156-р хичээл
Илчлэлт 12–13
Оршил
Иохан Их Эзэний Сүмийн болон итгэлтэй гишүүдийг нь устгах Сатаны оролдлогыг нэгэн эмэгтэй, түүний хүүхэд хоёрыг заналхийлэх луугаар төлөөлүүлэн дүрсэлсэн үзэгдлийг үзсэн. Иохан тэнгэр дэх дайн, Бурханы дагалдагчдын эсрэг тулалдах ертөнцийн хаанчлалуудын тухай бичсэн.
Заах зөвлөмж
Илчлэлт 12
Сатан болон түүний тэнгэр элчүүд үргэлж Их Эзэний болон Түүний Сүмийн эсрэг дайсагнаж байхыг Иохан харсан.
Хичээл эхлэхийн өмнө дараах тохируулах үйл ажиллагааг самбар дээр бич. Хичээл эхэлсний дараа цөөн суралцагчийг зүүн талын багананд жагсаасан аюул заналхийллийг баруун талд жагсаасан тэдэнтэй тэмцэх тохирох арга замтай хооронд нь зураасаар холбоход урь.
Аюул заналхийлэл |
Аюул заналхийлэлтэй тэмцэх арга зам |
---|---|
Наранд түлэгдэх |
Илчлэлт 12 дахь үнэн |
Дайсны цэргүүд |
Эм эсвэл амралт |
Өвчин |
Нарнаас хамгаалах тос эсвэл хувцас |
Нүгэл болон гэмшил харуусал |
Наманчилж, Есүс Христэд итгэх |
Сатаны нөлөөлөл |
Дайны зэр зэвсэг |
-
Та сүүлийн үед эдгээр аюул заналхийллийн алинтай нь тэмцэх хэрэгтэй болсон бэ? Та алийг нь хамгийн аюултай гэж боддог вэ? Яагаад?
Суралцагчдыг Илчлэлт 12-ыг судалж байхдаа Сатаны нөлөөлөлтэй тэмцэхэд туслах үнэнийг олж мэдэхэд урь. Илчлэлт 12–14 нь долоо дахь лацны үйл явдлуудын талаарх Иоханы үзэгдлийн завсарлагааг цэдэглэсэн гэдгийг тайлбарла. Их Эзэн Илчлэлт 11:15 дахь “ертөнцийн хаанчлал” болон “бидний Эзэний хаанчлал” гэдэг хэллэгүүдийн утгыг ойлгоход Иоханд тусалж байсан байж болно.
Ар талдаа луутай эмэгтэйг дүрсэлсэн хавсралт зургийг суралцагчдад үзүүл. Суралцагчдаас эдгээр тэмдэг юуг төлөөлж байж болох талаар бодохыг хүс.
Нэг суралцагчийг Илчлэлт 12:1–2; 5-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, уг эмэгтэйд юу тохиолдсоныг олж мэдэхийг хүс. Иосеф Смитийн Орчуулга нь 5-р шүлгийг яг 2-р шүлгийн дараа байрлуулсан байдаг гэдгийг тайлбарла.
-
Уг эмэгтэйд юу тохиолдсон бэ? (Тэрээр “бүх үндэстнийг … захирах” эрэгтэй хүүхэд төрүүлсэн [5-р шүлэг].)
-
Та “Бүх үндэстнийг төмөр таягаар хариулах” гэдэг нь ямар утгатай гэж бодож байна вэ? (5-р шүлэг). (Тэр хүүхэд төмөр таяг хэрэглэнэ гэдэг нь ертөнцийн үндэстнүүдийг зөв шударгаар захирах сайн мэдээ, санваар, Бурханы үг, хүч чадлыг бэлгэддэг байж болох юм [Брүс Р.Макконки, Doctrinal New Testament Commentary, 3 боть. (1965–1973), 3:517].)
Нэг суралцагчийг Илчлэлт 12:3–4-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, эдгээр шүлэгт тодорхойлсон бэлгэдлүүдийг олж мэдэхийг хүс.
-
Та нар 1–5-р шүлэгт тодорхойлсон тэмдгүүд юуг төлөөлж байна гэж бодож байна вэ?
Суралцагчдыг Иосеф Смитийн Орчуулга, Илчлэлт 12:7–8-ыг дотроо уншихад урь (Судруудын удирдамжийн дараа бий). Тэднээс луу, эмэгтэй, хүүхэд гурав юуг бэлгэдэж байгааг олж мэдэхийг хүс.
-
Иосеф Смитийн Орчуулга, Илчлэлт 12:7–8-д цэдэглэснээр Иоханы үзэгдэл дэх луу, эмэгтэй, хүүхэд гурав юуг төлөөлдөг вэ? (Луу нь Сатаныг [8-р шүлгийг үзнэ үү]; эмэгтэй нь “Бурханы сүмийг”; хүүхэд нь Их Эзэний Мянган жилийн үеэр байгуулах, үүгээрээ дамжуулан Тэрээр бүх үндэстнийг захирах төр засгийн хаанчлал болох “бидний Бурхан хийгээд түүний Христийн хаант улсыг” [7-р шүлэг] төлөөлдөг. [Эдгээр судрын хэсэг дэх бэлгэдлүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол Шинэ Гэрээний суралцагчийн гарын авлага (Сүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2014 он), 550–552-р хуудсыг үзнэ үү.])
-
Илчлэлт 12:4-т цэдэглэснээр, луу юу хийх санаатай байсан бэ? Сатан яагаад Бурханы болон Христийн хаант улсыг сүйтгэхээр тэгтлээ их хичээнгүйлэн эрэлхийлдэг гэж та нар бодож байна вэ?
Нэг суралцагчийг Илчлэлт 12:6-г чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, заналхийлэх луунаас болж эмэгтэй юу хийснийг олж мэдэхийг хүс.
-
Эмэгтэйд юу тохиолдсон бэ? Энэ нь юуг бэлгэддэг вэ? (Өнөөх эмэгтэй цөл рүү зугтах нь Сүм Их урвалт руу орж байгааг мөн төлөөлөгчдийг нас барсны дараа санваар дэлхийгээс авагдаж байгааг төлөөлдөг [мөн С ба Г 86:3-ыг үзнэ үү].)
Иохан уг луу эмэгтэй, түүний хүү хоёрыг заналхийлж байгааг хараад, Сатаны болон Бурханы гэгээнтнүүдийн хоорондох тэнгэр дэх дайны гэрч болсон гэдгийг тайлбарла. Цөөн суралцагчийг Иосеф Смитийн Орчуулга, Илчлэлт 12:6–11-ийг (Судруудын удирдамжийн дараа бий) ээлжлэн чанга уншихад урь. Ангийн суралцагчдын нэг хэсгээс Тэнгэр дэх дайны үеэр Сатанд юу тохиолдсоныг, нөгөө хэсгээс Бурханы гэгээнтнүүд хэрхэн Сатаныг болон түүний дагалдагчдыг ялсныг олж мэдэхийг хүс.
-
Сатан болон түүний дагалдагчдад юу тохиолдсон бэ? (Та Илчлэлт 12:4 дээр лууны сүүл нь “тэнгэрийн однуудын гуравны нэгийг дагуулсан” гэж хэлснийг онцгойлон хэлж болно. Энэ нь Сатаныг дагахаар сонгосон Тэнгэрлэг Эцэгийн сүнсэн хүүхдүүд тоймшгүй олон байгааг бэлгэддэг. Та “Михаил болон түүний тэнгэр элчүүд” [Иосеф Смитийн Орчуулга, Илчлэлт 12:6] гэж Адамыг болон Бурханы бусад зөв шударга сүнсэн хүүхдийг хэлж байгааг бас тайлбарлаж болно.)
-
11-р шүлэгт цэдэглэснээр, тэнгэрийн зөв шударга үй түмэн тэнгэр элч Сатаныг хэрхэн ялсан бэ? (Тэд “Хурганы цусаар” буюу Аврагчийн Цагаатгалаар дамжуулан мөн сайн мэдээний гэрчлэлдээ үнэнч үлдсэнээр ялсан. Эдгээр хариултыг самбар дээр бич.)
-
8-р шүлэгт цэдэглэснээр, Сатан болон түүний дагалдагчид бослогынхоо дараа хаашаа хөөгдсөн бэ?
Нэг суралцагчийг Иосеф Смитийн Орчуулга, Илчлэлт 12:12, 17-г (Судруудын удирдамжийн дараа бий) чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Сатан тэнгэрээс хөөгдсөнийхөө дараа хэний эсрэг дайн хийсэн болохыг олж мэдэхийг хүс.
-
Сатан тэнгэрээс хөөгдсөнийхөө дараа хэний эсрэг дайн хийсэн бэ?
-
Бид 11-р шүлгээс мэдсэн зүйл дээрээ үндэслэн өөрсдийн энэ үед Сатаны нөлөө, дайралтуудыг ялахын тулд юу хийж болох вэ? (Суралцагчдыг Бид Аврагчийн Цагаатгал болон сайн мэдээний гэрчлэлдээ үнэнч үлдсэнээр Сатаны нөлөөг даван туулж чадна гэсэнтэй төстэй зарчмыг олж тогтооход тусал. Энэ зарчмыг самбар дээр бич.)
Нэг суралцагчийг Далын ахлагч Жэймс Ж.Хамулагийн хэлсэн дараах үгийг чанга уншихад урь. Ангийнхнаас Сатан хэрхэн тэдний үе удам руу довтолж байгааг сонсохыг хүс.
“Эцэг болон Түүний Хүүд хөдөлмөрлөхөөр энэ хожмын өдрүүдэд төрж, ирсэн хүмүүс бол Эцэгийн хамгийн зоригтой, шударга, хүмүүнлэг охид хөвгүүд юм. Тэдний зориг, шударга байдал нь дэлхийн амьдралын өмнө Сатантай тэмцэх үед харагдсан. …
Бурханы хаант улс дэлхий дээр ийм хүчтэй сэргээгдэхэд болон та нарыг энэ дэлхий дээр ирэхэд Сатан ‘өөрт нь богинохон хугацаа байгааг’ [Илчлэлт 12:12] мэддэг. Тиймээс та нарыг гэм нүгэл үйлдүүлэхээр уруу татахын тулд хамаг хүчээрээ хичээж байна. Хэрэв Сатан та нарыг гэм нүгэл рүү түлхэж чадвал энэ нь та нарыг бүрэн цагийн номлолд үйлчилж, ариун сүмд гэрлэж, ирээдүйн хүүхдүүдээ итгэлд баталж чадахгүй болгох бөгөөд энэ нь зөвхөн та нарыг ч биш мөн Сүмийг доройтуулдаг гэдгийг тэр мэддэг. Тэрээр ‘[түүний] хүмүүсийн зөрчлөөс өөр юу ч’ Бурханы хаант улсыг буулгаж чадахгүй гэдгийг мөн мэдэж байгаа [Мозая 27:13]. Энэ тухайд алдаж болохгүй ба түүний дайны гол зорилго одоо та нар руу чиглээд байна” (“Хилэнцтийн эсрэг дайнд ялах нь,” Ensign эсвэл 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 62).
-
Сатан болон түүний дагалдагчид хэрхэн биднийг доройтуулахыг эрэлхийлдэг вэ?
Суралцагчдыг Сатан хэрхэн өөрсдийнх нь эсрэг дайтаж байгааг бодож үзэхэд урь.
-
Бид Есүс Христэд итгэх итгэлээ нэмэгдүүлж, Түүний талаарх гэрчлэлээ хүчирхэгжүүлэхийн тулд ямар ямар зүйл хийж болох вэ? (Суралцагчдын хариултыг самбар дээр жагсаан бич.)
Дараах хоёр тодорхойлолтыг уншаад, суралцагчдыг хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ аль нэгэнд нь хариулж бичихэд урь.
-
Сатаны нөлөөтэй тэмцэхэд таны Аврагчийн Цагаатгалд итгэх итгэл болон гэрчлэл тусалсан ямар нэгэн туршлагынхаа талаар бич.
-
Есүс Христийн Цагаатгалын талаарх гэрчлэлээ тэмдэглэж аваад, Цагаатгал нь бидний Сатан болон түүний дагалдагчдын эсрэг тэмцэх дайнд хэрхэн тусалж чадах тухай тайлбарла.
Хангалттай цаг гаргаж өгсний дараа цөөн суралцагчаас бичсэн зүйлээ хуваалцахыг хүс.
Суралцагчдыг самбар дээр жагсаасан санаануудаас нэг эсвэл түүнээс олныг сонгоод, Сатаны болон түүний дагалдагчдын эсрэг хийх өөрсдийн тулаанд хэрэглэхэд урамшуулан дэмж.
Илчлэлт 13
Иохан ертөнцийн хаанчлалууд Сатанаас хүч чадал хүлээн авах болно гэж бичив
Суралцагчдыг бүлгийн товч тоймыг чанга уншихад урьснаар Илчлэлт 13-ыг нэгтгэн дүгнэ. Хэрэв шаардлагатай гэж үзвэл та Иохан Сатаны захирах ёс бус ертөнцийн хаант улсыг бэлгэдэх аймшигт араатанг харсан гэдгийг тайлбарлаж болох юм. Иохан мөн эдгээр хаант улсаар дамжуулан Сатан дэлхийн оршин суугчдыг мэхлэхийн тулд хуурамч гайхамшгуудыг үйлдэх болно гэдгийг харжээ.
Төгс эзэмших судрын дүгнэлт
Семинарын сүүлчийн долоо хоногийн туршид суралцагчдаас төгс эзэмших судрын эцсийн шалгалтыг авах талаар бодож үз. Та суралцагчдыг гэртээ юм уу шалгалт эхлэхийн өмнөхөн давтахад урамшуулж болно. Дараах шалгалтууд нь таны ашиглаж болох шалгалтын цөөн хэдэн төрөл болно (та эдгээр санааг суралцагчдын хэрэгцээнд тохируулан өөрчилж болно).
Эшлэлийн шалгалт: Суралцагчдад төгс эзэмших судрын хэсгээс нууцыг тайлах түлхүүрүүдийг өг. Эдгээр нууцыг тайлах түлхүүр нь түлхүүр үг, сургаал, зарчим эсвэл судрын хэсгийн дүгнэлт байж болно. Таныг нууцыг тайлах түлхүүр бүрийг өгсний дараа суралцагчдаас судрын хэсгийн эшлэлийг цаасан дээр бичихийг хүс.
Сургаалын шалгалт: Үндсэн сургаалуудыг самбарт жагсаан бич. Суралцагчдаас тохирох төгс эзэмших судрын эшлэлүүдийг сургаал бүрийн доор жагсаан бичихийг хүс. Тэд төгс эзэмших судрын хэсгээ чээжээр хэлж эсвэл төгс эзэмших хэсгүүдийн жагсаалтыг ашиглан үүнийг хийж болно.
Чээжлэх шалгалт: Суралцагчдыг зарим үндсэн сургаалыг тайлбарлахдаа төгс эзэмших судрын хэсгээс чээжилсэн үгс, зарчмуудаа ашиглахад урь. Өөрсдийн тайлбарыг бичихийг болон ангийнхандаа чанга уншиж өгөхийг тэднээс хүс.
Ангийнхныхаа төгс эзэмших судрын хэсгийг чээжлэхэд мөн үндсэн сургаалыг төгс эзэмшихэд гаргасан хичээл зүтгэлийг магтахаа бүү мартаарай. Бид судрын хэсгүүдийг болон сургаалуудыг төгс эзэмшсэнээр сүнслэг хүч, гэрчлэл хүлээн авдгийг гэрчил.