103-р хичээл
1 Коринт 1–2
Оршил
Паул Коринтын Сүмийн гишүүдэд тулгарч байсан асуудлын талаар мэдсэнийхээ дараа эдгээр гишүүнд зөрчилдөөнийг үгүй болгож, нэгдэх тухай ухуулан бичсэн. Тэрээр түүнчлэн Бурхан сул дорой, номхон даруу хүмүүсийг Өөрийн Сайн мэдээг тунхаглуулахаар дууддаг мөн Бурханы зүйлсийг зөвхөн Сүнсээр дамжуулан ойлгож, мэдэж болно гэдгийг тайлбарласан.
Заах зөвлөмж
1 Коринт 1:1–16
Паул Коринтын гэгээнтнүүдэд зөрчилдөөнөө үгүй болгож, нэгдэхийг ухуулан бичив
Ангийнханд гэр бүл, спортын баг болон найзуудын зургийг үзүүл (эсвэл самбар дээр гэр бүл, спортын баг болон найзууд гэж бич).
-
Эдгээр бүлэг бүрд чухам юу зөрчилдөөн, хагарал үүсгэж болох вэ?
-
Тийм зөрчилдөөн, хагарал гэр бүл, баг болон найзуудад хэрхэн нөлөөлж болох вэ?
-
Сүмийн гишүүдийн дундах тийм зөрчилдөөн, хагарал Сүмд хэрхэн нөлөөлөх вэ?
Суралцагчдыг 1 Коринт 1-ийг судалж байхдаа Паулын Коринтын гэгээнтнүүдэд заасан зөрчилдөөн, хагарлын тухай үнэнийг олж мэдэхэд урь.
Суралцагчдыг Библийн хавсралтад байгаа Библийн газрын зургийн 13-р зураг, “Төлөөлөгч Паулын номлолын аяллууд”-ыг гаргаад, газрын зургаас Коринтыг олоход урь.
Нэг суралцагчийг дараах догол мөрийг чанга уншихад урь.
Паул хоёр дахь номлолын аяллынхаа үеэр Коринт гэдэг хотод очиж, сайн мэдээг тунхаглажээ. Тэр үед олон хүн баптисм хүртсэн юм (Үйлс 18:1–18). Хожим нь Паул Ефест номлож байхдаа Коринтын зарим хөрвөгч хиймэл шүтээн шүтэх үйлд болон өмнөх итгэл үнэмшилдээ эргэн орж байснаас Сүмийн гишүүдийн дунд асуудал үүссэн талаар олж мэдэв. Паул Коринтын Сүмийн гишүүдийг хүчирхэгжүүлж, Их Эзэнд үйлчлэх амлалтыг нь сануулахын тулд тэдэнд захидал бичсэн.
Нэг суралцагчийг 1 Коринт 1:1–2-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Паул Коринтын Сүмийн гишүүдэд хэрхэн хандсан талаар олж мэдэхийг хүс.
-
Паул Коринтын Сүмийн гишүүдэд хэрхэн хандсан бэ?
-
1-р шүлэгт цэдэглэснээр, Паул Сүмд ямар албан тушаалтай байсан бэ?
Паул Коринтын гэгээнтнүүдэд тэднийг төрөл бүрээр адисалсан, Есүс Христээр дамжуулан хүлээн авсан ач ивээлийнх нь төлөө Бурханд талархдагаа хэлснийг тайлбарлан, 1 Коринт 1:3–9-ийг нэгтгэн дүгнэ. Паул гэгээнтнүүдэд үг хэлж байхдаа Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр нь салангид тусгай биес гэдгийг тодорхойлон хэлснийг онцол (3-р шүлэг).
Нэг суралцагчийг 1 Коринт 1:10–11-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Паул Коринтын гэгээнтнүүдэд юу хийхийг ухуулсан тухай олж мэдэхийг хүс.
-
1 Коринт 1:10-т цэдэглэснээр, Их Эзэн биднээс Сүмийн гишүүдийн хувьд юу хийхийг хүсдэг вэ? (Суралцагчид Их Эзэн биднээс гэгээнтнүүдийн хувьд нэгдмэл байж, хагарал, зөрчилдөөнийг үгүй хийхийг хүсдэг гэсэнтэй төстэй зарчмыг өөрсдийн үгээр тодорхойлох ёстой.)
-
Бид Сүмийн гишүүдийн хувьд гэр бүл доторх хагарал, зөрчилдөөнийг арилгахын тулд юу хийж чадах вэ? Тойрогтоо юу хийж чадах вэ? (Суралцагчдын хариултыг самбар дээр бич.)
-
Бид нэгдмэл байж, зөрчилдөөнийг үгүй болгосноор ямар адислал хүлээн авах вэ?
-
Та нар анги, чуулга эсвэл тойрог, салбараараа нэгдмэл байснаар хэзээ адислагдаж байсан бэ?
Суралцагчдыг самбар дээрх хариултуудад анхаарал хандуулж, хагарал, зөрчилдөөнийг арилгах нэг аргыг сонгоод, хэрэгжүүлэх зорилго тавихад урамшуул.
Коринтын гэгээнтнүүд өөрсдөд нь хэн баптисм хүртээсэн гэдгээс болж бүлгүүдэд хуваагдаж байсныг тайлбарлан, 1 Коринт 1:12–16-г нэгтгэн дүгнэ. Өөрсдөд нь хэр чухал хүн баптисм хүртээсэн гэдгээс хамааран, Сүм дэх байр суурь нь тодорхойлогддог гэж тэд итгэж байсан учраас зөрчилдөж байв.
1 Коринт 1:17–31
Паул Бурхан Өөрийн сайн мэдээг тунхаглуулахаар сул доройчуудыг дууддаг хэмээн заав
Паулын үед Коринтод олон грек хүн амьдарч байсныг тайлбарла. Тэдгээр грек хүн гүн ухаан болон дэлхийн мэргэн ухааныг дээдэлдэг байв.
-
Яагаад дэлхийн гүн ухааныг дээдэлдэг хүнд сайн мэдээг хүлээн авах нь хэцүү байж болох вэ? (Та 2 Нифай 9:28-ыг уншиж болно.)
Суралцагчдыг 1 Коринт 1:17–31-ийг судалж байхдаа дэлхийн мэргэн ухаан алдаа гаргаж болдгийг ойлгоход туслах үнэнийг олж мэдэхэд урь.
Ангийг дөрвөн бүлэгт хуваарил. Дараах судрын эшлэлүүдийг бүлэг бүрд томилж өг. Үүнд: 1 Коринт 1:17–18; 1 Коринт 1:19–20; 1 Коринт 1:21–22 ба 1 Коринт 1:23–24. Суралцагчдыг бүлгээрээ эдгээр шүлгийг уншаад, Паул дэлхийн мэргэн ухаан болон Бурханы мэргэн ухааны талаар юу гэж хэлснийг олж мэдэхэд урь. 17-р шүлэгт буй “учир нь Христ намайг баптисм хүртээлгэхээр бус, … илгээсэн” гэдэг нь Паул хөрвүүлсэн хүнийхээ тоогоор алдар хүнд олж авах гэж илгээгдээгүй гэсэн санаа болохыг тайлбарла. Түүнчлэн та 19-р шүлэгт буй “мэргэдийн мэргэн ухаан,” 20-р шүлэгт буй “ертөнцийн мэргэн ухаан” гэдэг нь тухайн үеийн алдаа дутагдалтай, гүн ухааны уламжлалыг хэлж байгааг тайлбарлаж болно.
Хангалттай хугацаа өгсний дараа бүлэг бүрээс нэг суралцагчийг Паул Коринтын гэгээнтнүүдэд мэргэн ухааны талаар юу заасныг ангийнхандаа дүгнэн хэлэхэд урь. Бүлэг бүрийг хуваалцсаны дараа асуу.
-
Яагаад үл итгэгчид Есүс Христийн Цагаатгалын захиасыг мунхаг зүйлд тооцож байсан бэ?
Нэг суралцагчийг 1 Коринт 1:25-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Паул хүний мэргэн ухааныг Бурханы мэргэн ухаантай харьцуулан юу заасныг олж мэдэхийг хүс. Паул “Бурханы мунхаглал нь хүмүүсээс илүү ухаалаг,” “Бурханы мөхөс байдал нь хүмүүсээс илүү хүчирхэг” гэсэн үгсээр Бурханы туйлын мэргэн ухаан, хүч чадлыг илэрхийлж хэлснийг тайлбарла. Бурхан мунхаг биш бөгөөд Түүнд ямар ч сул дорой чанар байхгүй.
-
Паул хүний мэргэн ухааныг Бурханы мэргэн ухаантай харьцуулж, ямар үнэнийг заасан бэ? (Суралцагчдыг хариулсны дараа Бурханы мэргэн ухаан нь хүний мэргэн ухаанаас илүү агуу гэсэн үнэнийг самбар дээр бич.)
-
Энэ үнэнийг ойлгох нь асуудлууддаа шийдэл хайж байгаа хэн нэгэнд ямар арга замуудаар нөлөөлж болох вэ?
Нэг суралцагчийг 1 Коринт 1:26–27-г чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Бурхан Өөрийн сайн мэдээг тунхаглуулахаар хэнийг сонгодгийг олж мэдэхийг хүс.
-
Бурхан Өөрийн сайн мэдээг тунхаглуулахаар хэнийг сонгодог вэ?
-
Бурхан яагаад энэ дэлхийд мунхаг мөн сул доройд тооцогддог хүмүүсийг Өөрийн сайн мэдээг тунхаглуулахаар дууддаг гэж та нар бодож байна вэ?
1 Коринт 2
Бид Бурханы зүйлсийг хэрхэн сурдаг талаар Паул заав
Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэрын хэлсэн дараах үгийг чанга уншихад урь.
“Би нэг удаа онгоцоор аялахдаа нэгэн шашингүй үзэлтний дэргэд суусан ба тэр Бурханд итгэдэггүйгээ нотлохоор тун их хичээж байсан тул гэрчлэлээ хуваалцсан юм. ‘Чиний буруу, Бурхан байдаг’ гэж би хэлэв. Түүнийг амьд гэдгийг би мэднэ!
“Тэрээр ‘та мэдэхгүй шүү дээ’ хэмээн эсэргүүцэв. Хэн ч үүнийг мэдэхгүй. Та ч үүнийг мэдэж чадахгүй. Намайг бууж өгөхгүйг мэдээд, хуульч байсан тэрхүү бурхангүй үзэлтэн гэрчлэлийн талаар магадгүй хамгийн том асуултыг тавьсан юм. ‘За яахав, та мэднэ гэж хэлж болно’ хэмээн тэрээр ёжилсон, доромжилсон байдлаар хэллээ. Тэгвэл та яаж мэддэгээ надад хэлчих.’
“Хариулахыг оролдох үед маань хэдийгээр би эрдмийн дээд зэрэгтэй байсан ч түүнтэй харилцахад бэрх байв. …
Намайг сүнс болон гэрч гэж хэлэхэд тэр ‘би таны юу яриад байгааг ойлгохгүй байна’ гэлээ. Залбирал, ялган таних, итгэл зэрэг үгс түүнд ялгаагүй утгагүй зүйл байлаа. ‘Харж байна уу, та үнэхээр юу ч мэдэхгүй юм байна.’ Хэрэв та мэддэг байсан бол надад яаж мэддэгээ хэлж чадах байсан’ гэж тэр хэлэв.
Би үнэндээ … юу хийхээ мэдэхгүй байлаа” (“The Candle of the Lord,” Ensign, 1983 оны 1-р сар, 51).
-
Та нар уг бурхангүй үзэлтэнд юу гэж хэлэх байсан бэ?
Суралцагчдыг 1 Коринт 2-ыг судалж байхдаа яагаад энэ залуу ерөнхийлөгч Пакэрыг ойлгоогүйг мөн тэд сүнслэг зүйлсийн талаар өөрсдийн мэдлэгт яагаад итгэлтэй байж болохыг мэдэхэд нь тэдэнд туслах үнэнийг олж мэдэхэд урь.
Паул Коринтын гэгээнтнүүдийг сайн мэдээнд итгүүлэхийн тулд дэлхийн мэргэн ухааныг ашиглаагүй гэдгээ хэлснийг тайлбарлан, 1 Коринт 2:1–8-ыг нэгтгэн дүгнэ. Тэрээр тэднийг Бурханд итгэлтэй байлгаж болохын тулд Сүнсээр заажээ. Түүнчлэн Паул үл итгэгчид Бурханы нууцуудыг ойлгож чадахгүй гэдгийг тэдэнд хэлэв.
Хэд хэдэн суралцагчийг 1 Коринт 2:9–16-г ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, яагаад Паул зарим хүн “Бурханы гүн юмсыг” (10-р шүлэг) ойлгож, мэддэг байхад бусад нь чаддаггүй гэж хэлснийг олж мэдэхийг хүс.
-
9–10-р шүлэгт цэдэглэснээр, яагаад Паул болон бусад итгэлтэй хүн Бурханы зүйлсийг ойлгож чадаж байсан бэ?
-
14-р шүлэгт цэдэглэснээр, яагаад зарим хүн Бурханы зүйлсийг ойлгож чаддаггүй вэ?
-
Бид эдгээр шүлгээс Бурханы зүйлсийг хэрхэн мэдэж авч, ойлгох талаар ямар үнэнийг мэдэж болох вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Бид зөвхөн Ариун Сүнсээр дамжуулан Бурханы зүйлсийг мэдэж авч мөн ойлгож чадна гэсэн үнэнийг олж тогтоосон эсэхийг бататга.)
Ерөнхийлөгч Пакэрын түүхийг сануулан, тэрээр уг хүнээс давс ямар амттай байдгийг асуухаар сүнсээр өдөөгдсөн гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг ерөнхийлөгч Пакэрын хэлсэн үгийн үлдсэн хэсгийг чанга уншихад урь.
“Хэд хэдэн удаа оролдсон ч тэр тайлбарлаж чадахгүй байлаа. Тэрээр давс амтлах энгийн туршлагыг үгээр тайлбарлаж чадахгүй байв. Би түүнд дахин гэрчлэлээ хуваалцаж, ‘Би Бурхан байдаг гэдгийг мэднэ. Чи энэ гэрчлэлийг шоолж, хэрэв би үүнийг мэддэг байсан бол чамд яаж мэддэгээ хэлж чадна гэсэн шүү дээ гэж хэлсэн. Найз минь, сүнслэг байдлаар би давсыг амталж үзсэн. Чи давс ямар амттайг хэлсэн шиг, би энэ мэдлэгийг яаж олж авснаа чамд өөрөөр хэлж чадахгүй. Гэвч би чамд дахин хэлмээр байна, Бурхан байдаг! Тэр амьд! Чи өөрөө мэдэхгүй байгаа учраас надаар бас мэдэхгүй гэж хэлүүлэхийг бүү хичээ, учир нь би мэднэ.
Биднийг салах үед, би түүний ‘Надад танай шашин ер хэрэггүй! Надад огтхон ч хэрэггүй’ гэж хэлэхийг сонссон юм.
Тэр цагаас хойш, би сүнсээр мэддэг болсон бүх зүйлээ үгээр тайлбарлаж чадахгүй гэдэгтээ хэзээ ч ичиж байгаагүй” (“The Candle of the Lord,” 52).
Самбар дээр Бурханы зүйлс гэж бичээд, Бурханы Сүнсээр л мэдэж мөн ойлгох боломжтой ямар зүйлсийг Бурханы зүйлс гэдэг талаар суралцагчдаас асуу. Тэдний хариултыг самбар дээр бич.
-
Зөвхөн Түүний Сүнсээр дамжуулан Бурханы зүйлсийг мэдэж мөн ойлгож чадна гэдэгт итгэх нь бидний хувьд яагаад чухал вэ?
Суралцагчдыг самбар дээрх жагсаалт руу хандуулан, Бурханы эдгээр зүйлийн аль нэгийг Сүнсээр дамжуулан мэдэж мөн ойлгодог болсон туршлагаасаа хуваалцахад урь. Мөн та туршлагаасаа хуваалцахыг бодоорой.
Тэд Бурханы зүйлсийг мэдэж мөн ойлгохыг хичээхдээ Сүнсний тусламжийг эрэлхийлэхийн тулд юу хийж болох тухай бодоход суралцагчдыг урамшуул.
Хичээл дээр заагдсан үнэнүүдийн талаар гэрчлэлээ хуваалцсанаар хичээлээ дуусга.