Номын сан
41-р хичээл: Марк 10


41-р хичээл

Марк 10

Оршил

Есүс мөнх бус амьдрал дахь тохинууллынхаа төгсгөл хэсэгт Переа дахь хүмүүст номлосон. Тэрээр тэнд байхдаа гэрлэлтийн сургаалын талаар зааж, бяцхан хүүхдүүдийг Өөрт нь ирэхэд урьжээ. Аврагч мөн нэгэн баян залуу захирагчийг бүх өмчөө зараад, Өөрийг нь дагах ёстой хэмээн зэмлэн хэлсэн. Аврагч Переаг орхиод, мөнх бус амьдралдаа сүүлчийн удаа Иерусалим руу явж, үхэл ба Амилалтынхаа талаар зөгнөн хэлж мөн төлөөлөгчдөдөө бусдад үйлчлэхийг зөвлөв. Мөн Тэрээр Иериход сохор хүнийг эдгээжээ.

Заах зөвлөмж

Марк 10:1–16

Есүс гэрлэлтийн сургаалыг зааж, бяцхан хүүхдүүдийг Өөрт нь ирэхэд урив

Суралцагчдад хэд хэдэн хүүхдийн зураг үзүүл.

  • Та нар дүү нарынхаа эсвэл таньдаг жаахан хүүхдүүдийнхээ ямар зан чанарыг бахдан биширдэг вэ? (Суралцагчдын хариултыг самбар дээр жагсаан бич.)

Суралцагчдыг Марк 10:1–16-аас судалж байхдаа бидний бяцхан хүүхэд шиг болох хэрэгтэй шалтгааны талаар зааж байгаа үнэнийг олж мэдэхэд урь.

Аврагч мөнх бус амьдрал дахь тохинууллынхаа төгсгөл ойртох үед Галилыг орхиод, Переа гэдэг газар руу явсан гэдгийг тайлбарла. (Та суралцагчдыг “Есүс Христийн мөнх бус амьдралыг цухас харвал” [5-р хичээл] тараах материалаас эсвэл Библийн газрын зургууд, д. 11 ба “Шинэ Гэрээний үеийн Ариун газар” дээрээс Переаг олоход урьж болно.) Аврагч Переад байхдаа хүмүүст гэрлэлтийн ач холбогдлын талаар заасан гэдгийг тайлбарлан, Марк 10:1–12-ыг нэгтгэн дүгнэ.

Нэг суралцагчийг Марк 10:13–14-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Аврагчийг Переад байх үед юу тохиолдсоныг олж мэдэхийг хүс.

  • Хүмүүс жаахан хүүхдүүдийг Аврагчид авчрах үед шавь нар хэрхэн хандсан бэ? (13-р шүлэг дэх зэмлэв гэдэг үг нь Аврагч дээр хүүхдүүдээ авчирсан нь буруу байсан гэж шавь нар нь хүмүүст хэлсэн гэдгийг илэрхийлдэг болохыг тайлбарла.)

  • Аврагч шавь нартаа юу гэж хариулсан бэ?

Нэг суралцагчийг Марк 10:15–16-г чанга уншихад уриад, ангийнхнаас Аврагч бяцхан хүүхдүүдийг Өөр дээр нь ирэх үед шавь нартаа юу гэж заасныг олж мэдэхийг хүс. 15-р шүлэгт буй “Бурханы хаанчлалыг хүлээж ав” гэдэг үгс нь сайн мэдээг хүлээн авах гэсэн үг гэдгийг тайлбарла.

  • Сайн мэдээг “бяцхан хүүхэд шиг” хүлээн авах гэдэг нь юу гэсэн үг гэж та нар бодож байна вэ? (15-р шүлэг). (Суралцагчдын хариултыг самбар дээр бичээд, тэдгээрийг самбар дээр жагсаан бичсэн зүйлстэй харьцуул.)

  • Биднийг бяцхан хүүхэдтэй адил сайн мэдээг хүлээн авах үед юу тохиолддог тухай бид эдгээр шүлгээс ямар зарчим мэдэж авч болох вэ? (Суралцагчид өөр өөр үнэнийг олж тогтоож болох ч бид сайн мэдээг бяцхан хүүхэд шиг хүлээн авснаар Бурханы хаант улсад ороход бэлтгэгдэх болно гэдэг үнэн тодорхой байгаа эсэхийг бататга.)

  • Бяцхан хүүхдүүдийн адил сайн мэдээг хүлээн авах нь биднийг ямар ямар арга замаар Бурханы хаант улсад ороход бэлтгэдэг вэ? (Суралцагчдад энэ асуултад хариулахад туслахын тулд тэднийг Мозая 3:19-ийг уншихад урьж болно.)

Марк 10:17–34

Аврагч нэгэн баян залуу захирагчийг бүх өмчөө зараад, Өөрийг нь дагах ёстой хэмээн зэмлэн хэлэв

Нэг суралцагчийг Марк 10:17–20-ийг чанга уншихад уриад, ангийнхнаас Аврагч бяцхан хүүхдүүдийг адисалсны дараа юу тохиолдсоныг олж мэдэхийг хүс.

  • Та нар Есүс дээр ирсэн хүнийг хэрхэн дүрслэх вэ? Яагаад?

  • Тэр хүн Аврагчаас юу гэж асуусан бэ? Есүс юу гэж хариулсан бэ?

Матай 19 нь Аврагчид ирсэн энэ хүний тухай түүхийг мөн агуулдаг гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг Матай 19:20-ийг чанга уншихад уриад, ангийнхнаас энэ хүн Аврагчийг зарим тушаалыг хэлэх үед хэрхэн хандсаныг олж мэдэхийг хүс.

  • Тэр бүх зарлигийг сахидаг гэдгээ хүлээн зөвшөөрснийхөө дараа Аврагчаас юу гэж асуусан бэ? (Та суралцагчдад уг залуу эрэгтэйн асуултыг тэмдэглэж авахыг санал болгож болно.)

Надад өөр юу дутагдаж байна вэ? гэсэн асуултыг самбар дээр бич.

Суралцагчдыг Марк 10:21-ийг дотроо уншаад, Аврагч уг залуу эрэгтэйд юу гэж хариулсныг олж мэдэхэд урь.

  • Аврагч залуу эрэгтэйд юу дутагдаж байна гэж хэлсэн бэ?

21-р шүлэгт буй “Есүс түүнийг ширтэн харж, хайрлан” гэсэн үгсийг онцол. Та энэ үгсийг судар дээрээ тэмдэглэхийг суралцагчдад санал болгож болно.

  • Есүс энэ залуу эрэгтэйд дутагдаж байгаа зүйлийг нь хэлэхээсээ өмнө хайрлаж байсан гэдгийг мэдэх нь яагаад чухал гэж та нар бодож байна вэ?

  • Бид энэ түүхээс ямар ямар зарчим мэдэж авч чадах вэ? (Суралцагчид Их Эзэн бидэнд хайртай учраас Өөрийг нь дагахаар хичээн зүтгэхдээ юугаар дутагдаж байгааг маань мэдэхэд бидэнд туслах болно мөн Хэрэв бид Их Эзэнээс асуувал Тэрээр мөнх амьдралыг хүлээн авахын тулд юу хийх хэрэгтэйг зааж өгөх болно гэсэн зарчмуудыг оролцуулан хэд хэдэн зарчим тодорхойлж болно.)

Суралцагчдыг Марк 10:22-ыг дотроо уншаад, Аврагчийг бүх өмчөө зарахыг зөвлөхөд энэ залуу эрэгтэй хэрхэн хандсаныг олж мэдэхэд урь.

  • Энэ эрэгтэй хэрхэн хандсан бэ?

  • 22-р шүлэгт цэдэглэснээр, тэр яагаад ийм хариу үйлдэл үзүүлсэн бэ?

Биднээс Их Эзэнийг дагахын тулд бүх өмч хөрөнгөө зарахыг шаардахгүй байж болох ч Тэрээр биднээс Өөрт нь үйлчилж, зарлигуудыг нь сахихын тулд бусад золиослолыг гаргахыг хүссэн гэдгийг онцол.

  • Их Эзэний биднээс хүссэн, гаргахад хэцүү байж болох ямар ямар золиослол байдаг вэ?

  • Хэрэв бид бүх зүйл дээр Их Эзэнийг дагахаар сонгохгүй бол ямар адислал алдаж болох вэ?

Нэг суралцагчийг Марк 10:23–27-г чанга уншихад урь. Уг суралцагчаас 27-р шүлгийн зохих хэсгийг Марк 10:27, зүүлт тайлбар а дахь Иосеф Смитийн Орчуулгын хэсгээр орлуулан уншихыг хүс. Ангийнхнаас дагаж уншаад, Есүс Өөрийнх нь төлөө бүгдийг орхих тухай юу заасныг олж мэдэхийг хүс.

  • Яагаад эд баялагт эсвэл бусад дэлхийн зүйлд итгэл найдвараа тавьдаг хүмүүсийн хувьд Бурханы хаант улсад ороход их хэцүү байна гэж та нар бодож байна вэ?

  • Бурханд итгэж найддаг хүмүүсийн хувьд бүх зүйл боломжтой гэдэг нь юу гэсэн үг гэж та нар бодож байна вэ?

Нэг суралцагчийг Марк 10:28–31-ийг чанга уншихад урь. Уг суралцагчаас 31-р шүлгийг Марк 10:31, зүүлт тайлбар a дээрх Иосеф Смитийн Орчуулгын эшлэлээр орлуулан уншихыг хүс. Ангийнхнаас дагаж уншаад, Аврагчийг бид бүхнийг Өөрийнх нь шаардах бүх зүйлийг орхиход бэлэн байх хэрэгтэй хэмээн заасны дараа, Петр юу гэж хэлснийг олж мэдэхийг хүс.

  • 28-р шүлэгт цэдэглэснээр, Петр юу гэж хэлсэн бэ?

  • Аврагч Өөрийг нь дагахын тулд бүх зүйлээ орхиход бэлэн байгаа хүмүүст юу амласан бэ?

  • Бид мөнх амьдралыг хүлээн авахын тулд юу хийх ёстой талаар Аврагчийн сургаалуудаас ямар зарчим мэдэж авч болох вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Бид мөнх амьдралыг хүлээн авахын тулд Их Эзэний биднээс шаардах юуг ч орхиход бэлэн байх ёстой гэсэн зарчмыг олж тогтоосон эсэхийг бататга. Энэ зарчмыг самбар дээр бич.)

  • Яагаад мөнх амьдрал нь энэ дэлхий дээр биднээс шаардах бүх золиослолтой тэнцэх үнэ цэнтэй байдаг вэ? (Та суралцагчдад мөнх амьдрал нь зөв шударга гэр бүлийн гишүүдтэйгээ хамт Бурханы оршихуйд мөнхөд амьдрахыг багтаадаг гэдгийг сануулж болно.)

Их Эзэн тэднийг Иерусалимд очсоны дараа Өөрөө шоолуулж, нулимуулж, ташуурдуулаад үхнэ, гурав дахь өдрөө амилах болно хэмээн шавь нартаа хэлсэн гэдгийг тайлбарлан, Марк 10:32–34-ийг нэгтгэн дүгнэ.

  • Аврагч хэрхэн Бурханы шаардах бүх зүйлийг орхиход бэлэн байхын төгс жишээ болдог вэ?

Энэ хичээл дээр заасан үнэний тухай гэрчил. Суралцагчдыг “Надад өөр юу дутагдаж байна вэ?” хэмээх асуултыг залбирч тунгаан бодоод, Их Эзэний өөрсдөөс нь хийхийг хүсэж байгаа аливаа золиослолын талаар хүлээн авсан өдөөлтүүдээ дагахад урамшуулан дэмж.

Марк 10:35–52

Аврагч үхэл, Амилалтынхаа талаар зөгнөн хэлж, төлөөлөгчдөдөө бусдад үйлчлэхийг зөвлөв

Суралцагчдыг жижиг бүлгүүдэд хуваарил. Бүлэг бүрийг дараах тараах материалаар хангаад, үйл ажиллагааг хийж гүйцэтгэхэд урь.

Зураг
гарын авлага, Хэн хамгийн агуу нь вэ

Хэн хамгийн агуу нь вэ?

Шинэ Гэрээний семинарын багшийн гарын авлага—41-р хичээл

Энэ гарын авлагыг бүлгээрээ хийж гүйцэтгээд, асуултуудад хэрхэн хариулах талаар ярилц.

Хийх дуртай зарим үйл ажиллагаагаа жагсаан бич.

  • Та нарын жагсаан бичсэн үйл ажиллагааг үнэхээр сайн гүйцэтгэдэг зарим хүнийг нэрлэ. Тэднийг чухам юу агуу болгодог вэ?

Та нар Марк 10 дээрх Аврагчийн үгсийг судалж байхдаа Тэрээр хүнийг юу үнэхээр агуу нэгэн болгодог хэмээн заасныг олж мэд.

Марк 10:35–37-г уншаад, Иаков, Иохан нар Иерусалим руу аялж байхдаа Аврагчаас юу хүссэнийг олж мэд.

Иаков, Иохан нар Есүсийн баруун, зүүн талд суухыг гуйсан нь тэд Бурханы хаант улсад бусад төлөөлөгчийн хүлээн авахаас илүү дээд алдар суу, хүндэтгэлийг авахыг хүссэн гэдгийг харуулдаг. Марк 10:38–40-д Аврагч энэ адислал нь хүлээн авахад бэлтгэгдсэн хүмүүст өгөгдөх болно гэж Иаков, Иохан хоёрт тайлбарласан тухай цэдэглэсэн байдаг.

Марк 10:41-ийг уншаад, бусад шавь нь Иаков, Иохан хоёрын гуйлтад хэрхэн хандсаныг олж мэд.

  • Бусад шавь нь яагаад Иаков, Иохан хоёрт дургүйцсэн гэж та нар бодож байна вэ?

Марк 10:42–45-ыг уншаад, Аврагч шавь нартаа агуу байдлын талаар юу гэж заасныг олж мэд.

Аврагчийн агуу байдлын талаар заасан зүйлс дээр үндэслээд дараах өгүүлбэрийг гүйцээж бич:

Бид үнэхээр агуу байхын тулд, … ёстой .

45-р шүлэгт буй үйлчлэх гэдэг үг нь бусдыг халамжилж, тайтгаруулах, бусдад тусалж, тэднийг дэмжих гэсэн утгатай.

  • Яагаад (Аврагчтай адил) бусдад үйлчилж, тохинуулдаг хүмүүсийг агуу гэж үздэг вэ?

  • Хэзээ хэн нэгэн та нарт эсвэл танай гэр бүлд үйлчилж, та нарыг халамжилж байсан бэ? Та нар тэр хүнийг яагаад агуу хүн гэж үзэж болох вэ?

Суралцагчдыг тараах материал дээрх үйл ажиллагааг хийж гүйцэтгэсний дараа цөөн суралцагчийг Марк 10:42–45 дээр үндэслэн уг өгүүлбэрийг хэрхэн гүйцээж бичсэнээ хуваалцахад урь. Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Бид үнэхээр агуу байхын тулд бусдад үйлчилснээр Аврагчийн үлгэр жишээг дагах ёстой гэсэн зарчмыг тодорхойлох ёстой.

Аврагчийг шавь нартайгаа Иерихог орхиод, Иерусалим руу явж байх үед Бартимай гэгч нэгэн сохор хүн Аврагчаас эдгээж өгөхийг гуйн хашхирсан гэдгийг тайлбарлан, Марк 10:46–52-ыг нэгтгэн дүгнэ. Олон хүн түүнд дуугүй бай гэж хэлсэн боловч тэр улам чанга хашхирч байлаа. Аврагч түүний хашхирахыг сонсоод, түүнийг өрөвдөн, эдгээжээ. (Тэмдэглэл: Бартимайгийн хэрхэн эдгэрсэн тухай түүхийг Лук 18-ын хичээл дээр илүү дэлгэрэнгүй заах болно.)

  • Аврагч хэрхэн бусдад тохинуулах тухай заасан зарчмынхаа төгс үлгэр жишээ болдог вэ?

Аврагч Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдэд үйлчилдэг арга замынхаа улмаас үнэхээр агуу нэгэн мөн хэмээх гэрчлэлээ хуваалц. Суралцагчдыг эргэн тойрондоо байгаа хүмүүст үйлчилж, тэднийг халамжлахын тулд юу хийж болохоо тунгаан бодоход урь. Тэднийг бусдад үйлчилж, тохинуулахад нь туслах зорилго тавихад урамшуулан дэмж.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Марк 10:17–22. Баян залуу захирагч

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл А.Максвэлл Аврагчийн зүрх зоригтой шавь байхын тулд бид зүгээр л нүглээс зайлсхийхээс илүүтэй, үргэлж сайныг идэвхтэй үйлдэх хэрэгтэй хэмээн заахдаа:

“Бидэнд зарим зүйл дутагдсан хэвээрээ байдаг учраас хайхрамжгүй байдлын нүглүүд нь бидэнд сүнсээр бүрэн дүүрэн байхад садаа болох нь олонтоо тохиолддог. Баян, зөв шударга залуу эрэгтэй Есүс дээр ирээд, ‘Багш аа, мөнх амьдралыг олохын тулд би ямар сайн юм хийх ёстой вэ?’ гэж асуусан гэдгийг сана. …

Тийн нэгэн хувийн шинжтэй зарлиг уг хүнд ирсэн юм [Матай 19:21–22-ыг үзнэ үү]. Энэ нь бүрэн дүүрэн болоход нь саад болж байсан, хийхээ болих хэрэгтэй зүйл биш, харин хийх хэрэгтэй зүйл байсан” гэжээ (“The Pathway of Discipleship” [Brigham Young University fireside, Jan. 4, 1998], 4, speeches.byu.edu).

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконки баян залуу захирагч бүх зүйл дээр Их Эзэнийг дагахад бэлэн биш байсан учраас өөрт нь зориулагдсан адислалуудыг алдсан хэмээн заахдаа:

“Бид мөн ‘Зарлигуудыг сахих нь хангалттай биш гэж үү? Бүх итгэл найдварыг алдалгүй үнэнч байхаас илүү юуг биднээс шаардах вэ? Дуулгавартай байдлын хуулиас илүү зүйл байгаа юу? гэж асууж болох юм.

Баян залуу найзын хувьд харин үүнээс илүү зүйл байсан. Түүнээс дэлхийн өмч хөрөнгөө золиослох бүхнээ зориулах хуулийн дагуу амьдрахыг хүсэн хүлээсэн юм. …

Залуу эрэгтэй гунигтайгаар холдон явсан гэдгийг та нар мэднэ. … Хэрэв тэр селестиел хаант улсын хуулиар амьдарч чадсан бол Бурханы хүүтэй юуг хуваалцах байсан, төлөөлөгчидтэй хэрхэн нөхөрлөж болох байсан, ямар илчлэлт мөн үзэгдэл хүлээн авах байсан бол гэж бид гайхаж хоцордог” гэжээ (“Obedience, Consecration, and Sacrifice,” Ensign, 1975 оны 5-р сар, 51).

Марк 10:25. “Тэмээ зүүний сүвэгчээр орох нь илүү хялбар”

“Зарим нь зүүний сүвэгчийг Иерусалим хотын хананд байдаг нарийхан хаалга гэж хэлсэн байдаг. Энэ хаалгаар орохын тулд тэмээний бүх ачааг буулгах хэрэгтэй байдаг ажээ. Тийм хаалга байсан эсэх нотолгоо байдаггүй. Бусад нь грек эх бичмэл дэх нэг үсгийг өөрчилснөөр судрыг өөрчлөхийг мөн ингэснээр тэмээ биш олс зүүний сүвэгчээр орох ёстой гэсэн үг болно гэсэн санал оруулжээ. Хэдийгээр Есүс Христ тэмээ зүүний сүвэгчээр орох тухай дурдсан хэдий ч энэ нь ‘баян хүн тэнгэрийн хаанчлалд орох нь нэн бэрх’ (Матай 19:23) гэдгийг заахын тулд хэрэглэсэн хэтрүүлэгтэй зүйрлэл бүхий жишээ байсан байж болно. Иосеф Смитийн Орчуулга нь ‘Баялгуудад итгэж найддаг хүний хувьд энэ нь боломжгүй; гэхдээ Бурханд итгэж найдан, Бурханы төлөө бүхнээ орхидог хүнд энэ нь боломжтой. Учир нь түүний хувьд эдгээр бүх зүйл боломжтой’ гэсэн санааг нэмжээ (Иосеф Смитийн Орчуулга, Maрк 10:26 [Марк 10:27, зүүлт тайлбар а])” (Шинэ Гэрээний суралцагчийн гарын авлага [Cүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2014], 63).

Марк 10:38–39. “Та нар Миний уух аяганаас ууж … чадах юм уу?”

“Ахлагч Брүс Р.Макконки ‘аяганаас уух’ гэдэг үгс нь ‘Амьдрал надаас шаардах зүйлсийг хийх’ гэсэн бэлгэдлийн утгатай байсан” гэдгийг тайлбарласан юм. Тэрээр ‘Миний хүртэж байгаа баптисмыг хүртэж’ гэдэг үгс нь ‘миний замаар явж, хавчлага дарамтыг туулж, хүмүүсээр эсэргүүцэгдэж, эцэст нь үнэний төлөө алагдах болно’ (Doctrinal New Testament Commentary, 1:566) гэсэн утгатай гэж тайлбарлажээ. Аврагч ‘Та нар Миний уух аяганаас ууж, Миний хүртэж байгаа баптисмыг хүртэж чадах юм уу?’ (Maрк 10:38) хэмээн асууснаараа Иаков, Иохан хоёрын анхаарлыг алдар суу, нэр хүндийг авахаас илүүтэй Эцэгийн хүслийг биелүүлэхэд дахин хандуулсан юм” (Шинэ Гэрээний суралцагчийн гарын авлага [Cүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2014], 126).

Марк 10:45. “Хүний хүү … үйлчлэхийн тулд … ирсэн”

Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон, Есүс Христ бол агуу байдлын төгс үлгэр жишээ хэмээн гэрчлэхдээ:

“Тэр хүний амьдрал Христийн загварт хамгийн ойр дөхөж очсон бол тэр хамгийн агуу мөн хамгийн адислагдсан мөн баяр баяслаар дүүрэн нэгэн юм. Энэ нь дэлхийн баялаг, эрх мэдэл юм уу нэр хүндээс үл хамаардаг билээ. Агуу бөгөөд адислагдсан, баяр хөөртэй байдлын цорын ганц үнэн сорилт бол амьдрал нь Их Эзэн Есүс Христийнхтэй адил болоход хэр ойр байгаагаас хамаардаг юм” гэжээ (“Jesus Christ: Gifts and Expectations,” Ensign, 1988 оны 12-р сар, 2).