44-р хичээл
Лук 2
Оршил
Иосеф, Мариа хоёр Бетлехем рүү явсан бөгөөд тэнд Есүс төрөв. Хоньчид нялх Есүсийг эрж олох тэнгэр элчийн зааврыг дагаж, Есүсийн мэндэлснийг бусдад тунхаглав. Симеон ариун сүмд Есүсийг адисалж, Анна Гэтэлгэгч төрсөн хэмээх гэрчлэлээ хуваалцав. Есүсийн “бие болон мэргэн ухаан нь өссөөр байсан бөгөөд Бурханы болон олон түмний тааллыг олжээ” (Лук 2:52).
Заах зөвлөмж
Лук 2:1–20
Есүс Бетлехемд төрөв
Ангийнхнаар онцгой цугларалтын нэг хэсэг болгон “Joy to the World” (Hymns, д.201) эсвэл өөр Христийн мэндэлсний баярын дууллыг дуулуулах талаар бодож үз.
Иосеф, Мариа хоёр Бетлехем рүү аялсан нь зургийг үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга [2009], д. 29; мөн LDS.org-ийг үзнэ үү). Суралцагчдаас Аврагчийн төрөлттэй холбоотой үйл явдлуудын талаар хэр их зүйлийг мэддэгээ бодож үзэхийг хүс.
Суралцагчдыг Лук 2:1–20-ийг судлахад бэлтгэхийн тулд дараах үнэн эсвэл худал гэсэн сонголтттой тестийг бөглөхөд урь. (Хичээл эхлэхээс өмнө суралцагч бүрд тестийг хувилж бэлтгэ.)
Үнэн эсвэл худал тест (Лук 2:1–20)
Шинэ Гэрээний семинарын багшийн гарын авлага—44-р хичээл
-
____ 1. Мариа, Иосеф хоёр татвар төлөхийн тулд Бетлехем рүү явжээ.
-
____ 2. Мариа, Иосеф хоёр Назараас Бетлехем рүү 44 километр газар явжээ.
-
____ 3. Дэн буудал дүүрэн байсан учир Мариа нялх Есүсийг тэжээлийн тэвшин дотор тавив.
-
____ 4. Хоньчид Есүсийн байгаа тэжээлийн тэвш рүү нэгэн одыг даган явав.
-
____ 5. Мариа, Иосеф хоёроос гадна Есүсийг хамгийн анх харсан хүмүүс хоньчид байсан хэмээн цэдэглэгджээ.
-
____ 6. Тэнгэр элч хоньчдод харсан зүйлээ хэнд ч хэлэхгүй байхыг сануулжээ.
© 2015 by Intellectual Reserve, Inc. Бүх эрх хамгаалагдсан.
Суралцагчдыг Лук 2-ыг судлахдаа тестийн асуултуудын хариултыг олж мэдэхэд урь.
Нэг суралцагчийг Лук 2:1–5-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагуулж уншаад, Иосеф, Мариа хоёр яагаад Бетлехем рүү явсныг олж мэдэхийг хүс.
-
Яагаад Иосеф, Мариа хоёр Бетлехем рүү явсан бэ? (Лук 2:1, зүүлт тайлбар б нь Цезарь хүн амын тооллого явуулахыг хүссэн гэдгийг ойлгомжтой болгодог гэдгийг онцол. Үүнийг татвар хураах зорилгоор хийжээ.)
Суралцагчдыг Гурамсан судрын хавсралт дахь Библийн газрын зураг 11, “Шинэ Гэрээний үеийн ариун газар”-ыг олж нээхэд урь. Суралцагчдаас газрын зураг дээрх Назар болон Бетлехемийг олоод, түлхүүрийг ашиглан Иосеф, Мариа хоёр ойролцоогоор хэр хол явсныг тооцоолж гаргахыг хүс. Суралцагчдыг хариулсны дараа Назар, Бетлехем хоёрын хоорондох 137–145 километр зай нь дөрвөөс таван өдөр алхах газар бөгөөд Иосеф, Мариа хоёрын хувьд Мариагийн нөхцөл байдлаас болоод илүү олон өдөр болох байсан гэдгийг тайлбарла.
Суралцагчдаас дэлхийн Бүтээгч, Аврагчийн төрөлтөд ямар газар тохиромжтой гэж бодож байгаагаа тунгаан бодохыг хүс.
Нэг суралцагчийг Лук 2:6–7-г чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагуулж уншаад, Есүсийн төрөлтийн нөхцөл байдлуудыг олж мэдэхийг хүс.
-
Есүс маханбод дахь Бурханы Төрсөн Ганц Хүүгийн онцгой чухал байр суурьтай хэдий ч, ямар нөхцөл байдалд төрсөн бэ?
Цөөн суралцагчийг Лук 2:8–14-ийг ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагуулж уншаад, Аврагчийн төрөлт хэрхэн зарлагдсаныг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс. Тэнгэр элч хоньчдод үзэгдэж байгаа нь зургийг үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 31; мөн LDS.org-ийг үзнэ үү).
-
10-р шүлэгт цэдэглэснээр, Аврагч мэндэлсэн учраас бидэнд юу тохиолдох вэ? (Суралцагчдыг хариулсны дараа Аврагч дэлхийд мэндэлсэн учраас бид үлэмж баяртай байж болно гэсэн үнэнийг самбар дээр бич.)
Суралцагчдыг Лук 2-ыг үргэлжлүүлэн судлахдаа Аврагчийн төрөлтийн тухай мэдлэг бусдад баяр баяслыг хэрхэн авчирсан тухай жишээнүүдийг олж мэдэхэд урь.
Нэг суралцагчийг Лук 2:15–20-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагуулж уншаад, хоньчид тэнгэр элчийн захиаст хэрхэн хариулсныг олж мэдэхийг хүс.
-
Хоньчид тэнгэр элчийн захиаст хэрхэн хариулсныг ямар үгс харуулж байна вэ? (Та 15-р шүлэг дэх “Одоо шууд … очъё” мөн 16-р шүлэг дэх “яаран ирж” гэх үгсийг тэмдэглэж авахыг суралцагчдад зөвлөж болно.)
-
Хоньчид уг захиасыг анхааран сонссоны ачаар ямар гэрч эсвэл гэрчлэл хүлээн авсан бэ?
-
Хоньчид Есүс Христийн тухай гэрчийг хүлээн авсныхаа дараа юу хийсэн бэ?
-
Хоньчид яагаад харсан зүйлээ бусадтай хуваалцсан гэж та нар бодож байна вэ?
-
Биднийг Есүс Христийн тухай гэрчлэл хүлээн авах үед юу тохиолддог тухай бид энэ түүхээс ямар зарчим мэдэж авч болох вэ? (Суралцагчид өөрсдийнхөө үгээр Бид Есүс Христийн тухай гэрчлэл хүлээн аваад гэрчлэлээ бусадтай хуваалцахыг хүсдэг гэсэнтэй төстэй зарчмыг олж тогтоосон эсэхийг бататга.)
Суралцагчдыг Есүс Христийн тухай гэрчлэлээ болон Түүний сайн мэдээг бусадтай хуваалцахыг хүсэж байсан үеийнхээ талаар бодоход урь. Чухам юу уг хүслийг өдөөснийг тунгаан бодоход тэднийг урамшуулан дэмж. Цөөн суралцагчийг туршлагаа ангийнхантайгаа хуваалцахад урь.
Лук 2:21–39
Симеон, Анна хоёр Есүсийг дэлхийн Аврагч хэмээн тунхаглав
Есүсийг төрсний дараа Мариа, Иосеф хоёр Иудейн хуулиар (Египетээс гарсан нь 13:2-ыг үзнэ үү) Түүнийг ариун сүмд авчирсан гэдгийг тайлбарлан, Лук 2:21–24-ийг нэгтгэн дүгнэ. Тэр өдөр ариун сүмд байсан хоёр хүн нялх Есүсийг Мессиа байсныг мэджээ. Ангид байгаа залуу эрэгтэйчүүдийг Лук 2:25–32 дээрх Симеоны түүхийг дотроо уншихад урь. (Та 25-р шүлэг дэх “Израилын тайтгарлыг хүлээж байсан” гэдэг үгс нь Мессиаг ирэхийг хүлээсэн гэсэн утгатай гэдгийг тайлбарлаж болно.) Залуу эмэгтэйчүүдийг Лук 2:36–38 дахь Аннагийн түүхийг дотроо уншихад урь (хэрэв шаардлагатай бол 37-р шүлэг дээрх “наян дөрвөн нас” гэдэг нь 80 гэсэн утгатай гэдгийг тайлбарла). Суралцагчдыг оногдсон шүлгүүдээ унших хооронд дараах асуултуудын хариултыг олж мэдэхэд урь. Үүнд:
-
Аврагчийн төрөлтийн тухай мэдлэг энэ хүнд хэрхэн баяр баясгаланг авчирсан бэ?
-
Тэр ямар арга замаар Есүс Христийн тухай гэрчилсэн бэ?
Хангалттай цаг өгсний дараа нэг залуу эрэгтэйг босож зогсоод, уншсан түүхээ товч ярин, өмнөх асуултуудын хариултыг хуваалцахад урь. Симеон бяцхан Христийг бишрэн хүндэтгэж байгаа нь зургийг үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 32; мөн LDS.org-ийг үзнэ үү).
Симеон Мариа, Иосеф хоёрыг адисалсан гэдгийг тайлбарлан, Лук 2:33–35-ыг нэгтгэн дүгнэ.
Нэг залуу эмэгтэйг босож зогсоод, уншсан түүхээ товч ярин, өмнөх асуултуудын хариултыг хуваалцахад урь.
Аврагчийн төрснийг мэдэх нь хэрхэн бидэнд баяр баясгалан авчирдгийг тайлбарлахад суралцагчдыг урь. Хэрэв хүсвэл Есүс Христийн талаарх гэрчлэлээ ангийнхантай хуваалцахад суралцагчдыг урь.
Эдгээр үйл явдлын дараа Мариа, Иосеф, Есүс нар Назар руу буцсан гэдгийг тайлбарлан, Лук 2:39-ийг нэгтгэн дүгнэ.
Лук 2:40–52
Ариун сүм дэх залуу хөвгүүн Есүс
Суралцагчдыг хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ сайжруулахыг хүсэж байгаа нэг зүйлээ бичиж тэмдэглэхэд урь. Хэрэв хүсвэл бичсэн зүйлээ ангийнхантай хуваалцахад цөөн суралцагчийг урь. (Суралцагчдад хэт хувийн чанартай туршлагаа хуваалцах хэрэггүй гэдгийг сануул.)
-
Есүс залуу хөвгүүн байхдаа ямар байсныг мэдэх нь өсвөр үеийнхний хувьд та нарт хэрхэн туслах вэ?
Бидэнд Есүсийн хүүхэд насны тухай цөөн мэдээлэл байдаг боловч тэрхүү цэдэглэгдсэн мэдээлэл агуу адислал болж, сайжрахыг эрэлхийлэх үед маань бидэнд туслах болно гэдгийг тайлбарла. Лук 2-ын үлдсэн хэсгийг судалж байхдаа бид сайжрахыг эрэлхийлэх үедээ юунд анхаарлаа хандуулахаа мэдэхэд туслах үнэнүүдийг олж мэдэхэд суралцагчдыг урь.
Ээжтэйгээ залбирч буй Есүс зургийг үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 33; мөн LDS.org-ийг үзнэ үү). Нэг суралцагчийг Лук 2:40-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагуулж уншаад, Лук хэрхэн Есүсийн хүүхэд насыг дүрсэлснийг олж мэдэхийг хүс. Боловсорсоор гэдэг нь өсөж том болох гэсэн утгатай гэдгийг тайлбарла. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.
Цөөн суралцагчийг Лук 2:41–47-г ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагуулж уншаад, Есүс 12 настай байхдаа юу хийснийг олж мэдэхийг хүс.
-
Есүс яагаад ариун сүмд үлдсэн бэ? (Суралцагчдыг Судруудын удирдамж дээрх Иосеф Смитийн Орчуулга, Лук 2:46-г уншаад, Иосеф Смитийн орчуулга Есүсийн ариун сүмд юу хийж байсныг хэрхэн тодруулж өгдгийг мөн энэ тодотгол нь хэрхэн Лук 2:47 дахь үйл явдлын тодорхойлолттой илүү сайн нийцдэгийг олж мэдэхэд урь.)
Нэг суралцагчийг Лук 2:48–50-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагуулж уншаад, Мариа, Иосеф хоёр Есүсийг олох үед Түүний юу гэж хэлснийг олж мэдэхийг хүс.
-
Мариа, Иосеф хоёр Есүсийг олох үед Тэр тэдэнд юу гэж хэлсэн бэ?
-
Энэ түүх нь Есүс өсвөр насандаа Өөрийн жинхэнэ мөн чанарын талаар юу мэддэгийг болон Түүний зан чанаруудын талаарх юуг харуулдаг вэ?
Нэг суралцагчийг Лук 2:51–52-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагуулж уншаад, Есүсийн өсөж том болсон арга замуудыг олж мэдэхийг хүс.
-
“Мэргэн ухаан нь өссөөр байсан” гэдэг нь юу гэсэн утгатай вэ? (Цэцэн мэргэн ухааныг нэмэгдүүлэх гэсэн утгатай) “Бие нь” өсөх гэдэг нь? (Бие махбодын хувьд өсөж том болох гэсэн үг.) “Бурханы … тааллыг” олох гэдэг нь? (Сүнслэг байдлын хувьд өсөх гэсэн утгатай.) “Олон түмний тааллыг” олох гэдэг нь? (Бусадтай харилцаагаа сайжруулах гэсэн утгатай.)
-
Та нар 52-р шүлэгт үндэслэн, Есүсийн үлгэр жишээг дагах үед биднийг удирддаг ямар зарчмыг гаргах вэ? (Суралцагчид дараахтай төстэй зарчмыг олж тогтоох ёстой: Бид мэргэн ухааныг хүлээн авч, бие махбод, сүнслэг байдал, бусадтай харилцах харилцааны хувьд өсөж том болсноор Есүсийн үлгэр жишээг дагаж чадна.)
-
Бидний хувьд эдгээр дөрвөн тал бүр дээр өсөж хөгжих нь яагаад чухал вэ? (Ингэснээр бид бүх талаараа төлөвшсөн хүмүүс болдог.)
-
Та нар өөрсдийгөө эдгээр тал дээр хөгжүүлж, Есүсийн үлгэр жишээг дагахыг хичээснээрээ хэрхэн адислагдаж байсан бэ?
Оюун санааны, Бие махбодын, Сүнслэг байдлын, Нийгмийн гэсэн үгсийг гарчиг болгон самбар дээр бичээд, хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ хуулж бичихэд суралцагчдыг урь. Суралцагчдаас гарчиг бүрийн доор хувийн өсөлт хөгжилдөө зориулан зорилго бичихийг хүс. Суралцагчдыг эдгээр зорилгоо үйлдэл болгоход урамшуулан дэмж. Өнөөдрийн хичээл дээр заагдсан зарчмуудын талаар гэрчлэлээ хуваалцан, хичээлээ дуусга.
(Тестийн хариултуудыг харуулав: 1. Үнэн; 2. Худал; 3. Үнэн; 4. Худал; 5. Үнэн; 6. Худал.)
Зурагтөгс эзэмших судрын тэмдэг Төгс эзэмших судрын давтлага
Давталт нь суралцагчдад төгс эзэмших судрын хэсгүүдийн байрлалыг санахад тусалдаг. Төгс эзэмших судрын картыг ашигла эсвэл суралцагчдаар хоосон картны эсвэл цаасны нэг талд түлхүүр үгс ба утгыг бичүүл, харин нөгөө талд эшлэлүүдийг бичүүлэн, карт хийлгэ. Суралцагчдыг хос болгон хуваарил. Суралцагчдаас картуудаа ашиглан нэг нэгнийгээ шалгахыг хүс. Карт ашиглан өөрсдийгөө болон бие биенээ ойр ойрхон шалгаж байхад суралцагчдыг урь. Та ангийнхантай судар хөөх үйл ажиллагааг хийхийн тулд картнууд дээрх түлхүүр үгсийг ашиглаж болно (энэ гарын авлагын хавсралт дээрх “судар хөөх”-ийг үзнэ үү).
Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл
Лук 2:7. “Тэр ууган хүүгээ төрүүлж”
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон Аврагчийн төрөлтийн нөхцөл байдлын талаар заахдаа:
“Бурханы төрсөн Хүү, эртний агуу Иехова энэ мөнх бус дэлхийд хамгийн даруухнаар төрөх ёстой байсанд бид гайхдаг. Дэн буудал хангалттай байж болох байсан ч бүр дэн буудал ч байсангүй. Харин малын хашаа л байсан ба бяцхан хүүг мал хооллодог тэжээлийн тэвшин доторх өвсөн дунд тавьсан юм. Есүс хамгийн сайн, тансаг нөхцөл байдалд төрсөн ч байсан мөнх бус байдалд бууж ирсэн нь Бурханы хамгийн агуу хүлцэл юм. ‘Бурхан … Өөрийн Хүүг нүгэлт махан биетэй адил байдалд … илгээж’ [Ром 8:3]—Тэрээр нялх хүүхэд болж; өсвөр насны хүүхэд болоод, дараа нь ‘уруу таталтыг, мөн биеийн өвчин, өлсгөлөн, цангаа, мөн зүдрэлийг’ [Мозая 3:7], бүр үхлийг хүртэл амсах ёстой байсан том эр болон өсөх ёстой байсанд бид Паултай адил гайхдаг.
Тэнгэрт тэнгэрүүдийг захирдаг байсан, дэлхийн Бүтээгч ‘маханбодын биеийн’ (1 Нифай 11:18) дагуу төрж, ядуу зүдүү байдалд хөлөөрөө гишгэн явж (1 Нифай 17:39-ийг үзнэ үү), үзэн ядагдаж, цохиулж, эцэст нь цовдлогдохыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байсан нь хэрхэн боломжтой байсан юм бэ?” гэжээ (“The Condescension of God and of Man” [First Presidency’s Christmas devotional, Dec. 7, 2014], lds.org/broadcasts).
Лук 2:19. “Энэ үгийг Мариа зүрхэндээ тунгаан бодож, энэ бүхнийг нандигнан хадгалсан юм”
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэр гэрчлэлээ бусадтай хуваалцах нь чухал боловч зөвхөн өдөөх мэдрэмж хүлээн авсан үедээ л ариун нандин туршлагуудаа хуваалцаж байх хэрэгтэй гэдгийг заасан. Тухайлбал:
“Ер бусын сүнслэг туршлагын тухай байнга яриад байх нь мэргэн ухаан биш юм. Ийм туршлагад болгоомжтой хандан хамгаалж, зөвхөн бусдыг адислахын тулд ашиглахыг Сүнс өдөөсөн үед л хуваалцах ёстой. …
Ерөнхийлөгч Марион Ж.Ромни нэгэн удаа номлолын ерөнхийлөгчид болон тэдний эхнэрүүдэд хандан … , ‘Хэрэв би ариун нандин зүйлсийн талаар хэт хөнгөн хуумгай яривал Их Эзэн надад итгэхгүй гэдгийг мэдсэн’ хэмээн зөвлөжээ.
Бид Лукийн хэлсэнчлэн, Мариа Есүсийн төрөлттэй холбоотой тэнгэрлэг үйл явдлуудыг нандигнасантай адил тэдгээр зүйлийг зүрх сэтгэлдээ хадгалж, тунгаан бодож байх ёстой гэдэгт би итгэдэг” (“The Candle of the Lord,” Ensign, 1983 оны 1-р сар, 53).
Лук 2:47. “Түүний ухаан болон хариултууд нь Түүнийг сонссон бүхний гайхлыг төрүүлж байв”
Бошиглогч Иосеф Смит Есүс Христийн өсвөр насны тухай:
“Тэр бүр хүүхэд байхдаа иудейчүүдийн хаант улсыг удирдан жолоодоход шаардлагатай оюун билэгтэй байсан бөгөөд хамгийн ухаалаг, нэрд гарсан хуулийн багш нартай мэтгэлцэж чаддаг байлаа. Ингэхдээ тэдний онол, практикийн мэдлэгийг Өөрийнхөө эзэмшсэн мэргэн ухаантай харьцуулахад тэдгээр нь тэнэглэл болдог байв. Гэтэл тэр ердөө л нэг хүүхэд байсан бөгөөд Өөрийгөө хамгаалах бие бялдрын хүч дутмаг, өлсөх, даарахын болон үхлийн эрхшээлд байлаа” гэж заажээ (History of the Church, 6:608).