141-р хичээл
Иаков 2
Оршил
Иаков гэгээнтнүүдэд ядуу зүдүү хүмүүст гар сунган туслахыг зөвлөж, Есүс Христийн жинхэнэ дагалдагчид баячуудыг ядуусаас илүүд үзэх ёсгүй гэж заасан. Иаков мөн итгэл, үйлсийн уялдаа холбоог заасан.
Заах зөвлөмж
Иаков 2:1–13
Христийг дагадаг хүмүүс баячуудыг илүү дээгүүр тавих ёсгүйг Иаков заав
Аль нэг суралцагчийг сонгоод, түүнд бага зэрэг амттан өг. Та энэ суралцагчийг гаднаас нь өнгөцхөн харж сонгоод, амттан өгсөн гэдгээ ангийнханд хэл (жишээ нь, тэр таны дуртай өнгийн хувцсыг өмссөн болохоор эсвэл ангид ямар нэг зүйл авчирсан болохоор гэх мэт шалтгаанаар).
-
Энэ хүүхдэд амттан өгсөн нь та нарт ямар сэтгэгдэл төрүүлсэн бэ?
-
Хүмүүс заримдаа яагаад бусдыг дээгүүрт тавьдаг вэ?
Суралцагчдаас хэн нэгэнд хүмүүс илүү сайн хандаж байгаа өөр жишээний талаар мөн энэ нь тэдэнд ямар мэдрэмж төрүүлж байсныг бодож үзэхийг хүс.
Нэг суралцагчийг Иаков 2:1–4-ийг чанга уншихад урь. Иаков 2:1-ийн Иосеф Смитийн Орчуулга дээр “Ах дүүс минь, та нар хүмүүсийг хүндлэхгүй бол, бидний Их Эзэн Есүс Христ, алдар суугийн Их Эзэнд итгэх итгэл та нарт байж чадахгүй” гэсэн байдгийг тайлбарла. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Иаков гэгээнтнүүдэд юуг анхааруулсныг олж мэдэхийг хүс.
-
Иаков гэгээнтнүүдэд юуны талаар сэрэмжлүүлсэн бэ?
“Хүмүүсийг хүндлэхгүй бол” (Иосеф Смитийн Орчуулга, Иаков 2:1) гэдэг нь аливаа хүн эсвэл бүлэг хүнийг нөхцөл байдал, шинж төрхөөс нь болж илүү дээрд үзэн, сайн хандаж, бусдад нь муу хандахыг хэлдэг.
-
Иаков бусдыг илүү дээр гэж үзэх талаар ямар жишээ хуваалцсан бэ?
-
Бидний цаг үед хүмүүс зарим бүлэг хүнийг нөхцөл байдал, шинж төрхөөс нь болж илүү дээрд үзэн, сайн хандаж, бусдад нь муу ханддаг ямар ямар жишээ байна вэ?
Иаков баячуудад илүү сайн хандсан гэгээнтнүүдийг үргэлжлүүлэн зэмлэснийг тайлбарлан, Иаков 2:5–7-г нэгтгэн дүгнэ. Бурхан ядуусыг итгэл дотор баян байлгаж, хаанчлалын өвлөгчид болгосон гэдгийг тэрээр тэдэнд заасан. Иаков түүнчлэн гэгээнтнүүдийг хавчиж зовоон, Их Эзэнийг гутаасан хүмүүс нь баячууд байсан гэдгийг тэдэнд сануулсан.
Суралцагчдыг Иаков 2:8-ыг дотроо уншаад, Иаковын гэгээнтнүүдэд ялгаварлахаа болихын тулд юу хийхийг сануулсныг олж мэдэхэд урь.
-
Паул гэгээнтнүүдэд юу хийхийг сануулсан бэ?
-
Яагаад та нар энэ тушаалыг “хаан хууль” гэж нэрлэсэн гэж бодож байна вэ? (Иаков 2:8).
-
Бид эдгээр шүлгээс Есүс Христийн итгэлтэй шавь нар бусдад хэрхэн ханддаг талаар ямар зарчим мэдэж авч болох вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Есүс Христийн итгэлтэй шавь нар нөхцөл байдлаас нь үл шалтгаалан бүх хүнийг хайрладаг гэсэн зарчмыг олж тогтоосон эсэхийг бататга. Энэ зарчмыг самбар дээр бич.)
-
Аврагч мөнх бус амьдрал дахь тохинуулалдаа бусдыг ялгаварлалгүй хайрлахын жишээг хэрхэн үзүүлсэн бэ?
Суралцагчдаас бүх хүнийг хайрлахыг хичээдэг хэн нэгний тухай бодохыг хүс. Цөөн суралцагчаас хэний талаар бодсоноо мөн яагаад бодсоноо хуваалцахыг хүс.
Суралцагчдаас бусдад хэрхэн ханддагаа бодохыг хүс. Тэднийг Аврагчийн бусдыг хайрласан жишээг дагах боломжуудыг эрэлхийлэхэд урамшуулан дэмж.
Суралцагчдыг Иаковын бүх хүнийг хайрла гэж заахыг сонссоны дараа өөр нэгэн хүний зарим хүнийг илүүд үзэж, бусдад нь дорд хандах нь тийм ч муу зүйл биш гэж заахыг сонссон хэмээн төсөөлөхөд урь. Тэр бас үүнээс илүү муу зүйлс байдаг гэж хэлжээ.
-
Ийм бодолтой байснаар ямар ямар асуудал гарч болох вэ?
Иаков 2:9–10-ыг чанга уншихыг нэг суралцагчаас хүс. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, нөхцөл байдлаас нь үл хамааран бүх хүнийг хайрлахгүй байх нь яагаад ноцтой асуудал болохыг олж мэдэхийг хүс.
-
Нөхцөл байдлаас нь үл хамааран бүх хүнийг хайрлахгүй байх нь яагаад ноцтой асуудал болох вэ?
-
Эдгээр шүлэг дэх Иаковын сургаалаас бид ямар үнэнийг мэдэж авч болох вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Хэрэв бид нэг л нүгэл үйлдвэл Бурханы өмнө гэм буруутай болно гэсэн үнэнийг олж тогтоосон эсэхийг бататга.)
-
Иаков 2:10-т цэдэглэснээр, Бурханы тушаалуудаас нэгийг л зөрчих нь ямар мөнхийн үр дагавартай вэ? (Бид цэвэр бус болж, Бурхантай хамт амьдарч чадахгүй учир “бүх хуулийг зөрчсөн[өөс]” ялгаагүй байх болно [мөн 1 Нифай 10:21-ийг үзнэ үү].)
-
Бид Бурханд дуулгаваргүй байснаараа цэвэр бус болж, Бурхантай хамт амьдарч чадахгүй болох ч яагаад найдсаар байдаг вэ?
Нэг суралцагчийг Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын хэлсэн дараах үгийг чанга уншихад урь.
“Гэхдээ бидэнд найдвар бий.
Бурханы ач ивээл бидний агуу бөгөөд үүрдийн найдвар.
Есүс Христийн золиослолоор дамжуулан өршөөлийн төлөвлөгөө нь шударга ёсны шаардлагыг хангаж, [Алма 42:15-ыг үзнэ үү] “хүмүүнд, тэд наманчлалд итгэлтэй байх тэр замыг [авчрах]” юм [Алма 34:15].
“Бидний нүглүүд час улаан байсан ч, цас мэт цав цагаан болох боломжтой [Исаиа 1:18-ыг үзнэ үү]. Бидний хайрт Аврагч ‘Өөрийгөө бүгдийн төлөө золиос болгон өгсөн’ [1 Тимот 2:6] учраас Түүний мөнхийн хаант улсад орох үүд хаалгыг бидэнд нээж өгсөн билээ [2 Петр 1:11-ийг үзнэ үү]” (“Ач ивээлийн бэлэг,” Ensign эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 96).
-
Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан Их Эзэний хаант улсад орох зохистой байхын тулд бид юу хийх ёстой вэ?
-
Бидний 10-р шүлэг дээр тодорхойлсон зарчим нь Есүс Христийн Цагаатгалд илүү талархалтай байхад хэрхэн туслах вэ?
Иаков 10-р шүлэг дээрх зарчмын жишээг өгсөн гэдгийг тайлбарлан, Иаков 2:11–13-ыг нэгтгэн дүгнэ. Тэрээр итгэгчдийг бусдад нигүүлсэнгүй хандахыг уриалсан. Учир нь нигүүлсдэггүй хүмүүс нигүүлсэлгүй шүүгдэх болно.
Иаков 2:14–26
Иаков бидний авралд итгэл ба үйлс ямар үүрэгтэйг заасан.
Суралцагчдаас нэгэн залуу нүгэл үйлдсэнээ ухаарсан гэж төсөөлөн бодохыг хүс. Тэр залуу Есүс Христийн Цагаатгалд болон Аврагчийн өөрийг нь аврах чадварт итгэдэг. Тэрээр өөр юу ч хийхгүйгээр зөвхөн Их Эзэнд итгэснээр өршөөгдөх болно гэж хэлж байна.
Суралцагчдаас энэ залуугийн итгэл нь дангаараа нүглээсээ өршөөгдөхөд хангалттай эсэхийг бодож үзэхийг хүс.
Нэг суралцагчийг Иаков 2:14-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Иаков итгэлийн талаар гэгээнтнүүдээс юу асуусныг олж мэдэхийг хүс.
-
Иаков гэгээнтнүүдээс итгэлийн талаар юу асуусан бэ?
-
Иаков ямар төрлийн ажил үйлсийн талаар ярьж байна вэ?
Иаков итгэлийн тухай буруу үзэл санааг залруулж байсныг тайлбарла. Зарим хүн итгэлийг зүгээр л амаараа тунхаглах зүйл гэж буруу ойлгодог. Иаков 2:14 дээр Иаков үйлс гэдэг үгийг төлөөлөгч Паулаас арай өөр утгаар ашигласан. Үйлс хэмээх үгээр Паул Мосегийн хуулийн ёслолуудыг илэрхийлсэн. Харин Иаков үйлс гэдэг үгийг итгэл бишрэлийн үйлдэл эсвэл зөв шударга үйлс гэсэн утгаар ашигласан юм.
Иаков 2:15–16-д цэдэглэснээр, Иаков 14-р шүлгэн дээрх асуултандаа хариулахдаа нэгэн зүйрлэл ашиглажээ. Хоёр суралцагчийг самбарын өмнө гарч ирэхэд урь. Нэг суралцагчаас амь зогоох хоол, хувцас, оромж гуйж байгаа гуйлгачны дүрд тоглохыг хүс. Өөр нэг суралцагчаас гуйлгачинд тусалж чадах нэгэн болохыг хүс. Гурав дахь суралцагчийг Иаков 2:15–16-г чанга уншихад, харин нөгөө хоёр суралцагчийг судар дээр гарч буй үйл явдлыг жүжигчлэн тоглоход урь.
-
Гуйлга гуйж буй суралцагчид өгсөн хариултад ямар асуудал байна вэ? Нөгөөх суралцагчийн хариулт нь гуйлгачныг аврахад хангалттай юу?
Нэг суралцагчийг Иаков 2:17–18-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Иаков итгэлийн талаар юу заасныг олж мэдэхийг хүс.
-
“Итгэл нь хэрэв үйлсгүй бол өөрөө үхмэл юм” (17-р шүлэг) гэдэг нь таны бодлоор юу гэсэн үг вэ?
-
Иаков гуйлгачны тухай зүйрлэл ашигласан нь энэ эшлэлийг ойлгоход бидэнд хэрхэн тусалж байна вэ?
-
17-р шүлэгт цэдэглэснээр, Иаков Есүс Христэд итгэх жинхэнэ итгэлийн талаар ямар үнэнийг заасан бэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Есүс Христэд итгэх жинхэнэ итгэл нь бидний зөв шударга үйлсээр илэрдэг гэсэн үнэнийг олж тогтоосон эсэхийг бататга. Энэ үнэнийг самбар дээр бич.)
Нэг суралцагчаас Иаков 2:19–20-ийг чанга уншихыг хүс. Иаков 2:19-ийн Иосеф Смитийн Орчуулга дээр “Бурхан бол ганц гэдэгт чи итгэдэг. Энэ чинь сайн хэрэг. Чөтгөрүүд ч мөн үүнд итгэдэг бөгөөд чичирдэг юм. Та өөрийгөө тэдэнтэй адил үл өршөөгдсөн болгож байна” гэж байдгийг тайлбарла (Иаков 2:19, зүүлт тайлбар а-д бий). Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Бурханд итгэхэд заавал Бурханд итгэлтэй байх шаардлагагүйг харуулсан ямар жишээг Иаков эш татсаныг олж мэдэхийг хүс.
-
Иаков Бурханд итгэхэд заавал Бурханд итгэлтэй байх шаардлагагүйг харуулсан ямар жишээг эш татсан бэ?
Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднарийн хэлсэн дараах үгийг чанга уншихад урь.
“Жинхэнэ итгэл Есүс Христэд төвлөрч, үргэлж зөв шударга үйлс рүү хөтөлдөг. … Үйлс нь дан ганцаараа Аврагчид итгэх итгэл болохгүй, харин зөв зарчмуудын дагуу үйлдэх нь итгэлийн гол хэсэг нь юм” (“Ask in Faith,” Ensign эсвэл Liahona, 2008 оны 5-р сар, 95).
-
Ахлагч Бэднарийн хэлснээр “итгэлийн гол хэсэг” юу вэ?
-
Есүс Христэд итгэх итгэл нь Түүнд итгэх мөн зөв зарчмуудын дагуу үйлдэх хоёроос тогтдог гэдгийг ойлгох нь яагаад чухал вэ?
Суралцагчдад хичээлийн энэ хэсгийн эхэн дэх залуу эрэгтэйн түүхийг сануул.
-
Итгэлд итгэх, үйлдэх хоёулаа ордгийг ойлгох нь нүглийнхээ өршөөлийг эрж буй хүнд хэрхэн туслах вэ?
Бурханд итгэх итгэлээ үйлсээрээ үзүүлсэн Абрахам, Рахаб хоёрын жишээг Иаков эш татсаныг тайлбарлан, Иаков 2:21–26-г нэгтгэн дүгнэ. (Зоригт эмэгтэй Рахабын түүх Иошуа 2:1–22 дээр бий.)
Суралцагчдыг Есүс Христэд итгэх итгэлээ үйлсээрээ үзүүлсэн үеийнхээ талаар мөн хэрхэн адислагдаж байснаа дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ бичихэд урь. Суралцагчдыг Аврагчийн талаарх гэрчлэлээ болон энэ итгэлээ үйлсээрээ хэрхэн харуулахаа бичихэд урамшуулан дэмж. Цөөн суралцагчийг бичсэн зүйлээ ангийнхантай хуваалцахад урь.
Суралцагчдаас Есүс Христэд дуулгавартай байснаараа Түүнд итгэх итгэлээ хэрхэн илүү бүрэн дүүрэн хөгжүүлэх тухай залбирч бодож үзэхийг хүс. Тэднийг хүлээн авсан сүнсний өдөөлт бүрийнхээ дагуу үйлдэхэд урамшуулан дэмж.
Төгс эзэмших судар—Иаков 2:17–18
Суралцагчдад энэ төгс эзэмших сударт заасан үнэнийг хэрэгжүүлэхэд туслахын тулд жижиг цаас тарааж өг. Цаасны нэг талд энэ судрыг бичихийг хүс. Харин цаасны нөгөө талд Би Их Эзэнд итгэлээ … харуулна гэсэн өгүүлбэрийг гүйцээж бичихийг хүс. Энэ цаасаа өдрийн турш халаасандаа байлган, Их Эзэнд итгэх итгэлээ харуулах нэмэлт санаануудаа тэмдэглэхэд урамшуулан дэмж. Тэд жагсаалтан дээрээ нэмж бичих тоолондоо төгс эзэмших судрын эшлэлээ давтаж болно. Энэ цаасаа нүдэнд өртөх газар байрлуулж, тавьсан зорилтуудаа эргэн харж байхад урамшуулан дэмж.