Номын сан
135-р хичээл: Еврей 1–4


135-р хичээл

Еврей 1–4

Оршил

Паул гэгээнтнүүдэд Есүс Христийн жинхэнэ мөн чанарын талаар заав. Тэрээр мөн Есүс Христийн Цагаатгал, Цагаатгалын ачаар ирдэг зарим адислалын талаар заасан. Паул гэгээнтнүүдэд Их Эзэний амралтад орохын тулд юу хийх ёстойг заахаар аглаг буйдад тэнүүчилж байсан эртний израильчуудын түүхийг хуваалцав.

Заах зөвлөмж

Еврей 1

Паул Есүс Христийн мөн чанарын талаар заав

Дараах зохиолуудыг чанга унш.

  1. Залуу эмэгтэй найзуудтайгаа зарим үйл ажиллагаанд оролцдоггүй учраас дандаа “сайн охин” байхаас залхжээ. Тэрээр найзуудтайгаа хамт байхын тулд жишгээ бууруулах тухай бодож байна.

  2. Нэг залуу бүрэн цагийн номлолд үйлчилж байгаа бөгөөд номлол нь түүний төсөөлснөөс ч илүү хүнд учир гэртээ харих тухай бодож байна.

  • Эдгээр хувилбар юугаараа адил байна вэ?

  • Зөв гэж боддог зүйлээ хийхийг хичээхээ болих ямар ямар шалтгаан байж болох вэ?

Зарим иудей хөрвөгч (еврейчүүд гэж нэрлэгддэг) янз бүрийн дарамт шахалтын улмаас Сүмийн цуглаануудад ирэхээ больж, харьцангуй аюулгүй байдалд синагогт хийдэг, Есүс Христэд итгэдэггүй иудей шүтлэгтээ эргэн орж байсныг тайлбарласнаар Еврей номыг товч танилцуул (Еврей 10:25, 38–39-ийг үзнэ үү). Паул Сүмийн эдгээр гишүүнийг Есүс Христэд итгэлтэй үлдэхэд урамшуулан дэмжихийн тулд энэ захидлыг бичсэн.

Бууж өгмөөр санагдсан ч Христэд итгэлтэй хэвээр үлдэхэд туслах үнэнийг Еврей номыг судлахдаа олж мэдэхэд суралцагчдыг урь.

Суралцагчдыг Еврей 1:1–3, 10-ыг дотроо уншаад, Паулын иудей гэгээнтнүүдэд Есүс Христийн талаар заасан сургаалыг олж мэдэхийг хүс.

Хангалттай цаг гаргаж өгсний дараа цөөн суралцагчийг өөрсдийн олж мэдсэн үнэнийг самбар дээр бичихэд урь. Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч дараахтай төстэй үнэнийг самбар дээр бичсэн эсэхийг бататга. Үүнд:

Есүс Христ тэнгэр, газрыг бүтээсэн (Еврей 1:2, 10-ыг үзнэ үү).

Есүс Христ Эцэгийн өмнөөс ярьдаг (Еврей 1:2-ыг үзнэ үү).

Есүс Христ бол Эцэгийн өвлөгч (Еврей 1:2-ыг үзнэ үү).

Есүс Христ бол Эцэгийн дүр төрхийг илэрхийлдэг (Еврей 1:3-ыг үзнэ үү).

Есүс Христ Өөрийн хүчирхэг үгээр бүхнийг барьдаг (Еврей 1:3-ыг үзнэ үү).

Есүс Христ бидний нүглийг ариусгадаг (Еврей 1:3-ыг үзнэ үү).

Есүс Христ Эцэгийн баруун гарт заларсан (Еврей 1:3-ыг үзнэ үү).

“Эцэгийн бодит илэрхийлэл” гэдэг нь Есүс Христ махан биеэр мөн сүнсээр Тэнгэрлэг Эцэгийг илэрхийлж, Түүний бурханлаг мөн чанарыг агуулдаг гэсэн утгатай гэдгийг мөн “Өөрийн хүчит үгээр бүхнийг барьдаг” гэдэг нь Есүс Христ бүхнийг чадагч гэсэн утгатай болохыг тайлбарлаж болно.

  • Эдгээр үнэнийг мэдэх нь Есүс Христэд болон Түүний сайн мэдээнд итгэлтэй үлдэхээр тэмцэж буй хүнд хэрхэн туслах вэ?

Их Эзэний хүслээс татгалзах сорилт ирэхэд эдгээр үнэний аль нь тэдэнд туслах талаар тунгаан бодохыг суралцагчдаас хүс.

Еврей номын гол агуулга нь Есүс Христийн давуу байдал гэдгийг тайлбарла. Жишээ нь, Еврей 1:4–14 дээр Паул Есүс Христ тэнгэр элчүүдээс агуу гэдгийг харуулсан. Дараагийн бүлгүүдэд тэрээр Христийн төгс төгөлдөр, давуу байдлыг үргэлжлүүлэн тайлбарласан байдаг.

  • Есүс Христ бүх зүйлээс агуу гэдгийг мэдэх нь Түүнд итгэлтэй хэвээр үлдэхээр тэмцэж байгаа хүнд хэрхэн тусалж болох вэ?

Еврей номын үлдсэн хэсгийг судлахдаа энэхүү сэдвийг хайж олоход суралцагчдыг урамшуулан дэмж.

Еврей 2

Есүс Христ бол бидний авралын Тэргүүн хэмээн Паул заасан

Суралцагчдаас аль нэг баг эсвэл бүлгийн удирдагчаа хэрхэн сонгодог талаар бодохыг хүс (жишээ нь спорт, мэтгэлцээний баг, жүжгийн зохиол, сургуулийн клуб гэх мэт).

  • Та багийн удирдагч сонгохдоо ямар шалгуур тавьдаг вэ?

Еврей 2 дээр Паул еврей хөрвөгчдөд яагаад Есүс Христийг үргэлжлүүлэн дагах ёстойг ойлгуулахын тулд Есүс Христийн мөн чанар, уг гарлын талаар үргэлжлүүлэн тайлбарласан. Нэг суралцагчийг Еврей 2:10-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Паул Есүс Христийг юу гэж хэлснийг олж мэдэхийг хүс.

  • Есүс Христ юуны тэргүүн бэ? (Есүс Христ бол бидний авралын Тэргүүн гэсэн үнэнийг самбар дээр бич.)

  • Есүс Христ ямар байдлаараа бидний авралын Тэргүүн байдаг вэ?

Суралцагчдыг хос болгон хуваарилаад, нэг суралцагчид Еврей 2:8–13-ыг, нөгөө суралцагчид Еврей 2:14–18-ыг уншихыг даалга. Суралцагчдаас Аврагч яагаад бидний авралын Тэргүүн болоход тэнцэж байгааг эдгээр шүлгээс хайж олохыг хүс. (17-р шүлэгт буй “хүмүүсийн нүглийн төлөөх эвлэрүүллийг хийхийн тулд” гэдэг нь Христ бидний нүглийг цагаатгаснаар биднийг Тэнгэрлэг Эцэгт эвлэрүүлэх буюу Тэнгэрлэг Эцэгтэй зохицсон харилцаатай болох боломжтой болгосон гэсэн утгатайг тайлбарла.)

Хангалттай цаг гаргаж өгсний дараа олж мэдсэн зүйлээ хамтрагчтайгаа хуваалцахыг суралцагчдаас хүс. Дараа нь ангийнхнаас асуу.

  • 9-р шүлэгт цэдэглэснээр, Есүс Христ хүн бүрийн төлөө юу хийсэн бэ?

  • 14-р шүлэгт цэдэглэснээр, Аврагч Цагаатгалаараа дамжуулан хэнийг ялсан бэ?

Паул Аврагчийг бидний авралын Тэргүүн гэж хэлээд зогсохгүй “өршөөнгүй, итгэмжит Тэргүүн Тахилч” хэмээн нэрлэсэн (17-р шүлэг). Паул Есүс Христийг иудей тэргүүн тахилчтай зүйрлэсэн нь тэргүүн тахилчийг Бурхан, хүмүүс хоёрын дунд зуучлагч хэмээн үздэг байсны учир юм.

  • 17-р шүлэгт цэдэглэснээр, Есүст ийм өршөөнгүй, итгэмжит тэргүүн тахилч болох боломжийг юу олгосон бэ?

  • 18-р шүлэгт цэдэглэснээр, Аврагч яагаад бидэнд туслах боломжтой вэ? (Мөн Алма 7:11–13-ыг үзнэ үү.)

Еврей 4:14–16 дээр Паул Аврагчийг хэрхэн өршөөнгүй, итгэмжит тэргүүн тахилч болдог талаарх нэмэлт ойлголтыг сургаал дээрээ заасан. Нэг суралцагчийг эдгээр шүлгийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, юу Есүс Христийг ийм агуу дээд санваартан болгосныг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.

  • Еврей 2:14–18 болон 4:14–16-аас сурсан зүйлсээс үзэхэд яагаад Есүс Христ биднийг төгс ойлгож, сул тал, төгс бус байдлыг маань ойлгох боломжтой байдаг вэ? (Есүс Христ бүх зүйлийг тэвчиж, соригдсон учраас биднийг төгс ойлгож, шаардлагатай үед маань тусалж чадна гэсэн үнэнийг олж тодорхойлоход суралцагчдад тусал. Энэ үнэнийг самбар дээр бич.)

  • Еврей 4:16-д цэдэглэснээр, энэ үнэнийг ойлгох нь бидэнд юу хийхэд туслах вэ?

  • Нигүүлслийн хаан ширээнд итгэлтэйгээр ойртон очих гэдэг нь юу гэсэн утгатай вэ?

Суралцагчдыг Еврей 2-оос олж мэдсэн үнэн нь Есүс Христийг удирдагчаа болгон дагахаар сонгосондоо итгэлтэй байхад хэрхэн туслах талаар мэдрэмжээ хуваалцахад урь.

Еврей 3–4

Паул Их Эзэний амралтад хэрхэн ордог тухай заав

Суралцагчдыг санааг нь зовоодог материаллаг эсвэл сүнслэг зүйлсийг судрын тэмдэглэл эсвэл хичээлийн дэвтэртээ бичихэд урь.

  • Бид эдгээр зүйл болон бусад эх үүсвэрээс ирэх сэтгэл зовнилоос хэрхэн амар амгаланг олж чадах вэ?

Иудей гэгээнтнүүд сайн мэдээгээр амьдарсныхаа төлөө хавчигдаж байсныг суралцагчдад сануул. Еврей 3 ба 4 дээр Паул гэгээнтнүүдэд хэрхэн энэ болон ирэх амьдралд амралт олохыг заахын тулд Хуучин Гэрээнд гардаг түүхийг хуваалцсаныг тайлбарла.

Эртний израильчууд Египетээс чөлөөлөгдсөнийхөө дараа Их Эзэнийг уурлуулсан учраас тэднийг Их Эзэний амралтад орохыг зөвшөөрөөгүй гэдгийг тайлбарла (Тооллого 14; Иаков 1:7–8; Алма 12:33–37; 13:6, 12–13, 28–29-ийг үзнэ үү). Суралцагчдыг Еврей 3:11 дээрх “Миний амралт” гэдэг хэллэгийг тэмдэглэхэд урь.

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконки Их Эзэний амралтад орох гэдэг нь юу гэсэн утгатайг тайлбарласан. Нэг суралцагчийг ахлагч Макконкигийн хэлсэн дараах үгийг чанга уншихад уриад, бусад суралцагчаас Их Эзэний амралтад орох гэдэг нь юу гэсэн үг болохыг сонсохыг хүс.

Зураг
Ахлагч Брүс Р.Макконки

“Жинхэнэ гэгээнтнүүд энэ амьдралд Их Эзэний амралтад ордог бөгөөд тэд үнэнийг дагаснаар Их Эзэнтэй хамт тэнгэрт амартлаа энэхүү адислагдсан байдалд байх болно. … Мөнх бус хүмүүсийн хувьд Их Эзэний амралт гэдэг нь хожмын өдрүүдэд хийгдэж буй тэнгэрлэг ажлын төгс мэдлэгтэй болохыг хэлдэг. … Мөнх байдал дахь Их Эзэний амралт нь мөнх амьдралыг өвлөн, Их Эзэний алдар суугийн бүрэн байдлыг олж авах явдал юм. (С ба Г 84:24)”. (Mormon Doctrine, 2 дахь хэвлэл, [1966 он], 633).

  • Их Эзэний амралтад энэ амьдралдаа орох гэдэг нь юу гэсэн утгатай вэ? Биднийг нас барсны дараа юу?

Еврей 4:1-ийг чанга уншиж, суралцагчдаас шүлгийг дагаж уншаад, Сүмийн зарим гишүүн юуг хийхгүй байх вий хэмээн Паулын санаа зовниж байсан зүйлийг олж мэдэхийг хүс.

  • Паулын санааг юу зовоосон бэ? (Сүмийн зарим гишүүн Их Эзэний амралтад орж чадахгүй байх явдал.)

Еврей 3:7–8, 12–15, 18–19; 4:2–3, 6–7, 11 гэсэн судруудыг самбар дээр бич. Ангийнхнаас эдгээр шүлгийг дотроо уншаад, бид Их Эзэний амралтад хэрхэн орж чадах талаар Паулын заасан зүйлийг олж мэдэхийг хүс. (Суралцагчдыг Судруудын удирдамжин дээрх Еврей 4:3-ын Иосеф Смитийн Орчуулгыг уншихыг хүс.) Хангалттай цаг гаргаж өгсний дараа суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.

  • “Хэрэв бид бат итгэлийнхээ эхлэлийг эцэс хүртэл бат сахивал” (Еврей 3:14) гэдэг нь ямар утгатай гэж та нар бодож байна вэ?

  • “Зүрхээ бүү хатуу болго” гэдэг нь юу гэсэн үг гэж та нар бодож байна вэ? (Еврей 3:15; 4:7). (Зүрх сэтгэлээ нээлттэй байлгаж, Бурханд болон Түүний зарлигуудад дуулгавартай, дагах хүсэлтэй байх.)

  • Паул Их Эзэний амралтад хэрхэн ордог гэж заасан бэ? (Суралцагчдын хариултаас Хэрэв бид Аврагчид итгэлтэй хэвээр үлдэж, зүрх сэтгэлээ хатууруулахгүй аваас Их Эзэний амралтад орно гэсэн зарчмыг самбар дээр бич.)

  • Бурханы бидэнд зориулсан төлөвлөгөө, зорилгод зүрх сэтгэлээ нээлттэй байлгах нь Их Эзэний амралтад ороход биднийг хэрхэн бэлтгэх вэ?

  • Их Эзэний амралтад орохыг эрэлхийлснээр энэ амьдралд бид хэрхэн адислагдаж болох вэ?

Суралцагчдаас одоо тулгарч буй асуудлууд болон санаа зовоосон зүйлсийн хажуугаар Аврагчид итгэлтэй байж, Түүнд зүрх сэтгэлээ нээлттэй байлгах нь тэдэнд хэрхэн амар тайван байхад тусалсан талаар тунгаан бодохыг хүс. Цөөн суралцагчийг бодол санаагаа ангийнхантайгаа хуваалцахад урь.

Есүс Христэд итгэлтэй хэвээр үлдэж, зүрх сэтгэлээ Түүнд нээлттэй байлгахын тулд юу хийх талаараа хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ бичихийг суралцагчдаас хүс.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Еврей 1:3. Есүс Христ бол Эцэгийн “бодит илэрхийлэл” мөн

Ерөнхийлөгч Жозеф Ф.Смит Есүс Христийн төрх байдлын талаар дараах зүйлийг заажээ.

“[Бурханы Хүү Есүс Христ бол] Эцгийнхээ мөн чанарын ‘бодит илэрхийлэл’ мөн (Еврей 1:3). Тэрээр дэлхий дээр хүмүүн болон алхсан бөгөөд Түүнээс асуусан асуултад төгс хүний хувьд: ‘Намайг харсан хүн Эцэгийг харсан’ хэмээн хариулсан (Иохан 14:9). Энэ хариулт дан ганц хэрсүү, сүсэг бишрэлтэй хүний сонирхлыг дарахад хангалттай. Дүгнэлт нь ойлгомжтой. Хэрвээ Бурханы Хүү Эцэгийнхээ мөн чанарын бодит илэрхийлэл (адилхан гэсэн үг) юм бол Түүний Эцэг хүний төрхтэй байж таарна. Учир нь Бурханы Хүүгийн төрх нь Түүний мөнх бус амьдралд төдийгүй, төрөхөөс өмнө мөн амилсны дараа ч ийм байсан. Арван дөрвөн настай Иосеф Смит хөвгүүн анхны үзэгдэл үзэхэд Эцэг, Хүү хоёр энэхүү хүн төрхөөр үзэгдсэн” (Teachings of Presidents of the Church: Joseph F. Smith [1998], 334).

Еврей 4:4, 10. Хүндэтгэлийн өдөр бол Их Эзэний амралтын бэлгэ тэмдэг юм

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконки:

“Хүндэтгэлийн өдөр бол Их Эзэний амралтын бэлгэ тэмдэг юм. Сайн мэдээний амралтад орсон хүмүүс үнэн шүтлэг болон зөв шударга амьдралын хэсэг болгож Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахидаг. Энэ өдөр Бурхан бүтээлтийн ажлаасаа амарсан шиг тэд энэ амьдралд Их Эзэний амралтад орсноо, сайн мэдээний гэрчлэлтэйгээ, Их Эзэний амралт буюу ‘түүний алдар суугийн бүрэн байдал болох тэрхүү амралт[ад]’ орохыг хүсэж байгаагаа гэрчлэхээр дэлхийн ажлаасаа амардаг. (С ба Г 84:24.)” (Doctrinal New Testament Commentary, 3 боть [1965–1973 он], 3:151).