Номын сан
113-р хичээл: 2 Коринт 1–3


113-р хичээл

2 Коринт 1–3

Оршил

Паул Коринтын гэгээнтнүүдэд бусдыг хэрхэн тайтгаруулах талаар тайлбарлан бичив. Түүнчлэн тэрээр тэдний цуглаан дахь нүгэл үйлдсэн хүнийг уучлахыг ухуулсан. Паул гэгээнтнүүдэд, хэрэв тэд Их Эзэн рүү эргэвэл Бурхантай илүү адил болно гэдгийг заажээ.

Заах зөвлөмж

2 Коринт 1

Паул Коринтын гэгээнтнүүдэд бусдыг хэрхэн тайтгаруулахыг заав

Суралцагчдыг өөрсдийнх нь мэдэх хэн нэгэнд хүнд бэрхшээл эсвэл зовлон тохиолдож байсан талаар бодоход урь.

  • Та нар түүнд туслахын тулд юу хийсэн бэ?

  • Та нарт хэн нэгнийг бэрхшээлтэй үед нь тайтгаруулахыг хүссэн ч хэрхэн тайтгаруулахаа мэдэхгүй үе байсан уу?

Суралцагчдыг 2 Коринт 1-ийг судалж байхдаа зовлон бэрхшээлтэй үед нь бусдыг хэрхэн тайтгаруулахаа мэдэхэд туслах үнэнийг олж мэдэхэд урь.

Паулыг 1 Коринтыг бичсэний дараа түүний заасан зүйлсээс болж Ефест үймээн гарсан гэдгийг тайлбарла. (Үйлс 19:23–41-ийг үзнэ үү. Тэмдэглэл: Ази гэдэг нь орчин үеийн Турк дэх Ромын нэгэн аймаг байсан.) Паул Ефесийг орхин, Македон руу явсан бөгөөд тэнд байхад нь Коринтын гэгээнтнүүд түүний өмнөх захидлыг сайн хүлээн авсан гэдгийг Тит мэдэгджээ. Паул түүнчлэн гэгээнтнүүдэд зовлон бэрхшээл тулгарч байгаа тухай болон Коринтын зарим хуурамч багш Христийн үнэн сургаалыг ялзруулж байгаа талаар олж мэдэв. Паул гэгээнтнүүдийг тайтгаруулж, эдгээр хуурамч багшийн гаргасан асуудлуудад хариулахаар 2 Коринтыг бичжээ.

Хэд хэдэн суралцагчийг 2 Коринт 1:1–5-ыг ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Паул зовлон бэрхшээлийнх нь талаар гэгээнтнүүдэд юу гэж хэлснийг олж мэдэхийг хүс.

  • 3-р шүлэгт Паул Бурханы талаар гэгээнтнүүдэд юу гэж хэлснээр тэднийг зовлон бэрхшээлтэй үед нь тайтгаруулсан байж болох вэ?

  • Бид Тэнгэрлэг Эцэгийн тайтгарлыг хүлээн авахдаа юу хийж болох талаар 4-р шүлгээс ямар үнэнийг мэдэж болох вэ? (Суралцагчид Бурхан биднийг зовлон бэрхшээл дунд тайтгаруулах үед бид Түүний тайтгарлыг хүлээн авахад бусдад тусалж чадна гэсэнтэй төстэй үнэнийг тодорхойлох ёстой.)

  • Та нар сорилт бэрхшээлтэй үедээ Бурханы тайтгарлыг хүлээн авснаар бусад хүнд Түүний тайтгарлыг хүлээн авахад нь туслахад хэрхэн тус нэмэр болж байсан бэ? (Суралцагчдыг өөрсдийн туршлагын талаар бодож байх үедээ туршлагаасаа хуваалцаж болно.)

Паул Ефест сайн мэдээг тунхаглах үед өөрт нь болон хамтрагчдад нь тохиолдсон амь сорьсон, хүнд зовлон бэрхшээлийнхээ талаар Коринтын гэгээнтнүүдэд хэлсэн зүйлийг тайлбарлан, 2 Коринт 1:6–8-ыг нэгтгэн дүгнэ.

Нэг суралцагчийг 2 Коринт 1:9–11-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, сорилт бэрхшээлтэй үед нь Паул болон түүний хамтрагчдад юу тусалсныг олж мэдэхийг хүс.

  • Сорилт бэрхшээлтэй тулгарсан үед Паул болон түүний хамтрагчдад юу тус болсон бэ?

  • Та нар сорилт бэрхшээл тулгарсан хэн нэгэнд хэрхэн тусалж болох талаар 11-р шүлгээс ямар үнэнийг тодорхойлж болох вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Сорилт бэрхшээл тулгарсан хүмүүст бидний залбирал тусалж чадна гэсэн үнэнийг олж тогтоосон эсэхийг бататга.)

  • Сорилт бэрхшээл тулгарсан хүмүүст бидний залбирал хэрхэн тусалж чадах вэ?

  • Та нарыг сорилт бэрхшээлтэй тулгарсан үед бусдын залбирал та нарт хэрхэн тусалж байсан бэ?

Паул эхний захидал дахь зөвлөгөөг нь хүлээн авсан хүмүүст баяссан болохыг тайлбарлан, 2 Коринт 1:12–24-ийг нэгтгэн дүгнэ. 15–20-р шүлэгт айлчлан очих төлөвлөгөөгөө өөрчилсөнд Паулыг буруутгаж байсан хүмүүст тэрээр хариулсан байдаг. Паулыг шүүмжилсэн зарим шүүмжлэгч Түүний айлчлах төлөвлөгөө өөрчлөгдсөн учраас түүнд болон заасан зүйлд нь цаашид итгэхгүй гэж хэлж байгаа мэт байв. Паул өөрийнх нь төлөвлөгөө өөрчлөгдсөнөөс үл хамааран сайн мэдээний захиас үнэн гэдгийг тунхаглав.

2 Коринт 2

Паул Коринтын гэгээнтнүүдэд нүгэлтэнг өршөөхийг уриалав

Суралцагчдыг хэн нэгэн өөрсдийг нь болон хайртай хүнийг нь гомдоож байсан үеийг санахад урь.

  • Тэр хүнийг уучлах нь яагаад хэцүү вэ?

Суралцагчдыг 2 Коринт 2-ыг судалж байхдаа яагаад бүх хүнийг уучлах нь чухал болохыг мэдэхэд туслах үнэнийг олж мэдэхэд урь.

Паул коринтчуудад бичсэн эхний захидалдаа тэднийг дуулгаваргүй, итгэл дутуу байгаад нь зэмлэсэн гэдгийг суралцагчдад сануул. Нэг суралцагчийг 2 Коринт 2:1–4-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Паул Коринтын гэгээнтнүүдийг өөрийнх нь зэмлэлээс юуг мэдэж аваасай гэж найдаж байсныг олж мэдэхийг хүс.

  • 4-р шүлэгт цэдэглэснээр, Паул өөрийнх нь зэмлэлээс гэгээнтнүүдийг юуг мэдээсэй гэж хүссэн бэ?

  • Зэмлэл, залруулга нь хэрхэн бидний төлөөх хэн нэгний хайрын нотолгоо байж болох вэ?

Сүмийн бусад гишүүний эсрэг нүгэл үйлдэж, тэднийг гомдоосон нэгэн Сүмийн гишүүний талаар бичсэн гэдгийг тайлбарлан, 2 Коринт 2:5–6-г нэгтгэн дүгнэ. Үр дүнд нь Сүм тэр хүнийг сахилгажуулсан.

Нэг суралцагчийг 2 Коринт 2:7–8-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, гэгээнтнүүд энэ хүнд хэрхэн хандах ёстой талаар Паул юу гэж хэлснийг олж мэдэхийг хүс.

  • Их уй гашуу авчирсан уг хүнд гэгээнтнүүд хэрхэн хандах ёстой байсан бэ?

Хэдийгээр энэ хүн нүгэл үйлдсэн ч түүний бодгалийн үнэ цэн Бурханы мэлмийд агуу гэдгийг тайлбарла (С ба Г 18:10-ыг үзнэ үү). Уг хүнийг наманчлахад туслахын тулд гэгээнтнүүд түүнийг уучилж, тайтгаруулж мөн хайрлах хэрэгтэйг Паул ухуулав.

Суралцагчдыг 2 Коринт 2:9–11-ийг дотроо уншаад, Паул гэгээнтнүүдэд бусдыг уучлах ёстой гэж хэлсэн өөр нэг шалтгааныг олж мэдэхэд урь.

  • 11-р шүлэгт Паулын гэгээнтнүүдэд заасанчлан, бидний бусдыг уучлах өөр нэг шалтгаан юу вэ? (Суралцагчид Хэрэв бид бусдыг уучлахгүй юм бол Сатан давуу тал олж авах болно гэсэн үнэнийг өөрсдийн үгээр тодорхойлох ёстой. Та суралцагчдад 11-р шүлэгт буй энэ үнэнийг судартаа тэмдэглэхийг санал болгож болно.)

Бусдыг уучлах гэдэг нь нүгэл үйлдсэн хүн үйлдэлдээ хариуцлага хүлээхгүй гэсэн үг биш гэдгийг онцол. Мөн энэ нь бусад хүн бидэнд үргэлжлүүлэн таагүй хандаж болох нөхцөл байдалд өөрсдийгөө оруулж байгаа гэсэн үг биш юм. Харин бусдыг уучлах гэдэг нь бидэнд таагүй хандсан хүмүүст хайраар хандаж, тэдэнд уурлаж, гомдол тээхгүй байхыг хэлнэ. Бид бүх хүнийг уучлахаар зарлигдуулсан. (Судруудын удирдамж, “Уучлах,” scriptures.lds.org; C ба Г 64:9–11-ийг үзнэ үү.)

  • Бид бусдыг уучлахгүй бол Сатан хэрхэн давуу тал олж авна гэж та нар бодож байна вэ?

Бусдыг уучлахын ач холбогдлын тухай гэрчил. Суралцагчдаас уучлах хэрэгтэй хэн нэгний тухай бодоход урь. Сатаныг тэдний дээр давуу тал олж авч чадахгүй байлгахын тулд тухайн хүнээ уучлах зорилго тавихад тэднийг урь.

2 Коринт 2:14-т Паул хүнд хэцүү үеүдэд “[өөрийг нь] Христ дотор ямагт ялуулдаг” Бурханд талархан бичсэнийг бид уншдаг болохыг тайлбарла.

2 Коринт 3

Паул Коринтын гэгээнтнүүдэд Их Эзэн рүү эргэхийн хэрээр Бурхантай илүү адил болдгийг заав

Паулыг Коринтод байхгүй байхад зарим хуурамч багш түүний заасныг эсэргүүцэж, хөрвөгчдөд Мосегийн хуулийг дагах хэрэгтэй гэж хэлэн, Паулын заасан зүйлд эргэлзээ төрүүлэхийг хичээж байсныг тайлбарла. Паул өөрийг нь гутаахыг оролдсон эдгээр хуурамч багшийн хариуд Есүс Христийн үнэн төлөөлөгчийн хувьд өөрийн нэр хүнд, хууль ёсны эрхийг гэрчилсэн “итгэмжлэлийн захиа” илгээх хэрэгтэй эсэх тухай Коринтын гишүүдээс асуусныг тайлбарлан, 2 Коринт 3:1-ийг нэгтгэн дүгнэ. (Паулын үед орон нутагт шинээр ирэгсэд итгэмжлэлийн захидал авч явдаг байсныг мөн тайлбарла. Эдгээр захидал шинээр ирэгсдийг танилцуулж, тэдний сайн зан чанарыг баталдаг байв.)

Нэг суралцагчийг 2 Коринт 3:2–3-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Паулын өөрийнх нь итгэмжлэлийн захиа юун тухай өгүүлснийг олж мэдэхийг хүс.

  • Паулын итгэмжлэлийн захиа юу байсан бэ? (Гэгээнтнүүдийн амьдралд гарсан өөрчлөлтүүд Христийн бичсэн захидалтай адил байв.)

  • 2-р шүлэгт “бүх хүнээр уншигдаж, мэдэгддэг” гэсэн нь ямар утгатай вэ? (Олон хүн анх удаа Сүмд ирээд, Сүмийн гишүүдийн үлгэр жишээ болон биеэ авч яваа байдлаар нь Сүмийн үнэн эсэхийг шүүн мэддэг.)

3-р шүлэгт “чулуун самбарт бус, харин махан биеийн зүрхний самбарт бичигдсэн” гэснийг онцлон зааж, Мосегийн үед зарлигууд чулуун самбарт бичигдсэн байсныг тайлбарла. Паул Коринтын гэгээнтнүүдэд Ариун Сүнсний хүчээр дамжуулан зарлигууд тэдний зүрхэнд бичигдсэн байсан гэж заав.

Паул аажимдаа байхгүй болох Мосегийн хууль нь үлэмж алдартай байсан юм бол үүрдийн сайн мэдээний гэрээний алдар суу нь бүр илүү агуу юм хэмээн заасныг тайлбарлан, 2 Коринт 3:5–13-ыг нэгтгэн дүгнэ. Паул Коринтын гэгээнтнүүдэд Мосе Синайн ууланд Бурхантай ярилцаад, эргэж буухдаа нүүрэндээ гивлүүр зүүсэн байсны учир нь Израилийн хүүхдүүд түүний нүүрнээс цацрах алдар суугаас айж байсных юм гэдгийг сануул.

Нэг суралцагчийг 2 Коринт 3:14–15-ыг чанга уншихад урьж, ангийнхнаас дагаж уншаад, Мосегийн царайнаас цацрах алдар суунаас айж байсан израильчуудыг Паул өөрийн өдрүүд дэх иудейчүүдтэй хэрхэн харьцуулсныг олж мэдэхийг хүс.

  • Мосегоос гивлүүр зүүхийг шаардсан израильчуудыг Паул өөрийнх нь үед байсан иудейчүүдтэй хэрхэн харьцуулсан бэ?

  • 14-р шүлэгт “тэдний ухаан санаа хатуурсан” мөн 15-р шүлэгт “тэдний зүрхэн дээр бүтээлэг тавиастай” гэсэн нь ямар утгатай байж болох вэ?

Нэг суралцагчийг 2 Коринт 3:16–18-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, хүмүүсийн зүрх сэтгэл, оюун санаанаас буруу ойлголтын хөшгийг юу зайлуулна гэж Паул амласан болохыг олж мэдэхийг хүс. Иосеф Смитийн Орчуулга нь 16-р шүлэг дэх “Эзэнд хандаж эргэх бүрд” гэснийг “зүрх сэтгэл Их Эзэнд хандаж эргэх бүрд” болгон өөрчилсөн гэдгийг онцлон хэл (Иосеф Смитийн Орчуулга, 2 Коринт 3:16).

  • 2 Коринт 3:16-ийн Иосеф Смитийн Орчуулгад өгүүлснээр, буруу ойлголтын хөшиг авагдахын тулд хүмүүс юу хийх ёстой байсан бэ?

Самбар дээр Бид Их Эзэн рүү зүрх сэтгэлээ эргүүлснээр … гэж бич.

  • 18-р шүлэгт цэдэглэснээр, Их Эзэн рүү эргэж, буруу ойлголтын хөшиг нь авагдсан хүмүүст юу тохиодог вэ? (“Алдраас алдарт өөрчлөгддөг” гэсэн нь Бурхантай илүү адилхан болоход бидэнд тусалдаг Сүнсээр дамжуулан аажим ирэх өөрчлөлтийг хэлж буйг тайлбарла.)

Самбар дээрх өгүүлбэрийг гүйцээж, “Бид Их Эзэн рүү зүрх сэтгэлээ эргүүлснээр Сүнстэй хамт байх ба тэр нь бидэнд Бурхантай илүү адил болоход аажмаар тусалдаг” гэсэн байдлаар бич.

  • Зүрх сэтгэлээ Есүс Христ рүү эргүүлэх гэдэг нь юу гэсэн утгатай гэж та нар бодож байна вэ?

Суралцагчдыг нэг минутын хугацаанд хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ хүмүүс зүрх сэтгэлээ Есүс Христ рүү эргүүлж болох арга замуудыг жагсаан бичихэд урь. Цөөн суралцагчийг гаргасан жагсаалтаа ангийнхантайгаа хуваалцахад урь.

Суралцагчдыг өөрсдийг нь болон тэдний таньдаг хэн нэгнийг Сүнс хэрхэн өөрчилсөн талаар тунгаан бодоход урь. Цөөн суралцагчийг өөрсдийн туршлагаас ангийнхантайгаа хуваалцахад урь.

Суралцагчдыг Их Эзэн рүү илүү эргэхийн тулд юу хийж болох талаар бодоход урь. Сүнсийг хүлээн авч, Бурхантай илүү адилхан болохын тулд Их Эзэн рүү эргэх зорилго тавихыг тэднээс хүс.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

2 Коринт 2:1–4). Сүмийн удирдагчид гишүүдийг хайрлах үүднээс зэмлэдэг

Ерөнхийлөгч Бригам Янг Сүмийн гишүүдийг зэмлэсэн шалтгаанаа ингэж тайлбарлажээ.

“Зарим үед би ах нарын олонход ширүүн хандаж байгаа мэт харагддаг байсан байх. Би заримдаа тэднийг зэмлэдэг байв. Гэхдээ энэ нь галын дөл мэт Бурханы хүч тэдний дотор болон эргэн тойронд нь байгаасай гэсэндээ юм” (Discourses of Brigham Young, sel. John A. Widtsoe [1954], 115).

2 Коринт 2:5–11). Бусдыг уучлахын ач холбогдол

Бид 2 Коринт 2:5–11-ээс Паулын хайр, нигүүлслийн талаар гүнзгий ойлголт олж авдаг. Паулын хэлсэн нүгэл үйлдэгч нь 1 Коринт 5:1-д дурдагдсан хүн эсвэл Паулыг болон түүний заасныг эсэргүүцсэн Коринтын хуурамч багш нарын нэг байсан эсэхийг бид мэдэхгүй. Паул Сүмийн гишүүдийг уг хүнийг уучилж мөн “уй гашууд хэт автуулчихгүйн тулд” түүнийг тайвшруулахад урамшуулсан (2 Коринт 2:7).

2 Коринт 3:1–2). Зарим хүн Сүмийн гишүүдийн үлгэр жишээгээр Сүмийг шүүдэг

“Сүмийн гишүүдийн амьдралаас харагддаг сайхан сэтгэлийн үйлс болон үйлчлэлийн улмаас дэлхий даяарх олон хүн Сүмийн талаар сайн бодолтой байдаг (2 Коринт 3:2-ыг үзнэ үү).

Сүмийн гишүүд бол ‘бүх хүнээр уншигдаж, мэдэгддэг’ захиатай адил гэсэн Паулын тунхаг нь олон хүн гишүүдийн биеэ авч яваа байдлаас Сүмийг анх мэдэж аван, Сүм үнэн эсэхийг шүүн мэдэх арга замаа болгодог хэмээн өгүүлдэг. Худалдагчийг зардаг бараагаар нь шүүдэг шиг, Сүмийг заримдаа Есүс Христийг хүртэл оролцуулаад бидний хэрхэн амьдарч буйгаар шүүдэг. Ахлагч Брүс Р.Макконки ‘Эцсийн эцэст сайн мэдээ нь чулуун хавтан дээр юм уу судар номд бичигдээгүй юм. Харин итгэлтэй, дуулгавартай хүмүүсийн биед бичигдсэн байдаг. Тиймээс гэгээнтнүүд үнэний захидал болж, тэдний амьдрал бүх хүн уншиж болох нээлттэй ном болдог’ гэжээ (Doctrinal New Testament Commentary, 3 боть [1965–1973], 2:414)” (Шинэ Гэрээний суралцагчийн гарын авлага [Сүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2014], 395).