63-р хичээл
Иохан 4
Оршил
Галил руу явж байхдаа Есүс Самари нутгаар дайран өнгөрч, худгийн дэргэд нэгэн эмэгтэйд заав. Тэр эмэгтэй бусдад Есүс бол Христ хэмээн гэрчилсэн. Хожим нь Есүс язгууртны хүүг эдгээв.
Заах зөвлөмж
Иохан 4:1–42
Есүс Самари эмэгтэйд заав
Дараах асуултыг самбар дээр бич:
Суралцагчдаас самбар дээрх асуултад хариулахыг хүс. Хөрс, төмөр, нүүрс, газрын тос, алт, алмаз зэрэг байгалийн баялгийн зургийг үзүүлэх талаар бодож үз.
Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднарийн дараах мэдэгдлийг уншихад урь.
“Бид эхэндээ алт, газрын тос, алмазыг хамгийн үнэ цэнтэй гэж бодож болох юм. Гэвч бүх эрдэс баялаг, төмөр, үнэт чулуу, газар дээрх болон газрын гүн дэх бодисуудаас ус хамгийн нандин, үнэ цэнтэй нь билээ” (“A Reservoir of Living Water” [Залуу насанд хүрэгчдэд зориулсан Сүмийн Боловсролын Системийн галын дэргэдэх ярилцлага, 2007 оны 2-р сарын 4], 1, lds.org/broadcasts).
Цэвэр устай шилэн аяга үзүүл.
-
Цэвэр ус яагаад илүү үнэ цэнтэй байдаг вэ? (Та нэг эсвэл хоёр суралцагчийг усны үнэ цэнийг үнэлдэг болоход тусалсан туршлагаасаа хуваалцахад урьж болно.)
Суралцагчдыг Иохан 4-өөс судалж байхдаа Есүс усыг юутай зүйрлэснийг олж мэдэхэд урь.
Есүс Иудейг орхин, Галил руу явсан гэдгийг тайлбарлан, Иохан 4:1–3-ыг нэгтгэн дүгнэ.
Нэг суралцагчийг Иохан 4:4-ийг чанга уншихад урьж, ангийнхнаас Есүс Галил руу явахдаа ямар газраар дайрч өнгөрснийг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.
Суралцагчдыг Иудей, Самари, Галил зэрэг нутгийг “Есүс Христийн мөнх бус амьдралыг цухас харвал” (5-р хичээлд байгаа) хүснэгтээс олоход урь эсвэл Библийн газрын зургууд, дугаар 11, “Шинэ Гэрээний үеийн ариун газар” дээрээс эдгээрийг олоход урь.
-
Есүс Самари нутгийг тойрч явахын оронд дайрч явсан нь яагаад чухал ач холбогдолтой байсан бэ? (Иудейчүүд Самарийг дайран өнгөрөхийн оронд тойрч гардаг байсан бөгөөд энэ нь иудейчүүд болон самаричууд хоорондоо дайсагнадаг байсантай холбоотой [Жэймс Э.Талмэйж, Jesus the Christ, 3 дахь хэвлэл (1916 он), 172]).
Нэг суралцагчаас Иохан 4:6–9-ийг чанга уншихыг хүс. Ангийнхныг шүлгийг дагаж уншаад, Есүс Самарид үдлэхдээ тэр эмэгтэйгээс юу гуйсныг олж мэдэхэд урь.
-
Есүс тэр эмэгтэйгээс юу гуйсан бэ?
-
Есүсийг уух юм өгөхийг гуйхад тэр яагаад гайхсан бэ?
Есүс ба самари эмэгтэй зургийг үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга [2009 он], д. 36; мөн LDS.org дээрээс үзнэ үү).
Нэг суралцагчаас Иохан 4:10–12-ыг чанга уншихыг хүс. Ангийнхныг шүлгийг дагаж уншаад, Есүсийн тэр эмэгтэйд өгсөн хариултыг олж мэдэхэд урь.
-
10-р шүлэгт цэдэглэснээр, Аврагч тэр эмэгтэйд юуг санал болгосон бэ? (“Бурханы бэлэг” гэдэг нь Есүсийг дэлхийн Аврагч болохыг хэлж байгаа юм гэдгийг тайлбарла.)
-
11-р шүлэгт цэдэглэснээр, тэр эмэгтэй Есүсээс юу гуйсан бэ?
Нэг суралцагчийг Иохан 4:13–14-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Есүс Өөрийн санал болгосон усны талаар юу хэлснийг олж мэдэхийг хүс.
-
Есүс Өөрийн санал болгосон усны талаар юу хэлсэн бэ?
Нэг суралцагчийг ахлагч Дэвид А.Бэднарийн хэлсэн дараах үгийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, амийн ус юуг төлөөлж байгааг сонсож авахыг хүс.
“Энэ хэсэгт дурдсан амийн ус гэдэг нь Их Эзэн Есүс Христ ба Түүний сайн мэдээний төлөөлөл юм. Бодит амьдралыг тэтгэхийн тулд ус хэрэгтэй байдгийн адилаар мөнх амьдралыг хүлээн авахад Аврагч ба Түүний сургаал, ёслолууд амин чухал байдаг юм. Амийн ус танд болон надад тасралтгүй үргэлжлэх сүнслэг өсөлт, хөгжлийг тэтгэхийн тулд өдөр бүр хэрэгтэй” (“Амийн усан сан,” 2).
-
Ахлагч Бэднарийн хэлснээр, амийн ус гэдэг нь юуг төлөөлж байна вэ?
Өмнө үзүүлсэн аягатай усанд Аврагч ба Түүний сайн мэдээ гэсэн шошго наагаарай.
-
Ус яагаад Аврагчийг болон Түүний сайн мэдээг төлөөлөхөд тохиромжтой бэлгэ тэмдэг байдаг вэ?
-
Та нар 14-р шүлэг дэх Аврагчийн үгсийг хэрхэн зарчим болгож, нэгтгэн дүгнэх вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Хэрэв бид Есүс Христэд ирж, Түүний сайн мэдээнээс чин сэтгэлээсээ хүртвэл мөнх амьдралыг хүлээн авах болно гэсэн зарчмыг тодорхойлох ёстой.)
Нэг суралцагчаас Иохан 4:15–18-ыг чанга уншихыг хүс. Ангийнхныг шүлгийг дагаж уншаад, тэр эмэгтэй Есүсээс юу гуйж, Аврагч түүнд юу гэж хариулсныг олж мэдэхэд урь.
-
15-р шүлэгт цэдэглэснээр, тэр эмэгтэй Есүсээс юу гуйсан бэ?
Есүсийн хариулт, санал болгож буй амийн ус нь хэрэгтэй гэдгийг ойлгоход тэр эмэгтэйд тусалсан болохыг тайлбарла.
-
17-р шүлэгт цэдэглэснээр, Есүс тэр эмэгтэйд юуг илчилсэн бэ? (Есүсийн хариулт тэр эмэгтэйг утга учир бүхий, тогтвортой гэр бүлийн харилцаатай болохын төлөө зүтгэж байсныг мөн нөхөр нь биш хүнтэй хамт амьдарснаараа тэр эмэгтэй ариун явдлын хуулийг зөрчиж байсныг мэдэж байсан гэдгийг харуулж байна гэж онцлон хэл.)
-
Есүс танихгүй хүн мэдэхийн аргагүй нарийн зүйлүүдийг нь илчлэхэд тэр эмэгтэйд ямар бодол эсвэл мэдрэмж төрсөн байж болох вэ?
-
Аврагчийн үгс Түүний санал болгож буй амийн ус өөрт нь ямар их хэрэгтэй болохыг ойлгоход тэр эмэгтэйд хэрхэн тусалсан байж болох вэ?
-
Бид эдгээр шүлгээс Аврагчийн талаар ямар үнэнийг мэдэж авч чадах вэ? (Суралцагчдыг хариулсны дараа Есүс Христ бидний нүглийг мэддэг ба тэдгээрийг даван туулахад туслахын тулд Өөрийнхөө сайн мэдээг санал болгодог гэсэн үнэнийг самбар дээр бич.)
-
Энэ үнэнийг ойлгох нь яагаад чухал вэ?
Нэг суралцагчийг Иохан 4:19–20-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, тэр эмэгтэй Есүст юу хэлснийг олж мэдэхийг хүс.
-
Тэр эмэгтэй Есүсийг хүлээн авах хандлага нь өөрчлөгдөж байгааг харуулах юуг хэлсэн бэ?
Самарид Геризим гэдэг уул байдгийг тайлбарла. Аврагчийн мөнх бус амьдрал дахь тохинууллаас олон зууны өмнө самаричууд тэнд шүтлэг бишрэлийн газар болгон ариун сүмийг барьж байгуулсан юм. Иудейчүүдээс ялгаатай нь, самаричууд ёслолуудыг үйлдэх санваарын эрх мэдэлтэй байгаагүй бөгөөд Бурханы олон бошиглогчийн сургаалыг хүлээж аваагүй байв.
Хэд хэдэн суралцагчийг Иохан 4:21–23, түүнчлэн, Иосеф Смитийн Орчуулга, Иохан 4:26-г (Иохан 4:24, зүүлт тайлбар a) ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Есүс тэр эмэгтэйд Бурханыг шүтэн бишрэх талаар юу заасныг олж мэдэхийг хүс.
-
Үнэн шүтэгчид Тэнгэрлэг Эцэгийг хэрхэн шүтэн биширдэг вэ?
-
Иосеф Смитийн Орчуулгын дагуу бид Бурханыг “сүнсээрээ, үнэнээр” шүтэн бишрэх юм бол бидэнд ямар адислал ирдэг вэ?
-
Бид эдгээр шүлгээс ямар зарчим мэдэж авч чадах вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Хэрэв бид Эцэгийг сүнсээр мөн үнэнээр шүтэж бишрэх юм бол Тэр биднийг Өөрийн Сүнсээр адислах болно гэсэн зарчмыг олж тогтоосон эсэхийг бататга.)
Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконкигийн хэлсэн дараах мэдэгдлийг уншихад урь. Ангийнхнаас Эцэгийг сүнсээр мөн үнэнээр шүтэн бишрэх гэдэг нь ямар утгатай болохыг олж мэдэн, тэмдэглэхийг хүс.
“Бидний зорилго бол үнэн ба амьд Бурханыг Сүнсний хүчээр, Түүний томилсон арга замаар шүтэн бишрэх явдал юм. Жинхэнэ Бурханыг батлагдсан ёсоор шүтэн бишрэх нь авралд хүргэдэг, харин мөнхийн үнэнд үндэс суурьгүй хуурамч бурхдыг шүтэх нь ийм баталгааг хангадаггүй.
“Үнэний талаарх мэдлэг нь үнэнээр шүтэн бишрэхэд амин чухал юм. …
… Үнэн бөгөөд төгс шүтлэг нь Бурханы Хүүгийн мөрийг дагахаас бүрддэг бөгөөд энэ нь зарлигуудыг дагаж, Эцэгийн хүсэл таалалд дуулгавартай байж, ач ивээлээс ач ивээлд хүрч, Христ Эцэгийн дотор алдаршуулагдсаны адил бид Түүн дотор алдаршуулагдах хүртэл ахих зэргээс бүрддэг. Энэ нь зүгээр нэг залбирах, номлох, дуу дуулахаас илүү агуу юм. Энэ нь амьдарч, хийж, дуулгавартай дагана гэсэн үг. Энэ нь агуу Үлгэр Жишээч [Есүс Христийн] амьдралыг давтаж, дуурайх явдал юм.” (“How to Worship,” Ensign, 1971 оны 12-р сар, 129, 130).
-
Ахлагч Макконкигийн хэлснээр, Бурханыг сүнсээр мөн үнэнээр шүтэн бишрэх гэдэг нь ямар утгатай вэ?
-
Та нар Эцэгийг сүнсээр мөн үнэнээр шүтэн бишрэхийг эрэлхийлэх үедээ хэзээ адислагдаж байсан бэ?
Суралцагчдыг Эцэгийг сүнсээр мөн үнэнээр илүү сайн шүтэн бишрэхийн тулд юу хийж болох талаар эргэцүүлэн бодоход урь.
-
Нэг суралцагчаас Иохан 4:25–26-г чанга уншихыг хүс. Ангийнхныг шүлгийг дагаж уншаад, Есүс Өөрийнхөө талаар тэр эмэгтэйд юу илчилснийг олж мэдэхэд урь.
-
Есүс тэр эмэгтэйд Өөрийнхөө талаар юу илчилсэн бэ?
Нэг суралцагчийг Иохан 4:27–30-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, тэр эмэгтэй Аврагчтай ярилцсаны дараа юу хийснийг олж мэдэхийг хүс.
-
Тэр эмэгтэй Аврагчтай ярилцсаны дараа юу хийсэн бэ?
-
Тэр Есүс Христийн талаар гэрчлэлтэй болсноо харуулсан юуг хэлсэн бэ?
-
Бид энэ түүхээс Есүс Христийн талаар гэрчлэлтэй болоход юу тохиолддог тухай ямар үнэнийг мэдэж авч чадах вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Бид Есүс Христийн талаар гэрчлэлтэй болох үедээ үүнийг бусадтай хуваалцах хүслээр дүүрдэг гэсэн үнэнийг олж тогтоосон эсэхийг бататга.)
Есүсийн шавь нар хоол хүнстэй буцаж ирсэн гэдгийг тайлбарлан, 31–37-г нэгтгэн дүгнэ. Тэд Түүнээс хоол зооглооч хэмээн хүсэхэд Тэр идсэнээр биш харин Эцэгийнхээ хүслийг үйлдсэнээр тэтгэгддэг хэмээн заажээ. Дараа нь Тэр тэднийг сайн мэдээг дэлгэрүүлэн номлох боломж их байгааг харахад урьсан.
Нэг суралцагчаас Иохан 4:39–42-ыг чанга уншихыг хүс. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, тэр эмэгтэйн гэрчлэл түүний амьдардаг хотын хүмүүст хэрхэн нөлөөлснийг олж мэдэхийг хүс.
-
Тэр эмэгтэйн гэрчлэл түүний амьдардаг хотын хүмүүст хэрхэн нөлөөлсөн бэ?
-
42-р шүлэгт цэдэглэснээр, хүмүүс тэр эмэгтэйд юу гэж хэлсэн бэ?
Бид Аврагчийг мэддэг болж, Түүний амийн уснаас уух үедээ Түүний талаарх гэрчлэлээ бусадтай хуваалцах хүслээр дүүрдэг тухай гэрчлэлээ хуваалц.
Иохан 4:43–54
Есүс язгууртны хүүг эдгээв
Есүс Самари дахь эмэгтэйд заасны дараа Галилд ирсэн бөгөөд Түүнийг хүмүүс хүлээн авсан тухай тайлбарлан, Иохан 4:43–45-ыг нэгтгэн дүгнэ.
Суралцагчдад дараах тараах материал-ын хуулбарыг өг. Тэднийг Иохан 4:46–54-ийг дотроо уншин, тараах материал дээр байгаа асуултуудад хариулахад урь.
Шинэ Гэрээний семинарын багшийн гарын авлага—63-р хичээл
-
Есүстэй хэн уулзахаар ирж, Аврагчаас ямар адислал авахыг гуйсан бэ?
-
Есүсийн хэлсэнд үндэслэвэл, Тэр яагаад энэ хүнд адислал өгөхөө хойшлуулсан бэ?
-
Тэр хүн итгэхийн тулд өөрт нь тэмдэг үзүүлэх хэрэггүй гэдгээ хэрхэн харуулсан бэ?
-
51–53-р шүлэгт цэдэглэснээр, тэр хүний Есүс Христэд итгэх итгэл хэрхэн нотлогдсон бэ?
-
Энэ хүний туршлагаас бид ямар зарчим мэдэж авч чадах вэ?
© 2015 by Intellectual Reserve, Inc. Бүх эрх хамгаалагдсан.
Хангалттай хугацаа өгсний дараа суралцагчдыг хариултаа хуваалцахад урь. Тэднийг уг язгууртны туршлагаас суралцсан зүйлээ хуваалцах үеэр Бид тэмдэг шаардахгүйгээр Есүс Христэд итгэх үед Их Эзэн бидний итгэлийг баталгаажуулна гэсэн үнэнийг тодорхойлоход тэдэнд тусал.
-
Есүс Христэд тэмдэг шаардахгүй итгэх нь яагаад чухал вэ?
-
Бид Түүнд итгэх итгэлээ хэрэгжүүлэх үед Их Эзэн бидний итгэлийг ямар ямар арга замаар баталгаажуулдаг вэ?
Хэрвээ бид Их Эзэнийг итгэлтэй эрэлхийлэх юм бол Тэр бидний итгэлийг дэмжих нотолгоог өгч адисалдаг гэдэг талаар гэрчлэн, хичээлээ дуусга.
Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл
Иохан 4:4. “Есүс Самарийг дайрч өнгөрөх болов”
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэймс Э.Талмэйж Есүс яагаад Самаригаар дайрч өнгөрөх нь чухал байсан талаар: “Иудейгээс Галил орох шулуун зам нь Самаригаар дайрдаг байв. Гэвч ихэнх иудейчүүд, ялангуяа галилчууд өөрсдөд нь ад үзэгддэг самаричууд мэтийн хүмүүсийн амьдардаг нутгийн дундуур аялахын оронд тойруу урт замаар зорчихыг сонгодог байсан. Иудейчүүд ба самаричуудын хоорондын таарамжгүй байдал олон зууны туршид нэмэгдсээр ирсэн бөгөөд Их Эзэний маань энэ дэлхий дээрх тохинууллын үед туйлын үзэн ядалтад хүрсэн байсан юм” гэсэн ойлголтыг өгчээ (Jesus the Christ, 3-р хэвлэл [1916], 172).
Иохан 4:10–14. Аврагч амийн усыг санал болгов
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жозеф Б.Вөртлин Иохан 4:14 дэх Аврагчийн үгнээс эш татаж, “амийн уснаас гүнзгий” уух нь бидэнд агуу их аз жаргал авчирна гэж сургасан. Дараа нь тэр асуув:
“Та нар энэ амийн уснаас хүртэж, мөнх амьдралд хүргэх бурханлаг булаг та нарын дотор оргилж буйг мэдрэхийг хүсэж байна уу?
“Тэгвэл бүү ай. Бүх зүрх сэтгэлээрээ итгэ. Бурханы Хүүд итгэх гуйвшгүй итгэлийг хөгжүүл. Чин сэтгэлийн залбирлаар зүрх сэтгэлээ уудлан илчил. Түүний тухай мэдлэгээр оюун ухаанаа дүүргэ. Сул талаа орхи. Ариун байдалд, зарлигуудад нийцэн амьдар” (“The Abundant Life,” Ensign эсвэл Liahona, 2006 оны 5-р сар, 100).
Иохан 4:10–14. Судрууд нь Христийн амийн уснаас хүртэж болох нэг арга юм
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид A.Бэднар Христийн амийн уснаас хүртэж болох нэг арга бол судраас суралцах явдал мөн гэдгийг:
“Судрууд нь Христийн үгийг агуулсан байдаг ба амийн усны усан сан нь бидэнд байнга хүртээмжтэй бөгөөд үүнээс бид урт хугацаанд цадталаа ууж болно. Та бид ‘амийн усны усан оргилуур’ болох Христ рүү харж, ариун судруудад агуулагдсан Христийн үгсийг (1 Нифай 11:25; Ифер 8:26; 12:28-тай харьцуул) уншиж (Мозая 1:5-ыг үз), суралцаж ( С ба Г 26:1-ийг үзнэ үү), судалж ( Иохан 5:39; Алма 17:2-ыг үзнэ үү) мөн үүн дээр найрласнаар (2 Нифай 32:3-ыг үзнэ үү) Түүн дээр ирэх ёстой. Бид энэ бүгдийг хийснээр, мөнх бус аяллынхаа туршид сүнслэг удирдамж, хамгааллын аль алиныг хүлээн авч чадна” гэж заажээ (“A Reservoir of Living Water” (Амийн усны усан сан) [Сүмийн боловсролын системийн залуу насанд хүрэгчидтэй хийсэн галын дэргэдэх, 2007 оны 2-р сарын 4], 2, lds.org/broadcasts).
Иохан 4:46–54. Язгууртны хүүг эдгээв
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконки энэхүү гайхамшгийн ач холбогдлыг онцлон заахдаа:
“Энэ бол Сайн мэдээнд дэлгэрэнгүй заасан анхны эдгээх гайхамшиг юм. Дээгүүр өнгөрөх баярын зоогийн үеэр мөн Иудейн нутаг даяар хийсэн гайхамшгуудыг ингэж дэлгэрэнгүй өгүүлж, тайлбарлаагүй байдаг. Канад үйлдсэн хоёр дахь нь болох энэхүү гайхамшиг Есүсийн эдгээх тохинуулалд тухайн үеийг хүртэл бидний өмнө үзэгдээгүй шинэ цар хүрээг өгсөн байна. Үнэндээ бол энэ нь дэргэд нь байгаагүй хүүгийн биеийг эдгээсэн болон дэргэд нь байсан эцгийнх нь итгэлгүй байдлыг эдгээж, зүрхэнд нь итгэл суулгасан хоёр талтай гайхамшиг байсан юм” гэжээ (The Mortal Messiah (Мөнх бус Мессиа), 4-р боть [1979–1981 он], 2:12).