Номын сан
40-р хичээл: 2 Нифай 31


40-р хичээл

2 Нифай 31

Оршил

Есүс Христийг төрөхөөс олон жилийн өмнө Нифай Аврагчийн баптисмын тухай илчлэлт хүлээн авчээ. Есүс Христ Нифай энэ илчлэлтийн талаар өөрийн хүмүүст ярьж, “Христийн сургаал” хэмээн өөрийн нэрлэсэн сургаалыг заахдаа, бид мөнх амьдралтай болохын тулд Есүс Христэд итгэх итгэлтэй байж, нүглээ наманчлан, баптисм хүртэж, Ариун Сүнсний бэлэг хүлээн авч, эцсийг хүртэл тэвчих ёстой гэжээ.

Энэ хичээлийг заах зөвлөмж

2 Нифай 31: 1–13

Бид баптисм хүртсэнээрээ Аврагчийн үлгэр жишээг дагах ёстойг Нифай заасан нь

Дараах асуултуудыг асууж, хичээлээ эхэл:

  • Та нар баптисмынхаа талаар юуг санадаг вэ? Баптисм хүртэх үед санаа сэтгэл чинь ямар байсан бэ?

Суралцагчид баптисм хүртэхдээ Есүс Христийн сайн мэдээний хэсэг аль хэдийн болсон загварыг баримталж байсныг тайлбарла. Нифай энэ загварыг хэрэглэхийн тулд нэг тодорхой үг ашиглажээ. 2 Нифай 31:2, 2 Нифай 31:21-д байдаг уг холбоо үгийг олоход суралцагчдыг урь. “Христийн сургаал” гэсэн уг холбоо үгийг суралцагчид олсны дараа, тэднээс асуу:

  • 2 Нифай 31:2, 21 дэх ямар үг, холбоо үгс “Христийн сургаал”-ын ач холбогдлын тухай өгүүлж байна вэ? (“[Христийн сургаалын] талаар миний ярих ёстой зүйлс,” “өөр тийм зам,” “цорын ганц үнэн сургаал” гэсэн үгс хариулт байж болно.)

Есүст баптисм хүртээж байгаа Иохан Баптистын зургийг үзүүл (62133; Gospel Art Book [2009], no. 35). 2 Нифай 31:5–9-ийг чимээгүй судлахдаа Есүс Христ яагаад баптисм хүртсэн тухай өгүүлсэн нийлмэл үгсийг олоход суралцагчдыг урь. (Тэд эдгээр холбоо үгийг тэмдэглэж авахыг суралцагчдад зөвлөж болно.) Хэдэн минутын дараа олсон холбоо үгсээ уншихыг суралцагчдаас хүс.

Зураг
Иохан Баптист Есүст баптисм хүртээж байгаа нь
  • “Бүх зөв шударгыг гүйцэлдүүлэх” гэж юу гэсэн утгатай гэж та боддог вэ? (Суралцагчдыг хариулсны дараа энэ нь зарлигуудыг сахих гэсэн утгатайг та тайлбарлаж болно.) Ерөнхийлөгч Жозеф Ф.Смит “бүх зөв шударгыг гүйцэлдүүлэх” гэдэг нь “хуулийг биелүүлэх” гэсэн утгатай юм гэж хэлжээ [Conference Report, 1912 оны 4-р сар, 9].)

2 Нифай 31:10–12-ыг чанга уншихыг нэг суралцагчаас хүс.

  • Эдгээр шүлэг баптисмын ач холбогдлыг хэрхэн тайлбарласан байна вэ? (Баптисм бол Ариун Сүнсний бэлэг хүлээн авахад шаардагддаг Тэнгэрлэг Эцэгийн зарлиг бөгөөд баптисм нь бас Есүс Христийг дагах бидний хүч чармайлтад зайлшгүй чухал юм хэмээн Нифай заажээ.)

2 Нифай 31:5–12-оос сурч мэдсэн сургаал, зарчмуудыг хураангуйлан дүгнэхийг суралцагчдаас хүс. Тэд бодол санаагаа хуваалцах үедээ дараах зарчмуудыг ойлгосон байх ёстойг анхаар:

Есүс Христ бидний даган дуурайх ёстой дуулгавартай байдлын төгс үлгэр жишээг үзүүлсэн юм.

Бид Есүс Христийн үлгэр жишээг дагаж, баптисм хүртэн, Ариун Сүнсийг хүлээж авах ёстой.

Есүс Христ нүгэлгүй байсан ч, бүх зөв шударга ёсыг гүйцэлдүүлэхийн тулд баптисм хүртсэн юм.

2 Нифай 31:13-ыг чанга уншихыг нэг суралцагчаас хүс. “Бүх зүрх сэтгэлээрээ,” “Бурханы өмнө хоёр нүүр гарган, мэхлэхийг үл үйлдэн,” “үнэн санаатайгаар” гэсэн үгсэд суралцагчдын анхаарлыг хандуул. Эдгээр үгэнд тэмдэглэгээ хийхийг тэдэнд зөвлөж болно.

  • Эдгээр холбоо үг та нарт ямар хамаатай вэ? (Энэ гурван холбоо үг бүгдээрээ Аврагчид итгэх итгэлээ хөгжүүлэн, нүглээ наманчилж, Аврагчийн үлгэр жишээг дагах хүч чармайлтандаа бид чин сэтгэлээсээ хандах хэрэгтэйг онцлон тэмдэглэж байгааг суралцагчдад хэлж өгч болно.)

Янз бүрийн нөхцөлд Аврагчийн үлгэр жишээг хэрхэн дагах тухай ойлголтоо гүнзгийрүүлэхэд нь суралцагчдад туслахын тулд дараах асуултуудтай адил асуултуудыг асуу:

  • Эдгээр холбоо үг судруудыг өдөр бүр судлах, Сүмийн цуглаануудад оролцох зэрэг үйл ажиллагаануудтай хэрхэн хамаатай байж болох вэ?

  • “Залбирал хэлэх,” “зүрх сэтгэлийн бүрэн зорилготойгоор” залбирах хоёр ямар ялгаатай вэ?

  • Ариун ёслолын талхыг идэх, “чин хүсэлтэйгээр” ариун ёслолын талхнаас хүртэх хоёр ямар ялгаатай вэ?

  • Та өөрийнхөө хийсэн ямар нэг зүйлийн талаар харамсаж байна гэж хэлэх, “зүрх сэтгэлийн бүрэн зорилготойгоор” наманчлах хоёр ямар ялгаатай вэ?

2 Нифай 31: 14–21

Бид баптисмын дараа Ариун Сүнсийг хүлээн авч, Аврагчийн үлгэр жишээг дагахаа үргэлжлүүлэх хэрэгтэй хэмээн Нифай заасан билээ

Нифай зам руу очих үүд хаалгыг нээх тухай өгүүлснийг тайлбарла. 2 Нифай 31:17–18-ыг чанга уншихыг нэг суралцагчаас хүс. Уг суралцагч уншиж дуусахад дараах зурагтай төстэй зургийг самбар дээр зур.

Зураг
хаалга ба зам
  • 2 Нифай 31:17-д өгүүлснээр хаалга гэж юу вэ? (Наманчлал ба баптисм гэж хаалганы доор бич.) Наманчлал, баптисм хоёр хаалгатай хэрхэн адилхан бэ?

  • 2 Нифай 31:18-д өгүүлснээр хаалга юу руу хөтөлдөг вэ? Мөнх амьдрал руу хөтлөх замын төгсгөлд Мөнх амьдрал гэж бич. “Мөнх амьдрал” гэдэг үг селестиел хаант улс дахь өргөмжлөлийг хэлж байгааг тайлбарлаж болно.

  • Бид баптисмын дараа Ариун Сүнсний бэлэг хүлээн авах хэрэгтэй гэж Нифай заажээ (2 Нифай 31:13–14-ийг үзнэ үү). 2 Нифай 31:17–18-д өгүүлснээр Ариун Сүнс бидний төлөө юу хийдэг вэ? (Ариун Сүнс Эцэг, Хүү хоёрын тухай гэрчилж, нүглийн уучлалыг авчирдаг гэдгийг ойлгоход суралцагчдад тусал.)

  • Ариун Сүнсээр дамжуулан Эцэг, Хүү хоёрын тухай гэрчлэл хүлээн авах нь бидэнд яагаад нэн чухал байдаг вэ?

Нүглээсээ уучлагдахад Ариун Сүнс ямар үүрэгтэйг ойлгоход суралцагчдад туслахын тулд та “галын ба Ариун Сүнсний баптисм” гэсэн холбоо үгийг тайлбарлах хэрэгтэй байж мэднэ (2 Нифай 31:13–14; мөн шүлэг 17-г үзнэ үү). Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднарын дараах үгийг уншихад нэг суралцагчийг урь. Галаар болон Ариун Сүнсээр баптисм хүртэх гэдэг нь юу гэсэн утгатайг сонсож ойлгохыг ангийнхнаас хүс.

“Баптисмын хаалга нь давчуу бөгөөд нарийн зам руу хөтөлдөг. …

“Бид Ариун Сүнсний ариусгагч хүчээр дамжуулан унасан байдлаа өөрчлөхийн төлөө амьдрах ёстойг бидэнд зарлиг болгосны хамт мөн ингэж заадаг билээ. Ариун Сүнсээр галын баптисм хүртэх нь ‘[биднийг] дэлхийн шинж байдлаас сүнслэг амьдралд хөрвүүлдэг гэж ерөнхийлөгч Марион Ж. Ромни сургажээ. Энэ нь хүнийг ариусган, эдгээж, цэвэршүүлдэг. … Их Эзэн Есүс Христэд итгэх итгэл, наманчлал болон усаар баптисм хүртэх нь Ариун Сүнсээр хийх галын баптисмын урьдчилсан нөхцөл мөн. Харин [галын баптисм нь] оргил цэг юм. [Энэхүү галын баптисмыг] хүлээн авахын тулд тэр хүний өмсгөл Есүс Христийн цагаатгагч цусанд угаагдах ёстой’ (Learning for the Eternities, эмхэтгэсэн Жорж Ж.Ромни [1977], 133; мөн 3 Нифай 27:19–20-ийг үзнэ үү).

“Ийнхүү бид дахин төрж, Түүний Сүнсийг үргэлж өөртэйгөө хамт байлгахыг хичээх аваас Ариун Сүнс бидний сэтгэл зүрхийг гал мэт ариусган цэвэршүүлэх болно (2 Нифай 31:13–14, 17-г үзнэ үү). Ингэснээр бид Бурханы өмнө толбогүй зогсож чадна” (“Clean Hands and a Pure Heart,” Ensign, Лиахона, 2007 оны 11-р сар, 81).

  • “Галын баптисм” бидний төлөө юу хийдэг гэж ахлагч Бэднар, ерөнхийлөгч Ромни нар хэлсэн бэ?

  • Бид Ариун Сүнсний бэлгээр дамжуулан ямар адислал хүлээн авч чадах вэ?

  • Та “Түүний Сүнсийг үргэлж өөртэйгөө хамт байлгахыг” хэрхэн хичээдэг вэ?

  • Ариун Сүнс амьдралд тань нөлөөлөхийг та хэзээ мэдэрсэн бэ?

2 Нифай 31:18давчуу гэдэг үг нарийхан, хавчиг, явахад зай муутай гэсэн утгатайг тайлбарла. Нифай энэ үгийг бид баптисм хүртсэнийхээ дараа мөнх амьдралтай болохын тулд түүгээр замнах ёстой замыг дүрслэхэд ашиглажээ. Дараах асуултыг чимээгүй тунгаан бодохыг суралцагчдаас хүс.

  • Бид баптисмын дараа мөнх амьдрал өөд хөтөлдөг зам дээр байхын тулд юу хийх хэрэгтэй вэ?

Энэ асуултыг тунгаан бодох үедээ 2 Нифай 31:15–16, 19–21-ээс хариултыг нь олоход тэднийг урь. Бид мөнх амьдралтай болохын тулд юу хийх ёстойг тайлбарласан үг, холбоо үгсийг тэмдэглэхийг та тэдэнд зөвлөж болно. Хангалттай цаг гаргаж өгсний дараа тэмдэглэсэн зүйлсээ хуваалцахад суралцагчдыг урь. Тэдний хариултыг самбар дээр бич. Самбар дээр бичсэн зүйл дараах байдалтай харагдах ёстой:

Зураг
Eternal Life Steps

Хэрэв бид Христийн сургаалаар амьдрах юм бол, мөнх амьдралтай болно гэдгийг суралцагчид ойлгосон байх ёстойг анхаар.

Хичээлээ дүгнэн, төгсгөхийн тулд 2 Нифай 31:20-ийг чанга уншихыг нэг суралцагчаас хүс. 2 Нифай 31:19–20 бол төгс эзэмших судрын хэсэг гэдгийг хэл. Судрын энэ хэсгийг амархан олохын тулд харагдах газарт тэмдэглэж авахыг та суралцагчдад зөвлөж болно: Дараах асуултуудын нэгийг судрын тэмдэглэлдээ эсвэл хичээлийн дэвтэртээ хариулахад тэднийг урь.

  • Энэ хичээлээр судалсан зүйлсээс мөнх амьдралтай болох найдварыг танд юу өгч байна вэ?

  • Баптисмын үед хийсэн гэрээ таны амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ?

Төгс эзэмших судар—2 Нифай 31:19–20

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скоттын хэлсэн дараах үгсийг хуваалц:

“Судруудыг чээжилснээс агуу хүч ирж болно. Нэг судрыг чээжилбэл нэг шинэ найзтай боллоо гэсэн үг. Судар нь хэрэгцээтэй үед бидэнд тусалж, сүнслэгээр нөлөөлөн, тайтгаруулж чадах шинэ найзтай адил бөгөөд амьдралдаа өөрчлөлт гаргах хүсэл эрмэлзлийн эх сурвалж болж чадна” (“The Power of Scripture,” Ensign, Лиахона, 2011 оны 11-р сар, 6).

Үзүүлэн дээр (эсвэл цаасан дээр) Би 2 Нифай 31:19–20-ийг чээжилсэн гэж бич. Үзүүлэнг суралцагчдад сайн харагдах газарт байрлуул. Судрын энэ хэсгийг өөрсдөө болон гэр бүлийн гишүүдтэйгээ чээжлэх даалгаврыг суралцагчдад өг. Судрын хэсгийг ойрын өдрүүдэд чээжлэхээр гарын үсгээ үзүүлэн дээр зурахад тэднийг урь. Хэрэв суралцагчид судрын хэсгийг гэр бүлийн гишүүдтэйгээ чээжлэх бол тэдний нэрийг бас үзүүлэн дээр бичиж болно. Энэ даалгаврыг суралцагч бүр амжилттай биелүүлж болохын тулд тэдний чадвар, нөхцөл байдалд тохируулан өөрчилж болно.

2 Нифай 31:19–20 мэтийн итгэл найдварын үгс агуулсан судруудыг чээжлэх нь хэчнээн чухал болох тухай гэрчлэлээ хуваалц.

Анхааруулга: Өнөөдрийн хичээлийн сэдэв, агуулга том учраас та энэ үйл ажиллагааг цагийн боломж илүү сайтай өөр өдөр хэрэглэж болно.

Тайлбар болон нөхцөл байдлын талаарх мэдээлэл

2 Нифай 31:2, 21 “Христийн сургаал”

Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р.Холланд ийнхүү тайлбарласан:

Нифай өөрийн хураангуйлан дүгнэсэн агуу сургаалдаа Их Эзэн Есүс Христэд итгэх итгэл, наманчлал, усанд умбуулалтаар баптисм хүртээх, Ариун Сүнсний бэлэг хүлээн авах болон эцсийг хүртэл тэвчих тухай заасан нь ‘Христийн сургаал’ юм. Энэхүү тунхаглал авралын төлөвлөгөөг бүхэлд нь орлож чадахгүй ч Христэд итгэгчийн амьдралд ирдэг хүч буюу шагнал болох тэнгэрлэг алдар суугийн зэрэглэлүүд биднийг хүлээж байгаа билээ. Энэхүү тунхаглал санваарын албан тушаалууд, ариун сүмийн ёслолууд болон бусад олон үнэн сургаалыг орлож чадахгүй. Энэ бүхэн чухал хэдий ч, Мормоны Номонд хэрэглэгдсэнээр ‘Христийн сургаал’ энгийн бөгөөд шууд шулуун юм. Энэ нь гагцхүү сайн мэдээний анхдагч зарчмууд дээр, түүний дотор тэвчээртэй, шаргуу, үргэлж урагш тэмүүлдэг байхад анхаарал төвлөрүүлдэг: Чухамдаа ‘Христийн сургаал’ нь үр нөлөө нь ил харагддаг энгийн хийгээд тодорхой үзэл санаа юм. Христийн сургаал ийм л байх ёстойг Нифай мэдэж байв. ‘Би та нарт тодорхой байдлаар, бошиглолынхоо бүрэн тодорхой байдлын дагуу ярих болно’ 2 Нифай 31:2 хэмээн тэрээр бичжээ” (Christ and the New Covenant: The Messianic Message of the Book of Mormon 1997, 49–50).

2 Нифай 31:13 “Хоёр нүүр гаргахыг үл үйлдэн”

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жозеф Б.Вөртлин хоёр нүүр гаргахгүй байх талаар ийн хэлжээ:

“Бид үнэхээр сайн мэдээгээр амьдардаг эсвэл Их Эзэний сургаалуудад үнэнч байгаа нь бидний зүрх сэтгэл, үйлдлээр амьдрал дээр харагдахгүй юм чинь гээд, эргэн тойрныхоо хүмүүст итгэлтэй хүмүүс болж харагдахын тулд эсвээс тэдэнд ингэж бодогдуулахын тулд бид гадаад төрх байдлаараа зөв шударга хүмүүсийн дүр исгэдэг үү?

“Бид Бурханы хүчийг үгүйсгэдэг атлаа зөвхөн ‘бурханлаг байдлын’ дүртэй байх хэрэг үү?[Иосеф Смит—Түүх 1:19.]

Бусад хүн биднийг харж байгаа шүү гэж бодсон үедээ л бид зөв шударгаар үйлдэж, дуулгавартай байдлын дүр эсгэх хэрэгтэй гэж үү?

“Их Эзэн гадаад төрх байдалд хууртагддаггүй бөгөөд Өөртөө болон өрөөл бусдад хоёр нүүр гаргахгүй байхыг бидэнд анхааруулсан юм. Худал зүйлийг үнэн болгохыг хичээж, хар бараан үйлийг гэрэл гэгээтэй болгон дүрсэлдэг хүмүүсээс болгоомжлохыг Тэрээр бидэнд сануулсан юм” (“True to the Truth,” Ensign, 1997 оны 5-р сар, 15–16).

Аливааг зөвхөн сэтгэлийн хөдөлгөөнөөр биш харин үнэн санаанаасаа хийж байхыг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд бидэнд зөвлөн ингэж хэлсэн юм:

“Эдгээр үндсэн сургаалыг дагаснаар Христтэй холбогдох гайхамшигтай бөгөөд агуу боломж залбирал ба мацаг барихаар, Түүний зорилгуудыг бясалган бодсоноор, судруудыг шимтэн судалснаар, бусдад үйлчилснээр, ‘сул доройчуудад тусалж, доош унжсан гарнуудыг өргөн, … сул дорой өвдөгтнүүдийг хүчирхэгжүүлснээр’ гэсэн олон арга замаар бидэнд нээгддэг.С ба Г 81:5.] Энэ бүхнээс гадна, ‘үүрд үл цөхрөх’ бэлэг, ‘бүх зүйлийг хүлцдэг, бүх зүйлд итгэдэг, бүх зүйлд найддаг, бүх зүйлийг тэвчдэг’ бэлэг ‘Христийн цэвэр хайр’-аар хайрлагтун. [Moронай 7:45–47-г үзнэ үү.] Бидэнд ийм хайр байснаар бид Их Эзэн рүү хөтөлдөг олон арга зам бидний амьдралд байдгийг ойлгох болно. Бид хэдийгээр зүрх алдан хулчийсхийх боловч, Түүнд ойртох бүрдээ Тэрээр бидэнд туслахын төлөө үргэлж санаа тавьж байдгийг мэдэх болно. …

“Эдүгээ миний чин хүсэл бол бид бүгдэд … Аврагчийн үлгэр жишээний талаар нэн тодорхой хувийн туршлага байх явдал мөн. Бид заримдаа хөтөлбөрүүд болон бусдын туршлага дээр анхаарал төвлөрүүлж, тэнгэрийг алсуур (тойруу замаар) эрдэг. Ийм арга зам чухал ч гэсэн хувийн туршлага хуримтлуулах, жинхэнэ шавь байх, Түүний хүч чадал, алдар сууг шууд Өөрөөс нь мэдрэхээс чухал биш юм” (“Broken Things to Mend,” Ensign, Лиахона, 2006 оны 5-р сар, 70).

2 Нифай 31:13, 17–18. “Ариун Сүнсийг хүлээн авна уу”

Ахлагч Давид А.Бэднар заасан нь:

“Сүмийн шинэ гишүүнээр батлагдах болон Ариун Сүнсний бэлэг өгөх ёслол нь хоёул энгийн бөгөөд чухал ач холбогдолтой юм. Зохистой Мелкизедек санваартнууд гишүүн болох гэж байгаа хүний толгой дээр гараа тавьж түүнийг бүрэн нэрээр нь дуудна. Тэгээд ариун санваарын эрх мэдлээр болон Аврагчийн нэрээр уг хүн Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүнээр батлагдаж, ‘Ариун Сүнсийг хүлээн авна уу’ гэсэн энэхүү чухал өгүүлбэрийг түүнд хэлдэг.

“Энэхүү ёслолын ийм энгийн байдал нь түүний ач холбогдлыг дутуу үнэлэхэд биднийг хүргэж болзошгүй. ‘Ариун Сүнсийг хүлээн авна уу’ гэсэн энэ дөрвөн үгийг зүгээр л ёс болгож хэлдэггүй. Харин эдгээр үг зөвхөн өөр дээрээ бусдаар үйлдүүлэх биш, өөрөө үйлддэг байх тухай санваартны тушаал буюу эрх мэдлээр хэлсэн зөвлөгөө болдог (2 Нифай 2:26-г үзнэ үү). Бидний толгой дээр зөвхөн гар тавьснаар мөн дээрх дөрвөн чухал үгийг хэлснээр Ариун Сүнс бидний амьдралд нөлөөлж эхэлдэггүй. Бид бүгд энэхүү эрхэм ариун ёслолыг хүлээн авч, үүнтэй холбоотой үүрэг хариуцлагыг биелүүлэх, бүтээлчээр эрж хайх, хөдөлмөрлөх хүсэлтэй байснаараа үнэхээр ‘Ариун Сүнсийг хүлээн авч,’ үүний бэлгүүдийг хүртэн амьдарч чадна.

“Залбирах, судалж суралцах, цугларах, шүтэн бишрэх, үйлчлэх болон дуулгавартай дагах нь сайн мэдээний талаар хийх тус тусдаа бие даасан олон зүйлийн жагсаалт биш. Хэрэв эдгээр зөв зүйлийг тус бүрд нь авч үзэх юм бол Ариун Сүнсийг хүлээн авах бүрэн эрхээ хэрэгжүүлэх сүнсний цогц эрэл хайгуул дахь чухал бүрэлдэхүүн хэсгүүд юм. Бидний дуулгавартай дагадаг Бурханы зарлигууд болон Сүмийн удирдагчдын зөвлөгөө нь зарчмын хувьд Сүнсний нөхөрлөлийг олж авах явдал дээр анхаарал төвлөрүүлдэг. Үндсэндээ, сайн мэдээний бүх сургаал болон үйл ажиллагаанууд нь биднийг Ариун Сүнсийг амьдралдаа хүлээн авснаар Христэд ирэх явдал дээр төвлөрдөг” (“Receive the Holy Ghost,” Ensign, Лиахона, 2010 оны 11-р сар, 95, 97).

Ариун Сүнсний нөхөрлөлд тэнцэхүйц зохистой байсан үед бидний хүлээн авах адислалуудаас заримыг нь дараах байдлаар жагсаажээ:

“[Ариун Сүнс] таныг шийдвэр гаргахад тань удирдаж, бие махбод хийгээд сүнсэнд тань учрах аюулаас хамгаална.

“Тэр бол Тайтгаруулагч мөн (Иохан 14:26). Сүнсний шивнээ танаас айдас, амьдралын ээдрээтэй асуудлуудыг зайлуулж, зовлон зүдгүүр тохиолдсон үед тань таныг тайтгаруулах болно. Ариун Сүнс чамайг ‘найдвар ба төгс хайраар’ дүүргэж, ‘хаант улсын амар амгалангийн зүйлсийг чамд зааж’ (Moронай 8:26; С ба Г 36:2) чадна. …

“Ариун Сүнсний бэлгийг бүрэн эзэмших нь илчлэлт болоод тайтгарлыг хүлээн авах, сүнсний бэлгүүдээр дамжуулан бусдад үйлчилж, тэднийг адислах, нүглээс ариусч, селестиел хаант улсад өргөмжлөгдөхөөс бүрддэг” (True to the Faith: A Gospel Reference [2004], 82–83).

2 Нифай 31:15–16 “Эцсээ хүртэл тэвч”

“Эцсээ хүртэл тэвч” гэсэн үгс нь бүх амьдралын туршид тохиолдох сорилт бэрхшээлүүдийг хүлцэн тэвчих хэрэгтэйг хүнд санал болгоход олонтоо ашиглагддаг. Эцсээ хүртэл тэвчих гэдэг нь бас Христэд итгэх итгэлдээ үргэлжлүүлэх гэсэн утгатайг ахлагч Жозеф Б.Вөртлин ингэж тайлбарлажээ:

“Эцсээ хүртэл тэвчих гэдэг нь хүн итгэл, наманчлал, баптисм болон Ариун Сүнсийг хүлээн авснаар дамжуулан мөнх амьдрал өөд хөтөлдөг зам дээр гарснаа цаашид үргэлжлүүлэх тухай сургаал юм. Эцсийг хүртэл тэвчих нь биднээс бүх зүрх сэтгэлээ зориулахыг шаардах бөгөөд Мормоны Номын бошиглогч Амаликайн заасанчлан, бид ‘түүнд ирж, мөн өөрийн бүхэл бодгалийг түүнд өргөл болгон өргөж, мацаг барьж, залбирахаа үргэлжлүүлэн, эцсийг хүртэл тэвчвэл, Их Эзэн амьдын адил [бид] аврагдах болно.’Oмнаи 1:26.

“Эцсээ хүртэл тэвчих гэдэг нь бид амьдралаа сайн мэдээний сургаалууд дээр бат бөх суурилуулж, Сүмийн сургаалуудыг сахиж, нөхдөдөө даруухнаар үйлчлэн, Христийнхтэй адил амьдралаар амьдран, гэрээнүүдээ сахих ёстой гэсэн үг юм. Эцсээ хүртэл тэвчдэг хүмүүс тэвчээртэй, хэрсүү ухаантай, даруухан, байнга өсч хөгждөг бөгөөд заль мэхгүй байдаг. Тэдний гэрчлэл дэлхийн учир шалтгаан дээр биш харин үнэн, мэдлэг, туршлага ба Сүнсэн дээр суурилдаг” (“Press On,” Ensign, Лиахона, 2004 оны 11-р сар, 101).

2 Нифай 31–33. Ариун Сүнс

Мормоны Номон дахь Нифайн сүүлчийн сургаалуудад Ариун Сүнсний тухай олон үнэн оржээ. Жишээлбэл:

  1. Ариун Сүнс “тэнгэр элчүүдийн хэлээр” (2 Нифай 31:13-ыг үзнэ үү) ярих боломжийг танд олгоно.

  2. Нүглээс уучлагдах нь Ариун Сүнсний хүчээр ирдэг (2 Нифай 31:17-г үзнэ үү).

  3. Ариун Сүнс Эцэг, Хүү хоёрын тухай гэрчилдэг (2 Нифай 31:18).

  4. Ариун Сүнс өөрийн чинь хийх ёстой бүх зүйлийг чамд үзүүлэх болно (2 Нифай 32:5-ыг үз).

  5. Ариун Сүнс хүмүүст хэрхэн залбирахыг заадаг (2 Нифай 32:8-ыг үзнэ үү).

  6. Хүн Ариун Сүнсний хүчээр ярьж байгаа үед Ариун Сүнс түүний захиасыг бусдын зүрх сэтгэлд хүргэдэг (2 Нифай 33:1-ийг үзнэ үү).

Хэвлэх