Номын сан
Гэрээр судлах хичээл: Матай 26:31–Марк 3:35 (7-р бүлэг)


Гэрээр судлах хичээл

Матай 26:31Марк 3:35 (7-р бүлэг)

Гэрээр заах багшид зориулсан бэлтгэх материал

Өдөр бүр гэрээр судлах хичээлийн тойм

Суралцагчдын Матай 26:31Марк 3-ыг (7-р бүлэг) судлахдаа сурч мэдсэн үйл явдал, сургаал, зарчмуудын дараах дүгнэлт нь таны хичээлийн нэг хэсэг болж заагдахад зориулагдаагүй юм. Таны заах хичээл эдгээр сургаал, зарчмын зөвхөн цөөн хэд дээр төвлөрнө. Та суралцагчдынхаа хэрэгцээг бодож үзэхдээ Ариун Сүнсний өдөөлтийг дага.

1 дэх өдөр (Матай 26:31–75)

Суралцагчид Гетсеманий цэцэрлэг дэх Есүсийн зовлон шаналлын талаар судалснаар Есүс Христ Цагаатгалыг гүйцэлдүүлэхийн тулд Өөрийнхөө хүслийг Эцэгийн хүсэлд захируулсан мөн бид өөрсдийн хүслийг Тэнгэрлэг Эцэгийн хүсэлд захируулснаар Есүс Христийн үлгэр жишээг дагадаг гэдгийг ойлгосон. Суралцагчид Аврагчийн Гетсеманид байхдаа төлөөлөгчдөдөө өгсөн заавруудаас, хэрэв бид болгоомжтой байж, тууштай залбирвал уруу таталтыг эсэргүүцэх хүчтэй байх болно гэдгийг мэдэж авсан.

2 дахь өдөр (Матай 27–28)

Суралцагчид Аврагчийн цовдлолтын тухай түүхээс Цагаатгалын нэг хэсгийн хувьд Есүс Христ Тэнгэрлэг Эцэгийн Сүнс орхин явж байгааг мэдэрсэн гэдгийг мэдсэн. Мөн тэд Есүс Христ Матай 26-д амласнаараа Тэнгэрлэг Эцэгийн хүслийг биелүүлэхийн тулд зовж шаналсан гэдгийг мэдэж авсан. Суралцагчид Аврагчийг амиа өргөх үед ариун сүмийн хөшиг хоёр хуваагдан урагдсан түүхээс судлахдаа хэрэв бид наманчилж, гэрээгээ сахивал Есүс Христийн Цагаатгалын ачаар Бурханы оршихуйд орж чадна гэдэг үнэнийг бэлгэддэг болохыг ойлгож авсан.

3 дахь өдөр (Марк 1)

Есүсийн бузар сүнснүүдийг зайлуулж байгаа түүхээс суралцагчид Аврагч чөтгөрөөс болон түүний дагалдагчдаас илүү хүчтэй гэдгийг мэдэж авсан. Есүс уяман өвчтэй хүнийг өрөвдөж, цэвэршүүлсэнтэй адил бид ч бас итгэлээ хөгжүүлж, Аврагчид ирэх үед Тэрээр биднийг өрөвдөж, нүглээс цэвэршүүлэх болно гэдгийг сурсан.

4 дэх өдөр (Марк 2–3)

Суралцагчид саа өвчтэй хүнийг өршөөж, эдгээсэн тухай судлахдаа Есүс Христ биднийг сүнсний болон бие махбодын хувьд эдгээх хүчтэйг мэдэж авсан. Тэд Есүсийн татвар хураагчид, нүгэлтнүүдтэй хамт хооллосон тухай судлахдаа Аврагч бидэнд нүглээ наманчилж, эдгэрэхэд туслахыг хүсдэг гэдгийг сурсан. Тэд фарисайчууд Есүсийг болон Түүний шавь нарыг Хүндэтгэлийн өдрийг зөрчсөн гэж зэмлэсэн тухай уншихдаа бид Бурханыг алдаршуулж, сайн үйлсийг хийснээр Хүндэтгэлийн өдрийг ариун байлгаж чадна гэдгийг мэдэж авсан.

Оршил

Есүс Христ амилж, төлөөлөгчдөдөө болон өөр бусад олон хүнд үзэгджээ. Тэрээр Өөрийн төлөөлөгчдөд сайн мэдээг бүх үндэстэнд хүргэхийг зарлиглав.

Заах зөвлөмж

Матай 28

Есүс Христ амилж, олон хүнд үзэгдэв

Суралцагчдаас өөрсдийнх нь болон тэдний таньдаг хэн нэгний ойр дотны хүн нас барж байсан эсэхийг бодохыг хүс. Дараа нь ангийнханд дараах асуултыг тавь.

  • Яагаад хайртай хэн нэгнээ алдах нь бидэнд хэцүү байдаг вэ?

Суралцагчдаас Матай 28-ыг судалж байхдаа хайртай хэн нэгэн нь нас барах үед тайтгарал олоход туслах үнэнийг олж мэдэхийг хүс.

Магдалын Мариа мөн Мариа хэмээх өөр нэг эмэгтэй долоо хоногийн эхний өдөр болох ням гаргийн өглөө эрт Есүсийн биеийг тавьсан булш руу явсан гэдгийг тайлбарла.

Цөөн суралцагчийг Матай 28:1–6-г ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, эмэгтэйчүүд хадан булшинд дөхөж ирэхдээ юу харсныг олж мэдэхийг хүс.

  • Эмэгтэйчүүд хадан булшинд дөхөж ирэхдээ юу харсан бэ? (Эдгээр шүлгийн Иосеф Смитийн Орчуулга эмэгтэйчүүд нэг биш, хоёр тэнгэр элчийг харсан гэдгийг тодорхой болгож өгдөг гэдгийг тайлбарла [Матай 28:2, зүүлт тайлбар a; мөн Иохан 20:12-ыг үзнэ үү].)

  • Хэрэв та нар хоёр тэнгэр элчийг харсан бол хэрхэн хандах байсан гэж бодож байна вэ?

  • 4-р шүлэгт цэдэглэснээр, харуулууд ямар хариу үйлдэл үзүүлсэн бэ?

  • 5–6-р шүлэгт цэдэглэснээр, тэнгэр элчүүд эмэгтэйчүүдэд юу гэж хэлсэн бэ?

  • Бид эдгээр үгээс ямар үнэнийг мэдэж авч болох вэ? (Суралцагчдыг хариулсны дараа, Есүс Христ үхлээс амилуулагдсан гэсэн үнэнийг самбар дээр бич.)

Суралцагчдад Амилалтын сургаалыг ойлгоход нь туслахын тулд тэднийг хоёр эсвэл гурван суралцагчтай бүлэг болгон хуваарилаад, бүлэг дотроо дагалдах тараах материалыг гүйцээхэд урь.

Зураг
тараах материал, Тэр амилсан

“Тэр амилсан” (Матай 28:6)

Шинэ Гэрээний семинарын багшийн гарын авлага—Гэрээр судлах хичээл (7-р бүлэг)

Судруудын удирдамж, “Амилуулалт”-ыг судал. Дараа нь доорх асуултуудыг ярилцаад, өгөгдсөн зайд хариултуудаа бич.

Үхлээс босгогдох, амилуулагдах хоёрын хоорондох ялгаа юу вэ?

Есүс Христийн Амилалтын үр дүнд бүх хүн төрөлхтөнд юу тохиолдох вэ?

Амилалтын сургаалыг ойлгох нь хайртай нэгнээ алдсан хүмүүст хэрхэн тайтгарал өгдөг вэ?

Цөөн суралцагчаас тараах материалыг гүйцээж бөглөснөөр сурч авсан зүйлээ ангийнхантай хуваалцахыг хүс.

Нэг суралцагчийг ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн хэлсэн дараах үгийг чанга уншихад урь.

Зураг
Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли

“Амилалтын өглөөний, Есүсийн Амилсны анхны баярын гайхамшиг нь бүх хүн төрөлхтөнд зориулсан гайхамшиг байсан. Энэ нь Бурханы хүчний гайхамшиг байсан юм. Түүний Хүү Өөрийн амьдралыг бүх хүний нүглийг цагаатгахаар өгсөн бөгөөд Бурханы охин, хөвгүүн бүрд хайрын золиослолыг харуулсан. Тэрээр үүнийг хийснээр үхлийн лацыг эвдсэн юм. …

Тэрээр Өөрийн биеийг буцаан авч, булшнаас босч ирсэнтэй адил, бидний хүн нэг бүр өөрсдийн амилуулалтын өдөр амьд бодгаль болохоор бие махбод, сүнсээ нэгдүүлэхдээ баяртай байх болно.

Иймийн тул, бид мөн бүх хүн төрөлхтний түүхэн дэх үйл явдлуудаас хамгийн гайхамшигтай, тайтгарал өгдөг, баталгаатай үйл явдал болох үхлийн дээрх ялалтад олны адил баясдаг ба хүн төрөлхтөн ч баясах хэрэгтэй” (“The Victory over Death,” Ensign, 1997 оны 4-р сар, 4).

Нэг суралцагчийг Матай 28:7–10-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Есүсийн булшин дээр байсан эмэгтэйчүүдэд юу хий гэж хэлснийг олж мэдэхийг хүс.

  • 7-р шүлэгт цэдэглэснээр, тэнгэр элчүүд эмэгтэйчүүдэд юу хийхийг зарлигласан бэ?

  • Эмэгтэйчүүд яагаад “айдас болон баяр хөөртэйгөөр” булшийг орхисон гэж та нар бодож байна вэ? (Матай 28:8).

  • Тэднийг шавь нарт болсон явдлын талаар ярихаар явах үед юу тохиолдсон бэ?

Эмэгтэйчүүдийг Есүсийн амилалтын талаар шавь нарт нь хэлэхээр яаран явах хооронд ахлах тахилчид булшийг хамгаалж байсан хамгаалагчдаас юу болсон тухай сонссон гэдгийг тайлбарлан, Матай 28:11–15-ыг нэгтгэн дүгнэ. Иудейн удирдагчид хүмүүсийг үнэнийг сонсох вий гэж айж байсан учраас Аврагчийн шавь нар Түүний биеийг харуулуудыг унтаж байх хооронд аваад явсан гэж худал цуурхал тараалгуулахаар харуулуудад мөнгө төлжээ.

Нэг суралцагчаас Матай 28:16–18-ыг чанга уншихыг хүс. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, арван нэгэн төлөөлөгч эмэгтэйчүүдийн хэлсэн мэдээг сонсоод, Галил руу явах үед ирсэн адислалыг олж мэдэхийг хүс.

  • Арван нэгэн төлөөлөгч Галил руу явах захиасыг сонссон учраас ямар адислал ирсэн бэ? (Тэд амилсан Их Эзэнийг харсан.)

Суралцагчдыг босож зогсоод, Матай 28:19–20-ийг хамтдаа чанга уншихад урь. Энэ нь төгс эзэмших судрын хэсэг гэдгийг тэдэнд сануул.

Ангийнхнаас 19–20-р шүлгийг дахиж уншаад, Аврагч төлөөлөгчдөдөө Өөрийг нь харсны дараа юу хийхийг зарлигласныг олж мэдэхийг хүс.

  • Төлөөлөгчдөд Аврагчийг харсныхаа дараа юу хийхийг зарлигласан бэ?

  • Бид Есүс Христийн тухай гэрчлэлтэй болсноороо ямар үүрэг хариуцлагатай болдог талаар тэдний туршлагаас ямар сургамж авч болох вэ? (Суралцагчдыг хариулсны дараа Бид Есүс Христийн тухай гэрчлэлтэй болсноор Түүний талаар бусдад гэрчлэх үүрэг хариуцлагатай болдог гэсэн зарчмыг самбар дээр бич.)

Тэд Матай 27–28-ын гэрээр судлах хичээлийн нэг хэсэг болгон, Есүс Христийн тухай бусдад гэрчилж болох арга замуудыг жагсааж бичсэн гэдгийг суралцагчдад сануул (7-р бүлэг: 2 дахь өдрийн хичээл, 3-р даалгавар). Суралцагчдыг бичсэн зүйлсээ хуваалцаад, гаргасан санаануудаа тайлбарлан, тэдгээрийн жишээг хэлэхэд урь. Та тэдний хариултыг самбар дээр жагсаан бичиж болно.

  • Матай 28:20-д цэдэглэснээр, Аврагч ямар амлалтыг шавь нартаа өгсөн бэ?

  • Их Эзэн ямар ямар арга замаар сайн мэдээг хуваалцахаар хичээж зүтгэхэд тань “та нартай хамт” байсан эсвэл та нарт тусалсан бэ?

Суралцагчдыг ангидаа болон жижиг бүлэг дотор эсвэл хамтрагчдаа Есүс Христийн тухай гэрчлэлээ хуваалцахад урих талаар бодож үз. Та мөн Есүс Христийн тухай гэрчлэлээ ангийнхантай хуваалцаж болно. Суралцагчид судар судлах тэмдэглэлдээ Есүс Христийн тухай бусдад хэрхэн гэрчлэх талаарх зорилгоо бичсэн гэдгийг сануул. Цөөн суралцагчийг зорилгуудаа ангийнхантай хуваалцахад урь.

Дараагийн бүлэг (Марк 4–9)

Суралцагчид дараагийн бүлгээр усан дээр алхсан, хүнээс бузар сүнсийг зайлуулсан, нэгэн охиныг үхлээс босгосон зэрэг Есүс Христийн үйлдсэн гайхамшгуудын талаар илүү ихийг суралцах болно гэдгийг тайлбарла. Суралцагчдаас ямар нэгэн хүчтэй шуурганд өртөж байсан эсэхийг мөн тэр үед ямар санагдсаныг асуу. Суралцагчдыг хувийн амьдралдаа ямар нэгэн хүчтэй шуургатай эсвэл сорилттой тулгарч байгаа мэт санагдаж байсан эсэхийг бодож үзэхэд урь. Тэднийг ирэх долоо хоногт Марк 4–9-өөс судалж байхдаа хэцүү цаг үед амар амгаланг олох ямар арга зам байдгийг олж мэдэхэд урь.