Номын сан
32-р хичээл: Матай 27:1–50


32-р хичээл

Maтай 27:1–50

Оршил

Есүс Христийг алах хуйвалдааныхаа нэг хэсэг болгож, иудейчүүдийн удирдагчид Есүсийг Ромын захирагч Понти Пилат дээр авчрав. Пилат Есүсийг ташуурдуулж мөн цовдлуулахаар явуулав. Есүс Эцэгийнхээ тааллыг гүйцэлдүүлэхээр шаналал, үхлийг хүлцсэн юм.

Заах зөвлөмж

Maтай 27:1–25

Есүс цовдлогдож, яллагдахаар Пилатын өмнө авчрагдсан

Суралцагчдаас дараах асуултын талаар эргэцүүлэн бодохыг хүс. Тухайлбал:

  • Та нар судрын ямар нэг үйл явдлыг нүдээр үзэж чадах байсан бол ямар үйл явдлыг сонгох вэ?

Цөөн суралцагчийг хариултаа хуваалцахад урь. Энэ хичээлээр суралцагчид дэлхийн түүхийн хамгийн чухал үйл явдлуудын нэгээс суралцах болно гэдгийг тайлбарла. Суралцагчдыг тэнд болсон үйл явдлыг нүдээр үзэж байна гэж төсөөлөн бодоход урь.

Өнөөдөр би … харж мөн мэдэрлээ гэсэн гүйцэд биш өгүүлбэрийг самбар дээр бич.

Самбар дээрх гүйцэд биш өгүүлбэрийг харуулаад, суралцагчид Maтай 27:1–50-аас суралцахдаа мэдэрсэн зүйлс дээрээ үндэслэн хичээлийн төгсгөлд уг өгүүлбэрийг гүйцээх боломжтой байх болно гэдгийг тайлбарла.

Есүсийг баривчлагдах үед, “бүх шавь нар Түүнийг орхин зугтсан” гэдгийг суралцагчдад сануул (Maтай 26:56). Дээд тахилч Каиаф, Санедрин хоёр Есүсийг Бурханыг доромжилсон хэрэгт татсан ба энэ нь иудейчүүдийн хуулийн дагуу үхлээр шийтгэгдэх гэмт хэрэг байсан. Гэхдээ Ромын хуулийн дагуу, иудейчүүд Бурханыг доромжилсон хүнд үхлийн ял тулгах эрх мэдэлгүй байв. Тиймийн тул, иудейчүүдийн удирдагчид Ромын хуулийн дагуу Есүсийг үхлээр шийтгэж болох гэмт хэрэг олохыг хичээж байсан.

Матай 27:1–10-ыг дүгнэн, иудейн удирдагчид Есүсийг Иудагийн Ромын захирагч болох Понти Пилат дээр авчирсан гэдгийг тайлбарлан ярьж өг. Иудас үүнийг хараад, Есүсийг барьж өгсөн сонголтондоо гэмшин, иудейн удирдагчдаас авсан мөнгөө буцааж өгөхөөр хичээж, тэгээд өөрийн амийг хорложээ. Мөнгөн зооснууд нь “цусны үнэ” (Maтай 27:6) байсан учраас, үүнийг сүмийн эрдэнэсийн санд хийх нь хууль бус хэрэг тул иудейчүүдийн удирдагчид уг мөнгийг харийн хүмүүсийг оршуулж болох оршуулгын газар болгохоор ваарчны талбайг худалдаж авахад зарцуулжээ. Матай энэ үйл явдлыг Зехариа 11:12–13-т байдаг бошиглолын биелэл гэж өгүүлсэн байдаг.

Цөөн суралцагчийг Maтай 27:11–14-ийг ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхныг дагаж уншаад, иудейн удирдагчид Пилатын өмнө Есүсийг юу гэж буруутгасныг олж мэдэхийг хүс.

  • 11-р шүлэгт цэдэглэснээр, Пилат Есүсээс юу гэж асуусан бэ?

Иудейн удирдагчид Есүсийг урвасан буюу Ромын засгийн газрыг буулгахаар оролдсон гэж буруутгасан бөгөөд Есүсийг Өөрийгөө хаан гэж зарлан, Өөрийн хаант улсыг бий болгохоор эрэлхийлсэн гэж зүтгэсэн гэдгийг тайлбарла.

  • 14-р шүлэгт цэдэглэснээр, Пилат яагаад ихэд гайхсан бэ?

Хэрэв ярих боломж байсан бол тэд Аврагчийг өмгөөлөн Пилатад юу гэж хэлэх байсан талаар тунгаан бодохыг суралцагчдаас хүс. Цөөн суралцагчийг бодол санаагаа ангийнхантайгаа хуваалцахад урь.

Матай 27:15–16-г дүгнэн, жил бүр Дээгүүр өнгөрөх баярын зоогийн үеэр Ромын захирагч нэг яллагдсан гэмт хэрэгтнийг өршөөх нь заншил болсон байсан гэдгийг тайлбарлан ярьж өг. Ард түмэн аль нэг хоригдлыг чөлөөлөхийг сонгох эрхтэй байв. Есүсийг яллах үед байсан нэг хоригдол нь Бараб гэдэг нэртэй хүн байсан бөгөөд тэрээр хулгайч, Ромын эрх мэдэлтний эсрэг босогч, бас хүн алсан хэргээр яллагдсан байв.

Хэдэн суралцагчийг ээлжлэн Матай 27:17–25-ыг ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхныг дагаж уншаад, захирагчийн ордонд цугласан байсан олон хүнээс Пилат юу гэж асуусныг олж мэдэхийг хүс.

  • 17 ба 21-р шүлэгт цэдэглэснээр, Пилат цугларсан олноос юу гэж асуусан бэ?

  • Барабын оронд Есүсийг чөлөөлөхийг санал болгох ямар шалтгаан Пилатад байсан байж болох вэ?

  • Яагаад Пилат эцэст нь Барабыг чөлөөлж, Есүсийг цовдлуулахаар хүргүүлсэн бэ?

Maтай 27:26–50

Есүсийг ташуурдаж, доромжилж, цовдлов

Нэг суралцагчийг Матай 27:26-г чанга уншихад уриад, ангийнхнаас Есүсийг цовдлуулахаар явуулахаасаа өмнө яасан болохыг олж мэдэхийг хүс.

  • Ташуурдуулах гэдэг нь юу гэсэн утгатай вэ? (Удаа дараа олсоор нүдүүлэх гэсэн утгатай.)

Та хурц, барзгар үзүүртэй жижиг чулуу үзүүлэн, ташуурдахад хэрэглэдэг байсан олс нь хурц зүйлсийг (чулуу, төмөр, ясны хэсгүүд гэх мэт) дунд нь оруулан сүлжсэн байдаг байсан гэдгийг тайлбарлахыг хүсэж болох юм. Ийм төрлийн шийтгэл нь зарц боолуудад хэрэглэгддэг байсан бөгөөд Ромын язгуурын цустай хүмүүсийг эсвэл чөлөөт иргэдийг саваагаар зоддог байжээ. Ташуурдуулах нь биед хүнд гэмтэл өгдөг байсан учраас олон хүн үүнээс болж амь алддаг байжээ.

Хэдэн суралцагчийг Матай 27:27–32-ыг ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхныг дагаж уншаад, Ромын цэргүүд Есүсийг яасныг олж мэдэхийг хүс.

  • Ромын цэргүүд Есүсийг доромжлон юу хийсэн бэ?

  • Цэргүүд яагаад Есүсийн загалмайг үүрэх хүнийг олсон гэж та нар бодож байна вэ? (Есүс Гетсеманид шаналж мөн ташуурдуулах үедээ их хэмжээний цус алдан, төсөөлшгүй өвдөлт мэдэрснийхээ дараа бие махбодын хувьд сульдсан байв.)

  • Есүсийг Бурханы Хүү, дэлхийн Аврагч гэдгийг мэддэг болохоор Есүсийн загалмайг үүрэхийг та нарт албадвал ямар санагдах байсан бэ?

Нэг суралцагчийг Матай 27:33–34-ийг чанга уншихад уриад, ангийнхныг Аврагч цовдлогдохынхоо өмнө юу хийхээс татгалзсаныг олж мэдэхийг хүс.

  • Есүс юу хийхээс татгалзсан бэ? (Түүнд өгсөн зүйлийг уухаас татгалзсан.)

Энэ дарсыг өгсөн нь Дуулал 69:21 дээрх бошиглолын биелэл байсан юм. “Цөстэй хольсон” (Maтай 27:34) буюу Маркийн цэдэглэснээр, “мирртэй дарс” (Maрк 15:23) гэдэг нь үхэж байгаа хүний өвдөлтийг багасгахаар өвчин намдаагч болгон өгдөг зүйл байсан гэдгийг та тайлбарлаж болох юм. Үүнээс уухыг татгалзсанаараа Есүс Өөрийн мэдрэмжийг зориуд багасгахгүй байхаар сонгосон бөгөөд Өөрийн цагаатгах шаналлын туршид ой ухаанаа алдахгүй байхаар шийдсэнээ харуулсан.

Цөөн суралцагчаас Матай 27:35–45-ыг ээлжлэн чанга уншихыг, ангийнхнаас хүмүүс Есүсийг доромжилж, уруу татах өөр ямар зүйлс хийснийг олж мэдэхийг хүс.

  • Хүмүүс Есүсийг хэрхэн доромжилж, уруу татсан бэ?

  • Есүс Өөрийгөө чөлөөлөх хүчтэй байсныг мэддэг мөртлөө яагаад загалмай дээрээс бууж ирээгүй гэж та нар бодож байна вэ?

Суралцагчдыг Maтай 27:46-г дотроо уншиж, Есүс загалмай дээр байхдаа юу гэж хэлснийг олж мэдэхэд урь.

  • Есүс юу гэж хэлсэн бэ? (“Бурхан минь, Бурхан минь, юунд Та намайг орхив?”)

Энэ мөчид юу тохиолдсоныг ойлгоход суралцагчдад туслахын тулд, нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын хэлсэн мэдэгдлийг чанга уншихад урь:

Зураг
Ахлагч Жэффри Р.Холланд

“Түүний төгс Эцэг Хүүгээ тэр мөчид орхиогүй юм гэдгийг би бүхий л сэтгэл зүрхнийхээ итгэл үнэмшлээр хэлж байна. Христийн эцсийн зовлон шаналлын тэр мөчид Эцэг нь Хүүгийнхээ энэ дэлхийн номлолын аль ч үед байгаагүй илүүтэйгүүр Түүнтэй ойр байсан гэдэгт би хувьдаа үнэхээр их итгэдэг. Гэсэн хэдий ч … Эцэг Өөрийн Сүнсний тайвшралыг, Өөрийн хувийн оршихуйн дэмжлэгийг ч мөн Есүсээс холдуулсан (“Түүнтэй хамт хэн ч байсангүй,” Ensign эсвэл 2009 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 95–96).

  • Тэнгэрлэг Эцэг яагаад энэ мөчид Өөрийн Сүнсийг Есүсээс авсан гэж та нар бодож байна вэ?

Суралцагчдад 46-р шүлгээс нэг үнэнийг тодорхойлоход туслахын тулд ахлагч Холландын үгийн үлдсэн хэсгийг унш:

“Цагаатгалд энэ нь чухал ач холбогдолтой байсан. Төгс Хүү Есүс хэзээ ч ёсон бусыг ярьж, буруу зүйл хийж, бузар юманд хүрч байгаагүй тул хүн төрөлхтөн ийм нүгэл үйлдсэн үедээ ямар мэдрэмжтэй байдгийг мэдэх шаардлагатай байсан юм. Цагаатгалаа агуу хийгээд мөнхийн байлгахын тулд Тэрээр зөвхөн бие махбодын хувьд үхээд зогсохгүй, сүнсээрээ үхэх нь тэнгэрлэг Сүнс холдон одох, тэр чигээрээ найдваргүйгээр ганцаараа хоцорсон мэт мэдрэмж ямар байдгийг Өөрийн биеэр амсах хэрэгтэй байлаа” (“Түүнтэй хамт хэн ч байсангүй,” 97).

  • Maтай 27:46 болон ахлагч Холландын үгс дээр үндэслэвэл, Цагаатгалын нэг хэсэг болгож Аврагчийн туулсан зүйлийг та нар хэрхэн дүгнэж хэлэх вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Цагаатгалын нэг хэсэг болгон, Тэнгэрлэг Эцэгийн Сүнс холдож байгааг Есүс Христ мэдэрсэн юм гэсэн үнэнийг олж тогтоосон эсэхийг бататга.)

  • Ахлагч Холландын өгүүлснээр, Есүс Христ яагаад Сүнсэнд орхигдохыг үзэж туулсан бэ? (Сүнслэг байдлын хувьд үхэх нь ямар байдгийг мэдрэхээр.)

Бид нүгэл үйлдэх үедээ сүнслэг үхлийг эсвэл Тэнгэрлэг Эцэгийн Сүнс холдсоныг мэдэрдэг гэдгийг тайлбарла. Есүс Христ Гетсеманий цэцэрлэгт болон загалмай дээр сүнслэг үхлийг мэдэрсэн учраас бид буруу сонголтуудынхаа улмаас Тэнгэрлэг Эцэгийн Сүнснээс тусгаарлагдах үед Тэр бидэнд тусалж чадна гэдгийг гэрчил. Мөн Тэр биднийг ганцаардах үед бидэнд тусалж чадна.

Суралцагчдыг Maтай 27:50 болон Иосеф Смитийн Орчуулга, Maтай 27:54-ийг, Maтай 27:50, зүүлт тайлбар a-аас дотроо уншин, Аврагч загалмай дээр байхдаа өөр юу гэж хэлснийг олж мэдэхэд урь.

  • Энэ шүлгийн Иосеф Смитийн Орчуулгад өгүүлснээр, Есүс яагаад тэр бүх зүйлийг тэвчин туулсан бэ? (Суралцагчид Есүс Христ Тэнгэрлэг Эцэгийн тааллыг гүйцэлдүүлэхээр зовж шаналсан юм гэсэн үнэнийг тодорхойлох ёстой.)

Суралцагчдад өмнөх хичээл дээр Maтай 26-аас суралцаж мөн Гетсемани дахь Аврагчийн шаналлыг болон Өөрийн хүслийг Эцэгийнхээ хүсэлд нийцүүлэхэд бэлэн байсан тухай сурч авсан гэдгийг сануул. Та суралцагчдад Есүс амалснаа хийсэн гэдгийг санахад нь туслуулахаар Maтай 26:39-ийг Maтай 27:50-ийн хажууд лавлах эшлэл болгон бичихийг санал болгож болох юм.

  • Яагаад Эцэгийн хүсэл нь Есүсийг Гетсеманиас эхлэн, загалмай дээр энэ бүх шаналлаа үргэлжлүүлэн туулан гарахад хүргэсэн бэ?

Их Эзэн бидний төлөө шаналан зовсны учир бид зөв шударга амьдарснаар Түүнд талархах нь хамгийн сайн арга замуудын нэг гэдгийг тайлбарла. Хичээлийн эхэнд самбар дээр бичсэн “Өнөөдөр би … харж бас мэдэрлээ” гэсэн гүйцэд бус өгүүлбэрийг эргэн хар. Суралцагчдыг хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ уг өгүүлбэрийг гүйцээн бичихэд урь. Хангалттай хугацаа өнгөрсний дараа, та цөөн суралцагчаас бичсэн зүйлээ хуваалцахыг хүсэж болно.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Maтай 27:15–21. Бараб уу, Есүс үү?

Бараб гэдэг нь “эцгийн хүү” гэсэн егөөдсөн утгатай нэр юм. Ахлах тахилчид болон ахлагчдаар өдөөгдсөн хүмүүсийн ихэнх нь Эцэгийн жинхэнэ Хүүг эсэргүүцэн, Барабыг чөлөөлөхийг хүссэн. Нэг талаас, бид бүгд Барабтай адилхан. Эцэгийн жинхэнэ Хүү үхлээр яллагдсан учраас бид чөлөөлөгдсөн нүгэлтэй хүүхдүүд нь юм. Есүс төгс төгөлдөр байсан байхад Бараб хулгайч, алуурчин, урвагч байв. Аврагчийг үхэлд ялласан хүмүүст тодорхой сонголт өгөгдсөн байсан ба тэд хилэнцийг сонгосон юм.

Мосегийн хуульд энэ нь тохиолдохоос олон зуун жилийн өмнө Барабын чөлөөлөлтийг урьдчилан өгүүлсэн байдаг. Мосегийн хуульд жилд нэг удаа Цагаатгалын өдөр дээд тахилч хоёр ямаа сонгодгийг заадаг байжээ. Нэг ямааг нь аглаг буйдад сул тавьдаг байсан бол нөгөө нь “Их Эзэний төлөө” байсан бөгөөд хүмүүсийн нүглийн төлөө өглөг болгон алагддаг байв (Левит 16:8–10-ыг үзнэ үү). Дээд тахилч алагдсан ямааны цусыг авч, асрын Ариунаас Ариунд өргөдөг байжээ. Тэр үүнийг гэрээний авдрын таган дээр (нигүүлслийн суудал гэж нэрлэгддэг) цацдаг байсан нь Израилийн нүглүүдийн төлөө цагаатгал хийж байгааг бэлгэддэг байв.

Хожим нь Далын гишүүн болсон Жэралд Н.Ланд, Цагаатгалын өдрийн үйл явдлууд нь Аврагчийн цусаа өргөсний адилтгал байсан талаар “Христ, Иеховагийн хурга мөн Дээд Пристийн хувьд тэнгэрлэг Ариунаас Ариунд орохын тулд өөрийн цусыг урсгаж, тэгснээр Түүнд итгэж мөн түүний зарлигуудыг дагах хүмүүсийг нүглээс нь аварсан юм” гэж тайлбарлажээ (Еврей 9:11–14, 24–28; 10:11–22; C ба Г 45:3–5-ыг үзнэ үү.) (Jesus Christ, Key to the Plan of Salvation [1991], 67).

Maтай 27:26. Ташуурдуулах гэдэг нь юу гэсэн үг вэ?

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконки ташуурдуулах гэдэг нь юу гэсэн үг болохыг:

“Цовдлохын өмнөх энэ хэрцгий заншил нь ялтны хувцсыг тайлж, түүнийг багананд уян, төмөр, яс зэрэг хурц үзүүртэй зүйлсийг уясан суран олсон ташуураар зоддог заншил байв. Ингэж зодуулсан хүн цус алдаж, сульдаж, зарим тохиолдолд үхдэг байв” гэж тайлбарласан (Doctrinal New Testament Commentary, 3 боть, [1965–1973], 1:807).

Өөр нэгэн тохиолдолд, ахлагч Макконки “олон хүн ташуурдуулснаас болж үхдэг байсан бол Есүс Христ Калварын хэрцгий загалмай дээр хүндлэлгүй үхлийг эдэлж болохын тулд ташуурдалтын тарчлалыг давж гарсан юм” хэмээн давтан хэлсэн байдаг (“The Purifying Power of Gethsemane,” Ensign, 1985 оны 5-р сар, 9–10).