140-р хичээл
Moрмон 7–8:11
Оршил
Нифайчууд болон леменчүүдийн хооронд болсон эцсийн тулааны дараа Мормон ирээдүйн үе удам буюу Мормоны Номын хүмүүст хандан тэд хэн гэдгээ мэдэхийн чухал ач холбогдол болоод аврагдахын тулд юу хийх ёстой талаар бичсэн. Мормон өөрийн дайснуудын ирээдүй үе удмынхныг гэсэн агуу хайраар энэ нь “шүүлтийн өдөр [тэдний] хувьд сайн” (Moрмон 7:10) байж болохын тулд Есүс Христийн сайн мэдээг дагахын чухал ач холбогдлыг заасан. Мормоныг нас барсны дараа түүний хүү Моронай өөрийн хүмүүсийн устгалын талаар бичихээр ганцаар үлдсэн.
Заах зөвлөмж
Moрмон 7
Мормоны сүүлийн гэрчлэлд тэр леменчүүдийн үр удмыг Есүс Христэд итгэж, Түүний сайн мэдээг дагахад урин дууддаг
Самбар дээр 230 000 гэсэн тоог бич. Суралцагчдаас тэд нифайчуудын устгалтай энэ тоо ямар холбоотойг санаж байгаа эсэхийг асуу (Энэ тоо нь Moрмон 6 дээр цэдэглэсэн сүүлийн тулаанд амь үрэгдсэн нифайчуудын цэргийн тоо. Та нар Moрмон 6:10–15 дээрх тоо зөвхөн тулаанд амь үрэгдсэн хүмүүсийн тоо ба дайны уршгаар алагдсан бусад олон хүний тоо ороогүй гэдгийг онцлон хэлж болох юм). Суралцагчдыг гэр бүлийн гишүүд ба найз нөхөд нь алагдаж, тэдний үндэстэн эзлэгдсэн аймшигт тулаанаас амьд үлдсэн хэмээн төсөөлөхийг хүс. Тэдний үндэстэн ялсан ч ойр дотныхныгоо алдсан хүмүүсийн үр удамд захиас бичиж байгаа бол юу хэлэх байсан талаар бодох хугацаа тэдэнд өг.
Суралцагчдыг Moрмон 7:1–4-ийг дор бүрнээ уншиж, леменчүүдийн үр удамд хандсан Мормоны хэлсэн сүүлийн үгсийг олохыг хүс.
-
Мормон леменчүүдийн үр удмынхныг юу мэдээсэй гэж хүссэн бэ?
-
Өөрийн дайснуудад хандсан Мормоны үгсээс Аврагчийн ямар зан чанарыг харж болох вэ?
Суралцагчдад Мормон леменчүүдийн үр удмынханд аврагдахын тулд юу хийх шаардлагатайг заасан гэдгийг ойлгоход тусал. Тэр бүх хүмүүст, бүр өөрийн дайсанд ч энэрэнгүй сэтгэлээр хандсан.
Суралцагчдыг Moрмон 7:5, 8, 10-ыг дор бүрнээ уншиж, Мормон өөрийн уншигчдад тэдний хийх хэрэгтэй юу заасныг олж тогтоохыг хүс. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцаж, хариултуудаа самбар дээр жагсаан бичихийг хүс. Та нар Мормоны сургаалууд нь нифайчуудыг устгалаас аварч болох байсан сайн мэдээний зарчмуудтай адил гэдгийг дурд (Moрмон 3:2-ыг үзнэ үү).
Нэг суралцагчийг Moрмон 7:6–7-г чанга уншихад урь. Цааш нь хамтдаа ангийнхнаас шүлгийг дагуулан харж, Түүнд итгэж, Түүний сайн мэдээг хүлээн авсан бүх хүнд Их Эзэн юу санал болгосныг олж мэдэхийг хүс. Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ тайлагнасны дараа тэднээс Moрмон 7:6–7-гийн дэргэд дараах үнэнийг бичихийг хүс: Их Эзэн авралыг бүгдэд санал болгодог ба Тэр Түүний сайн мэдээний зарчмууд болон ёслолуудыг хүлээн авсан хүмүүсийг гэтэлгэх болно.
Дараах асуултуудыг самбар дээр бич. Суралцагчдаас өөрсдийн хариултыг дэвтэр эсвэл судар судлах тэмдэглэл дээрээ бичихийг хүс.
Цөөн суралцагчаас сурсан зүйлийнхээ талаар бусадтайгаа хуваалцахыг хүс.
Moрмон 8:1–11
Мормоныг нас барсны дараа түүний хүү Моронай цор ганцаар үлдэж, өөрийн хүмүүсийн устгалын талаар бичдэг
Суралцагчдаас тэдний итгэлийг сорьсон, магадгүй тэднийг хэн нэгэн хараагүй тул ямар нэгэн буруу зүйлийг хялбархан хийх боломжтой нөхцөл байдалд ганцаар байсан цаг мөчийнхөө талаар бодохыг хүс. Тэдний Аврагчийг дагаж, Түүний зарлигуудыг сахих шийдвэр нь ийм цаг үед өссөн, хэвээр байсан эсвэл буурсан эсэхийг сайтар бодохыг урь.
-
Зарим хүн яагаад тэдний итгэлийг сорьсон нөхцөлд ганцаар байхдаа итгэлтэй хэвээр үлдэхгүй байхаар сонгодог вэ?
-
Яг ижил нөхцөл байдалд яагаад зарим хүн итгэлтэй хэвээр үлдэхийг сонгодог вэ?
Нифайчууд ба леменчүүдийн хооронд болсон сүүлийн тулааны дараа Мормон алагдсан ба түүний хүү Моронай гэр бүлийнхэн болон түүний хүмүүсийн хэн нь ч байхгүй ганцаар үлдсэн гэдгийг тайлбарла. Нэг суралцагчаас Moрмон 8:1–9 дээрх Моронайгийн үгсийг чанга уншиж, ангийнхныг Моронайн нөхцөл байдлын тухай тодорхойлолт олохыг хүс. Тэднээс олсон зүйлээ хуваалцахыг хүс.
-
Хэрэв та нар Моронайн оронд байсан бол яах байсан бэ?
Хуудаснуудын доод буланд байгаа эсвэл бүлгийн товч дүгнэлт дээрх огноог ашиглан, суралцагчдад Мормоны эцсийн үгс бичигдэж, Моронай ялтсууд дээр бичиж эхэлсэн үеэс хойш ойролцоогоор 16 жил өнгөрсөн гэдгийг хэл. Дараа нь суралцагчдыг хэдийгээр Моронай цор ганцаар удсан боловч юу хийхээр шийдсэнийг харахын тулд дахин Moрмон 8:1–4-ийг уншихад урь. Уншсан зүйлийнхээ тухай хуваалцахыг тэднээс хүс (Тэрээр эцэгтээ дуулгавартай байж, ялтсууд дээр бичихээр шийдсэн гэдгийг тэд олох ёстой).
-
Өөрийн нөхцөл байдлыг үл харгалзан Моронайгийн дуулгавартай байсан байдлаас бид юу суралцаж болох вэ? (Суралцагчид өөрсдийн санаа бодлыг хуваалцаж байх үед дараах үнэнийг онцлон тэмдэглэ: Бид цор ганцаар байсан ч итгэлтэйгээр үлдэхийг сонгож болно. Суралцагчдаас энэ үнэнийг судрынхаа Moрмон 8:1–4-ийн хажууд бичихийг санал болгож болно.)
Моронайд онцгой үүрэг байсан гэдгийг онцлон хэл. Тэр “өөрийн хүмүүсийн устгалын энэхүү гунигт түүхийг бичихээр бүр ганцаар амьд үлдсэн бөлгөө” (Moрмон 8:3). Хэдийгээр суралцагчид яг ийм нөхцөл байдалтай нүүр тулахгүй ч тэд ганцаар байж, итгэлтэйгээр үлдэх шаардлагатай нөхцөл байдлуудад орж болох юм. Тэд мөн бусадтай хамт байсан ч Их Эзэн болон Түүний бошиглогчдын бий болгосон жишгүүдээр амьдардаггүй хүмүүстэй хамт байх цаг мөч зэрэг ганцаар мэт санагдах нөхцөл байдалд орж болно.
-
Ганцаараа байхдаа сорилтод орсон ч итгэлтэй хэвээр байсан хүмүүсийг тэд мэдэх үү?
Суралцагчид энэ асуултад хариулах үед эдгээр асуултын заримыг эсвэл бүгдийг асуу:
-
Тэр хүн эдгээр нөхцөл байдалд хэрхэн үйлдсэн бэ?
-
Бурханы зарлигласан зүйлийг хийснээр уг хүн хэрхэн адислагдсан бэ?
-
Эдгээр жишээ та нарт хэрхэн тусалж байна вэ?
Суралцагчдыг Moрмон 8:10–11-ийг дотроо уншихад урь. Тэднийг Их Эзэн Моронай болон Мормон нарыг хүндхэн нөхцөл байдалтай тулгарах үед дэмжин тусалсан нэг арга замыг олж мэдэхийг хүс (Их Эзэн Мормон ба Моронай нарт туслуулахаар гурван нифай хүнийг илгээсэн; мөн 3 Нифай 28:25–26-г үзнэ үү). Хэрэв бид ганцаардмал эсвэл хүндхэн нөхцөл байдлуудад Бурханд итгэлтэй байх юм бол Тэр бидэнд итгэлтэй үлдэхэд маань туслах болно гэдгийг онцлон хэл. Энэ үнэнийг хэлэлцэхийн тулд дараах асуултуудыг ашигла:
-
Та нар хэзээ ялангуяа хэцүүхэн нөхцөл байдалд Тэнгэрлэг Эцэгийн зарлигуудын нэгэнд дуулгавартай байсан бэ? Ингэснээр та нар адислагдсанаа хэрхэн мэдэрсэн бэ?
-
Ирээдүйд хэцүү нөхцөл байдлуудад итгэлтэй байхын тулд яагаад одооноос бэлтгэх нь чухал вэ?
Суралцагчдыг бүр ганцаар зогсох хэрэгтэй байсан ч итгэлтэйгээр үлдэхэд урамшуулан дэмжиж, ерөнхийлөгч Томас С.Монсоны дараах үгсийг хуваалц:
“Биднийг өдрөөс өдөрт амьдарч байхад итгэл маань соригдох нь зайлшгүй юм. Бидэнд заримдаа цөөнхийн нэгэн хэсэг болоод юм уу бүр юу болох, болохгүй талаар ганцаараа бусдаар хүрээлүүлэн зогсох цаг ирнэ. Бид хэдийгээр цор ганцаар зогсох байсан ч өөрсдийн итгэлийн төлөө бат гуйвшгүй зогсох ёс суртахууны зоригтой юу? … Хэрэв бид үйл явцын дунд ганцаар зогсох хэрэгтэй бол бид үүнийг зоригтойгоор, хүчтэйгээр хийх болно учир нь үнэндээ бид хэзээ ч ганцаар зогсдоггүй бид Тэнгэрлэг Эцэгтэйгээ зогсдог юм” (“Ганцаар зогсох зоригтой бай,” Ensign эсвэл Лиахонa 2011 оны 11-р сар, 60, 67).
Ганцаардмал эсвэл хүндхэн нөхцөл байдалд итгэлтэй байсны төлөө Их Эзэн адисалсан туршлагаасаа хуваалцан, хичээлийг өндөрлө.