111-р хичээл
Хиламан 10
Оршил
Алуурчны талаарх Нифайн илчлэлт батлагдах үед ерөнхий шүүгчийг хэн алсныг тогтоох ажиллагаа дууссан. Нифай өөрт нь тулгасан хуурмаг ялуудаар яллагдахаас зугтаан, гэр рүүгээ алхсан. Тэрээр хүмүүсийн гэм нүглийн учир сэтгэл гонсойн явахдаа Их Эзэний түүнд үзүүлсэн зүйлсийн талаар бодсон. Яг энэ эргэцүүлэл, уйтгар гунигийн мөчид тэр Их Эзэний дуу хоолойг сонссон билээ. Их Эзэн түүнийг лацдан холбох хүчээр адисалж, хүмүүст наманчлалыг үргэлжлүүлэн номлохыг зарлигласан. Нифай тэр даруй Их Эзэний зарлигт дуулгавартай захирагдсан.
Заах зөвлөмж
Хиламан 10:1–11
Нифай лацдан холбох хүчийг хүлээн авдаг
Суралцагчдад Хиламан 8–9 дээр цэдэглэсэн ерөнхий шүүгчийн аллагын тухай Нифайн илчлэлтийг сануул. Суралцагчдаас ерөнхий шүүгчийг алсан хүнийг дөнгөж илчилсэн Нифайн оронд өөрсдийгөө тавьж төсөөлөхийг хүс.
-
Чамд ямар санагдах вэ? Хүмүүс хэрхэн хандахыг төсөөлж байна уу?
-
Хүмүүст чи юу хэлэхийг хүсч байна вэ?
-
Хүмүүс таныг үл тоомсорлон, ганцааранг тань орхивол ямар байх вэ?
Ерөнхий шүүгчийг хэн алсан нь тодорхой болсны дараа Нифай гэр рүүгээ буцсан. Нэг суралцагчаас Хиламан 10:1–3-ыг чангаар уншихыг хүсч, ангийнхнаар Нифай гэр рүүгээ явж байхдаа юу хийснийг олуул. Суралцагчдаас эдгээр шүлэгт эргэцүүлэх гэсэн үг гарч ирэх бүрд тодруулан тэмдэглэхийг хүс.
-
Нифай яагаад “гутарсан” бэ?
-
Нифайг эргэцүүлэн бодож байхад юу тохиолдсон бэ? (Их Эзэний дуу хоолой түүн дээр ирсэн.) Эргэцүүлэх, илчлэлт хүлээн авах хоёрын хооронд ямар холбоо байна вэ?
Суралцагчдыг хариулах хооронд тэдэнд дараах зарчмыг тогтооход тусал: Их Эзэний зүйлсийг эргэцүүлэн бодох нь илчлэлт хүлээн авахад бэлтгэдэг. Та энэ зарчмыг самбар дээр бичиж болно.
Их Эзэний зүйлсийг эргэцүүлэн бодсоны үр дүнд илчлэлт хүлээн авсан хүмүүсийн тухай судар эсвэл Сүмийн түүхийн талаар бодохыг суралцагчдаас хүс. (Жишээлбэл, эцгийнхээ харсан зүйлсийг харахыг хүсч, “[өөрийн] зүрх сэтгэлд эргэцүүлэн бодсоны” [1 Нифай 10:17; 11:1-ийг үзнэ үү] дараа илчлэлт хүлээн авсан Лихайн хүү Нифай; Иаков 1:5 дээр бичсэн зүйлийн талаар “дахин дахин тунгаан бодсоны” [Иосеф Смит—Түүх 1:11–17] дараа Анхны үзэгдэл харсан Иосеф Смит; мөн Их Эзэний үгсийн талаар тунгаан бодож, эргэцүүлсний дараа үхлийн гэтэлгэлийн талаар илчлэлт хүлээн авсан Жозеф Ф.Смит, [C ба Г 138:1–6, 11]-ийг үзнэ үү.)
-
Тунгаан бодох нь хувийн илчлэлт хүлээн авахад тань хэзээ тусалсан бэ? (Та хувийн илчлэлт хүлээн авах нь судруудад гардаг зарим нэг жишээн дээрх шиг сэтгэл хөдөлгөм үйл явдал дандаа байх албагүй гэдгийг дурдаж болно. Илчлэх байдал нь бид өмнө нь ойлгоход хүндрэлтэй байсан ямар нэгэн зүйлийн талаар гэнэт ойлгох гэх мэт ихэвчлэн санаандгүйгээр гэгээрэх мөч байдаг.)
-
Ямар цаг үеүдэд эсвэл нөхцөлд Их Эзэний зүйлсийн талаар тунгаан бодоход ялангуяа талархах сэтгэгдэл төрдөг вэ? (Ийм цаг үеүдийн жишээнд ариун ёслолын үеэр мөн дараа нь, хувийн залбирал ба судраас суралцсаны дараа, Ерөнхий чуулган үзэж эсвэл сонссоны дараа, мацаг барих үед, ариун сүмд үйлчлэхэд, хүндэтгэлийн өдөр Их Эзэнд хүндэтгэл үзүүлэх үед зэрэг орж болно.)
Суралцагчдыг тогтмол тунгаан бодох тодорхой цаг гаргахад урамшуулан дэмж. Тэд тунгаан бодох үедээ хүлээн авсан сэтгэгдлээ бичихийг зөвлө.
Нифайн туршлагаас үргэлжлүүлэн суралцахын өмнө суралцагчдыг бэлтгэж, тэдний хөршүүд хэсэг хугацаагаар явах гэж байгаа тул орон гэр, эд юмсыг нь харах хүн хэрэгтэй болсон хэмээн төсөөлөхийг хүс.
-
Хөрш тань ямар хүнээр өөрсдийн орон гэрийг сахиулахыг хүснэ гэж бодож байна вэ?
-
Ийм үүрэг хариуцлага болон итгэл дааж чадахаар хүн гэдгээ түүнд хэрхэн харуулж болох вэ?
Суралцагчдаас Хиламан 10:4–5-ыг дотроо уншиж, Их Эзэн яагаад Нифайд итгэн, агуу адислал болон үүрэг хариуцлага оногдуулсныг олж мэдэхийг хүс. (Та нар цуцашгүй гэдэг үг уйгагүй эсвэл ядрахаа мэдэхгүй гэсэн утгатай гэдгийг тайлбарлах хэрэгтэй байх.) Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ танилцуулахад урь.
-
Цуцашгүй үйлчлэл нь Их Эзэн бидэнд адислал болон үүрэг хариуцлагаар итгэдгийг хэрхэн үзүүлж байна вэ?
-
Хүмүүсээс айж эмээлгүй үйлдсэн Нифайн дараах үлгэр жишээ Их Эзэний хаант улс дахь үүрэг хариуцлагадаа бэлтгэхэд маань бидэнд хэрхэн туслах вэ?
-
“Чи … амьдралаа эрэлхийлсэнгүй” гэсэн хэллэг юу гэсэн утгатай вэ?
Дараах зүйлсийг самбар дээр бич : Бидний үед Их Эзэн адислал ба үүрэг өгснөөрөө бидэнд итгэдэг. … Суралцагчдаас тэднийг Хиламан 10:4–5 дээр Нифайн тухай суралцсан зүйл дээрээ үндэслэн, энэ мэдэгдлийг хэрхэн нөхөж гүйцээхийг асуу. Суралцагчид дараах байдлаар мэдэгдлийг бөглөж болно: Их Эзэн биднийг Түүний хүслийг өөрсдийнхөөсөө өмнө тавих үед адислал болон үүрэг хариуцлагаа бидэнд итгэн өгдөг. Та суралцагчдад энэ үнэнийг өөрсдийн дэвтэр эсвэл судар судлах тэмдэглэлдээ бичихийг санал болгож болно.
Суралцагчдыг дараах асуултуудын талаар тунгаан бодож, хариултаа тэдний аль нэг дээр бичихийг хүс:
-
Их Эзэнд Түүний хүслийг өөрийнхөөсөө илүү чухалд үзэж байгаагаа үзүүлж та хамгийн сүүлд юу хийсэн бэ?
-
Амьдралын тань ямар хэсэгт Их Эзэний хүслийг илүү сайн эрэлхийлэх хэрэгтэй байна вэ?
Биднийг Их Эзэний хүсэл болон Түүний зарлигуудыг эрэлхийлэх үед Тэрээр бидэнд хамгийн агуу адислалуудаа итгэмжлэхийг хүсдэг гэдгийг гэрчил.
Суралцагчдыг Хиламан 10:5–7-г дотроо уншиж, Их Эзэний Нифайд өгсөн адислал ба үүрэг хариуцлагыг олж мэдэхийг хүс. Суралцагчдыг уншиж байх хооронд дараах зүйлсийг самбар дээр бич:
Хэдэн суралцагчийг самбарт гарч ирэхэд урьж, Нифайд өгсөн Их Эзэний адислалуудыг дараах шүлгүүдээс олж хариулахыг хүс.
Их Эзэний Нифайд өгсөн адислалуудын нэг нь лацдан холбох хүч байсан гэдгийг онцлон тэмдэглэ. Дараа нь дараах үнэнийг самбар дээр бич: Лацдан холбох хүч дэлхий дээр ч тэнгэрт ч холбодог мөн салгадаг. Та суралцагчдад энэ үнэнийг өөрсдийн судар дээр Хиламан 10:7-гийн хажууд бичихийг санал болгож болно.
Суралцагчдаас тэднийг Хиламанаас гадна лацдан холбох хүч өгөгдсөн өөр хүмүүсийг мэдэх эсэхийг асуу. Суралцагчдыг хариулсны дараа та тэднээс Хиламан 10:7-г дараах судруудтай харьцуулахыг хүс: Хаадын дээд 17:1 (Елиа); Maтай 16:15–19 (Петр); Сургаал ба Гэрээ 132:46 (Иосеф Смит)
Үүнтэй ижил хүчний түлхүүрийг өнөөдрийн Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ерөнхийлөгч мөн атгадаг гэдгийг тайлбарла. Сүмийн ерөнхийлөгчид Нифайн нэг адил эцэж цуцалтгүй үйлчилснээр Их Эзэн тэдэнд агуу адислал болон үүрэг хариуцлагуудыг итгэмжилж болно гэдгийг харуулсан. Бид ихэвчлэн лацдан холбох хүчийг ариун сүмийн ёслолуудаар дамжуулан гэр бүлүүдийг холбохтой холбон ойлгодог.
Суралцагчдад лацдан холбох хүчийг илүү сайн ойлгоход нь туслахын тулд нэг суралцагчаас Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Рассэлл М.Нэлсоны хэлсэн дараах мэдэгдлийг уншихыг хүс:
“Ариун сүм, ёслол, гэрээ, хувийн хишиг болон лацдан холболтууд тодорхой бошиглогдсоны дагуу сэргээгдсэн юм. Ариун сүмийн ёслолууд Их Эзэнтэй дахин эвлэрэх явдлыг хангаж, гэр бүлүүдийг үүрд мөнхөд лацдан холбодог. Ариун сүмд хийгдсэн нандин гэрээнүүдэд дуулгавартай байх нь биднийг мөнх амьдрал буюу Бурханы хүмүүнд өгсөн хамгийн агуу бэлгийг авахад бэлтгэдэг” (“Ариун сүмийн ёслолуудад бэлтгэ,” Ensign, 2010 оны 10-р сар, 42).
-
Та гэр бүлүүдийг ямар арга замуудаар мөнхөд нэгдмэл байж чадна гэсэн мэдлэгээр адислагдсан бэ?
-
Та нар лацдан холбох хүчийн адислалуудыг ирээдүйд хэрхэн эрэлхийлэх вэ? (Хариултууд нь ариун сүмийн гэрлэлтэд бэлтгэх, тэдэнд нас барсан өвөг дээдэстэйгээ лацдан холбогдох боломж олгох, ариун сүм ба гэр бүлийн түүхийн ажлуудыг хийх зэрэг байж болно.)
Лацдан холболтын адислалууд болон ариун сүмд холболтын ёслолуудыг хүлээн авахын чухал ач холбогдлын талаарх өөрийн гэрчлэлийг хуваалц.
Хиламан 10:12–19
Хүмүүст наманчлалыг номлох Их Эзэний зарлигт Нифай дуулгавартай байдаг
Суралцагчдаас хийхийг хүссэн ямар нэгэн зүйлээ хийлгүй хойшлуулж байсан удаа тэдэнд бий эсэхийг асуу. (Жишээлбэл, гэрийн ажил эсвэл сургууль, ажил дээр өгсөн даалгавар гэх мэт орж болно.)
-
Бид тэдний биднээс хийхийг хүссэн зүйлийг хийлгүй үлдээхдээ бусдад юу гэж тайлбарладаг вэ?
Нэг суралцагчаас Хиламан 10:11–12-ыг чанга уншихыг хүс. Цааш нь хамтдаа ангийнх-наас шүлгийг дагуулан харж, хүмүүст наманчлалыг номло хэмээн зарлигласан Их Эзэний зарлигт Нифай хэрхэн хариулсныг олж мэдэхийг хүс.
-
Бид Их Эзэний зөвлөмж ба зарлигуудад тэр даруй хариулснаараа Түүнд юуг харуулдаг вэ?
Нэг суралцагчаас Хиламан 10:13–14-ийг чанга уншихад урь. Дараа нь өөр суралцагчаас Хиламан 10:15–17-г чанга уншихыг хүс.
-
Энэ шүлгүүд дэх Нифайн үлгэр жишээ бидэнд юу зааж байна вэ?
-
Их Эзэн Нифайд хэрхэн тусалсан бэ?
Нифайн итгэлтэй байдлын учир Их Эзэн түүнийг хамгаалж, түүнийг агуу хүчээр адисалсан гэдгийг олж харахад нь суралцагчдад тусал. Их Эзэн Нифайг сонгон Өөрийн номлолыг гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн юм.
-
Та нар Их Эзэнд үйлчлэх шийдвэрээ хэрхэн харуулж чадах вэ?
Суралцагчдыг Их Эзэний хүслийг өөрсдийнхөөсөө өмнө тавьж, тэр даруй биелүүлэх дуулгавартай байх арга замуудыг эрэлхийлэхэд урамшуулан дэмж. Их Эзэнд дуулгавартай байснаар ирэх адислалуудыг гэрчил.