1 Коринт 9:21) “Бурханы зарлигуудыг сахихын” ( Коринт 7:19) чухлыг онцолсон юм.

Тойм

1 Коринт 1–11 Паул Сүм дэх хагарал зөрөлдөөний эсрэг сэрэмжлүүлж, Сүмийн гишүүдийн нэгдмэл байдлын чухлыг онцолсон. Тэрээр гишүүдэд бэлгийн ёс суртахуунгүй байдлын эсрэг сэрэмжлүүлж, бие бол Ариун Сүнсний ариун сүм болохыг заан, хувийн сахилга баттай байхыг урамшуулсан. Тэрээр гэрлэлт болон номлогчийн үйлчлэл, ариун ёслолын ёслол, хиймэл бурхантай шашны шүтээнд өргөсөн махыг идэж болох эсэх тухай тодорхой асуултуудад хариулсан.

1 Коринт 12–14 Бид Сүнсний бэлгүүдийг эрэлхийлэх ёстойг Паул заав. Тэрээр Коринтын гэгээнтнүүдэд бошиглогч, төлөөлөгч, багш нарын ач холбогдол болон гишүүдийн бие биедээ тавих анхаарал халамжийн чухлыг сануулсан. Тэрээр бүх сүнслэг бэлгээс илүү энэрлийн чухлыг онцолсон.

1 Коринт 15–16 Амилсан Христийн гэрчүүд болох олон хүний нэг гэдгээ Паул гэрчлэв. Тэрээр бүх хүн амилуулагдах талаар болон нас барагсдын төлөөх баптисм нь ирээдүйн амилуулалтын үнэнийг баталдаг тухай заасан. Паул амилуулагдсан биес алдар суугаараа өөр өөр байхыг мөн булшийг ялсан Христийн ялалт үхлийн гашууныг зайлуулсан гэдгийг тайлбарласан. Паул Иерусалим дахь ядуу гэгээнтнүүдэд зориулан хандив зохион байгуулав.