84-р хичээл
Aлмa 21–22
Оршил
Аммоны дүү Аарон амалекайчуудад заасан ч тэд Есүс Христийн Цагаатгалын тухай түүний захиасыг эсэргүүцсэн. Тэгээд тэр эцэст нь зарим хамтрагчидтайгаа шоронд орж байсан Миддонайн нутагт номлосон. Тэд саад бэрхшээлийнхээ үед итгэлтэй хэвээр үлдсэн бөгөөд Аммон, хаан Лемонай нар тэднийг сулласны дараа сайн мэдээг хуваалцах номлолоо үргэлжлүүлжээ. Лемонайн эцэг Аммоны үлгэр жишээгээр бэлтгэгдсэний дараа тэр Аароноос хэрхэн “Бурханаар төрж” болохыг мэдсэн (Aлмa 22:15). Лемонайн эцэг гэм нүглээ наманчилснаар Бурханыг мэддэг болж, эцэстээ мөнх амьдралыг хүлээн авна гэдгийг мэдсэн.
Заах зөвлөмж
Aлмa 21
Аарон болон түүний ах дүүс зовлон зүдгүүр болон шоронд хоригдохыг эс хайхран сайн мэдээг номлосон нь
Тэд бүх чадлаараа зарлигуудыг сахисан ч сорилттой учирч, урам нь хугарахыг мэдэрсэн эсэхийг суралцагчдаас асуу. Хүмүүс ийм байдлыг мэдэрч болох зарим нөхцөл байдлыг дурдахад тэднийг урь.
Аммоныг Лемонай хаан болон түүний хүмүүст заахад амжилттай байхад Аарон болон түүний хамтрагчид нутгийн өөр нэг хэсэгт маш их саад бэрхшээлтэй тулгарч байсныг тайлбарла. Аарон болон түүний хамтрагчдын үлгэр жишээг судлах үед тэдэнд тулгарсан сорилтууд болон урам хугаралтыг мэдрэхэд туслах сургамжуудыг олоход суралцагчдыг урамшуулан дэмж.
Дараах судрын эшлэлүүдийг самбар дээр бич: Aлмa 21:1–4; Aлмa 21:5-8; Aлмa 21:9–11; Aлмa 21:12–15; болон Aлмa 20:29–30. Ангийг таван хэсэг болгон хуваарил. Хэсэг бүрд самбар дээр бичсэн судруудын нэгийг даалга. Даалгасан судрын хэсгийн товч хураангуйг бэлтгэж, Аарон болон түүний хамтрагчдын туулсан зовлон бэрхшээлүүдийг дүрслэн хэлэхийг суралцагчдаас хүс. Хэдэн минутын дараа хэсэг бүрийг олж мэдсэн зүйлийнхээ талаар бусадтайгаа хуваалцахад урь.
-
Аарон болон түүний ах дүүс эдгээр зовлон зүдгүүрийг хэрхэн тэвчсэн бэ? (Aлмa 20:29; 21:9, 12, 15-ыг үзнэ үү.)
-
Ааронд учирсан зүдгүүрүүдийн нэг нь түүнийг заах үед амалекайчууд эсэргүүцэл үзүүлсэн явдал юм ( Aлмa 21:5–10-ыг үзнэ үү). Хэрэв хэн нэг нь бидэнтэй шашны сэдвээр маргах юм уу бидний итгэлийг сорихыг хүсвэл бид юу хийж болох вэ?
Суралцагчдад энэ хичээлийн эхэнд тавьсан асуултыг сануул. Аарон болон түүний ах дүүс Их Эзэн тэднийг удирдсаны дагуу шаргуу ажилласан ч сорилт бэрхшээлүүдтэй тулгарсаар байлаа. Аарон болон түүний хамтрагчдад тохиолдсон зүйл суралцагчдад тохиолдвол ямар санагдахыг дотроо бодохыг тэднээс хүс. Тэд сайн мэдээний төлөө гэрээсээ хол зовж зүдэрч, шоронд хоригдсоны дараа юу хийхийг хүсэх байсан бол? Та тэднээс тэд гэртээ харихыг хүсэх байсан уу гэдгийг асууж болно.
Дараах зарчмыг самбар дээр бич: Хэрэв бид зовлон бэрхшээлийг итгэлээр даван туулбал Их Эзэн бидэнд Өөрийн ажлыг хийхэд тусална. Нэг суралцагчийг Алма 21:16–17-г чанга уншихад урь. Үлдсэн хэсгийг Их Эзэн Аарон болон түүний ах дүүст Өөрийн ажлыг хийхэд хэрхэн тусалсныг олж тогтоохыг хичээн, дагаж уншихыг хүс. Суралцагчдыг олж мэдсэн зүйлийнхээ талаар бусадтайгаа хуваалцахад урь.
Суралцагчдад самбар дээр бичсэн зарчмыг хэрэгжүүлэхэд нь туслахын тулд Их Эзэнд одоо тэднээр хийлгэх ямар ажил байгаа болон энэ ажлыг гүйцэтгэхийг хичээснээр тэднийг ямар сорилтуудтай учирч болохыг асуу. (Та номлогчийн ажил дээр нэмээд Сүмийн цуглаанд оролцож, дуудлага болон бусад ажил үүргээ биелүүлэн, бусдад үйлчилж, гэрчлэлээ бэхжүүлэн, Христтэй илүү адилхан болсноор суралцагчид Бурханы ажилд оролцож чадна гэдгийг онцлон тэмдэглэ.)
Суралцагчдыг самбар дээр бичсэн зарчмыг үнэн гэдгийг хэрхэн мэдсэнээ хуваалцахад урь. Бид зовлон бэрхшээлийг итгэлээр даван туулбал Их Эзэн бидэнд Өөрийн ажлыг хийхэд хэрхэн тусалдаг тухай гэрчлэлээ та хуваалцахыг хүсч болно. Их Эзэний ажлыг хийхэд ирээдүйд тулгарч болох ямар сорилт бэрхшээлүүдийг даван туулах шаардлагатай болно гэж боддогоо жишээ гарган тайлбарлахыг суралцагчдаас хүс.
Алма 21:18–23-ыг Аарон болон түүний ах дүүсийг шоронгоос чөлөөлөхөд тусалсны дараа Аммон Лемонай хоёр Ишмэилийн нутагтаа эргэн ирээд сайн мэдээг номлохоо үргэлжлүүлснийг тайлбарласнаар хичээлээ дүгнэ. Лемонай өөрийн хүмүүст шашны эрх чөлөөг олгосон.
Aлмa 22
Итгэлтэй болж, Бурханаар дахин төрсөн Лемонайн эцэгт Аарон сайн мэдээг заасан нь
Дараах асуултуудыг самбар дээр бич:
“Мөнх амьдрал буюу өргөмжлөл гэдэг нь бид Бурхантай хамт гэр бүлээрээ амьдрах болон тэрхүү селестиел хаант улсын хамгийн дээд түвшинд амьдрах амьдралыг өвлөн авна гэсэн үг юм” (C ба Г 131:1–4-ийг үзнэ үү). … Энэхүү бэлгийг Есүс Христийн Цагаатгалаар боломжтой болгосон юм” (Итгэлдээ үнэнч байх нь: Судрын эшлэлүүд [2004], 52). Та яагаад мөнх амьдралтай болохыг хүсдэгээ суралцагчдад товчхон ярь. Ингэхдээ, та гэр бүлийнхээ гэрэл зургийг бас Аврагчийн зургийг үзүүлэхийг хүсч болно. Тэгээд Алма 22-ыг хамтдаа судлахдаа самбар дээрх асуултуудыг эргэцүүлэн бодохыг суралцагчдаас хүс.
Нэг суралцагчийг Алма 22:1-ийг чанга уншихад урь.
-
Та өмнөх хичээлээс Лемонайн эцгийн тухай юу санаж байна вэ? (Та нэг суралцагчийг Алма 20-ийг товчхон ярихыг хүсч болно.)
-
Алма 20:27-д өгүүлснээр Лемонайн эцэг Аммоноос юу хийхийг хүссэн бэ? (Түүнд заах.)
Алма 22:2–3-ыг хураангуйлан дүгнэж, Лемонайн эцэг Аммонтой уулзаж, түүгээр заалгахыг хүссэн ч түүний оронд Аароныг ирэхэд тэрээр сурах хүсэлтэй хэвээр байсныг тайлбарла.
Нэг суралцагчийг Алма 22:5–6-г чанга уншихад урь. Лемонай хааны эцэг юу мэдэхийг хүссэнийг олж мэдэхийг хичээн, дагаж уншихыг суралцагчдаас хүс. Тэднээс олж мэдсэн зүйлийнхээ талаар хуваалцахыг хүс.
Суралцагчдыг жижиг хэсгүүдэд хуваарил. Хэсгүүдийг хамтдаа Алма 22:7–14-ийг уншин, Лемонайн эцэгт Аароны заасан сургаалуудыг жагсаан бичихэд урь. (Жишээлбэл, тэд Бүтээлт, Уналт болон Цагаатгалын тухай түүний заасныг хэлж болно.) Хэсгүүдийг жагсаалтаа гаргасны дараа нэг суралцагчийг хэсгийнхээ бичсэн сургаалуудын жагсаалтыг бусадтайгаа хуваалцахыг хүс. Та суралцагчаас жагсаалтаа самбар дээр бичихийг хүсч болно. Тэгээд бусад суралцагчдыг хэсгийнхээ жагсаасан бусад сургаалыг бичихэд урь.
-
Эдгээр сургаал Алма 22:6 дахь хааны асуултад хэрхэн хариулдаг вэ?
Суралцагчдыг Лемонай хааны эцэг баясал болон мөнх амьдралыг хүлээн авахын тулд юугаа өгөхийг хүссэнийг олж мэдэхийг хичээн, Алма 22:15-ыг дор бүрнээ чимээгүй уншихад урь.
-
Хаан юугаа өгөхөд бэлэн байсныг бодох үед танд ямар бодол төрж байна вэ?
Хаан өөрийнхөө бүх эд хөрөнгийг өгөх хүсэлтэй байсан бол Аарон түүний хийх хэрэгтэй илүү агуу золиослолын тухай түүнд заасныг онцлон хэл. Нэг суралцагчийг Алма 22:16-г чанга уншихад урь. Хааныг юу хийх хэрэгтэй хэмээн Аароны хэлснийг сонсохыг суралцагчдаас хүс.
-
Аарон хааныг юу хийх хэрэгтэй гэж хэлсэн бэ? (Гэм нүглээ наманчлан, Бурханд итгэлтэйгээр залбирах)
Нэг суралцагчийг Алма 22:17–18-г чанга уншихад урь. Аароны зааварчилгаанд хааны өгсөн хариултуудыг олохыг хичээн, дагаж уншихыг суралцагчдаас хүс.
-
Хаан мөнх амьдралыг хүлээн авах хүслээ хэрхэн харуулсан бэ?
-
Бүх нүглээ “орхино” гэдэг нь юу гэсэн утгатай гэж та бодож байна вэ? Бид яагаад гэм нүглүүдийнхээ заримыг бус харин бүгдийг нь наманчлах ёстой гэж та боддог вэ? (Хүн бүх нүглээ наманчилтал тодорхой хугацаа хэрэгтэй гэдгийг ойлгоход нь суралцагчдад тусал.)
-
Бид Лемонай хааны эцгээс мөнх амьдралд бэлтгэх тухай юу сурч болох вэ? (Суралцагчид өөр үгс хэрэглэж болох ч хариултууд нь дараах үнэнийг тусгасан байна: Бид мөнх амьдралд бэлтгэхийн тулд бүх нүглээ орхих хүсэлтэй байх ёстой. Та суралцагчдад Алма 22:18 дээрх “би таныг мэдэхийн тулд … бүх нүглүүдээ орхих болно” гэсэн өгүүлбэрийг тэмдэглэхийг санал болгож болно.)
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүксийн дараах үгсийг чанга уншихыг нэг суралцагчаас хүс.
“Есүс Христийн сайн мэдээ биднийг өөрчлөгдөхөд урьдаг. ‘Наманчлах’ гэдэг нь хамгийн их тохиолддог захиас ба наманчлах нь Бурханы зарлигуудад харш —хувийн, гэр бүлийн, үндэстний болон улс орныхоо— бүхий л ёс заншлуудыг орхино гэсэн үг юм. Сайн мэдээний зорилго нь ердийн бүтээлүүдийг селестиел иргэд болон хувиргадаг ба энэ нь өөрчлөлтийг шаарддаг” (“Repentance and Change,” Ensign эсвэл Лиахона, 2003 оны 11-р сар, 37).
Зарим хүн өөрсдийгөө үнэхээр наманчилж , өөрчлөгдөж чадах эсэхэд эргэлздэгийг онцлон хэл. Зарим нь Их Эзэн тэднийг уучлах эсэхэд эргэлздэг. Иймэрхүү эргэлзээ өөрсдөд нь байж болох суралцагчдад туслахын тулд Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгч Элайн С.Далтон эгчийн хэлсэн дараах үгсийг унш:
“Таны амьдралд өөрчлөх хэрэгтэй ямар нэгэн зүйл байна уу? Та нар үүнийг хийж чадна! Аврагчийн хэмжээлшгүй Цагаатгагч золиослолын ачаар та нар наманчилж чадна. Тэр та нарт болон надад өөрчлөгдөх, дахин цэвэр ариун болох мөн Түүнтэй адил болох боломжтой болгосон юм. Хэрэв бид ингэж чадвал бидний гэм нүглүүд болон алдааг Тэрбээр дахин санахгүй хэмээн амладаг” (“Босч мөн урагш гэрэлтүүл!” Ensign эсвэл Лиахона, 2012 оны 5-р сар, 124).
Бид итгэлээ хөгжүүлж, нүглээ наманчилснаар биднийг мөнх амьдралд бэлтгэхэд туслах санваарын ёслол болон гэрээнүүдийг хүлээн авахад тэнцэхээр болно.
Суралцагчдыг дэвтэр эсвэл судар судлах тэмдэглэлдээ дараах асуултын хариултыг бичихэд урь. (Та энэ асуултыг самбар дээр бичих буюу суралцагчид үүнийг бичиж амжихаар удаан уншиж өгч болно.)
-
Та мөнх амьдралыг хүлээн авахад шаардагдах зүйлсийн талаар сурч мэдсэн зүйл дээрээ үндэслэн Их Эзэнд илүү ойртохын тулд Тэрээр танаас өнөөдөр юу хийхийг хүсэх болно гэж боддог вэ?
Суралцагчдад эргэцүүлэн бодож, бичих хангалттай хугацаа гаргаж өгсний дараа асуу:
-
Та хааныг Их Эзэнд хөрвүүлэгдсэн ямар нотолгоог харж байна вэ? (Суралцагчдад хаан өөрийн хүүг алахыг хүсч байснаасаа эхлээд Бурханаар дахин төрөхийн тулд бүх хаант улс болоод гэм нүглээ орхиход бэлэн болтлоо өөрчлөгдсөн гэдгийг сануул.)
Хаан Сүнсээр хүчтэй нөлөөлөгдсөний дараа түүний зарц нар хатан руу гүйн ирж, болсон бүх явдлыг хэлсэн талаар тайлбарлан, Алма 22:19–21-ийг хураангуйлан дүгнэ. Хатан уурлаж, Аарон болон түүний ах дүүсийг алахыг зарц нартаа тушаасан. Нифайчуудын номлогчдын хүчээс айсан зарц нар нь татгалзсан. Хатан өөрөө айж байсан ч нифайчуудыг алуулахаар хатуу шийдсэн байлаа. Тэр зарц нараа явж, Аарон болон түүний хамтрагчдыг алах хүмүүсийг авчрахыг тушаасан.
Суралцагчдыг Аарон болон хааны хатан, бусад хүмүүс мөн хөрвөгдөж, баяслыг мэдэрч болохын тулд тэдний хийсэн үйлдлүүдийг олохыг хичээн Алма 22:22–26-г дор бүрнээ чимээгүй уншихад урь. Наманчлал болон Есүс Христийн Цагаатгалаар өөрчлөгдөж болох адислалын тухай гэрчлэлээ хуваалцсанаар хичээлээ дуусга.