Номын сан
138-р хичээл: Еврей 11


138-р хичээл

Еврей 11

Оршил

Паул Сүмийн гишүүдэд итгэлийн талаар заав. Тэрээр Хуучин Гэрээний зөв шударга эрэгтэй, эмэгтэй хүмүүс Есүс Христэд итгэх итгэлээр гайхамшгуудыг үйлдэж, хүнд хэцүүг даван туулж, агуу адислал хүлээн авсан жишээг эш татсан.

Заах зөвлөмж

Еврей 11:1–6

Паул Сүмийн гишүүдэд итгэлийн талаар заав

Филиппиний нэгэн залуу эмэгтэйн түүхийг уншина уу. Суралцагчдыг энэ залуу эмэгтэй хэрхэн итгэлээ хөгжүүлснийг олж сонсохыг хүс.

Филиппиний нэгэн залуу эмэгтэйн аав ажлаар хол явах шаардлагатай болсон аж. Тэр цалингаа аваад, гэр бүлдээ явуулдаг байжээ. Нэгэн хагас сайн өдөр гэр бүл нь 20 песогийн хоёр дэвсгэртээс бусдыг зарцуулаад дуусгасан байлаа. Залуу эмэгтэй гэр бүлдээ шаардлагатай байгаа зүйлсийн жагсаалтыг хараад, эдгээр бүх зүйлийг худалдаж авбал дараагийн өдөр нь түүний гэр бүл сүмдээ явах унааны зардалгүй болохыг олж мэдэв. Тэр ээжээсээ юу хийх ёстойг асуухад ээж нь түүнд хэрэгцээтэй зүйлсээ худалдаж ав, Бурхан унааны зардлаар хангана гэж хэлжээ.

Залуу эмэгтэй жагсаалтан дээрх бүх зүйлийг худалдаж аваад, маргааш нь сүмдээ явах хангалттай мөнгөтэй үлдэхийн төлөө залбирлаа. Эхлээд тэрээр хоол хийхийн тулд түлээ нүүрс худалдаж авах хэрэгтэй байв. Тэр нэг уут нүүрсний үнэ 5 песогоос 10 песо болж хоёр дахин өссөн байхыг хараад их гайхжээ. Хоолоо хийхийн тулд нүүрс зайлшгүй хэрэгтэй тул тэр хоёр уут нүүрсийг 20 песогоор худалдаж авав. Залуу эмэгтэй гэр бүл нь сүмдээ явж болохын тулд улам хүчтэй залбирлаа. Түүнийг залбирч байхад ямар нэг зүйл түүнд “явж, хэрэгтэй зүйлсээ худалдаж ав. Бүх зүйл зүгээр байх болно” хэмээн шивнэв. Тэгээд тэрээр 20 песотойгоо цааш явлаа. (“Pure and Simple Faith,” LDS.org видео бичлэгээс түүвэрлэв.)

  • Энэ залуу эмэгтэй ямар байдлаар итгэлээ хөгжүүлсэн бэ?

Нэг суралцагчийг Еврей 11:1 болон Еврей 11:1-ийн Иосеф Смитийн Орчуулгыг чанга уншихад урь (Еврей 11:1-ийн зүүлт тайлбар б). Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Паул итгэлийн талаар юу заасныг олж мэдэхийг хүс.

  • 1-р шүлэгт цэдэглэснээр, итгэл гэж юу вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Итгэл бол бидний найддаг зүйлсийн бодит байдал, харагдахгүй зүйлсийн баталгаа мөн гэсэн үнэнийг олж тогтоосон эсэхийг бататга.)

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднар Еврей 11:1-ийг болон бусад эх сурвалжийг ашиглан, (Алма 32:21; Lectures on Faith) Есүс Христэд итгэх итгэлийн гурван үндсэн бүрэлдэхүүнийг тайлбарласан. Ахлагч Бэднарийн хэлсэн дараах үгийг уншихыг нэг суралцагчаас хүс.

Зураг
Ахлагч Дэвид А.Бэднар

“Эдгээр сургаал итгэлийн гурван үндсэн бүрэлдэхүүнийг харуулж байна. Үүнд: (1) итгэл бол үнэн гэж найддаг зүйлсийн баталгаа, (2) итгэл бол харагдахгүй зүйлсийн нотолгоо, мөн (3) итгэл бол оюун ухаант биесийг үйлдэлд хөтөлдөг зарчим юм. Би Аврагчид итгэх итгэлийн эдгээр гурван бүрэлдэхүүнийг ирээдүйг болон өнгөрснөө харж, одоо цагт үйлдэл хийхэд хөтөлдөг гэж тайлбарламаар байна” (“Seek Learning by Faith,” Ensign, 2007 оны 9-р сар, 62).

Баталгаа—ирээдүйг харсан; Нотолгоо—өнгөрснийг харсан; Үйлдэл—одоо үед үйлдэл хийх гэсэн үгсийг самбар дээр бич. Ахлагч Бэднар итгэлийн эдгээр гурван бүрэлдэхүүн болох баталгаа, нотолгоо, үйлдлийг ирээдүйг болон өнгөрснөө харж, одоо цагт үйлдэл хийхэд хөтөлдөг гэж заасныг тайлбарла.

  • Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэх нь Түүнд зүгээр нэг итгэхээс ямар ялгаатай вэ?

  • Филиппин залуу эмэгтэйн түүх ахлагч Бэднарийн тайлбарласан итгэлийн гурван бүрэлдэхүүнийг хэрхэн харуулж байна вэ?

  • Бид Христэд итгэх итгэлээ хөгжүүлбэл юу болж болох вэ?

Еврей 11:2–5-ыг чанга уншихыг нэг суралцагчаас хүс. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, хүмүүс Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлснээр юу тохиолдож болдог талаар Паулын өгсөн жишээнүүдийг олж мэдэхийг хүс.

  • Энэ хүмүүст Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлснээр юу тохиолдсон бэ?

Суралцагчдыг Еврей 11:6-г дотроо уншаад, итгэлийн талаар Паул юу гэж заасныг олж мэдэхийг хүс.

  • Паул итгэлийн тухай юу заасан бэ?

  • Паулын зааснаар бид Бурханы таалалд нийцэхийн тулд юу хийх ёстой вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Бурханы тааллыг олохын тулд бид Түүнд ирж, Түүнд итгэж, Түүнийг тууштай хайгчдыг шагнадаг гэдэгт итгэснээр итгэлээ хөгжүүлэх ёстой гэсэн зарчмыг олж тогтоосон эсэхийг бататга. Та суралцагчдад энэ үнэнийг 6-р шүлэг дээрээ тэмдэглэхийг зөвлөж болно.)

Нэг суралцагчийг филиппин залуу эмэгтэйн түүхийг чанга уншиж дуусгахыг хүс. Залуу эмэгтэй Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлснээр юу тохиолдсон талаар сонсохыг ангийнхнаас хүс.

Залуу эмэгтэй бусад зүйлээ худалдаж авахаар гараа халаасандаа хийтэл бөөгнөрсөн цаас тэмтрэгдэв. Задлан үзтэл түүнд үлдсэн байсан 20 песогийн дэвсгэрт дотор тус бүр нь 20 песогийн таван дэвсгэрт гарч ирэх нь тэр. Тэр энэ мөчид шаардлагатай зүйлсээ худалдан аваад, гэр бүлээрээ сүмдээ явах хангалттай мөнгөтэй болсон гэдгээ мэджээ. Энэ залуу эмэгтэй уг үйл явдал болоход Бурханы тусламж болон хайрыг мэдэрсэн гэж тайлбарласан юм. Тэр гэртээ очоод, Тэнгэрлэг Эцэгтээ энэ гайхамшгийн төлөө талархав. (“Pure and Simple Faith,” LDS.org видео бичлэгээс түүвэрлэв.)

  • Энэ залуу эмэгтэй Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлснээр юу тохиолдсон бэ?

  • Тэрхүү туршлага энэ залуу эмэгтэйд ирээдүйд итгэх итгэлийг нь хөгжүүлэхэд хэрхэн туслах вэ? (Энэ явдлын үед Бурхан түүнд тусалсныг тэр мэдэрсэн тул ирээдүйд Бурхан түүнд дахин тусална гэсэн итгэлтэй болсон. Хүлээн авсан баталгаа, нотолгооныхоо ачаар тэр одоо энэ цаг үед итгэлээр үйлдэх боломжтой болсон. Итгэлээр үргэлжлүүлэн үйлдвэл энэ нь түүний итгэлийг улам хүчирхэг болгох болно.)

Суралцагчдаас хэзээ итгэлээр үйлдэж байсныг нь асуу. Цөөн суралцагчийг туршлагаасаа хуваалцахад урь.

  • Энэ туршлага Бурхан танд ирээдүйд тусална гэсэн баталгааг хэрхэн өгдөг вэ?

Еврей 11:7–40

Паул Хуучин Гэрээний үед итгэлээ хөгжүүлсэн зөв шударга хүмүүсийн жишээг дурдав

  • Ирээдүйд танаас Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэхийг шаардах ямар ямар нөхцөл байдал байж болох вэ?

Суралцагчдыг Еврей 11:7–40-ийг судалж байхдаа Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлснээр ирэх адислалуудыг мэдэхэд туслах үнэнүүдийг олж мэдэхэд урь.

Самбар дээр итгэлээр, итгэлээр дамжуулан гэдэг үгсийг бичээд, Паул уншигчдадаа итгэлээ хөгжүүлснээр адислагдах болно хэмээх найдлага төрүүлэхийн тулд Хуучин Гэрээнд итгэлээ хөгжүүлсэн зөв шударга хүмүүсийн жишээг дурдсан. Суралцагчдыг Еврей 11-ийг гүйлгэн хараад, “итгэлээр,” “итгэлээр дамжуулан” гэж эхэлсэн хэсгүүдийг олохыг хүс. Та суралцагчдад эдгээр хэллэгийг тэмдэглэж авахыг зөвлөж болно.

Нэг суралцагчийг Еврей 11:7-г чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Ноа хэрхэн Бурханд итгэх итгэлээ хөгжүүлснийг олж мэдэхийг хүс. (“Сүсэглэн бэлдсэн” гэдэг нь Ноа Бурханы заавруудад найдвар тавин үйлдсэн гэсэн үг гэдгийг тайлбарлаж болно [зүүлт тайлбар б, в-г үзнэ үү].)

  • Ноа хэрхэн Бурханд итгэх итгэлээ хөгжүүлсэн бэ?

  • Ноагийн энэ түүхэнд ахлагч Бэднарийн хэлсэн итгэлийн гурван бүрэлдэхүүн хэсгийн (баталгаа, нотолгоо, үйлдэл) аль нь гарч байна вэ?

  • Эдгээр нь ямар арга замаар гарч байна вэ?

Еврей 11:8–10, 11–12, 17–19, 20–22, 23–28, 29–31 гэсэн судрын эшлэлүүдийг самбар дээр бич. Ангийг зургаан бүлэг болгон хуваарилаад, бүлэг бүрд судрын хэсэг өг. (Хэрвээ танай анги цөөн суралцагчтай бол суралцагч бүрд нэг эшлэл өгөх юм уу суралцагчдыг хос болгон хуваарилаад, нэгээс олон эшлэл оноож өг.) Бүлэг бүрийг холбогдох судрын хэсгийг уншаад, дараах асуултуудад хариулт олоход урь (та эдгээр асуултыг самбар дээр бичиж болно). Үүнд:

Хэн итгэлээ хөгжүүлсэн бэ?

Итгэлийн гурван бүрэлдэхүүнийг (баталгаа, нотолгоо, үйлдэл) энд хэрхэн харуулж байна вэ?

Үүнтэй төстэй итгэлийг шаарддаг ямар сорилт бэрхшээл өнөөдөр бидэнд тулгардаг вэ?

Хангалттай цаг гаргаж өгсний дараа бүлэг бүрээс нэг суралцагчийг хариултаа ангийнхантай хуваалцахад урь.

Нэг суралцагчаас Еврей 11:13–16-г чанга уншихыг хүс. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Абрахам, Сара нараас болон бусдын үлгэр жишээнээс итгэлээ хөгжүүлэх талаар юу сурч болохыг олж мэдэхийг хүс. “Үлэмж дээр нутаг” (16-р шүлэг) гэдэг нь мөнх амьдралыг хэлж байгааг тайлбарла.

  • 13-р шүлэгт цэдэглэснээр, Абрахам, түүний эхнэр Сара хоёрт болон бусад итгэлтэй хүнд юу тохиолдсон бэ?

  • Бурханы бүх амлалтыг энэ амьдралд аваагүй ч тэд яагаад итгэлтэй хэвээр үлдсэн бэ? (Амлагдсан адислалыг “холоос харж” гэдэг нь нас барсныхаа дараа адислал авна гэсэн найдвар тээн, итгэлтэй байхыг хэлдэг гэдгийг та тайлбарлаж болно.)

  • Тэдний үлгэр жишээ бидэнд итгэлтэй хэвээр үлдэхэд хэрхэн туслах вэ?

Бид Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлснээр … чадна гэсэн хэллэгийг самбар дээр бичээд, суралцагчдыг дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ бичихэд урь.

Цөөн суралцагчийг Еврей 11:32–40-ийг ээлжлэн чанга уншихад урь. Нэг суралцагчаас Иосеф Смитийн Орчуулга дээрх Еврей 11:35-ыг (Еврей 11:35-ын зүүлт тайлбар б), өөр нэг суралцагчийг Иосеф Смитийн Орчуулга дээрх Еврей 11:40-ийг (Еврей 11:40-ийн зүүлт тайлбар а) чанга уншихыг хүс. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, бичсэн өгүүлбэрээ хэрхэн гүйцээж бичих талаар олж мэдэхийг хүс. Та онцгой санагдсан үг, хэллэгийг тэмдэглэж авахыг суралцагчдад зөвлөж болно.

Суралцагчдаас 32–40-р шүлэгт үндэслээд, өгүүлбэрийг гүйцээж бичихийг хүс. Хангалттай цаг гаргаж өгсний дараа цөөн суралцагчаас бичсэн зүйлээ хуваалцахыг хүс. Бид Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлснээр зовлонг тэсвэрлэж, гайхамшгуудыг үйлдэж, тэнгэрлэг амлалтуудыг хүлээн авч, Түүний талаарх гэрчлэлээ хүчирхэгжүүлж, төгс байдал руу тэмүүлж чадна гэсэн зарчмыг самбар дээр бичин, суралцагчдын хариултыг нэгтгэн дүгнэ.

  • Бид Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлж чадах ямар ямар арга зам байдаг вэ?

  • Хэн нэгэн хүн итгэлээ хөгжүүлснээр ямар ямар адислал хүлээн авч байгааг та харсан бэ?

Суралцагчдыг Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлж байсан эсвэл хөгжүүлэхийг шаардах нөхцөл байдлуудын талаар бодоход урь.

Эдгээр нөхцөл байдлын үед Их Эзэнд итгэх итгэлээ хөгжүүлэх зорилт тавихыг тэдэнд уриал. Суралцагчдыг энэхүү зорилтоо “Би итгэлээр … болно” гэсэн хэллэгийг гүйцээж бичихэд урь.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Еврей 11:1. “Итгэл бол бидний найддаг зүйлсийн бодит байдал, харагдахгүй зүйлсийн баталгаа мөн”

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднар итгэлийн гурван үндсэн бүрэлдэхүүнийг дараах байдлаар тайлбарлажээ.

“Төлөөлөгч Паул ‘итгэл бол бидний найддаг зүйлсийн бодит байдал, харагдахгүй зүйлсийн баталгаа мөн’ хэмээн заасан (Еврей 11:1). Алма итгэл бол юмсын тухай төгс мэдлэгтэй байх нь бус юм, харин бид итгэлтэй аваас ‘үнэн хийгээд үл харагдах зүйлүүдэд найдах болно’ хэмээн тунхаглажээ (Алма 32:21). Үүнчлэн бид Lectures on Faith номоос итгэл бол ‘илчлэгдсэн шашны эхний зарчим, бүх зөв шударгын үндэс суурь’ мөн энэ нь ‘бүх оюун ухаант амьд биесийн үйлдэлд хийх зарчим’ гэдгийг сурдаг [Lectures on Faith (1985), 1].

“Эдгээр сургаал итгэлийн гурван үндсэн бүрэлдэхүүн хэсгийг харуулж байна. Тухайлбал: (1) итгэл бол үнэн гэж найддаг зүйлсийн баталгаа, (2) итгэл бол харагдахгүй зүйлсийн нотолгоо, мөн (3) итгэл бол оюун ухаант биесийг үйлдэлд хөтөлдөг зарчим юм. Би Аврагчид итгэх итгэлийн эдгээр гурван бүрэлдэхүүнийг ирээдүйг болон өнгөрснөө харж, одоо энэ цаг үед үйлдэлд хөтөлдөг гэж тайлбарламаар байна.

Бидний найддаг зүйлсийн бодит байдал болох итгэл нь ирээдүйг хардаг. …

“Христэд итгэх итгэл нь гэтэлгэл, өргөмжлөлийнхөө төлөө Христэд найдахтай салшгүй холбоотой. Баталгаа болон найдвар нь гэрэл бидэнтэй хамт цааш хөдөлнө гэдэгт найдан, гэрлийн зах хүртэл яваад, харанхуйд хэдэн алхам хийх боломжийг бидэнд олгодог [Боид К.Пакэр, “The Candle of the Lord,” Ensign, 1983 оны 1-р сар, 54-ийг үзнэ үү]. Баталгаа, найдвар нь хамтдаа одоо цагт үйлдэлд хөтөлдөг.

“Харагдахгүй зүйлсийн баталгаа болох итгэл нь өнгөрсөн рүү харж, бидний Бурханд өгсөн найдвар болон бидний хараагүй зүйлсэд найдах найдварыг баталгаажуулдаг. Бид баталгаа болон найдвар тээн харанхуйд хэд алхаад, гэрэл үнэхээр бидэнтэй цуг хөдөлж, шаардлагатай байгаа гэрлийг өгсөн нь бидэнд баталгаа болдог. Бидний итгэлийнхээ сорилтын дараа хүлээн авдаг гэрч (Ифер 12:6-г үзнэ үү) нь бидний баталгааг томруулж, хүчирхэгжүүлж байдаг нотолгоо юм.

“Баталгаа, үйлдэл, нотолгоо нь тасралтгүй бие биедээ нөлөөлж байдаг” (“Seek Learning by Faith,” Ensign, 2007 оны 9-р сар, 61–63).

Еврей 11:4. “Итгэлээр Абел үлэмж дээр тахилыг Бурханд өргөв”

“Бошиглогч Иосеф Смит Абелийн тахилыг Бурхан яагаад хүлээн авсныг мөн Каины тахилыг яагаад хүлээн аваагүйг тайлбарлахдаа: ‘Абел энэхүү цагаатгалд буюу гэтэлгэлийн төлөвлөгөөнд итгэх итгэлээр Бурханы хүлээн авсан тахилыг өргөдөг байлаа. Энэ бол сүргийнх нь ууган төл байв. Каин газрын үр жимсийг өргөл болгосныг нь хүлээн аваагүй юм. Учир нь тэр өргөлийг итгэлээр үйлдсэнгүй ажээ. Түүнд итгэл байсангүй эсвээс тэрээр тэнгэрийн төлөвлөгөөний эсрэг итгэлтэй болж чадаагүй байв. Хүмүүнийг гэтэлгэхийн төлөө Төрсөн Ганц Хүү цусаа урсгах ёстой байлаа. Учир нь энэ бол гэтэлгэлийн төлөвлөгөө байсан юм. Мөн цус урсгахгүйгээр нүглээс ангижрахгүй байв. Бурханы бэлтгэсэн агуу золиослолыг хүмүүн ялган таних загвараар золиослолыг бий болгосон учраас үүний эсрэгээр өргөл өргөх нь итгэлийг үл шаардана. Учир нь гэтэлгэлийг ийм байдлаар худалдан авах боломжгүй бас Цагаатгалын хүч ч ийм байдлаар үндэслэгдэн бий болоогүй юм. Чухам иймээс Каин итгэлтэй байж чадсангүй’ гэжээ (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 57–58)” (Шинэ Гэрээний суралцагчийн гарын авлага [Сүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2014], 486).