Гэрээр судлах хичээл
3 Нифай 17–22 (26-р хэсэг)
Оршил
Энэ хичээл нь суралцагчдад Аврагч хүмүүсийнхээ төлөө сайхан сэтгэл болоод нигүүлслийг мэдэрдэг гэдгийг ойлгоход нь тусалж чадна. Түүнчлэн суралцагчид залбирлын талаар Их Эзэний зөвлөгөөг дахин авч үзсэнээр тэд хувиараа болон гэр бүлээрээ хийх залбирлаа илүү утга учиртай болгох аргуудыг бодож чадна.
Заах зөвлөмж
3 Нифай 17
Аврагч өвчтнүүдийг эдгээж, хүмүүсийн төлөө Эцэгт залбирч мөн тэдний хүүхдүүдийг адисалдаг
Суралцагчдыг өөрсдийн мэдэх хамгийн халамжтай хүний талаар бодоход урь. Тэгээд асуу: Та нар хэний тухай бодсон бэ? Энэ хүн бусдад болон та нарт хайраа хэрхэн үзүүлсэн бэ?
Есүс нифайчуудыг анагаасан нь (Сайн мэдээний уран зургийн цуглуулга [2009], 83-р дугаар) болон Есүс нифай үндэстэн хүүхдүүдийг адислав зургийг үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, 84-р). Тэгээд асуу: Өнгөрсөн долоо хоногт та нар Мормоны Номоос судалж байхдаа хүмүүсийн төлөөх Аврагчийн хайрын талаар юу мэдсэн бэ?
Дараах үнэнүүдийг самбарт бич: Аврагч бидний төлөө агуу өрөвдөх сэтгэлийг мэдэрсэн. Энэ мэдэгдлийн доор дараах судрын заалтыг бич: 3 Нифай 17:7, 9, 11, 15–17, 21, 24. Суралцагчдыг энэ шүлгүүдийг давтаад самбар дээрх үнэнийг онцгойлон үзүүлсэн нэгийг нь сонгоход урь. Хангалттай хугацаа өгсний дараа та дараах асуултуудыг асууж болно:
-
Та нарын сонгосон шүлэгт бидний төлөөх Аврагчийн агуу өрөвдөх сэтгэлийг хэрхэн үзүүлсэн бэ?
-
Та нар Аврагчийн хүмүүстээ “нэг нэгээр нь” адисалсан гэдгээс Түүний талаар юу сурсан бэ? (3 Нифай 17:21).
-
Аврагчийн өрөвдөх сэтгэлийн талаар мэдэх нь Түүнд итгэх илүү агуу итгэлийг хөгжүүлэх болон Түүнийг гэсэн агуу хайрыг мэдрэхэд хэрхэн туслах вэ?
3 Нифай 18–19
Есүс хүмүүсийг Эцэгт хандан үргэлж залбирах мөн ойр ойрхон хамтдаа цугларч байхыг заасан.
Суралцагчдыг хоёр хоёроор нь хуваарилан, хос бүрээс өнөө үед өсвөр үеийнхний учирч байгаа хэмээн итгэж байгаа хамгийн хэцүү уруу таталтуудын тавыг нь жагсаан бичихийг хүс. Тэднийг дуусахад хос бүрийг 3 Нифай 18:15–20-ийг уншаад уруу таталтуудыг тэсч өнгөрөөхийн тулд Аврагчийн өгсөн зөвлөгөөг хайж олохыг хүс. Цөөн хэдэн суралцагчаас эдгээр шүлгээс олж мэдсэн зарчмаа хуваалцахыг хүс. Тэдний олж тогтоож болох нэг зарчим нь Хэрэв бид сэрэмжтэй байж мөн Эцэгтээ ямагт залбирвал Сатаны уруу таталтуудыг эсэргүүцэж чадна юм.
Суралцагчдаас дараах асуултуудыг асуу:
-
Таны жагсаан бичсэн уруу таталтуудын нэгийг тэсэж гарахын тулд залуу хүн юуг анхаарах ёстой гэж та нар бодож байна вэ?
-
Залуу хүн таны жагсаан бичсэн уруу таталтуудын нэгийг тэсэж гарахад өөрт нь туслах юуны төлөө залбирч болох вэ? Тэнгэрлэг Эцэгтээ залбирах нь та нарыг хүчтэй хэвээр үлдэхэд хэрхэн туслах вэ?
Суралцагчдад гэр бүлийн залбирлын талаарх гэрчлэлээ хүчирхэгжүүлэхэд туслахаар нэг суралцагчийг 3 Нифай 18:21-ийг чанга уншихад урь. Тэгээд асуу: Гэр бүлтэйгээ залбирснаар та нар ямар адислал хүлээн авсан бэ?
Нэг суралцагчийг гэр бүлийн залбирлын хүчийн талаар ярьсан Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Жэймс И.Фаустын хэлсэн дараах түүхийг уншихад урь:
“Гэр бүлийн залбирал нь хүчтэй бөгөөд тулгуурын нөлөөтэй юм. Дэлхийн Хоёрдугаар Дайны харанхуй өдрүүдэд Английн Ливерпүл хотын залуухан эцэг Патэй ахын жижигхэн гэрийн гадна 225 килограмм жинтэй бөмбөг унасан ч дэлбэрээгүй. Түүний эхнэр нас барсан учир тэрээр таван хүүхдээ ганцаараа өсгөж байжээ. Тэрээр энэ ихэд санаа зовним тэр үед гэр бүлийн залбирал хийхээр тэднийг хамтад нь цуглуулсан. Тэд бүгд … үнэхээр чин сэтгэлээсээ залбирсан бөгөөд тэднийг залбирч дуусахад хүүхдүүд нь “Аав аа, бид зүгээр байх болно. Бид өнөө шөнөдөө гэртээ зүгээр байх болно оо” гэжээ.
“‘Тэгээд тэд унтсан бөгөөд аймшигт бөмбөг хаалганых нь яг гадна газарт хагас булаатай байна гээд төсөөл дөө. …
“‘Дараа өдрийн өглөө … тэр хавийн оршин суугчид бараг тэр чигээрээ дөчин найман цагийн дотор нүүлгэн шилжүүлэгдэж, тэсрэх бөмбөгийг эцэст нь зайлуулжээ. …
“‘Эргэн очих замдаа Патэй ах тэсрэх бөмбөг аюулгүй болгох ангийн удирдагчаас “Та нар юу олов?” гэж асуужээ.
“‘“Ноён Патей, бид танай гэрийн гадна байсан тэсрэх бөмбөгийг авахад тэр юу юугүй дэлбэрэх гэж байсныг мэдсэн. Үүнд ямар нэгэн буруу зүйл огт байгаагүй. Бид үүнийг яагаад тэсрээгүйд нь бүр гайхаж байна’” гэжээ. Гэр бүлүүд хамтдаа залбирахад гайхамшигт зүйлс тохиолддог” (“The Lifeline of Prayer,” Ensign, 2002 оны 5-р сар, 61).
Суралцагчдаас дараах асуултуудыг асуухдаа гэр бүл нь хамтдаа залбирдаггүй суралцагчийн хувьд болгоомжтой хандаарай:
-
Та нар гэр бүлээрээ тогтмол бөгөөд утга учиртай залбирдаг байхад туслах юуг хийж болох вэ?
-
Та нар ирээдүйн гэр бүлдээ гэр бүлийн залбирлаа эн тэргүүнд хийдэг байх юуг төлөвлөх вэ?
3 Нифай 19 дээр тэмдэглэгдсэнээр Аврагч нифайчуудад заахаар хоёр дахь өдрөө эргэн ирэхдээ нифай үндэстэн шавь нартаа залбирч байхыг сануулсан гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг 3 Нифай 19:9, 13-ыг чанга уншихад уриад суралцагчдаар шавь нар нь юуны төлөө залбирсныг тодорхойлуул. Асуу: Нифай үндэстэн шавь нарын туршлагаас бид ямар зарчим сурч болох вэ? (Дараа нь суралцагчид энэ зарчмыг илэрхийлэх нэг арга нь: Бидний зөв шударга хүсэл болон залбирлууд нь биднийг Ариун Сүнсээр дүүргэгдсэн байхад тохирохуйц болгодог.)
Тэгээд суралцагчдаас асуу: Та нар хэзээ Ариун Сүнстэй хамт байхын төлөө чин сэтгэлээсээ хүсч, залбирч байсан бэ? Үүнийг хийснээрээ та хэрхэн адислагдсан бэ?
3 Нифай 20–22
Хожмын өдрүүдэд Бурхан Израилийн угсааг цуглуулж эхэлнэ
Аврагч нифайчуудад залбирлын талаар заасныхаа дараа тэдэнд хожмын өдрүүд дэх Израилийн угсааны цугларалтын талаар зааж эхэлсэн гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг 3 Нифай 21:9-ийг уншихад урь. Цааш нь хамтдаа ангийнхнаас шүлгийг дагуулан харж, Их Эзэний ажлыг дүрсэлсэн үгсийг хайж олохыг хүс. Тэгээд асуу:
-
Та нар “агуу хийгээд гайхамшигт байх ажил” гэж юуг хэлсэн гэж бодож байна вэ? (Мормоны Номыг урагш авчрахыг агуулсан Есүс Христийн сайн мэдээний сэргээлт.)
-
Таны бодлоор Есүс Христийн сайн мэдээний сэргээлтийн юу нь агуу хийгээд гайхамшигтай вэ?
Суралцагчдыг 3 Нифай 21:10–11-ийг дахин хараад Их Эзэн “миний үйлчлэгч” хэмээн хэнийг дүрсэлсэн гэж бодож байгааг нь асуу. Асуу: Ямар үгс ба өгүүлбэр нь та нарт Их Эзэн бошиглогч Иосеф Смитийг дүрсэлснийг мэдэхэд тусалсан бэ? Иосеф Смит Либертийн шоронд байгаа зургийг үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, 97-р дугаар).
Асуу: Их Эзэн Иосеф Смитээр дамжуулан Түүний “мэргэн ухаан чөтгөрийн башир аргаас илүү агуу” гэдгийг хэрхэн үзүүлсэн бэ?
Хичээлийн төгсгөлд суралцагчдыг бошиглогч Иосеф Смит болон сайн мэдээний сэргээлтийн талаар гэрчлэлээ хуваалцахад урь. Эдгээр зүйлийн талаарх гэрчлэлээ суралцагчидтайгаа хуваалц.
Дараагийн хэсэг (3 Нифай 23–30)
Суралцагчдыг Аврагчийг тэдэнд хүссэн юуг ч болов өгнө гэж хэлсэн хэмээн төсөөлөхөд урь. Дараагийн долоо хоногт тэд 3 Нифай 23–30-аас сурч байхдаа ийм тохиолдол учирсан арванхоёр хүний талаар болон тэдний юу хүссэнийг мэдэх болно.