Номын сан
Гэрээр судлах хичээл: 1 Коринт 7–14 (22-р бүлэг)


Гэрээр судлах хичээл

1 Коринт 7–14 (22-р бүлэг)

Гэрээр заах багшид зориулсан бэлтгэх материал

Өдөр бүр гэрээр судлах хичээлийн тойм

Суралцагчдын 1 Коринт 7–14-ийг (22-р бүлэг) судалж байхдаа мэдэж авсан үйл явдал, сургаал, зарчмуудын дараах дүгнэлт нь энэ хичээлийн нэг хэсэг болж заагдахад зориулагдаагүй юм. Таны заах хичээл эдгээр сургаал, зарчмын зөвхөн цөөн хэд дээр төвлөрнө. Та суралцагчдынхаа хэрэгцээг бодож үзэхдээ Ариун Сүнсний өдөөлтийг дага.

1 дэх өдөр (1 Коринт 7–8)

Коринтын гэрлэсэн болон ганц бие гишүүдэд өгсөн Паулын заавраас суралцагчид эхнэр нөхрийн бие махбодын дотно харилцаа нь Бурханаас тодорхойлогдсон байдаг мөн Есүс Христийн итгэлтэй дагалдагчид гэр бүлдээ ариусгагч үр нөлөө үзүүлдэг гэдгийг ойлгосон. Суралцагчид түүнчлэн бусдыг сүнслэгээр бүдрэхэд хүргэх үйлдлүүдээс зайлсхийснээр тэдэнд энэрэл үзүүлж чадна гэдгийг мэдэж авсан.

2 дахь өдөр (1 Коринт 9–10)

Суралцагчид Коринтын гэгээнтнүүдэд өгсөн Паулын зөвлөгөөг үргэлжлүүлэн судлахдаа, бид мөнх амьдрал олж авахын тулд бүх зүйлд биеэ хянаж сурах хэрэгтэй гэдгийг ойлгож авсан. Түүнчлэн тэд Бурхан бидэнд сорилтоос гарах арга замыг өгөх ба бид өөрсдөө эхлээд уруу таталтаас зайлсхийхийг сонгох ёстой гэдгийг ойлгож мэдсэн.

3 дахь өдөр (1 Коринт 11)

Суралцагчид Их Эзэний төлөвлөгөөний дагуу эрэгтэй, эмэгтэй хүмүүс нэг нэгэнгүйгээр мөнх амьдралтай болж чадахгүй гэдгийг мэдэж авсан. Түүнчлэн тэд ариун ёслолоос зохисгүй хүртдэг хүмүүс өөрсөд дээрээ шийтгэл, зүхэл авчирдаг гэдгийг ойлгосон. Тиймээс бид ариун ёслолоос хүртэхдээ өөрсдийгөө хянах хэрэгтэй.

4 дэх өдөр (1 Коринт 12–14)

Сүнсний бэлгийн талаарх Паулын заасан зүйлсээс суралцагчид дараах үнэнийг мэдэж авсан. Үүнд: Бид зөвхөн Ариун Сүнсээр дамжуулан Есүс Христ бол бидний Аврагч гэсэн хувийн гэрчлэлтэй болж чадна. Бид энэрлийн сүнслэг бэлэг олж авахыг эрэлхийлэхийн хэрээр Аврагч Есүс Христтэй илүү адил болдог. Энэрэл бол Сүнсний хамгийн агуу бэлэг юм. Бид сүнслэг удирдамжаар дамжуулан зааж, гэрчилбэл бусдыг сурган гэгээрүүлж, тайтгаруулж чадна.

Оршил

Паул Сүнсний олон бэлгийн талаар бичив. Тэрээр Сүмийг бие махбодтой харьцуулан, бие махбод зохих ёсоор ажиллахын тулд эрхтэн тус бүр хэрэг болдогтой адил Сүмийг хүчирхэгжүүлэхэд гишүүн бүр сүнслэг бэлгээ ашиглаж чадна гэдгийг тайлбарлав.

Заах зөвлөмж

1 Коринт 12:1–11

Паул сүнслэг бэлгийн талаар заав

Дараах чулууны зургийг үзүүл.

Зураг
чулуу, юу ч хийсэн бай, өөрийнхийгөө сайн хий

Нэг суралцагчийг чулуун дээр бичсэн бичгийг чанга уншихад урь. Ерөнхийлөгч Дэвид О.Маккэй Шотландад номлолд үйлчилж байхдаа Стирлинг цайзын ойролцоох барилгын хаалган дээр уг чулуу байхыг харсан ба үүн дээрх захиас нь түүнд сүнслэгээр нөлөөлжээ (Франсис M. Гиббонс, David O. McKay: Apostle to the World, Prophet of God [1986], 45).

Чулуун дээрх тэмдэгтүүд нь тус бүрдээ тоон утгыг илэрхийлнэ гэдгийг тайлбарла. Дүрс бүрийн илтгэх тоон утгыг тодорхойлохыг суралцагчдаас хүс. (Зүүнээс баруун тийш байрлах дээд талын мөрөн дэх тэмдэгтүүд нь 5, 10, 3 гэсэн тоонуудыг, дунд талын мөр нь 4, 6, 8 гэсэн тоонуудыг, доод талын мөр нь 9, 2, 7 гэсэн тоонуудыг тус тус төлөөлнө.)

  • Дээд, дунд, доод мөрөн дэх тоонуудын нийлбэр хэд вэ?

Аль ч мөр, багана, ташуу зурваст буй тоонуудын нийлбэр адилхан 18 байгааг тайлбарла. Эдгээр тэмдэгт нь “Юу ч хийсэн бай, өөрийнхийгөө сайн хий” гэсэн үгтэй хамт байсан шалтгаан нь хэрэв аль нэг дүрсний байрыг соливол багана, мөр гээд бүх чиглэл дэх тоонуудын нийлбэр 18 болохгүй.

Суралцагчдыг 1 Коринт 12-ыг судалж байхдаа бид Сүмийн гишүүдийн хувьд хэрхэн уг чулуун дээрх дүрснүүдтэй адилхан болохыг бодож үзэхэд урь.

Нэг суралцагчийг 1 Коринт 12:7-г чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, бидэнд яагаад сүнсний бэлэг өгөгдсөн болохыг олж мэдэхийг хүс. (Шаардлагатай бол “нийтийн тусын тулд” гэдэг нь бүх гэгээнтний сайн сайхны төлөө гэсэн утгатайг тайлбарла.)

  • Яагаад сүнсний бэлэг Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдэд өгөгддөг талаар бид төлөөлөгч Паулаас ямар үнэнийг мэдэж болох вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Сүнсний бэлэг нь Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхдийн ашиг тусын тулд өгөгддөг гэсэн үнэнийг олж тогтоосон эсэхийг бататга. Энэ үнэнийг самбарт бич.)

Нэг суралцагчийг 1 Коринт 12:8–11-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Паулын дурдсан сүнслэг бэлгийг олж мэдэхийг хүс.

Суралцагчдыг олж мэдсэн сүнслэг бэлэг, тэдгээрийн утга учрыг тайлбарлахад урь. Шаардлагатай бол “мэргэн ухааны үг” (8-р шүлэг) гэдэг нь зөвөөр шүүж, мэдлэгээ зохих ёсоор ашиглахыг; “мэдлэгийн үг” (8-р шүлэг) гэдэг нь Бурханы болон Түүний хуулиудын талаарх мэдлэгийг хэлнэ; “сүнснүүдийг ялгах” (10-р шүлэг) гэдэг нь үнэн болоод үнэн бус зүйлсийг ялган таньж, бусдын сайн болоод муу эсэхийг мэдэх гэсэн утгатай; мөн “олон янзын хэлээр ярих” (10-р шүлэг) гэдэг нь гадаад болон үл мэдэгдэх хэлээр ярих чадварыг хэлдэг гэдгийг тайлбарла.

  • Эдгээр сүнслэг бэлэг нь Бурханы хүүхдүүдэд хэрхэн ашиг тустай вэ?

Судруудад онцлон дурдсан сүнслэг бэлэг нь бидний Сүнсээр дамжуулан хүлээн авч болох маш олон бэлгийн зөвхөн цөөн хэд нь гэдгийг онцол.

  • Ариун Сүнсээр дамжин бидэнд өөр ямар бэлэг ирж болох вэ?

  • Та нар гэр бүлийнхээ гишүүд, найз нөхөд, ангийнхнаасаа ямар сүнсний бэлгийг анзаарч харж байсан бэ?

  • Бид сүнслэг бэлгээ олж нээхийн тулд юу хийж болох вэ? (Тэнгэрлэг Эцэгээсээ тэдгээрийн тухай залбирлаараа асууж, патриархын адислалаа авч мөн судлах.)

Суралцагчдыг өөрсдөд нь өгөгдсөн сүнслэг бэлгийн талаар мөн тэдгээрийг ашигласнаар өөрсдөдөө болон бусдад хэрхэн ашиг тус болж болох талаар бодоход урь.

1 Коринт 12:12–31

Сүнсний бэлэг нь Сүмийн бүх гишүүнийг адислахын тулд өгөгдсөн

Самбарын өмнө дөрвөн суралцагч гарч ирэхийг хүс. Ангийнханд сонсогдуулахгүйгээр эдгээр 4 суралцагчид хөл, гар, чих болон нүд гэсэн үгсийг өг. Суралцагч бүрийг авсан үгээ самбар дээр дүрслэн зурахыг хүсэж, ангийнхнаар сурагч бүр юу зурж байгааг таалга. Ангийнхан бүх зургийг зөв таасны дараа суралцагчдыг суудалдаа эргэн суухад урь. Ангийнхнаас хөл, гар, чих, нүд нь бидний биед ямар хувь нэмэр оруулдаг талаар бодохыг хүс.

  • Та нар урьд нь хөл гарын хуруу эсвэл шүд зэрэг биеийн жижиг эрхтэнээ гэмтээж байсан уу? Энэ жижиг бэртэл нь өдөр бүрийн энгийн ажлаа хийхэд чинь хэр нөлөөлж байв?

Нэг суралцагчийг 1 Коринт 12:12–14-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Паул бие, биеийн эрхтэнүүдийг юутай харьцуулсныг олж мэдэхийг хүс.

  • Паул бие болон биеийн хэсгүүдийг юутай харьцуулсан бэ? (Есүс Христийн Сүм болон Сүмийн гишүүдтэй)

Дараах судрын эшлэл болон асуултыг самбарт бич.

1 Коринт 12:15–22, 25–30

Паул ямар байдлаар биеийг Сүмтэй харьцуулсан бэ?

Суралцагчдыг хоёр юм уу гурваар нь бүлгүүдэд хуваарил. Бүлэг бүрийг 1 Коринт 12:15–22, 25–31-ийг хамтдаа уншаад, Паул ямар арга замаар биеийн хэсгүүдийг Сүмийн гишүүдтэй харьцуулсан талаар олж мэдэхийг хүс. Паул биеийн хэсгүүдийг Сүмийн гишүүдтэй хэрхэн харьцуулсныг тодорхойлохоос өмнө бие болон биеийн хэсгүүдийн тухай юу заасныг олж мэдэхийг суралцагчдад санал болгож болно. Хангалттай хугацаа өгсний дараа суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.

  • Яагаад Паул сүнслэг бэлгийн тухай ярьсныхаа дараа Сүмийн гишүүн нэг бүрийн үүргийн тухай ярьсан гэж та нар бодож байна вэ?

  • Паулын Сүмийн гишүүдийг биеийн хэсгүүдтэй адилтган заасан зүйлээр өнөөгийн Сүмийн гишүүдэд байдаг ямар асуудлыг шийдэж болох вэ?

  • Сүмийн гишүүдийг биеийн хэсгүүдтэй харьцуулснаас бид ямар зарчмыг мэдэж болох вэ? (Суралцагчид янз бүрийн зарчим гаргаж болох ч Бид өөрсдийн онцгой сүнслэг бэлгийг бусдад үйлчлэхэд ашиглах үедээ Сүмийг хүчирхэгжүүлдэг гэсэн зарчмыг олж тогтоосон эсэхийг бататга. Энэ зарчмыг самбар дээр бич.)

Хичээлийн эхэнд харуулсан чулууны зурагт анхаарал хандуул.

  • Бид Сүмийн гишүүдийн хувьд энэ чулуун дээрх өөр өөр дүрстэй юугаараа адил вэ? (Бидний хүн нэг бүр онцгой бөгөөд Их Эзэн биднийг хаана ч үйлчлэхээр дуудсан, бид чухал үүрэг хүлээдэг. Бид Их Эзэнд үйлчлэхэд өөрсдийн бэлэг, чадварыг нэгтгэх аваас Сүм бүхлээрээ адислагддаг. Бидний хийдэг зүйлс үр нөлөөтэй бөгөөд энэ нь Сүмийн ажлыг гүйцэлдүүлэхэд тусалж чадна.)

  • Гишүүдийн сүнслэг бэлгээр дамжуулан гэр бүл, семинар, ням гараг, залуу эмэгтэйчүүд эсвэл санваарын анги, тойрог эсвэл салбар хүчирхэгжсэн тохиолдлыг та нар харж байсан уу?

Суралцагчид Сүмийг хүчирхэгжүүлж, бусдын амьдралыг адислахад сүнслэг бэлгээ хэрхэн ашиглаж болох талаар бодохыг тэднээс хүс. “Үлэмж агуу бэлгүүдийг хүсэн тэмүүлэгтүн” хэмээн 1 Коринт 12:31-д цэдэглэсэн Паулын зөвлөгөөг онцол. (Энэ шүлэгт хүсэн тэмүүлэгтүн гэсэн нь “хичээнгүйлэн эрэлхийл” гэсэн утгатайг тайлбарла [1 Коринт 12:31, зүүлт тайлбар a].)

  • Бид Сүнсний “үлэмж агуу бэлгүүдийг” хичээнгүйлэн эрэлхийлэхийн тулд юу хийж болох вэ (С ба Г 46:8–9)?

Сүнслэг бэлгийн талаар гэрчлэл, талархлаа илэрхийлж, суралцагчдыг бусдад үйлчилж, Сүмийг хүчирхэгжүүлэхийн тулд Сүнслэг бэлгийг хичээнгүйлэн эрэлхийлж мөн ашиглахад урамшуул.

Дараагийн бүлэг (1 Коринт 152 Коринт 7)

Дараагийн бүлгийг судлах үедээ дараах асуултуудын талаар бодохыг суралцагчдаас хүс. Үүнд: Төлөөлөгч Паул яагаад нас барагсдын төлөөх баптисмын талаар дурдсан бэ? Ямар хүмүүс амилуулагдах вэ? Амилуулагдсан биесийг ямар алдар суу хүлээж байдаг вэ? Амилуулагдсан биес бүгд адилхан алдар суутай байх уу? Суралцагчдыг уй гашуу, саад бартаа, зовлон бэрхшээлтэй тулгарсан үед юу тэдэнд найдвар өгдөг талаар бодоход урь. Дараагийн бүлгээр тэд Коринтын гэгээнтнүүдэд Паулын заасан амар амгалан, итгэл найдвар авчирдаг сургаал, зарчмуудын талаар суралцах болно гэдгийг тайлбарла.