33-р хичээл
Матай 27:51–28:20
Оршил
Есүс Христийг үхэх үед ариун сүмийн хөшиг хоёр хэсэг болон цуурав. Иудейн удирдагчид Есүсийн бие байгаа булшийг манахыг Пилатаас гуйв. Есүс Христ амилан, Өөрийн төлөөлөгчдөд болон өөр олон хүнд үзэгджээ. Тэр Өөрийн төлөөлөгчдөд сайн мэдээг бүх дэлхий даяар түгээхийг зарлиглав.
Заах зөвлөмж
Maтай 27:51–56
Есүс Христийн үхлийн дараа ариун сүмийн хөшиг цуурч, дэлхий доргив
Өөрсдийн чинь эсвэл тэдний мэддэг хэн нэгний дотны хүн нас барж байсан эсэх талаар бодохыг суралцагчдаас хүс. Дараа нь ангийнхнаас асуу:
-
Дотны хайрт хүнээ алдах нь яагаад хэцүү байдаг вэ?
Суралцагчдыг Матай 27:51–28:20-оос суралцаж байхдаа дотны хайрт хүн нь нас барах үед тайвшрахад нь тэдэнд туслах үнэнүүдийг олж мэдэхийг хүс. Та өнөөдрийн хичээлийн хам сэдвийг хангаж өгөхийн тулд Есүс Христ баривчлагдаад цовдлогдох хүртлээ юу туулсныг товч дүгнэн ярьж өгөхийг суралцагчдаас хүсэж болох юм.
Нэг суралцагчийг Матай 27:51-ийг чанга уншихад урь. Ангийнхныг дагаж уншаад, Есүсийг нас барах үед ариун сүм дотор юу болсныг олж мэдэхийг хүс.
-
Есүсийг нас барах үед юу тохиолдсон бэ? (Суралцагчдыг “цуурах” гэдэг нь “хоёр хэсэг болж хуваагдсан” гэдэг утгатайг ойлгуулахын тулд Maтай 27:51, зүүлт тайлбар б-г үзэхэд урь.)
Самбар дээр ариун сүмийн доторхыг харуулах дараах бүдүүвч зургийг хуулж зурах талаар бодож үзнэ үү.
Есүсийн үед ариун сүмд Ариун газар болон Ариунаас ариун гэсэн хоёр өрөө байдаг байсныг тайлбарла. Ариунаас ариун нь Бурхантай хамт байгааг төлөөлдөг байв. Энэ хоёр өрөө хоорондоо хөшиг, гивлүүрээр тусгаарлагддаг байжээ. Жилд нэг удаа, Цагаатгалын өдөр, дээд тахилч ариун сүмийн Ариун газраас хөшигний цаад тал руу Ариунаас ариун өрөө рүү орж, тэнд Израилийн бүх ард түмний нүглүүдийг цагаатгуулахаар нүглийн цусыг цацдаг байжээ (Левит 16-г үзнэ үү). Есүс Христийг нас барах үед ариун сүмийн хөшиг хоёр хэсэг болон цуурсан нь Есүс Христ, Агуу Дээд Прист үхлийн хөшгийг туулж гараад, удалгүй Бурхан Эцэгийн дэргэд очих гэж байгааг харуулсан сүрлэг бэлгэ тэмдэг байв.
Суралцагчдад хөшиг цуурсны ач холбогдлыг илүү сайн ойлгоход нь туслахын тулд нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконкигийн хэлсэн дараах үгийг уншихад урь.
ЗурагАхлагч Брүс Р.Макконки“Ариунаас ариун нь одоо бүх хүнд хүртээмжтэй бөгөөд Хурганы цагаатгагч цусаар дамжуулан бүгдээрээ мөнх амьдрал олддог хаант улс болох хамгийн ариун, дээд газарт орж чадна. … Эртний ариун сүмд хөшигний цаана гаран үйлддэг байсан ёслол Христийн хийх зүйлийн адилтгал байсан бөгөөд тэр үүнийг хийсэн учраас бүх хүн бүрэн дүүрэн өргөмжлөл өвлөн авахын тулд Их Эзэний дэргэд байхаар хөшигний цаана гарч ирэх эрхтэй болжээ” (Doctrinal New Testament Commentary, 3 боть, [1965–1973], 1:830).
-
Хөшиг цуурсан явдлаас бид Есүс Христийн Цагаатгалын тухай ямар чухал үнэнийг мэдэж авч чадах вэ? (Суралцагчдыг хариулсны дараа самбар дээр Есүс Христийн Цагаатгалын ачаар хэрэв бид бүгд наманчлан, гэрээнүүдээ сахих аваас Бурханы дэргэд очиж чадна гэсэн үнэнийг бич.)
-
Есүс Христийн Цагаатгал нь Бурханы дэргэд буцаж очихыг бидэнд хэрхэн боломжтой болгодог вэ?
Есүс Христийн Цагаатгал нь биднийг Бурханы дэргэд очих боломжтой болгодог хэдий ч бид Тэнгэрлэг Эцэгтэйгээ мөнхөд хамт байх зохистой байхын тулд өөрсдийн зүгээс хийх зүйлсээ хийх ёстой гэдгийг онцлон хэл.
-
Тэнгэрлэг Эцэгтэй мөнхөд хамт орших зохистой байхын тулд бид юу хийх ёстой вэ?
Maтай 27:52–56-г дүгнэн, Есүс Христийг амилсны дараа, өмнө нь нас барсан байсан олон зөв шударга хүн амилуулагдаж, Иерусалим дахь олон хүнд үзэгдсэн гэдгийг тайлбарлан ярьж өг. Эдгээр шүлэг нь Есүсийн үхлийг нүдээр харсан хүмүүсийн дунд Ромын зуутын дарга болон олон эмэгтэй байсан гэдгийг харуулдаг.
Нэг суралцагчийг Матай 27:54-ийг чанга уншихад урь. Ромын зуутын дарга болон түүнтэй хамт байсан хүмүүс Аврагчийг цовдлогдсоны дараа тохиолдсон үйл явдлуудыг нүдээр хараад, хэрхэн хандсаныг олж мэдэхийг ангийнхнаас хүс.
-
Зуутын дарга болон түүнтэй хамт байсан хүмүүс хэрхэн хандсан бэ?
-
Тэднийг “Үнэхээр [Есүс] Бурханы Хүү байжээ” гэж хэлэхэд хүргэсэн байж болох юуг тэд харсан бэ?
Maтай 27:57–66
Иудейн удирдагчид Есүсийн булшийг харгалзуулахаар Пилаттай хуйвалдав
Maтай 27:57–61-ийг дүгнэн, Есүсийг нас барсны дараа, Ариматаас ирсэн Иосеф гэгч нэгэн баян дагалдагч “Есүсийн цогцсыг гуйсан” гэдгийг тайлбарлан, ярьж өг (58-р шүлэг). Тэр Есүсийн биеийг цэвэр даавуунд ороож, өөрийн хувийн хадан булшинд тавин, хадан булшны үүдийг том чулуугаар хаажээ.
Хэдэн суралцагчийг Матай 27:62–66-г ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхныг дагаж уншаад, ахлах тахилчид болон фарисайчууд Пилатаас юу хүссэнийг олж мэдэхийг хүс.
-
Ахлах тахилчид болон фарисайчууд Пилатаас юу хүссэн бэ?
-
Тэд яагаад үүнийг хүсэж байсан бэ?
Maтай 28:1–20
Есүс Христ амилж мөн олонд үзэгдэв
Долоо хоногийн эхний өдөр буюу ням гаргийн өглөө эрт Магдалын Мариа өөр нэг Мариа гэдэг нэртэй эмэгтэйн хамт өөрсдийн хайрын тэмдэг болгон Есүсийн биеийг тослохоор хадан булш руу ирсэн гэдгийг тайлбарла. Цөөн суралцагчаас Матай 28:1–6-г ээлжлэн чанга уншихыг хүс.
-
Уг эмэгтэйчүүд хадан булшинд ойртон ирэхдээ юу харсан бэ? (Иосеф Смитийн Орчуулга нь уг эмэгтэйчүүд нэг биш, харин хоёр тэнгэр элчийг харсан болохыг тодорхой болгож өгдөг [Maтай 28:2, зүүлт тайлбар a-г үзнэ үү].)
-
Хэрэв та нар хоёр тэнгэр элчийг харсан бол хэрхэн хандах байсан бэ? Харуулууд хэрхэн хандсан бэ?
-
5–6-р шүлэгт цэдэглэснээр, тэнгэр элчүүд эмэгтэйчүүдэд юу гэж хэлсэн бэ?
-
Эдгээр үгээс бид ямар үнэнийг мэдэж авч болох вэ? (Суралцагчдыг хариулсны дараа самбар дээр Есүс Христ үхлээс амилсан гэсэн үнэнийг бич.)
Суралцагчдад Амилуулалтын сургаалыг ойлгоход нь туслахын тулд тэднийг хоёр, гурваар нь бүлгүүдэд хуваарилж, бүлгээрээ дараах тараах материалыг гүйцээж бичихэд урь.
“Тэр үхэгсдээс амилжээ” (Матай 28:6)
Шинэ Гэрээний семинарын багшийн гарын авлага—33-р хичээл
Bible Dictionary дээрээс “Амилалт” хэсгийг судал. Тэгээд доорх асуултуудыг ярилцаж, хариултаа өгөгдсөн зайд бич.
Үхлээс буцааж авчрагдах, амилуулагдах хоёр нь хоорондоо ямар ялгаатай вэ? | |
Есүс Христ амилсны үр дүнд бүх хүн төрөлхтөнд юу тохиох вэ? | |
Амилуулалтын сургаалыг ойлгох нь дотны хайрт хүмүүсээ алдсан тэдэнд хэрхэн тайвшрал өгч болох вэ? |
© 2015 by Intellectual Reserve, Inc. Бүх эрх хамгаалагдсан.
Цөөн суралцагчаас тараах материалыг бөглөснөөр юу мэдэж авснаа ангийнхантайгаа хуваалцахыг хүс.
Нэг суралцагчийг ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн хэлсэн дараах үгийг чанга уншихад урь:
ЗурагЕрөнхийлөгч Гордон Б.Хинкли“Тэр амилуулалтын өглөөний, хамгийн анхны Христийн амилсны баярын ням гаргийн гайхамшиг нь бүх хүн төрөлхтний хувьд гайхамшиг байсан юм. Энэ бол Хайрт Хүү нь бүх хүний нүглийг цагаатгахаар Өөрийн амьдралыг өгч, Бурханы хүү, охин бүрд хайрын золиослол болгосон тэрхүү Бурханы хүчний гайхамшиг юм. Ийн үйлдсэнээр Тэр үхлийн лацыг эвджээ. …
Мөн Тэр Өөрийн биетэй нэгдэж, булшнаас гарч ирсэн шиг бид бүгд мөн адил бие ба сүнсний нэгдмэл байдлыг таалж, өөрсдийн амилуулагдах өдөр амьд сүнснүүд болох юм.
“Тиймийн тул, бид бусад олны адил, бүх хүн төрөлхтөн ингэх ёстойн адил, хүн төрөлхтний түүхийн бүхий л үйл явдлаас хамгийн алдар суут, хамгийн тайвшруулам, хамгийн бататгам үйл явдал болох үхлийн дээрх ялалтыг санахдаа баясдаг юм” (“The Victory over Death,” Ensign, 1997 оны 4-р сар, 4).
Нэг суралцагчийг Матай 28:7–10-ыг чанга уншихад урь.
-
7-р шүлэгт цэдэглэснээр, тэнгэр элчүүд уг эмэгтэйчүүдэд юу хийхийг тушаасан бэ?
-
Эмэгтэйчүүд яагаад “айдас болон баяр хөөртэйгөөр” орхин явсан гэж та нар бодож байна вэ?
-
Эмэгтэйчүүд энэ явдлын талаар шавь нарт хэлэхээр явах үед тэдэнд юу тохиолдсон бэ?
Maтай 28:11–15-ыг дүгнэн, эмэгтэйчүүд Есүсийн амилсан тухай мэдээг шавь нарт хэлэхээр яаран явах хооронд ахлах тахилчид хадан булшийг манаж байсан цэргүүдээс юу тохиолдсон талаар сонссон гэдгийг тайлбарлан ярьж өг. Иудейчүүдийн удирдагчид ард түмэн болсон явдлын талаар олж мэдэхээс айн, уг цэргүүдэд тэднийг унтаж байхад Аврагчийн шавь нар ирээд, Түүний биеийг булшнаас авчихсан гэж худал хэлүүлэхээр тэдэнд мөнгө төлжээ.
Нэг суралцагчаас Матай 28:16–18-ыг чанга уншихыг хүс. Ангийнхныг дагаж уншаад, арван нэгэн төлөөлөгч Галил руу яв гэсэн эмэгтэйчүүдийн үгсийг дагаснаар ямар адислал тэдэнд ирснийг олж мэдэхийг хүс.
-
Эмэгтэйчүүдийн үгсийг дагаснаар арван нэгэн шавьд ямар адислал ирсэн бэ?
Нэг суралцагчийг Матай 28:19–20-ийг чанга уншихад урь. Ангийнхныг дагаж уншаад, төлөөлөгчид Өөрийг нь харсны дараа юу хийх ёстой гэж Аврагч зарлигласныг олж мэдэхийг хүс.
-
Төлөөлөгчид Аврагчийг харсныхаа дараа юу хийхээр зарлигдуулсан бэ?
-
Бид Eсүс Христийн талаар гэрчлэлтэй болох үедээ хүлээдэг үүрэг хариуцлагын талаар энэ явдлаас юуг сурч чадах вэ? (Суралцагчдыг хариулсны дараа самбар дээр Бид Есүс Христийн талаар гэрчлэлтэй болох үедээ, Түүний тухай бусдад гэрчлэх үүрэг хариуцлага хүлээдэг гэсэн үнэнийг бич.)
Суралцагчдыг гарч ирж, самбар дээр Есүс Христийн талаар бусдад гэрчилж болох арга замуудыг жагсаан бичихэд урь. Та суралцагчдыг бичсэн саналынхаа талаар жишээ гаргаж эсвэл тайлбарлахад урьж болно. Тэгээд дараах асуултуудыг тавь:
-
20-р шүлэгт цэдэглэснээр, Аврагч төлөөлөгчдөдөө ямар амлалт өгсөн бэ?
-
Их Эзэн сайн мэдээг хуваалцах хичээл зүтгэлд чинь ямар замаар “та нартай” хамт байж, та нарт тусалж байсан бэ?
Суралцагчдыг Есүс Христийн талаарх гэрчлэлээ бусадтай хуваалцахад нь урамшуулан дэмж. Тэдэнд ийн үйлдэхэд нь туслахын тулд, суралцагчдаас Есүс Христийг болон Түүний сайн мэдээний талаар гэр бүлийн гишүүд, найзууддаа мөн бусдад гэрчлэх хувийн зорилго тавихаар самбар дээр байгаа санаануудын нэгийг ашиглахыг хүс. Суралцагчдыг зорилгоо хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ бичихэд урь.
Зурагтөгс эзэмших судрын шигтгээ зураг Төгс эзэмших судар—Матай 28:19–20
Суралцагчдад төгс эзэмших судрын хэсгийг чээжлэхэд нь туслахын тулд тэднийг хос болгон хуваарилж, хос бүрийн нэг гишүүнийг уг судрын хэсгийг жижиг цаасан дээр бичихэд урь. Уг цаасыг судрын үгсийг гэмтээлгүйгээр тууз болгон хайчлахыг суралцагчдаас хүс. Суралцагчдыг туузан цааснуудаа холиод, (шаардлагатай бол судраасаа харж байгаад) зөв дараалалд оруулж тавихыг хүс. Судраа ашиглах шаардлагагүй болтол үүнийг давтан хийхийг суралцагчдаас хүс. Суралцагчдыг нэг тууз цаасыг холдуулж, үүн дээрх үгсийг чээжээр хэлэхэд урамшуулан дэмж. Суралцагчид уг туузан дээрх үгсийг чээжилсний дараа дахиад өөр нэг туузыг холдуулж, хоёр хэсгийг хоёуланг чээжээр хэлэхэд урамшуулан дэмж. Бүгдийг нь чээжээр уншиж чадах хүртлээ энэ үйл явцыг үргэлжлүүлэн хийх боломжийг тэдэнд олгоорой.
Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл
Maтай 28:6. “Тэр амилсан“
Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон, Есүс Христийн Амилалтаас илүү чухал үйл явдал байгаагүй гэж тунхаглахдаа:
“Түүхийн хамгийн агуу үйл явдлууд нь хамгийн олон хүнд хамгийн удаан хугацаагаар нөлөөлдөг үйл явдлууд байдаг. Энэ жишгээр бол Эзэний Амилалтаас өөр ямар ч үйл явдал хувь хүмүүст болон үндэстнүүдэд илүү чухал байх аргагүй юм. Дэлхий дээр амьдарсан мөн нас барсан бүх бодгалийн амилуулалт эцэстээ тохиох нь судруудад баттай тул хүн бүр илүү хичээнгүйлэн бэлтгэвэл зохих үүнээс өөр үйл явдал байхгүй юм. Амилалтаас өөр дэлхийг бүхэлд нь хамарсан зүйл байдаггүй. Амьд биес болгон амилуулагдах болно” гэжээ (“The Greatest Event in History,” New Era, 2004 оны 4-р сар, 45).
Maтай 28:19. “Иймээс явж, бүх үндэстнийг дагалдагч болгогтун”
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид A.Бэднар Сүмийн гишүүд олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглан сайн мэдээг зааж чадна хэмээн заахдаа:
“Их Эзэн Өөрийн ажлыг яаравчлуулж байна, мөн ийм олон нийтийн хүчтэй санаа, шинэ зүйлүүд цаг үеийн бүрэн дүүрэн байдалд тохиож байгаа нь тохиолдлын явдал биш юм. Олон нийтийн мэдээллийн сувгууд олон хүнд болон гэр бүлүүдэд эергээр хүн тус бүрд нөлөөлж болох дэлхий даяар тархсан зэмсэг юм. Бид Христийн шавь нарын хувьд Бурхан Мөнхийн Эцэг, Түүний хүүхдүүддээ зориулсан аз жаргалын төлөвлөгөө, Түүний Хүү Есүс Христийг дэлхийн Аврагч гэдгийг гэрчилж; хожмын өдрүүд дэх сайн мэдээний Сэргээлтийн бодит байдлыг тунхаглаж; Их Эзэний ажлыг гүйцэтгэхэд эдгээр сүнслэгээр өдөөгдсөн тусламжийн зүйлсийг зөв зохистой, илүү үр дүнтэй ашиглах цаг болсон гэдэгт би итгэдэг” гэжээ (“To Sweep the Earth as with a Flood” [Brigham Young University Campus Education Week devotional, 2014 оны 8-р сарын 19], LDS.org).