57-р хичээл
Moзая 9–10
Оршил
Хаан Бенжамины хаанчлалын үед Зениф хэсэг нифайчуудыг удирдан Зарахемлагаас Нифайн нутаг руу нүүж, леменчүүдийн дунд суурьшдаг. Moзая 9–22-т энэ хүмүүсийн түүхийг агуулсан байдаг. Леменчүүдийн хаан Зенифийн хүмүүсийг өөрсөдтэйгөө амьдрахыг зөвшөөрдөг боловч түүний нууц төлөвлөгөө нь тэднийг боолчлох байв. Леменчүүдийн хиймэл шүтээн болон нифайчуудыг үзэн ядах үзэл нь эцэстээ дайнд хүргэв. Зенифийн хүмүүс Их Эзэнд найдаж мөн леменчүүдийг нутгаасаа хөөн гаргав.
Заах зөвлөмж
Moзая 9:1–13
Зениф хэсэг нифайчуудыг Нифайн нутаг руу буцахад нь удирдав
Суралцагчдаас ямар нэгэн зүйлийг маш ихээр хүсч байсан тухайгаа бодохыг хүс. Цөөн хэдэн суралцагчаас өөрсдийн туршлагаас хуваалцахыг хүсч болно. Өнөөдрийн хичээлээр тэд үр дүн нь ямар байхыг тооцож үзэлгүйгээр нэг зүйлийг маш ихээр хүссэн нэгэн эрийн тухай үзнэ гэдгийг хэл.
Өмнөх хичээл дээр зурсан графикаа гарган харахыг тэднээс хүс. Аммон гэгч хүн бүлэг хүмүүсийг удирдан Зарахемлагаас гарч, Лимхай болон түүний ард түмнийг Нифайн нутгаас олдог тухай тэдэнд сануул. (Та тэдэнд Мормоны Номонд Аммон гэдэг нэртэй хоёр хүний тухай өгүүлдгийг тайлбарла. Тэдний нэгийг нь өнөөдөр тэд судлах болно. Нөгөө нэг Аммон нь леменчүүдийн дунд агуу номлогч болсон Мозаягийн хүү юм. Суралцагчид түүний тухай Moзая 27-оос эхлэн унших болно.) Суралцагчдаар Moзая 7–8-ыг нээлгэж, хуудасны доод талд эсвэл бүлгийн тоймд байгаа огноог харахыг хүс (МЭӨ121 оны үе). Уг оныг Moзая 9 дээрх онтой харьцуулахыг хүс (МЭӨ 200 оны орчим буюу 80 орчим жилийн өмнө). Онууд яагаад гэнэт өөрчлөгдсөн шалтгааныг мэдэх хүн байна уу? гэж асуу.
Moзая 8 ба Moзая 9-д хаан Лимхайн ач хүү Зенифийн түүхийг өгүүлсэн 80 жилийн тухай бичсэн байдаг. Moзая 9-ийн эхэнд байгаа Зенифийн бичвэрийн удиртгал хэсгийг чанга унших нэг суралцагчийг урь. Дараа нь Moзая 9:1–2-ыг чанга унших өөр нэг суралцагчийг урь.
Тэднээр Зарахемлагаас Нифайн нутаг руу явсан эхний бүлгийг төлөөлсөн нэг сум график дээр нь зуруул. Зениф энэ бүлэгт байсан гэдгийг онцлон хэл. Энэ хуудсан дахь графикт дүрсэлснээр уг сум нь Зарахемла руу буцсан байх ёстой. Учир нь уг бүлэг Зарахемла руу буцсан юм. Сумын тайлбар нь “Нифайн нутгийг буцаан авахыг эрэлхийлсэн нифайчууд” гэсэн байх ёстой. (Энэхүү гарын авлагын төгсгөлд байгаа хавсралтаас бүрэн гүйцэд графикийг үзнэ үү.)
Moзая 9:3–4-ийг нэг суралцагчаар уншуул. Бусад суралцагчийг нь дагаж уншаад, (1) Зениф юу авахыг маш ихээр хүссэн (2) тэр юуг санахдаа удаан байсныг олохыг хүс.
-
Дэндүү их хүснэ гэдэг юу гэсэн үг вэ? (Ямар нэг зүйл рүү улайран зүтгэх)
-
Их Эзэнийг санахдаа удаан гэдэг нь таны бодлоор юу гэсэн үг вэ?
Зениф нэг зүйлийг маш их хүсч, Их Эзэнийг санахдаа удаан байсан учраас алдсан юм гэдгийг тайлбарла. Moзая 9:5–7, 10-ыг суралцагчдаар уншуулаад, түүний гаргасан алдааг олохыг хүс.
-
Зениф Нифайн нутгийг авахыг дэндүү их хүсч байсан учраас юуг анзааралгүй өнгөрсөн бэ?
-
Аливаа нэг шийдвэр гаргахдаа хэт их хүсэх нь яагаад аюултай вэ?
-
Их Эзэнтэй зөвлөлгүй шийдвэр гаргах нь яагаад осолтой вэ?
12 жилийн дараа Зенифийн хүмүүс маш их өсч, дэгжсэн тул леменчүүдийн хаан тэднийг боолчилж чадахгүй болов хэмээн санаа зовон “[Зенифийн] хүмүүстэй маргаж тэмцэлдүүлэхийн тулд хүмүүсээ өдөөн хатгаж эхэлсэн” гэдгийг хэлж, Moзая 9:11–13-ыг тоймло (Мозая 9:13).
Moзая 9:14–10:22
Леменчүүд Зенифийн хүмүүсийг боолчлохыг оролдов
Самбар дээр дараах үгсийг бич: хичээл, уруу таталтууд, найз нар, удирдлага, ажил дээрээ асуудалтай байх, гэр бүлийнхэнтэйгээ үл ойлголцох, спорт. (Суралцагчдын сонирхол ба хэрэгцээнээс шалтгаалан та өөр үгсийг нэмж бичиж болно.)
Нэг суралцагчийг самбарын өмнө гаргаж зогсоогоод, гараа өргөхийг хүс. Ном, чулуу гэх мэтийн жижиг зүйлсийг түүний гарт бариулаад дээш өргөхийг түүнээс хүс. Энэ зүйл нь самбар дээр бичсэн сорилтуудыг төлөөлж байгааг тайлбарла. Ангийнхнаас дараах асуултыг асуу:
-
Эдгээр бичсэн зүйлээс алийг нь даван туулахын тулд та нарт илүү их хүч, дэмжлэг хэрэгтэй вэ?
Нөгөө суралцагчийн гарт дахиад нэг юм уу хоёр зүйлсийг нэмж бариул. Ангийнхнаас дараах асуултыг асуу:
-
Та нар дэндүү их ачаа үүрч байгаа мэт санагдаж, өөрт тулгарсан сорилтуудаа давахын тулд илүү их хүч, чадвартай болохыг хэзээ нэгэн цагт хүсч байсан уу?
Хоёр суралцагчийг самбарын өмнө гарч ирэхийг урьж, тэднээр нөгөө суралцагчийн хоёр тохойноос нь дэмжин өргөхийг хүс. Өнөөдрийн хичээлийн үлдсэн хэсэгт тэд илүү их хүч чадалтай болох шаардлагатай болсон бүлэг хүмүүсийн тухай үзнэ гэдгийг хэл. Суралцагчдад энэ хичээлийн явцад өөрсдөдөө хүч чадал хүлээн авах арга замуудын тухай олж мэдэхийг санал болго. (Самбарын өмнө гарсан суралцагчдыг суудалдаа суухыг хүс.)
Moзая 9 ба 10-т леменчүүд Зенифийн хүмүүсийн эсрэг тулалдахаар 2 удаа ирсэн тухай тэмдэглэсэн байдаг. Дараах хүснэгтийг самбар дээр зур. Гэхдээ хашилтад байгаа хариултуудыг бичих хэрэггүй. Тэд хүснэгтэд байгаа судрын хэсгүүдийг олоод, хүснэгтийн дээр байгаа асуултуудад хариулт олох хэрэгтэй гэдгийг хэл. Ангийн тал хүүхдүүдийг эхний эгнээнд байгаа судруудаас Зениф болон түүний хүмүүстэй холбоотой хариултуудыг олохыг хүс. Нөгөө хэсэг хүүхдүүдээр хоёр дахь эгнээнд байгаа леменчүүдтэй холбогдох асуултуудад хариулах судрын хэсгийг олохыг хүс. Тэднийг олсны дараа хэсэг бүрээс нэг нэг суралцагчийг ангийн урд гарган, хариултуудыг нь самбар дээр бичүүл.
Хүмүүс бэлтгэхийн тулд юу хийсэн бэ? |
Тэд Их Эзэнд итгэлтэй байхын тулд юу хийсэн бэ? |
Үр дүн нь ямар байсан бэ? | |
---|---|---|---|
Зениф ба түүний хүмүүс |
Moзая 9:14–16; 10:1–2, 7, 9–10 (Тэд зэвсэглэн, тулалдахаар явсан) |
(Тэд залбирч мөн Их Эзэн өвөг дээдсийг нь чөлөөлснийг санав) |
(Их Эзэн тэднийг хүчирхэгжүүлэн, тэд леменчүүдийг газар нутгаасаа зайлуулав) |
Леменчүүд |
(Тэд зэвсэглэн, тулалдахаар явав) |
(Тэд өөрсдийн хүчинд найдсан учраас амжилт олоогүй) |
(Леменчүүд асар олноороо хөнөөгдөж, уг нутгаас гарав) |
Суралцагчдыг хүснэгтийг бөглөж дууссаны дараа тэднээс асуу:
-
Тэдний хоорондын тулаанаас та нар Зенифийн хүмүүс болон леменчүүдээс ямар ижил төстэй зүйл, ямар ялгааг харж байна вэ?
-
Бид энэ зүйрлэлээс ямар сургамж авч болох вэ?
Самбар дээр дараах зарчмыг бич: Бид Түүнд итгэж мөн чадах бүхнээ хийх аваас Их Эзэн биднийг хүчирхэгжүүлэх болно.
Самбар дээр бичсэн сорилтуудад тэдний анхаарлыг хандуулан, хичээлийн сэдвийг сануул.
-
Эдгээр сорилт тулгарахад энэхүү зарчмыг хэрхэн хэрэгжүүлж болох вэ?
Суралцагчид хүчирхэг болохыг эрэлхийлэхдээ Их Эзэнд итгэхийн тулд юу хийх ёстойгоо тунгаан бодоход нь туслахаар дараах жишээнүүдийг ашигла.
-
Та удахгүй болох чухал шалгалтаа сайн өгөхийн тулд хүч чадалтай болохыг хүсч байгаа.
-
Та нэг буруу зуршилтай бөгөөд дан ганц өөрийнхөө хүчээр үүнээсээ салж чадахгүй гэж боддог.
-
Гэр бүлд тань асуудал тулгарсан бөгөөд та үүнээс үүдсэн сэтгэлийн хүчтэй хөдлөлөө хэн нэгний тусламжгүйгээр даван туулж чадахгүй гэж бодож байна.
Суралцагчдаас Moзая 9:18-ын эхний гурван мөрийг нэгтгэн дүгнэхийг хүс. (Та тэдэнд эдгээр мөрийг судар дээрээ тэмдэглэхийг санал болгож болно.)
-
Эдгээр мөрөнд бичсэн үнэнийг та нар хэзээ мэдэрч байсан бэ?
Бид чадах бүхнээ хийж мөн Их Эзэнд найдах аваас Тэрбээр биднийг хүчирхэгжүүлэх хүсэлтэй байдаг гэдгийг илэрхийлсэн туршлагаасаа та хуваалцаж болно.
Зениф болон түүний хүмүүс тулалдахаар хоёр дахь удаагаа явахад Зениф өөрийн хүмүүст леменчүүд яагаад нифайчуудыг үзэн яддаг болохыг тайлбарласан. Самбар дээр хилэгнэх ба гоморхох гэсэн хоёр үгийг бичээд, эдгээрийг тайлбарлахыг тэднээс хүс. (Хилэгнэх гэдэг нь маш их уурлахыг, гоморхох гэдэг нь шударга бус эсвэл ёс бус зүйлд гомдохыг хэлнэ)
Гоморхон, уурлаж, уучлахгүй байх нь олон үе удмынханд нөлөөлдөг гэдгийг ойлгоход нь суралцагчдад тусал. Тэднийг хоёр хоёроор нь бүлэг болгож, Moзая 10:12–18-ыг хамтад нь уншуул. Лемен ба Лемүелийн үр сад Нифайн үр садыг үргэлжлүүлэн үзэн ядсаар байсан шалтгааныг нь олохыг тэднээс хүс.
Хамтрагчдыг хэсгүүдээ хамтдаа уншсаны дараа тэднийг дараах асуултуудын дагуу харилцан ярилцуул. (Суралцагчдыг уншиж байх хооронд асуултуудыг самбар дээр бич эсвэл хамтрагч бүрд асуултуудыг бичсэн тараах материалыг өг.)
-
Леменчүүд нифайчуудыг яагаад тэгж ихээр үзэн ядаж байсан бэ?
-
Бид ууртай мөн уучлахыг хүсэхгүй байснаар хэнийг гомдоодог вэ?
-
Хувь хүний уур хорсол нь түүний гэр бүлийнхэнд одоо болон ирээдүйд хэрхэн нөлөөлөх вэ?
Далын ахлагч Доналд Л.Холлстромын хэлсэн дараах үгсийг унш. Бид хэн нэгэнд гомдож эсвэл уурлавал юу хийх ёстой вэ гэдгээ ойлгон, сонсохыг тэднээс хүс.
“Хэрэв та нар хэн нэгэн (гэр бүлийн гишүүн, найз, сүмийн гишүүн, сүмийн удирдагч, хамт ажиллагч); эсвэл ямар нэгэн зүйл (хайртай хэн нэгнээ алдах, эрүүл мэндийн асуудлууд, санхүүгийн хүндрэл, хүчирхийлэл, донтолт) )— гай зовлон авчирсан мэт санагдвал асуудлыг дор нь өөрт байгаа хамаг хүч тэнхээгээрээ шийд. … Мөн цаг алдалгүй Их Эзэнд ханд. Түүнд итгэх итгэлээ хөгжүүл. Түүний ачаанаас чинь үүрэлцэхийг, ач ивээл нь ачааг чинь хөнгөлөхийг Түүнд зөвшөөр. … Дэлхийн нөхцөл байдал өөрийг тань сүнслэг байдлын хувьд хэзээ ч бүү эрэмдэг зэрэмдэг болгог” (“Их Эзэндээ ханд,” Ensign, Лиахона 2010 оны 5-р сар, 88).
Дараах асуулт бүрийг тунгаан бодохыг тэднээс хүс. (Та тэднийг өөрсдийн хариултуудаа судар судлах тэмдэглэл эсвэл хичээлийн дэвтэртээ бичихэд нь дэмж.)
-
Та хэн нэгэнд уурлаж эсвэл гомдож явдаг уу?
-
Уучлах хүчийг олохын тулд та хэнд хандах ёстой вэ? Ирээдүйд хэн нэгэнд уурлаж, гомдохгүй байхын тулд та юу хийж чадах вэ?
Хэн нэгнийг уучилж байсан тухайгаа эргэн санахыг тэднээс хүс. Хэн нэгнийг уучилж, гомдол ба уур хорслоо мартахад ямар сэтгэгдэл төрсөн тухайгаа хуваалцахыг цөөн хэдэн суралцагчаас хүс. Бусдыг уучлахын тулд Их Эзэнээс тусламж эрэлхийлсэн тухай гэрчлэлээ хуваалц.