Номын сан
Мозая


ОРШИЛ Мозаягийн ном

Энэ номыг яагаад судлах хэрэгтэй вэ?

Суралцагчид Мозаягийн номыг судалснаар Есүс Христийн номлолын тухай агуу гэрчлэлүүдийг унших болно. Их Эзэн нүглийн гинжнээс буюу бие махбодын хүлээснээс нь сулласан хүмүүсийн талаар тэд мөн судлах болно. Суралцагчид хаан Бенжамин, Абинадай болон Алма зэрэг зөв шударга хүмүүсийн хичээл зүтгэл бусдад ямар агуу адислалууд авчирдаг болохыг ойлгоно. Тэд мөн Зениф ба түүний хүү Ноа хаан зэрэг хүмүүсийн буруу сонголтууд өөрсдөд нь болон тэдний ард түмэнд ямар сөрөг үр дагавруудыг авчирч байгааг харах болно.

Энэ номыг хэн бичсэн бэ?

Мормон Мозаягийн номыг бичихдээ хэд хэдэн зохиогчийн цэдгүүдийг нийлүүлэн хураангуйлсан. Энэ номыг хаан Бенжамины хүү Мозаягийн нэрээр нэрлэжээ. Мозая бол бошиглогч, үзмэрч, илчлэгч бөгөөд МЭӨ 124-өөс МЭӨ 91 оны хооронд Зарахемлагийн хаан байсан юм. Түүнд Зарахемлагийн хаан байсан өвөөгийнх нь нэр буюу Мозая гэдэг нэрийг өгчээ (Oмнаи 1:12–13, 19-ийг үзнэ үү).

Мормон хэд хэдэн цэдгийг нийлүүлэн, Мозаягийн номыг эмхэтгэжээ. Тэрээр Зарахемлагийн нутагт амьдардаг нифайчуудын түүхийг агуулсан Нифайн их ялтсууд дахь Мозаягийн хадгалсан бичвэрээс эш татан, хураангуйлсан (Moзая 1–7; 25–29-ийг үзнэ үү). Тэр мөн Зарахемлаг орхин гараад дараа нь буцаж ирсэн Зенифийн хүмүүсийн тухай өгүүлсэн Зенифийн цэдгүүдийг ашигласан (Moзая 7–22-ыг үзнэ үү). Түүнчлэн Мормон Абинадайн үгсийг агуулсан ба өөрийн ард түмний цэдгийг хадгалсан Алмагийн бичвэрийн хураангуйлсан хэсгээс эш татсан (Moзая 17:4; 18; 23–24-ийг үзнэ үү).

Энэ номыг хэнд зориулж, юуны учир бичсэн бэ?

Мормон Мозаягийн номыг тодорхой нэг хүмүүст зориулаагүй бөгөөд энэ номыг бичсэн шалтгаанаа дурдаагүй. Хэдий тийм ч Мозаягийн ном Есүс Христийг гэрчлэх, Их Эзэний гэрээнүүдийг хүмүүст мэдүүлэх гэсэн Мормоны Номын зорилгод маш чухал хувь нэмэр оруулдаг (Мормоны Номын гарчгийг үзнэ үү). Мозаягийн ном нь Есүс Христийн номлолын талаарх хоёр чухал яриаг агуулсан: Хаан Бенжамины хэлсэн үг Moзая 2–5 ба Абинадайн хэлсэн үг Moзая 12–16. Мозаягийн номонд Их Эзэнтэй гэрээ хийж, үүнийг сахихын чухал болохыг нэг бус удаа сануулсан (Moзая 5:5–9; 18:5–10; 21:31–32; 24:13–15; 25:16–18; 26:20-ийг үзнэ үү).

Энэ ном хэзээ, хаана бичигдсэн бэ?

Мозаягийн номыг бичихэд ашигласан эх цэдгүүдийг МЭӨ 200-аас МЭӨ 91 оны үед бичсэн байх магадлалтай бөгөөд Мормон эдгээр цэдгийг МЭ 345-аас МЭ 385 оны хооронд хураангуйлсан. Мормон энэ номыг хаана, хэзээ эмхэтгэснээ бичээгүй.

Энэ номын онцлог талууд юу вэ?

Мозая бол Мормоны Ном дахь Нифайн их ялтсуудын хураангуйлсан эхний ном юм. Энэ нь үзмэрчийн чадварын тухай заасан зүйлсийг агуулдаг (Moзая 8:13–18; 28:10–17-г үзнэ үү). Мозаягийн номонд Зарахемла нутаг дахь нифайчуудын—салангид бүлгүүдийн; Нифайн нутагт Зениф, Ноа болон Лимхай нараар захируулсан хүмүүсийн; Нифайн нутгаас Алматай хамт оргосон хүмүүсийн түүх болон аяллуудыг маш өвөрмөц аргаар өгүүлсэн байдаг. Эдгээр бүлгийн тухай илүү ихийг мэдэхийг хүсвэл Moзая 7–24 болон энэхүү гарын авлагын ард байгаа хавсралтыг үзнэ үү.

Мозаягийн номонд Лимхай болон Алмагаар удирдуулсан хүмүүс Зарахемла дахь нифайчуудтай нэгдэн цугларсан тухай гардаг (Moзая 25:1–13-ыг үзнэ үү). Энэ номонд бас Зарахемлагийн нутаг даяарх Есүс Христийн Сүмийн тохинууллын талаар өгүүлдэг ( Moзая 25:14–24; 26-г үзнэ үү). Мозаягийн номын төгсгөлийн бүлэгт шүүгчдийн засаглалыг танилцуулдаг (Moзая 29-ийг үзнэ үү).

Тойм

Moзая 1–5 Хаан Бенжамин хүү Мозаягаа өөрийн залгамжлагчаар сонгож, засаглалынхаа цэдгүүдийг түүнд өгөв. Бенжамин Есүс Христийн тухай зааж, өөрийн ард түмнийг Бурхантай гэрээнд ороход урив.

Moзая 6–8 Мозаягийн засаглал эхлэв. Аммон өөр 15 хүний хамт Нифайн нутагт зенифчүүдийн үр удмыг хайв. Аммон Зенифийн ач хүү Лимхай хаантай уулзаж, хүмүүс хэрхэн боолчлолд орсон тухай сонсов.

Moзая 9–17 Зенифчүүдийн түүхийг өгүүлэв. Зенифийг нас барсны дараа түүний хүү Ноа ёсон бусаар захирав. Абинадай Есүс Христийн тухай гэрчилж, Хаан Ноа болон түүний хүмүүст наманчлахыг ухуулсан. Абинадай галд шатаагдан хөнөөгдөв.

Moзая 18–20 Хаан Ноагийн санваартан Алма наманчлав. Тэр сайн мэдээг зааж, дагалдагчдынхаа хамтаар аглаг буйдад зугтав. Нифайн нутаг дахь нифайчууд руу леменчүүд дайрч тэднийг боолчлов. Ноаг түүний хүмүүс алж, хүү Лимхай нь хаан ширээнд суув.

Moзая 21–22 Лимхай болон түүний ард түмэн наманчлав. Их Эзэн тэднийг боолчлолоос чөлөөлж, Аммон тэднийг Зарахемла руу удирдан авч явав.

Moзая 23–24 Алма дагалдагчидтайгаа Хилам хотыг байгуулав. Тэд леменчүүдийн боолчлолд орж, хаан Ноагийн прист байсан Амюлон болон түүний ах дүүсээр мөрдөгдөн хавчигдав. Их Эзэн Алма болон түүний хүмүүсийг чөлөөлж, тэднийг Зарахемла руу удирдан чиглүүлэв.

Moзая 25–29 Мозаягийн удирдлага дор нифайчууд нэгдэн цугларч, Алма сүмийг тохинуулав. Алмагийн хүү Алма (ихэвчлэн залуу Алма гэж дуудагддаг) болон Мозаягийн хөвгүүд хөрвөгдөв. Мозая нас барахынхаа өмнө шүүгчдийн засаглалыг эхлүүлэв.