21-р хичээл
Матай 18
Оршил
Есүс Христ тэнгэрт өргөгдсөнийхөө дараа Өөрийн Сүмийг удирдахад туслах зарчмуудыг шавь нартаа заав. Петрийн уучлалын талаарх асуултын хариуд Их Эзэн нигүүлсэх сэтгэлгүй боолын сургаалт зүйрлэлийг өгөв.
Заах зөвлөмж
Maтай 18:1–20
Есүс Христ шавь нартаа Сүмийг удирдахад туслах зарчмуудыг заасан
Өөрт чинь худал хэлэх, ямар нэг зүйлээ хулгайд алдах, найздаа хууртах зэрэг гомдлыг самбар дээр бич. Суралцагчдыг эдгээр гомдол бүрийг 1–10-ын хооронд дүгнэж, уучлахад хамгийн амархныг нь 1, уучлахад хамгийн хэцүүг 10 гэж үзээд, дор бүрнээ дүгнэхийг хүс. Хүсэж байгаа цөөн суралцагчийг эдгээр гомдол бүрд хэдэн оноо өгснөө хуваалцахад урь.
Яагаад бид уучлахад хэцүү үед ч бусдыг уучлах ёстой байдаг талаар тунгаан бодоход суралцагчдыг урь.
Суралцагчдыг Maтай 18-аас суралцах явцдаа, яагаад бид бусдыг уучлах ёстойг ойлгоход туслах үнэнүүдийг олж мэдэхэд урь.
Матай 18:1–14-ийг дүгнэн, Есүс шавь нартаа өөрсдийгөө даруусгаж, бяцхан хүүхдүүдийн адил болохыг зааварчилсан гэдгийг тайлбарлан ярьж өг. Түүнчлэн Тэр бяцхан хүүхдүүдийг “гомдоож”, тэднийг төөрөгдүүлэн эсвэл тэдний итгэлийг бүдрүүлэхэд хүргэдэг хүмүүс Бурханы шударга ёсонд захирагдах болно хэмээн тайлбарласан (6–7-р шүлэг мөн 6-р шүлэг, зүүлт тайлбар a-г үзнэ үү). Тэгээд Аврагч шавь нартаа өөрсдийг нь гомдоох эсвэл бүдрэхэд хүргэх зүйлсийг амьдралаасаа холдуулахыг зөвлөсөн (9-р шүлгийг үзнэ үү). (Тэмдэглэл: Матай 18:1–14 дэх Аврагчийн заасан зүйлсийг Марк 9 ба Лук 15-ыг судлах хичээлүүд дээр илүү дэлгэрэнгүй ярилцах болно).
Аврагч шавь нартаа өөрсдийг нь бүдрэхэд хүргэх зүйлсийг амьдралаасаа зайлуулахыг зөвлөснийхөө дараа, хэн нэгнийг өөрийнх нь эсрэг нүгэл үйлдэх юм уу зөрчил гаргаваас юу хийх ёстой талаар тэдэнд хэлсэн. Тэр түүнчлэн төлөөлөгчдөд Сүмийн сахилга батын зарчмуудыг заасан.
Нэг суралцагчийг Матай 18:15-ыг чанга уншихад уриад, Есүс шавь нартаа хэн нэгэн тэдний эсрэг зөрчил гаргах юм бол юу хий гэж хэлснийг олж мэдэхийг ангийнхнаас хүс.
-
Энэ шүлгээс бид хэн нэгэн бидний эсрэг зөрчил гаргах аваас юу хийх ёстой талаар юу сурч болох вэ?
Maтай 18:16–17-г дүгнэн, Аврагч Өөрийн төлөөлөгчдөд хэрэв хэн нэгэн өөрийн үйлдсэн бурууг хүлээн зөвшөөрөхгүй мөн нүглээ тоочихгүй аваас мөн түүний эсрэг хоёроос илүү гэрч гэрчлэх аваас уг хүн Сүмээс хасагдах болно хэмээн хэлснийг тайлбарлан ярьж өг. Та түүнчлэн, өнөөдөр Сүмийн сахилга батын зөвлөлийг удирддаг хүмүүс тиймэрхүү шийдвэрийг гаргахдаа уг хувь хүн Сүмээс хасагдах уу эсвэл хөөгдөх үү гэдэгт Их Эзэний тааллыг үргэлж эрэлхийлдэг гэдгийг тайлбарлахыг хүсэж болох юм.
Нэг суралцагчийг Матай 18:18–20-ийг чанга уншихад урь. Суралцагчдаас дагаж уншихыг мөн төлөөлөгчид ямар эрх мэдэл хүлээн авсныг олж мэдэхийг хүс.
-
Ямар эрх мэдэл төлөөлөгчдөд өгөгдсөн бэ? (Аврагч төлөөлөгчдөд санваарын түлхүүрүүдийг өгсөн ба энэ нь тэдэнд Петрийн удирдлаган дор лацдах ёслолуудыг гүйцэтгэх мөн гэм нүгэлтэй хүн гишүүн хэвээр үлдэх эсэх гэх мэт Сүмийн талаар эцсийн шийдвэрийг гаргах эрх мэдлийг олгосон гэдгийг тайлбарла [Maтай16:19-ийг үзнэ үү].)
-
19–20-р шүлэгт Их Эзэн төлөөлөгчдөдөө юу амласан бэ? (Та 20-р шүлгэн дээрх амлалтыг тэмдэглэхийг суралцагчдад санал болгож болно.)
Матай 18:21–35
Их Эзэн нигүүлсэл үгүй зарцын сургаалт зүйрлэлийг хэлсэн
Хоёр сартай хүүхэд нь нас барсан нэгэн гэр бүлийн талаар ерөнхийлөгч Томас С.Монсоны ярьсан дараах түүхийг чанга уншихад нэг суралцагчийг урь.
“Эцэг [нь] шүүгээ хийдэг хүн байсан болохоор бяцхан үрдээ зориулан, гоё авс хийжээ. Оршуулгын өдөр, хайртай бяцхан үрээ алдсан тэдний уй гашууг илтгэх адил бүрхэг бүүдгэр байв. Эцэг нь авсыг өргөж, гэрийнхэн нь цуглааны байранд алхан ирэхэд цөөхөн найз нөхөд цугларсан байлаа. Гэтэл цуглааны байрны хаалга цоожтой байв. Үргэлж завгүй байдаг бишоп оршуулгатай гэдгийг мартсан байжээ. Түүнтэй холбоо барих гэж оролдсон ч талаар болов. Яахаа мэдэхээ больсон эцэг авсыг тэвэрч, гэрийнхэнтэйгээ хамт ширүүн бороонд алхсаар, гэртээ харьжээ” (“Hidden Wedges,” Ensign, 2002 оны 5-р сар, 19).
-
Хэрэв та уг гэр бүлийн гишүүн байсан бол уг бишоп оршуулгын үйл ажиллагаанд ирээгүй нь ямар санагдах байсан бэ?
-
Яагаад бишопыг уучлах хэцүү байх вэ?
Аврагчийг төлөөлөгчдөд зааварчилсны дараа Петр Их Эзэнээс уучлалын тухай асуусан гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг Матай 18:21-ийг чанга уншихад уриад, суралцагчдаас Петрийн асуултыг олж мэдэхийг хүс.
-
Петр Аврагчаас юу гэж асуусан бэ?
Петрийн өдрүүд дэх шашны зарим удирдагч хэн нэг хүн өөр хүнд гурваас илүү удаа уучлалт үзүүлэх хэрэггүй гэж заадаг байсныг тайлбарла. Петр Их Эзэнээс хэн нэгнийг долоон удаа уучлах хэрэгтэй юү гэж асуухдаа өөрийгөө өгөөмөр хандаж байна гэж бодож байсан байж болох юм (Брүс Р.Макконки, The Mortal Messiah, 4 боть, [1979–1981], 3:91-ийг үзнэ үү). Суралцагчдыг Maтай 18:22-ыг дотроо уншиж, Аврагч Петрт юу гэж хариулсныг олж мэдэхэд урь.
-
Аврагч бидний эсрэг нүгэл үйлдэж эсвэл биднийг гомдоодог хүмүүсийг бид хэдэн удаа уучлах ёстой гэж хэлсэн бэ? (“Дал дахин долоон удаа” гэдэг нь бидний бусдыг уучлах тоонд хязгаар байх ёсгүй гэж хэлж байгаа үг гэдгийг тайлбарла.)
-
Бид Аврагчаас, бусдыг уучлах талаар ямар үнэнд суралцаж чадах вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Их Эзэн биднийг гомдоох эсвэл бидний эсрэг нүгэл үйлдэх тэднийг уучлахыг бидэнд зарлигласан гэсэн үнэнийг олж тогтоосон эсэхийг бататга.)
-
Бусдыг уучлах гэдэг нь юу гэсэн үг вэ? (Бусдыг уучлах гэдэг нь биднийг гомдоож эсвэл шархлуулсан хүнд хайраар хандаж мөн түүнтэй харьцахдаа найрсаг бус сэтгэлийг агуулахгүй байхыг хэлдэг гэдгийг тайлбарла [Судруудын удирдамж, “Forgive,” scriptures.lds.org; C ба Г 64:9–11-ийг үзнэ үү]. Уучлах гэдэг нь бид бусдад өөрсдийгөө шархлуулахыг үргэлжлүүлэн зөвшөөрөхийг хэлдэггүй мөн гомдоогч нь хуулийн өмнө юм уу өөр байдлаар өөрийнхөө үйлдэлд хариуцлага хүлээхгүй гэсэн үг биш юм.)
Аврагч Петрийн асуултад хариулсны дараа, яагаад бид бусдыг уучлах ёстой талаар ойлгоход бидэнд туслах сургаалт зүйрлэлийг шавь нартаа заасан юм.
Суралцагчдыг хос болгон хуваарилаад, хос бүрийг Maтай 18:23–35-ыг хамтдаа уншиж, яагаад бид бусдыг уучлах ёстойг олж мэдэхэд урь. Хангалттай хугацаа өнгөрсний дараа суралцагчдыг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь.
Суралцагчдад энэ сургаалт зүйрлэлийн тухай ойлголтоо гүнзгийрүүлэхэд нь туслахын тулд самбар дээр дараах үгсийг хуулж бич:
Хаан |
Боол |
Нөгөө боол |
-
Боол нь хаандаа хэр их мөнгө өгөх ёстой байсан бэ? (Боол гэдгийн доор хаанд 10000 талантын өртэй байсан гэж бич.)
Есүсийн үед 10 000 талант нь 100 000 000 денартай [Ромын мөнгөний нэгж] тэнцдэг байсан гэдгийг тайлбарла. Энгийн боол хүний хувьд өдрийн цалин нь нэг денар байдаг байсан” (Жэй A.Пэрри болон Доналд В.Пэрри, Understanding the Parables of Jesus Christ (2006), 95-ыг үзнэ үү.) 100 000 000 динарыг 365 өдөрт хуваан, уг боол энэ өрийг төлж дуусгахад хэдэн жил хэрэгтэйг тооцоолж бодохыг суралцагчдаас хүс (100 000 000/365 = 273 973). Самбар дээр хаанд 10 000 талантын өртэй гэдгийн доор 273 973 жил гэж бич.
-
Нөгөө боол нь уг боолд хэдийг төлөх ёстой байсан бэ? (Нөгөө боол гэдгийн доор боолд 100 пэнсийн өртэй гэж бич.)
100 пэнс нь 100 динартай тэнцдэг гэдгийг тайлбарла. Тиймээс нөгөө боол нь уг зарцад 100 өдрийн ажлын хөлсийг буюу жилийн цалингийнхаа гуравны нэгийг төлөх ёстой байв. Самбар дээр боолд 100 пэнсийн өртэй гэдгийн доор 100 өдөр гэж бич.
-
Хаан боолдоо, нөгөө боолын өрийг уучлаагүйн төлөө түүнийг яагаад хилэнцэт гэж хэлсэн гэж та нар бодож байна вэ?
Сургаалт зүйрлэл дэх энэ гурван хүн тус бүр хэнийг төлөөлж байгаа гэж бодож байгааг суралцагчдаас асуу. (Суралцагчдыг хариулсны дараа, самбар дээр Хаан = Тэнгэрлэг Эцэг, боол = бид, нөгөө боол = биднийг гомдоосон хүмүүс гэсэн боломжит төлөөллүүдийг бич.)
-
Яагаад бид бусдыг уучлах ёстой талаар Аврагч шавь нартаа ямар зарчим заахыг хичээж байсан гэж та нар бодож байна вэ? (Суралцагчид Хэрвээ бид Бурханаас биднийг уучлаасай гэж хүсэж байвал өөрсдөө бусдыг уучлахад бэлэн байх ёстой гэсэнтэй төстэй зарчмыг тодорхойлох ёстой. Энэ зарчмыг самбар дээр бич.)
-
Хэрэв хүн хэн нэгнийг уучлахад хэцүү байгаа бол юу хийж болох вэ?
Бусдыг уучлахад илүү бэлэн байхын тулд юу хийж чадахаа ойлгоход суралцагчдад туслахаар, нэг суралцагчийг Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Жэймс Э.Фаустын дараах үгийг чанга уншихад урь. Боломжтой бол, суралцагч бүрд тараах материал болгож бэлд.
“Бид уур хилэнгийн мэдрэмжүүдийг таньж, ухамсарлах хэрэгтэй. Ингэхийн тулд даруу байх хэрэгтэй болно. Хэрэв бид өвдөг сөхрөн, Тэнгэрлэг Эцэгээс уучлах мэдрэмжийг гуйх аваас Тэр бидэнд туслах болно. ‘Үзэн ядалт сүнслэг өсөлтийг маань сааруулдаг’ [Орсон Ф.Витней, Gospel Themes (1914), 144] тул Их Эзэн биднээс өөрсдийн сайн сайхны төлөө ‘бүх хүмүүнийг уучлахыг’ [C ба Г 64:10] шаарддаг. Бид өөрсдийгөө үзэн ядалт болоод муу бодлоос чөлөөлж байж л Их Эзэн зүрх сэтгэлийг маань тайвшруулж чадна. …
“… Бид эмгэнэлтэй байдал тулгарах үед хувийн өшөө авалтаар хариулах бус, харин түүний оронд шударга ёсонд даатган, улмаар мартаж орхих ёстой. Үүнийг мартаж орхих мөн үгширсэн гомдлоо зүрх сэтгэлээсээ хоослон гаргах нь амаргүй. Аврагч Цагаатгалаараа дамжуулан бид бүгдэд эрхэм амар амгаланг өгсөн ч энэ нь гагцхүү биднийг уур хилэн, дайсагнал эсвэл өшөө авалтын сөрөг мэдрэмжээ хаях хүсэлтэй байх үед л ирэх болно. ‘Бидний эсрэг зөрчил үйлдсэн тэднийг’ [Иосеф Смитийн орчуулга, Maтай 6:13], бүр ноцтой нүгэл үйлдсэн хүмүүсийг уучилдаг бид бүгдэд Цагаатгал нь амар амгалан, тайвшралыг авчирдаг” (Жэймс Э.Фауст, “The Healing Power of Forgiveness,” Ensign эсвэл Liahona, 2007 оны 5-р сар, 69).
-
Ерөнхийлөгч Фауст бусдыг уучлахад туслах юуг хий гэж бидэнд хэлсэн бэ?
-
Ерөнхийлөгч Фаустын өгүүлснээр, бид бусдыг уучлах үед юу тохиолдож болох вэ?
Хичээлийн эхэнд хуваалцсан ерөнхийлөгч Монсоны түүхийг суралцагчдад сануулаад, нэг суралцагчаас уг түүхийн дүгнэлтийг уншихыг хүс.
“Хэрэв уг гэр бүл хэцүү зан авиртай байсан бол бишопыг буруутгаж, сэтгэлдээ муу бодол хадгалах байсан биз. Гэвч бишоп эмгэнэлт явдлын тухай олж мэдээд, тэднийд очиж уучлалт гуйсан байна. Царайд нь гомдол илэрхий байсан ч нүдэндээ нулимстай сайхь эцэг бишопыг уучилж, тэр хоёр харилцан ойлголцлын сүнсээр тэврэлджээ” (“Hidden Wedges,” Ensign, 2002 оны 5-р сар, 19).
-
Та нарын эсрэг нүгэл үйлдсэн эсвэл та нарыг гомдоосон хүнийг уучлахад Их Эзэн та нарт хэрхэн тусалж байсан бэ?
-
Бусдыг уучлахад та нарт юу тус болж байсан бэ? (Суралцагчдыг эдгээр асуултад хичээлийн дэвтэртээ эсвэл судрын тэмдэглэл дээрээ хариулж бичихэд урих тухай бодож үзээрэй.)
Тэд өөрсдөө хэнийг уучлахгүй байгаа байж магадгүй гэдгийг тунгаан бодоход суралцагчдыг урь. Тэднийг бусдыг уучлах хүсэлтэй болох мөн уур, гомдлоо мартах чадварын төлөө залбирахад урь, тэгснээр Есүс Христ Өөрийн Цагаатгалаар дамжуулан амар амгалан ба тайвшралыг мэдрэхэд тэдэнд тусалж чадна.