Номын сан
48-р хичээл: Лук 7:18–50


48-р хичээл

Лук 7:18–50

Оршил

Есүс Иохан Баптистыг магтаж, Түүнийг Өөрийнх нь тохинууллын замыг бэлтгэсэн хэмээн гэрчилжээ. Есүсийг фарисай хүн болох Симонтой хамт хооллож байх үед нэгэн нүгэлт эмэгтэй Аврагчид итгэх итгэл, Түүнийг хайрлах хайраа харуулжээ.

Заах зөвлөмж

Лук 7:18–35

Есүс Иохан Баптистыг магтаж, Иоханы зорилгын талаар гэрчлэв

Суралцагчдыг хос болгон хуваарилаад, хос бүрд цаас өг. Хосуудаас нэг минутад Иохан Баптистын тухай санаж байгаа аль болох олон баримт бичихийг хүс. Нэг минутын дараа суралцагчдаас цаасан дээр бичсэн баримтуудыг тоолохыг хүс.

  • Та нар Иохан Баптистын талаар хэр олон баримт жагсааж бичсэн бэ?

Суралцагчдыг жагсааж бичсэн баримтуудаасаа заримыг ангийнханд хэлж өгөхөд урь.

Хэрэв боломжтой бол зэгсний болон хээнцэр гоёмсог хувцасны зураг үзүүл. Есүс Иохан баптистын зан чанарын тухай хүмүүст заахдаа эдгээр зүйлийг ашигласан гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг Лук 7:24–26-г чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Есүс зэгс, хээнцэр гоёмсог хувцасны тухай дурдахдаа Иохан Баптистын тухай юу заасныг олж мэдэхийг хүс.

  • Иохан Баптист зэгснээс эсвэл өвсний үзүүрээс юугаараа ялгаатай байсан бэ? (Иохан Баптист салхинд найгах зэгстэй адил байгаагүй ба гэрчлэлдээ мөн зорилгоо гүйцээхдээ гуйвшгүй, хөдөлшгүй бат бөх байсан юм.)

Зураг
Иохан Баптист зааж байгаа нь

Иохан Баптист номлож байгаа нь

Дагалдах Иохан Баптистын зургийг үзүүлээд, дараах асуултыг тавь. Үүнд:

  • Иохан Баптист “хээнцэр гоёмсгоор хувцаслаж” явдаг “хаадын ордонд” (25-р шүлэг) баян тансаг амьдрагчдаас ямар ялгаатай байсан бэ? (Иохан Баптист цөлд амьдарч, тэмээний ноосоор хийсэн хатуу ширүүн хувцас өмсдөг байсан юм. Иохан Баптист материаллаг тав тухын оронд зөвхөн Бурханы хүслийг биелүүлэхээр эрэлхийлсэн юм.)

  • Есүс 26-р шүлэгт Иохан Баптистын тухай юу гэж хэлсэн бэ?

Суралцагчдад Иохан Баптистын онцгой үүргийг ойлгоход нь туслахын тулд Есүс “[Мессиагийн] замыг цэвэрлэх” (Малахи 3:1) “элчийн” талаарх олон зуун жилийн өмнө цэдэглэгдсэн бошиглолыг эш татсан гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг Лук 7:27–28-ыг чанга уншихад урьж мөн ангийнхнаас дагаж уншаад, Иохан Баптист яагаад бусад бошиглогчоос онцгой байсныг олж мэдэхийг хүс.

  • Иохан Баптист ямар онцгой, чухал үүргийг гүйцэтгэхээр урьдчилан томилогдсон байсан бэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Иохан Баптист Бурханы Хүүгийн замыг бэлтгэж, баптисм хүртээхээр урьдчилан томилогдсон бошиглогч байсан гэсэн үнэнийг олж тогтоосон эсэхийг бататга.)

  • Иохан Баптист хэрхэн Есүс Христийг ирэхэд зориулж замыг бэлтгэсэн бэ?

Бошиглогч Иосеф Смит Лук 7:28-ын талаар дараах зүйлсийг хэлсэн гэдгийг тайлбарла:

Зураг
Бошиглогч Иосеф Смит

“Есүсийг Бурханы хаант улсад хамгийн бага нь гэж үздэг байсан аж. Мөн тэд түүнийг өөрсдийнхөө бошиглогч гэж үзэх нь бага байсан [бололтой]. Гэсэн хэдий ч Тэрбээр ‘Та нарын дотор хамгийн бага нь гэж тооцогддог тэр нь Иоханаас илүү агуу юм—Энэ бол би өөрөө юм’ гэж хэлжээ” (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 95).

Олон хүн Есүсийн сургаалуудад итгэсэн боловч тэнд байсан фарисайчууд ба хуулийн багш нар Түүний сургаалуудыг эсэргүүцсэн гэдгийг тайлбарлан, Лук 7:29–35-ыг нэгтгэн дүгнэ. Тэд Есүс заасан уу эсвэл Иохан Баптист заасан уу хамаагүй, үнэнийг эсэргүүцсэн гэдгийг Есүс тайлбарлажээ.

Лук 7:36–50

Есүсийг фарисай хүн Симонтой хамт хооллож байх үед нэгэн нүгэлт эмэгтэй Есүсийн хөлийг нулимсаараа угаав

Би өршөөгдөж чадах болов уу? гэсэн асуултыг самбар дээр бич.

Суралцагчдыг өөрсдийгөө өршөөгдөж чадах болов уу гэж бодож байсан үеүдийн тухай тунгаан бодоход урь. Тэднийг Лук 7-г үргэлжлүүлэн судлахдаа энэ асуултад хариулах үнэнийг олж мэдэхэд урь.

Суралцагчдад Лук 7:36–50-ийн хам сэдэв, агуулгыг ойлгоход туслахын тулд нэг суралцагчийг дараах товч дүгнэлт, тайлбарыг чанга уншихад урь.

Симон нэртэй фарисай хүн Есүсийг гэртээ хамт хооллоход урьсан. Иймэрхүү төрлийн зоогийн үеэр зочид олбог налан суугаад, хөлөө ширээнээс зайдуу сунган, намхан ширээг тойрон суудаг байв. Тэр өдрийн ёс заншил тусламж хэрэгтэй хүмүүст зоогноос үлдсэн үлдэгдэл хоолыг цуглуулах боломжийг олгодог байжээ. Иймээс уригдаагүй хүмүүс зоогийн үеэр гэрт орж ирэх нь энгийн үзэгдэл байв (Жэймс Э.Талмэйж, Jesus the Christ, 3 дахь хэвлэл, [1916], 261-ийг үзнэ үү).

  • Лук Лук 7:37 дээр гарч байгаа эмэгтэйг хэрхэн дүрсэлсэн бэ?

  • Уг эмэгтэй Аврагчийг хайрлах хайраа хэрхэн харуулсан бэ? (“Гөлтгөнөн савтай үнэт тос” гэдэг нь үнэрт тосоор дүүрэн савыг хэлж байгаа гэдгийг тайлбарлаж болно.)

  • Симон эмэгтэйн хийж байгаа зүйлийг хараад юу гэж бодсон бэ?

Есүсийн заасан сургаалт зүйрлэлийг давтахын тулд нэг суралцагчаас Лук 7:40–43-ыг чанга уншихыг хүс. Ангийнхныг дагаж уншаад, Есүс Симонд юу гэж заасныг олж мэдэхэд урь.

Дараах хүснэгтийг самбар дээр зур.

Мөнгө зээлдүүлэгч =

50 денарын өртэй зээлдэгч =

500 денарын өртэй зээлдэгч =

Мөнгө зээлдүүлж байгаа хүн зээлдүүлэгч; мөнгө зээлж авч байгаа хүн зээлдэгч гэдгийг тайлбарла. Зээлдэгч зээлдүүлэгчид буцааж төлөхийг эсвэл буцааж төлөхгүй бол шоронд орохыг зөвшөөрдөг. Нэг суралцагчаас уг сургаалт зүйрлэлийг өөрийнхөө үгээр нэгтгэн дүгнэхийг хүс.

  • Зээлдүүлэгч нь хэнийг төлөөлж байна вэ? (Самбар дээрх “Мөнгө зээлдүүлэгч” гэдгийн хажууд Есүс Христ гэж бич.)

  • Аль зээлдэгч уг эмэгтэйг төлөөлж мөн аль нь фарисай хүн Симоныг төлөөлж болох вэ? Яагаад? (“50 денарын өртэй зээлдэгч” гэдгийн доор фарисай хүн Симон гэж бичээд, “500 денарын өртэй зээлдэгч” гэдгийн доор Эмэгтэй гэж бич.)

Есүсийн үед хүндтэй зочидтойгоо мэндлэхдээ үнсэх, тэдэнд хөлөө угаах ус өгч, толгойг нь тосоор тослох гэх мэт хайр энэрлийн үйлдлээр хүндэтгэл үзүүлэх нь заншил байсан гэдгийг тайлбарла (Жэймс Э.Талмэйж, Jesus the Christ, 261-ийг үзнэ үү).

Видео бичлэгийг 7:25 дээр дахин тоглуулаад, Есүсийг “Амар тайван яв даа” (Лук 7:50) (8:52) хэмээн хэлсний дараа зогсоо. Цөөн суралцагчийг Лук 7:44–47-г ээлжлэн чанга уншихад урь. Симоныг уг эмэгтэйтэй харьцуулж үзвэл Аврагчид хэрхэн хандсаныг мөн тэд Есүсийн тухай ямар бодолтой байсныг олж мэдэхийг ангийнхнаас хүс.

  • 44–47-р шүлэгт цэдэглэснээр, Симон, уг эмэгтэй хоёрын Аврагчид хандсан хандлагад мөн тэдний Есүсийн тухай бодолд ямар ялгаа байсан бэ? (Суралцагчдын хариултыг самбар дээрх хүснэгтэд бич.)

Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ хуваалцаж дууссаны дараа хүснэгт дараахтай төстэй харагдах ёстой:

Зээлдүүлэгч = Есүс Христ

50 денарын өртэй зээлдэгчФарисай хүн Симон

Есүст хөлөө угаах ус өгөөгүй

Түүнийг үнсээгүй

Түүнийг тосоор тослоогүй

Түүнийг бага зэрэг хайрласан

500 денарын өртэй зээлдэгчЭмэгтэй

Түүний хөлийг нулимсаараа угааж, үсээрээ арчсан

Түүний хөлийг үнссэн

Түүний хөлийг тосоор тосолсон

Түүнийг маш их хайрласан

  • Энэ эмэгтэй Аврагчаас ямар адислал хүлээн авсан бэ?

Есүс Симоныг 50 денарын өртэй зээлдэгчтэй зүйрлүүлснээр шууд бус утгаар Симонд нүглүүдээсээ өршөөгдөх хэрэгтэйг харуулсан гэдгийг онцол.

Суралцагчдыг Лук 7:47–50-ийг дотроо уншихад уриад, уг эмэгтэйд юу өршөөл хүлээн авах боломж олгосныг олж мэдэхийг тэднээс хүс.

  • Бид энэ түүхээс ямар ямар зарчмыг мэдэж авч болох вэ? (Суралцагчдын үгсийг ашиглан, Бид Их Эзэнийг хайрлах хайр, сүсэг бишрэлээ харуулснаар итгэлээ хэрэгжүүлэх юм бол Түүний өршөөлийг хүлээн авч чадна мөн Бид Их Эзэний өршөөлийг хүлээн авах үедээ Түүнийг илүү их хайрлаж, илүү их үйлчлэх хүсэлтэй болдог гэсэн зарчмуудыг самбар дээр бич.)

  • Бид өршөөл хүлээн авснаар, яагаад Аврагчийг илүү их хайрлаж, Түүнд илүү их үйлчлэх хүсэлтэй болж болох вэ?

Гурван суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэний хэлсэн үгээс авсан нэг нэг догол мөрийг чанга уншихад урь.

Зураг
Ахлагч Нийл Л.Андэрсэн

“… [Хүмүүс] зохистой байдал, зөв шударга зан чанараараа өөр өөр түвшинд байгаа. … Гэсэн ч наманчлал бид бүгдэд адислал болдог. Бид бүгд нүглийнхээ уучлалаар дамжуулан Аврагчийн нигүүлсэнгүй мутрыг мэдрэх хэрэгтэй.

Олон жилийн тэртээ нэг хүнтэй уулзаж ярилцана уу гэж надаас хүсэж билээ. Тэр хүн биднийг уулзахаас нэлээд өмнө, нэгэн үе савсаг самуун амьдралтай байжээ. Тэрээр буруу сонголт хийснийхээ улмаас Сүм дэх гишүүнчлэлээ алдсан аж. Тэр хүн Сүмд эргэж ирээд, зарлигуудыг итгэлтэй сахисан ч урьд нь хийсэн буруу зүйлээсээ салж чадахгүй, эргэж хургасаар байв. Би түүнтэй уулзаад, гэрээнүүдээ хэсэг хугацаанд зөрчсөнөөсөө ичиж, чин сэтгэлээсээ гэмшдэгийг нь мэдэрсэн. Ярилцлагын дараа би түүний толгой дээр гараа тавьж, санваарын адислал өгөв. Би үг хэлэхээсээ өмнө түүнийг хайрладаг Аврагчийн хайр, уучлалыг зүрх сэтгэлийнхээ гүнд мэдэрч билээ. Нөгөөх хүн уйлж гарах нь тэр.

Адислалын дараа бид хоёр тэврэлдэхэд, орхисон нүгэл нь хар мөртэй ч Аврагч наманчлагчийг нигүүлслийн мутартаа хэрхэн тэвэрдгийг хараад би гайхан биширсэн. Аврагч бидний нүглийг уучилж чадах бөгөөд уучлах асар их хүсэлтэй байдгийг би гэрчилж байна. Мэдсээр байж мөхлийг сонгодог цөөхөн хүнийг эс тооцвол уучлагдахгүй нүгэл гэж байдаггүй. Нүглээсээ эргэж, Христэд ирэх онцгой боломж бидэнд бүгдэд нь байдаг. Бурханлаг уучлал бол бидний зүрх сэтгэлээс гэм буруу ба сэтгэл санааны зовлонг арилгаж, үүнийг баяр баясал, ухамсрын амар амгалангаар сольдог сайн мэдээний охь манлай үр жимс юм” (“Наманчил … Би та нарыг эдгээж болохын тулд,” Ensign эсвэл 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 46–49).

Суралцагчдыг Их Эзэний өршөөлийг хүлээн авч байсан үеэ бодоход урь. Тэднээс Аврагчийн талаар юу бодсон мөн юу мэдэрснээ тунгаан бодохыг хүс.

Самбар дээрх асуултад анхаарлаа хандуул. Хэрэв суралцагчдаас хэн нэгэн “Би өршөөгдөж чадах болов уу?” гэж асуувал юу гэж хариулахаа тайлбарлахыг хүс.

Хэрэв бид Түүнд итгэх итгэлээ хөгжүүлж, нүглээ наманчилбал биднийг өршөөх хүч Есүс Христэд байдаг гэдгийг гэрчлэн, хичээлээ дуусга.

Зураг
төгс эзэмших судрын тэмдэг
Төгс эзэмших судрын давтлага

Та судалсан таван төгс эзэмших судрын хэсгээ давтахад нь суралцагчдад туслахын тулд тэднээс богино асуулт хариултын тест авч болно. Семинарын номын хавчуурга дээрх түлхүүр үгсийг өгөөд, суралцагчдаас холбогдох судрын эшлэлүүдийг бичихийг хүс. Илүү их санаа авахын тулд энэ гарын авлагын хавсралт материалыг үзнэ үү.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Лук 7:18–20. Иохан Баптист Есүсийг Мессиа гэдэгт эргэлзсэн үү?

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконки энэ асуултад тодорхой хариулт өгсөн байна. Тухайлбал:

“Баптист Аврагчийн мөн чанар, номлолын талаар оюун санаандаа эргэлзэж байсан хэмээх аливаа орчуулга, тайлбар нь үндсэндээ буруу юм. Шоронд хоригдсон Елиа, Их Эзэний өмнө замыг бэлтгэгч тэрээр шавь нараа өөрсдийгөө хаяж, Түүнийг дагахад ятгахдаа энэ аргаар ятгаж байжээ.

Иохан Есүс гэж хэн болохыг мэдэж байсан бөгөөд Тэрээр салхинд хийсэх зэгс шиг байгаагүй. … Есүс рүү шавь нараа явуулсан энэхүү үйлдэл нь Есүс Бурханы Хурга байсан хэмээх Иоханы хамгийн эцсийн агуу гэрчлэл байсан юм. Учир нь Баптист Эзэнийг харж, сургаалыг нь сонсох юм бол шавь нар нь илүү агуу гэрлийг дагах болно гэдгийг мэдэж байсан” (Doctrinal New Testament Commentary, Боть 3. [1965–1973], 1:261–262).

Иохан Баптист Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Жэймс Э.Фаустын дахин дахин хэлсэн чухал үнэнийг ойлгож байсан. Үүнд:

“Бид бүгд Есүс бол Христ хэмээх хувийн гэрчийг хүлээн авах ёстой. Бид хэн нэгний ашиглаад дууссан гэрчийг хүлээн авна гэж байхгүй” (“A Testimony of Christ,” Ensign эсвэл Лиахона, 2005 оны 3-р сар, 3).

Лук 7:20–22. Их Эзэн яагаад гайхамшгуудыг үйлддэг вэ?

Ерөнхийлөгч Бригам Янг Их Эзэний ажилд гүйцэтгэдэг гайхамшгуудын үүргийг тайлбарлахдаа:

“Гайхамшгууд нь Бурханыг хайрладаг, Түүнд үйлчилж, Түүнээс эмээдэг гэгээнтнүүдийг тайвшруулан, итгэлийг хүчирхэгжүүлж, бататгах зориулалттай” гэжээ (Discourses of Brigham Young, sel. John A. Widtsoe [1954], 341).

Лук 7:24–28. “Эмэгтэйгээс төрөгсдийн дунд Иоханаас илүү агуу нэгэн байхгүй”

Есүс яагаад Иохан Баптистыг хамгийн агуу бошиглогч хэмээн үзсэнийг бошиглогч Иосеф Смит тайлбарлахдаа:

“Нэгдүгээрт. Их Эзэний өмнөх замыг бэлтгэх бурханлаг үүрэг зорилгыг түүнд итгэмжлэн хүлээлгэсэн юм. Түүнээс өмнө эсвэл түүнээс хойш хэн ийм итгэл хүлээж байсан юм бэ? Хэн ч үгүй шүү дээ.

Хоёрдугаарт. Түүнд чухал үүргийг итгэмжлэн хүлээлгэсэн юм. Хүний Хүүд баптисм хүртээх нь түүний гараас шаардагдаж байв. Үүнийг үйлдэх эрхэм дээд хүндэтгэл хэнд байсан бэ? Ийм агуу онцгой боломж, алдар суу хэнд байсан бэ? Бурханы Хүүг баптисмын ус руу хөтөлж, энэхүү үйлчлэлийг гэрчлэхийн тулд Ариун Сүнс тагтаа хэлбэрээр эсвээс тагтааны тэмдгээр бууж ирэхийг харах онцгой боломж хэнд тохиосон бэ? …

Гуравдугаарт. Иохан тэр үед хүчний түлхүүрүүдийг эзэмшсэн, дэлхий дээр хаант улсын ажил хэргийг явуулах цорын ганц хууль ёсны ёслол гүйцэтгэгч байсан юм. Иудейчүүд түүний зааврыг дагах ёстой байлаа, эс бөгөөс тэдний хуулийн дагуу зүхэгдэх байв. Харин Христ Өөрөө аливаа зөвт байдлыг гүйцэлдүүлж, уулан дээр Мосед Өөрийнхөө өгсөн хуульд дуулгавартай байж, ингэснээрээ үүнийг устгахын оронд өргөжүүлэн, хүндэтгэл үзүүлсэн юм. Захариагийн хүү түлхүүрүүдийг болон хаант улс, хүч, алдар сууг иудейчүүдээс ариун тослогоо ба тэнгэрийн хуулиар хүч чармайлт гарган байж авсан энэхүү учир шалтгаан түүнийг эмэгтэй хүнээс төрсөн хамгийн агуу бошиглогч болгосон юм” гэжээ (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 94–95).

Лук 7:37–50. Бид энэ эмэгтэйн талаар юу мэддэг вэ?

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконки Лук 2:37–50 дээр дурдаж буй эмэгтэй аль хэдийн наманчилсан байсан ба хайраа харуулахын тулд Аврагч дээр ирсэн хэмээн бичжээ. Тэр энэ эмэгтэйн харуулж буй хайрын талаар “Энэ бүхэн бол нүгэлтэн байсан хэдий ч эдүгээ цэвэршсэн, олон гэм нүглийн хүнд дарамтаас чөлөөлөгдсөн, амьдралаа шинээр эхэлж буй, шийдвэр төгс итгэлтэй эмэгтэйн үйл хэрэг, итгэл бишрэл юм. Тэр эмэгтэй бодгалийнхаа бүх хүчээр эзэмшсэн сүнслэг хайр, гүн хүндэтгэл бишрэлээ хөлийг нь үнссэн Түүнд бүрэн өгсөн юм” гэж хэлсэн (The Mortal Messiah, 4 боть, [1979–1981], 2:200).

Лук 7:47–50. “Түүний олон нүгэл уучлагдсан”

Далын чуулгын ахлагч Шэйн М.Бөүэн өршөөл хүлээн авахыг хүсэж буй хэн нэгний хувьд Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан өршөөл хүлээн авах чадвараас хүртэхгүй байна гэж байдаг эсэхийг асууж мөн өөрөө үүнд хариулсан байна. Тэрээр:

“Үр дагаварт төдийлөн анхаарал тавьдаггүй, анзааргагүй байснаас болж хог новшоор дүүргэсэн амьдралаа сайжруулах нь өршөөгдөх боломжгүй мэт харагдаж байгаа хүний хувьд боломжтой юу? Харин идэвхтэй хүч чармайлт гаргасан боловч нүгэл рүүгээ дахин дахин унаж, энэхүү дуусашгүй мэт санагдах хэв загварыг өөрчлөх боломжтой зам байхгүй хэмээн мэдэрч байгаа хүний хувьд ямар байх бол? Амьдралаа өөрчилсөн хэдий ч өөрийгөө уучилж чадахгүй байгаа хүний хувьд ямар байх вэ? …

Есүс Христийн Цагаатгал бидний хүн нэг бүрд боломжтой. Түүний Цагаатгал бол хязгааргүй. Энэ нь хүн бүрд, бүр танд ч гэсэн хамаатай. Энэ нь бүр таныг ч гэсэн цэвэршүүлж, сайжруулан, ариусгаж чадна. Энэ л хязгааргүй гэдгийн утга учир юм. Хязгааргүй гэдэг нь бүрэн дүүрэн, гүйцэд, бүгд, үүрд мөнх гэсэн утгатай” гэжээ (“The Atonement Can Clean, Reclaim, and Sanctify Our Lives,” Ensign эсвэл Liahona, 2006 оны 11-р сар, 33–34).