57-р хичээл
Лук 22
Оршил
Есүс мөнх бус амьдрал дахь тохинууллынх нь төгсгөл ойртох үед ариун ёслолыг танилцуулан, бусдад үйлчлэх тухай шавь нартаа зааж, ах дүүсээ хүчирхэгжүүлэхийг Петрт зарлиглажээ. Аврагчийн цагаатгах золиослол Гетсеманий цэцэрлэгт эхэлсэн. Тэрээр Каиафын өмнө баривчлагдаж, соригдов. Аврагчийг соригдож байх үед Петр Түүнийг таньдаг гэдгээ үгүйсгэжээ.
Заах зөвлөмж
Лук 22:1–38
Аврагч ариун ёслолыг танилцуулж, төлөөлөгчдөд зааварлав
Суралцагчдаас өөрсдийгөө болон өөр нэг гэр бүлийн гишүүнээ шалан дээр сууж байна гэж төсөөлөхийг хүс (эсвэл хоёр суралцагчийг энэ үйл ажиллагааг жүжигчлэн тоглоход урьж болно). Гэр бүлийн гишүүн нь босож зогсохыг хүссэн учраас тусламж гуйжээ.
-
Хэрэв та нар шалан дээр суусан хэвээрээ байвал тэдэнд хэр сайн тусалж чадах вэ?
-
Хэрэв та нар эхэлж боссон бол юугаараа өөр байх вэ?
Энэ адилтгал нь бидэнд бусдыг сүнсээр өргөхөд туслахын тулд юу хийж болохыг ойлгоход тусалдаг гэдгийг тайлбарла.
Суралцагчдыг Лук 22-оос судалж байхдаа бусдыг сүнсээр өргөхөд хэрхэн туслахаа мэдэхэд туслах үнэнийг олж мэдэхэд урь.
Аврагч мөнх бус амьдрал дахь тохинууллынхаа төгсгөл үед Дээгүүр өнгөрөх баярыг тэмдэглэхийн тулд төлөөлөгчидтэйгөө уулзсан гэдгийг суралцагчдад сануулж, Лук 22:1–30-ийг нэгтгэн дүгнэ. Тэр үед Аврагч шавь нарынх нь нэг Өөрөөс нь урвах болно хэмээн хэлж, ариун ёслолын ёслолыг танилцуулан, энэ ёслол Өөрийг нь дурсан санахад зориулагдан үргэлжлүүлэн хийгдэж байх ёстой хэмээн зарлигласан ба бусдад үйлчилдэг хүмүүс хамгийн агуу нь хэмээн төлөөлөгчдөдөө заав. Мөн Аврагч Өөртэй нь үргэлж хамт байсан төлөөлөгчдөө магтан сайшааж, тэд нэгэн өдөр сэнтийд сууж, Израилийн арванхоёр овгийг шүүх болно хэмээн амлажээ.
Нэг суралцагчийг Лук 22:31–32-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Аврагч Симон Петрт юу гэж хэлснийг олж мэдэхийг хүс. Нэг суралцагчийг 31-р шүлэг, зүүлт тайлбар a-г чанга уншихад урь.
-
Аврагч Сатаныг юу хүсэж байгаа гэж хэлсэн бэ? (Сатан Петрийг болон гэгээнтнүүдийг буудай мэт шигшихийг хүссэн.)
Улаан буудайг үлдэгдэл хогноос нь салгахын тулд шигшдэг гэдгийг тайлбарла.
-
Петрт аль хэдийн гэрчлэл байсан гэдгийг харуулах түүний тухай юуг та нар олж мэдсэн бэ? (Хэрэв шаардлагатай бол, Петр Есүс бол Христ, Бурханы Хүү хэмээх гэрчлэлээ тунхагласан гэдгийг суралцагчдад сануул [Матай 16:13–17-г үзнэ үү].)
-
32-р шүлэгт өгүүлснээр, Петр ах дүүсээ батжуулахын өмнө өөрөө яах ёстой байсан бэ?
-
Сайн мэдээний талаар гэрчлэлтэй байх, сайн мэдээнд хөрвөгдөх хоёрын хооронд ямар ялгаа байна вэ? (Сайн мэдээний тухай гэрчлэлтэй байх гэдэг нь Ариун Сүнсээр дамжуулан үнэний сүнслэг гэрчийг хүлээн авах гэсэн үг [Судруудын удирдамж, “Гэрчлэл,” scriptures.lds.org-ийг үзнэ үү]. Сайн мэдээнд хөрвөгдөх гэдэг нь “Бурханы тааллыг хүлээн зөвшөөрч, дагахын тулд итгэл, зүрх сэтгэл, амьдралаа өөрчлөхийг (Үйлс 3:19) хэлдэг” [Судруудын удирдамж, “Хөрвөгч, хөрвүүлэгч,” scriptures.lds.org]).
-
Их Эзэний Петрт хэлсэн зүйл дээр үндэслэвэл, бид сайн мэдээнд хөрвөгдсөн үедээ юу хийж чадах вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Бид Есүс Христийн сайн мэдээнд хөрвөгдсөн үедээ бусдыг хүчирхэгжүүлж чадна гэсэн үнэнийг тодорхойлсон эсэхийг бататга. Суралцагчдыг 32-р шүлэг дээрээс энэ үнэнийг зааж буй үгсийг тэмдэглэхэд урих талаар бодож үз.)
Нэг суралцагчийг Лук 22:33–34-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Петр хөрвөгдөж, ах дүүсээ батжуулах Аврагчийн сэрэмжлүүлэгт хэрхэн хариулсныг олж мэдэхийг хүс.
-
Петр Аврагчийн сэрэмжлүүлэгт хэрхэн хариулсан бэ?
-
Аврагч Петрийг юу хийх болно хэмээн бошиглосон бэ?
Энэ түүхийн илүү нарийвчилсан хувилбар Матай 26-д цэдэглэгдсэн байгаа гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг Матай 26:35-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Петр уг бошиглолыг сонссоныхоо дараа Аврагчид юу гэж хэлснийг олж мэдэхийг хүс.
-
Петр энэ бошиглолыг сонссоныхоо дараа юу гэж хэлсэн бэ?
-
Петрийн хариулт гэрчлэлийнх нь хүч гэж бодож байсан зүйлийн талаар бидэнд юу зааж байна вэ?
Лук 22:39–53
Аврагч Гетсеманид зовж шаналан, арьсных нь сүв бүрээс цус шүүрсэн ба Иудас Түүнээс урвав
Дээгүүр өнгөрөх баярын дараа Аврагч шавь нартайгаа хамт Гетсеманий цэцэрлэг рүү явсан гэдгийг тайлбарла. Цөөн суралцагчийг Лук 22:39–43-ыг ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Аврагч Гетсеманий цэцэрлэгт ирснийхээ дараа юу хийснийг олж мэдэхийг хүс. Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь.
-
43-р шүлэгт өгүүлснээр, Аврагчид Тэнгэрлэг Эцэгийн таалалд захирагдах хүч чадалтай байхад хэн тусалсан бэ?
-
Бид Тэнгэрлэг Эцэгийн тааллыг эрэлхийлбэл Тэрээр бидний төлөө юу хийх талаар бид энэ түүхээс ямар үнэнийг мэдэж авч болох вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч хэрэв бид Тэнгэрлэг Эцэгийг дуулгавартай дагахад бэлэн байвал Тэрээр бидэнд Өөрийн тааллыг гүйцэлдүүлэх хүч чадлыг өгөх болно хэмээх үнэнийг олж тогтоосон эсэхийг бататга.)
-
Тэнгэрлэг Эцэг биднийг ямар ямар арга замаар хүчирхэгжүүлж болох вэ?
Ихэнх тохиолдолд Тэнгэрлэг Эцэгээс хүлээн авдаг адислалууд тэнгэр элчүүдийн айлчлалаар ирэхгүй боловч Тэрээр бидэнд хамгийн сайн арга замаар туслах болно гэдгийг тайлбарла. Суралцагчдыг Тэнгэрлэг Эцэгийн тааллыг гүйцэлдүүлэхийг эрэлхийлснээр Түүгээр хүчирхэгжсэнээ мэдэрч байсан үеийнхээ тухай тунгаан бодоход урь.
Гетсеманий цэцэрлэг дэх Аврагчийн зовлон шаналлын тухай Лукийн түүх нь Матай, Маркийн түүхүүдэд байдаггүй чухал нарийвчилсан тайлбарыг агуулдаг гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг Лук 22:44-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Лук Гетсеманий цэцэрлэг дэх Аврагчийн зовлон шаналлыг хэрхэн дүрсэлснийг олж мэдэхийг хүс.
-
Лук Гетсеманий цэцэрлэг дэх Аврагчийн зовлон шаналлыг хэрхэн дүрсэлсэн бэ? (Та суралцагчдыг 44-р шүлэг дээрээс Есүс Христийг Гетсеманий цэцэрлэгт зовж шаналж байхад нь хөлс нь цусны дусал мэт дусалж байсан гэсэн үнэнийг зааж буй үгсийг тэмдэглэж авахад урьж болно. Та Аврагчийн зовлон шаналлын энэ хэсгийг нэг зуу гаруй жилийн өмнө бошиглож байсан гэдгийг онцолж болно [Мозая 3:7-г үзнэ үү].)
Суралцагчдад Аврагчийн туулсан зүйлсийг илүү сайн ойлгоход туслахын тулд Сургаал ба Гэрээ 19-д цэдэглэгдсэн, бошиглогч Иосеф Смитээр өгөгдсөн илчлэлтээр дамжуулан Аврагч Өөрийнхөө зовлон шаналлыг дүрсэлсэн гэдгийг тайлбарла. Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 19:18-ыг Лук 22:44-ийн лавлах эшлэл болгоход урих талаар бодож үз. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 19:18-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Аврагч Өөрийнхөө зовлон шаналлыг хэрхэн дүрсэлснийг олж мэдэхийг хүс.
-
Бид 18-р шүлэгт буй Аврагчийн Өөрийнх нь тодорхойлолтоос Түүний зовлон шаналлын тухай ямар нэмэлт мэдээллүүдийг олж авдаг вэ? (Есүс Христийн зовлон шаналал “өвдөхийн улмаас дагжин чичрэх, сүв бүрээс цус шүүрэх, мөн бие хийгээд сүнс аль алиныг нь зовоход хүргэсэн.”)
-
Есүс Христ та нарын төлөө тэгж их зовсон гэдгийг мэдэх нь та нарт ямар бодол мэдрэмж төрүүлдэг вэ?
Аврагчийг Гетсеманид зовж шаналсны дараа Искариотын Иудас Түүнээс урвасан гэдгийг тайлбарлан, Лук 22:45–48-ыг нэгтгэн дүгнэ.
Нэг суралцагчийг Лук 22:49–51-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, ахлах тахилчид болон бусад хүн Есүсийг баривчлахаар ирэх үед Петр юу хийснийг олж мэдэхийг хүс (Иохан 18:10-ыг үзнэ үү. Энэ нь боолын чихийг тасдсан төлөөлөгч бол Петр хэмээн заадаг цорын ганц түүх юм).
-
Петр ахлах тахилчийн боолд юу хийсэн бэ?
-
Яагаад Аврагчийн боолын төлөө хийсэн зүйл гайхамшигтай байдаг вэ?
Аврагч ахлагч тахилчид болон бусад хүнээс яагаад Түүнийг өдөр ариун сүмд байхад нь бариагүй атлаа шөнө баривчилж байгаа талаар асуусан гэдгийг тайлбарлан, Лук 22:52–53-ыг нэгтгэн дүгнэ.
Лук 22:54–71
Есүс Санхедрины өмнө шүүгдэж, Петр Түүнийг үгүйсгэв
Лук 22:54-ийг дүгнэн, Аврагчийг шүүлгэхээр тэргүүн тахилчийн гэр рүү авч явах үед Петр дагаж явсан гэдгийг тайлбарлан ярьж өг.
Суралцагчдыг хос болгон хуваарил. Хос бүрд дараах хүснэгтийг хувилж өг (эсвэл самбар дээр бич). Суралцагчдыг хүснэгт дээрх судрын эшлэлүүдийг уншаад, хамтрагчтайгаа хамт хүснэгтийг бөглөхөд урь.
Шинэ Гэрээний семинарын багшийн гарын авлага—57-р хичээл
Петрт юу тохиолдсон бэ? |
Петр юу гэж хэлсэн бэ? | |
---|---|---|
© 2015 by Intellectual Reserve, Inc. Бүх эрх хамгаалагдсан.
-
Петр яагаад эдгээр хүнд Есүсийг үгүйсгэхээр уруу татагдсан байх гэж та нар бодож байна вэ?
Нэг суралцагчийг Лук 22:61–62-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Петр Аврагчийг таньдаг гэдгээ үгүйсгэсний дараа юу тохиолдсоныг олж мэдэхийг хүс.
-
Петрт Аврагчийг таньдаг гэдгээ үгүйсгэсний дараа юу тохиолдсон бэ?
Хэрэв боломжтой бол, Петр үгүйсгэсэн нь гэх Карл Хэнрик Блокийн зургийг үзүүл. Энэ зургийг LDS.org-оос үзэх боломжтой.
Петр үгүйсгэсэн нь, Карл Хэнрик Блок. Данийн Хиллерод дахь Фредериксборг шилтгээний Үндэсний Түүхийн Музейгээс зөвшөөрөл авч ашиглав. Хуулбарлахыг хориглоно.
-
Хэрэв та нар Петрийн оронд байсан бол Аврагчийг өөр рүү чинь харах үед танд ямар бодол, мэдрэмж төрөх байсан бэ? Яагаад?
-
Петрт тохиолдсон зүйл сайн мэдээний талаар гэрчлэлтэй байх, сайн мэдээнд хөрвөгдөх хоёрын хоорондох ялгааг хэрхэн харуулж байна вэ?
Петрт сайн мэдээний тухай гэрчлэл байсан ч бүрэн дүүрэн хөрвөгдөөгүй байсан гэдгийг тайлбарла. Гэсэн хэдий ч тэр өөрийнхөө сул дорой чанарыг мэдээд, бүрэн хөрвөгдөж, өөрийнхөө амьдралыг Бурханд үйлчилж, сайн мэдээг хуваалцахад зориулжээ.
-
Бид Петрийн туршлагаас ямар сургамж авч болох вэ?
Ахлах тахилчид Аврагчийг зодож, Түүгээр доог тохуу хийж байсан гэдгийг тайлбарлан, Лук 22:63–71-ийг нэгтгэн дүгнэ.
Суралцагчдыг хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ өөрсдөд нь Есүс Христийн сайн мэдээнд бүрэн хөрвөгдөхөд туслах цөөн зүйлийг бичихэд урин, хичээлээ дуусга. Тэднийг энэ долоо хоногт жагсаалтан дээрээсээ нэг зүйлийг хийхэд урамшуулан дэмж.
Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл
Лук 22:32. Петр сайн мэдээнд хөрвөгдөв
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконки Петрийн талаар дараах зүйлсийг заажээ.
“Петр бол хүлээцтэй хүмүүст хөрвөлтийн хүч хэрхэн нөлөөлдгийн сонгодог жишээ мөн. Бидний Их Эзэний мөнх бус амьдрал дахь тохинууллын үед Петрт Христийн бурханлаг шинж чанар ба Христ доторх авралын агуу төлөвлөгөөний тухай Сүнснээс төрсөн гэрчлэл байсан билээ. ‘Та бол Христ, амьд Бурханы Хүү’ хэмээн тэрээр Ариун Сүнсний түүнд өгсөн үгийг хэлсэн юм. (Mатай 16:13–19.) Бусад нь итгэхгүй байхад Петр урагш гарч ирэн, төлөөлөгчийн баттай итгэлээр ‘Та бол Христ, амьд Бурханы Хүү гэдэгт бид итгэцгээсэн, мөн таньж мэдэцгээсэн’ гэж хэлжээ. (Иохан 6:69.) Петр үүнийг мэдэж байсан бөгөөд тэр мэдлэг илчлэлтээр ирсэн юм.
“Гэвч Петр Ариун Сүнсний шинэ бүтээл болоогүй учраас хөрвөгдөөгүй байлаа. Петрийг гэрчлэлтэй болсноос хойш удаан хугацааны дараа, Есүсийг баривчилсан тэр шөнө тэрээр Петрт: ‘Чи нэгэн цагт дахин эргэж, ах дүүсээ батжуул’ (Лук 22:32) гэж хэлжээ. Петрт гэрчлэл байсан ч тэрээр үүний дараахан Христийг таньдгаа үгүйсгэсэн. (Лук 22:54–62.) Цовдлолтын дараа Петр загасчлахаар явсан бөгөөд амилсан Их Эзэнээр тохинуулалд буцаан дуудагдсан. (Иохан 21:1–17.) Эцэстээ Пентекостын өдөр амлагдсан сүнсний бэлэг хүлээн авагдаж, Петр болон итгэлтэй бүх шавь нь Ариун Сүнсний шинэ бүтээл болсон билээ. Тэд жинхэнээсээ хөрвөгдөж, дараа дараагийн амжилтууд нь хөрвөлтийнх нь бат бөхийг харуулсан юм. (Үйлс 3; 4.)” (Mormon Doctrine, 2 дахь хэвлэл, [1966], 162–163).
Лук 22:32. “Чи нэгэн цагт дахин эргэж, ах дүүсээ батжуул”
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүкс хөрвөгдөхийн ач холбогдлын тухай нотлон хэлэхдээ:
“Есүсийг гурван жил дагасан, ариун төлөөлөгчийн эрх мэдэл өгөгдсөн, Христийн сайн мэдээний зоригтой багш, гэрчлэгч, гэрчлэл нь Аврагчийг адислагдсан болой хэмээн хэлэхэд хүргэсэн энэ хүн ах дүүсээ батжуулж, Бурханы хонин сүргийг тэжээн, удирдахын тулд ‘хөрвөгдөх’ ёстой байлаа.
Есүсийн урилга нь тэнгэрийн хаант улсад орох хүмүүсээс (Матай 18:3-ыг үзнэ үү) Түүний шаарддаг хөрвөлт зүгээр л нэг сайн мэдээний үнэний талаар гэрчлэх хэмжээний хөрвөлтөөс илүү их зүйл байсан гэдгийг харуулдаг. Гэрчлэх гэдэг нь мэдэх, тунхаглах гэсэн үг юм. Сайн мэдээ биднийг ‘хөрвөгдөхөд’ урьдаг. Хөрвөгдөх нь биднээс хийхийг мөн болохыг шаарддаг. Хэрэв бидний хэн нэгэн нь зөвхөн сайн мэдээний талаарх мэдлэг, гэрчлэлдээ тулгуурладаг бол Есүсийн ‘хөрвөгдөхөд’ урьсан мөн адислагдсан боловч гүйцэд боловсроогүй төлөөлөгчтэй адил нөхцөлд байх болно. Бид бүгд хүчтэй гэрчлэлтэй боловч үүнийхээ дагуу үйлдэж, хөрвөгддөггүй хүмүүсийг мэддэг. …
Хувийн хөрвөлт өөд, Тэнгэрлэг Эцэгийн биднээс болоосой гэж хүсэж байгаа хүн болохын төлөө хөдөлмөрлөх цаг бол яг одоо юм” гэжээ (“The Challenge to Become,” Ensign, 2000 оны 11-р сар, 33).
Ерөнхийлөгч Ховард В.Хантэр сайн мэдээнд хөрвөгдөх нь бидэнд хэрхэн бусдыг хүчирхэгжүүлэхэд тусалдаг болохыг тайлбарлахдаа:
“Та хэн нэгнээс илүү өндөр түвшинд байхгүй л бол түүнийг өргөн, өөд нь татаж чадахгүй. Хэрэв та хүнийг аврахыг хүсвэл түүнийг ямар болгохыг хүсдэг тэрхүү байдлаараа өөрөө үлгэр дуурайл үзүүлэх ёстой” гэжээ (“Stand Ye in Holy Places,” Ensign, 2008 оны 10-р сар, 47).
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднар гэрчлэл, хөрвөлтийн холбоо ба ялгааг “Их Эзэнд хөрвүүлэгдэв” хэлсэн үгэндээ тайлбарласан (Ensign, 2012 оны 11-р сар эсвэл 2012 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 130–133).
Лук 22:44. “Түүний хөлс цусны дусал мэт газарт дусалж байв”
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэймс Э.Талмэйж Аврагчийн зовлон шаналал бие махбод, оюун санаа, сүнснийх байсан гэдгийг тайлбарлажээ.
“Энэ нь түүний сүв бүрээс цус шүүрэхэд хүргэсэн бие махбодын өвдөлт ба оюун ухааны шаналал төдий байсангүй, харин гагцхүү Бурхан л тэсэн гарч чадах сүнсний шаналал байлаа. Бие махбод, оюун ухааны асар их хүч чадал, тэвчээр хатуужилтай өөр ямар ч хүн үүнийг тэсэн гарч чадахгүй. Учир нь түүний бие махбод үүнийг тэсвэрлэх чадваргүйгээс ухаан алдаж, юуг ч мэдрэхгүй болох байсан. Христ зовлон шаналлын тэрхүү мөчид ‘энэ дэлхийн хунтайж,’ Сатантай тулгарч, түүний учруулж болох бүхий л аймшгийг даван дуулсан юм” (Jesus the Christ, 3 дахь хэвлэл, [1916], 613).
Лук 22:62. “Петр … гадагш гарч, гашуудан уйлав”
Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли биднийг Петртэй адилхан алдаа гаргаж болох ч наманчлалаар дамжуулан алдаануудаасаа өршөөгдөж чадна хэмээн тайлбарлахдаа:
“Петр үнэнч байдал, шийдэмгий зан чанараа батлан, хэзээ ч үгүйсгэхгүй гэж хэлжээ. Гэвч хүмүүнээс эмээсний улмаас махан биеийнх нь сул дорой чанар ялан дийлж, ял зэмлэлийн дарамтан доор түүний шийдэмгий байдал нуран унасан юм. …
Энэ түүхийг унших үед зүрх сэтгэл минь Петрийг ихэд өрөвддөг. Бидний олонх нь түүнтэй их адилхан байдаг. Бид үнэнч байхаар ам гарч, зоригтой байх шийдэмгий байдлаа баталж, юу ч тохиолдсон зөвийг сонгож, зөв учир шалтгааны төлөө зогсон, өөртөө болон бусдад үнэнч байна гэж заримдаа бүр олон нийтийн өмнө тунхагладаг.
Дараа нь дарамт шахалт ирж эхэлдэг. Зарим нь нийгмийн дарамт шахалт байдаг бол зарим нь бие махбодын дур сонирхол байдаг. Зарим нь буруу хүсэл эрмэлзэл байдаг. Хүсэл эрмэлзэл сулрах үе ч бий. Сахилга бат алдагдах үе ч гардаг. Бууж өгөх үе мөн байдаг. Гэмших, өөрийгөө шийтгэх, харамслын гашуун нулимс унагах үе байдаг. …
Петр өөрийнхөө алдааг ухаарч, сул дорой байдлаа наманчлан, өөрчлөгдөж, амилсан Их Эзэний талаар гэрчлэл өргөх хүчирхэг дуу хоолой болсон юм. Ахмад төлөөлөгч тэрээр амьдралынхаа үлдсэн хугацаанд Есүс Христ, амьд Бурханы амьд Хүүгийн номлол, үхэл, амилалтыг гэрчилсэн билээ. …
Нэгэнтээ үгүйсгэж, харамсан, Аврагчийн ажлыг урагшлуулахын тулд энэхүү гэмшлийг ялж гарсан Петр энэ хүчирхэг үйлсийг болон бусад дурдаагүй олон үйлийг хийсэн юм. …
Хэрэв үг эсвэл үйлсээрээ итгэлээ үгүйсгэж байсан хүн байвал яг одоо би та нарыг Есүстэй өдөр бүр хамт явж байсан ч эцэст нь Их Эзэнийг болон зүрх сэтгэлдээ байсан гэрчлэлийг үгүйсгэсэн Петрийн үлгэр жишээнээс тайтгарал, шийдэмгий байдлыг олоосой хэмээн залбирч байна. Гэвч тэрээр энэ бүхнийг давж гаран, хүчирхэг хамгаалагч, дэмжигч болсон билээ. Иймээс та нарт ч гэсэн өөрчлөгдөж, Бурханы хаант улсыг байгуулахын тулд бусдын итгэл, хүчин дээр өөрсдийн итгэл, хүчийг нэмэрлэх боломж байгаа” (“And Peter Went Out and Wept Bitterly,” Ensign, 1979 оны 5-р сар, 65–67).