10-р хичээл
1 Нифай 6 ба 9
Оршил
Нифай “миний бүхий л зорилго бол Абрахамын Бурхан, мөн Исаакийн Бурхан, мөн Иаковын Бурханд ирж, аврагд хэмээн хүмүүнд ятгах нь болой” (1 Нифай 6:4) хэмээн тунхагласан юм. Тэрээр Нифайн бага ялтас, их ялтас хэмээх хоёр ялтсаас бүрдсэн бичээсийг хөтөлсөн юм. Их Эзэн түүнд бага ялтас дээр Лихайн цэдгийг хураангуйлахыг зарлигласан (2 Нифай 5:28–31-ийг үз). Хожим нь Мормон бага ялтсыг өөрийн цэдэгтэй хамт Мормоны Номонд багтаах сүнслэг өдөөлтийг хүлээн авсан билээ ( Мормоны Үгс 1:6–7-г үз). Нифай болон Мормон хоёулаа яагаад гэдгийг нь мэдэхгүй байсан ч Их Эзэний удирдамжийг дагасан юм.
Заах зөвлөмж
1 Нифай 6
Нифай бүх хүмүүнийг Есүс Христэд ирэхэд урихын тулд бичиглэдэг
Өнөөдрийн залуусын сайн мэддэг зарим ном эсвэл киног үзүүл. Тэдгээр ном эсвэл киног зохиосон хүмүүсийн зорилго нь юу байсан гэж бодож байгааг нь асуу. Мормоны Номыг үзүүл. 1 Нифай 6 дээр Нифай өөрийн бичиглэлийн зорилгыг тайлбарласан байдаг ба түүний тайлбар Мормоны Номын нэг хэсэг болсон юм.
Суралцагчдаас 1 Нифай 6:3–6-г уншиж, Нифайн өөрийн бичээсийг хадгалан үлдээх зорилгыг тодорхойлсон үг болон хэсгийг олохыг хүс. (Та мөн суралцагчдаас дараах үгсийг олж тэмдэглэхийг хүсч болно.)
-
Нифай “дэлхийд таалагдах зүйлүүдийг” бус харин “Бурханы таалалд нийцэх” зүйлсийг бичих нь яагаад чухал байсан бэ?
-
Та Нифайн зорилгыг өөрийн үгээр юу гэж тайлбарлах вэ? (“Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан” гэдэг нь Есүс Христийг хэлж байгааг тайлбарлах хэрэгтэй. Та мөн суралцагчдыг Есүс Христ гэдэг үгийг 1 Нифай 6:4-ийн хажууд судар дээрээ бичихэд урьж болно. Та мөн Иехова гэдэг нь Есүс Христийг хэлж байгааг тайлбарлаж болно. [1 Нифай 19:10; 2 Нифай 11:4, 6–7-г үз; мөн Bible Dictionary, “Christ,” “Christ, Names of.”-г үз].)
Мормоны Ном бол Есүс Христийн бас нэгэн гэрээ гэдэгт талархалтай байхад нь суралцагчдад туслахын тулд тэднийг индексийг олж, Есүс Христ гэж эхэлсэн бүх үгсийг олж харахад урь. Аврагчийн номлолын талаар Мормоны Номын заадаг хэдэн арга замыг тодорхойлохыг тэднээс хүс.
Нэг суралцагчаас дараах үнэнийг самбар дээр бичихэд урь: Мормоны Номын нэг зорилго бол бүх хүмүүнийг Христэд ирэхийг урих явдал юм.
-
Мормоны Номыг бичиглэх Нифайн зорилгыг ойлгох нь энэ жил Мормоны Номыг судлах таны арга барилд хэрхэн нөлөөлөх вэ?
Мормоны Ном танд Тэнгэрлэг Эцэг болон Аврагчид илүү ойртоход хэрхэн тусалсаныг хуваалц. Суралцагчдыг Мормоны Ном тэдний амьдралд хэрхэн нөлөөлж, тэднийг хэрхэн Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христэд ойртуулсныг хуваалцахад урь. Тэднийг Мормоны Номын талаарх сэтгэгдлээ болон Есүс Христийн талаарх гэрчлэлээ ойрын хугацаанд гэр бүлийн гишүүн эсвэл найзтайгаа хуваалцахад урь.
1 Нифай 9
Нифай хоёр цэдгээс бүрдсэн ялтсуудыг бичиглэв
Ангид нэг түүхийн ном үзүүлж, энэ ном нь хэр их хугацааг хамарч байгааг хэл. Дараа нь ангид мөн адил хугацааг хамарсан хувь хүний түүх, өдрийн тэмдэглэлийг үзүүл. (Хэрэв тохиромжтой бол өдрийн тэмдэглэл болон хувь хүний түүхээс сүнслэг туршлагыг уншиж өг.)
-
Түүхийг бичсэн байдлаараа дээрх хоёр бичвэр хоорондоо ямар ялгаатай байна вэ?
-
Нэг нь нөгөөгөөсөө илүү чухал байна уу? Яаж? (Хоёулаа өөр зорилготой ч адилхан үнэ цэнэтэй.)
-
Эдгээр нь Мормоны Номтой хэрхэн адилтгагдаж байна вэ?
1 Нифай 9:1–5-д Нифай хоёр цэдгээс бүрдсэн ялтсууд дээр бичиглэсэн талаараа хэлснийг тайлбарла.
Эхний ялтас буюу Нифайн их ялтас дээр тэрээр “өөрийн хүмүүсийн бүрэн түүхийг” (1 Нифай 9:2) бичиглэсэн юм. Энэхүү түүхэнд “хаадын засаглал, [түүний] хүмүүсийн дайнууд болон тэмцлийн шастир” (1 Нифай 9:4) агуулагдсан билээ. Энэ нь Нифайн бичиглэсэн анхны цэдэг байсан ч Мормоны Номонд ороогүй юм.
Нифайн бага ялтас хэмээх хоёр дахь ялтас дээр Нифай “өөрийн хүмүүсийн тохинууллын шастирыг” (1 Нифай 9:3) бичиглэсэн болой. Та тохинуулал гэдэг үг нь шашны сургаал болон үйл ажиллагааг хэлж байгааг тайлбарлаж болно. Бага ялтсан дээрх Нифайн бичээс 1 Нифай болон 2 Нифай дээр гардаг.
Суралцагчдад 1 Нифай 9-ийг унших зуураа бага болон их ялтсын хоорондох ялгааг олоход нь туслахын тулд самбар дээр дараах үгсийг бич: “энэ ялтсууд” = бага ялтас мөн “нөгөө ялтсууд” = их ялтас. (Та мөн эдгээр үгсийг тохирох шүлгүүдийн хажууд судар дээрээ бичихийг зөвлөж болно.) 1 Нифай 9 дээр “энэ ялтсууд” гэдэг нь үргэлж бага ялтсыг төлөөлж байгаа юм. “Нөгөө ялтсууд” гэдэг нь их ялтсыг төлөөлдөг.
Нэг суралцагчаас 1 Нифай 9:3, 5–6-г чанга уншихыг хүс.
-
Их ялтсууд дээр нэмж бага ялтсуудыг хийх ямар шалтгаанууд байгаа гэж Нифай хэлсэн бэ? Эдгээр тайлбар нь Их Эзэнд итгэх Нифайн итгэлийг хэрхэн харуулж байна вэ?
Ойролцоогоор 1000 жилийн дараа бошиглогч Мормон өөрийн хүмүүсийн бичиглэсэн бүх цэдгийг хураангуйлсан гэдгийг тайлбарла. Түүний хураангуйлал нь Мормоны Ном болсон юм. Тэрээр энэхүү хураангуйллыг хийхдээ Нифайн бага ялтсуудыг олж, тэдгээрийг өөрийн бичээст оруулсан юм.
Нэг суралцагчаас Мормоны Үгс 1:3–7-г чанга уншихыг хүс. Мормон эдгээр үгсийг нифайчууд, леменчүүдийн хоорондох сүүлчийн тулааны цаг үе болох МЭ 385 оны үед бичсэн гэдгийг тайлбарла. Суралцагчдаас эдгээр шүлгийг унших зуураа Мормон өөрийн хураангуйлалд Нифайн бага ялтсыг багтаах болсон шалтгааныг олж мэдэхийг хүс.
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Марвин Ж.Аштоны хэлсэн дараах үгсийг унш:
“Заримдаа биднээс дуулгавартай байхыг хүсэх үед бид Их Эзэн зарлигласан гэдгийг мэддэг боловч яагаад гэдгийг мэддэггүй. … Нифай мэргэн зорилгыг бүрэн дүүрэн ойлгоогүй ч заавруудыг дуулгавартай дагасан юм. Түүний дуулгавартай байдал дэлхий дээрх бүх хүн төрөлхтөнд адислал авчирсан билээ” (“Who Will Forfeit the Harvest?” Ensign, 1978 оны 11-р сар, 51).
Бид Нифай болон Мормоны үлгэр жишээнээс бид хэдийгээр шалтгааныг нь бүрэн дүүрэн ойлгохгүй байгаа ч Бурханы зарлигуудыг болон Сүнсний өдөөлтүүдийг дуулгавартай дагах ёстой гэдгийг сурдаг гэдгийг онцол.
-
Шалтгааныг нь бүрэн дүүрэн ойлгохгүй байгаа ч Их Эзэний зарлигууд болон Сүнсний өдөөлтүүдийг дагах нь яагаад чухал вэ?
-
Хэзээ та шалтгааныг нь бүрэн дүүрэн ойлгохгүй байсан ч Их Эзэнд эсвэл тодорхой Сүнсний нөлөөнд дуулгавартай байсан бэ?
-
Хэрхэн бид Бурханы удирдамжид дуулгавартай байх илүү агуу итгэл, зоригийг хөгжүүлэх вэ?
Бид Бурханы зарлигууд болон Ариун Сүнсний өдөөлтүүдийг дуулгавартай дагаснаар тэдгээрийн ард байгаа зорилгын талаарх бидний ойлголт өсч, Их Эзэн бидний дуулгавартай байдлыг адислах болно.
Нэг суралцагчаас дараах тайлбарыг чанга уншихыг хүс. (Та дараах тайлбарын хуулбарыг суралцагчдад өгч болох ба тэгснээр тэд тайлбарыг санаж, дагах ба дараа нь харах үүднээс судартаа хавчуулж болно.)
Нифайд хоёр хэсэг ялтас хадгалах нь Их Эзэний “мэргэн зорилго” (1 Нифай 9:5; Мормоны Үгс 1:7) байсан нь Иосеф Смит Мормоны Номыг орчуулах үед тодорхой болсон юм. Мормоны бичиглэсэн Нифайн их ялтсуудын хураангуйллыг Иосеф орчуулсан юм. Иосефт орчуулахад нь тусалж байсан Мартин Харрис орчуулгыг эхнэртээ болон гэрийнхэндээ үзүүлэхийг хүссэн билээ. Бошиглогч тухайн цаг үед орчуулагдаад байсан 116 хуудсыг түр авч явахыг Мартинд дурамжхан зөвшөөрсөн юм. Хэн нэгэн 116 хуудсыг Мартинаас хулгайлж, эцэст нь ялтсууд болон Туммим, мөн орчуулах бэлэг Иосеф Смитээс түр авагджээ (С ба Г 3:14-ийг үз).
Иосеф Смитийг тодорхой хугацаанд наманчилсны дараа (С ба Г 3:10-ыг үз) Их Эзэн түүнд алдагдсан хэсгийг дахин орчуулах ёсгүйг зарлиглажээ ( С ба Г 10:30-ийг үз). Харин оронд нь алдагдсан хуудсуудтай адил цаг үеийн бичээс болох Нифайн бага ялтсуудыг орчуулахыг зарлиглажээ (С ба Г 10:41-ийг үз). Тэрээр Иосефт 116 хуудсыг хулгайлсан хүмүүс орчуулгыг өөрчилж, Бурханы ажлыг устгахаар төлөвлөж байгааг хэлжээ (С ба Г 10:10–19-ийг үз). Их Эзэн эдгээр үйл явдлыг хэдэн зуун жилийн өмнө урьдчилж харсан ба Сатаны төлөвлөгөөг устгахын тулд хоёр дахь бичээсээр хангажээ. (Сүмийн Түүх, 1:20–23; С ба Г 10:38–46-г үз.)
Суралцагчдыг 1 Нифай 9:6-г дор дороо уншихад урь. Тэднээс энэ шүлгэн дээр Нифайн заасан сургаалыг олж мэдэхийг хүс. Нэг суралцагчаас дараах зарчмыг самбар дээр бичихийг хүс: Бурхан бүх зүйлийг мэддэг бөгөөд Өөрийн бүх ажлыг гүйцэлдүүлэх арга замыг бэлтгэдэг.
-
“Их Эзэн бүх зүйлийг эхлэлээс мэддэг” гэдгийг мэдэх нь яагаад чухал вэ? (1 Нифай 9:6; мөн 2 Нифай 9:20-ийг үз; Мормоны Үгс 1:7.)
-
Энэхүү сургаал таны амьдралын хэв маягт хэрхэн нөлөөлж болох вэ? (Суралцагчдыг асуултанд хариулсны дараа та энэ сургаал Бурханд итгэх таны итгэл, найдварыг хэрхэн өсгөсөн тухай гэрчлэлээ хуваалцаж болох юм.)
-
Таныг хүнд хэцүү цаг үетэй тулгарахад энэ сургаал хэрхэн туслах вэ? (Хариултууд нь: бид сорилт, бэрхшээлийн үр дүнг мэдэхгүй ч Бурхан мэддэг гэдэг мэдлэгээс бид тайтгарлыг олж чадна, мөн Ариун Сүнсээр дамжуулан Тэр бидэнд хүч чадал, тайтгарал болон амьдралын хүнд хэцүү асуудлуудыг давах удирдамжийг өгдөг байж болно.)
Бурхан бүх зүйлийг мэддэг төдийгүй Өөрийн хүүхэд нэг бүрд юу нь хамгийн сайн болохыг мэддэг гэдэгт итгэж явдгаа илэрхийл. Тэд эхэндээ бүрэн дүүрэн ойлгох боломжгүй олон зарлиг, илчлэлтийг Бурханаас хүлээж авна гэдгийг ойлгоход нь суралцагчдад тусал. Их Эзэний зарлиг тушаалд хандах тэдний дуулгавартай байдал болон Ариун Сүнсний өдөөлт тэдний болон бусдын амьдралыг адисална.