Номын сан
65-р хичээл: Иохан 6


65-р хичээл

Иохан 6

Оршил

Есүс таван мянга гаруй хүнийг ер бусын байдлаар хооллосныхоо маргааш нь Өөрийгөө Амийн талх хэмээн заасан. Түүний зарим дагалдагч заасан сургаалуудыг нь эсэргүүцэн, Түүнийг орхив. Харин Петр Есүсийн заасан зүйлс мөнх амьдралын үгс бөгөөд Тэр бол Бурханы Хүү гэдгийг гэрчлэв.

Заах зөвлөмж

Иохан 6:1–21

Есүс 5000 гаруй хүнийг ер бусын байдлаар хооллосон бөгөөд тэнгисийн дээгүүр алхлав

Аврагч Иерусалимд тэнгэрлэг байдлаа гэрчилснийхээ дараа (Иохан 5-р бүлгийг үз) Галил руу буцаж ирсэн бөгөөд тэнд Тэр болон Түүний төлөөлөгчид сайн мэдээг зааж, олон хүнийг эдгээсэн гэдгийг тайлбарла (Матай 5–13-р бүлгийг үзнэ үү). Есүс дараа нь төлөөлөгчдийнхөө хамт Галилын тэнгисийг гаталж, таван мянга гаруй хүнийг ер бусын байдлаар хооллов (Иохан 6:1–13-ыг үзнэ үү).

Бүтэн талх үзүүл. Нэг суралцагчийг Аврагч таван талх, хоёр жижиг загасаар таван мянга гаруй хүнийг хооллосон түүхийг нэгтгэн дүгнэхэд урь.

  • Хэрэв ийм гайхамшиг тохиолдоход тэнд өөрсдийн биеэр байж, Есүс ер бусын аргаар хоол хүнсээр хангах чадвартай гэдгийг мэдсэн бол та нарт юу бодогдох байсан бэ?

Нэг суралцагчийг Иохан 6:14–15-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Есүс ер бусын байдлаар хүмүүсийг хооллосны дараа тэр хүмүүс яах хүсэлтэй байсныг олж мэдэхийг хүс.

  • Хүмүүс юу хийх хүсэлтэй байсан бэ?

Есүсийн үед иудейчүүдийн уламжлал ёсоор Мессиа буюу Израилийн хаан ирэх үедээ ард түмнийг тэнгэрийн талхаар хооллоно гэж итгэдэг байсан гэдгийг тайлбарла.

  • 15-р шүлэгт цэдэглэснээр, Есүс хүмүүсийг Өөрийг нь хаан болгон өргөмжлөхийг зөвшөөрөхийн оронд юу хийсэн бэ?

  • Есүс яагаад иудейчүүдийн хаан байхаар зөвшөөрүүлэхийг хүсээгүй вэ?

Аврагч шавь нараа Галилын тэнгисийг гатлуулахаар явуулаад, дараа нь тэр шөнөдөө шавь нар нь хүчтэй салхи, давалгааг сөрөн завиа залахаар сэлүүрдэж байхад тэнгисийн дээгүүр алхалж ирээд, тэдэнтэй нэгдсэн гэдгийг сануулан, Иохан 6:16–21-ийг нэгтгэн дүгнэ. Энэ үйл явдлын тухай Иоханы өгүүлсэн түүхэнд шавь нар нь Есүсийг завиндаа оруулахыг “хүсэхэд,” завь нь “тэр даруй” хөдөлж, очих газартаа хүрсэн (21-р шүлэг) хэмээн тодорхойлсон гэдгийг онцлон хэл. Бид Аврагч болон Түүний сургаалыг шууд хүлээн авах үед Тэр биднийг мөнх бус амьдралын зовлон бэрхшээл дундуур аюулгүй удирдан авч явж чадна.

Иохан 6:22–59

Есүс Өөрийгөө Амьдралын талх хэмээн сургав

Есүсийн ер бусын байдлаар хооллосон хүмүүсийн олон нь Түүнийг хайж, Капернаумд ирцгээсэн тухай Иохан 6:22–25-д цэдэглэсэн байдгийг тайлбарла.

Нэг суралцагчийг Иохан 6:26–27 болон Иосеф Смитийн Орчуулгыг (26-р шүлэг, зүүлт тайлбар a-г үзнэ үү) чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Есүс хүмүүст юу гэж хэлснийг олж мэдэхийг хүс. 27-р шүлэгт буй мах гэдэг үг нь хоол хүнс гэсэн утгатай болохыг тайлбарла.

  • Аврагчийн хэлснээр энэ хүмүүс яагаад Өөрийг нь эрэлхийлсэн бэ? (Аврагчийн хэлсэн үгээс авч үзвэл, тэд илүү их хоол хүнс авахын тулд Түүнийг дагасан.)

  • Аврагч тэднийг юуг эрэлхийлэх ёстой гэж хэлсэн бэ?

Тус бүлэг дэх “мөнх аминд хүргэх хоол” (27-р шүлэг) гэдэг нь Аврагчийн сайн мэдээний мөнхийн үнэнийг хэлж байгаа гэдгийг тайлбарла.

  • Есүс яагаад энэ бүлэг хүнд Өөрийг нь хаан болгохыг зөвшөөрөөгүй гэдгийг бид ойлгож авахад эдгээр шүлэг хэрхэн тусалж болох вэ?

Нэг суралцагчийг Иохан 6:28–31-ийг чанга уншихад урьж, ангийнхнаас хүмүүс Есүсээс Мессиа мөн гэдгээ нотлох өөр ямар тэмдэг үзүүлэхийг хүссэн тухай олж мэдэхийг хүс.

  • Хүмүүс Есүсээс өөрсдийнх нь төлөө юу хийж өгөхийг хүсэж байсан бэ? (Манна гэдэг нь Израилийн хүүхдүүдэд цөлд байх үед нь Бурхан “тэнгэрээс өгөгдсөн талх” [31-р шүлэг] гэдгийг тайлбарла.)

  • Аврагчийн өмнөх өдөр хийсэн зүйлийг санавал энэ хүсэлт нь цугларсан олны талаар юуг харуулж байна вэ?

  • Эдүгээ Есүс Христийн дагалдагчдын хувьд бид энэ олон хүнтэй адил аашлахад ямар ямар арга замаар уруу татагдаж болох вэ?

Цөөн суралцагчийг Иохан 6:32–35-ыг ээлжлэн чанга уншихад урьж, ангийнхнаас Аврагч хүмүүсийг тэмдэг хүссэний хариуд юу гэж заасныг олж мэдэхийг хүс.

  • Аврагч манна буюу тэнгэрээс өгсөн талхны тухай ярихдаа Өөрийнхөө тухай юу гэж заасан бэ?

Та суралцагчдад 35-р шүлэгт буй “Би бол амийн талх” гэсэн үгсийг тэмдэглэхийг санал болгож болно.

  • Бид Аврагчийг болон сургаалуудыг нь ямар ямар арга замаар талхтай адилтгаж болох вэ?

  • Та нар Есүс Христэд ирдэг хүн “хэзээ ч өлсөж, цангахгүй” гэсэн нь ямар утгатай гэж бодож байна вэ? (35-р шүлэг).

  • Бид 35-р шүлэгт буй Аврагчийн сургаалаас ямар үнэний талаар суралцаж болох вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Хэрэв бид Есүс Христэд ирвэл, Тэр биднийг сүнслэг байдлын хувьд хооллох болно гэсэнтэй төстэй зарчмыг тодорхойлох ёстой. Та суралцагчдад энэ зарчмыг Иохан 6:35-ын хажуу талд судрынхаа зайд бичиж авахыг санал болгож болно.)

Дараах гүйцэд бус өгүүлбэрийг самбар дээр бич.

Бид …-ээр Есүс Христэд ирдэг.

Тэр …-ээр биднийг хооллох болно.

Ангийнхныг хос болгон хуваарил. Тэднийг хамтдаа ажиллаж, хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ Есүс Христэд ирэхийн тулд ямар зүйлсийг хийж болох талаар мөн Тэр биднийг сүнслэг байдлын хувьд хооллодог арга замуудын талаар жагсаан бичихэд урь. Цөөн суралцагчийг хариултаа ангийнхантайгаа хуваалцахад урь.

Ангийнханд 35-р шүлэгт тодорхойлсон зарчмын үнэн ба чухал ач холбогдлыг мэдрэхэд туслахын тулд цөөн суралцагчийг Аврагч дээр ирэн сүнслэг тэжээл хүлээн авсан үед өөрсдөд нь ямар санагдсан тухай хуваалцахад урих талаар бод.

Аврагч Өөрийгөө тэнгэрээс бууж ирсэн талх хэмээн зааснаас болж зарим хүн Түүний эсрэг дургүйцэн бувтналдаж байсан гэдгийг тайлбарлан, Иохан 6:36–47-г нэгтгэн дүгнэ.

Суралцагчдыг Аврагчийн заасан өөр нэг зарчмыг тодорхойлоход бэлтгэхийн тулд цөөн суралцагчийг ангийн өмнө гарч ирэхэд урьж, тус бүрд нь зүсэм талх өг. Талхыг үнэрлэж, ямар амттай байж болох талаар төсөөлөхөд тэднийг урь.

  • Хэрэв энэ талхыг зөвхөн үнэртэж, ямар амттай болохыг төсөөлөн бодоод, өдрийн турш авч явах юм бол энэ нь та нарт хэр их шим тэжээл өгөх вэ?

  • Талханд агуулагдаж буй үр шимийг хүртэхийн тулд та нар юу хийх ёстой вэ?

Цөөн суралцагчийг Иохан 6:49–54-ийг ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, ангийнхны талх үнэрлэсэн энэ туршлага энэ шүлгүүдэд Аврагчийн заасан зүйлстэй хэрхэн хамаатай байж болохыг олж мэдэхийг хүс.

  • Амьдралын талх ердийн талхнаас юугаараа ялгаатай вэ? (Биднийг түр зуур хангадаг талхнаас ялгаатай нь Есүс Христ бидэнд мөнх үргэлжлэх адислалыг санал болгодог.)

51-р шүлэгт заасан “Ертөнцийн амийн төлөө Миний өгөх талх бол Миний махан бие юм” гэсэн өгүүлбэрийг онцол.

  • Аврагч ертөнцийн амийн төлөө махан бие болон цусаа хэрхэн санал болгож өгсөн бэ?

  • 53–54-р шүлэгт цэдэглэснээр, Аврагч энэ хүмүүст юу хий хэмээн заасан бэ?

Аврагч идэх, уух гэдэг үгсийг бэлгэдэл болгон хэрэглэсэн гэдгийг тайлбарла. Ангийнханд Аврагчийн сургаалыг ойлгоход туслахын тулд сайн дураар тусалсан суралцагчдыг уг зүсэм талхыг идэхэд урь. Дараа нь тэднийг суудалдаа эргэж суухад урь.

  • Талхыг идэх үед талх болон шим тэжээлд нь ямар өөрчлөлт гардаг вэ? (Амин дэм, шим тэжээлт бодис нь биеийн нэг хэсэг болж, хүч чадал, эрүүл мэндийг өгдөг.)

  • Есүс Христийн махыг идэж, цусыг ууна гэдэг нь ямар утгатай гэж та нар бодож байна вэ? (Энэ нь Түүний сургаалыг болон Цагаатгалыг хэрэгжүүлж, өөрийн болгох гэсэн утгатай байж болно. Энэ нь мөн Аврагчийн хожим танилцуулсан ариун ёслолоос хүртэхийг төлөөлж болно.)

  • 54-р шүлэгт цэдэглэснээр, бид Есүс Христийн сургаал, Цагаатгалыг хэрэгжүүлж, өөрсдийн болгох юм бол ямар адислал хүлээн авч чадах вэ? (Суралцагчдыг хариулсны дараа Хэрэв бид Есүс Христийн сургаал, Цагаатгалыг хэрэгжүүлж, өөрсдийн болгох юм бол мөнх амьдралыг хүлээн авч чадна гэсэн зарчмыг самбар дээр бич.)

Суралцагчдаас дараах асуултыг тунгаан бодохыг хүсэж, дараа нь хэд хэдэн суралцагчийг хариултаа хуваалцахад урь.

  • Бид Есүс Христийн сургаал, Цагаатгалыг хэрхэн хэрэгжүүлж, өөрсдийн болгох вэ? (Есүс Христийг Бурханы жинхэнэ хүү гэдгийг хүлээн зөвшөөрөх, долоо хоног бүр ариун ёслолоос хүртэх, зарлигуудад дуулгавартай байх, зөв шударга байдалдаа эцсээ хүртэл тэвчих гэх мэтээр хариулж болно [Брүс Р.Макконки, Doctrinal New Testament Commentary, 3 боть (1965–1973), 1:358-ыг үзнэ үү].)

Мөнх амьдрал гэдэг нь Тэнгэрлэг Эцэг болон Түүний Хүү Есүс Христтэй үргэлж хамт амьдарч, адил болохыг хэлж байгаа юм гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг Иохан 6:56–57-г чанга уншихад урьж, бид Есүс Христийн сургаал, Цагаатгалыг хэрэгжүүлж, өөрсдийн болгосноор хэрхэн Тэдэнтэй адил болж болох талаар олж мэдэхийг ангийнхнаас хүс. Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь.

Аврагч Өөрийн биеэр бидний дотор оршихгүй, харин Түүнтэй болон Тэнгэрлэг Эцэгтэй адил болоход маань туслахын тулд тэнгэрлэгээр нөлөөлж бидэнтэй хамт үлдэх болно гэдгийг тайлбарла.

Суралцагчдын тодорхойлсон үнэний талаар гэрчлэлээ хуваалц. Суралцагчдыг хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ Аврагчийн Цагаатгал, сургаалыг хэрхэн илүү сайн хэрэгжүүлж, өөрсдийнх болгох талаар нэг зорилго бичихэд урь.

Иохан 6:60–71

Петр мөнх амьдралын үгс Есүст байдгийг гэрчлэв

Үргэлжлүүлэх үү эсвэл болих уу? гэсэн асуултыг самбар дээр бич.

Суралцагчдаас ямар нэгэн хэцүү зүйлийг үргэлжлүүлэн хийх үү эсвэл болих уу гэдэг сонголттой тулгарч байсан үеэ бодохыг хүс. Нэг юм уу хоёр суралцагчаас туршлагаасаа хуваалцахыг хүсэж болно.

Есүсийг Иохан 6-д цэдэглэсэн номлолыг айлтгасны дараа Түүний шавь нарт үүнтэй адилхан асуудал тулгарсан гэдгийг тайлбарла.

Нэг суралцагчийг Иохан 6:60, 66-г чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, олон шавь нь Түүний сургаалд хэрхэн хандсаныг олж мэдэхийг хүс.

  • Яагаад Есүсийн шавь нараас олон нь Түүнийг дагахаа болихоор сонгосон бэ? (“Хэцүү үг байна” [60-р шүлэг] гэдэг үгс нь тэд Есүсийн сургаалыг дагахад дэндүү хэцүү гэж бодсон гэсэн утгатай гэдгийг тайлбарла.)

  • Яагаад зарим хүнд Их Эзэний зарлигуудыг дагах нь хэцүү санагддаг вэ?

Нэг суралцагчийг Иохан 6:67-г чанга уншихад урьж, ангийнхнаас Есүс Христийн төлөөлөгчдөдөө тавьсан асуултыг олж мэдэхийг хүс.

  • Аврагч төлөөлөгчдөөсөө юу асуусан бэ?

Нэг суралцагчийг Иохан 6:68–69-ийг чанга уншихад урьж, ангийнхнаас Симон Петр Аврагчид хэрхэн хариулсныг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.

  • Петрийн хариултаас бид Аврагчийг дагах эсвэл Түүний сургаалын дагуу амьдрахад хэцүү болох үед итгэлтэй үлдэхэд бидэнд тусалж чадах ямар үнэнийг мэдэж авч чадах вэ? (Суралцагчдыг хариулсны дараа Есүс Христийн талаар бат бөх гэрчлэлтэй байх нь бидэнд Аврагчийг дагахад буюу Түүний сургаалуудын дагуу амьдрахад хүнд хэцүү санагдах үед бидэнд туслах болно гэсэн зарчмыг самбар дээр бич.)

  • Аврагчийн талаар бат бөх гэрчлэлтэй байснаар та нарт эсвэл та нарын таньдаг хэн нэгэнд сайн мэдээний сургаалыг дагахад хэцүү санагдсан ч гэсэн итгэлтэй хэвээр үлдэхэд хэрхэн тусалж байсан бэ?

Суралцагчдыг сайн мэдээний сургаалын дагуу амьдрахад хэцүү санагдсан үед Есүс Христийн талаар гэрчлэлтэй байгаадаа найдахад урамшуул. Есүс Христийн талаар бат бөх гэрчлэлтэй гэдэгтээ эргэлзэж байгаа суралцагчдыг Түүний сургаал, Цагаатгалыг хэрэгжүүлэн өөрсдийн болгосноор гэрчлэлээ хүчирхэгжүүлэхэд урь.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Иохан 6:33–35. Амьдралын жинхэнэ талх

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон Есүс Христийг Амьдралын талх гэж заасан.

“Би Амьдралын талх болох Есүс Христийн бодитой амьд байгаа байдал, Түүний Цагаатгалын хязгааргүй хүч чадал, хүрэх хүрээний талаар гэрчилж байна. Эцсийн эцэст Түүний Цагаатгал, ач ивээл бидний өдөр тутмын талх юм” (“Recognizing God’s Hand in Our Daily Blessings,” Ensign, 2012 оны 1-р сар, 23)

Есүс Христ Өөрийн Амьдралын талхны талаарх номлолыг (Иохан 6-р бүлэг) заахын тулд бэлгэдэл, иудейчүүдийн шашны түүх, сонсогчдынхоо газарзүйн байршил зэргийг хэрхэн ашигласан талаар илүү ихийг сурч мэдэхийн тулд Томас Р.Валетта, “The True Bread of Life”, Ensign, 1999 оны 5-р сар, 6-13; мөн “Иохан 6:32–35, 48–51-ийг үзнэ үү. ‘Тэнгэрээс өгөгдсөн Жинхэнэ талх’, Шинэ Гэрээний суралцагчийн гарын авлага [Cүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2014], 221–222.

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэймс Э.Талмэйж:

“Манна бол тэнгэрлэг хүнс байсан бөгөөд харин Түүний тэдэнд өгсөн талх бол дэлхийнх буюу ердийн арвайн талх байсан юм. Анх төсөөлж хүлээж байсан Тэр мөн байна, бас Тэр Өөрийгөө хэн болохоо тунхаглаж, тэднээр хүлээн зөвшөөрүүлэхийн тулд илүү их тэмдэг үзүүлж мөн илүү тансаг хүнс тэжээл [илүү нарийн хоол] өгөх ёстой байжээ” гэж заасан (Jesus the Christ, 3-р хэвлэл [1916], 339–340).

Иохан 6:53. “Хүний Хүүгийн махыг идэх, цусыг нь уух”

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконки тайлбарлахдаа:

“Бурханы Хүүгийн махыг идэж, цусыг уух гэдэг нь нэгдүгээрт, түүнийг шууд болон бүрэн утгаар нь, ямар ч эргэлзээгүйгээр Мөнхийн Эцэгийн махан биеэр төрсөн хүүгийн хувьд хүлээн авна гэсэн үг бөгөөд хоёрдугаарт, Сүмд элсэн, эцсээ хүртэл дуулгавартай байж, зөв шударга байдалд тэвчин, сайн мэдээг хүлээн авснаар Хүүгийн зарлигуудыг сахина гэсэн үг юм. Ийм байдлаар түүний махыг идэж, цусыг уусан хүмүүс мөнх амьдралтай болох бөгөөд энэ нь селестиел дэлхийн хамгийн дээд тэнгэрт өргөмжлөгдөнө гэсэн утгатай юм” гэжээ (Doctrinal New Testament Commentary, 3-р боть [1965–1973], 1:358).

Иохан 6:56. “Миний махыг идэж, цусыг уусан хүн Миний дотор байж, Би ч түүний дотор оршин байна”

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконки “Миний дотор байж, Би ч түүний дотор оршин байна” гэдэг үгсийн утгыг тайлбарлахдаа:

“Нэг бодолтой хүмүүс адилхан итгэж, үйлддэг болохоор адил зан, шинж чанартай байдаг. … Тийм учраас битүүхэн хэлэхэд, тэд бие биенийхээ дотор байгаа эсвэл бие биенийхээ дотор амьдарч байгаа гэсэн үг юм” гэжээ (Doctrinal New Testament Commentary, 3-р боть [1965–1973], 1:766).