47-р хичээл
Лук 6:1–7:18
Оршил
Есүс Хүндэтгэлийн өдөрт ч бусдад сайныг үйлдэхийн ач холбогдлын тухай заав. Тэрээр шөнийн турш залбирсныхаа дараа арванхоёр төлөөлөгчийг дуудаж, тэдэнд болон хурсан олонд заав. Тэрээр зуутын даргын боолыг эдгээж, бэлэвсэн эмэгтэйн хүүг үхлээс босгов.
Заах зөвлөмж
Лук 6
Есүс Хүндэтгэлийн өдөр хүн эдгээж, арванхоёрыг сонгон, хурсан олонд заав
(Тэмдэглэл: Лук 6-ийн ихэнх агуулга Матай 5–7; 10:1–4; Марк 3:1–6-г судлах хичээлүүдэд багтсан байгаа. Хичээлийн энэ хэсэг Лук 6:31–38-д төвлөрөх болно.)
Сүмийн ням гаргийн цуглаан дээр, ойролцоо амьдардаг гэр бүлд туслах үйлчлэлийн төслийн тухай зарлал сонссон гэж төсөөлөхийг суралцагчдаас хүс. Зарлалын дараа тэд хүмүүсийн дөрвөн өөр хандлагыг харжээ. Дөрвөн суралцагчийг дараах зохиомол хариултуудыг чанга уншихад урь. Тухайлбал:
-
“Ойрын үед энэ гэр бүл маш олон зүйлийг туулж байгаа. Би чадах чинээгээрээ туслахдаа баяртай байна.”
-
“Үйлчлэлийн дараа зууш байх ёстой. Хэрэв байхгүй бол би явахгүй.”
-
“Би явахыг хүсэхгүй байна л даа. Гэхдээ би дараагийн долоо хоногт зохион байгуулж байгаа төсөл дээрээ тусламж авмаар байна. Тиймээс би одоо туслах хэрэгтэй байх.”
-
“Хэрвээ манай найз явбал би явна.”
-
Эдгээр жишээ нь хүмүүсийн үйлчилдэг шалтгаануудын талаар юуг харуулж байна вэ?
Суралцагчдаас үйлчлэл хийх боломж олдсон тухайгаа болон үйлчлэл хийх үед ямар мэдрэмж төрсөн талаараа бодож үзэхийг хүс. Тэднийг Лук 6–7-оос судалж байхдаа тэдэнд илүү утга учиртай арга замаар үйлчлэл хийхэд туслах зарчмуудыг олж мэдэхэд урь.
Есүс тохинууллынхаа эхэн үед Галилд байхдаа Хүндэтгэлийн өдөр нэгэн хүний хатингартсан гарыг эдгээж, шөнийн турш залбиран, арванхоёр төлөөлөгчийг дуудсан гэдгийг тайлбарлан, Лук 6-г нэгтгэн дүгнэ. Есүс тэгээд тэдэнд болон “үй олон хүнд” (17-р шүлэг) тэнгэр дэх шагналыг хэрхэн хүлээн авах тухай заажээ.
Суралцагчдыг Лук 6:19-ийг дотроо уншаад, Есүс хүмүүст номлож эхлэхээсээ өмнө тэдний төлөө юу хийснийг олж мэдэхэд урь. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.
Цөөн суралцагчийг Лук 6:31–35-ыг ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Есүсийн шавь нартаа өгсөн зөвлөгөөг олж мэдэхийг хүс.
-
Есүс шавь нартаа ямар зөвлөгөө өгсөн бэ?
-
35-р шүлэгт цэдэглэснээр, бид бусдад сайныг үйлдсэнийхээ хариуд юу хүлээх хэрэгтэй вэ? (Та суралцагчдыг “хариу харж бүү зээлдүүл” гэдэг үгсийг тэмдэглэж авахад урьж болно.)
-
Хүмүүс үйлчлэл хийхдээ ямар дэлхийн шагналыг авахаар найдаж болох вэ?
-
Хэрэв бид хариуд нь юу ч нэхэлгүйгээр бусдад сайныг үйлдвэл Их Эзэн юу тохиолдох болно хэмээн амласан бэ? (Суралцагчид дараахтай төстэй зарчмыг олж тогтоох ёстой: Хэрэв бид хариу нэхэлгүйгээр бусдад тусалбал бидний шагнал агуу байх болно, мөн бид Хамгийн Дээд Нэгэний хүүхдүүд болох болно.)
Хэдийгээр бид бүгд Бурханы хүүхдүүд ч гэсэн бусдад сайныг үйлддэг хүмүүс Тэнгэрлэг Эцэгтэй адил болсноор бурханлаг чадавхдаа хүрдэг гэдгийг тайлбарла.
-
Яагаад энэ амлалт бусдыг хайрлаж, тэдэнд сайныг үйлдсэний хамгийн агуу шагнал болдог вэ?
Нэг суралцагчийг Лук 6:36–38-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, бусдад сайныг үйлдэж болох арга замуудын тухай Есүсийн хэлсэн жишээнүүдийг олж мэдэхийг хүс.
-
36–37-р шүлэгт цэдэглэснээр, бусдад сайныг үйлдэж болох арга замуудын тухай Есүс ямар ямар жишээ хэлсэн бэ? (Та эдгээр арга замаар сайныг үйлддэг хүмүүс Бурханы ач ивээл, уучлалыг хүлээн авах болно гэдгийг тайлбарлаж болно.)
Суралцагчдад 38-р шүлгийг ойлгоход нь туслахын тулд ангид хувин, сагс эсвэл хайрцаг мөн хувцас, хоол хүнс, савтай ус зэрэг хэдэн зүйл авчир. Авчирсан савандаа багтахааргүй их зүйл авчрахыг анхаар. Нэг суралцагчийг самбарын өмнө гарч ирэхэд уриад, саванд багтахын хэрээр их зүйл хийхийг хүс. Суралцагчийг хийж дууссаны дараа түүнд дараах асуултыг тавь:
-
“Шахагдсан, чигжсэн мөн бялхсан хэмжээтэйгээр” (38-р шүлэг) гэдэг үгс нь хэрхэн савыг дүүргэтэл их зүйл хийхийг хичээсэн таны хичээл зүтгэлийг дүрслэн харуулж байна вэ? (Суралцагчид талархаад, суудалдаа суухад урь.)
-
Энэ үгс нь бусдад өгөх үед Тэнгэрлэг Эцэгийн биднийг адисалдаг арга замыг хэрхэн дүрсэлж байна вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Бид бусдад өгөөмрөөр өгөхөд Тэнгэрлэг Эцэг биднийг илүү өгөөмрөөр адисалдаг гэсэн үнэнийг олж тогтоосон эсэхийг бататга.)
-
Бид бусдад өгөхдөө ямар ямар арга замаар өгөөмөр байж болох вэ?
Суралцагчдыг тэд өөрсдөө эсвэл тэдний таньдаг хэн нэгэн бусдад өгөөмрөөр өгч байсан үеийг тунгаан бодоход урь. Дараах асуултуудыг үзүүлээд (эсвэл суралцагчдад хувилж өгөөд), суралцагчдыг хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ (эсвэл таны өгсөн тараах материал дээр) хариулж бичихэд урь.
-
Та эсвэл таны таньдаг хэн нэгэн өгөөмрөөр өгснөөр хэрхэн Их Эзэнээр адислагдаж байсан бэ?
-
Та бусдад илүү өгөөмөр байхын тулд юу хийх вэ?
Хангалттай хугацаа өгсний дараа бичсэнээ хуваалцахыг хүсэж байгаа суралцагчдыг урих талаар бодож үз. Суралцагчдыг бусдад илүү өгөөмөр байхыг хичээхдээ Их Эзэний тусламжийн төлөө залбирахад урамшуулан дэмж.
Лук 7:1–10
Есүс зуутын даргын боолыг эдгээв
Есүс цугласан олонд заасныхаа дараа Капернаум хэмээх хотод очсон гэдгийг тайлбарла.
Цөөн суралцагчийг Лук 7:2–5-ыг ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Есүсийг хотод ирснийг мэдээд хэн Түүний тусламжийг эрэлхийлснийг олж мэдэхийг хүс.
-
Хэн Есүсийн тусламжийг эрэлхийлсэн бэ?
Зуутын дарга нь 50–100 эрэгтэйтэй цэргийн бүлгийг удирддаг байсан Ромын цэргийн ахмад гэдгийг тайлбарла.
-
Зуутын даргын санааг юу зовоож байсан бэ?
Зуутын дарга нар иудейчүүдийг болон тэдний газар нутгийн дээрх Ромын улс төр, цэргийн хүчийг төлөөлдөг байсан учраас иудейчүүд зуутын дарга нарт дургүй байсан гэдгийг онцлон хэл (Шинэ Гэрээний суралцагчийн гарын авлага [Cүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2014], 153).
-
Энэ зуутын дарга ямар хүн байсан бэ?
Нэг суралцагчийг Лук 7:6–8-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, уг зуутын дарга Есүс Христэд итгэх агуу итгэлийг хэрхэн харуулсныг олж мэдэхийг хүс.
-
Зуутын дарга Есүс Христэд итгэх агуу итгэлийг хэрхэн харуулсан бэ?
Нэг суралцагчаас Лук 7:9–10-ыг чанга уншихыг хүс. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, энэ зуутын даргын итгэл хэрхэн шагнагдсаныг олж мэдэхэд урь. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.
-
Бид энэ түүхээс ямар зарчмыг мэдэж авч болох вэ? (Суралцагчид Бид Есүс Христэд итгэх итгэлээ хэрэгжүүлснээр бусдын амьдралд адислалууд авчрахад тусалж чадна гэсэн зарчмыг оролцуулан, цөөн зарчмыг тодорхойлж болох юм.)
Лук 7:11–18
Есүс бэлэвсэн эмэгтэйн хүүг үхлээс босгов
Аврагч зуутын даргын боолыг эдгээснийхээ маргааш нь өөр нэгэн гайхамшгийг үйлдсэн гэдгийг тайлбарла.
Нэг суралцагчийг Лук 7:11–12-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Есүст болон Түүний шавь нарт Найн хэмээх хотод дөхөх үед юу тохиолдсоныг олж мэдэхийг хүс.
-
Есүс шавь нарынхаа хамт хот руу орохоор явж байхдаа юу харсан бэ?
-
12-р шүлэгт цэдэглэснээр, энэ залуу хөвгүүний үхэл яагаад эхийнх нь хувьд тийм их гашуун эмгэнэлтэй байсан бэ?
Тэр эмэгтэй зөвхөн ганц хүүгээ алдаад зогсохгүй, нөхрөө бас алдсан байсныг онцлон хэл. Тэр эмэгтэй маш их гашуудаж байснаас гадна түүнийг санхүүгийн хувьд тэтгэж, тэжээх хүн байхгүй байсан байж болно.
Нэг суралцагчаас Лук 7:13–15-ыг чанга уншихыг хүс эсвэл видео бичлэгийн үлдсэн хэсгийг үзүүл (0:45–2:23). Аврагч энэ эмэгтэйг гашуудаж байгааг хараад юу хийснийг олж мэдэхэд ангийнхныг урь. (Та авс гэж авсыг юм уу авсыг тавьдаг тавиурыг хэлж байгааг тайлбарлаж болно.)
-
Аврагч энэ эмэгтэйн төлөө юу хийсэн бэ?
-
13-р шүлэгт цэдэглэснээр, Есүс яагаад энэ эмэгтэйн хүүг эдгээсэн бэ? (Эмэгтэй Түүнээс хүүг нь эдгээж өгөхийг гуйгаагүй боловч Тэрээр түүний хэрэгцээг хараад, тусалсан гэдгийг та онцолж болно.)
-
Хэрэв та нар энэ бэлэвсэн эмэгтэйн оронд байсан бол мөн Аврагч хүүг тань үхлээс босгож байгааг харсан бол та нарт ямар мэдрэмж төрөх байсан бэ?
-
Бид Есүс Христийн үлгэр жишээг хэрхэн дагаж болох талаар энэ түүхээс ямар үнэнийг мэдэж авч болох вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Бид бусдад өрөвч нигүүлсэнгүй сэтгэлээр хандаж, тэднийг хэрэгцээгээ ил хэлээгүй байхад тусалснаар Есүс Христийн үлгэр жишээг дагаж чадна гэсэн үнэнийг олж тогтоосон эсэхийг бататга.)
-
Бид бусдыг хэрэгцээнийхээ талаар хуваалцаагүй байхад хэрхэн хэрэгцээг нь мэдэж болох вэ?
Суралцагчид Ариун Сүнсийг өөрсөдтэйгөө хамт байлгахыг эрэлхийлснээр бусдын далд хэрэгцээг хэрхэн хангаж чадах талаарх өдөөлтүүдийг хүлээн авч чадна гэдгийг тайлбарла. Мөн суралцагчид Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн нэгэнтээ хүлээн авсан: “Та хэн нэгэнтэй уулзахдаа тэднийг маш хэцүү асуудалтай байгаа мэт халамжилж, анхаарал тавь. Тэгвэл та нар бараг талаас нь илүү зөв таасан байх болно” гэсэн зөвлөгөөг тунгаан бодож болно (“In the Strength of the Lord,” Ensign эсвэл Liahona, 2004 оны 5-р сар, 16).
Суралцагчдад тодорхойлсон зарчмынх нь үнэн ба ач холбогдлыг мэдрэхэд туслахын тулд нэг суралцагчийг ерөнхийлөгч Томас С.Монсоны хэлсэн дараах үгийг чанга уншихад урь.
“Найнд байсан гашуудаж байсан эмэгтэйд нигүүлсэнгүй хандсан Их Эзэний үлгэр жишээнээс өөр миний сэтгэлийг илүү их хөдөлгөдөг түүх цөөхөн байдаг юм. …
Бидний үлгэр жишээ болсон Эзэн маань ямар агуу хүч, ямар өрөвч нинжин сэтгэлийг харуулаа вэ? Хэрэв бид Түүний агуу үлгэр жишээг дагавал бусдыг ч бас адисалж чадна. Бусдад туслах боломж хаа сайгүй байдаг. Зовлон шаналлыг харах нүд, шаналсан зүрхний чимээгүйхэн гуйлтыг сонсох чих хэрэгтэй байна. Тийм ээ, бид өрөвч сэтгэлээр дүүрэн байж, зөвхөн нүдээрээ харж, чихээрээ сонсож харилцах төдийгүй бас Аврагчийн агуу арга барилаар зүрх сэтгэлээс зүрх сэтгэлд хүрч харилцах ёстой” (“Meeting Life’s Challenges,” Ensign, 1993 оны 11-р сар, 71).
-
Хэзээ та нарыг эсвэл танай гэр бүлийн гишүүнийг тусламж гуйгаагүй байхад хэн нэгэн та нарыг үнэн сэтгэлээр өрөвдөн хайрлаж эсвэл та нарт үйлчилж байсан бэ?
-
Христийн үлгэр жишээг дагах нь бусдын ил хэлээгүй хэрэгцээг олж мэдэх чадварыг хөгжүүлэхэд бидэнд хэрхэн туслах вэ?
Хэрэв та видео бичлэгийг үзүүлээгүй бол нэг суралцагчийг Лук 7:16–17-г чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, хүмүүс бэлэвсэн эмэгтэйн хүү үхлээс босож байгаа гайхамшгийг хараад, ямар хариу үйлдэл үзүүлснийг олж мэдэхийг хүс.
-
Есүсийг бэлэвсэн эмэгтэйн хүүг босгосны дараа хүмүүс ямар хариу үйлдэл үзүүлсэн бэ?
Хүмүүс Найны бэлэвсэн эмэгтэйн хүү эдгээгдсэн мөн Хуучин Гэрээний бошиглогчид Елиа, Елиша хоёр хөвгүүнийг үхлээс босгосон түүхүүдийн адил төстэй талыг хараад (Хаадын дээд 17:17–24; Хаадын дэд 4:17–22, 32–37; Шинэ Гэрээний суралцагчийн гарын авлага, 154-ийг үзнэ үү), “бидний дунд агуу эш үзүүлэгч гарч ирлээ” (16-р шүлэг) гэж тунхагласан байж болно гэдгийг тайлбарла.
Бусдын ил хэлээгүй хэрэгцээнд туслах боломжуудыг эрж хайхад суралцагчдыг урьснаар хичээлээ дуусга. Тэднийг өгөөмрөөр мөн хариу нэхэлгүй үйлчлэл үзүүлэхэд урамшуулан дэмж.