Номын сан
101-р хичээл: Ром 8–11


101-р хичээл

Ром 8–11

Оршил

Паул сүнслэгээр дахин төрөх, Тэнгэрлэг Эцэгийн хүсэлд захирагдсанаар ирэх адислалын тухай заасан. Тэрээр түүнчлэн израильчууд Бурханы гэрээг эсэргүүцсэн болон харь үндэстнүүдийн дунд сайн мэдээ түгэх тухай заав.

Заах зөвлөмж

Ром 8

Паул сүнслэгээр дахин төрөхийн адислалыг дүрслэв

Хичээлээ дараах асуултуудаар эхэл.

  • Өв гэж юу вэ?

  • Хэрэв та нар хэн нэгний эд хөрөнгийг өвлөх байсан бол хэнийхийг, яагаад сонгох байсан бэ?

  • Хэн нэгний эд хөрөнгийг ерөнхийд нь хэн өвлөдөг вэ?

Тэнгэрлэг Эцэгийн эзэмшдэг бүхнийг өв залгамжлагчийн хувьд хүлээн авснаар хэн нэгний хүлээн авч болох адислалыг бодож үзэхийг суралцагчдаас хүс. Суралцагчдыг Ром 8:1–18-ыг судалж байхдаа бид Тэнгэрлэг Эцэгт байгаа бүхнийг өвлөж авахын тулд юу хийх ёстойг олж мэдэхэд урь.

Хэдэн суралцагчийг Ром 8:1, 5–7, 13-ыг ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, “махан биеийн дагуу” амьдрах эсвэл нүгэл үйлдэх эрмэлзэлд бууж өгөх мөн “Сүнсний дагуу” (5-р шүлэг) байх талаар Паул юу заасныг олж мэдэхийг хүс.

  • “Махан биеийн бодол санаа” гэдэг нь юу гэсэн утгатай вэ? (6-р шүлэг). (Махан биеийн хүсэл эрмэлзэл, шуналыг хангахад анхаарлаа төвлөрүүлэх.)

  • “Сүнсний бодол санаа” гэдэг нь юу гэсэн утгатай вэ? (6-р шүлэг).

“Биеийн үйлсийг үхэлд хүргэх” (13-р шүлэг) гэдэг нь мөнх бус биетэй холбоотой нүгэл, сорилт, сул дорой байдлыг ялан дийлэх эсвэл үхүүлэх гэсэн утгатайг тайлбарла (13-р шүлэг, зүүлт тайлбар б; Мозая 3:19-ийг үзнэ үү).

  • Бид эгэл хүний нүгэл үйлдэх хандлагыг ялан дийлэхэд юу тусалж болох талаар 13-р шүлгээс ямар зарчим мэдэж авч болох вэ? (Суралцагчдад Хэрэв бид Сүнсний нөлөөг дагавал эгэл хүний нүгэл үйлдэх хандлагыг ялан дийлж чадна гэсэн зарчмыг тодорхойлоход тусал. Энэ зарчмыг самбар дээр бич.)

Нэг суралцагчийг Ром 8:14–16-г чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Паул Сүнсийг дагадаг хүмүүсийг юу гэж хэлснийг олж мэдэхийг хүс.

  • Паул Сүнсийг дагадаг хүмүүсийг хэрхэн хэлсэн бэ? (Энэ хам сэдэвт буй хөвгүүд гэдэг нь хөвгүүд болон охид гэсэн утгатай [С ба Г 25:1-ийг үзнэ үү] гэдгийг тайлбарла.)

“Үрчлэлийн сүнс” (15-р шүлэг) гэсэн үгсийг онцол. “Бидний сүнс” (16-р шүлэг) гэдэг нь бүх хүнийг Тэнгэрлэг Эцэгийн сүнсэн хүүхэд болгодог ба Бурханы бүтээсэн тэрхүү сүнсэн бие гэдгийг тайлбарла. Гэсэн ч хүмүүс ёслолуудаар Бурхантай гэрээ хийж, сахиснаар сайн мэдээний гэрээнд Түүний хөвгүүд болон охид болж сүнслэгээр дахин төрдөг буюу үрчлэгддэг. Энэ хүмүүс зөвхөн бүтээлтийн улмаас Бурханы сүнсэн хүүхдүүд болох төдийгүй Түүний гэрээт хүүхдүүд гэдгийг Ариун Сүнсний нөхөрлөл харуулдаг.

Нэг суралцагчийг Ром 8:17–18-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Бурханы гэрээт хүүхдүүд хэн болж чадахыг олж мэдэхийг хүс.

  • Бурханы гэрээт хүүхдүүд хэн болж чадах вэ? (Самбар дээр дараах зарчмыг бичихдээ үнэнч гэсэн үгийг орхиж бич. Хэрэв бид Бурханы үнэнч гэрээт хүүхдүүд бол Тэнгэрлэг Эцэгт байгаа бүгдийг Христтэй хамтран залгамжлагчид болох болно.)

  • Хамтран залгамжлагч гэж хэн бэ? (Бусад өв залгамжлагчтай адилхан өв хөрөнгө хүлээн авах хүн)

  • 17-р шүлэгт цэдэглэснээр, Христтэй хамтран залгамжлагчид болохын тулд Бурханы гэрээт хүүхдүүд юу хийх хэрэгтэй вэ?

“[Есүс Христтэй] хамт зовдог” (17-р шүлэг) гэдэг нь Аврагчийн Цагаатгалыг гүйцэтгэж байхдаа туулсан зовлон шаналлыг бид ч бас туулна гэсэн үг биш гэдгийг тайлбарла. Харин Аврагчийн адил бид бүх бурханлаг бусаас татгалзаж, зарлигуудыг сахин, сөрөг зүйлсийг үнэнчээр тэвчинэ гэсэн үг юм (Матай 16:24; Иосеф Смитийн Орчуулга, Матай 16:26 [Bible appendix]). Үнэнч гэдэг үгийг бичин, самбар дээрх зарчмыг гүйцээ. Самбар дээр гурван баганатай хүснэгт зур. Эхний баганыг Шаардлага, хоёр дахь баганыг Сөрөг тал, гурав дахь баганыг Өв гэж гарчигла. Дараах асуултуудад хариулах суралцагчдын хариултуудыг зохих багананд жагсаан бич.

  • Бурханы үнэнч, гэрээт хүүхдүүд гэж тооцогдохын тулд биднээс ямар зүйлс хийхийг шаарддаг вэ?

  • Бурханы үнэнч гэрээт хүүхдүүд байхыг хичээн амьдрах үед бидэнд ямар сөрөг зүйлс учирч болох вэ?

  • Хэрэв бид Тэнгэрлэг Эцэгийн үнэнч гэрээт хүүхдүүд байхыг хичээн амьдрах юм бол Түүнээс ямар адислал өвлөн авах вэ? (Байж болох нэг хариулт нь бид Тэнгэрлэг Эцэгтэйгээ адил болж чадна гэсэн хариулт юм [Ром 8:17, зүүлт тайлбар a].)

Суралцагчдаас самбар дээрх жагсаалтыг тунгаан бодохыг хүс.

  • 18-р шүлэг дэх Паулын заасан зүйлийг уншсаныхаа дараа Христтэй хамтран залгамжлагчид болох шаардлагууд авах адислалтай нь хэрхэн харьцуулагдаж байна гэж та нар бодож байна вэ? Яагаад?

Бид Ром 8:19–30-аас Сүнс бидний сул дорой байдалд төдийгүй юуны төлөө залбирахаа мэдэхэд тусалдаг гэдгийг Паул заасан талаар уншдагийг тайлбарла. Түүнчлэн Есүс Христ мөнх бус байдлын өмнөх оршихуйд Бурханы хүүхдүүдийн Аврагч байхаар дуудагдсан тухай уншдаг (Иосеф Смитийн Орчуулга, Ром 8:29–30 [Bible appendix]).

Тэмдэглэл: Ром 8:29–30 дахь урьдаас тогтоосон гэдэг нь урьдчилан томилох эсвэл дуудах гэсэн үг юм. Суралцагчид Паулын урьдчилан томилолтын талаар заасан зарим зүйлийг Ефес 1 дээрээс судлах болно.

Хэд хэдэн суралцагчийг Ром 8:28, 31–39-ийг ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, мөнх бус амьдралын сөрөг тал, сорилт бэрхшээл, зовлон зүдгүүртэй холбон Бурханы хайрын талаар Паулын заасан үнэнийг олж мэдэхийг хүс. Ром 8:31-ийн Иосеф Смитийн Орчуулгад “эсэргүүцэх” гэдэг үгийг “ялан дийлэх” гэдэг үгээр сольсон гэдгийг онцол (31-р шүлэг, зүүлт тайлбар a).

  • Эдгээр шүлгээс бид ямар ямар үнэнийг мэдэж авч болох вэ? (Суралцагчид дараах үнэнийг багтаан, хэд хэдэн үнэнийг тодорхойлж болно. Үүнд: Хэрэв бид Бурханыг хайрлавал бүх зүйл бидний сайн сайхны төлөө хамтдаа ажиллах болно. Бид Есүс Христээр дамжуулан мөнх бус амьдралын бүх сорилт бэрхшээл, зовлон зүдгүүрийг даван туулж чадна. Ямар ч зүйл биднийг Бурханы хайраас тусгаарлаж чадахгүй бөгөөд энэ нь Есүс Христийн Цагаатгалаар харагддаг.)

  • Есүс Христ болон Түүний сургаал бидэнд мөнх бус амьдралын сорилт бэрхшээл, зовлон зүдгүүрийг даван туулахад хэрхэн туслах вэ?

  • Та нар өөрсдөдөө тохиолдсон мөнх бус амьдралын сорилт бэрхшээл, зовлон зүдгүүрээ бодож үзэхэд, эдгээр шүлэгт буй ямар үгс та нарт илүү онцгой санагдаж байна вэ? Яагаад?

  • Та нар сорилт бэрхшээл, зовлон зүдгүүр дунд Бурханы хайрыг хэрхэн мэдэрч байсан бэ?

Суралцагчдыг хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ Есүс Христээр дамжуулан тэд сорилт бэрхшээл, зовлон зүдгүүрээ даван туулж болохын тулд юу хийхээр сүнслэгээр өдөөгдөж байгаа талаар бичихэд урь. Бичсэн зүйлээ хэрэгжүүлэхэд тэднийг урамшуул.

Ром 9–11

Паул израильчууд Бурханы гэрээг эсэргүүцсэн болон сайн мэдээг харийнханд хүргэх талаар заав

Суралцагчдаас дараах нөхцөл байдалд хэрхэн хандах байснаа тунгаан бодохыг хүс.

  1. Чи бишоптойгоо хамт нэгэн залуу эрэгтэйн гэрт айлчлахаар болов. Түүний гэр бүлийнхэн Сүмд идэвхтэй ч тэр өөрөө идэвхгүй. Бишоп сайн мэдээний дагуу амьдрахгүй байхын үр дагаврыг түүнд эелдгээр ойлгуулахыг хичээхэд, тэр “Бүү санаа зов. Би баптисм хүртчихсэн, аав ээж маань ч идэвхтэй. Бурхан надаас ямар ч адислалаа холдуулахгүй” гэж хэлэв.

  2. Чи саяхан өөр шашинтай нэг залуу эмэгтэйтэй найз болсон. Тэр чиний амьдардаг жишгүүдийн талаар асуув. Таныг Их Эзэний зарим жишгийг тайлбарласны дараа тэр “Яагаад энэ бүхнийг хийдгийг чинь би ойлгохгүй байна. Аврагдахын тулд хийх ёстой бүх зүйл чинь Есүс Христэд итгэх явдал шүү дээ“ гэж хэлэв.

Суралцагчдыг Ром 9–11-ийг судалж байхдаа сайн мэдээний адислал хүлээн авахын тулд юу шаардлагатайг ойлгоход туслах үнэнүүдийг олж мэдэхэд урь.

Нэг суралцагчийг Ром 9–11-д Паулын заасан зүйлийн дараах тайлбарыг уншихад урь.

Ром 9–11-д цэдэглэснээр, Паул иудейчүүдийн хийсэн сонголтын талаар ярихдаа иудейчүүд гэхийн оронд Израиль, израильчууд гэсэн үгс ашигласан. Бурханы гэрээт хүүхдүүдийг заримдаа Израилийн угсааныхан гэдэг. Хуучин Гэрээний үед Бурхан Иаков буюу Израилийн үр удмыг Абрахамтай хийсэн гэрээнийхээ нэг хэсэг болгон сонгосон (Ром 9:4–5-ыг үзнэ үү) бөгөөд энэ нь сайн мэдээ, санваарын эрх мэдэл, мөнх амьдрал, мөнхийн үр удам, өвийн нутаг, сайн мэдээгээр дэлхийг адислах үүрэг хариуцлага зэрэг агуу адислалыг багтаадаг.

Нэг суралцагчийг Ром 9:6, 8-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Израилийн угсааны гишүүдийн талаар Паул юу заасныг олж мэдэхийг хүс.

  • “Израилиас байгаа нь бүгд Израиль биш“ гэдгээр Паул юу хэлсэн гэж та нар бодож байна вэ? (6-р шүлэг). (Олон иудей хүн өөрсдөө Абрахамын удам угсааных учраас тэдэнд гэрээний адислал баттай ирнэ гэж буруугаар итгэж байв.)

Бид Ром 9:25–30-аас Паул Сүмд нэгдсэн харь үндэстнүүд гэрээний бүх адислалыг хүлээн авч чадах ба Есүс Христэд итгэлээ хөгжүүлснээр зөв шударга болох боломжтой гэж заасан талаар уншдаг болохыг тайлбарла.

Хэд хэдэн суралцагчийг Ром 9:31–33; 10:1–4-ийг ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Паулын үед зарим израиль хүн Бурханы өмнө зөвт байхыг хэрхэн эрэлхийлдэг байсныг олж мэдэхийг хүс. “Зөвт байдлын хууль” (Ром 9:31) гэдэг нь Мосегийн хууль; “бүдрүүлэх чулуу” (Ром 9:32, 33) гэдэг нь Есүс Христ; “Бурханы зөвт байдал” (Ром 10:3) гэдэг нь Есүс Христ болон Түүний сайн мэдээ гэдгийг тайлбарла.

  • Ром 9:31–33-т цэдэглэснээр, зарим израиль хүн Бурханы өмнө зөвт болохоор хэрхэн эрэлхийлж байсан бэ? (Мосегийн хуулийг яг таг дагаснаар)

  • Ром 10:3–4-т цэдэглэснээр, эдгээр израиль хүн юуг эсэргүүцсэн бэ? (Есүс Христ болон Түүгээр дамжин боломжтой болсон зөвт байдлыг)

Ром 10:8–13-т цэдэглэснээр, Паул “итгэлээр ирдэг зөвт байдал”-ыг (Ром 9:30) хэрхэн олж авах тухай заасныг тайлбарла. Хэд хэдэн суралцагчийг Ром 10:8–13-ыг ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, энэхүү зөвт байдлыг хэрхэн олж авахыг мэдэхийг хүс.

  • Итгэлээр ирдэг зөвт байдлыг олж авахын тулд хүн юу хийх ёстой вэ?

9-р шүлэг дэх хүлээн зөвшөөрөх гэж орчуулагдсан грек үг нь нээлттэй хүлээн зөвшөөрөх, гэрээлэх гэсэн утгатай, итгэх гэж орчуулагдсан грек үг нь амлалтад найдах гэсэн утгатайг тайлбарла. Ийнхүү Аврагчид гүнээ найдах нь Түүний олгосон арга замаар хүмүүс Түүнийг хүлээн зөвшөөрдгөө ил мэдэгдэхэд хүргэдэг. Эдгээр арга замд Бурханы зарлигуудад дуулгавартай байх, наманчлах, баптисм болон Ариун Сүнсний бэлэг зэрэг авралын ёслолуудыг хүлээн авах зэрэг нь ордог.

  • Паулын зааснаар, хэрэв бид аврал зэрэг Бурханы гэрээний адислалыг хүлээн авахыг хүсвэл юу хийх хэрэгтэй вэ? (Суралцагчдад Хэрэв бид Есүс Христийн сайн мэдээг хүлээн зөвшөөрч, үүнд дуулгавартай байвал Бурханы гэрээний адислалыг хүлээн авч, аврагдаж чадна гэсэн зарчмыг тодорхойлоход тусал. Энэ зарчмыг самбар дээр бич.)

Зарим хүн Ром 10:9, 13-ыг ашиглан, бидний аврагдахын тулд хийх ёстой бүх зүйл бол Есүс Христэд итгэдэг гэдгээ амаараа хүлээн зөвшөөрөх явдал гэж зүтгэдэг тухай онцлон хэл. Суралцагчдад энэ хичээлийн эхэнд ярилцсан жишээнүүдийг сануул.

  • Энэ хичээлд үзсэн үнэн нь эдгээр жишээнд хариулахад та нарт хэрхэн туслах вэ?

Христэд итгэх итгэлээ хөгжүүлэхэд Бурханы үгийг сонсох нь чухал болохыг Паул заасан тухай тайлбарлан, Ром 10–11-ийн үлдсэн хэсгийг нэгтгэн дүгнэ. Тэрээр зэрлэг чидун модны мөчрийг таримал чидун модонд залгах тухай зүйрлэлээр харийнхан Израилийн угсаанд нэгдэхийг төлөөлөн харуулсан (Иаков 5:3–14-ийг үзнэ үү). Тэрээр түүнчлэн сайн мэдээ иудейчүүдэд дахин хүрэх болно гэж заасан.

Энэ хичээлд ярилцсан үнэнүүдийн талаар гэрчилснээр хичээлээ дуусга.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Ром 8:14–17. “Бид Бурханы хүүхдүүд”

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд Бурханы хүүхдүүдийн хувьд бидний бурханлаг өвийн тухай гэрчилсэн.

“Тэнгэр дэх Эцэг чинь та нарын нэр болон нөхцөл байдлыг мэддэг. Тэр та нарын залбирлыг сонсдог. Тэр та нарын найдвар, хүсэл мөрөөдөл, айдас, цөхрөлийг мэддэг. Мөн Тэрээр та нарыг Өөрт нь итгэснээр хэн болж чадахыг мэднэ. Энэхүү бурханлаг өвийн улмаас та болон таны сүнслэг ах, эгч бүгдээрээ Түүний мэлмийд адил тэгш ба дуулгавартай байдлаар дамжин хүчирхэгжиж, Түүний мөнхийн хаант улсад эрх бүхий өв залгамжлагч, “Бурханы өв залгамжлагчид бөгөөд Христийн хамтран залгамжлагчид” болох болно [Ром 8:17]. Эдгээр сургаалын ач холбогдлыг ойлгохыг эрэлхийл (“To Young Women,” Ensign эсвэл Liahona, 2005 оны 11-р сар, 28).

Судруудад биднийг ‘Бурханы хүүхдүүд’ хэмээн нэгээс илүү олон утгаар хэлдэг (Ром 8:16). Нэгдүгээрт, хүн бүр чухамдаа Тэнгэрлэг Эцэгийн хайрт сүнсэн хүүхэд юм (Малахи 2:10; Үйлс 17:29; Еврей 12:9; ‘Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,’ Ensign эсвэл Liahona, 2010 оны 11-р сар, 129). Хоёрдугаарт, бид Есүс Христэд итгэлээ харуулан, наманчилж, баптисм хүртэн, Ариун Сүнс [болон бусад ёслолыг] хүлээн авах гэрээний харилцаагаар дамжуулан Бурханы хүүхдүүд болж дахин төрдөг (Иохан 1:12; Галат 3:26–29; Мозая 5:7; С ба Г 11:30; [С ба Г 84:33–38;] Мосе 6:65–68)” (Шинэ Гэрээний суралцагчийн гарын авлага [Сүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2014], 348-ыг үзнэ үү).

Сүнс биднийг Бурханы гэрээний хүүхдүүд гэдгийг гэрчлээд зогсохгүй, бид Бурханы хайртай хүүхдүүд бөгөөд төрөхөөсөө өмнө бид Бурхантай хамт байсан гэдгийг бидний сүнсэнд гэрчилдэг.

Ром 8:15. “Үрчлэлийн Сүнс”

“Үрчлэлт нь Ромд нийтлэг зүйл байсан бөгөөд Паулын уншигчдад танил ойлголт байсан. Хэн нэгнийг үрчлэн авсан хүн түүнд төрсөн хүүхдэдээ өгөх байсан бүх эрх, үүргийг өгдөг. Тиймээс бид сайн мэдээний гэрээнд нэгдсэнээр (Ром 8:17) ‘үрчлэлийн Сүнсийг’ хүлээн аваад, ‘Бурханы хүүхдүүд мөн Христийн хамтран залгамжлагчид’ болдог (Шинэ Гэрээний суралцагчийн гарын авлага [Сүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2014], 348).

Түүнчлэн Мормоны Номд Бенжамин хаан бид хэрхэн “Христийн хүүхдүүд” болдог талаар заасан (Мозая 5:5–10). Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит “Есүс Христ өөрийн хийсэн Цагаатгалаар дамжуулан мөнх амьдралыг бидэнд санал болгодог” учраас “бидний Эцэг болдог” хэмээн заасан. Ерөнхийлөгч Смит “Бид Есүс Христэд дуулгавартай байх гэрээнүүдээрээ дамжуулан Түүний хүүхдүүд, охид, хөвгүүд болдог” гэж тайлбарлажээ (Doctrines of Salvation, Брүс Р.Mакконки, 3-р боть [1954–1956], 1:29).

Ром 8:31–32. “Хэрэв Бурхан бидний талд юм бол, хэн биднийг эсэргүүцэх вэ?”

“Христийн Цагаатгал нь ‘Бурхан бидний талд байдаг’ мөн бидэнд үнэнч бөгөөд бидний мөнхийн сайн сайхны төлөө байдгийг харуулдаг гэж Паул заасан. Бурхан Цорын Ганц Төрсөн Хүүгээ бидэнд өгсөн учраас бидний авралын төлөө ажиллаж, өгөхийг хүсдэг бүхнээ өвлүүлэхэд биднийг бэлтгэнэ гэдэгт бид итгэлтэй байж болно. Ахлагч Жэффри Р.Холланд Сүмийн гишүүдийг дараахтай адил ухуулжээ.

“‘Цовдлолт ба Цагаатгалын төсөөлшгүй үнэ цэнийг авч үзэхэд, Тэр бидэнд нуруугаа харуулахгүй гэдгийг би амлаж байна. … Ах эгч нар аа, та нар ямар ч гуниг зовлонтой байсан бүү бууж өгөөрэй’ (‘Broken Things to Mend,’ Ensign эсвэл Liahona, 2006 оны 5-р сар, 71)” (Шинэ Гэрээний суралцагчийн гарын авлага [Сүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2014], 350).

Ром 8:29–30; 9:11; 11:2, 5, 7, 28. Урьдаас тогтоох, урьдчилан томилох, сонгох

Ром 8:29–30 дахь урьдаас тогтоох гэж орчуулагдсан грек үг нь ‘урьдчилан томилох эсвэл тодорхойлох’ гэсэн утгатай ба тухайн хүн Есүс Христийг дагаж, Түүнтэй адил болно гэсэн Бурханы урьдаас мэдэх мэдлэгт тулгуурлан зарим хүнд өгөгдсөн урьдчилсан томилгоо юм (Ефес 1:3–4; 1 Петр 1:2-ыг үзнэ үү). ‘Урьдчилан томилолт нь хувь хүмүүс дуудлага, үүрэг хариуцлагыг хүлээн авна гэсэн баталгааг өгдөггүй. Иймэрхүү боломжууд нь энэ амьдралд зөв шударга сонголтын үр дүнд, яг мөнх бус байдлын өмнөх байдалд зөв шударгын үр дүнд урьдчилсан томилолт ирсний адил ирдэг юм’ (‘Урьдчилсан томилолт,’ Итгэлдээ үнэнч байх нь: Судрын заалт [2004], 204; Алма 13:3–4)” (Шинэ Гэрээний суралцагчийн гарын авлага [Сүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2014], 350).

Библийн толь бичиг сонголт гэдэг нь “Бурхан Израилийн угсааг бүх дэлхийг адислах хэрэгсэл байж болохын тулд эрх ба үүрэг хариуцлагатай гэрээт хүмүүс байхаар сонгосон талаарх шашны хэллэг юм гэж тайлбарлажээ. …

Сонгогдсон хүмүүс нь ‘дэлхийн сууринаас өмнө’ сонгогдсон хэдий ч хэн ч мөнх амьдралд ямар ч нөхцөлгүйгээр сонгогдоогүй юм. Хүн бүр өөрийнхөө төлөө сайн мэдээг сонсож, аврал хүлээн авахын тулд сайн мэдээний ёслол, гэрээнүүдийг Их Эзэний үйлчлэгчдийн гараас хүлээн авах ёстой. Хэрэв хэн нэгэн нь сонгогдсон байсан ч үйлчлэхгүй бол түүний сонгогдсон нь Паулын 2 Коринт 6:1-д хэлснээр дэмий хоосон хэрэг болох юм.

“… Ром 11:1–5-д дурдсан ‘нигүүлслийн сонголт’ нь хэн нэгэн сайн мэдээний таатай нөхцөл, цаг үе, газар, нөхцөл байдалд төрөх мөнх бус байдлыг хэлнэ. Энэ сонголт нь мөнх бус байдлын өмнөх оршихуйд болсон юм. Мөнх бус амьдралд сайн мэдээнд итгэлтэй мөн хичээнгүй байсан хүмүүс энэ амьдралд илүү таатай сонголтыг хүлээн авч, Бурханы сонгогдсон хүмүүс болно. Тэд үүрд мөнхөд Бурханы алдар суугийн бүрэн байдлын амлалтыг хүлээн авдаг (С ба Г 84:33–41)” (Bible Dictionary, “Election”; мөн Алма 13:3–4-ийг үзнэ үү).

Бошиглогч Иосеф Смит “Хувь хүнийг мөнх амьдралд нөхцөлгүйгээр сонгох [урьдаас тогтоосон] талаар төлөөлөгчид заагаагүй. Бурхан аврагдах бүх хүмүүнийг сайн мэдээгээр дамжуулан Есүс Христэд ирж, аврагдах ёстой хэмээн сонгосон ба урьдаас тогтоосон гэж тайлбарлажээ (History of the Church, 4:360). Тиймээс аврагдах бүх хүн Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан аврал хүлээн авах бөгөөд өөр ямар ч арга байхгүй билээ.

Ром 11:25. “Харь үндэстнүүд дүүрэн орох”

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконки “Харь үндэстнүүд дүүрэн орох“ гэдэг нь ямар утгатайг тайлбарласан.

“Иудейчүүдэд үг сонсох тодорхой цаг хугацаа тогтоогдсон байсан ба дараа нь харь үндэстнүүдэд энэ давуу эрх өгөгдөх цаг хугацаа байх юм. Харь үндэстнүүдийн цаг хугацаа нь сайн мэдээ тэдний дунд давуу тархаж, тэд үнэнийг хүлээн зөвшөөрөх бүрэн боломжтой байх буюу өөр үгээр харь үндэстнүүд бүрэн дүүрэн орох хүртэлх цаг мөчийг хэлж байна. Тэгээд уг захиас нь эргээд иудейчүүдэд буюу үндэстэн болон хүмүүст хүрэх болно” (Doctrinal New Testament Commentary, 3 боть [1965–1973], 2:290).

Паул энэ захидлыг бичихээс зуу зуун жилийн өмнө Нифай ах нартаа хожмын үед сайн мэдээ харийнхны бүрэн байдлаар дамжин түүний болон ах нарынх нь үр удамд хүрнэ гэдгийг заасан. Энэ нь тэдэнд “өөрсдийн Гэтэлгэгч мөн түүний сургаалын мөн чанарын мэдлэгт орох болно; тэд түүнд хэрхэн ирж бас аврагдахыг мэдэж болохын тулд” боломж олгох юм (1 Нифай 15:14). Лихайн үр удмын цугларалт нь хожмын үед унаган мөчрүүд эргээд чидун модонд залгагдана гэж Паул болон Зиносын бошиглосны нэг хэсэг юм (Ром 11:23–25; Иаков 5:52, 60, 63, 67–68-ыг үзнэ үү).

1823 онд тэнгэр элч Моронай бошиглогч Иосеф Смитэд үзэгдэхдээ “харийнхны бүрэн байдал удахгүй тохиох болно” гэж хэлсэн (Иосеф Смит–Түүх 1:41).