Гэрээр судлах хичээл
1 Коринт 15–2 Коринт 7 (23-р бүлэг)
Оршил
Төлөөлөгч Паул Коринтын гэгээнтнүүдэд бичсэн хоёр дахь захидалдаа тэдний төлөө гэсэн сэтгэлээ илэрхийлж, өмнөх зөвлөгөөг нь хүлээн авсныг мэдсэндээ баярласан гэдгээ хэлсэн. Тэрээр нүглийн улмаас бурханлагаар гашуудах нь наманчлалд хүргэдгийг заав.
Заах зөвлөмж
2 Коринт 7:8–11
Паул гэгээнтнүүдийг жинхэнээсээ наманчилсанд баясав
Нэг суралцагчийг дараах жишээг чанга уншихад урь.
Нэгэн залуу эмэгтэй гэрлэхээр ариун сүмийн эрхийн бичиг авах ярилцлага хийж байхдаа бишоптоо өмнөх нүглээ хүлээжээ. Ярилцлага цааш өрнөх үед бишоп түүнийг нүглээ чин сэтгэлээсээ наманчлаагүй болохыг мөн уг гэм нүгэл нь түүнийг ариун сүмийн эрхийн бичиг авахад зохисгүй болгох ноцтой байсныг ойлгосон ажээ. Бишоп залуу эмэгтэйд бүрэн наманчлах хүртлээ ариун сүмийн эрхийн бичиг авахаа хүлээх хэрэгтэй гэдгийг тайлбарлав. Залуу эмэгтэй сандарч, удаан хугацаанд нүглээ дахин үйлдээгүй учраас энэ чинь наманчилсан л хэрэг шүү дээ гэж хэлжээ. Зөвхөн нүгэл үйлдэхээ зогссон нь бүрэн наманчлал биш гэдгийг бишоп хэлээд, жинхэнэ наманчлалын үйл явцыг чин сэтгэлээсээ эхлэхэд түүнийг урив.
-
Ярилцлагын энэ мөчид залуу эмэгтэйд ямар санагдаж байсан гэж та нар бодож байна вэ?
Уг жишээг үргэлжлүүлэн чанга уншихад урь.
Хурим болон хүлээн авалтын урилга аль хэдийн тараагдсан байсан учраас тэр эмэгтэй маш их бухимдаж байгаагаа бишоптоо тайлбарлав. Тэр хуримаа хойшлуулсан шившиг болон учрах бүх асуулттай хэрхэн нүүр тулахаа мэдэхгүй байгаагаа хэлжээ. Тэрээр төлөвлөснийхөө дагуу ариун сүмд лацдан холбогдож, дараа нь наманчлалын үйл явцыг хийж болох талаар асуув.
-
Залуу эмэгтэйн бишопт хэлсэн хариултаас үзвэл, уг эмэгтэй юунд хамгийн их санаа зовж байгаа юм шиг санагдаж байна вэ?
Суралцагчдыг 2 Коринт 7:8–11-ийг судалж байхдаа энэ залуу эмэгтэй нүглээ жинхэнээсээ наманчлахын өмнө юуг ойлгох хэрэгтэй тухай үнэнийг олж мэдэхэд урь.
Нэг суралцагчийг 2 Коринт 7:8–9-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Паулын бичсэн эхний захидлууд Коринтын гэгээнтнүүдэд хэрхэн нөлөөлсөн талаар олж мэдэхийг хүс.
-
Уг захидал гэгээнтнүүдэд хэрхэн нөлөөлсөн бэ?
-
Паул тэдний гашуудалд яагаад баяссан бэ?
Суралцагчдаас 2 Коринт 7:10–11-ийг дотроо уншихыг хүс. Та тэднийг Паулын дурдсан хоёр төрлийн гашуудлыг болон тэдгээр нь юунд хүргэдгийг тэмдэглэхийг санал болгож болно.
-
Паулын дурдсан хоёр төрлийн гашуудал юу вэ?
Бурханлаг гашуудал, Ертөнцийн гашуудал гэсэн гарчгуудыг самбар дээр бич. Нэг суралцагчаас ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоний хэлсэн дараах үгсийг чанга уншихад урь. Сонсох явцдаа ертөнцийн гашуудлын тодорхойлолтыг олохыг ангийнхнаас хүс.
“Үйлдсэн буруу зүйлийнхээ төлөө гэмшдэг эрэгтэй, эмэгтэйчүүд дэлхийд олон тааралддаг. Зарим үед тэдний үйлдэл өөрсдөд нь болон дотны хүмүүст нь их гай зовлон тарьдаг учраас тэд гэмшдэг. Заримдаа тэд буруу үйлийнхээ төлөө баригдаж, шийтгүүлсэн учраас гэмшдэг. Эдгээр дэлхийн мэдрэмж нь ‘бурханлаг гашуудалд’ хүргэдэггүй” (Teachings of Presidents of the Church: Ezra Taft Benson [2014], 82).
-
Та нар ертөнцийн гашуудал гэж юу болохыг хэрхэн нэгтгэн дүгнэх вэ?
-
2 Коринт 7:10-т цэдэглэснээр, ертөнцийн гашуудал юунд хүргэдэг вэ? (10-р шүлэгт буй үхэл гэдэг үг нь сүнсний үхэл буюу Бурханаас тусгаарлагдахыг хэлнэ гэдгийг тайлбарла. Самбар дахь “Ертөнцийн гашуудал” гэсний доор Ертөнцийн гашуудал нь биднийг сүнсний үхэл буюу Бурханаас тусгаарлагдахад хүргэдэг гэсэн үнэнийг бич.)
-
Ертөнцийн гашуудал ямар арга замаар хүнийг сүнсний үхэлд хүргэдэг вэ? (Энэ нь хүнийг жинхэнээсээ наманчилж, Тэнгэрлэг Эцэгийн өршөөлийг хүлээн авахад саад болдог.)
-
10-р шүлэгт цэдэглэснээр, бурханлаг гашуудал юунд хүргэдэг вэ? (Самбар дахь “Бурханлаг гашуудал” гэсний доор Бурханлаг гашуудал нь биднийг нүглээ наманчилж, аврал хүлээн авахад хүргэдэг гэсэн үнэнийг бич.)
Яагаад бурханлаг гашуудал биднийг наманчлахад хүргэдгийг илүү сайн ойлгоход суралцагчдад туслахын тулд нэг суралцагчийг ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоний дараах мэдэгдлийг чанга уншихад урь.
“Бурханлаг гашуудал бол Сүнсний бэлэг юм. Энэ нь бидний үйлдэл Тэнгэрлэг Эцэг буюу Бурханаа гомдооход хүргэснийг гүнээ ухааран ойлгох явдал мөн. Энэ бол бидний биеэ авч яваа байдал нүгэл гэгчийг мэддэггүй, бүхнээс хамгийн агуу нь болох Аврагчийн сэтгэлийг шаналгаж, зовооход хүргэдэг болохыг гүнээ ухамсарлан ойлгох явдал мөн. Бидний нүгэл Түүний сүв бүрээс цус шүүрэхэд хүргэсэн шүү дээ. Оюун ухаан, сүнсний энэхүү шаналлыг судруудад ‘харууссан зүрх, гэмшсэн сэтгэл’ хэмээсэн байдаг. … Ийм сүнс бол жинхэнэ наманчлалын төгс урьдчилсан нөхцөл мөн” (Teachings: Ezra Taft Benson, 83).
-
Яагаад бурханлаг гашуудал биднийг жинхэнээсээ нүглээ наманчлахад хүргэдэг гэж та нар бодож байна вэ?
Суралцагчдыг ариун сүмийн эрхийн бичиг авахаар ярилцлаганд орсон эмэгтэйн жишээг тунгаан бодоход урь.
-
Бишоптой хийсэн ярилцлагын үеэр залуу эмэгтэй хийсэн нүглийнхээ төлөө бурханлагаар гашуудаагүй гэдгийг юу харуулж байна вэ? Яагаад гашуудаагүй вэ? (Тэрээр жинхэнээсээ наманчилж, Тэнгэрлэг Эцэгийн өршөөлийг хүлээн авахаас илүүтэй гэрлэлт нь хойшилсонд болон бусад хүн өөрийнх нь талаар юу гэж бодох бол гэдэгт илүү их санаа зовж байсан.)
-
Бид ертөнцийн гашуудлыг бурханлаг гашуудлаар солихын тулд юу хийж болох вэ? (Бид Тэнгэрлэг Эцэгээс биднийг бурханлаг гашуудлын бэлгээр адислахыг гуйж, мацаг барин, залбирч болно. Түүнчлэн бид Есүс Христийн Цагаатгалын талаар судалж, бидний нүгэл Түүний зовлон шаналлыг хэрхэн нэмэгдүүлснийг гүнзгий ойлгохоор эрэлхийлж болно.)
Бид нүглийнхээ улмаас ертөнцийн гашуудлыг биш, харин бурханлаг гашуудлыг мэдэрвэл жинхэнээсээ наманчилж, хийсэн нүглээсээ цэвэршигдэн, эцэст нь авралыг хүлээн авах боломжтой гэдгийг гэрчил. Суралцагчдыг наманчлахын тулд бурханлаг гашуудлыг мэдрэхээр эрэлхийлэхэд урь.
Хэрэв цаг гарвал суралцагчдыг 23-р бүлгийн хичээлүүдийг судалж байхдаа олж тогтоосон үнэнийг давтан харж, мэдэрсэн аливаа өдөөлтөө даган, эдгээр үнэнийг хэрэгжүүлэхэд урамшуул. Та 1 Коринт 15:20–22 болон 1 Коринт 15:40–42 дахь төгс эзэмших судрын хэсгийг давтаж болно. Суралцагчдыг эдгээр хэсэг дэх сургаалын талаар болон хэн нэгэнд авралын төлөвлөгөөг заахад эдгээр шүлгийг хэрхэн ашиглаж болох талаар тайлбарлахад урь.
Дараагийн бүлэг (2 Коринт 8–Ефес 1)
Суралцагчдаас дараах асуултуудыг бодож үзэхийг хүс. Үүнд: Та нар Сүнсийг мэдэрч байгаагаа яаж мэддэг вэ? Сүнсний мэдрэмж буюу үр жимс юү вэ? Гэгээнтнүүд юуг хүлээн авахаар урьдчилан томилогдсон бэ? Хоол, хувцас, орон байр зэрэг амьдралын материаллаг хэрэгцээгээ хангаж чадахгүй байгаа хүмүүсийн өмнө бид ямар хариуцлага хүлээх вэ? Хэрэв бид дээрхтэй адил хэрэгцээгээ хангаж чадахгүй байсан бол яах вэ? Паул эдгээр асуултад хэрхэн хариулсан талаар дараагийн долоо хоногт судлах болно гэдгийг тэдэнд тайлбарла.