Номын сан
114-р хичээл: 2 Коринт 4–5


114-р хичээл

2 Коринт 4–5

Оршил

Паул Коринтын гэгээнтнүүдэд бичсэн энэхүү захидалдаа энэ амьдрал дахь сорилт бэрхшээл, зовлон зүдгүүр нь түр зуурынх бөгөөд мөнхийн адислалтай харьцуулахад өчүүхэн зүйл гэдгийг заасан. Тэрээр гэгээнтнүүдэд шүүлтийн талаар зааж, Есүс Христ биднийг Бурхантай эвлэрүүлэгдэх боломжтой болгосон талаар гэрчилсэн.

Заах зөвлөмж

2 Коринт 4

Паул өөрөө зовлон зүдгүүр дунд байгаа ч айж, сандрахгүй байгаагаа гэрчлэв

1-р зургийг харуул.

Зураг
Нөгөө хүнээ түлхэж буй хүн
  • Энэ зураг юу харуулж байна вэ?

  • Түлхүүлж буй хүн өөрийг нь түлхэж байгаа хүний талаар юу бодож байж болох вэ?

2-р зургийг харуул.

Зураг
Машин ирж байхад нэг хүн нөгөөгөө замаас түлхэн гаргаж байгаа нь
  • Нэгдүгээр зургийг илүү том хам сэдвээр харах нь юун тухай дүрсэлж байгааг харах та нарын шийдвэрийг хэрхэн өөрчилж байна вэ?

Паул Коринтын гэгээнтнүүдэд зовлон бэрхшээлээ илүү том хам сэдвээр харахад туслахын тулд бичсэн болохыг тайлбарла. Суралцагчдыг 2 Коринт 4-ийг судалж байхдаа Паулын гэгээнтнүүдэд заасан тэдний зовлон бэрхшээлийн талаарх үнэнийг олж мэдэхэд урь.

Паул гэгээнтнүүүдэд сайн мэдээг үнэнээр заасан гэдгээ нотолсныг тайлбарлан, 2 Коринт 4:1–7-г нэгтгэн дүгнэ. Тэрээр Сатан буюу “энэ үеийн бурхан” нь хүмүүсийг сайн мэдээг хүлээн зөвшөөрүүлэхгүй байхын тулд ажилладаг гэдгийг заасан. Паул өөрийгөө болон бусад тохинуулагчийг “Бурханы алдрын мэдлэгийн гэрлийн” баялгийг агуулдаг шавар савтай зүйрлэсэн (6–7-р шүлэг).

Нэг суралцагчийг 2 Коринт 4:8–9-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Паул номлолын ажлынхаа сорилт бэрхшээлийг хэрхэн дүрсэлснийг олж мэдэхийг хүс.

  • Паул номлолын ажлынхаа сорилт бэрхшээлийг хэрхэн дүрсэлсэн бэ?

  • Паул эдгээр бэрхшээлд хэрхэн хандсанаа ямар үгсээр дүрсэлсэн бэ?

  • Яагаад Паул ийм сорилт бэрхшээлтэй тулгарсан ч өөдрөг хандлагатай байсан гэж та нар бодож байна вэ?

зарим хүн Есүс Христийн сайн мэдээний төлөө амиа алдах ч тэдний үхэл түр зуурынх байх болно гэж Паул заасан тухай тайлбарлан, 2 Коринт 4:11–14-ийг нэгтгэн дүгнэ.

Нэг суралцагчийг 2 Коринт 4:14–16-г чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, эдгээр сорилт бэрхшээл, хавчлагыг туулахад тусалсан зүйл нь юу байсан гэж Паул мэдэж байсныг олж мэдэхийг хүс.

  • Эдгээр сорилт бэрхшээл, хавчлагыг даван туулахад тусалсан зүйл нь юу байсан гэж Паул мэдэж байсан бэ?

  • “Хэдийгээр гаднах хүн маань ялзарч байгаа ч доторх хүн маань өдрөөс өдөрт шинэчлэгдэж байна” (16-р шүлэг) гэдэг нь ямар учиртай вэ? (Хэдийгээр Паул болон түүний хамтрагчид махан биеийн хувьд нас барах байсан ч тэдний сүнс өдөр өдрөөр хүчирхэгжиж байсан.)

Суралцагчдыг хос болгон хуваарил. Хамтрал бүрийг 2 Коринт 4:17–18-ыг хамтдаа чанга уншаад, Паулын зовлон зүдгүүрийн талаар гэгээнтнүүдэд заасан үнэнийг олж мэдэхэд урь. Тэднийг хамтдаа дараах асуултад хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ хариулахаар хамт ажиллахыг хүс. Та эдгээр асуултыг тараах материал дээр эсвэл самбар дээр бичиж болно.)

Зураг
Тараах материал

2 Коринт 4:17–18

Шинэ Гэрээний семинарын багшийн гарын авлага—114-р хичээл

  1. Паул гэгээнтнүүдэд сорилт бэрхшээл, зовлон зүдгүүрийн тухай ямар үнэнийг заасан бэ?

  2. Яагаад бидэнд зовлон бэрхшээлээ Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний том өнцгөөс харах нь чухал вэ?

  3. Зовлон бэрхшээлээ Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний том өнцгөөс харсан учраас тухайн үед хүчтэй үлдэж чадсан хэн нэгнийг та нар харж байсан уу?

Хангалттай хугацаа өгсний дараа хэд хэдэн суралцагчийг эхний асуултын хариултуудыг самбарт бичихэд урь. Суралцагчид Энэ амьдрал дахь бидний сорилт бэрхшээл, зовлон зүдгүүр нь тэдгээрийг итгэлтэй даван туулснаар ирэх мөнхийн адислал, өсөлт хөгжилтэй харьцуулахад өчүүхэн зүйл юм гэснийг оролцуулан хэд хэдэн үнэнийг бичиж болно. Түр зуурын зовлон бэрхшээл нь мөнхийн өсөлт хөгжил, алдар сууг авчрах учраас хүнд цаг үед бид цөхрөх хэрэггүй юм. Бидний зовлон бэрхшээлд мөнхийн зорилго байдаг бөгөөд бид мөнх бус амьдралдаа ч үүнийг олж харахгүй байж болно.

Хэд хэдэн суралцагчийг хоёр дахь асуултын хариултыг хуваалцахад урь. Тэднийг хэлж дууссаны дараа дараахтай адил дагалдах асуултуудыг тавих талаар бод.

  • Сорилт бэрхшээл, зовлон зүдгүүр маань ямар арга замаар биднийг өсгөж хөгжүүлдэг вэ?

  • Эдгээр үнэнийг санах нь сорилт бэрхшээл, зовлон зүдгүүрийг итгэлтэй тэвчихэд бидэнд хэрхэн туслах вэ?

Хэдэн суралцагчийг гурав дахь асуултын хариултаа хуваалцахад урь. Өөрийнхөө туршлагаас хуваалцах талаар бод.

2 Коринт 5

Паул гэгээнтнүүдэд Есүс Христийн шүүлт, Цагаатгалын тухай заав

Суралцагч бүрд хуудас цаас өг. Хүн бүрээс цаасаа голоор нь нугалж, нэг талд нь өөрийнхөө нэрийг, нөгөө талд нь Тэнгэрлэг Эцэг гэж бичихийг хүс. Бид дэлхийд ирэхдээ Тэнгэрлэг Эцэгийн оршихуйг орхисон гэдгийг тайлбарла. Суралцагчдаас цаасаа нугалаасаар нь урж, тус тусад нь байлгахыг хүс.

  • Бид мөнх бус байдлыг туулахаар дэлхийд ирэн, Бурханы оршихуйг орхиход юу тохиолдсоныг урагдсан цаас хэрхэн төлөөлж байна вэ?

Суралцагчдыг 2 Коринт 5-ыг судалж байхдаа тэдэнд Тэнгэрлэг Эцэгийн дэргэд эргэж очихын тулд юу хийх ёстойг ойлгоход туслах үнэнийг олж мэдэхэд урь.

Паул хэдийгээр бид мөнх бус байдалд Бурханаас тусгаарлагдаж, эцэст нь нас барах ч амилуулагдаж, дахин амьдрах болно гэдгийг мэдэгдсэн талаар тайлбарлан, 2 Коринт 5:1–6-г нэгтгэн дүгнэ.

Суралцагчдыг 2 Коринт 5:6–7-г дотроо уншаад, мөнх бус байдалд Бурханаас тусгаарлагдсанаа мэдсэнээр гэгээнтнүүд юу хийх хэрэгтэй гэж Паул заасан талаар олж мэдэхэд урь.

  • Бид мөнх бус байдалд Бурханаас тусгаарлагдсан талаар Паул ямар үнэнийг заасан бэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Бид мөнх бус байдалд Бурханаас тусгаарлагдсан учраас үзэгдэж байгаагаар бус, итгэлээр алхах хэрэгтэй гэсэн үнэнийг олж тогтоосон эсэхийг бататга. Суралцагч бүрийг өөрийнхөө нэрийг бичсэн тал цаасан дээр энэ үнэнийг бичихэд урь.)

  • “Үзэгдэж байгаагаар бус, харин итгэлээр алхах” гэдэг нь ямар утгатай вэ? (7-р шүлэг).

  • Харж бус, харин итгэлээр алхахыг шаардсан нөхцөл байдал эсвэл шийдвэртэй тулгарч болох ямар жишээ байж болох вэ? (Суралцагчдын хариултыг самбар дээр бич. Тэдний хариулт номлолд үйлчлэхээр шийдэх, гэрчлэлээ хуваалцах зэрэг Сүмийн жишгийг багтааж болно.)

Суралцагчдыг харж бус, итгэлээр алхаж байсан (өөрсдийн эсвэл таньдаг хэн нэгний) тохиолдлоо бодоход урь. Тэдний цөөн хэдээс туршлагаа хуваалцахыг хүс.

Суралцагчдыг итгэлээр алхахад бэрхшээлтэй байгаа, өөрсдөд нь одоо тулгараад байгаа нөхцөл байдал эсвэл шийдвэрийнхээ талаар бодоход урь. Тэднийг тухайн нөхцөл байдал болон бүхий л нөхцөл байдалд итгэлээр алхахад урамшуул.

Нэг суралцагчийг 2 Коринт 5:8–10-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, бид мөнх бус байдалд Бурханаас тусгаарлагдсан энэ үед юу хийх хэрэгтэй гэж Паул хэлснийг олж мэдэхийг хүс.

  • 9-р шүлэгт цэдэглэснээр, бид мөнх бус байдалд Бурханаас тусгаарлагдсан энэ үед юу хийх хэрэгтэй гэж Паул хэлсэн бэ?

  • 20-р шүлэг дэх Паулын заасанд үндэслэвэл, бид энэ амьдралд сайныг үйлдэхээр хөдөлмөрлөх хэрэгтэй шалтгааны талаар ямар үнэнийг мэдэж болох вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Бидний хүн нэг бүр мөнх бус амьдралд хийсэн үйлийнхээ дагуу Есүс Христээр шүүгдэх болно гэсэнтэй төстэй үнэнийг олж тогтоосон эсэхийг бататга. Суралцагчдыг 10-р шүлгээс энэ үнэнийг заадаг хэсгийг тодруулан тэмдэглэхэд урь.)

Суралцагчдыг Есүс Христээр шүүгдэхэд бэлдэхийн тулд хийх хэрэгтэй өөрчлөлтүүдийнхээ талаар бодоход урь. Тэднийг хүлээн авсан өдөөлтөө дагахад урамшуулан дэмж.

Нэг суралцагчийг 2 Коринт 5:15–16-г чанга уншихад урь. Түүнчлэн энэ суралцагчаас 2 Коринт 5:16-ийн Иосеф Смитийн Орчуулгыг чанга уншихыг хүс (2 Коринт 5:16, зүүлт тайлбар a). Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Есүс Христ биднийг Тэнгэрлэг Эцэгийн дэргэд эргэж очуулахын тулд юу хийсэн тухай олж мэдэхийг хүс.

  • 15-р шүлэгт цэдэглэснээр, Есүс Христ биднийг Тэнгэрлэг Эцэгтээ эргэж очиход туслахын тулд юу хийсэн бэ?

  • 15–16-р шүлэгт цэдэглэснээр, Есүс Христийн Цагаатгал байгаа учраас итгэгчид юу хийдэг вэ? (Итгэгчид Христэд төвлөрч амьдардаг бөгөөд дэлхийн замуудыг дагадаггүй мөн махан биед захирагддаггүй. Суралцагч бүрийг өөрсдийн нэрийг бичсэн тал цаасан дээрээ энэ мэдэгдлийг бичиж авахад урь.)

Нэг суралцагчийг 2 Коринт 5:17–19-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Есүс Христийн Цагаатгал гэгээнтнүүдийг Тэнгэрлэг Эцэгийн дэргэд эргэж очиход хэрхэн тусалдгийг олж мэдэхийг хүс.

  • Есүс Христийн Цагаатгал гэгээнтнүүдийг Тэнгэрлэг Эцэгийн дэргэд эргэж очиход хэрхэн тусалж чадах вэ? (Суралцагчдыг хариулсны дараа Бид Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан шинэ бүтээлүүд болж, Бурхантай эвлэрдэг гэсэн үнэнийг самбарт бич. Суралцагчдыг “Тэнгэрлэг Эцэг” гэж бичсэн тал цаасан дээрээ энэ үнэнийг бичихэд урь.)

  • “Шинэ бүтээл” гэдэг нь ямар утгатай гэж та нар бодож байна вэ? (17-р шүлэг).

Суралцагчдыг Мозая 27:23–26-г дотроо уншаад, шинэ бүтээл болно гэдэг нь ямар утгатай талаар нэмэлт мэдээлэл олж мэдэхэд урь. Хангалттай хугацаа өгсний дараа цөөн суралцагчийг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь.

Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднарийн хэлсэн дараах мэдэгдлийг уншихад урь. Ангийнхнаас бид хэрхэн шинэ бүтээл болж чадах талаарх түүний тайлбарыг олж сонсохыг хүс.

Зураг
Ахлагч Дэвид А.Бэднар

“Есүс Христийн сайн мэдээ нь Аврагчийн Цагаатгалаар дамжуулан боломжтой болсон хүний мөн чанарын үндсэн, тогтвортой өөрчлөлтийг шаарддаг. Үнэн хөрвүүлэлт нь Бурханы хүслийг хүлээн зөвшөөрч, дагах сүсэг бишрэл, зүрх сэтгэл, амьдралаа өөрчлөх өөрчлөлтийг авчирдаг бөгөөд Христийн шавь болох шийдэмгий зорилтыг бий болгодог (Үйлс 3:19; 3 Нифай 9:20).

… Бид аврал болон өргөмжлөлийн ёслол, гэрээнүүдийг дагаж (C ба Г 20:25-ыг үзнэ үү), “Христэд тууштайгаар итгэн урагш тэмүүлэн” (2 Нифай 31:20), эцсээ хүртэл итгэлтэйгээр тэвчих үед (C ба Г 14:7-г үзнэ үү) Христ доторх шинэ бүтээл болдог (2 Коринт 5:17)” (“Их Эзэнд хөрвүүлэгдэв,” Ensign, 107 эсвэл 2012 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 130-ийг үзнэ үү).

Суралцагч бүрийг хоёр хэсэг цаасаа нийлүүлэн барихад урь. Эвлэрүүлэх гэдэг нь өмнө нь салангид байсан хоёр бүлгийг буцаан хамт болгох гэсэн утгатайг тайлбарла. Адамын уналт болон бидний өөрсдийн нүглээс болж бид Тэнгэрлэг Эцэгээсээ сүнслэгээр тусгаарлагддаг. Есүс Христ Цагаатгалаараа дамжуулан биднийг Эцэгтэй эвлэрүүлж, Түүнтэй харилцах харьцааг сэргээх боломжийг олгодог.

Нэг суралцагчийг 2 Коринт 5:20–21-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас Паул гэгээнтнүүдийг юу хий гэж зэмлэснийг олж мэдэхийг хүс.

  • Паул Коринтын гэгээнтнүүдийг юу хий хэмээн зэмлэсэн бэ?

  • 21-р шүлэгт цэдэглэснээр, Паул Есүс Христийн талаар юу заасан бэ? (Хэдийгээр Есүс Христ нүгэлгүй байсан ч биднийг зөв шударга болгохын тулд бидний нүглийн төлөө зовсон юм.)

Энэ хичээлээр тодорхойлсон үнэнийг гэрчил. Ангийнхнаас бичиж авсан үнэнүүдийн жагсаалтаа дахин хараад, Бурхантай эвлэрэхийн тулд эсвэл эвлэрсэн хэвээр үлдэхийн тулд юу хийх ёстойгоо бодохыг хүс. Тэднийг хүлээн авсан өдөөлтөө дагахад урамшуулан дэмж.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

2 Коринт 4:5–10). “Бүх талаараа зовдог боловч няцардаггүй”

Бригам Янгийн нэгдүгээр зөвлөх байсан Жорж А.Смитийн хүнд бэрхшээл тохиолдсон үед өөрийн үеэл бошиглогч Иосеф Смитээс авсан зөвлөгөө нь Паулын Коринтын гэгээнтнүүдэд өгсөн зөвлөгөөтэй төстэй байв.

“Тэрээр ямар ч хэцүү бэрхшээл хүрээлсэн бай хэзээ ч шантарч болохгүй гэж надад хэлсэн юм. Хэрэв би Нова Скотын хамгийн гүн хонхорт живж, Хадат Уулс бүхлээрээ дээрээс минь нурлаа ч гэсэн санаа сэтгэлээр унах ёсгүй, харин үл шантарч, итгэлээ ашиглан, зоригоо чангалж, эцэстээ дээрээс минь овоорч унасан юмны орой дээр гарч ирэх болно” гэж билээ (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалууд: Иосеф Смит [2007], 265).

2 Коринт 4:17. Зуурдын зовлон бэрхшээлийг мөнхийн талаас харах нь

Далын ахлагч Пол В.Жонсон бидэнд зуурдын зовлон бэрхшээлээ мөнхийн талаас нь харахад туслахын тулд Паулын үгсийг ашиглажээ.

“Төлөөлөгч Паул ‘учир нь цаг зуурын ялихгүй зовлон нь бидэнд мөнх алдрыг үлэмж арвинаар бий болгож байна’ гэж заасан [2 Коринт 4:17]. Паул ‘ялихгүй зовлон’ гэдэг үг ашигласан нь тун сонирхолтой. Энэ нь зодуулж, чулуу шидүүлж, завь нь сүйрч, шоронд орж, олон сорилт бэрхшээл туулсан хүний үг юм [2 Коринт 11:23–28-ыг үзнэ үү]. Бидний олонх нь зовлон зүдгүүрээ ялихгүй гэж хэлэхгүй байх. Гэсэн ч эцэст нь энэ амьдрал болон үүрд мөнхөд бидний хүлээн авах адислал, өсөлт хөгжилтэй харьцуулахад бидний зовлон бэрхшээл үнэхээр ялихгүй зүйл билээ” (“Биднийг хайрладаг Түүгээр дамжуулан бид давуулан дийлдэг,” Ensign эсвэл 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 81).

2 Коринт 5:19. “Дэлхийг өөртэйгөө эвлэрүүлэх нь”

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконки Паулын заасан эвлэрлийн талаар тайлбарлахдаа:

“Эвлэрэл гэдэг нь хүнийг нүгэлт байдал, сүнслэг харанхуйгаас нь ангижруулж, Бурхантай нэгдмэл болоод эв зохицолтой байдалд сэргээх үйл явцыг хэлдэг. Үүгээр дамжуулан Бурхан, хүн хоёр цаашид дайсан байхаа больдог. Нэгэнтээ эгэл хийгээд ёс бус, махан биеийн хүслийн дагуу амьдарч байсан хүн Ариун Сүнсний шинэ бүтээл болж, дахин төрж, бүр бяцхан хүүхэд мэт болж мөн тэрээр Христэд амьд болох юм” гэжээ (Doctrinal New Testament Commentary, 3 боть [1965–1973], 2:422–423).