Паулын Филемонд бичсэн захидлын оршил
Яагаад энэ номыг судлах хэрэгтэй вэ?
Филемон ном нь Филемоны боол Онесимын нөхцөл байдлын талаарх Паулын хувийн зөвлөгөөг агуулдаг. Суралцагчид энэхүү захидлыг судалж, хүмүүс Есүс Христийн Сүмд нэгдсэнээр сайн мэдээнд ах, эгч нар болдог талаар мэдэж авах болно (Филемон 1:16-г үзнэ үү). Мөн суралцагчид Есүс Христийн шавь нар бусдад өршөөл нигүүлсэл үзүүлэх ёстой гэсэн үүрэг хариуцлагын ач холбогдлыг ойлгох болно (Филемон 1:16–17-г үзнэ үү).
Хэн энэ номыг бичсэн бэ?
Паул энэ захидлыг Филемонд бичсэн (Филемон 1:1-ийг үзнэ үү).
Энэ номыг хэзээ, хаана бичсэн бэ?
Паул энэхүү захидлыг Ромд МЭ 60–62 оны үед анх удаа шоронд хоригдож байхдаа Филемонд хандан бичжээ (Филемон 1:1, 9; Судруудын удирдамж, “Паулын захидлууд,” scriptures.lds.org-оос үзнэ үү).
Энэ номыг хэнд зориулан, юуны учир бичсэн бэ?
“Энэ ном нь эзэн Филемоноо дээрэмдэн, Ром руу оргон зугтсан Онесим хэмээх боолын тухай хувийн захидал юм” (Библийн толь бичиг, “Паулын захидлууд”). Филемон бол грек гаралтай хөрвөгч байсан бөгөөд Колоссайн оршин суугч байжээ (Колоссай 4:9-ийг үзнэ үү). Тэрээр Сүмийн цуглааныг өөрийнхөө гэрт хийхийг зөвшөөрдөг байв (Филемон 1:2, 5-ыг үзнэ үү). Онесим оргож зугтсаныхаа дараа Сүмд нэгдэж, “Эзэний ч дотор … хайрт дүү” болжээ (Филемон 1:16; Филемон 1:10–12-ыг үзнэ үү).
Паул Филемонд хандан, Онесимийг оргон зугтсан боолуудыг шийтгэдэг хүнд ялнаас хэлтрүүлэн, сайн мэдээн дэх дүүгийн ёсоор эргүүлэн авахыг хүсэж бичсэн юм (Филемон 1:17-г үзнэ үү). Паул тэр байтугай Филемонд Онесимийн учруулсан санхүүгийн хохирлыг өөртэй нь тооцохыг гуйсан байдаг (Филемон 1:18–19-ийг үзнэ үү).
Энэ ном ямар ямар онцлог талтай вэ?
Филемоны ном бол Паулын захидлуудаас хамгийн богино бөгөөд хамгийн хувийн шинжтэй нь юм. Энэ нь хувь хүнд хандан бичсэн захидал тул сургаал бараг агуулдаггүй. Гэсэн хэдий ч боол Онесимтэй эвлэрэхийг Филемоноос гуйсан Паулын гуйлт сайн мэдээний сургаалыг өдөр тутмын амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх, ийм тохиолдолд Есүс Христтэй харьцах харилцаа маань биднийг Христийн бусад бүх дагалдагчтай ойр дотно харилцаатай болгодгийг мөн өршөөл нигүүлслийн ач холбогдлыг харуулсан.
Тойм
Филемон 1 Паул гэгээнтнүүдийг хайрласных нь төлөө Филемоныг сайшаан магтдаг. Паул оргон зугтсан боол Онесимийг сайн мэдээнд хөрвөгдсөн болохыг Филемонд хэлдэг. Паул Онесимийг Их Эзэн доторх дүүгийн ёсоор эргүүлэн авахыг Филемоноос хүссэн. Филемонд Онесимийн учруулсан санхүүгийн хохирлыг Паул өөрөө төлж өгөх тухай санал болгосон.