Номын сан
78-р хичээл: Иохан 18–19


78-р хичээл

Иохан 18–19

Оршил

Иудейчүүдийн удирдагчид Есүсийг баривчилж, байцаасны дараа Түүнийг шүүлгэн, яллуулахын тулд Пилатад хүргэж өгчээ. Пилат Есүсийг гэмгүй гэдэгт итгэж үнэмшсэн боловч цовдлохыг зөвшөөрөв. Аврагч загалмай дээр байхдаа эхийгээ төлөөлөгч Иоханы халамжинд үлдээв. Есүсийг цовдолсны дараа биеийг нь булшинд тавьжээ.

Заах зөвлөмж

Иохан 18:1–32

Иудейчүүдийн удирдагчид Есүсийг баривчилж, байцаан, Пилат руу хүргүүлэв.

Дараах асуултыг самбар дээр бич.

Ямар үед бусдын сайн сайханд санаа тавих хамгийн хэцүү байдаг вэ?

Цөөн суралцагчийг самбар дээрх асуултад хэрхэн хариулахаа тайлбарлахад урь.

Иохан 18–19 дээр дүрсэлсэн үйл явдлуудын үеэр Есүс Христ, Ромын захирагч Пилат хоёр өөр өөр зүйлийг эн тэргүүнд тавьж, үнэлж цэгнэхийг сонгосон гэдгийг тайлбарла. Самбарын хоёр талд Есүс Христийн санаа зовнил, Пилатын санаа зовнил гэж бич. Суралцагчдыг Иохан 18–19-ийг судалж байхдаа амьдралдаа ямар зүйлсэд илүү их санаа тавих хэрэгтэйгээ мэдэхэд туслах үнэнийг олж мэдэхэд урь.

Есүсийг Гетсеманий цэцэрлэгт зовж шаналсны дараа Искариотын Иудас Есүсийг баривчлахын тулд ахлах тахилчдыг болон фарисайчуудын цэргийн багаас харуулуудыг нь дагаж ирсэн гэдгийг тайлбарлан, Иохан 18:1–3-ыг нэгтгэн дүгнэ.

  • Хэрэв зэвсэгтэй цэргүүд та нарыг баривчилж, эцэст нь үхэлд хүргэхээр та нар руу ирвэл ямар хариу үйлдэл үзүүлэх байсан бэ?

Цөөн суралцагчийг Иохан 18:4–11 болон Лук 22:50–51-ийг ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, энэ хүмүүсийг ирэхэд Есүс ямар хариу үйлдэл үзүүлснийг олж мэдэхийг хүс.

  • Есүс Өөрийг нь баривчлахаар ирсэн хүмүүст юу гэж хэлсэн бэ? (Та Иохан 18:8 дахь энэ хүмүүсийг, Иохан 18:9 дэх хүмүүсээс гэдэг үгс нь Есүстэй хамт байсан төлөөлөгчдийг хэлж байгаа гэдгийг тайлбарлаж болно.)

  • Эдгээр шүлэгт өгүүлснээр Есүс Христ юунд санаа зовж байсан бэ? (Суралцагчдыг хариулах хооронд самбар дээр “Есүс Христийн санаа зовнил” гарчгийн доор төлөөлөгчдөө хамгаалах; боолын чихийг эдгээх; Тэнгэрлэг Эцэгийн хүслийг биелүүлэх гэсэн үгсийг жагсааж бич.)

Нэг суралцагчаас Иохан 18:12–32-ын дараах товч дүгнэлтийг чанга уншихыг хүс.

Есүс харуулуудад Өөрийг нь баривчлахыг зөвшөөрсөн. Тэд Түүнийг иудейчүүдийн удирдагч Аннас руу, дараа нь Есүсийг үхэлд хүргэхийг хүссэн тэргүүн тахилч Каиаф руу авч явжээ. Петр болон бусад шавь нар Есүсийг дагаж явав. Гурван өөр хүн Петрээс Аврагчийн шавь нарын нэг мөн эсэхийг асуухад тэр Түүнийг мэддэг гэдгээ гурван удаа үгүйсгэжээ. Каиаф Есүсийг байцаасны дараа Иудейн удирдагчид Түүнийг шүүн байцааж, яллуулахаар Иудейн дээрх Ромын амбан захирагч Пилатын өмнө аваачжээ. Зөвхөн ромчууд Иерусалимд үхэх ял оноох эрхтэй байжээ.

Энэ шүүх хурал нь ариун сүмийн ойролцоох Антониа цайзад болсон байх магадлалтай гэдгийг тайлбарла. (Та суралцагчдыг гурамсан судрын хавсралт дахь Библийн газрын зураг 12 “Есүсийн үеийн Иерусалим”-ыг гаргаад, Антониа цайзыг олоход урьж болно [газрын зураг дээрх 3 дахь зураг].)

Иохан 18:33–19:16

Есүсийг Пилатын өмнө шүүжээ

Хоёр суралцагчийг Иохан 18:33–37-д цэдэглэсэн Аврагч, Пилат хоёрын үгийг тус бүрчлэн чанга уншихад урь. (Та хичээл эхлэхээс өмнө эдгээр суралцагчийг унших хэсгээ олсон байхад урьж болно.) Өгүүлэгчийн дүрд тоглохыг эсвэл өөр нэг суралцагчийг өгүүлэгч болоход урих талаар бодож үз. Эдгээр суралцагчийг өөрсдийнхөө хэсгийг унших хооронд ангийнхнаас дагаж уншаад, Пилат Есүсийн талаар юу мэдэхийг хүссэнийг олж мэдэхийг хүс.

  • Иохан 18:33-т цэдэглэснээр, Пилат Есүсийн талаар юу мэдэхийг хүссэн бэ?

Хэрэв Есүс Өөрийгөө хаан хэмээн тунхагласан бол Ромын засаглалын эсрэг үймээн самуун дэгдээж, урвасан хэмээх ялыг хүлээн авч болох байсан учраас иудейчүүдийн удирдагчид Есүсийг иудейчүүдийн хаан гэж өөрийгөө тунхагласан хэмээн үхэлд хүрэх ялтай гэмт хэрэгт буруутгасан гэдгийг тайлбарла (Иохан 19:12-ыг үзнэ үү).

  • Есүс Пилатад юу гэж тайлбарласан бэ? (Түүний хаанчлал бол “энэ ертөнцийнх биш” [Иохан 18:36] бөгөөд Тэрээр “үнэний тухай гэрчлэхээр” [Иохан 18:37] ирсэн.)

Суралцагчдаас Иохан 18:38–40-ийг дотроо уншаад, Пилат Есүсийн талаар ямар дүгнэлтэд хүрснийг олж мэдэхийг хүс.

  • Пилат Есүсийн талаар ямар дүгнэлтэд хүрсэн бэ? (Тэрээр “Түүнээс ямар ч гэм бурууг олсонгүй” [38-р шүлэг] гэж хэлжээ.)

  • 39-р шүлэгт цэдэглэснээр, Пилат Есүсийг суллуулахаар юу хийхийг оролдсон бэ?

Ромын цэргүүд Есүсийг ташуурдаж, доог тохуу хийсэн гэдгийг тайлбарлан, Иохан 19:1–5-ыг нэгтгэн дүгнэ. Дараа нь Пилат Есүсийг хүмүүсийн өмнө авчрав.

Суралцагчдыг Иохан 19:4, 6-г дотроо уншаад, Пилат иудейчүүдэд юу гэж давтаж хэлснийг олж мэдэхэд урь (“Түүнээс ямар ч буруу олсонгүй”).

  • Пилатын Есүсээс бурууг олоогүй гэдгийг шаргуу цөхрөлтгүй хэлснээс харахад Пилат юуг хийх нь зүйтэй гэж бодсон байж болох вэ?

Нэг суралцагчийг Иохан 19:7-г чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, иудейчүүдийн удирдагчид Пилатад Есүсийн тухай юу гэж хэлснийг олж мэдэхийг хүс.

Пилат, Есүс хоёрын болон өгүүлэгчийн үгийг уншиж буй суралцагчдыг дүрдээ буцаж ороод, Иохан 19:8–11-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Есүс Өөрийгөө Бурханы Хүү хэмээн хэлснийг сонсоод Пилат хэрхэн хандсаныг олж мэдэхийг хүс.

  • Иудейчүүдийн удирдагч Есүсийг Өөрийгөө Бурханы Хүү хэмээн хэлсэн гэж хэлэхэд Пилат ямар арга хэмжээ авсан бэ?

  • Хэрвээ та Пилатын оронд байсан бол захирагчийн хувьд хүч чадлын тань талаар Есүсийн хэлснийг сонсоод ямар санагдах байсан бэ? Яагаад?

11-р шүлэгт буй иудейчүүдийн удирдагчдыг “илүү нүгэлтэй” хэмээсэн Есүсийн хэлсэн үгс хэрэв Пилат хурсан олны хүсэлтийг дагаж, Есүсийг цовдлуулахаар болбол Пилат нүгэлд буруутгагдах боловч Есүсийн үхлийг эрэлхийлсэн хүмүүсээс бага нүгэлтэй байх болно гэсэн санааг илэрхийлсэн гэдгийг тайлбарла.

Суралцагчдыг Матай 27:19-ийг дотроо уншаад, Пилатын эхнэр түүнд юу гэж зөвлөснийг олж мэдэхэд урь. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.

Нэг суралцагчийг Иохан 19:12–15-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Пилат Есүсийн талаар юу хийхийг хүссэнийг мөн иудейчүүд үүнд хэрхэн хандсаныг олж мэдэхийг хүс.

  • 12-р шүлэгт өгүүлснээр, Пилат юу хийхийг эрэлхийлсэн бэ?

  • Иудейн удирдагчид Пилат Есүсийг суллахыг хүсэж байгааг мэдээд юу гэж хэлсэн бэ?

Цезарь бол Иудейн захирагч болохыг Пилатад даалгасан Ромын эзэн хаан байсан гэдгийг суралцагчдад сануул. Пилат өмнө нь цөөн тохиолдолд ромын цэргүүдэд иудейчүүдийг алахыг тушааж байсан ба тэдний зарим нь шашны ариун нандин уламжлалыг гутааж байжээ. Пилатын үйлдлийг Цезарьт мэдэгдэж байсан бөгөөд Цезарь Пилатыг зэмлэж байжээ (Бүлэг 34, note 7, Жэймс Э.Талмэйж, Jesus the Christ, 3 дахь хэвлэл, [1916], 648–6492-ийг үзнэ үү).

  • Хэрэв иудейчүүд Пилатыг Цезарийн “найз” биш гэж мэдээлсэн бол түүнд юу тохиолдох байсан бэ (12-р шүлэг)? (Хэрэв Цезарь Пилатыг өөрт нь үнэнч бус байсан гэдгийг сэжиглэсэн бол Пилатыг захирагчийн албан тушаал, эрх мэдлээс буулгаж болох байсан.)

Пилат өөрийнхөө хүсэл сонирхлыг хамгаалж үлдэх эсвэл гэмгүй гэдгийг нь мэдэж байсан Аврагчийг суллах сонголтоос аль нэгийг нь сонгох ёстой болсон гэдгийг онцол.

Нэг суралцагчийг Иохан 19:16-г чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Пилат юу хийхээр сонгосныг олж мэдэхийг хүс.

  • Пилат юу хийхээр сонгосон бэ?

  • Энэ сонголт Пилатын юунд хамгийн их санаа зовсон талаар юуг харуулж байна вэ? (Суралцагчдыг хариулах хооронд өөрийн талаар; өөрийнхөө албан тушаал, хүч чадал гэсэн үгсийг “Пилатын санаа зовнил” гарчгийн доор бич.)

  • Гэмгүй гэдгийг нь мэдэж байсан Аврагчийг суллахын оронд өөрийнхөө хүсэл сонирхлыг сонгохоор шийдсэн Пилатын шийдвэрээс бид ямар зарчим мэдэж авч болох вэ? (Суралцагчдыг хариулсны дараа Зөв зүйл хийхийн оронд хүсэл сонирхлоо сонгон дагах нь биднийг нүгэл үйлдэхэд хөтөлдөг гэсэн зарчмыг самбар дээр бич.)

  • Зөвийг хийхийн оронд өөрсдийн хүсэл сонирхлыг сонгоход уруу татагдах ямар ямар нөхцөл байдал байдаг вэ?

  • Бид зөвийг хийхийн оронд өөрсдийн сонирхлыг дагах уруу таталтыг ялан дийлэхийн тулд юу хийж болох вэ?

Суралцагчдыг Есүс Христийн мөнх бус амьдралын хамгийн сүүлчийн цаг мөчийг судлахдаа Пилатын зан чанартай харьцуулахад Христийн зан чанараас ямар сургамж авч болохоо олж мэдэхэд урь.

Иохан 19:17–42

Есүсийг цовдолж, биеийг нь булшинд тавив

Есүс загалмайгаа үүрэн Голгота руу явсан ба тэнд цовдлуулсан гэдгийг тайлбарлан, Иохан 19:17–24-ийг нэгтгэн дүгнэ.

Нэг суралцагчийг Иохан 19:25–27-г чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Есүсийг цовдлуулж байх үед хэн тэнд байсныг олж мэдэхийг хүс.

  • Есүсийг цовдлуулж байх үед хэн загалмайн ойролцоо зогсож байсан бэ? (Суралцагчдыг хариулсны дараа “хайртай байсан шавиа” [26-р шүлэг] гэдэг нь хайрт Иохан хэмээн нэрлэдэг төлөөлөгч Иоханыг хэлж байгаа гэдгийг тайлбарла.)

  • 26–27-р шүлэгт цэдэглэснээр, Есүс загалмайд өргөгдөж байхдаа хэний төлөө санаа зовж байсан бэ? Тэр Иоханд юу хийхийг зааварласан бэ? (Ээжийг нь өөрийнхөө ээж шиг халамжлахыг. Самбар дээрх “Есүс Христийн санаа зовнил” гарчгийн доор Ээжийнхээ сайн сайхны төлөө гэж бич.)

Хэрэв боломжтой бол, суралцагчдад Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднарийн дараах хэлсэн үгийн хуулбарыг өг. Нэг суралцагчаас хэлсэн үгийг чанга уншихыг хүс.

Зураг
Ахлагч Дэвид А.Бэднар

“Өөрсдөө зовж байхдаа бусад хүний зовлон шаналлыг олж харах хүчээр, өлсөж байхдаа бусдын өлсөж байгааг мэдэх чадвараар, өөрсдийн сүнслэг харанхуйн дунд бусдын сүнслэг зовлонд тусалж, өрөвч энэрэнгүй байх хүч чадлаар бидний жинхэнэ мөн чанар харагддаг. Бидний эгэл чанар өөрсдийнхөө асуудал, бэрхшээлд санаа тавьдаг бол бусдыг халамжилж, туслах үед бидний жинхэнэ мөн чанар харагддаг. Хэрэв энэ чадвар нь ёс суртахууны жишгийн эцсийн туйл бол дэлхийн Аврагч иймэрхүү тууштай, энэрэнгүй зан чанарын төгс үлгэр жишээ юм” (“The Character of Christ” [Brigham Young University–Idaho Religion Symposium, 2003 оны 1-р сарын 25], 2–3).

  • Аврагчийн зан чанарын талаар Иохан 18–19-өөс мэдэж авсан зүйлс дээрээ үндэслэвэл, Түүний үлгэр жишээг дагахын тулд бид юу хийж болох вэ? (Суралцагчдыг хариулсны дараа Бид өөрсдөө тусламж хэрэгтэй нөхцөл байдалд байсан ч гэсэн бусдад туслахыг сонгосноор Аврагчийн үлгэр жишээг дагаж чадна гэсэн үнэнийг самбар дээр бич.)

  • Бид өөрсдөдөө л голчлон санаа тавьдаг хүсэл эрмэлзлээ даван туулж, өөрсдөө тусламж хэрэгтэй нөхцөл байдалд байсан ч гэсэн бусдад туслахыг хэрхэн сонгож болох вэ?

  • Хэзээ хэн нэгэн өөрсдөд нь тусламж хэрэгтэй байсан ч бусдад туслахыг сонгосноор Аврагчийн үлгэр жишээг дагаж байгааг та нар харсан бэ?

Та Есүс Христийн тухай мөн Өөрийнхөө хэрэгцээнээс илүү бусдын хэрэгцээг анхаарч үзсэн Түүний төгс үлгэр жишээний талаар гэрчлэлээ хуваалцаж болно. Суралцагчдыг хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ Аврагчийн үлгэр жишээг дагахын тулд юу хийхээ бичихэд урь.

Есүсийг амиа өргөсний дараа Ариматын Иосеф Пилатаас Есүсийн биеийг өгөхийг хүссэн гэдгийг тайлбарлан, Иохан 19:28–42-ыг нэгтгэн дүгнэ. Иосефын өгсөн энэ булшинд Иосеф, Никодем хоёр Аврагчийн биеийг бэлдэж, булшинд тавьжээ.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Иохан 18:5–8. “Би байна”

“[‘Би байна’] хэмээх үгсийг egō eimi гэх грек хэллэгээс орчуулсан ба Иохан Есүс Христийн бурханлаг чанарыг дурдахдаа үүнийг олон тохиолдолд хэрэглэжээ. … Аврагчийг эдгээр үгийг хэлсний дараа хүмүүс болон харуулууд ‘ухарч газар унацгаав’ (Иохан 18:6), тэд ‘зөвшөөрөгдөхөөс бусдаар Есүсийн дээр хүч үзүүлэх боломжгүй байлаа’ (Брүс Р. Макконки, Doctrinal New Testament Commentary, 1:780). ‘Христийн оршихуйн энгийн сүр жавхлан, даруухан хэрнээ итгэл үнэмшилтэй хүч чадал нь хүчирхийллийн хүчит хуяг, зэвсгээс илүү хүчтэй нь нотлогдсон юм’ (Жэймс Э.Талмэйж, Jesus the Christ, 3 дахь хэвлэл, [1916], 615). Энэ хэсэг нь Аврагч Өөрийг нь баривчилж буй хүмүүсийг ялах чадвартай боловч Өөрийгөө баривчлуулж, цовдлуулахыг зөвшөөрсөн гэдгийг харуулдаг” (Шинэ Гэрээний суралцагчийн гарын авлага [Cүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2014], 256).

Иохан 19:12, 16. Пилат буруу гэдгийг нь мэдэж байсан ч яагаад тийм шийдвэр гаргасан бэ?

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэймс Э.Талмэйж Пилат буруу гэдгийг нь мэдэж байсан ч тийм шийдвэр гаргасан шалтгааны талаар тус болох ойлголтыг өгчээ.

“Пилатын сул дорой тал юу байсан бэ? Тэр эзэн хааны төлөөлөгч, цовдолж эсвэл аврах хүчтэй эртний ромын прокурор, албан ёсны эрх дархтай дарангуйлагч байсан. Түүний Христийг буруугүй гэдэгт итгэх итгэл, загалмайд цовдлуулахаас аврах хүсэл эргэлзээгүй байжээ. Пилат яагаад эргэлзэж, тээнэгэлзэн, эцэст нь өөрийн ухамсар, хүсэл эрмэлзлийн эсрэг үйлдэл хийсэн бэ? Учир нь тэр чөлөөт хүн гэхээсээ илүү боол шиг байсан. Түүний өнгөрсөн амьдрал уг шийдвэрт ихээхэн нөлөөлсөн. Хэрэв иудейчүүд түүний талаар Ром дахь илүү дээд эрх мэдэлтэй хүнд гомдол гаргавал тэрээр шударга бус байдал, харгислал, авлига, зөвтгөх аргагүй аллагынхаа төлөө хариуцлага хүлээх байсан гэдгээ мэдэж байсан. Тэр Ромын захирагч хэдий ч албан ёсны эрх мэдэл дор нь байдаг хүмүүс түүний талаар эзэн хаан Тибэриуст гомдол мэдүүлэхээр сүрдүүлэх үед бялдуучлан, зусардахыг нь харахдаа баяртай байлаа” (Jesus the Christ, 3 дахь хэвлэл, [1916], 641).

Ахлагч Талмэйж “Пилат юу зөв болохыг мэдэж байсан ч зөв зүйл хийх ёс суртахууны зориг дутаж байсан” гэдгийг анзаарчээ (chap. 34, note 7 Jesus the Christ, 648).

Иохан 19:31–36. “Иудейчүүд тэдний хөлийг хугалж [өгөхийг] … Пилатаас гуйжээ”

Заримдаа цовдлуулсан хүмүүс үхэхээсээ өмнө хэд хоног асар их тарчилдаг байв. Цовдлуулсан хүмүүсийг үхсэний дараа ромчууд ихэвчлэн бусад гэмт хэрэгтэнд сануулга өгөх журмаар цогцсыг нь загалмай дээр орхидог байжээ. Гэсэн хэдий ч Мосегийн хууль гэмт хэрэгтнүүдийн цогцсыг шөнөөр модон дээр дүүжилж үлдээхийг хориглодог байв (Дэд хууль 21:22–23). Есүсийг цовдлуулсны маргааш Хүндэтгэлийн өдөр байв. Тиймээс иудейчүүд нар жаргаж, Хүндэтгэлийн өдөр эхлэхээс өмнө цогцоснуудыг загалмайгаас буулгахыг хүсэж байсан учраас хөлийг нь хугалахыг гуйн, тэднийг хурдан үхүүлэхийг хүсжээ. Энэ нь тэд хөлөө ашиглаж чадахгүйн улмаас биеийн хүндээ дийлэхгүй болох тул чээж нь давчдаж, амьсгал нь тасалдахад хүрэх байжээ. Ромын цэргүүд цовдлуулсан хоёр хүний хөлийг хугалсныхаа дараа Есүсийг аль хэдийн үхсэнийг мэдээд хөлийг нь хугалсангүй.

Загалмай дээрх энэхүү чухал мөч “Тэр түүний бүх ясыг хамгаалдаг. Тэднээс нэг нь ч хугараагүй юм” (Дуулал 34:20) гэсэн Хуучин Гэрээний бошиглолыг гүйцэлдүүлсэн. Түүнээс гадна, Их Эзэн израильчуудад Бурханы Хурганы хувьд Есүсийн золиослолыг урьдчилан зөгнөсөн Дээгүүр өнгөрөх баярын хурганы ясыг хугалахгүй байхыг зааварласан байжээ (Египетээс гарсан нь 12:46-г үзнэ үү).