Номын сан
Гэрээр судлах хичээл: Марк 4–9 (8-р бүлэг)


Гэрээр судлах хичээл

Марк 4–9 (8-р бүлэг)

Гэрээр заах багшид зориулсан бэлтгэх материал

Өдөр бүр гэрээр судлах хичээлийн тойм

Суралцагчдын Марк 4–9-ийг (8-р бүлэг) судлахдаа ойлгож мэдсэн үйл явдал, сургаал, зарчмуудын дараах дүгнэлт нь таны хичээлийн нэг хэсэг болж заагдахад зориулагдаагүй юм. Таны заах хичээл эдгээр сургаал, зарчмын зөвхөн цөөн хэд дээр төвлөрнө. Та суралцагчдынхаа хэрэгцээг бодож үзэхдээ Ариун Сүнсний өдөөлтийг дага.

1 дэх өдөр (Марк 4–5)

Хэрэв бид асуудал эсвэл айдастай үедээ Их Эзэний тусламжийг эрэлхийлбэл Тэрээр бидэнд амар амгаланг өгөх болно гэдгийг суралцагчид мэдэж авсан. Мөн бид Аврагчийн хүчийг амьдралдаа мэдэрснээр Түүний адислал, өрөвч нигүүлсэнгүй байдлын талаар бусдад гэрчилж чадна гэдгийг тэд сурсан. Суралцагчид Иайрын охин, цус алдах өвчтэй эмэгтэйн түүхээс хэрэв бид Есүс Христэд ирэх хичээл зүтгэлээрээ дамжуулан Түүнд итгэлээ харуулах аваас Тэрээр биднийг бүрэн дүүрэн болгодог бөгөөд Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэх нь тодорхой бус цаг үед ч гэсэн Түүнд үргэлжлүүлэн итгэхийг шаарддаг гэдгийг мэдэж авсан.

2 дахь өдөр (Марк 6–8)

Суралцагчид таван мянгаас илүү хүнийг хооллосон гайхамшгаас бид байгаа бүхнээ Аврагчид өргөх юм бол Тэрээр Өөрийн зорилгыг гүйцэлдүүлэхээр бидний өргөлүүдийг арвижуулах болно гэдгийг мэдэж авсан. Бид бусдын хэрэгцээг мэдэрч, тэдгээр хэрэгцээг хангахад тусалснаар Аврагчийн үлгэр жишээг дагаж чадна гэдгийг суралцагчид ойлгосон.

3 дахь өдөр (Марк 9:1–29)

Суралцагчид Есүсийн нэгэн хөвгүүнээс бузар сүнсийг зайлуулсан түүхээс хэрэв бид Есүс Христэд итгэх юм бол бүх зүйл бидний хувьд боломжтой байх болно гэдгийг мэдэж авсан. Энэ хичээлээс сурсан бусад зарчимд дараах зарчмууд орно. Үүнд: Хэрэв бид итгэдэг зүйлээсээ тууштай зууран барьж, Их Эзэний тусламжийг эрэлхийлбэл Тэрээр бидэнд итгэлээ хүчирхэгжүүлэхэд туслах болно. Бид залбирч, мацаг барьснаар Есүс Христэд итгэх итгэлээ нэмэгдүүлж чадна.

4 дэх өдөр (Марк 9:30–50)

Суралцагчид Марк 9:30–50-ийг судалж байхдаа хэрэв бид Есүс Христэд итгэдэг хүмүүст нүгэл үйлдэхэд нь нөлөөлбөл Бурханы өмнө хариуцлага хүлээх болно гэдгийг мэдэж авсан. Суралцагчид эдгээр шүлэгт буй Аврагчийн сургаалуудаас эцэст нь Бурханаас тусгаарлагдсанаар зөв шударга бус нөлөөнүүдээс өөрсдийгөө тусгаарласан нь дээр гэдгийг ойлгосон.

Оршил

Зөв гэдгийг нь мэдэж байгаа зүйлээ хийхийн оронд бусдад таалагдахыг эрэлхийлэх нь буруу сонголт, гуниг зовлон, харамсал гашуудал руу хөтөлдөг гэдгийг ойлгоход энэ хичээл суралцагчдад тусалдаг.

Заах зөвлөмж

Марк 6:1–29

Есүс Назарт эсэргүүцэгдэж, Арванхоёр төлөөлөгчийг илгээв; Иохан Баптистын үхлийн талаар өгүүлэв

Ямарваа буруу гэдгийг нь мэдэж байсан зүйлийг хийх дарамт шахалтад орсон хамгийн сүүлийн тохиолдлынхоо тухай бодоход суралцагчдыг урин, хичээлээ эхлүүл.

Дараах өгүүлбэрийг самбар дээр бич (энэ өгүүлбэрийг “Making the Right Choices,” Ensign, 1994 оны 11-р сар, 37-оос үзэх боломжтой):

“Буруу зүйлийг хийдэг хүмүүс хэн нэгэн тэдэнтэй хамт хийх үед өөрсдөд нь илүү тайван тухтай байдаг учраас та нарыг өөрсөдтэй нь нэгдэхийг хүсдэг” (ахлагч Ричард Г.Скотт).

  • Бусад хүн та нарын буруу гэж мэдэж байгаа зүйлийг та нараар хийлгэхээр дарамталж болох ямар ямар жишээ байдаг вэ?

Суралцагчдыг Марк 6-аас судалж байхдаа үе тэнгийнхний сөрөг дарамт шахалтад бууж өгөхөөс зайлсхийхэд өөрсдөд нь туслах үнэнийг олж мэдэхэд урь.

Нэг суралцагчийг Марк 6:17–18-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Херод Иохан Баптистад юу хийснийг олж мэдэхийг хүс. Суралцагчдаар олж мэдсэн зүйлийг нь хуваалцуул.

  • Херод Иоханд юу хийсэн бэ? Яагаад?

Херод эхнэрээсээ салаад, дүү Филипийнхээ эхнэр Херодиатай гэрлэжээ. Энэ үйлдэл нь Иудейн хуулийг ноцтой зөрчсөн хэрэг байсан ба (Левит 18:16-г үзнэ үү) Иохан Баптист үүнийг шулуухнаар хатуу шүүмжилжээ. Иохан энэ гэрлэлтийг эсэргүүцсэн учраас Херодиа уурлаж, Херод эхнэрээ тайвшруулахын тулд Иоханыг шоронд хорьжээ.

Нэг суралцагчийг Марк 6:19–20-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Херодиа Иохан Баптистад юу хийхийг хүссэнийг олж мэдэхийг хүс.

  • Херодиа Иохан Баптистад юу хийхийг хүссэн бэ?

  • Тэр яагаад түүнийг алуулж чадаагүй вэ? (Херод Иоханаас айдаг байсан ба түүнийг Бурханы хүн гэдгийг мэддэг байв.)

Цөөн суралцагчийг Марк 6:21–29-ийг ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Херод Иохан Баптистад юу хийснийг олж мэдэхийг хүс.

  • 26-р шүлэгт цэдэглэснээр, Херод Иохан Баптистыг алах тухайд ямар бодолтой байсан бэ?

  • Херод буруу гэдгийг нь мэдэж байсан ч мөн хийхийг хүсэхгүй байсан ч яагаад Иоханыг цаазлуулсан бэ? (Херод өөртэй нь хамт сууж байсан хүмүүсийг юу гэх бол хэмээн санаа зовж байсан.)

  • Бид зөвийг хийхийн оронд бусдад таалагдахыг оролдвол юу тохиодог тухай Херодын сонголтоос ямар зарчим мэдэж авч болох вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Зөв гэж мэдэж байгаа зүйлээ хийхийн оронд бусдад таалагдахыг эрэлхийлэх нь буруу сонголт, гуниг зовлон, харамсал гашуудал руу хөтөлдөг гэсэн зарчмыг олж тогтоосон эсэхийг бататга.)

Суралцагчдад энэ үнэнийг илүү сайн ойлгоход туслахын тулд тэднийг хоёроос дөрвөн суралцагчтай бүлгүүд болгон хуваарилаад, тэднээс өсвөр үеийнхэн бусдын таалалд нийцэх зүйл ба зөв гэдгийг нь мэдэж байгаа зүйлээ хийх хоёрын аль нэгийг сонгох ёстой хэд хэдэн нөхцөл байдлын жишээг гаргаж ирэхийг хүс. Хангалттай хугацаа өгсний дараа бүлэг бүрийг хуваалцахад урь. Тэднийг хуваалцах үед тэдний зарим жишээг самбар дээр бич.

  • Та нар эдгээр жишээтэй адил дарамт шахалтуудад бууж өгвөл гуниг зовлон, харамсал гашуудал руу хөтөлж байгааг ямар ямар арга замаар харж байсан бэ?

  • Та нар хэзээ хэн нэгэн бусдад таалагдахын оронд зөвийг хийхийг сонгож байгааг харсан бэ?

  • Бусдад таалагдахыг эрэлхийлэхийн оронд зөв гэж мэдэж байгаа зүйлээ хийхийг сонгоход бидэнд юу туслах вэ?

Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбаллын зөв шийдвэр гаргах талаар хэлсэн дараах үгийг чанга унш.

Зураг
Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл

“Бид ямар нэгэн нөхцөл байдалд орохоосоо бүр өмнө шийдвэр гаргавал зөв шийдвэр гаргахад хамгийн амархан байх болно … ; энэ нь шийдвэр гаргах мөчид, ядарсан, асар ихээр уруу татагдсан мөчид үүсэх туйлын зовлон шаналлаас биднийг хамгаалдаг” (Teachings of Presidents of the Church: Spencer W. Kimball [2006], 108).

Суралцагчдыг ирэх долоо хоногийн талаар бодоод, бусдад таалагдах, зөвийг хийхийн аль нэгийг сонгох шаардлагатай болж болох нөхцөл байдлуудыг олж тогтооход урь. Тэднийг ирэх тэрхүү дарамт шахалтад хэрхэн хариу үйлдэл үзүүлэхээр төлөвлөхөд урамшуулан дэмж.

Херод Есүсийн Галилд үйлдсэн олон гайхамшгийн талаар сонсоод, Иохан Баптистыг үхлээс босон, эдгээр гайхамшгийг үйлдэж байна гэж айсан гэдгийг тайлбарла (Марк 6:14–16-г үзнэ үү).

Марк 7–8

Есүс хоёр хүнийг эдгээж, шавь нартаа заав

Марк 7–8 нь Аврагчийн хэн нэгнийг эдгээж байгаа хоёр түүхийг агуулдаг гэдгийг тайлбарла. Суралцагчдыг хос болгон хуваарил. Хос бүр дэх нэг суралцагчийг Марк 7:31–35-ыг уншихаар, нөгөө суралцагчийг Марк 8:22–25-ыг уншихаар оноож өг. Дараа нь суралцагчдыг хамтрагчдаа уншсан шүлгүүд дээрх эдгээлтийн гайхамшгийг дүрслэн ярьж өгөхөд урь.

Хангалттай хугацаа өгсний дараа суралцагчдыг Аврагч эдгээр хоёр хүнийг хэрхэн эдгээснийг тайлбарлахад урь.

  • Бид сохор хүний эхлээд бүрэн эдгэрээгүй баримтаас ямар сургамж авч болох вэ?

Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконкигийн хэлсэн дараах үгийг чанга уншихад урь. Суралцагчдыг Есүс яагаад сохор хүнийг нэг дор биш, шат шатаар, удаанаар эдгээснийг олж мэдэхэд урь.

Зураг
Ахлагч Брүс Р.Макконки

“Энэ гайхамшиг ер бусын өвөрмөц юм. Энэ бол Есүс хүнийг үе шаттай эдгээсэн тухай цорын ганц цэдэглэгдсэн жишээ мөн. Бидний Их Эзэн уг сохор хүний сул дорой хэдий ч өсөн нэмэгдэж буй итгэлийг хүчирхэгжүүлэх зорилгоор энэ аргыг хэрэглэсэн байж болох юм. Есүс хараагүй хүнд гараараа удаа дараа хүрч эдгээсэн нь түүний бат найдвар, итгэл бишрэлийг нэмэгдүүлсэн байж болно. Есүс (1) сохор хүний гараас хөтлөн хотоос гаргаж, (2) сохор хүний нүдэнд шүлсээ түрхэж, (3) гар тавих ёслолыг гүйцэтгэж, (4) эрэгтэйн нүдэн дээр хоёр дахь удаагаа гараа тавьсан.

Энэхүү эдгэрэлтийн онцгой хэв маяг хүмүүс бүх хүч чадал, итгэлээрээ Их Эзэний эдгээх ач ивээлийг эрэлхийлэх ёстой хэдий ч ингэх нь хагас дутуу эдгэрэхэд л хангалттай байдаг, гэхдээ үүнийг хүлээн авсныхаа дараа тэд бүр бүх талаараа эрүүл саруул, бүрэн бүтэн болоход туслах нэмэлт итгэл, баталгааг хүлээн авч болно гэдгийг заадаг. Хүмүүс амьдралаа Бурханы төлөвлөгөө, зорилгуудад нийцүүлснээр сүнсний өвчлөлөөсөө бага багаар, алхам алхмаар эдгэрэх нь олонтоо тохиолддог” (Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1965–1973], 1:379–380).

  • Алгуурхнаар эдгэрэх нь хэн нэгний Есүс Христэд итгэх итгэлийг хэрхэн нэмэгдүүлж болох вэ?

  • Сайн мэдээний талаар гэрчлэлтэй болох эсвэл сүнслэг, бие махбодын эдгэрлийг хүлээн авах зэрэг зарим адислал тэр даруй эсвэл нэг дор ирэхийн оронд алгуурхнаар эсвэл алхам алхмаар ирдгийг ойлгох нь яагаад чухал вэ?

Есүс шавь нараасаа бусад хүн Өөрийг нь хэн гэж ярьж байгааг асуусан гэдгийг тайлбарлан, Марк 8:27–28-ыг нэгтгэн дүгнэ. Зарим хүн Түүнийг Иохан Баптист, харин зарим нь өөр нэг бошиглогч гэж ярьж байна гэж тэд хариулжээ.

Нэг суралцагчийг Марк 8:29-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Петр Есүсийн талаар юу гэж тунхагласныг олж мэдэхийг хүс.

  • Петр Есүсийг хэн байсан гэж хэлсэн бэ? (Христ гэдэг нь Мессиа-тай адил утгатай грек үг юм.)

Есүс шавь нартаа иудейчүүд Өөрийг нь эсэргүүцэж, алах болно хэмээн заасан гэдгийг тайлбарлан, Марк 8:30–31-ийг нэгтгэн дүгнэ. Нэг суралцагчийг Марк 8:32–33-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Петр уг мэдээг сонсоод, ямар хариу үйлдэл үзүүлснийг олж мэдэхийг хүс.

Ялан дийлэгч Мессиагийн талаарх иудейчуудын нийтлэг итгэл хандлагын улмаас Петрт болон тэр үед байсан олон иудей хүнд зовж шаналан, үхэх Мессиагийн талаарх санааг хүлээн зөвшөөрч, ойлгоход хэцүү байсан гэдгийг тайлбарла.

  • Петр Марк 8:22–25-д дүрслэгдсэн сохор хүнтэй юугаараа адил байна вэ? (Петр үнэнийг шат шатаар “харсан”. Тэрээр Аврагчид итгэдэг байсан боловч Аврагчийн номлолын талаарх түүний ойлголт шат шатаар өссөн юм.)

  • Их Эзэн та нарт эсвэл та нарын таньдаг хэн нэгэнд хэрхэн үнэнийг шат шатаар илүү сайн харахад тусалсан бэ?

Суралцагчдыг Марк 8:34–38-ыг дотроо уншаад, өнөөдрийн хичээл тэдэнд амьдралдаа Их Эзэнийг нэгдүгээрт тавихад хэрхэн туслах талаар тунгаан бодоход урин, хичээлээ дуусга.

Дараагийн бүлэг (Марк 10Лук 4)

Суралцагчид Маркийн сайн мэдээг судалж дуусан, Лукийн бичээсүүдийг судалж эхэлнэ гэдгийг тайлбарла. Тэднийг Есүс Христийн амьдралын болон Цагаатгалын хамгийн сүүлчийн үйл явдлуудыг дахин уншихдаа нарийвчилсан шинэ мэдээллүүдийг олж мэдэн, Есүсийг загалмай дээр байхад өгөгдсөн доромжлолын үгсийг анзаарахад урь. Лукийн сайн мэдээнээс тэд Библийн хамгийн алдартай бүлгүүдийн нэг болох Лук 2-ыг буюу дарамтлуулсан, хөөгдсөн мөн нүгэлтэй хүмүүсийн түүхүүдийг судлах болно.