115-р хичээл
2 Коринт 6–7
Оршил
Паул Бурханы тохинуулагчийн хувьд Коринтын гэгээнтнүүдээс биеэ авч явах байдлаа хамгаалав. Тэрээр гэгээнтнүүдэд бүх зөвт бус зүйлээс өөрсдийгөө тусгаарлахыг ухуулав. Тэрээр гэгээнтнүүдийн төлөө үнэнч зүтгэдгээ баталж, тэднийг нүглээ наманчилж, бурханлаг харууслыг мэдэрсэнд баясчээ.
Заах зөвлөмж
2 Коринт 6:1–13
Паул Бурханы тохинуулагчдын онцлог шинжийг дүрслэв
Суралцагчдыг дараах жишээг тунгаан бодоход урь. Үүнд:
-
Таныг тойрог эсвэл салбарынхаа заримтай үйлчлэл хийж байх үед дэргэдүүр тань өнгөрч явсан зарим хүн Сүмийн талаар бүдүүлэг үг хэлэв. Та эсвэл бүлгийн тань хэн нэгэн хариуд нь тэдэнд бүдүүлэг хандвал юу тохиож болох вэ?
Суралцагчдаас Их Эзэнд үйлчилж байхдаа эсэргүүцэл, доромжлолтой тулгарч байсан талаараа бодохыг хүс. Суралцагчдыг 2 Коринт 6:1–13-ыг судалж байхдаа тийм үе тохиолдоход тэднийг удирдах үнэнийг олж мэдэхэд урь.
Паул өөрийгөө болон хамтран зүтгэгчдээ “Бурхантай хамтран ажиллаж байгаа” гэснийг тайлбарлан (Иосеф Смитийн Орчуулга, 2 Коринт 6:1 [2 Коринт 6:1, зүүлт тайлбар б]), 2 Коринт 6:1–2-ыг нэгтгэн дүгнэ. Гэгээнтнүүдийн өөрсдийн авралыг бодож үзэх цаг ирсэн гэдгийг онцлохын тулд Паул бошиглогч Исаиагийн үгсээс эш татав (Исаиа 49:8-ыг үзнэ үү).
Нэг суралцагчийг 2 Коринт 6:3–7-г чанга уншихад урь. Ангийн тэн хагасаас Паул болон түүний хамтран тохинуулагчдад тулгарсан эсэргүүцлийг дүрсэлсэн үгсийг олохыг хүс. Үлдсэн хагасаас Паул болон түүний хамтран тохинуулагчид эдгээр эсэргүүцэлд хэрхэн хандсаныг дүрсэлсэн үгсийг олохыг хүс.
-
Паул болон түүний хамтран тохинуулагчдад ямар ямар эсэргүүцэл тулгарсан бэ?
-
Тэд тэдгээр эсэргүүцэлд хэрхэн хандсаныг ямар үг, хэллэг дүрсэлж байна вэ?
3-р шүлгийг давтан хараад, үйлчлэл гэдэг нь Сүмийн ажил үйлсийг хэлж буйг тайлбарла.
-
Өнөө үед Сүмийн гишүүдийн үйлдэл нь Сүмийн талаарх бусдын үзэл бодолд хэрхэн нөлөөлж болох вэ?
-
Та нар 3–7-р шүлэгт Паулын заасан зүйлийг хэрхэн нэгтгэн дүгнэх вэ? (Суралцагчид Бид аливаа эсэргүүцэлд хайр, сайхан сэтгэл өвөрлөн, зөв шударгаар хариулбал Сүмийн талаарх бусдын үзэл бодолд эергээр нөлөөлж чадна гэсэнтэй төстэй зарчмыг тодорхойлох ёстой.)
Суралцагчдад энэ хичээлийн эхэнд өгсөн жишээг сануул. Уг нөхцөл байдалд хүн хэрхэн зөв шударга хариулж болох мөн ингэсний үр дүн нь ямар байхыг тайлбарлахад суралцагчдыг урь.
2 Коринт 6:14–18
Паул гэгээнтнүүдэд ёс бусчуудын дундаас гарахыг зөвлөв
Суралцагчдыг хос болгон хуваарилан, суралцагч бүрд тараах материал хувилж өг.
Шинэ Гэрээний семинарын багшийн гарын авлага—115-р хичээл
Гэгээнтнүүдэд өгөх зөвлөмж |
Их Эзэний амлалт |
---|---|
© 2015 by Intellectual Reserve, Inc. Бүх эрх хамгаалагдсан.
Суралцагчдыг хос хосоороо 2 Коринт 6:14–18-ыг уншихад урь. Хос бүрийн нэг суралцагчийг Паулын гэгээнтнүүдэд өгсөн зөвлөгөөг олж мэдэхэд урь. Нөгөө суралцагчаас, хэрэв гэгээнтнүүд Паулын зөвлөгөөг анхаарч үзвэл Их Эзэнээс ирэх амлалтууд юу болохыг олж мэдэхийг хүс. Тэднийг олж мэдсэн зүйлээ ашиглан, хүснэгтийг хамтдаа бөглөхөд урь. Та зохицол гэдэг нь эвтэй байдал, белиал гэдэг нь ёс бус байдал (Bible Dictionary, “Belial”-ыг үзнэ үү), итгэгч бус гэдэг нь үл итгэгчийг буюу Тэнгэрлэг Эцэгээс өөр бурхдад итгэдэг хүнийг хэлдэг болохыг тайлбарлаж болно. Түүнчлэн Паул Коринтын гэгээнтнүүдийг өмнө нь Бурханы ариун сүмтэй зүйрлэсэн байсан ба тиймээс сүм гэсэн үг нь гэгээнтнүүдийг төлөөлнө.
Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ хос хосоороо ярилцаж, хүснэгтийг гүйцээх хангалттай цагийг тэдэнд гаргаж өг.
Паул гэгээнтнүүдэд өөрсдийгөө нүглээс хамгаалахын тулд хиймэл шүтээн, үүнийг шүтдэг хүмүүс зэрэг “бузар юм[нуудаас]” (17-р шүлэг) хол байхыг онцгойлон сэрэмжлүүлсэн гэдгийг тайлбарла. Хиймэл шүтээн гэдэг нь хүний хийсэн зүйлийг Бурханыг хайрлахаас илүүтэй хайрлаж, шүтэн бишрэхийг хэлнэ.
Суралцагчдыг тараах материал дээрээ хэрэв гэдэг үгийг “Гэгээнтнүүдэд өгөх зөвлөгөө” гарчгийн дээр, тэгвэл гэдэг үгийг “Их Эзэний амлалтууд” гарчгийн дээр бичихэд урь.
-
Бид 2 Коринт 6:14–18 дээрээс ямар ямар зарчмыг мэдэж болох вэ? (Суралцагчид хэд хэдэн зарчим тодорхойлж болох ч Бид өөрсдийгөө хуурамч зан үйл болон бохир зүйлсээс тусгаарлавал Их Эзэн биднийг хүлээн авна гэсэн зарчмыг онцол.)
-
Хуурамч зан үйл, бохир зүйлс гэдэг нь өнөө үед юу байж болох вэ?
-
Бид эдгээр зүйлээс болон эдгээрийг дэмждэг хүмүүсээс хэрхэн өөрсдийгөө тусгаарлах вэ?
Энэ зарчим нь бид өөр итгэл үнэмшилтэй хүмүүстэй бүдүүлэг харьцаж, тэдэнтэй холбогдохоос татгалзах гэсэн үг биш, харин өөрсдийн итгэл үнэмшлийг хүндэтгэлтэйгээр нотолж, биднийг нүгэлд хөтлөх ямар нэг үйл ажиллагаанд оролцохоос зайлсхийхийг хэлж байгаа гэдгийг тайлбарла.
-
Их Эзэн биднийг “хүлээн авна” гэсэн нь ямар утгатай гэж та нар бодож байна вэ (2 Коринт 6:17)?
Их Эзэнээс холдуулж болох хуурамч зан үйлээс өөрсдийгөө тусгаарласнаар Их Эзэнийг дэргэдээ байгаагаар мэдэрч байсан тохиолдлыг бодоход суралцагчдыг урь. Цөөн суралцагчаас туршлагаасаа хуваалцахыг хүс.
Их Эзэний адислалыг хүлээн авахын тулд өөрсдийгөө хуурамч зан үйл болон бохир зүйлсээс тусгаарлах юу хийх хэрэгтэй байгаа талаар бодоход суралцагчдыг урь.
2 Коринт 7
Паул гэгээнтнүүдийг үнэнээсээ наманчилсанд баясав
Нэг суралцагчийг дараах жишээг чанга уншихад урь.
Нэгэн залуу эмэгтэй гэрлэхээр ариун сүмийн эрхийн бичиг авах ярилцлагынхаа үеэр бишоптоо өмнө хийсэн нүглээ хүлээжээ. Цааш нь дэлгэрэнгүй ярилцаж байх үед бишоп түүнийг нүглээ чин сэтгэлээсээ наманчлаагүй болохыг мөн уг нүгэл нь түүнийг ариун сүмийн эрхийн бичиг авахад зохисгүй гэхээр ноцтой байсныг ойлгосон ажээ. Бишоп залуу эмэгтэйд бүрэн наманчлах хүртлээ ариун сүмийн эрхийн бичиг авахаа хүлээх хэрэгтэй гэдгийг тайлбарлав. Залуу эмэгтэй сандарч, удаан хугацаанд нүглээ дахин үйлдээгүй болохоор энэ чинь наманчилсан л гэсэн хэрэг шүү дээ гэжээ. Зөвхөн нүгэл үйлдэхээ болих нь бүрэн наманчилсан хэрэг биш гэдгийг бишоп түүнд хэлээд, жинхэнэ наманчлалын үйл явцыг чин сэтгэлээсээ эхлэхэд түүнийг урив.
-
Ярилцлагын энэ мөчид залуу эмэгтэйд ямар санагдсан байх гэж та нар бодож байна вэ?
Уг жишээг үргэлжлүүлэн чанга уншихад урь.
Хуримын болон хүлээн авалтын урилга аль хэдийн тараагдсан учраас тэр эмэгтэй үнэхээр бухимдаж байгаагаа бишоптоо тайлбарлав. Тэр хуримаа хойшлуулсан шившгээ болон учрах бүх асуулттай хэрхэн нүүр тулахаа мэдэхгүй байгаагаа хэлэв. Тэрээр төлөвлөсний дагуу ариун сүмд лацдан холбуулж, дараа нь наманчлалын үйл явцын дагуу үйлдэж болох талаар асуулаа.
-
Залуу эмэгтэйн бишопт хэлсэн хариултаас үзвэл, уг эмэгтэй юунд хамгийн их санаа зовж байгаа мэт санагдаж байна вэ?
Суралцагчдыг 2 Коринт 7-г судалж байхдаа энэ жишээн дээрх залуу эмэгтэй нүглээ жинхэнээсээ наманчлахын өмнө ойлгох хэрэгтэй үнэнийг олж мэдэхэд урь.
Паул өөрийнх нь эсрэг байсан хүмүүсээс өөрийгөө үргэлжлүүлэн хамгаалж, хэнд ч бурууг үйлдээгүй гэдгээ Коринтын гэгээнтнүүдэд баталсан гэдгийг тайлбарлан, 2 Коринт 7:1–7-г нэгтгэн дүгнэ.
Нэг суралцагчийг 2 Коринт 7:8–9-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Паулын бичсэн эхний захидлууд нь Коринтын гэгээнтнүүдэд хэрхэн нөлөөлсөн талаар олж мэдэхийг хүс.
-
Уг захидал гэгээнтнүүдэд хэрхэн нөлөөлсөн бэ?
-
Паул тэднийг гашуудахад яагаад баяссан бэ?
Суралцагчдаас 2 Коринт 7:10–11-ийг дотроо уншихыг хүс. Та тэднийг Паулын дурдсан хоёр төрлийн гашуудлыг болон тэдгээр нь юунд хөтөлдгийг тэмдэглэхийг санал болгож болно.
-
Паулын дурдсан хоёр төрлийн гашуудал юу вэ?
Самбар дээр Бурханлаг гашуудал, Ертөнцийн гашуудал гэсэн гарчгуудыг бич. Нэг суралцагчаас ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоний “ертөнцийн гашуудал” гэдгийг тайлбарлан хэлсэн дараах мэдэгдлийг чанга уншихыг хүс.
ЗурагЕрөнхийлөгч Эзра Тафт Бэнсон“Үйлдсэн буруу зүйлийнхээ төлөө гэмшдэг эрэгтэй, эмэгтэйчүүд дэлхийд олонтоо тааралддаг. Зарим үед тэдний үйлдэл өөрсдөд нь болон дотны хүмүүст нь их гай зовлон тарьдаг учраас тэд гэмшдэг. Заримдаа тэд буруу үйлийнхээ төлөө баригдаж, шийтгүүлсэн учраас гэмшдэг. Энэ дэлхийн мэдрэмж нь ‘бурханлаг гашуудалд’ хүргэдэггүй” (Teachings of Presidents of the Church: Ezra Taft Benson [2014], 82).
-
Та нар ертөнцийн гашуудал гэж юу болохыг хэрхэн нэгтгэн дүгнэж хэлэх вэ?
-
10-р шүлэгт цэдэглэснээр, ертөнцийн гашуудал юунд хүргэдэг вэ? (10-р шүлэг дэх үхэл гэдэг үг нь сүнсний үхлийг эсвэл Бурханаас тусгаарлагдахыг хэлнэ гэдгийг тайлбарла. Самбар дахь “Ертөнцийн гашуудал” гэсний доор Ертөнцийн гашуудал нь биднийг сүнсний үхэлд эсвэл Бурханаас тусгаарлагдахад хүргэдэг гэсэн үнэнийг бич.)
-
Ертөнцийн гашуудал нь ямар арга замаар хүнийг сүнсний үхэлд хүргэдэг вэ? (Энэ нь хүнийг жинхэнээсээ наманчилж, Тэнгэрлэг Эцэгийн өршөөлийг хүлээн авахад саад болдог.)
-
10-р шүлэгт цэдэглэснээр, бурханлаг гашуудал юунд хүргэдэг вэ? (Самбар дахь “Бурханлаг гашуудал” гэсний доор Бурханлаг гашуудал нь биднийг нүглээ наманчилж, авралыг хүлээн авахад хүргэдэг гэсэн үнэнийг бич.)
Суралцагчдад бурханлаг гашуудал нь биднийг яагаад наманчлахад хүргэдгийг илүү сайн ойлгоход туслахын тулд нэг суралцагчийг ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоний дараах мэдэгдлийг чанга уншихад урь.
ЗурагЕрөнхийлөгч Эзра Тафт Бэнсон“Бурханлаг гашуудал бол Сүнсний бэлэг юм. Энэ нь бидний үйлдэл Тэнгэрлэг Эцэг буюу Бурханыг гомдоосныг гүнээ ухааран ойлгох явдал мөн. Энэ нь бидний биеэ авч яваа байдал бол нүгэл гэгчийг мэддэггүй, бүхнээс хамгийн агуу нь болох Аврагчийн сэтгэлийг шаналгаж, зовоход хүргэдэг болохыг гүнээ ухамсарлан ойлгох явдал мөн. Бидний нүгэл Түүний сүв бүрээс цус шүүрэхэд хүргэсэн шүү дээ. Оюун ухаан, сүнсний энэхүү шаналлыг судруудад ‘харууссан зүрх, гэмшсэн сэтгэл’ хэмээсэн байдаг. … Ийм сүнс бол жинхэнэ наманчлалын төгс урьдчилсан нөхцөл мөн” (Teachings: Ezra Taft Benson, 83).
-
Яагаад бурханлаг гашуудал биднийг жинхэнээсээ нүглээ наманчлахад хүргэдэг гэж та нар бодож байна вэ?
Суралцагчдыг ариун сүмийн эрхийн бичиг авахаар ярилцлаганд орсон эмэгтэйн талаарх жишээг тунгаахад урь.
-
Бишоптой хийсэн ярилцлагын үеэр залуу эмэгтэй хийсэн нүгэлдээ бурханлагаар гашуудаагүй гэдгийг юу харуулж байна вэ?
-
Бид ертөнцийн гашуудлыг бурханлаг гашуудлаар солихын тулд юу хийж болох вэ?
Шаардлагатай бол, наманчлах үедээ бидний мэдрэх бурханлаг мэдрэмж нь үйлдсэн нүглийн хэр ноцтойгоос шалтгаална гэдгийг ойлгоход суралцагчдад тусал.
Бид нүглийнхээ улмаас ертөнцийн гашуудлыг биш, харин бурханлаг гашуудлыг мэдэрвэл жинхэнээсээ наманчилж, нүглээсээ цэвэршигдэн, эцэст нь аврал хүлээн авах боломжтой гэдгийг гэрчил. Суралцагчдыг наманчлахаар хичээж зүтгэхдээ бурханлаг гашуудлыг мэдрэхийг эрэлхийлэхэд урь.
Паул гэгээнтнүүдэд итгэж, санаа тавьдгаа илэрхийлсэн гэдгийг тайлбарлан, 2 Коринт 7:12–16-г нэгтгэн дүгнэ.
Суралцагчдыг 2 Коринт 6–7-г судалж байхдаа олж тодорхойлсон үнэнийг товчхон давтан үзэж, эдгээр үнэнийг хэрэгжүүлэхэд хүргэсэн ямар нэг өдөөлтийг дагахад урамшуул.
Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл
2 Коринт 6:17. “Тэдний дундаас гарч тусгаар бай”
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Квинтин Л.Күк өөрсдийгөө зөвт бус зүйлсээс салангид байлгах шаардлага болон ингэснээр ирэх адислалыг тайлбарласан.
“Гэгээнтэн гэдэг үг нь грекээр ‘томилох, тусгай [мөн] ариун’ гэсэн утгыг илэрхийлдэг [Daniel H. Ludlow, ed., Encyclopedia of Mormonism, 5 боть (1992), 3:1249]. Хэрэв бид өнөө үеийн гэгээнтнүүд юм бол хилэнцэт арга зам болон дэлхийн хүлээн зөвшөөрдөг сүйтгэгч хүсэл эрмэлзлээс өөрсдийгөө тусдаа байлгах хэрэгтэй.
“Бид ёс суртахуунгүй, харгис хэрцгий дүр зурагт дарагдаж байна. Зохисгүй хөгжим, порнографыг хаа сайгүй хүлээн зөвшөөрч байна. Архи, мансууруулах бодисын хэрэглээ газар авчээ. Шударга байдал, ёс зүйг онцлох нь ховордсон байна. Хувь хүний эрхийг шаарддаг ч үүрэг хариуцлага, үүрэг даалгаврыг орхигдуулжээ. Хүмүүсийн хоорондын харилцаа нь маш эрээ цээргүй болж, эгэл бүдүүлэг хандлага ихэсчээ. Хортон дайсан аз жаргалын төлөвлөгөөг нураахаар эцэж цуцахаа мэдэхгүй довтолж байна. Хэрэв бид дэлхийн зан үйлээс өөрсдийгөө тусгаарлавал амьдралдаа Сүнстэй хамт байж, зохистой хожмын үеийн гэгээнтэн байхын баяр баяслыг эдлэх болно” (“Are You a Saint?” Ensign эсвэл Liahona, 2003 оны 11-р сар, 95).
2 Коринт 7:8–11. “Ертөнцийн гашуудал нь үхлийг бий болгодог”
Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф ертөнцийн гашуудал болон бурханлаг харууслын ялгааг тайлбарлажээ.
“Харин наманчлахад хүргэдэг нүглийн төлөөх харуусал, цөхрөхөд хүргэдэг харуусал хоёрын хооронд чухал ялгаа бий.
‘Бурханы хүслийн дагуух харуусал нь … гэмшлийг бий болгон авралд хүргэдэг аж. Харин ертөнцийн харуусал нь үхлийг бий болгодог’ хэмээн төлөөлөгч Паул сургажээ [2 Коринт 7:10; онцлон тэмдэглэлт нэмсэн]. Бурханлаг хүслийн дагуух харуусал нь Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан өөрчлөгдөж, найдахад сүнслэгээр нөлөөлдөг. Ертөнцийн харуусал нь биднийг доройтуулан, найдварыг үгүй болгож, уруу татагдахад хүргэдэг.
“Бурханы хүслийн дагуух харуусал нь хөрвөлт [Үйлс 3:19] хийгээд зүрх сэтгэлийн өөрчлөлт рүү хөтөлдөг [Езекиел 36:26; 2 Коринт 5:17; Мозая 3:19]. Энэ нь биднийг нүглийг үзэн ядаж, сайн сайхан зүйлийг хайрлахад хүргэдэг [Мозая 5:2]. Энэ нь биднийг уналтаас босож, Христийн хайрын гэрлээр амьдрахад урам зориг өгдөг. Жинхэнэ наманчлал бол зовлон шаналалд биш, харин өөрчлөлтөд хүргэдэг үйл явц юм. Тийм ээ, чин сэтгэлийн харуусал болон дуулгаваргүй байдлын төлөөх гэмшил нь ихэвчлэн өр өвтгөм хэцүү байдаг бөгөөд наманчлалын ариусгах үйл явцын маш чухал алхмууд мөн. Харин гэм буруу нь өөрийгөө үзэн ядахад хүргэдэг эсвэл дахин өндийж ирэхэд саад болдог. Энэ нь бидний наманчлалд түлхэц үзүүлдэггүй харин саад тотгор учруулдаг (“Та одоо босч чадна аа!” Ensign эсвэл 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 65).
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл А.Максвэлл:
“Бардамнал нь гүехэн гашуудлаар төлсөн хямдхан наманчлалыг илүүд үздэг. Харамсалтай нь, хямдхан наманчлалыг хайгч нь жинхэнэ эвлэрлийн оронд өнгөц өршөөлийг хайдаг. Тиймээс жинхэнэ наманчлал нь зүгээр ‘намайг уучлаарай’ гэж хэлэхээс ч илүү гүнзгий зүйл юм” гэж онцлон заасан (“Repentance,” Ensign, 1991 оны 11-р сар, 31).